2021 оны 01 дүгээр сарын 10-ны байдлаар боловсруулж гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 20 гаруй хувьд нэн их, 60 шахам хувьд их, 15 хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй гарчээ.
Month: January 2021
Онцгой байдлын байгууллагын үндэс суурь болсон Монгол Улсад Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 99 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. Анх 1922 оны энэ өдөр буюу 01 дүгээр сарын 13-ны өдрийн Ардын Засгийн газрын 35 дугаар тогтоолоор Галын аюулаас хамгаалах байгууллагыг байгуулж байсан түүхтэй.
Түүнчлэн 1999 онд Галын аюулгүй байдлын хуулийн төслийг боловсруулан УИХ-аар батлуулснаар Гал түймэртэй тэмцэх байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн орчин бүрдэж, ой хээрийн болон объектын түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах, шалтгаан нөхцөлийг тогтоох, гал түймрийн хэрэг бүртгэх ажлыг хариуцан Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гал түймэртэй тэмцэх газар болгон зохион байгуулжээ.
Харин Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн анхдугаар хуралдаанаар тус газрыг Онцгой байдлын ерөнхий газрын бүтцэд нэгтгэсэн түүхтэй юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Одоогоос 29 жилийн тэртээ БНМАУ-ын Ардын Их Хурлын 430 депутат 76 хоног хуралдаж, Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хуулийг 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн морин цагт баталсан билээ.
Монгол Улсын Үндсэн хууль баталсан Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүд, тэдний гэр бүл, үр хүүхэд, нийт иргэд та бүхэндээ Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн баярын мэнд хүргэе.
Монгол Улсын Үндсэн хууль бол эх орондоо иргэний хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлоон байгуулах, Монгол Улсад эрх зүйт төрийг төлөвшүүлэн тогтоох, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулан хамгаалах, эдийн засаг, улс төр, нийгмийн тогтолцоонд үндсэн өөрчлөлт хийх, эрх зүйн шинэчлэлт хийх зэрэг хууль зүйн үндсийг тогтоосон, манай ард түмний оюуны үнэт өв, баялаг төдийгүй дэлхийн жишигт нийцсэн, эрх зүйн дээд хүчин чадвартай түүхэн баримт бичиг билээ.
Монгол Улсын Үндсэн хууль батлагдсанаас хойших хугацаанд Монгол Улсын Үндсэн хуульд 2000 онд “дордуулсан” долоон өөрчлөлтийг оруулж, 2008, 2011, 2012, 2015 онуудад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүд өргөн баригдаж байсан боловч хэлэлцэгдээгүй юм.
Улсын Их Хурал Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж, 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр баталсан. Үндсэн хуулийн энэхүү нэмэлт, өөрчлөлт нь парламентын ардчиллыг гүнзгийрүүлэх, гүйцэтгэх засаглалыг илүү төлөвшүүлэх, шүүх эрх мэдлийг хараат бус байдлыг хангах, нутгийн удирдлагыг боловсронгуй болгох зэрэг асуудлыг шийдвэрлэсэн юм. Энэхүү Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу 40 гаруй хуулийг батлахаас Улсын Их Хурлын 2020 оны намрын чуулганаар Монгол Улсын Их Хурлын тухай, Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай, Засгийн газрын тухай, Төрийн аудитын тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай зэрэг суурь хуулиудыг батлаад байна.
Үүний үр дүнд парламентат ёс бэхжиж, зөвхөн хууль засагласан, шударга ёс, хариуцлага сахилга бат бүх шатанд төлөвшсөн, байгалийн баялгийн өгөөж иргэддээ тэгш шударга хүртэгдэж, хүний хийгээд нийгмийн хөгжлийн сайн сайхан ирээдүйг цогцлоох болно.
Монгол Улсын Үндсэн хууль баталсан Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүд, иргэддээ амжилт бүтээл, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.
Мэдэгтүн, сахигтун!
АРДЫН ИХ ХУРЛЫН ДАРГА АСАН, АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛЬ ТОГТООГЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Ж.ГОМБОЖАВ
Улаанбаатар хот
2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр
УИХ-аар хэлэлцэж буй Шүүхийн тухай багц хуулийн төсөл Үндсэн хуулийн олон заалт зөрчиж байгаа хэмээн УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “Энэ хуулиар бүх хэрэг маргааныг анхан болон давж заалдах журмаар эцэслэн шийдвэрлэдэг тогтолцоо бий болгоно. Энэ нь Дээд шүүхийг нь онолын шүүх байна гэдэг нэрийн доор иргэний давж заалдах эрхийг байхгүй болгож байгаа юм. Мөн авлига албан тушаалын гэмт хэрэг, оффшор бүсэд хөрөнгө байршуулах, мөнгө угаах, уул уурхай байгалийн баялаг ашиглах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэх мэт ноцтой гэмт хэргийг Дээд шүүхийн хяналтгүйгээр шийдвэрлэх боломжтой болгож байна. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөл, сахилгын хороо гэдэг Үндсэн хуулийн бүтцийн байгууллагыг хууль тогтоох эрх мэдэл, бүхий УИХ-ын мэдэлд авч байгаа нь төрийн тэнцвэрийг алдагдуулна” гэлээ.
2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор нийт 1578 тээврийн хэрэгслээр 2858 зорчигч хот руу нэвтэрч, 3230 тээврийн хэрэгслээр 1394 зорчигч хотоос гарсан байна.
Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 83 ажилтан үүрэг гүйцэтгэлээ.
Үүнээс эрүүл мэндийн байгууллагын 28 албан хаагч ажилласан бөгөөд хяналт шалгалтын үед сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.
2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш авто тээврийн товчоодоор нэвтэрсэн нийт 157.795 автомашины 387.456 иргэнд эрүүл мэндийн хяналт хийсэн байна.
Нийслэлийн прокурорын газраас 2020 оны 4 дүгээр улиралд нийт 66 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв. Үүний 20 буюу 33.3 хувь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан Авлига, албан тушаалын гэмт хэрэг байна. Тухайлбал:
- Х.Бээжинд холбогдох “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх, худал мэдээлэл тараах үйлдэлтэй….” эрүүгийн хэрэгт 2020 оны 12 дугаар сарын 04-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Улсын Дээд шүүхээс Чингэлтэй дүүргийн шүүхээр шийдвэрлүүлэхээр харьяалал тогтоож ирүүлээд байна.
- З.Баянсэлэнгэ нарт холбогдох “Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан…” хэрэгт 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн ба Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шилжүүлэх ажиллагаа хийгдэж байна.
- Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан, сонгуулийг зохион байгуулалттайгаар будлиантуулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах…” хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1, 821.1 дүгээр зүйлийн 821.1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 01 дүгээр сарын 11-ны яллах дүгнэлт үйлдсэн ба Баянгол дүүргийн шүүхэд шилжүүлэх ажиллагаа хийгдэж байна.
Увс аймгийн Сагил сумын Үүрэг нуур багийн “Түнгэт” гэдэг газар өчигдөр 02:00 цагт салхины хурд 20 м/с хүрсний улмаас малчин айлын гэр нурж унажээ.
Тус сумын харьяат малчин Б-ийн 8 ханатай гэр, мөн сумын Өндөр мод багийн “Мөстийн хар бэлчир” гэдэг газар малчин Ц-ийн 8 ханатай гэр тус тус нурж унасан тухай мэдээллийг 14:05 цагт тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.
Хавдар судлалын үндэсний төв мэс засалд ашиглах өндөр өртөгт эмнэлгийн хэрэгслийн өртгийн 25 хувийг иргэдээс авдаг байсан шийдвэрээ цуцалжээ. Энэ тушаалыг тус эмнэлгийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Эрдэнэхүү “2021 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэлт, өөрчлөлт оруулсан Эрүүл мэндийн даатгалын тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Эрүүл мэндийн байгууллагуудад уг хуулийг хэрэгжүүлэх тухай Эрүүл мэндийн сайдын тушаал ирсэн учир ХСҮТ-ийн ерөнхий захирал иргэдээс өндөр өртөгтэй хэрэгслийн өртгийн 25 хувийг иргэдээс авахыг хориглосон. Өмнө нь мэс засалд ашиглах өндөр үнэтэй багаж хэрэгслийн өртгийг Эрүүл мэндийн даатгалаас бүрэн хариуцах боломжгүй байсан тул зөрүүг иргэдээс гаргуулж байсан” гэлээ.
Засгийн газраас аж ахуй нэгж, айл өрхүүдийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг долоон сарын хугацаанд хариуцахаар болсон. Энэхүү шийдвэр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн билээ. Эрчим хүчний хэрэглээнээс гадна усны төлбөрийг тэглэсэнтэй холбогдуулан Хот суурины ус хангамж ариутгах, татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс өнөөдөр /2021.01.13/ мэдээлэл хийлээ. Тус зөвлөлийн мэдээлснээр хөл хорио тогтоосонтой холбоотойгоор усны хэрэглээ нэмэгдсэн байна. Тодруулбал, нэг өрхийн усны хэрэглээ 4-6 хувиар өссөн байна. Ирэх хоёрдугаар сараас эхлэн усны хэрэглээ өсөх хандлагатай байгаа нь Цагаан сарын баяртай холбон тайлбарлав.
Нэг өрхийн дундаж хэрэглээ хоногт 80-100 литр ба найм, ес, арванхоёр, хоёрдугаар сард усны хэрэглээ өсдөг байна. Энэ нь хичээл, сургууль орох, баяр ёслолын өдрүүдтэй холбоотой байдаг аж. Хөл хорионы үед усны хэрэглээ өссөн ч төлбөрийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамруулахыг албаны хүмүүс мэдээлэв. Гэхдээ хэтэрсэн хэрэглээнд хяналт тавих ба үйлдвэрийн зориулалтаар ашиглах, өөр зориулалтаар ашигласан бол илүү төлөлтөө иргэд төлөх юм байна. Өөрөөр хэлбэл, ахуйн болон ундны усны төлбөрийг хөнгөлж байгааг тодотгов. Харин үйлдвэрийн зориулалттай аж ахуй нэгжүүдийн усны хэрэглээ, төлбөр айл өрхүүдээс ялгаатай гардгийг мэдээлэв.
Усны төлбөрийг тэглэхдээ тухайн сарын усны хэрэглээний төлбөрийг дундаж төлбөртэй нь харьцуулж, хөнгөлөлт чөлөөлөлтөд хамруулах юм байна. Хот суурины ус хангамж ариутгах, татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн мэдээлснээр 700 гаруй айл өрх, 20 мянга гаруй аж ахуй нэгжид 10 тэрбум 900 гаруй төгрөгийн хөнгөлөлт үзүүлж байгаа юм байна. Мөн иргэд тоолуурын заалтаа хариуцлагатай өгөхийг сануулав. Хэрэв усны төлбөрийн бичилт өндөр гарсан бол 7014-1448 дугаарт хандаж, гомдол мэдээллээ шалгуулах хэрэгтэйг сануулав. Тоолуураа баталгаажуулахдаа иргэн аж ахуй нэгжүүд арванхоёрдугаар сарын төлбөрийг нэгдүгээр сарын 10 хүртэл, нэгдүгээр сарын төлбөрийг хоёрдугаар сарын 10 хүртэл мэдээллээ өгөхийг анхааруулав.