Categories
мэдээ нийгэм

С.Баярмагнай: Цэргийн бүртгэлд шинээр хамрагдах хүмүүстэй утсаар болон цахимаар холбогдоно

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1279 дугаар захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэл өнөөдрөөс эхэлж нэгдүгээр сарын 27-ны өдрийг дуустал нутгийн захиргааны байгууллагын анхан шатны нэгж болох хорооны Засаг даргын ажлын байранд явагдаж байна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер, Дэд хурандаа С.Баярмагнай “Энэ жил коронавирусийн цар тахлын дэгдэлтээс шалтгаалж цэргийн бүртгэлийг цаасан хэлбэрээр зохион байгуулж байна. Тодруулбал, цаасан суурьтай бүртгэл нь өнгөрсөн жилийн мэдээллийн санд түшиглэж цэргийн бүртгэлийн нөөцийн санг файл хэлбэрээр хуулан хороо, дүүргүүдийн мэдээллийг автоматаар бүртгэнэ. Тиймээс иргэд харьяа хороон дээрээ очиж бүртгүүлэх шаардлагагүй юм.

Өнгөрсөн жил цэргийн бүртгэл 95.3 хувьтай явагдсан. Энэ жил цэргийн бүртгэлд шинээр хамрагдах хүмүүстэй утсаар болон цахим хэлбэрээр холбогдож бүртгэлд хамруулна. Мөн оршин суух хаяг нь өөрчлөгдсөн хүмүүс тухайн дүүрэгт дахин цэргийн бүртгэл хийлгэнэ. Энэ жил иргэдийг бүртгэлтэй хаяг, оршин суугаа газраа өөрчилсөн эсэх мэдээллийг бүрэн солилцоно” хэмээлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүсэлт гаргасан 5000 гаруй оюутнуудад зээл олгохоор шийдвэрлэжээ

БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн оюутны хөгжлийн зээл болон боловсролын салбарын зарим асуудлаар мэдээлэл хийж, Засгийн газрын ээлжит хурлаар гаргасан шийдвэрүүдийг танилцууллаа.

Цар тахлаас үүдэн иргэдэд учирч буй санхүүгийн хүндрэлийг харгалзан мэргэжлийн чиглэл болон төрийн өмчит их, дээд сургууль байхаас үл хамааран 2.8 болон түүнээс дээш голч дүнтэй суралцаж буй 2020-2021 оны хичээлийн жилд хүсэлт гаргасан 5000 гаруй оюутанд оюутны хөгжлийн зээлийг олгохоор шийдвэрлэжээ.

Түүнчлэн сувилахуйн чиглэлээр суралцаж буй хувийн их, дээд сургуулийн оюутнуудыг сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамруулахаар боллоо. Тодруулвал ЭЕШ-ын 501 буюу түүнээс дээш оноотой, 2.8 болон түүнээс дээш голчтой суралцаж буй хувийн их, дээд сургуулийн сувилагчийн ангийн оюутнуудад буцалтгүй тусламжийг олгохоор нэмэлт өөрчлөлт оруулжээ. Мөн ЭЕШ-ын 450 дээш оноо авсан, одоогоор амжилттай суралцаж буй сувилахуйн чиглэлийн 1500 гаруй оюутанд энэ уг хөнгөлөлтийг үзүүлж байгаа гэлээ.

Categories
мэдээ нийгэм

ЗГ: Pfizer, AstraZeneca, Moderna компаниудын вакциныг Монгол Улсад яаралтай журмаар бүртгэх зөвшөөрөл олголоо

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хурал 2021 оны 01 дүгээр сарын 13-ны лхагва гаригт болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатарын “2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ЭМЯ-ны дэргэдэх Хүний эмийн зөвлөл, Дархлаажуулалтын зөвлөх хороотой хамтарсан хурал хийж, Pfizer, AstraZeneca, Moderna компаниудын вакциныг Монгол Улсад яаралтай журмаар бүртгэх зөвшөөрөл олгосон. Мөн вакцинд эхний ээлжинд хамрагдах халдварын голомтод ажиллаж буй эрүүл мэндийн ажилтнууд, эрхтэн шилжүүлэн суулгасан, гемодиализ эмчилгээнд ордог гэх мэт удаан хугацааны эмчилгээтэй өвчтөнүүд, 70-аас дээш насны ахмадуудын судалгааг гаргаж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Шинжилгээ өгөхдөө www.eruul.gerege.mn цахим хуудсанд бүртгүүлж цаг авна

Коронавируст халдварыг тандах, илрүүлэх хүрээнд Нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулж буй байнгын үйл ажиллагаатай 30 шинжилгээний төвийн ачааллыг зохицуулах, хүлээх чирэгдлийг бууруулах зорилгоор энэ сарын 14-нөөс иргэдэд шинжилгээний цаг олгож эхэлнэ.

Шинжилгээнд хамрагдах иргэд www.eruul.gerege.mn цахим хуудсанд нэвтэрч, регистрийн дугаараа бүртгүүлэн шинжилгээ өгөх цаг болон төвийн байршлын талаарх мэдээллийг авч, хариугаа харах боломжтой.

Иймд дээрх шинжилгээний төвүүд маргаашаас эхлэн цахимаар олгосон цагийн дагуу үйлчлэх тул иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримтлан, товлосон хугацаанд очих, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхыг Эрүүл мэндийн байгууллагаас зөвлөлөө.

Categories
мэдээ нийгэм

Алтанбулаг боомтоор ирэх сарын 1-нийг хүртэл ачаа тээвэр нэвтрүүлэхгүй

Алтанбулаг боомтоор улсын хил нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 01 дүгээр сарын 18 хүртэл зогсоох шийдвэрийг Засгийн газраас гаргаад байсан. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар уг шийдвэрийг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үргэлжүүлэхээр шийдвэрлэлээ.

Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх эрсдлийг бууруулах үүднээс 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүнс, эм , эмнэлгийн хэрэгслийг долоо хоногт нэг удаа Алтанбулаг боомтоор улсын хил нэвтрүүлнэ.

Ингэхдээ гадаадын тээвэрлэгчийн ачаатай чиргүүлийг боомтын хяналт шалгалтын бүсэд дотоодын тээвэрлэгчид шилжүүлж авах байдлаар ачаа тээвэрлэлтийг зохион байгуулна. Энэ хүрээнд хүйтний улиралд ажиллах ариутгалын цэг байгуулах, хилийн хяналтын болон автотээврийн байгууллагын албан хаагчид байрлан ажиллах түр байр барих, хяналтын камерийн систем суурьлуулах ажлууд хийгдэнэ гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Их аварга Хакүхо М.Даваажаргал эдгэрч эмнэлгээс гарлаа

Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал 2021.01.05-нд COVID-19-ийн халдвар авсан нь шинжилгээгээр батлагдан эмчлүүлж байсан билээ. Тэгвэл өнөөдөр /2021.01.13/ түүний бие эдгэрч эмнэлгээс гарсан байна

Categories
мэдээ нийгэм

Танхимын сургалт эхлүүлэх эсэхийг ирэх долоо хоногт шийднэ

ЕБС-ийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт хоёрдугаар сарын 1-нд дуусна. Тиймээс ирэх сарын 1-нээс танхимын сургалтыг нээх эсэх шийдвэрийг Засгийн газар болон УОК-оос гаргах ёстой. Энэ талаар БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн мэдээлэл өглөө.

Тэрээр “Хоёрдугаар сарын 1-нд ЕБС-ийн сурагчдийн нэгдүгээр улирлын амралт дуусна. Тиймээс бид хоёрдугаар сарын 1-нээс танхимын хичээл оруулах уу, үгүй юү гэдэг 4-5 хувилбар судалж байна. Эцэг, эхчүүдээс маш их санал ирж байна. Мөн сурагчид, багш нараас ч саналыг нь авч байна. Маргааш эдгээр саналыг нэгтгээд яамнаас тодорхой санал гаргаад ирэх долоо хоногийн УОК-ын хуралдаанд оруулж, шийдвэрлүүлнэ.

Хоёрдугаар сарын 12-нд Цагаан сар болно. Энэ үед УОК-оос дахин хөл хорио тогтоох юм билээ. Тиймээс УОК-ын дараагийн хуралдаанд энэ асуудлаа танилцуулж, шийдвэрлэнэ” гэв.

Categories
мэдээ нийгэм

ДЭМБ коронавирусийн эмнэлзүйн удирдамжийг өөрчилжээ

Сүүлийн үед ДЭМБ коронавирусний эмнэлзүйн удирдамжийг өөрчилж, эмчилгээний ор хоногийг цөөрүүлсэн байна.

Энэ тухай өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, сдулагааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ “Эмнэлзүйн шинж тэмдгийг 10 хоног хүндрээгүй үед нь вирусийн эсрэг эмчилгээ хийгээд эмнэлзүйн шинж тэмдэг бүрэн арилаад гурав хоног дараалан шинж тэмдэг илрэхгүй бол дараагийн шатны ажиглалтад шилжүүлэх ДЭМБ-ын удирдамж гарсан. Үүнтэй холбоотой Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу эмчилгээний ор хоногийг хөнгөн өвчтөнд 10 хоног эмчлээд эмнэлзүйн шинж тэмдэг бүрэн арилсан, цусанд нь антидел үүссэн байвал тухайн өвчтөнийг дараагийн шатны ажиглалт буюу Яармагийн 300 ортой эмнэлэгт шилжүүлж байгаа. Бидний эмчилж эдгэрүүлсэн 1000 орчим хүнээс дахин өвдсөн хүн гараагүй байна. Эдгээр хүмүүс хэвийн амьдралдаа орсон. Одоогоор хүндрэл эрсдэл гараагүй. Франц иргэнийг тухайн үед хоёр сар эмчилж байсан. Өвчтөн нэлээн хүнд, хоёр уушгиндаа нэвчистэй, хүндэрсэн хатгаатай байсан учир тухайн үеийн ДЭМБ-ын эмнэлзүйн удирдамжийн дагуу эмчилгээ үйлчилгээ явуулж байсан” хэмээв.

ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.Нарангэрэл “Дэлхий нийтэд амны хаалт зүүж хэвшээгүй байх 2020 оны гуравдугаар сарын 9, 10-ны үед манай улс 2020 оны нэгдүгээр сарын 6-наас ЭМЯ-ны 11.00 цагийн мэдээллээс эхлэн амны хаалт зүүхийг зөвлөсөн. Бүх хүн амны хаалт маш сайн зүүдэг байсан учир халдвар бага дамжсан, тухайн хүн тодорхой хэмжээний хэсэг бүлэг хүнтэй уулзсан болохоос биш массын дунд гарч яваагүй. Таксинд суухад жолооч нь амны хаалттай байсан. Нэг таксины жолооч амны хаалтгүй байхад франц иргэн амны хаалт зүүгээрэй гэж хэлж байсан. Тиймээс бид амны хаалт сайн зүүх, зай барихтай холбоотой гэж үзэж байгаа. Энэ талаар АШУҮИС-ийн багш, ХӨСҮТ-ийн эмч нар судалж байна” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Зудын нэн өндөр болон өндөр эрсдэлтэй гарсан зургаан аймагт хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ

Монголын улаан загалмай нийгэмлэг, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо хамтран 2000 малчин өрхөд тусламж үзүүлэхээс Төв, Өвөрхангай, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь зэрэг зургаан аймгийн 42 сумын 1260 өрхийн хүмүүнлэгийн тусламж Улаанбаатар хотоос хөдөллөө.

138250715_4282774455071750_3965016622559227409_o.jpg

Хүмүүнлэгийн тусламжийг Цаг уур, орчны шинжилгээний газраас 2020 оны 12 дугаар сарын 10-нд гаргасан зудын эрсдэлийн зурагт үндэслэн зудын нэн өндөр болон өндөр эрсдэлтэй гарсан зургаан аймагт үзүүлж байгаа юм.

Тодруулбал, Малын эрдэс тэжээлийн нэг өрхийн багцад эрдэсийн долооц 30 кг, загасны тос 2 литр, амин тун 1кг, малын нүдний тос 1 ш, малын туурайн тос 1 ш зэрэг зүйлс багтсан байна.

Categories
мэдээ нийгэм

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг цахимаар зохион байгуулна

Үндсэн хуулийн өдөрт зориулан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг энэ жил цахимаар зохион байгуулах болсон талаар УИХ-ын Тамгын газар, Монголын шатрын холбооноос өнөөдөр мэдээлэв.

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан түүхэн өдөр өнөөдөр тохиож байна. Тухайн үеийн БНМАУ-ын Ардын Их Хурлын 1992 оны 01 дүгээр сарын 14-нд тогтоол баталж, Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг жил бүрийн 01 дүгээр сарын 13-нд тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн байдаг.

Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын эгнээг өргөжүүлэх, орон нутагт шатрын спортыг хөгжүүлэх, энэхүү оюуны спортыг залуу үедээ өвлүүлж сургах зорилгоор Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр уламжлал болгож зохион байгуулж ирсэн. Харин цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан 9 дэх удаагийн уламжлалт тэмцээнийг энэ жил цахимаар зохион байгуулахаар шийдвэрлээд байгааг УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар хэллээ.

Харин Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын зөвлөх Ц.Эрдэнэбат Монголын шатрын холбоо 2020 онд тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүлж, үйл ажиллагаагаа тасралтгүй явуулан цахимаар олон удаагийн тэмцээн зохион байгуулсан. Энэхүү туршлагадаа тулгуурлан цахимаар явуулахаар тохиролцож, бэлтгэл ажлыг хангаад байгааг дурдлаа.

Уламжлалын дагуу УИХ-ын Тамгын газар, Монголын шатрын холбооноос хамтран зохион байгуулах Шатар сонирхогчдын тэмцээний хагас шигшээ тоглолтыг 2021 оны 01 дүгээр сарын 16-17-нд аймаг, нийслэлийн шатрын холбоод орон даяар нэгэн зэрэг зохион байгуулахаар болж, өнөөдрөөс бүртгэлийг эхлүүлээд байгаа аж. Тэмцээнийг lichess.org флатформоор зохион байгуулах тул бүртгүүлсэн иргэдийг тухайн хаягаар нэвтрэн хувийн хаягаа нээхийг анхаарууллаа.

Энэ жилийн тэмцээний нэг онцлог нь Эрэгтэйчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн, Эмэгтэйчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг тусад нь зохион байгуулах гэж буй явдал юм. Эрэгтэйчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг хагас шигшээ, шигшээ гэсэн хоёр үе шаттайгаар, аймгууд болон нийслэлийн дүүргүүдийг дөрвөн бүс болгож явуулна. Харин эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээнийг хагас шигшээгүйгээр 2021 оны 01 дүгээр сарын 24-нд зохион байгуулах юм байна.

Уламжлалын дагуу уг тэмцээнд Монголын шатрын холбооны рейтингийн жагсаалтаар сүүлийн 1 жилийн хугацаанд чансаа нь 2000 (эмэгтэй шатарчдын хувьд 1800)-аас хэтрээгүй, шатрын спортын цолгүй, зөвхөн насанд хүрсэн шатар сонирхогчид lichess.org платформд бүртгүүлж, вэбкамер бүхий комьпютер ашиглаж оролцох боломжтой аж.

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээнээс шалгарсан 40 шатарчин болон УИХ, Үндсэн хууль тогтоогчдын холбоо, УИХ-д ажлаа тайлагнадаг буюу УИХ-аас удирдлага нь томилогддог байгууллага, Төрийн ордонд байрладаг бусад төрийн байгууллагуудаас урилгаар 24 хүртэл шатарчин 2021 оны 01 дүгээр сарын 24-нд болох шигшээ тэмцээнд оролцож, 8 өрөг тоглож аваргаа тодруулна. Харин эмэгтэй шатарчдын шигшээ тэмцээн энэ сарын 23-нд болох юм.

Тэмцээнд эхний гурван байр эзэлсэн шатарчдад Улсын Их Хурлын даргын Өргөмжлөл, мөнгөн шагнал, эмэгтэйчүүдийн төрөлд шагналт шагналт байр эзэлсэн, мөн түрүү байр эзэлсэн ахмад шатарч, чансаа 1800 (эмэгтэй 1600) хүртэл болон чансаагүй шатарчин, түшээ нарт УИХ-ын Тамгын газрын Өргөмжлөл, тусгай шагнал олгох юм.