Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдварыг тандах, илрүүлэх шинжилгээг зохион байгуулж эхэллээ

Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд “Ковид-19” халдвар голомтлон гарсантай холбогдуулан өнөөдрөөс буюу 14-ний 06:00 цагаас эхлэн тус нутаг дэвсгэрт зорчих хөдөлгөөнд хязгаарлалт хийж, коронавируст халдварыг тандах, илрүүлэх шинжилгээг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд явуулын 34 баг, шинжилгээний хоёр цэгт Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн 500 гаруй алба хаагч ажиллаж байгаа юм.

Энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулах тус шинжилгээнд дээрх хороодын 10 мянга орчим иргэнийг хамруулах бөгөөд шинжилгээний хариу бүрэн гарсны дараа халдваргүйтгэл хийж, зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг цуцална. Энэ хугацаанд тус хороодод үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүр, эмийн сангууд хэвийн ажиллана.

Мөн нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх байнгын үйл ажиллагаатай 30 шинжилгээний төвд өнөөдрөөс эхлэн харъяалал харгалзахгүй, зөвхөн шинжилгээний цаг авсан иргэдэд үйлчилнэ.

Тиймээс шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд www.eruul.gerege.mn цахим хуудсанд нэвтэрч, регистрийн дугаараа бүртгүүлэн шинжилгээ өгөх цаг болон төвийн байршлын талаарх мэдээллийг авах, мөн шинжилгээний хариугаа харах бүрэн боломжтой юм гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсыг АНУ H-2A ажлын визний ангиллаас хасчээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Засаг захиргаа Монгол Улсыг H-2А, Самоа, Тонга улсыг H-2B ажлын визний ангиллаас хасчээ. Ингэснээр эдгээр улсын иргэд 2022 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийг хүртэл дээрх визээр тус улсыг зорих боломжгүй болж байна.

H-2A визийн ангилал нь улирлын чанартай, түр хугацаанд хөдөө аж ахуйн салбарт ажиллах эрхийг олгодог бол H-2B ангилалд хөдөө аж ахуйн бус салбарын түр ажилчид авдаг.

Монгол Улсын иргэд визийн хугацаагаа хэтрүүлсэн нь H-2А ангиллаас хасагдах шалтгаан болжээ. Тухайлбал, өнгөрсөн жил H-2А визээр АНУ-ыг зорьсон 67 хүнээс 27 нь буюу 40 хувь нь хугацаагаа хэтрүүлсэн байна. Харин Тонга болон Самоагийн иргэд H-2B визийн ангиллаас хасагдсан нь тус хоёр улсын Засгийн газрын тууштай бус хамтын ажиллагаанаас үүдэлтэй аж. Тонга улс албадан гаргах зарим нислэгийг хүлээн авахаас татгалзсан бол Самоа улс буцаах ёстой иргэдийн зорчих бичиг баримтыг тогтмол гаргаж өгөөгүй байна. Дээрх шийдвэр 2021 оны нэгдүгээр сарын 19-ний өдрөөс 2022 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн хооронд хүчин төгөлдөр үйлчилнэ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулган: Шүүхийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ

УИХ-ын чуулган өнөөдөр /2021.01.14/ хуралдана. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.

Categories
мэдээ нийгэм

Хилчид шуурганд уруудсан 3300 шахам бод малыг тогтоожээ

Хилийн 0146 дугаар ангийн 0176 дугаар салбарын хариуцсан хэсгээр нэгдүгээр сарын 08-ны өдөр цасан шуурганд туугдан улсын хилд тулсан 3300 шахам бод малыг хилчид саатуулан, эздэд нь хүлээлгэн өгчээ.

Байгалийн давагдашгүй хүчний эсрэг хилчид ийнхүү тэмцэж, ард иргэдэд учирч болзошгүй 2,1 тэрбум төгрөгний хохирлоос урьдчилан сэргийлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Ханх суманд өнөөдөр үүрийн 04:57 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Улаанбаатарт гамшигт хүрэх хэмжээний чичиргээ үүссэн тохиолдолд дуут дохио  автоматаар ажиллана

Хөвсгөлаймгийн Ханх сумын Ходон багийн “Нуурт” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 308 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 27 км-т/ нэгдүгээр сарын 13-нд 10:33 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 10:50 цагт ООГХ-ээс цахим шуудангаар хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тодруулахад тус сумын төвийн иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй талаар тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн. Тус сумын Ходон багийн “Нуурт гэдэг газрын 10 км-ийн тойрогт мөн 10:21 цагт 3.6 магнитуд, 12:00 цагт 3.8 магнитуд, 14:48 цагт 3.7 магнитуд, 18:06 цагт 4.0 магнитуд, 19:10 цагт 4.8 магнитуд, 20:01 цагт 3.8 магнитуд, 21:32 цагт 3.6 магнитуд, нэгдүгээр сарын 14-ний 04:57 цагт 3.9 магнитудын хүчтэй давтан чичирхийлэлт явагдсан.

Тус аймгийн Засаг даргын нэгдүгээр сарын 13-ны өдрийн А/16 дугаар захирамжаар аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагчаар ахлуулсан “Ажлын хэсэг” тус сумын иргэд, байгууллага, аж ахуйн нэгжид газар хөдлөлтийн улмаас учирсан хохирлыг тогтоох, гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх, газар хөдлөлтийн гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор нэгдүгээр сарын 14-ний 02:10 цагт Ханх сумд очиж хоносон гэж албыхан мэдээлэв.

Сануулахад, энэ удаагийн Хөвсгөл орчмын газар хөдлөлт ойролцоогоор 100 гаруй удаа давтагдана гэдгийг албаныхан тодотгосон юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Р.Гончигдорж: Ерөнхийлөгчийн сонгууль Үндсэн хуулийн дагуу 2023 онд болох ёстой

УИХ-ын дарга асан, академич Р.Гончигдоржтой ярилцлаа.


-Өнөөдөр анхны Үндсэн хууль батлагдсан өдөр тохиож байна. Анхны Үндсэн хуулиа баталж байхад та Бага хурлын дарга байсан шүү дээ.

-Үндсэн хуулийн өдрөө тохиолдуулаад 29 жилийн өмнө Үндсэн хуулиа баталчихаад баяр бахдалаар дүүрэн байсан Депутатууд, Бага хурлын гишүүд, Тамгын газрын ажилтнууддаа онцгойлон баяр хүргэе. Нийт монголчууддаа баяр хүргэе.

-Энэ жил Ерөнхийлөгчийн сонгууль болно. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөг-чөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгох болсон. Тэгвэл одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших боломжтой эсэх талаар хуульчид яриад эхэллээ. Таны хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Нэмэлт, өөрчлөлтөөс өмнө Үндсэн хуулийн гучдугаар зүйлд Ерөнхийлөгч дөрвөн жилийн хугацаатай сонгогдоно гэж бүрэн эрхийн хугацааг нь заагаад гучин нэгдүгээр зүйлд 7 дахь хэсэг болгон Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа улируулан сонгож болно гэж заасан. Гэтэл нэмэлт, өөрчлөлтөөр ялгаатай зүйлчлэлийн хоёр харилцааг нэг дор болгон гучдугаар зүйлийн хоёрдугаар хэсэгт өөрчлөлт оруулан “Зургаан жилийн хугацаатай зөвхөн нэг удаа сонгоно” гэж заагаад 31.7 дахь хэсгийг хүчингүй болгосон. Иймд Үндсэн хуулийн зүйлчлэлээр ялгабал 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс Ерөнхийлөгчийн бүрэн эрх зургаан жил болж, Ерөнхийлөгчөөр иргэн зөвхөн нэг удаа л сонгогдож болохоор болсон.

Тиймээс Ерөнхийлөгчийн бүрэн эрх 2023 онд дуусах ба ээлжит сонгууль 2023 оны зургадугаар сард болох ёстойг Үндсэн хууль хэлж байна. Тэгэхээр 2021 оны сонгуульд одоогийн Ерөнхийлөгч нэр дэвшиж болно, болохгүй гэх яриа, мэтгэлцээн Үндсэн хуулийн бус.

-Тэгэхээр энэ оны Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга хуулиараа нэр дэвших эрхтэй гэсэн үг үү. Тэгвэл яагаад хуульчид нэр дэвших эрхгүй хэмээн үзэж байгаа талаараа хэлээд, яриад эхлэв ээ?

-Одоогийн Ерөнхийлөгч дөрвөн жилийн хугацаатай сонгогдсон учраас 2021 онд сонгууль болно гэж үзээд зөвхөн ганц удаа сонгогдоно гэснээр нь энэ сонгуульд нэр дэвшиж болохгүй гэж яриад байх шиг.

Ийм байх ёстой юм бол нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуульдаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн хоёр дахь хэсэгт оруулсан өөрчлөлтийг 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас эхлэн дагаж мөрдөнө гэж оруулах ёстой байсан. Эсвэл бүр 2025 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас эхлэн дагаж мөрдөнө гэж оруулж болох байлаа. Хэлэлцүүлгийн явцад эхнийхийг нь оруулж чадахгүй байсан. Харин хоёр дахийг нь хуульдаа хийж магадгүй байлаа. Гэхдээ тэгээгүй. Шилжих журмын тухай хуулиар өөрөөр зохицуулсан заалт байхгүй учраас 30.2 дагаж мөрдсөн өдрөөс хүчинтэй болж Ерөнхийлөгчийн бүрэн эрх зургаан жил болсон. 1992 оны яг энэ өдөр шинэ Үндсэн хуулиа батлаад БНМАУ-ын Үндсэн хуулиас Монгол Улсын Үндсэн хуулийг бүрнээ дагаж мөрдөхөд шилжих тухай Үндсэн хуулийн хавсралт хуульд Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч сонгож тангараг өргөх хүртэл мөнхүү хугацаанд Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг БНМАУ-ын анхны Ерөнхийлөгч хэрэгжүүлнэ гээд, Монгол Улсын Ерөн-хийлөгчийн сонгуулийг 1993 оны зургадугаар сард багтаан явуулна гэж заасан байдаг. Тиймээс 1993 онд сонгогдсон П.Очирбат Ерөнхийлөгч 1997 онд нэг удаа улиран сонгогдохоор нэр дэвшиж байсан. Тэр үед 1993 онд улиран сонгогдсон мэтээр ярьж, 1997 онд дэвшиж болохгүй гэсэн ярианд Хавсралт хууль тов тодорхой хариулж байлаа. Харин нэмэлт, өөрчлөлтөд шилжих журмын тухай хууль маш нарийн шилжилтүүдийг зохицуулаагүй, бас Үндсэн хуультай зөрчилдсөн заалттай учир Үндсэн хууль олон удаа зөрчигдсөөр ирсэн юм. Өөр нэг сонин гаргалгааг хэлэх үү.

-Тэг л дээ.

-2021 онд Ерөнхийлөгчийн сонгууль болно, энэ сонгуульд одоогийн Ерөнхийлөгчийг Үндсэн хуулийн 30.2-ын дагуу нэр дэвшиж болохгүй гээд байна аа даа. 30.2-ыг сонгуулийн харилцаа гэж үзээд. Тэгвэл зургаан жилээр зөвхөн ганц удаа сонгогдоно гэсэн сонгуулийн харилцаа ( бүрэн эрхийг тогтоогоогүй гэж үзье) нь дөрвөн жилээр сонгогдсон Ерөнхийлөгчид хамааралгүй болж таарна биз дээ. Тэгэхээр Ерөнхийлөгч байсан, байгаа таван хүний хэн нь ч нэр дэвшиж болох нь ээ. Зөвхөн энэ удаа ч биш, цаашдаа ч мөн адил. Харин зургаан жилээр сонгогдох Ерөнхийлөгчид болохгүй нь. Тийм байгаа биз.

-Математикч хүний гаргалгаа юу?

-Би хууль, эрх зүйг тэр чигээрээ гаргалгааны ухаан гэж боддог. Үндсэн хууль бол аксиом, бусад нь түүнээс үндэслэсэн гаргалгаанууд. Харин аксиом учраас Үндсэн хууль, түүнтэй адил хүчинтэй түүнийг дагаж мөрдөх журмын хууль нь дотоод зөрчилтэй байж огт болохгүй.

-Намууд Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээ тодруулах тухай яриад эхэллээ. Тан шиг 2023 онд Ерөнхийлөгчийн сонгууль болох ёстой гэсэн яриа огт алга.

-Уг нь 62 гишүүнтэй МАН Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг оруулсан. Одоо мөн 60 гаруй гишүүнтэй байгаа МАН-ын УИХ дахь бүлэг санаачлан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг Үндсэн хуулийн 30.2-ыг үндэслэн 2023 оны зургадугаар сар хүртэл хойшлуулах тухай тогтоол баталчихвал болчихно. Тэгээсэй ч гэж хүсч байна. Хууль байсан ч болно. Энэ чинь л гаргалгаа шүү дээ. Заавал Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүсгэж шийдүүлэх хэрэггүй л юм. Одоо Цэцэд маргаан үүсгэж болох ганц шийдвэр нь 2021 оны төсвийн тухай хуулийн Ерөнхийлөгчийн сонгуулийн зардал гэсэн хэсэг л байх шиг байна. Хэрэв УИХ дээр хэлсэн тогтоол, хууль гаргалгүй 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн тов тогтоох тухай тогтоол гаргавал энэ тогтоол Үндсэн хууль зөрчсөн тухай маргаан Цэцэд очиж асуудал шийдэгдэх биз.

-Цэцэд гэснээс та Цэцэд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан нь Үндсэн хууль зөрчсөн байна гэж мэдээлэл гаргаад Цэц маргаан үүсгээгүй гэсэн байх аа?

-Тийм. Уг нь одоо Үндсэн хуулийн түвшинд гараад байгаа маргаануудыг арилгаж засах боломж гаргахсан гээд Үндсэн хуулийн Цэцэд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн зургадугаар зүйлд дагаж мөрдөх хугацааг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12 цаг байхаар заасан нь Үндсэн хуулийн жаран есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт УИХ ээлжит сонгууль явуулахыг өмнөх зургаан сарын дотор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж үл болно гэснийг зөрчсөн байна гэсэн мэдээлэл гаргасан юм. Үндсэн хуулийн зөрчлийн шинж агуулаагүй байна гэж үзээд ҮХЦ маргаан үүсгэхээс татгалзсан. Үнэндээ бол Үндсэн хуулиа биш ердийн хууль хэрэглэн тэр хуулийг (Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль) зөрчөөгүй тул зөрчилгүй гэж үзсэн юм. Зургаан сарын дотор дагаж мөрдөхөөр болгох нь зургаан сарын дотор батлахаасаа ч илүү ноцтой зүйл болох нь илэрхий л зүйл. Илүү ноцтой зөрчил л дөө, хэн ч бодсон. ҮХЦ-д гаргасан гомдолдоо би жич тэмдэглэх гэж байгаад “Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг даган мөрдөж эхэллээ гэсэн албан ёсны мэдэгдлүүдээс эхлээд түүнийг дагаж мөрдөх, хэрэгжүүлэх тухай УИХ-аас гаргаж байгаа тайлбар, үйлдэл, эс үйлдлүүд нь илэрхий Үндсэн хуулийн зөрчлүүдийг үүсгэж байгаа бөгөөд цаашид ч улам гүнзгийрэхээр байна. Үүний үндсэн хоёр шалтгаан нь Үндсэн хууль ба нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн нэгдүгээр зүйл хоёрын хоорондох зөрчил, энэхүү журмын тухай хуулийн шилжилтийн харилцааг дутуу зохицуулсан эдгээр болно” гэж дурдаж байсан юм. Уг нь Цэц Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн дүгнэлт эцэслэн гаргасан бол батлагдсан нэмэлт, өөрчлөлт хэвээр бөгөөд дагаж мөрдөх хугацаа хүчингүй болж шинэ УИХ дагаж мөрдөх хугацааг эхэлж тогтоогоод дараа нь Засгийн газраа байгуулах ажилдаа нэмэлт, өөрчлөлтийн дагуу орж болох байсан. Түүнчлэн шилжилтийн журмын хуулийг нарийвчлан чамбай өөрчлөн хийж болох байсан.

Categories
мэдээ нийгэм

Нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 41.6 хувиар буурчээ

Он гарсаар эхний 10 хоногийн байдлаар манай улсын нийт экспорт 147.1 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 40.8 сая ам.доллар буюу 21.7%-аар буурчээ.

Тухайлбал,

  • Нүүрс: 584.8 мян.тонн ба өмнөх оны мөн үеэс 416.2 мян.тонн буюу 41.6 хувиар,
  • Төмрийн хүдэр: 218.4 мян.тонн ба өмнөх оны мөн үеэс 46.1 мян.тонн буюу 17.4 хувиар,
  • Зэсийн баяжмал: 33.3 мян.тонн ба өмнөх оны мөн үеэс 2.2 мян.тонн буюу 6.3 хувиар тус тус буурсан байна.

Мөн өнгөрсөн долоо хоног буюу нэгдүгээр сарын 4-10-ны өдрүүдэд нийт экспорт 118.6 сая ам.долларт хүрсэн нь өмнөх долоо хоногоосоо буюу 2020.12.28-2021.01.03-ны өдрүүдийнхээс 24.7 сая ам.доллароор буурсныг Гаалийн ерөнхий газрын статистик мэдээлэлд харуулжээ.

Хилийн хөдөлгөөний мэдээгээр өнгөрсөн долоо хоногт гарсан автомашины тоо өмнөх долоо хоногоос 1,758-аар буюу 64.3%-иар өссөн бол вагоны тоо 439-өөр буюу 15.7%-иар буурсан үзүүлэлттэй байна. Үүнээс,

Нүүрс:

  • Гашуунсухайт боомтоор 1,684 машинаар гарсан байгаа нь өмнөх долоо хоногоос 499 машин буюу 42.1%-аар,
  • Шивээхүрэн боомтоор 1,847 машин гарсан нь өмнөх долоо хоногоос 1,128 машин буюу 156.9%-аар,
  • Ханги боомтоор 298 машин гарсан нь өмнөх долоо хоногоос 82 машин буюу 38.%-аар тус тус өсжээ. Харин бол Булган боомтоор дээрх хугацаанд нүүрс тээвэрлэсэн машин гараагүй байна.

Зэсийн баяжмал: Гашуунсухайт боомтоор 333 автомашин, 182 вагоноор экспортлогдсон байгаа нь өмнөх долоо хоногтой харьцуулбал автомашины тоо 77-оор буюу 30.1%-аар, вагоны тоо 22-оор буюу 13.8%-аар тус тус өссөн байна.

Төмрийн хүдэр: 1,891 вагоноор экспортлогдсон ба өмнөх долоо хоногтой харьцуулахад 388 вагоноор буюу 17.0%-аар буурсан үзүүлэлт юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

БЗД-ийн 17-р хороонд гурав хоногийн хугацаанд хэсэгчилсэн хязгаарлалт тогтоолоо

Баянзүрх дүүргийн Онцгой комиссын шуурхай штабын дарга Г.Жаргалсайхан Баянзүрх дүүргийн 17-р хороонд хэсэгчилсэн хөл хорио тогтоохтой холбогдуулан мэдээлэл хийж байна. Баянзүрх дүүргийн 17 хороонд “КОВИД 19” халдварын тохиолдол батлагдаж, голомтлон тархаж болзошгүй нөхцөл байдал үүссэн тул 2021.01.14-ны 06.00 цагаас 2021.01.16-ны 23.00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэмд шилжүүлж, иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулахаар болсныг Баянзүрх дүүргийн Онцгой комиссын шуурхай штабын дарга Г.Жаргалсайхан өчигдөр мэдээллээ.

Хөл хорио тогтоосон хугацаанд явуулын болон суурин 10 цэгийг байгуулж, 18-аас дээш насны бүх иргэдээс өмнө шинжилгээ өгсөн эсэхийг үл харгалзан PCR шинжилгээг авах юм байна.

Хязгаарлалт тогтоосон хугацаанд 17-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүр, эмийн сан, эмнэлгийн үйлчилгээ хэвийн явагдаж, бусад хөдөлгөөн хязгаарлагдах учраас шинжилгээ өгөхөөс бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна.

Зөвлөгөө, шинжилгээтэй холбоотой мэдээллийг БЗД-ийн шуурхай штабын 80535063, 93190092, 1900-1063 дугаараас лавлах боломжтой.

Тус дүүргийн 17-р хороо нь Шархад, Да-Хүрээ орчим бөгөөд зурагт хорооны байршлыг харуулсан болно.

17-Р ХОРООНЫ ИРГЭДЭЭС ШИНЖИЛГЭЭ АВАХ БАЙНГЫН 4 ЦЭГ:

79-р сургуулийн 1-р байр

17-р хорооны иргэд нийтийн танхим

21-р худаг

Өргөн гудамжны “Баян” дэлгүүр

Мөн явуулын 6 цэг ажиллаж 08.30-18.30 цагийн хооронд иргэдээс шинжилгээ авч байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Золжаргал: Хүүхдүүд өлсөөд уйлалдахаар ажил хөдөлмөр, цалин хөлс ямар их хэрэгтэйг голдоо ортол ойлгож байна

Монгол Улсын хүн амын тал хувь нь оршин сууж байгаа нийслэлчүүдийн амьдралыг Төрийн ордон тойрсон 5-10 км-ийн радиуст харж дүгнэх нь хангалтгүй. Захын гэр хорооллуудад олон өрх идэх хоолгүй, хүүхдүүд нь өлсгөлөн хонож байна хэмээн зарим хүн халагладаг. Тэгвэл бид нөхцөл байдлыг сурвалжлахаар хотын баруун захыг зорилоо. Хотын төвөөс хөдөлж Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүрэхэд 20 орчим км зам туулж байна лээ. Тус хорооны нийгмийн ажилтан Ж.Дааманцогзолтой уулзсан юм. Тэрбээр тус хороонд нийгмийн ажилтан, халамжийн мэргэжилтэн зэргээр нийт есөн жил ажиллаж байна. Тиймээс хорооны иргэдийн ахуй амьдралыг сайн мэднэ хэмээв. 2011 онд тус хороо 10 мянган хүн амтай байсан бол 2019 онд 28 мянга болж өсч, гурван хороонд хуваасан байна. Ингээд өнөөгийн байдлаар 12 мянга гаруй өрхтэй байгаа аж. Өөрөөр хэлбэл, шилжин ирэх үзэгдэл маш их болохыг хэлсэн юм. Ер нь тус хорооны иргэд амьжиргааны түвшин доогуур өрх олон, нэн ядуу, хүнсний талоноор амьдардаг айлууд их байдаг юм байна.

Ж.Дааманцогзол “Бид цар тахлын үед өнөө маргаашийн хоолгүй болсон айл өрхүүдийг хүнс, бусад ахуйн зүйл, ариутгалын хэрэгслээр хангахад чадах чинээгээр анхаарч байгаа” гэдгийг хэд дахин онцлоод “Манай хороо 12250 хүн амтай. 3200 өрх бий. Үүнээс хүнсний талон авдаг 320 өрх байгаа. Энэ нь ковидоос ч өмнө байнга дэмжлэг авч ирсэн өрх гэсэн үг.

Харин ковидтой холбоотойгоор орлого нь тасарсан, хүнд нөхцөлд амьдарч байгаа 420 гаруй өрхийн тоог гаргасан. Ингэснээр нийт 750 орчим өрхөд хүнсний дэмжлэг нэн шаардлагатай байдаг. Эдгээр өрхийг эрэмбэлсэн. Өнөө маргааш идэх хоолгүй болсон, хүнсний дэмжлэг зайлшгүй шаардлагатай өрхүүдэд энд тэндээс цугласан тусламжийг эхэлж олгож байгаа. Төрийн болон төрийн бус байгууллага, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс, дүүргийн Тамгын газар, иргэдийн төлөөлөгчдийн хурал, Улаан загалмайн хороо, Америк дахь монголчуудын холбоо, Швейцарь дахь монголчуудын холбоо, тойргоос сонгогдсон УИХ-ын зарим гишүүн болон олон улсын байгууллагаас дэмжлэг илгээдэг. Үүнийг бид эрэмбийн дагуу хүнс нэн шаардлагатай өрхүүдэд эхэлж олгож байна. Эдгээр дэмжлэг багц байдлаар ирдэг. Тухайлбал, хүнсний багцад 5 кг будаа, 10 кг гурил, 3 кг гоймон, ургамлын тос, 2 кг сахар, 1 кг давс, 2 кг боорцог багтаж байгаа. Өрхийн хүн амын тооноос хамаарч 7-14 хоног хэрэглэх юм” гэв. Ерөнхийдөө тус хорооны нийт өрхийн 20 гаруй хувь нь халамж, дэмжлэгээр амьжиргаагаа залгуулж байна.

ХҮҮХДИЙН МӨНГӨ АМИНД ОРЖ БАЙНА

Тус хорооны зах хязгаар хэсэгт уул толгод, жалга дов ихтэй. Уулын орой дээр байх зарим айлд хүрэхийн тулд бэлээс нь алхахаас өөр аргагүй аж. Урьд шөнө цас хялмайлж, өдөр нь дулаан байснаар зайрмагтаж, зарим хэсэгт автомашинаар дээш өгсөх аргагүй болжээ. Бид Б.Золжаргалынд орлоо. Гэрийн бүрээс нь тортог болсон жижиг таван ханатай гэрт өрх толгойлсон эх зургаан хүүхдийн хамт амьдарч байна. Гэрт тавилга гээд байх зүйлгүй. Унь дутсан бололтой, хананы 4-5 толгой алгасаж гурван унь тогтоох байдлаар гэрээ барьжээ. Бага насны дөрвөн хүүхэд, 15 настай охин ээжийн хамт байна. Том хүү нь 20 настай. Их, дээд сургуульд суралцаж чадаагүй. Хөл хорио суларсан тул өдрийн 30 мянган төгрөгөөр барилга дээр ажиллахаар явжээ. Эдний хамгийн бага нь ой долоон сартай. Дараагийнх нь цэцэрлэгт, нөгөө хоёр нь 2, 3 дугаар ангид суралцдаг байна. Хүүхдүүд гэрийн хойморт байрлуулсан зурагтаар хүүхэлдэйн кино үзэж байв. Тавилга цөөтэй жижиг энэ гэрт нэг ч тоглоом харагдсангүй. Харин гэрээ цэмбийтэл цэвэрлэжээ. Гэрийн эзэн Б.Золжаргал “Манай гол орлого таван хүүхдийн 100 мянган төгрөг. Мөн сард 92 мянган төгрөгийн хүнсний талон авдаг. Үүгээр л болгож байна. Хөл хориогүй үед хүүхдүүд сургууль, цэцэрлэг дээрээ үдийн цай уугаад нэмэртэй байсан. Одоо гэрт байгаа учир зургаан хүүхдийн хоол хүнсэнд бүх зардал гарч байна. Манайх сардаа хоёр шуудай гурил хэрэглэж байна” хэмээн ярив. Хүүхдүүддээ ихэвчлэн гамбир, тостой үед боорцог хийж өгдөг аж. Мах болон бусад төрлийн ногоо, хоол хүнсний талаар тодруулахад “Мах бараг авахгүй шүү дээ. Үнэ нь дийлдэхгүй. Гэдэс цувдай л иднэ. Хүүхдэд хэрэгтэй хоол хүнс авъя гэсэн ч боломж нь байхгүй. Хааяа аарц л буцалгаж өгөх юм. Гэхдээ ковид гээд кг нь 7000 төгрөг болчихсон” гэв. Мөн “Хүүхдүүд өлсөхөөр хэцүү. Яг тэр мөчид ажил хөдөлмөр, цалин хөлс ямар их хэрэгтэйг голдоо ортол ойлгодог юм. Орой уйлалдаад гэдэс өлсөөд байна гэхээр дэлгүүрээс зээл тавина. Сардаа 100 гаруй мянган төгрөгийн зээл байнга тавьдаг. Гуйж байж л авна шүү дээ. Мэдээж дэлгүүр ажиллуулж байгаа хүн ашиг орлогоо бодолгүй яахав. Хүүхдийн мөнгө орж ирэхээр зээлээ бүрэн төлөхийг хичээдэг” гэсэн юм.

Б.Золжаргал хамтран амьдрагчтай байжээ. Хашаагаа БСББ-д барьцаанд тавиад нөгөө хүндээ автомашин лизингээр авч өгсөн гэнэ. Энэ нь 2.3 сая төгрөг болжээ.Нөгөөх нь таксинд яваад мөнгө олно гэсэн юм байх. Гэвч машинаа аваад алга болжээ. Сураг тасраад жил гаруй болж байгаа гэв. Одоо автомашины зээл 250 мянган төгрөгийг сар бүр төлдөг байна. Корона дуусахаар нутаг руу нь очиж барьж авна хэмээв. Эднийх гэрээ түрээсэлж байгаад 1.2 сая төгрөгөөр үнэ тохирч худалдан авчээ. Бага багаар барагдуулсаар одоо 200 мянган төгрөг дутуу байгааг хэлэв. Гэхдээ гэр нь дан бүрээстэй гэнэ. Гэрийн хойгуур цан цохидог. Өдөрт дор хаяж хоёр шуудай түлш түлж байж хүүхдүүдээ дулаан хонуулдаг аж. Хүүхдүүд нь өнөөдөр хангалттай сайхан цайлж амжаагүй байгаа тухай хэлсэн.

ХООЛНООС ИЛҮҮ АМАР ТАЙВАН БАЙГАА НЬ ХАМГИЙН ЧУХАЛ

Бид цааш явж гудамны мухарт байх жижиг дэлгүүрээр оров. Тус дэлгүүр паспорт барьцаалж зээл олгодог байна. Хэрэндээ л зээлэхгүй байхыг хичээдэг ч тэр хавийн айл өрхүүд зовлон тоочоод ороод ирэхээр аргагүй байдалд ордог гэв. Жижигхэн цаасан хайрцганд иргэний үнэмлэхүүд хийж, паспорт бүрийн ард зээлийн хэмжээг бичсэн цаасыг хавсарган наажээ. Худалдагчаас хөл хориотой холбоотойгоор зээл авах нь нэмэгдсэн эсэх талаар тодруулахад “Нэмэгдэлгүй яахав. Зээл авъя гэж орж ирэх нь 2-3 дахин өссөн. Өмнө нь ажил төрөлтэй, хоол ундаа залгуулаад байдаг байсан хүмүүс хөл хоригдчихоор мөнгөгүй суучихаж байгаа юм. Тэд энд тэндээс тусламж дэмжлэг авах биш. Тэгээд л зээл тавиач гээд ороод ирдэг. Яг үнэндээ хүнсний талон авдаг, хорооноос дэмжлэгтэй эмзэг бүлгийн өрхүүд харин ч хоосон хонох нь гайгүй байна. Бор зүрхээрээ зүтгэж байгаа хүмүүс л орлогогүй болж нам сууж байна даа” гэсэн юм.

Уулын өгсүүр рүү автомашинаар хоёр ч дайрч байж бартаат замыг туулж орой дээр нь гарч ирэв. Уулын орой дээр байх, ямар ч хашаагүй, жижигхэн бор гэрийн эзэн Б.Одончимэг мөн зургаан хүүхдийн хамт амьдардаг, өрх толгойлсон эх. Уг нь нөхөр бий. Тэр нь байнга архи ууж, агсам тавьж, хэдэн хүүхдүүдээ хяргачих гээд байхаар нь ээлжит “ачилт” руу явуулжээ. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр зургаан сар хүмүүжихээс дөрвөн сараа аваад байгаа гэнэ. Нийгмийн ажилтан “Удахгүй гарч ирэх болж байгаа юм байна” гэхэд Б.Одончимэг “Үгүй ээ. Дөрвөн сар болж байгаа. Одоо хоёр сарын зай бий. Тэгээд ч цар тахлын үед гэр бүлдээ агсам тавиад байдаг хүмүүсийг энэ өвөл тэнд нь байлгах юм биш үү” хэмээн хэлээд асуусан харцаар харж байна лээ. Хүүхдүүд нь 4-18 насных. Том нь мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцдаг байна. Хорооноос хөөцөлдөж элсүүлж өгчээ. Харин нөгөө хэд нь бага. 1, 4, 5, 6 дугаар ангид суралцана. Нэг нь Монгол Улсын иргэний бүртгэлтгүй гэв. Иймээс дөрвөн хүүхдийн 400 мянган төгрөгөөр амьжиргаагаа залгуулдаг байна. Бидний ороход зурагт үзэж байсан нэг хүүгийн үс нэлээд ургаж сэгсийжээ, нөгөөх нь хөл нүцгэн гүйх агаад хөлийн хуруунуудынх нь салаагаар хир хуралджээ. Дээр нэг хүүхэд нь Монгол Улсад бүртгэлгүй болохыг өгүүлсэн. Энэ талаар тодруулахад “Төрөх үед би өөрөө бичиг баримтгүй байсан юм. Тэгээд таньдаг хүний нэр дээр төрсөн. Хүүхдэдээ бичиг баримт авч чадаагүй” хэмээв. Энэ талаар нийгмийн ажилтан “Бид бичиг баримттай болгохоор хөөцөлдөж байгаа. Ер нь эдний хүүхдүүд бүртгэлгүй байж байгаад 2-3 жилийн өмнөөс л бүртгэлтэй болж байна” гэв. Одоо байгаа уулын орой нь зөвшөөрөлгүй гэнэ. Г.Одончимэг хөл хориогүй үед мод шуудайлах ажил хийдэг байсан аж. Сайн ажиллавал өдрийн 25 мянга, дунджаар 15 мянган төгрөгийн орлого олдог байсан гэнэ. Гэхдээ хүүхдүүд нь байсхийгээд утсаар залгаж ээжийгээ дууддаг тул модны худалдаачид ундууцаж ажиллуулахгүй хэмээдэг гэнэ. Учир нь нөхөр нь ажил хийхгүй. Нэмээд архи ууж, эзгүй хойгуур нь хэдэн хүүхдүүдийг нь сүйд хийчих гээд байдаг тул нөгөө хэд нь ээжээсээ аврал эрж залгадаг нь тэр. Г.Одончимэг “Хүүхдүүд айдас дарамтгүй байгаа нь хамгийн сайхан байна” хэмээн хэлээд уртаар санаа алдав. Түүний хувьд хүүхдүүдээ хоол ундтай байлгахаас илүү эцгийнхээ хүчирхийлэлд өртөхгүй амар амгалан байлгах нь юу юунаас чухал болохыг хэсэг ярилцаж суухад тод анзаарагдсан юм. Тэднийх уулын орой дээр байдаг тул жавар ихтэй. Биднийг доор байхад автомашины температур хэмжигч 11 градусыг зааж байсан бол дээш өгсөж гарч ирээд хэсэг байхад 16 хүрч байна лээ. Иймээс өдөрт ганц шуудай өндгөн түлш арай чамай хүрдэг байна. Өндгөн түлшний талоноор долоо хоногт зургаан шуудай түлш авах хязгаартай байдаг гэнэ. Мод шуудай нь 6000 төгрөг тул бараг худалдаж авдаггүй байна. Хүүхдийн мөнгө, бусад халамжийн мөнгөөр хүнс хоолоо л аргацаадаг аж. Үүнээс гадна мөнгө нь өмнө авир муухай эцгийн гараар ороод дуусдаг байсан бололтой.

Хүүхдүүд сургууль руугаа яаж явдаг байсан бэ гэхэд “Би мод шуудайлах ажилтай. Тиймээс өөрсдөө л учраа олоод явна. Зарим нь ойр хавийн айлын хүнд дайгдана. Сургууль нь нэлээд зайтай” гэв. 1, 4 дүгээр ангийн хүүхэд энэ хавиар явах нь эрсдэлтэй гэдэг нь ойлгомжтой харагдана. Өгсүүр уул, гуу жалга, согтуу хүмүүс, сул нохой гэх зэргээр түмэн аюулыг давж тэд хичээлдээ очно. Харин одоо хөл хорио тогтож, аав нь журамлагдсанаар тэд гэртээ жаргаж байна. Дураараа зурагт үзэж, гэрийн баруун талд байх хир суусан матрас дээр хэвтэцгээнэ. Ээж нь нэг бүрийг нь 3000 төгрөгөөр тооцож арван ширхэг гэдэс цувдай авсан. Түүнийгээ цэвэрлэж хоол хийн, тусламжаар ирсэн гурилаараа гамбир хайрч байгаа аж. “Шинэ жилээр бэлэг авсан уу” хэмээн хүүхдүүдээс асуухад хоёр том нь эргэж харсан ч хариу хэлсэнгүй. Нэг нь хэсэг зуур байснаа мэдэхгүй гэж байгаа бололтой мөрөө хавчиж байв. Тэднийх зөвшөөрөлгүй тул цахилгаан татаж болдоггүй. Доод айлаасаа тог татаж сарын 20 мянган төгрөг төлдөг байжээ. Харин эрчим хүчний үнийг чөлөөлсөн тул нөгөө айл нь цахилгаан халаагуур залгахаар болсон тул тогоо тасалсан байна. Ингээд дахин нэг айл гуйхад зөвшөөрсөн ч “Сар бүр 30 мянган төгрөг өгөөрэй” гэжээ. Нийгмийн ажилтан “Цахилгааны төлбөрийг чөлөөлсөн шүү дээ” хэмээн яаран асуухад Г.Одончимэг “Өгөхгүй бол залгахгүй. Өгөхөөс яахав. Тэгэхгүй бол энэ хүүхдүүд өдөрт зурагт харж байхгүй бол болохгүй” гэв.

ЭМЗЭГ БҮЛГИЙН ӨРХҮҮД СЭТГЭЛ ГУТРАЛД ОРСОН БАЙНА

Бид гарч хорооны зүг хөдөллөө. Уулын уруу жалга даган буухад автомашин гулгах аж. Хоёр сарын дараа хүүхдүүдийн аав гараад ирвэл яах бол хэмээн нийгмийн ажилтнаас асуухад “Сэтгэл заслын эмчилгээ, яриа таниулга хийлгэж байгаа. Тэгэхээр гайгүй байлгүй” гэв. Тэрбээр ингэж хэлсэн хэдий ч хэлсэн үгэндээ итгэлтэй биш байгаа нь анзаарагдсан юм. Хэсэг бодлогоширсноо “Засраад ирнэ гэж ч юу байхав. Болохгүй бол тэр нөхрийг гэрийнхнээс нь салгаж, аав ээж ар гэрт нь хүлээлгэж өгнө дөө” хэмээв. Түүнчлэн мөн захын гэр хороололд маш олон хүндрэл байгаа. Энэ дундаас хүүхдүүд хохирч үлдэж байгаад харамсаж байгаагаа хэлж байсан юм. Тэрбээр ажиллах хугацаандаа 50-60 хүүхдийн асрамжийн төвд шилжүүлж байжээ. Аав, ээж нь архичин. Эсвэл өнчирсөн гэх зэргээр олон шалтгаантай байсан аж. Гэхдээ яаж ч бодсон хүүхэд гэртээ байхдаа л аз жаргалтай байна гэж ярьсан. Мөн тэрбээр “Бэлэнчлэх сэтгэлгээтэй хүн маш олон байна. Ажил хийх боломжтой хэрнээ төр засаг, хэн нэгэн юм өгөх ёстой юм шиг нэхээд суудаг. Нөгөө талаас үнэхээр дэмжлэг шаардлагатай өрхүүд ч бий. Олон хүүхэдтэй. Хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай зэрэг гарцаагүй шалтгаанууд байна. Гэхдээ ийм хүн цөөн. Нөгөөтэйгүүр, ковидтой холбоотойгоор ямар нэг дэмжлэг туслалцаанд хамрагддаггүй хүмүүс орлогогүй болж, хүнд байдалд өртөж байгаа” гэсэн юм. Цаашид эмзэг бүлгийн иргэдийг чадавхжуулах, сургалтад хамруулах, ажилд зуучлах ажлыг түлхүү хиймээр байна. Мөн хүүхдүүдийг нь эрүүл аюулгүй орчинд амьдруулах тал дээр онцгой анхаарах шаардлагатай. Үүнээс гадна нэг чухал зүйл нь энэ эмзэг бүлгийн хүмүүст сэтгэл зүйн дэмжлэг хэрэгтэй. Тэд дандаа л юмыг болохгүй, бүтэхгүй талаас нь хардаг, амьдралд нухлагдсан, сэтгэл санаагаар унасан байдаг. Гэрэл гэгээтэй амьдрал бий шүү, сайн сайхан зүйл рүү тэмүүлэх ёстой гэсэн баяр баяслыг л өгмөөр байна” хэмээн ярилаа. Тэрбээр захын гэр хороололд тулгарсан олон асуудлыг дахин сурвалжилж, илүү олон зүйлийг ил гаргаж өгөөрэй хэмээн захиж байлаа.

Энд ядуу, эмзэг амьдралаас гадна гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл, хүүхдүүдийн эрх ашиг зөрчигдөх зэрэг олон хүндрэл байгааг тоочин уудалбал их.

Г.БАТЗОРИГ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Оюутнууд “Цахим хичээл чанаргүй байгаа тул сургалтын төлбөрийг хөнгөлөх ёстой” гэв

Цахим хичээлийн талаар оюутнуудаас тодруулга авлаа.

МУБИС-ийн дөрөвдүгээр дамжааны оюутан С:

-Оюутнууд цахим хичээлд 82 хувийн сэтгэл ханамжтай байна гэсэн судалгаа яаж гарсныг ойлгохгүй байгаа. Хоёр дахь удаагаа цахимаар хичээллэж байгаа ч чанар, хүртээмжийн хувьд ямар ч ахиц гараагүй, хөл толгойгүй, замбараагүй байдлаар л явагддаг. Зарим багш нар хичээлээ алдаг, оног оруулна, зарим нь бүр оруулахгүй алга болчихдог. Тэгсэн хэрнээ дүн гарах сүүлийн долоо хоногт их хэмжээний даалгавар өгч, тулгах жишээтэй. Zoom болон бусад аппликейшнийг ашиглаад цаг тухайд нь хичээлээ заадаг багш нар мэдээж байгаа. Гэхдээ хөдөө, орон нутагт сүлжээгүй газар байгаа оюутнуудын хувьд цахим хичээл толгойны өвчин болдог. Даалгаварт өгсөн ном, сурах бичиг интернетэд байхгүй. Мөн танхимаар ороогүй, тог, цахилгаан гэх мэт урсгал зардал сургуулиас гарахгүй байхад бүтэн төлбөр авч байгааг эсэргүүцэж байна.

МУИС-ийн дөрөвдүгээр дамжааны оюутан О:

-Хатуухан хэлэхэд цахим хичээлээс мэдлэг гэхээр зүйл олж авч чадаагүй.Хичээлдээ идэвхтэй байя гэвч ном, сурах бичгээс авахуулаад олон асуудал тулгардаг. Төлбөрийнхөө асуудлыг хөнгөлж өгмөөр байна.Хөл хорионы үеэр ажил зогссон, иргэд орлогогүй болсон үед сургалтын төлбөрийг хоёр хувааж төлөх уян хатан зохицуулалт хийгээсэй гэж хүсч байна. Цаашид цахимаар орох бол сургалтын чанараа сайжруулах шаардлагатай. Багш нарийг нэгдсэн зохион байгуулалтанд оруулаад, сургалтын нэгдсэн платформ үүсгэж, эмх цэгцтэй болговол үр дүнтэй гэж бодож байна. Тэгэхгүй бол зарим багш нар хэдхэн слайд, word файл оруулаад л хаячихдаг. Гэтэл бид тухайн хичээлийг дор хаяж 150 мянган төгрөг төлж судалж байгаа шүү дээ. Хоёрын хооронд ингэж өөрсдийгөө хуурмааргүй байна.

ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн дөрөвдүгээр дамжааны оюутан Г:

-Олон цагаар дэлгэцийн ард суух шаардлагатай болдог ч лабратори, практикт тулгуурладаг хичээлийн агуулгыг цахимаар бүрэн эзэмших боломжгүй. Zoom аппликейшнээр орсон ч гэсэн инженерийн нарийн юмнуудаа бичлэг хараад ойлгоход төвөгтэй. Дүрэм журмаа сайтар мөрдөөд танхимаар ороосой гэж бодож байна. Цаашид сургалт энэ янзаараа явагдвал шинжлэх ухаан, нарийн мэргэжлийн чиглэлийн оюутнууд практик мэдлэггүй “хоосон дипломтой” л хүмүүс болж үлдэнэ. Миний хувьд инженерээр сурдаг болохоор цахим сургалт маш хангалтгүй байгаа. Одоо үед хэлтэй бол Google, Youtube ашиглаад ямар ч мэдээллийг үнэгүй авч болно шүү дээ. Гэхдээ их сургуульд мөнгө төлөөд үзэж байгаа мөртлөө слайд, бичлэг үзээд өнгөрөх хайран байна. Илүү практик төвтэй сургалт хэрэгтэй. Бусад оюутнууд ч бас ижил бодолтой байгаа байх.

МУБИС-ийн дөрөвдүгээр дамжааны оюутан М:

-Онлайн хичээл үнэндээ ямар ч үр дүнгүй байсан. Бүхэлдээ хэлбэрдсэн, нүд хуурсан байдлаар орсоор байгаад дууссан. Түүнчлэн оюутнууд бид компьютер, утасныхаа урдаас өндийгөөгүй, нүд өвдөж, нойр солигдсон. Хоёрдугаар сард хичээл танхимаар орохыг дэмжихгүй байна. Өмнөх жил коронавирусыг дотооддоо алдаагүй байхад оруулаагүй байж халдвар тарчхаад байхад яаж явах билээ.

Их засаг их сургуулийн хоёрдугаар дамжааны оюутан Н:

– Хичээлүүд танхимаар ордог шиг тогтсон хуваарь байхгүй, 2-3 өдөрт хичээлүүдээ нэг дор шахаад оруулчихдаг учраас өдөржин утсаа ширтээд суух хэрэг гардаг. Лекцүүдийг багш тайлбарлахгүй болохоор зүгээр хуулан бичлэг болж хувирдаг. Нэгдсэн програм ашиглах хэрэгтэй. Манайд орж байгаа багш нарын зарим хичээл ганц л удаа орсон. Зарим хичээлүүдийн лекц, семинар арван хоёрдугаар сарын сүүлд тавигдаж байх жишээтэй. Слайд тавиад өнгөрүүлэхээс илүү тухайн хичээлийг тайлбарлах онлайн уулзалт маягаар ядаж хичээл явагдах ёстой. Мөн хичээлд шаардлагатай номнууд цахим номын санд байхгүй болохоор тухайн хичээлийн шалгалт, даалгаврыг хийхэд хүндрэл учирдаг.

СУИС-ийн гуравдугаар дамжааны оюутан Ө :

-Манай сургуулийн хувьд урлагийн сургууль. Ихэнх хичээлүүд онолоос илүү практик дээр суурилдаг. Гэтэл найруулах урлаг, хөгжимдөх, дуулах хичээлүүдийг дэлгэцний цаанаас сурна гэдэг худлаа шүү дээ. Дээрээс нь тоног төхөөрөмж ашигласны хураамж гэж хичээл ороход авдаг. Тоног төхөөрөмж ашиглаагүй юм чинь тэр мөнгөө төлбөртөө шилжүүлэх хэрэгтэй.Зарим нэг багш фэйсбүүктээ бичлэгээ оруулснаар шалгалт тооцно гэсэн байсан. Фэйсбүүктээ оруулсан зураг, бичлэгээр дүн авна гэдэг байж болох уу?

ШУТИС-ийн гуравдугаар дамжааны оюутан З:

-Зарим хичээлүүд цахимаар хичээлээ огт ороогүй мөртлөө дүнгээ гаргаад өнгөрсөн. Кредитийн мөнгө төлж судалж байж, хоосон дүн авах таалагдаагүй. Зарим багш нар ор сураггүй байж байснаа гэнэт шалгалт авах, дүнгээр боох явдал ч байсан. Энэ мэтээр дүнгээр боох учраас сургалтын чанар нь муу байгааг багш нарт хэлэх боломжгүй. Ганцаараа хичээл ордог мэт их даалгавар өгдөгөө болимоор байгаа юм. Даалгавруудаа хийж барахгүй болоод хүнд мөнгө өгч хийлгэх үе байсан. Мэдээж бүгд тийм биш. Ихэнх багш нар танхимаар ордог байсан хуваарийнхаа дагуу яг цагтаа хичээлээ орж, хэзээ ч хамаагүй асуугаарай гэж байсан. Тиймээс энэ семистрийн төлбөрийг тодорхой хувиар хөнгөлж, ирэх улирлын төлбөрт шилжүүлэх нь зүйтэй.

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан М:

-Цахим хичээлд 82 хувийн сэтгэл ханамжтай байх байтугай 50 хувьд ч хүрээгүй, үнэндээ юу ч үлдээгүй. Өөрийгөө сайн хамгаалаад танхимаар орвол үр дүнтэй байх. Танхимаар орсонтой төлбөр нь яг ижилхэн мөртлөө олж авсан мэдлэг байхгүй. Хүртээмжтэй ороогүй мөртлөө хичээл дээр унагаадаг байж болохгүй.

Ч.БИНДЭРЪЯА