Categories
мэдээ нийгэм

Нийслэлд гарсан коронавируст халдварын 10 голомтоос гурав нь өндөр идэвхжилтэй байна

Улаанбаатар хотод гараад буй коронавируст халдварын 10 голомтоос гурав нь өндөр идэвхжилтэй байгааг ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл хэллээ.

Тэрбээр “Улаанбаатар хотын хувьд, коронавируст халдварын нийт 10 голомтоос гурав нь өндөр идэвхжилтэй байна. Өнгөрсөн хугацаанд улсын хэмжээний коронавирус илрүүлэх оношилгооны цэгээр 665,451 хүн үйлчлүүлжээ. Энэ нь нийт хүн амын 21 гаруй хувь нь коронавирусийн халдварыг илрүүлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан үзүүлэлт юм.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд эрүүл мэндийн 2,300 гаруй ажилтан халдварын голомтуудыг цомхотгох арга хэмжээнд оролцон ажилласан. Мөн нийслэлд халдварын тохиолдол гарсаар байгаатай холбоотойгоор ЗӨСҮТ-ийн хариу арга хэмжээний баг нийслэлийн 10 объектын 897 метр квадрат талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийсэн байна. Түүнчлэн ЗӨСҮТ-ийн авто лаборатори Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтын уртын тээврийн 563 жолоочид өчигдөр шинжилгээ хийхэд бүгдээс нь коронавирус илрээгүй. Мөн хугацаанд 2,426 эрүүл мэндийн ажилтанд шинжилгээ хийхэд бүх шинжилгээ сөрөг гарлаа.

Эрүүл мэндийн байгууллагын тусгай дугаарын 7 утсанд 938 иргэн хандаж, зөвлөмж зөвлөгөө авсан байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Цар тахлын халдварын эсрэг хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар туршлага солилцох цахим сургалт боллоо

Эрүүл мэндийн хөгжлийн төв Эрүүл мэндийн байгууллагуудын коронавируст цар тахлын халдварын эсрэг хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар туршлага солилцох цахим хэлэлцүүлэг, сургалтыг (ZOOM) зохион байгууллаа.
Туршлага солилцох хэлэлцүүлэгт ЭМЯ-ны харъяа байгууллагууд, нийслэл, дүүрэг, орон нутгийн болон хувийн хэвшлийн ЭМБ-ын удирдлагууд, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, халдварын хяналт, сувилахуй зэрэг асуудал хариуцсан 550 гаруй албан тушаалтан, эмч мэргэжилтнүүд оролцлоо.
Энэхүү цахим хэлэлцүүлэг, сургалтын зорилго нь Эрүүл мэндийн байгууллагууд коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах, халдварын сэргийлэлт, хяналтын үйл ажиллагааг эрчимжүүлэх зэрэг чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар туршлага солилцон бие биеэсээ хамтран суралцаж цар тахлын эсрэг хамтдаа тэмцэхэд оршиж байгаа юм.
Уг хэлэлцүүлэгт УГТЭ-ийн захирал Ц.Төмөр-Очир өөрийн эмнэлгийн коронавируст цар тахлын үед хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг дэлгэрэнгүй танилцуулж, мөн АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгийн Эрсдэлийн удирдлагын албаны дарга Б.Болортуяа болон Халдварын сэргийлэлт хяналтын албаны дарга Ч.Баттогтох нар Эрүүл мэндийн байгууллагын эрсдэлийн удирдлагын тогтолцоо, эмнэлгийн халдварын сэргийлэлт хяналтын тогтолцооны талаар мэдээлэл хийж хэлэлцүүлэв.
Түүнчлэн саяхан цар тахлын халдвар голомтыг устган, ногоон бүс нутаг болсон Дархан-Уул аймгийн ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл коронавируст цар тахлын үед Дархан-Уул аймгийн ЭМГ-ын хэрэгжүүлж буй ажиллагааныхаа талаарх мэдээллийг танилцууллаа.
Энэхүү туршлага солилцох цахим хэлэлцүүлэг сургалтанд оролцсон Эрүүл мэндийн байгууллагын төлөөллүүд цаг үеэ олсон чухал асуудлаар өөр өөрсдийн хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар туршлагаа хуваалцсан, практик ач холбогдолтой, үр өгөөжтэй, маш сонирхолтой, үр дүнтэй сургалт мэдээлэл болсныг онцлон тэмдэглэлээ.

Categories
мэдээ нийгэм

АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд монгол хүү илтгэл тавина

Энэ сарын 17-ны өдөр зохион байгуулагдах АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр монгол хүү зочноор уригдаж, илтгэл тавихаар болжээ.

Тухайлбал, Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Жо Байден болон дэд ерөнхийлөгч Камала Харрис нарыг тангараг өргөх үеэр зохион байгуулагдах Үндэсний хүүхдийн тангараг өргөх ёслолд жүжигчин С.Чингүүн хүү илтгэл тавих юм.

АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр тайзан дээр гарах илтгэгчдээс одоогоор хоёр илтгэгчдийг ил болгоод буй бөгөөд С.Чингүүн болон тус улсын сенатор Эдвард Марки нар юм. “Time”, “Nickelodeon” болон “Time for Kid” сэтгүүлийн хамтарсан “Оны шилдэг хүүхэд шалгаруулах” телевизийн нэвтрүүлгийн шүүгчээр ажилласан С.Чингүүн Америкийн 74 сая гаруй хүүхдийг төлөөлж, үг хэлэхээр боллоо.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс эхлэн шинжилгээнд хамрагдах иргэд www.eruul.gerege.mn сайтаар цаг авна

Нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх зорилгоор есөн дүүрэгт зохион байгуулж буй байнгын үйл ажиллагаатай 30 шинжилгээний төвийн ачааллыг зохицуулах, хүлээгдэл чирэгдлийг бууруулах зорилгоор өнөөдрөөс буюу нэгдүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн иргэдэд шинжилгээний цаг олгох ажлыг зохион байгуулахаар боллоо.
Шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд www.eruul.gerege.mn цахим хуудсанд нэвтэрч, регистрийн дугаараа бүртгүүлэн шинжилгээ өгөх цаг болон төвийн байршлын талаарх мэдээллийг авах, мөн шинжилгээний хариугаа харах бүрэн боломжтой юм.
Иймд дээрх шинжилгээний төвүүд цахимаар олгосон цагийн дагуу үйлчлэх тул иргэд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлан товлосон хугацаанд очих, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.
Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Колумбийн алдарт дуучин Шакира өөрийн бүх дууныхаа эзэмших эрхийг зарлаа

Колумбийн поп од Шакира өөрийн бүх 145 дууны эзэмших эрхийг олон сая доллараар заржээ. Түүний уан бүтээлүүдийн ашиглах бүрэн эрхийг Hipgnosis Song Fund компани худалдаж авсан байна.

Тус компани сүүлийн үед олон уран бүтээлчдийн дууны эрхийг бөөнд нь худалдаж авч байгаа. Шакирад хэдийг төлсөн тухай зарлаагүй ч доод тал нь 15 жилийн хугацаанд олж болох орлогыг бөөнд нь төлсөн гэж ажиглагчид үзэж байна. Компанийн үүсгэн байгуулагч Мэрк Мэркуриадис “Олон уран бүтээлч ирэх 25 жилийнхээ орлогыг бүтнээр нь авч байгаа” гэж өнгөрсөн онд BBC сувагт ярьж байжээ. Уран бүтээлчийн хувьд ямар нэг эрсдэлгүйгээр дуунаас олж болох орлогоо урьдчилж авдаг нь давуу тал юм.

Харин Hipgnosis Song Fund компанийн хувьд худалдаж авсан бүх дуунуудаа янз бүрийн зориулалтаар ашиглуулж, орлого олох юм байна.

Тухайлбал телевиз, кино, сурталчилгаанд лицензээр ашиглуулах, ковер хувилбарын эрх олгох, концерт шоунд дуулах эрхийг зарах гэх мэт. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд Hipgnosis компани Найл Рожерс, Блонди зэрэг олон алдартай уран бүтээлчтэй ийм гэрээ байгуулжээ. Шакира нь сүүлийн 25 жилийн хугацаанд хамгийн их амжилттай ажилласан дуучдын нэгэнд тооцогддог. 1991 онд 13 настайдаа анхны цомгоо гаргаснаас хойш тэр 80 гаруй сая цомог борлуулж, Грэммийн шагнал гурав, Латин Грэммийн шагнал 12-ыг хүртжээ.

Шакирагийн анхны англи хэл дээрх цомог “Laundry Service” 2001 онд гарахдаа 13 сая ширхэг борлогдож байв. “Whenever, Wherever, ”Underneath Your Clothes”, “Hips Don’t Lie”, “Waka Waka” зэрэг хитүүд нь дэлхийн 15 орны жагсаалтыг тэргүүлж байжээ. Түүний хамгийн сүүлийн цомог “El Dorado” нь АНУ-ын зах зээлээс diamond сертификат авсан юм. Шакира нь YouTube сүлжээнд 2 тэрбумаас дээш үзэлттэй хоёр видеотой гуравхан эмэгтэй дуучны нэг ажээ. Түүний сүүлд гаргасан “Girl Like Me” дууны бүжиг нь Тик Ток сүлжээг байлдан дагуулж байгаа.

Hipgnosis нь дууны уран бүтээлүүдэд хөрөнгө оруулж буй цорын ганц компани биш юм. KKR (Kohlberg Kravis Roberts) хөрөнгө оруулалтын компани саяхан Райан Теддерийн зохиосон 500 дууны эрхийг худалдаж авахад Эд Шираны “Happier”, Камила Кабеллогийн “Into it” зэрэг хит дуунууд багтжээ. Боб Дилан саяхан өөрийн 600 дууны өмчлөх эрхийг Universal Music группт хэдэн зуун саяар зарсан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Дашийн БЯМБАСҮРЭН: Оюу толгойн гэрээ бол Монголын төрийн эрх мэдэлтнүүдийн шуналын бүх төрлийн нян цугларсан бохирын сав мөн

Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэнтэй ярилцлаа.


-Монгол Улсын үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар хэрэгжиж эхлэх эхний жил ирлээ. Таны бодлоор Үндсэн хуулийн өөрчлөлт үндсэн зорилгодоо хүрч чадсан уу?

-Монгол Улс шинэ нийгмийн байгууллагыг зорьсноос хойш гуч гаруй жил өнгөрч, эерэг сөрөг бүх үзэгдлүүдийг нэгтгэн, улс орныхоо амьдрал, хөгжлийн ирээдүйн замыг засахын тулд Үндсэн хуулийн өөрчлөлт хийхийг зорьсон. Ингэхдээ, өнгөрсөн онд баталсан Үндсэн хуулийн өөрчлөлтүүдийн ихэнх гол зарчмууд нь 2016 оноос өмнө байсан УИХ тэр үед байсан улс төрийн хүрээнд шийдэж хайрцаглагдсан суурин дээр олигархи бүлэглэлүүдийн сонирхол, тэдний өөрийнх нь лобби оролцоотойгоор шийдэгдсэн тул бид хүсэн хүлээсэн үр дүндээ хүрч чадсангүй. Үүнээс харахад Үндсэн хуулийн өөрчлөлтийн эхний жил үүлтэй, бүрхэг эхэлж байна.

Гэхдээ яахав, амьдралд тулгамдсан зарим тодорхой асуудлууд, жишээлбэл, Дархан, Эрдэнэт хотыг хотын статустай болгох эсвэл шүүхийн, хариуцлагын зарим асуудал, байгалийн баялгийн асуудлыг шийдэх шаардлагатай байсан учраас алаг цоог ч болов Үндсэн хуулийн өөрчлөлтийг хүлээж авсан хэрэг. Сүүлийн хориод жил Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн амьдралд олигархи бүлэглэлүүдийн сонирхол давамгайлах болоод төр өөрөө хоцрогдол, хямралын гол үүсгүүр боллоо.Бид өмнөх УИХ-ын гишүүдийг харахад, тэдний дөрөвний гурав нь гэмт хэрэгт холбогдсон, хөрөнгө мөнгө шамшигдуулсан нь ил болсон.Нийгэмдээ шударга ёс тогтоох төр өөрөө луйвар, хулгайн гэмт хэргийн уурхай болчихсон. Ийм үндсэн дээр л бид Үндсэн хуульд өөрчлөлт хийхийг зорьж байсан. Гэтэл одоо 2020 оны сонгуулиар МАН хоёр дахь удаагаа үнэмлэхүй олонхоор гарч ирлээ. Ерөнхийдөө дангаар ноёрхох улс төрийн хүчин хэрвээ олигархиудын гарт орвол улс эх оронд гамшиг болох нь тодорхой.

Сүүлийн үед ажиглаж байхад, УИХ-д олон хүн шинээр орж ирсэн. Шинэ үзэл санаа, шинэ ололт орж ирэв үү гэтэл бас биш байна. Цэвэр бизнесийн эрх ашиг, эдийн засгийн ашиг сонирхол руу улам хөтлөгдөх хандлага байгаа нь харамсалтай. Энэ бол эмгэнэл. МАН зүүний нам гэсэн нийгмийн чиг баримжаатай бодлого явуулна гэж тунхагладаг.

Гэтэл эдийн засгийн бодлого нь олигархиудын бодлого болоод хувирчихлаа. Ялангуяа татварын бодлого. МАН-ын үзэл баримтлал нь явуулж байгаа бодлогоосоо эрс зөрүүтэй болж байна. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар байгаа цагт МАН-ын эдийн засгийн бодлого огтхон ч өөрчлөгдөхгүй.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар бол Монгол Улсыг хөгжүүлэх бодлогын хүн биш. Ч.Хүрэлбаатар бол зөвхөн гадныханд л үйлчилдэг хүн.

МАН ерөнхий тогтолцооныхоо хувьд регресс буюу ухралт руу нэгэнт орчихлоо. УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаа хуулиудыг харахад төрийн хяналтын тогтолцоо бүрэн алдагдсан байна.

-УИХ-ын чуулганаар хэлэлцэж буй Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хууль, Шүүхийн тухай хуулийг хэлэлцэж байгааг та хэлж байна уу?

-Гурван тулгууртай төр гэдэг бол масоны төр. Монголын жинхэнэ төрийн тогтолцоо бол таван тулгуурт төр юм л даа. Төрийн хяналтын тогтолцоогүйгээр улс орон зөв хөгжихгүй. Гэтэл УИХ-аар хэлэлцэж буй Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Шүүхийн тухай, Төсвийн тухай хуулийн хэлэлцүүлгийг харахад их хурал өөрөө өөрийгөө ч сонсохгүй, өөрийнхөө дотор байгаа эрүүл саруул дуу хоолойг хүлээж авахгүй, олонхоороо түрдэг, МАН-ынхаа төв штабын сонирхлыг тулган баталдаг болжээ. Сонгууль өөрөө мөнгөтэй хүн намаар дамжиж жүжиг тоглох, өөрийгөө бурхан царайлж буян бүтээх хүний дүрд тоглох процесс болоод хувирчихлаа. МАН-ынхан 2016-2020 оны хооронд төр барьж байхад мэдээж алдаа их гарсан. Гэхдээ ардын намынхан Ухнаагийн Хүрэлсүх гэдэг ерөнхий сайдаа түшээд намаа, төрөө цэвэрлэе гэсэн чиглэлээр том алхмууд хийсэн. Энэ үед нь Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга сонгогдоод шударга ёсны төлөө төрийн дээд удирдлагаа нэгтгэж, нэг санаагаар ажилласны үр дүнд 60 тэрбумын хэрэг ч гэдэг юмуу олон асуудлыг зоригтой шийдэж ирсэн. Гэхдээ МАН үндсэндээ ард түмэнд үйлчлэхээсээ илүүтэй олигархи баячуудад үйлчилдэг дотоод үзэл хэвээр үлдсэн нь сүүлийн үед хийж буй тэдний алхам, баталж буй хуулиудын үзэл баримтлалаас нь шууд харагдах боллоо.

-Хязгааргүй эрх мэдэл дунд хэзээ ч хяналтаа алдаж болзошгүй одоогийн нөхцөлд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд та ямар анхааруулга өгөх вэ. Инээсэн бүхэн найз биш гэдэг. Энэ нийгэмд шударга шүүмж хамгаас үнэтэй болоод байна.

-Ер нь У.Хүрэлсүх бид хоёр санаа бодлоо солилцдог. Хамгийн гол нь Ерөнхий сайд үүргээ умартаж болохгүй. Ерөнхий сайд их хурал дээр үг хэлснийхээ дараа “Монгол Улсын төлөө зүтгэе” гэж хэлдэг биз дээ. Манай улсад олон ч Ерөнхий сайд хэрэгт холбогдож, ард түмнийхээ итгэлийг алдаж байна. Надаас хойш олон Ерөнхий сайд томилогдсоноос 8-9 нь гэмт хэрэгт холбогдоод зарим нь хоригдож байгаа. Өнгөрсөн сонгуулиар МАН үнэмлэхүй олонх болсон нь намын нэр хүнд гэхээсээ илүү нэг хүний далбаан доорх ялалт байв. Энэ үед шинэчлэлийн салхийг хагалж ирсэн Ардчилсан намын зүгээс Үндсэн хуулийн өөрчлөлтөд барьсан бодлого нь 2016 оноос хойш ард түмэнд огт таалагдаагүй. Түүнээс МАН сайндаа ч ялалт байгуулаагүй, тухайн үеийн АН арчаагүйгээсээ ялагдсан юм.

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганы индэр дээрээс өөрийгөө шүдгүй арслантай зүйрлэж байсан нь саяхан. Харин өнөөдөр Ерөнхий сайдад эрх мэдэл төвлөрөх боллоо.

-Шүдгүй арслан, шүдтэй арслангийн хоорондох ялгаа бол аливаа асуудлыг шийдэх тухай асуудал юм. Одоогийн Үндсэн Хууль бусад хуулиудын нөхцөлд бол Ерөнхийлөгч ч ялгаагүй, Ерөнхий сайд ч ялгаагүй шүдгүй арслангууд. Жинхэнэ бүхнийг мэдээд, бүхнийг шийддэг дураараа аашилдаг улсууд чинь УИХ болчихоод байна. Энэ бол миний ойлголтоор төрд гарсан “чүчель”-үүд юм л даа. Тэд бол эцэс сүүлд нь өөрийгөө ч, нийгмээ ч сүйрэлд хүргэх үр дагавар руу явж байгаагаа мэдэхгүй байна.Ерөнхий сайдын эрх мэдлийн хувьд Засгийн газрын гишүүдээ өөрөө шилж сонгох, өөрөө томилох эрхийг нь өгсөн.Ерөнхий сайд зөв хүнээ сонгоно гэдэг маш чухал түүнд ирсэн сорилт. Зөв хүн бэлдэх тогтолцоо Монгол Улсад гэхдээ байхгүй болсон. Шулуухан хэлэхэд, эрх мэдэл нь нэмэгдэх тусам У.Хүрэлсүх ч бай өөр хэн нэгэн ч бай албан тушаалдаа мөнх биш шүү дээ.

Хүрэлсүх сайдыг яаж ийж байгаад унагах сонирхол нам дотроо их бий болно. Магадгүй одоо ч гарч ирсэн байж магадгүй. Иймээс эрх мэдлийг хэтрүүлж өгч хорлох ажиллагаа ч явж байж болно гэж харж байна.

-“Авлигагүй нийгмийн төлөөх” АТГ-ын удирдлагыг Ерөнхий сайд томилохоор хуулинд өөрчлөлт орууллаа. Монгол Улс хараат бусаар цаашид авлигатай тэмцэж чадах уу?

-АТГ хууль сахиулах тогтолцооны маш чухал хэсэг. Энэ тогтолцоо үндсэндээ Ерөнхий сайдын мэдэлд шилжихээр юу болох вэ. Монгол Улсын сүүлийн хэдэн жилийн дүр зургийг харахад “Авлигын төв штаб” маань Засгийн газар, УИХ-д байдаг нь ил цагаан боллоо. Авлигачдын цөм нь тэнд л орогнож байна. Гэтэл дээрх “Авлигын төв штаб”-д АТГ харьяалагддаг болохоор хэрхэн хяналтаа тавих вэ дээ. Энэ гажуудлын тогтолцоо нь цаашид одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг дагуулаад тонгорно гэсэн зальт арга ч юм уу даа.

-Та Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар бол Монгол Улсыг хөгжүүлэх бодлогын хүн биш. Ч.Хүрэлбаатар бол зөвхөн гадныханд үйлчилдэг л хүн гэлээ. Нийгэмд түүнийг зээлийг зээлээр дарж байна гэсэн шүүмж өрнөдөг. Энэ үнэн юм уу?

-9,7 их наяд төгрөгийн өр дарлаа гэдэг. Өр дараагүй шүү дээ. Зээлийг зээлээр дарсан. Монголын өр 2016 оны эцэст 16 их наяд төгрөг байсан. Одоо гуч гаруй тэрбум ам.доллар болчихлоо.Энэ нь Монгол Улс ирээдүйгээ харийн ч юмуу, дотоодын ч юмуу мөнгө хүүлэгчдийн барьцаанд тавьж байгаа хэрэг. Энэ бол түүхэн талаасаа гэмт хэрэг шүү, Ч.Хүрэлбаатар аа! Зээл авч болно. Зээл аваад ашгаар нь зээлээ дараад ард түмэндээ тустай үйлс хийж болно. Энэ бол эрүүл зээл.

Одоогийн Сангийн сайдын баримталж байгаа бодлого бол Монголд маш хортой бодлого юм.“Хотгор шанага”-ын уурхайг гадныханд худалдсан хүн, авлигын хэрэгт ингэж холбогдсон гээд баримтууд нь дэлгэгдсээр байхад МАН-ынхан Сангийн сайдыг дэмжээд томилсон. Тэгэхээр УИХ-д олигархи бүлэглэл ямар хүчтэй байгааг харж байгаа биз дээ.

-Монгол Улсын төсөв сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд хэдэн арав дахин өссөн. Гэтэл ард түмний амьдрал 10 дахин ч өссөнгүй. Монголчууд бид хэдэн бүлэглэлд өртэй юм шиг амьдарсаар өнөөдрийг хүрлээ.

-30 жилээ болиод 20 жилийг ярья. 2001 онд төсөв 380 тэрбум төгрөг байлаа шүү дээ. Одоо 12 их наяд гэхээр 40 дахин өссөн байгаа биз. Энэ төсвийг яаж санхүүжүүлж ирэв гэхээр сүүлийн 20 жилд мөнгөний нийлүүлэлт 80 дахин өслөө. Эдийн засаг 10 дахин өссөн. Төр ямар бодлого явуулж байгаа нь эндээс харагдаж байгаа биз. Эдийн засгийн өсөлт ард түмэнд очиж наалддаггүйн учир нь уул уурхайгаас олж байгаа ашиг орлого чинь цөөхөн хүний халаасыг зузаатгаж байна. Ерөнхийлөгч сонгуульд орохдоо 30 хүний дарамтаас Монголыг чөлөөлнө гэж амласан. Ерөнхий сайд ч гэсэн 30 гэр бүлтэй тэмцэнэ гэж ярьдаг. Энэ 30 гэр бүл чинь Монголыг цөлмөсөн хэвээрээ байна.

-УИХ өөрөө өөрийгөө хянаж чадахаа больсон талаар та хөндсөн. УИХ маш чухал шийдвэрүүдийг хэлэлцэж байгаагийн нэг гол асуудал нь Шүүхийн тухай хууль. Шүүхийн асуудал 1990 оноос хойш хөлөө олохгүй догонцож явсаар ирлээ. Та УИХ-аар хэлэлцэж байгаа шүүхийн тухай хуулийн талаар дээр ярьсангүй өнгөрлөө.

-Шүүх засаглалын тухай хууль бол амьдралын хөшүүрэг. Одоогийн Их Хурлын баримталж байгаа Шүүхийн тухай хуулийн бодлого нь Монголын Шүүх засаглалыг бүрэн нураагаад төрийн байгууллагаас илүү олон нийтийн шинж чанартай болгож байна. Үнэхээр шүүх засаглал гэдэг монгол төрийн тулгуур багана юм бол төрийнхөө салаа мөчрийн нэгэн адил төрийн нэгдмэл бодлого сахилга бат, зохион байгуулалтын хүрээнд л байгуулагдах ёстой.

Гэтэл Шүүхийн зөвлөл байгуулах, хариуцлага сахилгын хороо байгуулахаас эхлээд олон нийтийн байгууллагаар явна гэдэг нь ОНБ-аас өөрцгүй боллоо гэсэн үг.Энэ бол ард түмэнд биш, харин авлигачдад хэрэгтэй. Өнгөрсөн жил л гэхэд Монголын нийгмийг цочроосон Оюу толгой, Эрдэнэт, ЖДҮ гээд олон асуудлууд бүгд шүүхээр шийдэгдээгүй. Ингэж явсаар хөөн хэлэлцэх хугацаа дууслаа гэдэг үндэслэлээр цагааддаг болчихлоо.

-Ерөнхийлөгчийн саналыг УИХ хүлээж аваагүй гэснээс Ерөнхийлөгчийн оруулсан санал бүр ээлж дараагаар унаж байна л даа. Яг энэ үед Ерөнхийлөгчийн хувьд “нэг сая төгрөгийг өрх бүрд олгоё. 200 мянган төгрөгийг бэлнээр өгч, 800 мянган төгрөгийг ваучер хэлбэрээр олгоё” гэж байгаа. Энэ санал дэмжигдэх санал уу. Эсвэл бүтэхгүй санал юм уу?

-Гурван сая хүнтэй Монгол орны хувьд асар их баялагтай. Төр засаг нь толгойгүй байх, олон толгойтой могой шиг байх санаархал бол гадна дотны олигархиуд, коллаборацистууд бий. Энэ чиглэлээр Монголын төрийг сулруулах оролдлого АН, МАН дотор ч байна. Энэ чиглэлээр Ерөнхийлөгчийн үүрэг ролийг үгүйсгэх оролдлого гарч байгаа гэж дүгнэхээр байгаа.

Сүүлийн үед Ерөнхийлөгч ямар ч асуудал оруулсан УИХ хүлээж авахгүй болчихжээ.Энэ нь эцэстээ Ерөнхийлөгчийн саналыг унагах, эсвэл дэмжих гэхээсээ илүүтэйгээр ард түмний хүсэл зориг, шаардлагыг унагаж байна гэж зарим асуудал дээр харагдаж байна. Хэрвээ Ерөнхийлөгч Х.Баттулга гэдэг өнцгөөр харж саналыг нь унагаж байгаа бол төрийн тэргүүнийхээ байр суурийг биш, ард түмнийхээ хүсэл зориг, санаа бодлыг үл тоомсорлож байгаа хэрэг. Жишээ нь, Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг УИХ дэмжээд баталсан бол МАН ард түмэнд шударга харагдах байсан шүү дээ.

-Засаглалын тогтолцооны тэнцвэр алдагдаж байна гэж зарим эрдэмтэн, судлаачид ярих боллоо. Жишээ нь, энэ ширээ дөрвөн хөлтэй байж тэнцвэртэй байх атал хоёр хөлтэй болж байгаатай зүйрлэж болох уу. Засаглалын тэнцвэр алдагдахад Монгол Улсын нийгэм эдийн засаг ирээдүйд Киргизийнх шиг улс төрийн хямрал руу орох болов уу?

-Монгол Улсын засаглалын тэнцвэр алдагдаж байгаа нь улс төрийн намууд биеэ худалдаж байгаатай л шууд холбоотой. Сүүлийн хэдэн сонгуулийг харахад улс төрийн намууд эрх мэдлээ худалддаг лангуу болоод хувирчихсан шүү дээ. Түүгээр дамжиж төрд шургалсан хувийн явцуу ашиг сонирхолтой хүмүүс төрийг өрөөсгөл, тахир дутуу байдалд хүргэлээ. Үүний хувь заяа ямар болох вэ гэдгийг таах гэж нэг их зовох хэрэггүй. Чиний хэлснээр, хоёр хөлтэй ширээ тогтож чадах уу, үгүй юү гэдгээр л бодох хэрэгтэй. Цаашдаа үргэлжилсэн замбараагүй байдал, нийгмийн сөргөлдөөнд хүрэх юм бол хөгжил дэвшлийн асуудал байхгүй болно. Өөрөө өөртэйгөө ноцолдсоор байгаад хүчээ барна. Бусдын идэш болно. Энэ бол бодитой ирээдүй.

-Та өмнө өгч байсан нэгэн ярилцлагадаа Оюу толгойн гэрээ бол эрх мэдэлтнүүдийн улсаа худалдсан шунал гэж хэлсэн байсан. Эх орныхоо байгалийн баялгийг ашиглуулаад өөрсдөө өртэй үлдэж байна гэж өөрийг тань хэлсэн Оюу толгойн гэрээний асуудлаар та ойрын үед хэвлэлд ярьсангүй.

-Оюу толгойн гэрээний анхны төслийг анх би 2005 оны нэгдүгээр сарын 5-нд олж аваад тэр үеийн Ерөнхий сайд, ҮАБЗ, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хандаж ийм ноцтой гэрээ хийж болохгүй ээ гэсэн. Монголд шударга ёс байна уу, төрөөс ард түмэндээ байнга зарлан тунхаглаж байгаа баялгийн шударга хуваарилалт байна уу гэдэг асуудал Оюу толгойн гэрээ хэрхэн шийдэгдэх дээр очиж үнэнд гүйцэгдэнэ. Монголчууд байгалийн баялгийнхаа эзэн сууж, монгол хүн энэхүү гэрээнийхээ төслийг хийгээч ээ гэж олон ч удаа сануулж байлаа. Түүнээс хойш би Оюу толгойн гэрээтэй холбоотой бүх асуудлыг өнөөдрийг хүртэл анхааралтай ажиглаж яваа хүн.Чоно борооноор гэгчээр 2009 онд батлагдсан Оюу толгойн гэрээг С.Батболд Ерөнхий сайд байх үедээ УИХ-аар оруулж баталсан. Харин гэрээг анх оруулж байсан Ерөнхий сайд С.Баяр тус гэрээг “Би толгойгоороо хариуцна. Нийт ашгийн 76 хувь нь Монголд ирнэ” гэж хэлж амлаж байсан бол гардан батлуулсан Ерөнхий сайд С.Батболд нийт ашгийн 59 хувь Монголд ирж бид хөгжиж цэцэглэнэ гэж ярьж байлаа. Оюу толгойн гэрээг шударга, шударга бус, сайн, муу гэж нийгэмд талцал үүсгэсэн нь анхнаасаа Риотинтогийн захиалгат тархи угаалт байсан юм. Оюу толгойн гэрээг “Эрдэнэт” үйлдвэртэй харьцуулахад л бүх зүйл тодорхой харагддаг. Эрдэнэт үйлдвэр нь Оюу толгойтой ижил флотацын технологитой. Гагцхүү “Эрдэнэт” үйлдвэрийн ашиглаж байгаа хүдрийн агуулга нь Оюу толгойнхоос 3-4 дахин бага.

Гэтэл Эрдэнэт үйлдвэр нь жилдээ төсөвт 1 их наяд төгрөг төвлөрүүлдэг байтал Оюу толгой нь алдагдалтай ажиллаж байгааг хэрхэн ойлгох вэ. “Би Оюу толгойн гэрээ хийсэн, сайхан гэрээ болсон” гэж ном бичиж, өөрсдөдөө алтан хөшөө босгодог улстөрчид хүртэл Монголд байна. Шулуухан хэлэхэд, Оюу толгойн гэрээ гэдэг бол Монголын төрийн эрх мэдэлтнүүдийн шуналын бүх төрлийн нян цугларсан бохирын сав мөн. Ямар төрлийн шуналын нян байж болох тэр бүхэн тэнд цуглачихсан. Оюу толгой дөнгөж ажиллаж эхэлж байхад монгол төрийн гурван сайд ороод 2 тэрбум 130 сая ам.долларын зөрчилтэй байна гээд илрүүлсэн атал үүний ул мөрөөр ямар ч ажил хийгдээгүй. Эрх мэдэлтнүүд “Рио Тинто”-д байгалийн баялгийнхаа бүх нөөцийг эзэмшүүлэн тэр нь гадны банкны барьцаанд “Дубайн төлөвлөгөө” гэгчээр тавигдаж, ард нь Монголын ард түмэн бид өртэй үлдэж байна. Энэ асуудлыг Оюу толгойнхон нь ч биш харин тухайн үеийн Монголын төр, Засгийн газар, УИХ нь хүлээж аваагүй байдаг.

Оюу толгойн гэрээ бол эрх мэдэлтнүүд хуйвалдаж, улсаа худалдаж, нийгэм, үндэсний эрх ашгаасаа урвасан үйлдэл. Хээл хахуульд гүн гүнзгий живсэн нь Монгол Улс Оюу толгойн гэрээг батлуулах үндсэн эх сурвалж нь болсон.Энэ талаар олон баримтууд дурдаж болно, одоо ч олон баримтууд гарч ирсээр байна.

Тухайлбал, Английн Шүүхээр шийдвэрлэж байгаа ноцтой баримтууд нь Нью-Йоркийн Шүүхийн цахим санд тавигдсан байна лээ. Цахим сан руу нь хэн ч орж мэдээлэл авч, уншиж болохоор байна. Английн Дээд Шүүхийн шүүгч Марк Пеллингийн гаргасан шийдвэрүүд болон холбогдох баримтууд гарсан байгаа.Би Оюу толгойн асуудлыг эхнээс нь анхааралтай ажиглаж байгаа хүний хувьд хэл устай хүүхдүүдтэйгээ хамт орж мэдээллийг нь нягтлан олон удаа уншиж танилцсаны эцэст гайхаад сууж байна. Үнэхээр төрсөн нутаг, газар шороо, ард түмнээ Оюу толгойн гэрээг гардан гүйцэтгэсэн улстөрчид мөнгөөр арилжсан нь харагдана, харуусал ч төрнө. Өнөөдөр хүн бүхэн хүсвэл гадаад ертөнцтэй холбогдож, хүссэн мэдээллээ авч чаддаг болсон цаг үе шүү дээ. Одоо ч гадаад хэлгүй хүн ховор болсон байна.

Иймээс эх оронч сэтгэлтэй хүн Нью-Йоркийн Шүүхийн цахим сан руу ороод үзвэл миний хэлсэн “Оюу толгойн гэрээ бол Монголын төрийн эрх мэдэлтнүүдийн шуналын бүх төрлийн нян цугларсан бохирын сав мөн” гэдэг өгүүлбэрийг сайн ойлгох болно.

-Оюу толгойн гэрээ ашиг өгөх биш өрөнд оруулж, хөгжилд ард түмнээ хүргэх биш мухардал руу хөтөлчихлөө. Бидэнд энэ мухардлаас гарах ямар гаргалгаа байна вэ?

-Ер нь Монгол орон өөрийн үндэсний эрх ашгийг хамгаалсан эрх зүйн харилцаанд орох чадварын талаас нь авч үзвэл, гэрээг шууд өөрчлөх хэрэгтэй. Гэхдээ ТУЗ-д манай улсын Ерөнхийлөгч байсан хүн хүртэл очоод орчихсон тохиолдолд өнөөдрийг хүртэл бэхэжсэн энэ ноцтой асуудлыг шийдэхэд туйлын ярвигтай.Гэхдээ боловсролтой, эх орноо гэсэн сэтгэлтэй улсууд асуудлыг тал талаас нь нарийн судалж олон улсын хараат бус арбитрийн дүгнэлт өгөх байгууллагуудыг түшиглэж ажиллавал гэрээг сайжруулж боломж бийг мартаж болохгүй. Харин одоогийн УИХнь Засгийн газарт үүрэг өгсөн шиг наян хэдэн зүйлийн өөрчлөлт оруулъя гээд тунхаг гаргачихаад үр дүнгүй асуудлыг аргацааж гацаасан энэ байдлаараа яваад байвал Риогийнхон, Оюу толгойнхон жилийн нэг өөрчлөлт ярьсаар манай улсыг цөлмөөд гарна. Асуудлыг үндэсний эрх ашгийн үүднээс харвал түргэн шийдэх боломж бий. Жишээ нь, зовлон тоочиж суухын оронд Оюу толгойгоос гаргасан баяжмалаар Монголдоо зэс үйлдвэрлэх боломжтой. Зөвхөн зэс биш, алт мөнгө, молибден болон бусад ховор элементийн тухай асуудал энд сөхөгдөнө. Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ одоо нэг тонн нь 8120 ам.долларт хүрлээ. Гэтэл Оюу толгой болон Эрдэнэт үйлдвэр дээр хийсэн тооцоогоор Монголд 1 тонн зэс хайлуулахад гарах өөрийн өртөг нь 3300-3350 ам.доллар байна. Үүнээс харахад, хэдий хэмжээний ашиг гарах нь тодорхой. Гэтэл Оюу толгойн гэрээгээр ашгаа гадагш нь зөөгөөд гаргачихдаг, өртөг, зардлыг нь монголчууд мэддэггүй учраас Монголын тал алдагдалтай үлдэж байна даа. Одоо гол түлхүүр бол Ерөнхийлөгчийн гарт байна гэж би харж байна. ҮАБЗ-ийн гишүүдийн байр суурийг нэгтгэн, асуудалд үнэлэлт дүгнэлт өгөөд, Монголдоо цаашид гэрээ хэлцэл байгуулах хяналттай, үр ашигтай тал дээр шийдвэр гаргах хэрэгтэй. Энэ бол ард түмний хүлээлт юм шүү.

-Өөрөөр хэлбэл, та Оюу толгойн гэрээний асуудал дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гарц олох ёстой гэж хэлж байна уу?

-Энэ бол миний хүлээлт биш Монголын ард түмний хүлээлт юм. Оюу толгойтой холбоотой материал нэр бүхий улстөрчидтэй холбогдож дэлхий нийтийг шуугиулж байхад Монгол Улсын төрийн тэргүүн энэ асуудал дээр дуугарах нь улс эх орныхоо нийтлэг эрх ашгийн өмнөөс Ерөнхийлөгчийн хийх ёстой ажил бас ард түмнээс түүнд өгсөн үүрэг юм.

-Оюу толгойн гэрээг байгуулахгүй бол өдөр тутам ам.доллар алдаж байна гэж улстөрчид ярьж байсныг санаж байна. Гэтэл энэ гэрээ ийнхүү олон улсад сөхөгдөж, эцэст нь Монголын ард түмэн хохирч байгаад хэн хариуцлага хүлээх ёстой вэ?

-Монгол төр энэ асуудал дээр цэг тавих ёстой. Рио тинто буюу үндэстэн дамнасан корпораци болох энэ араатнуудын явсан газар бүр цусан мөртэй байдаг. Зарим улс оронд үлдээсэн мөрийг харахад дотоод тэмцэл талцлыг бий болгож, улсыг нь цөлмөсөн түүхийн мөр арилаагүй. Баялгаа хүнд өгөөд өөрөө өртэй үлддэг мухардал руу Монгол Улс нэгэнт орчихлоо. Тухайн үед төрийн эрх мэдлийг барьж байсан эрх мэдэлтнүүд шуналаасаа болж улс орноо ийм нөхцөлд орууллаа.Өмнө нь төрийн тэргүүн байсан хүн хүртэл хэдэн мянган ам.долларын цалин аваад сууж байх жишээний. Дараагийн шинэ залгамжлагчид нь ийм замаар явж мөнгө олохсон гэдэг хүсэлтэй болчихсон. Энэ бол Монголын түүхэнд гашуун сургамж болон үлдэнэ.

-Улс төрийн ашиг сонирхлоор нэгдсэн бүлэглэл ард нь байгаа Оюу толгойн гэрээний асуудал утас мэт хөвөрсөөр хэзээ төгсгөх нь таашгүй. Илт хохиролтой энэ гэрээг шийдвэрлэж чадах эх орноо гэсэн чин сэтгэл, чадвар чадамж өнөөгийн эрх барьж буй нам, улстөрчдөд байна уу?

-Төр өөрөө ийм асуудлыг зөв шийдэх механизм тогтолцоогоо бий болгох шаардлагатай. Гэрээ хэлцэл хийхэд субьект, зөвлөгөө өгөх, хяналт тавих, өндөр мэргэжлийн бүтэцтэй байх хэрэгтэй. Энэ механизм Монголд байхгүй. Нэг хавтас сугавчилсан захиалгатай нөхөр очоод гэрээ хийгээд ирдэг, тэнд ямар яриа өрнөж, үйл явц хэрхэн өрнөснийг ард түмэн мэддэггүй.Гагцхүү саяхан шүүхээр нотлогдсон баримтууд ид гарч ирснээр ард иргэд энэ асуудалд анхаарах шинжтэй болж байгаа ч Монголын төр, эрх баригчид энэ асуудал дээр огт хөдлөхгүй байна. Энэ ноцтой асуудлыг хөдөлгөх хүч, хүсэл сонирхол өнөөдрийн эрх баригчдад огт алга.

-Өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн цаг хугацааны нугалаанд шударга ёс байсан уу, одоо шударга ёс байна уу, ирээдүйд байх уу?

-Шударга ёс гэдэг бол хүн төрөлхтний амьдралын үндсэн зарчим. Шударга ёс алдагдсан аль ч түүхэн үе, аль ч нийгэмд сайхан амьдрал ирэхгүй. Шударга ёсны асуудал төрийн чанарыг үнэлэхэд, төрийн үйл ажиллагааг үнэлэхэд гол шалгуур болдог.

Монголын өнөөгийн нийгмийн нэг эмгэнэл нь шударга ёс алдагдаж, эрх мэдэлтнүүдэд хууль үйлчлэхгүй, эрх мэдэлтнүүд өөрсдийгөө хамгаалах хуулийг батлан гаргадаг болсонд оршино. Шударга ёс гэдэг бол хуулийн чанарын агуулгыг батлах шалгуур юм шүү дээ. Шударга ёсыг бий болгохын төлөө Үндсэн хууль болон бусад хуулиа гаргах ёстой ч одоогийн хулгайчид өөрсдийгөө хамгаалах гэж хууль баталж байна.

-Төрийн дээр ард түмэн байна уу, нам байна уу?

-Төрийн дээр нам, намын дээр луйварчид олигархиуд байна. Тэр намууд олигархиудын гарт байгаа цагт Монгол Улс маань өөдлөхгүй дээ. Үзэл баримтлалгүй намууд гэдэг бол нийгмийн дээрэмчид хулгайчид гэсэн үг.

-Нээлттэй ярилцсан Танд баярлалаа.

Categories
мэдээ спорт

“Доха Мастерс”-ыг зорьсон шигшээ баг 69 орноос 13 дугаар байрт шалгарлаа

A Great Opening of the 2021 Season / IJF.org

Олон улсын жүдо бөхийн холбооны дэлхийн цувралын энэ оны анхны тэмцээн “Doha-2021 World Masters” Катарын Доха хотноо энэ сарын 11-13-ны өдрүүдэд боллоо.

Жин тус бүрийн дэлхийн чансааны эхний 32-д эрэмбэлэгддэг шилдэг жүдочид оролцсон тус тэмцээнд 69 орны эрэгтэй 215, эмэгтэй 182 нийт 397 жүдоч өрсөлдсөн. Үүнд манай улс эрэгтэй 10, эмэгтэй 6 тамирчин, 3 дасгалжуулагч гэсэн бүрэлдэхүүнтэй оролцов.

Эмэгтэйчүүдийн -48кг жинд МУГТ М.Уранцэцэг хүрэл, эрэгтэйчүүдийн -66кг жинд ОУХМ Г.Хэрлэн шагналт 5 дугаар байр, эрэгтэйчүүдийн -66кг жинд ОУХМ Ё.Басхүү 7 дугаар байр, эрэгтэйчүүдийн -90кг жинд ОУХМ Г.Алтанбагана 7 дугаар байрт тус тус шалгарч 69 орноос амжилтаараа 13 дугаар байрт шалгарлаа.

Тэмцээнийг 5 алт, 1 мөнгө, 1 хүрэл медальтайгаар Франц улс тэргүүлсэн бол Өмнөд Солонгос, Япон, Гүрж улсууд удаалав.

Шигшээ багийн дасгалжуулагч:

  • Монгол улсын гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч Х. Болдбаатар,
  • ОУХМ П.Нямлхагва,
  • ОУХМ Ч. Болдбаатар

Эрэгтэй тамирчид:

  • -60кг МУГТ Д.Амартүвшин /ДАШТ-ий мөнгөн медальт/
  • -60кг ОУХМ Л.Өнөболд /Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт/
  • -66кг ОУХМ Г.Хэрлэн /World Masters-ийн алт, мөнгөн медальт/
  • -66кг ОУХМ Ё.Басхүү /World Masters-ийн хүрэл медальт/
  • -73кг ОУХМ Ц.Цогтбаатар /Ази, номхон далайн орнуудын аварга, “Их дуулга” тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт/
  • -73кг МУГТ Г.Одбаяр /ДАШТ-ий хүрэл медальт, багийн ДАШТ-ий хүрэл медальт/
  • -81кг С.Моллай /ДАШТ-ий алт, хүрэл медальт/
  • -81кг ОУХМ О.Ууганбаатар /Их дуулга тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт/
  • -90кг ОУХМ Г.Алтанбагана /Армийн дэлхийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт/
  • +100кг ОУХМ Ө.Дүүрэнбаяр /ДАШТ-ий хүрэл медальт/

Эмэгтэй тамирчид:

  • -48кг МУГТ М.Уранцэцэг /ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт/
  • -48кг ОУХМ Г.Наранцэцэг /World Masters-ийн мөнгөн медальт/
  • -52кг ОУХМ Л.Сосорбарам /Залуучуудын олимпын мөнгө, залуучуудын дэлхийн аварга/
  • -52кг ОУХМ Б.Хорлоодой /Дюссельдорфын Гранд Слам тэмцээний хүрэл медальт/
  • -57кг МУХБ, МУГТ Д.Сумъяа /Олимпын мөнгө, ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт/
  • -63кг ОУХМ Б.Ганхайч /Гранд Слам тэмцээний хүрэл медальт/

“Мастерс”-ийн урилга ирсэн тамирчдаас -100 кг-ын жинд ОУХМ Л.Отгонбаатар оролцох байсан ч бэртлийн улмаас Катарыг зориогүй юм.

Сүүлийн Мастерс тэмцээн БНХАУ-ын Чиндао хотноо 2019 оны 12 сард болоход манай тамирчид 2 мөнгө /Г.Наранцэцэг, Г.Хэрлэн/, 1 хүрэл медаль /Ё.Басхүү/ хүртэж байжээ. “Doha-2021” World Masters тэмцээнд түрүүлсэн жүдоч 1800 оноо, мөнгөн медаль 1260, хүрэл медальтан 900 оноогоор чансаагаа ахиулна.

ХӨСҮТ-ийн зааварчилгааны дагуу Ковид-19-ийн 2 удаагийн шинжилгээгээ өгөөд 8-нд явсан баг тамирчид маргааш эх орондоо хүрэлцэн ирнэ. Тэд 14 хоногийн тусгаарлалт, 7 хоногийн гэрийн тусгарлалтанд ороод олон улсын “Найрамдал” зусланд гарсан шигшээ багийн тамирчидтай нийлж үндэсний шигшээ багийн нэгдсэн бэлтгэлд хамрагдах юм.

Categories
мэдээ улс-төр

П.Анужин: Иргэний танхимаар маргаанаа шийдүүлж чадахгүй иргэд 1.5 жил хүлээж байгаа гомдол их байна

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд Шүүхийн тухай багц хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцлүүлгийг хийж буй. Төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авч байна.

УИХ-ын гишүүн П.Анужин “Одоо хэлэлцэж байгаа хуулиас шүүхийн тогтолцоонд ахиц гарах юм байна гэж ойлгож байна. Гэхдээ шүүхэд систем гэхээсээ илүү хүний асуудал бий. Амьдрал дээр иргэд маргаанаа шийдүүлж чадахгүй цаг хугацаагаар хохирч байна. Статистикаас харахад, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхим бусад танхимаасаа гурав дахин ачаалалтай ажилладаг юм байна. Иргэний танхимаар маргаанаа шийдүүлж чадахгүй иргэд 1.5 жил хүлээж байгаа гомдол их байна. Энэ асуудал сайжрах уу, энэ тухай хуульд тусгасан уу” гэв.

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ-т гэр бүлийн хүчирхийллийн 177 дуудлага иржээ

Цагдаагийн байгууллагын 102 дугаарт өчигдөр /2020.01.13/ нийт 1913 гомдол, мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага 1536 байсан бол гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 177 байжээ. Мөн хулгайлах гэмт хэрэг 21, гэмт хэргийн шинжтэй 73 үйлдэл бүртгэгдсэн аж.

Согтуугаар автомашин жолоодсон 55, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан, танхайрсан 163, хүний биед халдсан 105, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 122 тохиолдол өнгөрсөн 24 цагийн хугацаанд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Мөн 275 хүн эрүүлжүүлэгдэж, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн 164 тохиолдол гарчээ.

Тэгвэл 2020 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр цагдаагийн байгууллагад нийт 1947 гомдол мэдээлэл бүртгэгдсэнээс гэр бүлийн хүчирхийллийн 140, согтуугаар машин жолоодсон 59, олон нийтийн газар танхайрсан 159, эрүүлжүүлэгдсэн 320, хүний биед халдсан 71 тохиолдол бүртгэгдэж байжээ. Гэтэл нэгдүгээр сарын 11-ээс эхлэн Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжихээс өмнө буюу нэгдүгээр сарын 10-нд гэр бүлийн хүчирхийллийн 88 тохиолдол, согтуугаар машин жолоодсон 38 тохиолдол, эрүүлжүүлэгдсэн хүний тоо 86 байжээ. Үүнээс харахад хөл хорионы дэглэм буурахаас өмнө гэр бүлийн хүчирхийллийн 88 тохиолдол бүртгэгдэж байсан бол өчигдөр л гэхэд 177 тохиолдол болж хоёр дахин нэмэгджээ.

Categories
мэдээ улс-төр

Г.Занданшатар: 32 жил ажилласан шүүгч нэмэгдэлтэйгээ 5.2 сая төгрөгийн цалин авч байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр хуулийн төсөлд шүүгч нарын цалин болон нэмэгдлийн талаар хэрхэн тусгасан болохыг гишүүд тодрууллаа.

Хууль зүйн байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Шүүгчдийн цалинтай холбоотой онцгой нөхцөлийн, зэрэг дэв, ажилласан жилийн нэмэгдлүүд орж ирсэн. Ажлын хэсэг зэрэг дэвийн нэмэгдлийг хассан. Учир нь шүүгч нарыг ялгаварлах нөхцөл болно гэж үзсэн. Үлдсэн нэмэгдлүүдийг олгох, онцгой нөхцлийн нэмэгдлийг 25 байсныг 40 хувь болгох заалтыг байнгын хороо өчигдөр дэмжсэн. Нийгэмд шүүгчдийн цалинтай холбоотой ташаа ойлголт байгаа тул цалингийн нэмэгдлүүдийг хэлэлцсэн. Одоогийн байдлаар анхан шатны 2.2 сая, давах шатных 3 сая орчим, дээд болон хяналтын шатны шүүгч нарын цалин 4 сая орчим төгрөгийн цалин авдаг юм билээ. Ийм байхад хэт өндөр 7-8 сая төгрөгийн цалинтэй гэсэн ойлголт байна” гэсэн юм.

Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар байнгын хорооны хуралдааны үеэр хамгийн олон жил буюу 32 жил ажиллаж байгаа шүүгч үндсэн цалин 4.2 сая, нэмэгдэлтэйгээ 5.2 сая төгрөгийн цалин авч байна гэсэн мэдээллийг өгсөн болохыг хэллээ.