ОХУ-ын нийслэл Москва хотын дарга Сергей Собянин хотын сургуулиудын бүх ангийн сурагчдыг нэгдүгээр сарын 18-наас танхимаар хичээллүүлэх захирамж гаргажээ. “Хүүхдүүд гэртээ суухаас залхаж байна. Гэхдээ сургуулийн сурагчдын дунд өвчлөл нэмэгдэх эрсдэл өндөр хэвээр байна. Тиймээс сургуулиуд халдвар хамгааллыг журмыг чанд мөрдөх ёстой” гэж Собянин мэдэгдсэн байна.
Танхимаар хичээллэх болсонтой холбоотойгоор сургуулийн хүүхдүүдэд зориулсан тээврийн хэрэгслийн картыг сэргээхээр болжээ. Хэрвээ сурагчдын нэг нь л өвдвөл тухайн ангийг түр хугацаагаар алсын зайн сургалтад шилжүүлнэ.
Москвад хэрэгжиж буй бусад хязгаарлалтыг хотын дарга нэгдүгээр сарын 21 хүртэл сунгажээ. Энэ хугацаанд Москвагийн их, дээд сургууль, коллеж, спортын сургууль болон боловсролын бусад байгууллагууд сургалтаа цахимаар явуулна эсвэл амрах аж. Москва коронавирусний халдварын тохиолдлын тоогоор улсдаа нэгдүгээрт орж байгаа юм. Оросын нийслэлд нийт 871 535 хүн халдвар авч, 715 438 хүн эдгэрсэн бол 12 173 хүн нас баржээ.