Categories
мэдээ нийгэм

“Коронатай дайтсан нь” гэдэг эмгэнэлт жүжиг

-ЕРӨНХИЙ НАЙРУУЛАГЧ У.ХҮРЭЛСҮХ, НАЙРУУЛАГЧ Я.СОДБААТАР, Ч.ХҮРЭЛБААТАР,Т.МӨНХСАЙХАН ГОЛ ДҮРҮҮДЭД…?!-

Г.ЖАМЬЯН (МУСГЗ)

Бүтэн жил, “гэрийн хорионд” сууж байхдаа ийм эмгэнэлт жүжиг үзнэ гэж даанч бодоогүй юмсан. Энэ аюулт цар тахлыг ч манайхан дор нь дараад авна даа гэж итгэж байлаа. Энэ итгэлийг Ө.Энхтүвшин, Д.Сарангэрэл, Нямхүү… нар өгч байсан юм. Эрүүл мэнд, Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, хил гааль цагдаа хүчнийхэн, сэтгүүлчид… бүгд нэг хүн шиг сэтгэл зүтгэлээр хандан цар тахлыг хазаарлан барьж, дотооддоо нэг ч халдвар гаргалгүй, ганц ч хүн үхүүлэлгүй бүтэн арван сарыг үдэж билээ. Энэ баатарлаг үйлстнээрээ бид бахархаж байсан. Дэлхий гайхаж, дээд тэнгэр хүртэл нар хураараа ивээж байсан. Цөөн хэдэн эрх мэдэлтэн мөнгийг нь авч халаасалчихаад “мөрөөрөө үх” гэсэн шиг муухай царайлж байхад манай ард түмэн гутраагүй, шантраагүй, шийдвэр бүхнийг нь дагаж байснаас ганц ч иргэнээ энэ аюулт тахлаар алдаагүй юмсан. Дуулгавартай, ухаалаг ард түмэн гэдгээ энд л харуулж байсан.

Сонгуулийн “солио” хөдөлсөн. АНУ-ын хар машин хувь заяаг шийдэх болсон. Бүх мөнгө тийшээ урссан. Одоо ч тийшээ урсаж байгаа. Ерөнхийлөгчийн сонгууль гэж ер бусын “зодоон” болно гээд ам дамжсан яриа аль хэдийнэ хүчээ авсан. Америк нөхөртэй монгол эмэгтэй анх түрүү Ерөнхийлөгчид өрсөлдөх санаатайгаа интернэтээр цацлаа. Бидний эрүүл мэнд, амь нас ч хамаагүй болж. Нам,сонгууль, хар машин л “шүтээн” болж байх шиг байна.

Уул нь, энэ коронавирус гэх цар тахлыг хүйтэн сэрүүний улирал эхлэхтэй зэрэг уг үндэсгүй дараад авах бүрэн боломж байсан гэж манайхан үздэг. Эрх мэдэлтнүүд дэндүү назгайрсан, мөнгө хөрөнгөө ард түмнээсээ харамласан, судалгаа дүгнэлт хийгээгүй гэж олон түмний буруутгаж байгааг би хувьдаа хүлээн зөвшөөрдөг. Тэр дундаа Улаанбаатарыг тэр чигтээ гаргуунд нь гаргасан. Бусад аймаг хотуудад гарсан халдварыг яаж түргэн дарж авав?! Хариуцаж, удирдаж байгаа хүнээс л болж байна. УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийн дараа коронавирустэй гардан “тулалдаж” байсан бүх удирдлагыг өөрчилсөн. Эрх баригчдын өмөг түшиг болсон хүмүүсийг гаргаж ирсэн. Эндээс л корона гэдэг “эмгэнэлт жүжиг” эхэлсэн дээ. Би хэдэн баримт авъя.

Нэгдүгээрт: Цар тахалтай улаан гараараа тулалдаж, туршлага суусан хүмүүс, тухайлбал Засгийн газрын шадар сайд Ө.Энхтүвшинг халаад У.Хүрэлсүх өөрийнхөө баруун гарын найз гэгддэг, ЖДҮ-гийн хамсаатан Я.Содбаатарыг шадар сайд бөгөөд УОК-ын даргаар томилж байгаа юм. Энэ хүн цар тахал гэдгийг мэддэг ч юмуу, үгүй ч юмуу бүү мэд. Сайд байгаад огцорсон, сайнгүй л нэр хүндтэй хүнийг аваачаад залчихсан. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг чөлөөлөөд олон түмэн огт мэдэхгүй нэг залууг сайд болгож байгаа юм. Т.Мөнхсайхан, сайн залуу байж болно оо. Хамгийн гол нь энэ хүнд үед гол яамаа туршлагатай эрдэмтэн мэргэд, нэр хүндтэй вируслогчидоороо удирдуулж болно шүү дээ. Манай улсад, Монголдоо төдийгүй олон улсад танигдсан, шүтэгдсэн вирус судлаачид, нэртэй эмч нар олон байна. Тэднээсээ сайд болгож яагаад болоогүй юм? Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Нямхүүг халах гэж мөн ч их оролдлоо доо. Хувь заяа нь яаж эргэхийг бүү мэд. ОБЕГ-ын дарга, хотын дарга, ер нь бүгдийг л өөрчиллөө. Энэ өөрчлөлтүүдийг харахад дандаа л хувийн эрх ашгийг хөндсөн, улс эх орны эрх ашгийг гаргуунд нь хаясан байдал ажиглагдаад байгаа юм. Арван сар, нойр хоолоо мартан цар тахалтай “ноцолдсон” хүмүүсээ зайлуулаад юу болов? Коронавирусийн халдвар Монголд мянга хол давлаа. Гуравхан сая хүнтэй Монголыг бусад улс оронтой харьцуулбал аймаар тоо шүү. Халдварыг дотооддоо алдаж хичнээн ч аймаг, хотыг хамрав даа? Хэд хэдэн хүн нас барлаа. Гамшгийн үеийн бүх нийтийн бэлэн байдлыг сунгаад л байгаа.

Хоёрдугаарт: Засгийн газар, Монголбанк “мөнгөгүй” гэж гүрийсэн хэвээрээ л байна. Ард түмэндээ хэлдэг үг нь энэ. Цаанаа ямар байгаа билээ. Монголбанкинд зөвхөн валютын нөөц 4,5 тэрбум ам, доллар байгаа гэж зарлагдаад байгаа. Төвийн банкны тэр том танхим дүүрэн алт хураачихсан.Миний сонссоноор бол энэ их нөөц хөрөнгийг байгалийн гамшиг сүйрлийн үед хэрэглэхээр нөөцөлдөг юм гэсэн. Тэгвэл одоо л ид хэрэглэхээр үе нь болоод байгаа юм биш үү?! Дэлхийн улс орнууд хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө яаж анхаарал тавьж байна гээ. АНУ, Хятад мэтийн олон улс гүрэн хүн арддаа бэлэн мөнгө тараалаа. Д.Трамп одоо АНУ-ын бүх иргэддээ 2000 ам.доллар тараая гэж уриалаад байгаа. Бразил баячуудаасаа асар өндөр татвар хураамж авлаа. Ер нь улс болгон л ийм шийдвэртэй арга хэмжээ авч байх юм. Тэгтэл манай эрх баригчид ард түмнээ харж хандсан жүжиг тоглож байгаа. Ерөнхий сайдын, биднийхээ төлөө авч байгаа 23 арга хэмжээ гэгчээс одоо болтол хэрэгжсэн зүйл байна уу?! Бараг үгүй дээ. Зүгээр л телевизээр жүжиг дэглэж ард түмнийхээ амыг хаагаад байгаа. Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Бүх хүндээ нэг сая төгрөг бэлнээр олгоё” гэлээ. МАН, Засгийн газрын удирдлага зөвшөөрсөнгүй. Олон нийтийн саналаар бол дундаас доош орлоготой бүх өрхөд 3-5 сая төгрөг, тун боломжгүй бол 2-3 ся төгрөг бэлнээр тарааж хөл хорионы хүнд байдалд орсон иргэддээ нэг удаа тусалъя гэлээ. Мөн л МАН, Засгийн газар чихгүй юм шиг таг чиг! “Дэлхийн хүн амыг цөөлөх” бодлогыг чинь манай эрх баригчид битүүхэндээ дэмжээд байгаа юм биш үү! Хүмүүс бухимдаж байна.

Гуравдугаарт: Ерөнхий сайдын амласан амлалтын нэг гол зүйл нь жижиг дунд үйлдвэр эрхлэгчид хувийн хөдөлмөр эрхлэгчдээ дэмжих явдал байсан. Бас л “жүжиг” тоглоод өнгөрлөө. Импортын чухал хэрэгцээтэй зүйл оруулж байгаа 39 аж ахуйн нэгжийг хил гааль, НӨАТ-ын татвараас чөлөөлөх шийдвэр гаргасан. Түүгээр жирийн үйлдвэрлэгчдэд, нийт ард түмэнд нялзаж байгаа зүйл бий юу? Би л олж харахгүй байгаа. Татвараас чөлөөлөгдсөн аж ахуйн нэгжүүд гол нь цалин хангамжаа нэмээд, бүтээгдэхүүнийхээ үнийг хямдруулаад эхлэх байх гэж харж байсан. Ядарсан ард түмэнд нялзсан юм огт алга. Хүмүүсийн дам яриагаар бол “татвараас чөлөөлөгдсөн тэр аж ахуйн нэгж, пүүс компаниуд чинь дарга сайд нарын хамааралтай, тэднийг л дэмжсэн санаачилга байхгүй юу. Ард түмэнд бол ямар ч нэмэргүй” гэх юм. Ортой ч байж магадгүй. Би л хувьд үнээ бууруулсан, үгүйдээ нэмэлгүй хатуу барьж байгаа компаниудыг одоо болтол олж харахгүй л байгаа юм. Жирийн ажилчдын цалин орлогыг нэмэх ч бүр орхигдсон. Татвараас чөлөөлөгдсөн аж ахуйн нэгж, пүүс компаниудыг хэний хамаарлын, хэн гэгч эзэнтэй, ямар хөнгөлөлт эдлээд, жирийн иргэдийн төлөө юу хийснийг нь шалгадаг хянадаг газар байвал, нэг нарийн үзэхэд илүүдэхгүй л болов уу.

Дөрөвдүгээрт: Гамшгийн үеийн бэлэн байдлын зэргийг сунгаж, сулруулж байгаа нь зүгээр л жүжиг! Иргэдийн 80 хувийн “сулруул” гэсэн саналаар гэнэ. Худлаа шүү дээ. Хөгшчүүл, хүүхэдтэй эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг “гэрээсээ гарч болохгүй” гээд бараг бүтэн жил хорьчихсон. Тэгсэн чинь залуучууд, архичдыг болохоор сул чөлөөтэй, толгойг нь илээд явуулаад байгаа. Их нарийн аргатай. Телевиз, интернэтээр “архи хориглосноос болж хайран хүмүүс амь насаа алдлаа. Хортой архи уугаад дөрвөн хүн нас барж гэнэ” гээд л шуугиулж, бараг л гашуудал зарлаж байгаа. Энэ чинь өнөөх л архи үйлдвэрлэгчид, борлуулагчдын арга шүү дээ. Архинд дуртайд нь архи, мөнгөнд дуртайд нь мөнгө өгдөг байлгүй. Тэгээд та нар хараарай. Хоёр гуравхан тоо харахад л бүгд ойлгогдоно. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хоногт 70-120 хүн л эрүүлжүүлэгддэг байж. Энэ бэлэн байдлыг сулруулсан аравдугаар сарын 20-нд ганц хоногт 540 хүн эрүүлжүүлэгдэж байгаа юм. Хэд хоногийн дараа өндөржүүлсэн бэлэн байдлыг чангатгаж гамшгийн үеийн бүх нийтийн бэлэн байдал зарласан. Тэгэхэд бүх хорио цээрийг чангатгасан хэрнээ, ганцхан архи, вино, пиво хориглолгүй хэвээр нь үлдээсэн. Хотын удирдлагуудын саналыг засгийн газар, УОК дэмжиж байгаа нь тэр юм гэнэлээ. Энэ тухай дарга нар ам ангайх ч дургүй байгаа. Ингээд Улаанбаатар хот шинэ жилийн өмнө тэр аяараа “мансуурах”шиг болсон. Засгийн газар, УОК-ын хуралдаанууд болсон 12 дугаар сарын 4-нд гэхэд 327 хүн эрүүлжүүлэгдэж, 81 хүн согтуугаар машин жолоодон арга хэмжээ авагдсан байна билээ. Сайндаа л хэдэн төгрөгөөр торгоод өнгөрч байгаа л даа. Ийм байхад “коронавирусийг дарна” гэж ямар ч бэлэн байдал зарлаад яах юм?! Энэ өвчний гаралт чинь архитай шууд холбоотой, хаана нийлж архиднав, зугаалж цэнгэнэв, тэнд л голомтлон гарч байгаа. У.Хүрэлсүхийн найруулсан “жүжгийн”гол эмгэнэл эндээ байгаа юм. Шинэ жилийн өмнө зориуд Улаанбаатарыг архинд живүүлсэн хүмүүст арга хэмжээ байхгүй юу? Архи үйлдвэрлэдэг, борлуулдаг найз нөхдийгөө ивээн тэтгэж, Улаанбаатарыг архин далайд живүүлчихээд цар тахалтай тэмцэж байгаа худлаа дүр бүү эсгэ лдээ.

Тавдугаарт: Наад “жүжиг”-ийн чинь оргил хэсэг нь өндөр зардалтайгаар хүмүүсээ гадаадаас татаж авах, онгоцоор хориотой бараа, тухайлбал тамхи тээвэрлэхэд байгаа юм. Монголчуудын тал хувь нь гадаадад байдаг юм байна. Жилийн дотор хичнээн ч мянган хүн ирэв дээ! Ирж очиход учир их байна. Нутгаа, гэр орноо гэлгүй яахав. Хэнчиг л нутаг орноодоо тэмүүлнэ. Гэхдээ, БНСУ-д сурдаг нэг залуу телевизээр: “Эрсдэл тээж, эх орондоо очмооргүй байна”гэж тун үнэн ярьсансан. Энэ бол бодууштай үг шүү. Хилээр орж ирсэн бараг бүх онгоц, машинаас коронавирус илэрч байна. Хамгийн сүүлд гэхэд Улаанбаатар-Франкфуртын тусгай үүргийн онгоцноос долоон халдвар илэрлээ. Тэр зорчигчдоос цаашид хичнээн өвчтөн илрэхийг бүү мэд. Онгоцонд нэг л халдвартай хүн суувал тэр битүү орчинд амархан тарчихдаг, нууцаар хадгалагддаг юм байна. Ирсэн хойно аав ээж, эхнэр хүүхэд, ойр дотныхондоо халдаагаад их л эрсдэлтэй бололтой юм. Монголд чинь тусгаарлах олигтой байр ч бараг алга боллоо. Ийм нөхцөлд “Заавал нутагтаа очно”, “Заавал хүмүүсээ татаж авна” гэдэгт болгоомжтой хандмаар санагдана. Онгоцныхон бол далимд нь нууцаар тамхи зөөх гэж яардаг л бололтой юм. Тусгай үүргийн онгоцонд нууцаар тамхи зөөдөг хүмүүст хариуцлага тооцсон уу? Хав дараад өнгөрсөн үү? бүү мэд.

Зургадугаарт: Засгийн газар “Ядуустаа мөнгө тараахгүй. Харин цахилгаан, дулаан, хогны чинь төлбөрийг тэглэлээ”гэж жүжиглэсэн. Ерөнхий сайд нь үгээ хэлээд бараг дуусаагүй байхад л булхай нь илэрсэн. Үнэгүй болсон цахилгааны ачаалал хэтрээд шугам сүлжээ нь улайсч, бараг л Улаанбаатар “шатахад” хүрсэн юм байх. Засгийн газар нь цахилгаан дулаанаа хариуцсан яамтай, нүсэр бүтэц зохион байгуулалттай газар шүү дээ. Үнэхээр л ард түмнийхээ амьдрал, ахуй нөхцөлийг харсан бол эхэлж судалгаа хийгээд, мэргэжлийн түвшинд хэлэлцээд, Засгийн газартаа оруулж, Ерөнхий сайдаараа хэлүүлмээр юм. Гэтэл, Ерөнхий сайд нь хам хум зарлаж оноо аваад, ард түмэн нь өнөө хүртэл үр шимийг нь хүртэж чадаагүй, телевиз нээх болгонд гомдол санал үргэлжилж байгаа чинь “жүжиг” биш, юу юм бэ?!

Долдугаарт: Улаанбаатарт одоо цар тахал гараагүй эмнэлэг хэд үлдэж байгаа юм? Жирийн өвчтөнүүд очоод оочер дугааргүй үзүүлчих эмнэлэг байна уу? Хот, дүүргийн хэдэн том эмнэлэгт коронавирусийн халдвар голомтлон гарлаа. Хамаг айдас энд л байна. Тэхэд манай эрхэм дээдэс их л уужуу тайван явах шиг. Үндэсний их баяр наадмын тухай, шүүхийн тухай гэхчлэн хууль яриад л, ухаан санаа нь тэнд л байх шиг. Ор дэр хүрэлцэхээ боливол, гэрт нь тусгаарлана ч гэх шиг. “Мунхагийн дотор саруулхан” гэдэг л энэ байх даа. Хотын захиргааг хуйвалдаанаар нүүлгэнэ гээд, барьчихсан том цогцолбор уулын аманд хэвтэж байна. ХСҮТ-ийн хашаанд эмнэлгийн зориулалтаар барьчихсан том барилга бий. Түлэнхийн төвөө яаравчилсан бол өнөөдөр тэр том цогцолбор ажиллаж л байх байсан. Ийм хэрэгтэй зүйлд болохоор хөрөнгө хүч байхгүй гээд хойш нь тавьчихдаг, тэгээд сонгуульд зориулсан аахар шаахар зүйлд баруун солгойгүй мөнгө цацаад байгаад чинь ард түмэн бухимдаж байна, У.Хүрэлсүх ээ! Би тэгээд өөрийг чинь, тойрон хүрээлэгчидтэй чинь “Корона гэдэг эмгэнэлт жүжгийн найруулагч” гээд байгаа юм. Та нарт албан тушаал, алдар цол, эд хөрөнгө, өргөн олны хайр хүндэтгэл бүгд олдоно. Энэ хүмүүсийн чинь эрүүл мэнд, амь нас л эргэж хэзээ ч олдохгүй шүү. Дүү минь сайн бодоорой!!

Наймдугаарт: Энэ аюулт цар тахал чинь хүний хариуцлагагүйгээс л Монголд голомтлон гарчихлаа шүү дээ.“Алтанбулаг боомт”,“Энх саран”, “Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг”, “Мөнххада”- төв… гэхчлэн. Эдний ард их том сайд дарга нар байдаг гэж хүмүүс ярьж байна. Хууль хяналтынхан ч байдаг бололтой. Бүх юм нууц. Худал мэдээлбэл хорино шийтгэнэ гээд сэтгүүлчдийн маань хөлийг “тушиж” “амыг барьсан”. Тэгээд худлаа “хариуцлага” яриад байгаа. “Хариуцлага тооцно”,“Хариуцлага тооцож байна”, “Хатуу арга хэмжээ авна” гэж худал сүржигнэдэг. Наад “эмгэнэлт жүжиг”-ийн чинь гол агуулга энэ л байгаа юм. Гарсан хэрэг зөрчил бүхнийг гамшгийн үеийн бэлэн байдлын хуулиар дор бүр нь арга хэмжээ авч, олон түмэнд ил тод мэдэгдээд байсан бол өнөөдөр Монгол Улс ийм хүнд байдалд орохгүй байсан юм. Төр засгийн удирдлага, хууль шүүхийнхэн нь “унтаж” байгаа улс оронд л ийм эмгэнэлт байдал гардаг, үргэлжилдэг байхгүй юу?! “Зориудаар өвчин тараасан” гэдэг зүйл ангиар шийтгэгдэх хүмүүс захаас аван бий шүү.

Есдүгээрт: Дэлхий нийтийн хамгийн сүүлчийн горьдлого вакцин боллоо. Улс гүрнүүд уралдаад л вакцин үйлдвэрлэж туршиж байснаа, одоо хүмүүсээ хэдэн саяар нь тариад эхэллээ. АНУ л гэхэд өдөрт 2 сая хүнээ вакцинжуулж байгаа гэнэ. Манайх уул нь вакцин авна гээд гадаадаас зээл тусламж ч авч байгаа бололтой мэдээлж байсан. Одоо бүр, захиалаагүй, мөнгө төлөөгүй хэдэн улсын тоонд орсон бололтой. Зарим мэдээллээр 2021оны сүүлчээр вакцинжуулах юмуу даа. Улс гүрнүүд хүмүүсээ вакцинжуулаад дууссаны дараа манайх эхлэх бололтой юм. Би тэгээд хардах боллоо. Өнөөх жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн мөнгийг далдуур хуваагаад авчихдаг шигээ коронагийн нэрээр баахан зээл тусламж аваад, дээгүүрээ хуваагаад халаасалчихаж байгаа биш байгаа даа?! Ер нь ядарсан ард түмнээ золиослоод юу ч хийж мэдэх хүмүүс байна шүү.

Эцэст нь: Өвгөн сэтгүүлч миний харж байгаагаар бол, та нарыг жүжиглэсээр байтал наад цар тахал чинь хяналтаас гарлаа байна шүү. Хоногт дөч тавиараа гарч байна. Жижиг дунд аж ахуйн нэгжүүдээ бүх төрлийн татвараас чөлөөлөөд, дундаас доош орлоготой өрх бүрд 2-3 сая төгрөг бэлнээр тарааж Улаанбаатарт 10-15+7 хоногийн тэг зогсоолт хийвэл яасан юм.Ингэж л дарвал дарна. Болгоотугай.

Categories
гадаад мэдээ

Индонезийн Сулавеси аралд 6.2 магнитудын хүчтэй газар хөдөлж, 67 хүн амиа алджээ

Индонез улсын Сулавеси аралд баасан гаригийн шөнө 6.2 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 67 хүн амь үрэгдсэн тухай тус улс дахь олон улсын Улаан Загалмайн нийгэмлэгийн салбар мэдээлжээ.

Цаашдаа нас барсан болон сураггүй болсон хүний тоо нэмэгдэх төлөвтэй байгааг мэдээлсэн байна. Газар хөдлөлтийн төв цэг нь Сулавеси арлын Мажене хотоос зүүн хойд зүгт 6 км зайд, 10 км-ын гүнд байсныг Индонезийн цаг уур, геофизикийн хүрээлэн мэдээлжээ. Мажене хотод 637 хүн бэртэж, 15,000 хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Газар хөдлөлтийн чичиргээ 5-6 секунд үргэлжлэхэд Мажене хотын 300 орчим орон байр эвдэрч, нурсныг орон нутгийн онцгой байдлын алба мэдээлжээ. Газар хөдлөлт шөнө дунд болсон тул гэртээ унтаж байсан олон хүн барилгын нурангинд дарагдсан гэж аврах албаны мэргэжилтнүүд үзэж байна.

Гамшиг болсон газарт хүрэх замд эвдрэл гарсан нь аврагчдыг илгээхэд бэрхшээл учруулж байгаа гэнэ. Мөн газар хөдлөлтийн улмаас харилцаа холбоо, эрчим хүчний дэд бүтэц гэмтсэн нь аврах ажиллагаанд хүндрэл учруулж байна. Энэ удаагийн газар хөдлөлтийн улмаас далайд цунами үүсэхгүй гэсэн дүгнэлтийг Индонезийн мэргэжилтнүүд гаргажээ.

Номхон далайг хүрээлсэн “Галт цагираг” хэмээх газар хөдлөлтийн идэвхтэй бүс нутагт Индонез улс байрладаг тул ийм төрлийн гамшигт байнга өртдөг юм. Сүүлд 2018 онд Сулавеси арлын Палу хотын орчимд 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болоход олон мянган хүн амь үрэгдэж байжээ.

Categories
гадаад мэдээ

БНАСАУ “Дэлхийн хамгийн хүчирхэг” баллистик пуужин хөөргөгч шумбагчийг танилцууллаа

https://livetv.mn/storage/posts/January2021/6kDG0PH7qZSgOvATrDaH-medium.jpg

БНАСАУ цоо шинэ төрлийн баллистик пуужин хөөргөгч шумбагчийг танилцууллаа. Төрийн мэдлийн хэвлэлээр уг баллистик пуужин хөөргөх чадалтай шумбагчийг дэлхийн хамгийн хүчирхэг зэвсэг хэмээн мэдээлжээ.

АНУ-ын шинэ төрийн тэргүүн Жо Байден тангаргаа өргөх гэж байгааг угтан Умард Солонгос зэр зэвсгийн хүчин чадлаа харууллаа. Удирдагч Ким Жон Уны сонирхсон цэргийн жагсаал дээр хэд хэдэн пуужингуудыг харуулсны дотор хар, цагаан өнгийн дөрвөн ширхэг аварга пуужин багтжээ. Шинжээчдийн зүгээс эдгээрийг урьд өмнө харагдаж байгаагүй зэвсэг гэж онцлон тэмдэглэсэн байна. Умард Солонгос судлаач Анкит Панда “Шинэ жил, Шинэ Пукгуксон” хэмээн жиргэсэн бөгөөд Пукгуксон гэдэг нь баллистик пуужин хөөргөх чадамжтай шумбагчийн нэр ажээ.

Умард Солонгосын төрийн мэдлийн сувгаар дамжуулсан зурагт удирдагч Ким Жон Ун хар өнгийн савхин хүрэм, үслэг малгайтай инээмсэглэн Ким Ир Сений талбайд гараа далласан харагдаж байна. Пүрэв гарагт болсон цэргийн жагсаалд Умард Солонгосын тив хооронд харвах хүчин чадалтай хамгийн том баллистик пуужинг харуулаагүй ажээ.

Categories
мэдээ нийгэм

Шинжилгээний төвүүд бямба, ням гаригт иргэдэд үйлчлэхгүй

Шинжилгээний төвүүд амралтын өдрүүдэд ААН, байгууллагын ажилчдыг  шинжилгээнд хамруулна – tac.mn

Нийслэлийн хэмжээнд коронавирусийн халдварыг тандах, илрүүлэх байнгын үйл ажиллагаатай 30 шинжилгээний төвөөр үйлчлүүлэх иргэд www.eruul.gerege.mn цахим хуудаснаас цаг авч байгаа билээ.

Дээрх шинжилгээний төвүүд нь амралтын өдрүүдэд аж ахуйн нэгж, байгууллагын төлөвлөгөөт шинжилгээг хийж байгаа тул бямба, ням гарагт иргэдэд үйлчлэхгүй болохыг мэдэгдлээ.

Шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд зөвхөн ажлын өдрүүдэд www.eruul.gerege.mn цахимаар олгосон цагийн дагуу харъяалал харгалзахгүй үйлчлүүлэх боломжтой юм.

Иргэд шинжилгээний цаг авахдаа тус цахим хуудсанд нэвтэрч, регистрийн дугаараа бүртгүүлснээр товлосон цаг болон төвийн байршлын талаарх мэдээллийг авч, мөн шинжилгээний хариугаа харна гэж НЭМГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Энэ жил яагаад Ерөнхийлөгчийн сонгууль болохгүй гэцгээх болов оо

“Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” хэмээн Монгол Улсын Үндсэн хуулийн 30.1 зүйлд заасан байгаа. Ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, төрийн тэргүүнээ сонгох сонгууль хуваарь ёсоор энэ зун болно гэж үзэцгээж байлаа.

Гэтэл 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт (ҮХНӨ)-өөр Ерөнхийлөгчийн ажиллах хугацаа дөрвөн жил байхаа больж, зургаан жил болсон юм. Үүнийг дэлгэрүүлье л дээ. Үндсэн хуулийн 30.2 зүйлд “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” хэмээсэн байгаа юм. “Зургаан жилийн хугацаагаар…” гэсэн байгаа биз.

Тэгвэл уг зүйл заалтыг хэзээнээс эхэлж хэрэгжих ёстойг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн 6 дугаар зүйлд тодорхой заачихсан байна. Уг зүйлд “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12 цаг буюу арван долдугаар жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн гуравны өдрийн морин цагаас эхлэн улс орон даяар дагаж мөрдөнө” гэсэн. Өнгөрсөн оны тавдугаар сарын 25-наас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт улс даяар бүрэн төгөлдөр хэрэгжиж эхэлснийг Монголын ард түмэн мэдэж байгаа. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай энэхүү хууль нь Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн нэгэн адил хүчинтэй гэдгийг ч хуульчилчихсан. Тэгэхээр бид энэ жил биш дахиад хоёр жил болсны дараа Ерөнхийлөгчийн сонгуулиа хийж, төрийн тэргүүнээ сонгохоор болж таарч байна уу даа.

Үүгээр одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн дөрөв дэх жил нь дуусч тав дахь жил рүүгээ орж байгаа юм. Түүнд Ерөнхийлөгчөөр ажиллах дахиад хоёр жил дутуу гэсэн үг шүү. Үндсэн хуулийн дагуу 2021 онд биш 2023 онд Ерөнхийлөгчийн сонгууль болно гэдгийг улс төрч, хуульчид, Үндсэн хууль судлаачид яриад эхэлчихлээ. Үүнийг Монголын туршлагатай парламентч, хуульч Р.Гончигдорж “Өдрийн сонин”-ы 2021 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр буюу Үндсэн хуулийн өдрөөр хуулийн талаас нь ойлгомжтой тайлбарлаж ярьсныг уншигч та бүхэн уншсан байх. Тэрээр “…Ийм байх ёстой юм бол нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуульдаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн хоёр дахь хэсэгт оруулсан өөрчлөлтийг 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас эхлэн дагаж мөрдөнө гэж оруулах ёстой байсан. Эсвэл бүр 2025 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас эхлэн дагаж мөрдөнө гэж оруулж болох байлаа. Хэлэлцүүлгийн явцад эхнийхийг нь оруулж чадахгүй байсан. Харин хоёр дахийг нь хуульдаа хийж магадгүй байлаа.

Гэхдээ тэгээгүй. Шилжих журмын тухай хуулиар өөрөөр зохицуулсан заалт байхгүй учраас 30.2 дагаж мөрдсөн өдрөөс хүчинтэй болж Ерөнхийлөгчийн бүрэн эрх зургаан жил болсон” гэж ярьсан. Түүний яриагаар хэрвээ “Үгүй ээ, 2021 онд Ерөнхийлөгчийн сонгуулиа заавал хийнэ” гэж Үндсэн хуулиас зөрж, Үндсэн хуулийн тухайн үйлчлэлийг зогсоож байгаад Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулбал өмнөх бүх Ерөнхийлөгчдийн нэр дэвших эрх нь нээгдэнэ.

ҮХНӨ-ийг 2025 оноос уу, 2020 оны тавдугаар сарын 25-наас дагаж мөрдөж эхлэх үү гэдэг асуулт тухайн үед хэлэлцэгдэж байхад УИХ-ын гишүүд, хууль батлагчид үүнийг огт хараагүй, анзаараагүй гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй болно. Одоо эрх барьж буй улстөрчид бүгд яг энэ сэдвийг ярихаас зайлсхийж ам нээдэггүй талтай.

Оны өмнө Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд “Одоогийн Ерөнхийлөгч, өмнө нь Ерөнхийлөгч байсан хүмүүс дахин нэр дэвших боломжгүй гэж ойлгоод байгаа. Үүнийгээ хуульдаа тодруулж өгөөч ээ. Маш ойлгомжтой Үндсэн хуулийн заалт оруулчихаад яагаад үүнийгээ тойроод байгаа юм” хэмээн олон удаа асуухад “Энэ Үндсэн хуулийн Цэц дээр очиж шийдэгдэх асуудал, Үндсэн хуулийн дагуу л энэхүү хуулийг боловсруулсан” гэсэн хариу өгцгөөсөн. УИХ-ын гишүүд энэ асуудалд орооцолдохоос айдаг юм уу, эсвэл үнэхээр зөрчилтэй хууль болохоор тэгдэг юм уу “Маргаан гарах нь гарна” гэхээс өөр дорвитой юм тайлбарлаж чаддаггүй.

Цагаан дээр хараар “Үндсэн хууль 2020 оны тавдугаар сарын 25-наас бүрэн төгөлдөр хэрэгжиж эхэлнэ” гэж биччихсэн байгаа болохоор, хэрэгжээд явж байгаа энэ хуулийн дагуу Ерөнхийлөгчийн сонгууль хоёр жилийн дараа явагдахаар болж байгаа нь гаргалгаатай л яриа болж таарлаа. Үүнээс л үүдэж “Энэ жил Ерөнхийлөгчийн сонгууль болохгүй” гэж хууль мэддэг хүмүүс дуугарч байгаа байх нь. Ерөнхийлөгчийн бүрэн эрх 2023 онд дуусч ээлжит сонгууль 2023 оны зургадугаар сард болох ёстойг Үндсэн хууль нь хэлж өгчихөөд байна.

Тэгэхээр УИХ-ын дарга асан Р.Гончигдоржийн “Энэ жил Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч нэр дэвшиж болно, болохгүй гэх яриа нь өөрөө Үндсэн хуулийн бус” гэдэг нь үнэн санж.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өвлийн зарагдаагүй хувцас, өр зээлтэй л үлдэж хоолойдоо хутга тулгуулсан мэт байна

Коронавирусийн халдварыг дотооддоо алдсан арваннэгдүгээр сарын 11-нээс эхлэн нийслэл Улаанбаатар хотод хөл хорио тогтоосон байдаг. Тэр өдрөөс хойш өнөөдрийг хүртэл бараа бүтээгдэхүүн худалдаалдаг иргэдийн үйл ажиллагаа бүрэн зогсоод байгаа юм. Тэр дундаа өвлийн бэлэн хувцас худалдан борлуулдаг иргэд их хэмжээний алдагдалд орж хүндхэн байдалд орсон байна. Бид энэ талаар сурвалжлахаар “Sunday Plaza” төвийн худалдаа эрхлэгчидтэй уулзсан юм.

Тэд амьдралаа, бизнесээ аварч үлдэхийн тулд юу хийх, хаана хандахаа мэдэхгүй мухардалд ороод байгаа талаараа учирлаж байна. Өнгөрсөн хугацаанд төр засгаас гаргасан шийдвэрийг үг дүүгүй биелүүлж, улс орон даяараа өвчингүй бол болох байлгүй дээ хэмээн итгэж байсан ч бодит байдал дээр тэдний амьдрал тийм ч амаргүй болж эхэлсэн байна. Өргүй бол баян, өвчингүй бол жаргал гэдэг. Гэтэл өвлийн хувцас худалдаачид өвчин тусчихгүйн тулд өрөнд ороод сэтгэлийн шаналалтай амьдрахаас өөр сонголт төр бидэнд олгосонгүй хэмээн гомдоллож байна.

Тус худалдааны төвд долоон жил бэлэн хувцасны худалдаа эрхэлж байгаа П.Оюунгэрэлийн хувьд банкнаас 100 сая төгрөгийн зээл авч өвлийн куртик оруулж ирсэн байна. Арваннэгдүгээр сар гэхэд иргэд төдийлөн өвлийн бэлтгэлээ бүрэн базаагаагүй байдаг тул багахан хэмжээний куртик худалдан борлуулсан аж. Үлдсэн бараа нь өрөөтэй чигээрээ байтал хаврын улиралтай золгох гэж байна. Цаашид бараа худалдаа эрхэлдэг иргэдийн үйл ажиллагааг хэзээ нээх нь ч тодорхойгүй байгаа нь тэдэнд улам их дарамт болж байгаа талаар хэлж байна. Өдрөөс өдөрт банкны хүү тооцогдож байгаа болохоор арга ядахдаа цахим орчин ашиглаж бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулах оролдлого хийж байгаа ч төдийлөн амжилттай бус байгаа аж.

Тэдний хувьд ашиг олох гэхээсээ илүүтэй ирсэн үнээр нь ч болов худалдаж банкны зээлээсээ хугаслахыг хичээж байгаа гэв. Хоёр сар гаруй хугацаанд хөл хорионд үйл ажиллагаа явуулаагүй тул өрөөстэй, улирал нь өнгөрч байгаа куртикнуудаа хэрхэн яаж, борлуулахаа мэдэхгүй байгаа гэнэ. Өвлийн хувцасаа зарж чадаагүй болохоор дараагийн орлгогын эх үүсвэр, хавар, намрын хувцасанд явах эргэлтийн ч мөнгөгүй болсон гэнэ. Эрүүл байхад болно доо л гэдэг. Гэхдээ эрүүл байгаад өр зээлтэй, гэр бүлийнхэнийгээ тэжээх мөнгөний эх үүсвэргүй байхад бид яаж амьдрах юм бэ хэмээн хэлэх байхаа олж ядна. “Бид төр засгаас гаргасан шийдвэрийг өнөөдрийг хүртэл үг дуугүй дагасан. Харин үүнээс цааш хэр удаан тэсэхийг хэлж мэдэхгүй байна.

Өнөөдөр хэнд ч гай бололгүй бор зүрхээрээ худалдаа наймаа эрхлээд амьдралаа авч явдаг бизнес эрхлэгчидээ төр засаг хааяа ч болов харж үзэх хэрэгтэй шүү дээ. Хашаа, байшин, байр, машинаа тавиад өвлийн гутал хувцасны наймаа эрхлэхээр зориг шулуудан хөдөлсөн ч хөл хорионы уршигаар ашиг олох нь бүү хэл дампуурсан залуус олон байна. Тэдний зарим нь зээлэнд хашаа, байраа алдаж, орох оронгүй болоход тулсан аж. Засгийн газраас иргэдийн зээлийг царцаах талаар тогтоол гаргасан. Гэсэн хэдий ч цалингийн зээл биш л бол бусад зээлийг хойшлуулах царцаах талаар шийдвэр огт хэрэгжихгүй байгааг тэд хэлж байна. “Банкны зээл, хүүг чөлөөлнө, зогсооно гээд Засгийн газрын тогтоол шийдвэр гарсан. Тэрэн шиг худлаа юм байхгүй. Нэг төгрөг ч хөнгөлөөгүй. Нэг өдөр ч зээл төлөх өдрийг хойшлуулаагүй. Манайх орлого сайтай ажилласан сардаа үндсэн зээлээсээ хасалт хийж байсан тулдаа сард 3-4 сая төгрөг зээл төлөлтөд хийж байна. Зээлийн төлөлт хийх хуваарьт өдөр болоход хаанаас, хэнээс мөнгө олж хийх вэ гэж боддог болсон. Одоо цаашид энэ байдал үргэлжилбэл орлогогүй, эргэлтийн мөнгөгүй бид хаанаас мөнгө олж зээлээ төлөх вэ. Худлаа хэлэх юм уу, хулгай хийх юм уу гэсэн юм.

Худалдаа эрхлэгчдийн бодит байдал ийм л байна. Манай улсын хувийн хэвшлийн салбарт сая гаруй хүн ажилладаг. Тэгвэл хатуу хөл хорио тогтоосон эдгээр өдрүүдэд нийт ААН-ийн 66 хувь нь бүрэн зогсолт хийж, 22 хувь нь хязгаарлагдмал хүрээнд, 10 хувь нь зайнаас ажиллаж байгаа бол ердөө хоёр хувь нь хэвийн ажиллаж байгааг МҮХАҮТ-аас хийсэн ээлжит судалгаа харуулжээ. Цар тахлын тархалтыг хумих зорилгоор тогтоосон хатуу хөл хорио ААН, бизнес эрхлэгчдэд хэрхэн нөлөөлж байгааг харуулсан уг судалгаанд худалдаа, үйлчилгээ, барилга, хүнс, боловсрол, тээвэр, аялал жуулчлал, мэдээллийн технологи, эрүүл мэнд, уул уурхай, ХАА-н салбарт үйл ажиллагаа эрхэлдэг 3500 гаруй ААН цахимаар оролцсон байна.

Тэдгээр ААН-ийн 40 орчим хувь нь 100 хүртэлх сая төгрөг, 36 хувь нь 500 хүртэлх сая төгрөг, 11 хувь нь 1 тэрбум хүртэлх төгрөг, 12 хувь нь 1-5 тэрбум, есөн хувь нь 5-аас дээш тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой байна. Харин ажиллагсдын хувьд 54 хувь нь 19 хүртэлх, 25 хувь нь 200 хүртэлх, найман хувь нь 200-гаас дээш ажилтантай бол 13 хувь нь хувиараа бизнес эрхлэгчид байжээ. Хөл хорио тогтоож болно. Гэхдээ бүтэн улирлаар нь хорьж болохгүй биз дээ хэмээн дараагийн худалдаа эрхлэгч Н.Эрдэнэбаяр нэлээд бухимдав. Тэрбээр энэ корона гэнэт л дэгдчихээгүй. Манайх дотооддоо алдаагүй ч дэлхий дахинд гараад олон сар болчихсон байсан. Гэтэл өнгөрсөн хугацаанд манай улсын Засгийн газар, Улсын онцгой комисс ямар ч бэлтгэлгүй байсан нь маш тодорхой харагдаж байна. Бэлэн хувцасны худалдаа наймаа эрхлэгчид үнэхээр хүнд байдалд орчихоод байна. Тэр дундаа улирлын чанартай бараа бүтээгдэхүүн худалдан борлуулдаг иргэдийн бизнес, амьдрал ахуй нь түрүүчээсээ дампуурч өр зээлийн дарамтад орж байна. Энэ хүнд хэцүү үед бидэнд банкныхан маш их дарамт үзүүлж байна. Тухайлбал, манайх Хасбанктай харилцдаг. Хөл хорио тогтоохоос өмнө зээлээ цаг тухайд нь төлдөг байсан. Гэтэл хөл хорио тогтоогоод бидний үйл ажиллагаа зогсчихоод байхад зээл төлөлтийн өдөр болонгуут л дансанд байгаа бүх мөнгийг татаад авчихна. Тэгэнгүүтээ үлдсэн мөнгөө хурдан хий. Тэгэхгүй бол алданги тооцно гэнэ. Засгийн газрын гаргасан тогтоолын дагуу үг үсэг, цэг таслалын ч зөрүүгүй онлайнаар зээл хойшлуулах хүсэлтээ бөглөөд явуулсан. Хүсэлтийг хүлээн авлаа гэсэн.

Долоо хоногийн дараа миний зээл төлөх өдөр болсон. Нөгөө дарамт хэвээр. Засгийн газрын шийдвэр гараад удаагүй юм чинь энэ удаад болоогүй юм байлгүй хэмээн бодсон. Гэтэл дараа дараагийн саруудад ч ялгаагүй. Би бүр аргаа бараад өвлийн гутлуудаа онлайнаар хямдралтай үнээр худалдаад өмнөх сарынхаа зээлийг арай гэж төлсөн. Бид давагдашгүй нөхцөл байдал цар тахал, өвчин зовлонтой тулгараад улс орноороо хүнд байдалд орчихоод байхад банкнууд ийм уян хатан бус байж болохгүй. Бид хөл хорионд ороогүй байсан бол зээлээ ямар ч асуудалгүй төлчихдөг. Өнөөдөр орлогогүй болчихоод банкны зээл битгий хэл хоолны ч мөнгөгүй болчихоод байгаа гэдгийг мэдсээр байж алданги тооцно, дараа зээл авахаар бол найдваргүй зээлдэгч болно хэмээн дарамталж байгаа нь үнэхээр хүнд байна. Онлайнаар бараагаа худалдах чинь тийм ч амар ажил биш. Тэр бүр хүргээд өгөх хүн ч олддоггүй. Монголчууд хувцсаа сонгохдоо өөрийн гараар барьж, өмсөж үзэж байж сонголтоо хийгээд сурчихсан. Онлайнаар бүтээгдэхүүн зарах, авах соёлд хэн хэн нь бэлэн бус байна. Одоо цаашид бид үйл ажиллагаагаа нээхгүй бол тэсрэхэд бэлэн байна” гэв.

Худалдаа эрхлэгчдэд тулгамдаад байгаа асуудал үүгээр дуусахгүй. Лангуугаа өөрийн болгочихсон хүмүүс түрээсийн төлбөр төлдөггүй. Гэтэл лангуугаа түрээсэлдэг иргэдийн хувьд дээрх бүх асуудал дээр түрээсийн төлбөрийн дарамт нэмэгдэж байгаа гэнэ. Тэднийг түрээсээ төлж чадахгүй бол бараагаа аваад баяртай. Дараагийн хүмүүс чинь жагсаад зогсож байгаа шүү хэмээн дарамталдаг байна. Хэдийгээр бүтэн түрээсийн төлбөр нэхээгүй ч ямар ч орлогогүй үед 50-70 хувиар түрээсийн төлбөрөө төлнө гэдэг амаргүй байгаа гэнэ.

“Бид төр засагтаа итгэх итгэлгүй болж байна. Өөрсдөө бизнес хийж үзсэн хүн бол хэзээ ч худалдаа наймаа, бизнес эрхэлдэг энгийн ард түмнээ ийм хүнд байдалд оруулахгүй байсан. Бид олон сар түрээсийн төлбөр, банкны зээлийн дарамтад орж яахаа ч мэдэхгүй байна. Би өвлийн хувцсаа авсан үнээсээ ч доогууур худалдаад ч хамаагүй зээлээ төлөхийг чармайж байгаа. Гэтэл аль ч банк ялгаагүй зээл төлөлт хийх өдөр өршөөлгүй залгана. Өглөө нүд нээгээд л залгана. Орой унтах цаг болсон ч залгана. Өнөөдөр ийм дарамтад ороогүй бизнес эрхэлдэг хүн тун цөөхөн л байгаа болов уу. Манай Sun­day Plaza худалдааны төвд 900 орчим лангуунд давхардсан тоогоор 1500 орчим иргэн өдрийн орлогоороо амьжиргаагаа залгуулдаг байсан. Одоо ийм хэмжээний хүмүүс орлогогүй болсон. Энэ хүмүүс багадаа нэг, байг гэхэд хоёр хүүхэдтэй байгаа. Ингээд бодохоохр 4000 орчим хүний амьдрал яригдана. Энэ мэтчилэн томоохон зах худалдааны төвд худалдаа эрхэлдэг хүмүүсийн амьдрал өнөөдөр дээсэн дөрөөн дээр дэнжигнэж, хоолойдоо хутга тулгуулсан мэт л байна. Банк, банк бусаас зээл авахаас гадна өдрийн зээл авсан ч хүмүүс байгаа. Тэд байгаа бүхнээ барьцаанд тавьсан. Тэр хүмүүсийн хувьд асуудал бүр ч хүнд байгаа. Бид өнөөдрийг хүртэл төр засгийнхаа шийдвэрийг хүндэтгэж дуугүй байсаар ирлээ. Цаашид бид амьдрахын тулд дуугарахаас, тэмцэхээс өөр аргагүй боллоо. Худалдаа эрхлэгчид бид групп чаттай. Тэр чатанд өрнөж байгаа асуудлын 80-90 хувь нь банк, зээлтэй холбоотой байна. Бид бодит байдлыг ойлгож, хүлцэнгүй хандсан. Одоо бид өр зээлийн дарамтаас гарч, идэх хоолтойгоо байхын тулд тэмцэхээс өөр аргагүй боллоо. Бид өвлийн зарагдаагүй хувцас, өр зээлтэй л үлдлээ. Дараа жилийн өвлийг хүлээгээд суух юм уу. Одоо яаж хаанаас мөнгө олж, дараагийн улиралд зарах бараагаа татах билээ. Бид үнэхээр туйлдаж байна” хэмээн тус худалдааны төвд бизнес эрхлэгч Т.Отгонсүрэн хэллээ. Худалдаа эрхлэгчдийн бодит байдал ийм л байна. Эцэст нь Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэр гаргах түвшинд ажиллаж, бодлого тодорхойлогчдод ийнхүү худалдаа эрхлэгчид үгээ дайсан юм.

П.БАТЗАЯА

Categories
гадаад мэдээ

Якутад цельсийн -60 хэм хүрч хүйтрэхийг анхаарууллаа


Якутад энэ жил хамгийн хүйтэн өвөл болж байна. Сүүлийн 2 сарын турш энд цельсийн –40 хэм хүрч байгаа бол заримдаа агаарын хэм -50 хэмд хүрч байна. Цаг уурчид энэ сарын эцэс хүртэл хүйтний эрч улам чангарахыг анхааруулж байна.

Тодруулбал, энэ бүс нутагт цаг агаар -60 хэм хүрч хүйтрэхийг урьдчилан анхаарууллаа. Якутын хүн ам аль болох орон гэр, албан байраа дулаалахыг хичээж байна. Олон дүүрэгт сургууль цэцэрлэгийн хичээлийг ч хаагаад байна. Якутад цаг агаар өвөлдөө эрс хүйтэн байдаг. Гэвч 2006 оноос эхэлж сүүлийн 14 жилийн туршид энэ жилийнх шиг эрс хүйтэрч байгаагүй аж. Хүйтний эрч эрс чангарахад хамгийн ихээр хүндрэл бэрхшээл амсдаг хүмүүс нь автомашин эзэмшигчид байдаг аж. Жолооч нар цаг агаарын хэмийг мэдэрч автоматаар асдаг төхөөрөмж суурилуулж байгаагийн дээр Наташа гэж нэрийдэх болсон тусгай хучилгаар машинаа дулаалдаг байна.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Хөх хулгана өдөр

Аргын тооллын нэгдүгээр сарын 16, Санчир гариг. Билгийн тооллын 3, Чөдөр одтой, хөх хулгана өдөр. Өдрийн наран 8:36 цагт мандан, 17 :28 цагт жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 16-18 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 35-37 градус, бусад хэсгээр 28-30 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хэнтэйн уулархаг нутгаар, өдөртөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 39-44 градус, өдөртөө 24-29 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 32-37 градус, өдөртөө 18-23 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 32-34 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 34-36 градус, өдөртөө 18-20 градус хүйтэн байна.

Categories
мэдээ цаг-үе

Шүүхээс Ж.Эрдэнэбатын хэргийг прокурорт буцаалаа

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох хэргийг хэлэлцлээ. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцээд анхан шатны болон давж заалдах шатны шүүх хурлын шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаалаа. Ингэхдээ шүүгдэгч нарын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээлээ.

Ж.Эрдэнэбат нь хоригдож байх хугацаандаа УИХ-ын гишүүнээр дахин сонгогдсон бөгөөд тангаргаа өргөж чадаагүй бөгөөд түүнийг сонгосон сонгогчид УИХ-д төлөөлөлгүй байгаа юм.