Categories
мэдээ нийгэм

Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэхийг анхааруулж байна.

Энэ сарын сарын 17-ны 20 цагхүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар, өдөртөө Хэнтэйн уулархаг нутаг, Халх голын сав газраар ялимгүй цас орно.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолой болон говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 29-31 градус, бусад хэсгээр 23-25 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 27-29 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө 28-30 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

Энэ сарын 22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  • 18-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,
  • 19-нд Хөвсгөл, Хэнтэйн уулсаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 18-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч суларч, Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

Categories
мэдээ улс-төр

М.Чимэддорж: Засгийн газар амласан төсвөө гаргаагүй зэргээс болж Жайкагийн төсөл амжилтгүй болжээ

– АРДЧИЛАЛ ТАМГАТАЙ НЬ ХААН БОЛЧИХДОГ ФЕОДАЛИЙН ТОГТОЛЦОО БИШ –


Эдийн засагч, Ардчилсан намын гишүүн М.Чимэддоржтой ярилцлаа.


-Та твиттертээ Жайкагийн тайланд МАН-ынхан 2016 оны сонгуулийн дараагаас улс орныг хэрхэн замхруулсан талаар бичиж, том утгаараа Монгол Улсын нүүр царай гадныханд ийм байдлаар дүгнэгдэж байна гэжээ. Тэд тайландаа яг юу гэсэн юм бэ?

-Жиргээ уншаад холбогдож байгаад баярлалаа. Япон бол манай улсын гол хандивлагч орнуудын нэг байсаар ирсэн. Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага Жайка ардчиллаас хойших хугацаанд манай улсад олон арван төсөл хэрэгжүүлж, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсаар ирсэн. Өнөөдөр ч хэдэн арван төсөл хэрэгжүүлж байна.Үүнд нь бид талархах ёстой. Харамсалтай нь манай засгийн газрын идэвхгүй байдал, улс төрийн тогтворгүй байдлаас үүдэн төсөл эхлэх үеийн амлалтуудаа хэрэгжүүлэхгүй байх зэргээс шалтгаалан зарим төслүүдийн үр дүнд хангалтгүй байдаг. Үүний нэг жишээ нь Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төлөвлөлт болон хэрэгжүүлэх чадавхыг бэхжүүлэх төсөл, түүний дэд төсөл. 2015-2018 онд хэрэгжүүлсэн дэд төслийн тайлангаас үзвэл манай тал, тодруулбал Барилга хот байгуулалтын яам, НЗДТГ амлалтаа биелүүлээгүйгээс төсөл амжилтгүй болжээ.

Амжилтгүй болсон гол шалтгаанаа 2016 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж, албан тушаалтнуудын халаа сэлгээ хийсэн, Засгийн газар төсөл эхлэхэд амласан төсвөө гаргаагүй явдал гэдгийг тайландаа дурдсан байна. Үүнээс үүдэн 2017 оны гуравдугаар сар хүртэл ажлын хэсгийн хурал хуралдаагүй байна. Мөн 2017 оны зургадугаар сард хуралдаж төслийн зарим хэсгийн үйл ажиллагааг хасчээ. Ажлын хэсгийн гишүүдийг нийтдээ дөрвөн удаа өөрчилж, анхны 27 гишүүнээс найм нь л үлдэж. Хамтран ажиллаж байсан БХБЯ-ны хариуцсан албан тушаалтан нь таван удаа солигдсон байна. Дээр нь Засгийн газар гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах загвар төслийн санхүүжилтийг төсөвт суулгаагүй байна.

Энд хэлэх ёстой гол зүйл бол зөвхөн нэг төслийн хэрэгжилтийн тухай яриа биш Улаанбаатар хотыг хөгжүүлэх асуудалд санаатайгаар хойрго хандаж байна уу гэсэн хардлага төрүүлж байна.

-Олон улсын байгууллагын хувьд төслийнхөө үр дүнг үзэх нь чухал. Гэтэл манай улс төрийн тогтворгүй байдал тэдний ажилд ихээхэн саад учруулжээ гэж ойлголоо.Таны хэлж байгаачлан санаатайгаар төслийн хэрэгжилтийг удаашруулсан байх боломжтой гэж үү?

-Сүүлийн хорин жилд Улаанбаатар хот хэрхэн өөрчлөгдөж байгааг сайн харвал ийм хардлага төрдөг юм. Улаанбаатар хотыг хөгжүүлье гэвэл гэр хорооллоо дэд бүтэцтэй болгож, барилгажуулж хөгжих ёстой биз дээ. Ядаж тэнд амьдарч байгаа иргэд нь байранд орж байж утаа багасахгүй гэж үү. Гэтэл Улаанбаатарын урд талд эзэнгүй байсан газар зуун мянган айл амьдрах өндөр үнэтэй том хорооллууд босч байна. Энэ эзэнгүй газрын дэд бүтцийг улсын төсвөөр бариад байгаа шүү дээ. Тэгэхээр эзэнтэй газартаа дэд бүтэц барихгүй, дахин төлөвлөхгүй байгаа мөртлөө эзэнгүй газар руу хэдэн их наядаар тоологдох өртөгтэй дэд бүтэц барихад төсвийн мөнгийг зарцуулаад байгаа нь хэний сонирхол вэ. Хэн тэр газрыг эзэмшүүлэхэд гарын үсэг зурж, хэн эзэмшиж аваад байна. Дэд бүтэц тавьснаас хойш Яармагийн гүүрнээс цааших газар га нь тэрбум төгрөгийн үнэтэй болсон энэ мөнгө улсын төсөвт орсон уу. Ороогүй шүү дээ. Гарын үсэг зурдаг эрх мэдэлтний халаас руу орсон. Уг нь энэ мөнгө гэр хорооллын хашааны газрыг худалдан авахад зарцуулагдсан бол, их наядаар тоологдох хөрөнгөөр гэр хороолол руу дэд бүтэц барьсан бол өнөөдөр утаа яриад суухгүй л байсан.

-Гэр хорооллыг хөгжүүлэхэд энэ мэтээр чөдөр тушаа болоод байвал алсдаа бидэнд ямар хор уршигтай вэ?

Ер нь Улаанбаатар хотын барилгажилт, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг харвал манай эрх баригчид санаатайгаар баян хоосны зааг руу түлхээд байна. Өндөр орлоготой чинээлэг нь нэг дороо амьдардаг, хоногийн хоолтойгоо хөөцөлддөг ядуу хэсгийг нь нэг талд нь үлдээдэг, тэр хоёрынхоо завсарт дундаж орлоготой хэсгээ хана хэрэм маягаар үлдээж байна. Сүүлийн үед орлогод нийцсэн, түрээсийн гэх зэрэг орон сууцны төслүүд ярих болсон. Сайн ухвал энэ бол ядуусын хороолол үүсгэх гэж байгаа хэрэг. Хөршийн нөлөө гэж ойлголт бий. Хүний амьдралын чанарыг хөршүүд нь тодорхойлдог гэж ойлгож ч болно. Үүнийг дэлхий нийт 1970-аад оноос ойлгосон Нью-Йорк, Чикаго гээд том хотуудад ийм хямд барилга олон мянгаар нь бариад, яваандаа ядуусын хороолол болж гэмт хэрэг нь дийлдэхээ болиод барилгыг нь нураасан жишээ олон арваараа бий. Нийгэм гэдэг орлогоороо, шашны итгэл үнэмшлээрээ, арьсны өнгөөрөө ялгараад бөөгнөрөөд ирэхээрээ тогтворгүй болдог. Аль болох холилдож байж бусдаасаа суралцана, дагаж хөгжинө, буруу зөвөө ухаарна. Ингэж байж урагшаа тэмүүлсэн, эв найрамдалтай ахуй бүрэлддэг. Харин ингэж ялгарахгүй байх орчныг бүрдүүлдэг суурь хүчин зүйл нь хот төлөвлөлт, хотын хөрөнгө оруулалтын бодлого.

-Та АН-ын гишүүн. Энэ цаг үед хүчтэй сөрөг хүчин байх ёстой АН хөл толгойгоо олохгүй л байх шиг байна. Үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Би хувьдаа үүнд маш шүүмжлэлтэй байгаа. Манай нам доторх талцал хуваагдал бол хэдэн хүний асуудал биш. Энэ бол хүний эрхийг дээдэлдэг, ардчилсан тогтолцоог хайрладаг, хамгаалдаг хүн бүрийн итгэл үнэмшлээр тоглож байгаа хэрэг. Ардчилсан нам бол түүнийг дэмжигчдийн итгэл үнэмшил дээр тогтдог болохоос биш тамга булаацалдсан хэдэн хүний хэлсэн үгэн дээр оршихгүй. Ардчиллын үнэт зүйлсээс ухарсан, хоорондоо эрх мэдлийн төлөө зарчимгүй тэмцэлдсэн тохиолдол бүр дэмжигчдийнх нь итгэлийг түймэрдэж байгаа.

-Гишүүд, дэмжигчид нь хэнийх нь зөв, бурууг ч сайн ойлгохгүй байх шиг байна. Хууль ёсоороо тамга тэмдэг нь хэнд байх учиртай юм бэ?

-Ардчилсан нам дүрэмтэй, дүрэмд нь алдаа оноо байж болно. Түүнийг нь засч залруулж ч болно. Энэ бүхнийг гагцхүү уулзаж суугаад, ярьж хэлэлцээд засдаг болохоос биш шүүх рүү, бүртгэл рүү элдэв цаас бичээд шийдэхгүй.

Би 2017 онд ч, 2020 онд ч дүрэм боловсруулах ажлын хэсэгт нь орж ажилласан. Өмнөх дүрмийн төслийг 2017 онд С.Эрдэнэ дарга дураараа өөрчилж дүрэм биш болгож намын их хурлаар батлуулсан. Алдаа юу алдаа. Энэ удаагийн дүрмийн төслийг мөн л хэт явцуу хүрээнд хэлэлцсэн. Өмнөх алдаагаа засч байгаа нэрээр намын дотоод ардчилал, гишүүдийн оролцоог хэт хумьсан. Миний хувьд ажлын хэсгийн хурлууд дээр саналаа хэлээд, оролцоод явсан. Зарим саналууд дэмжигдээгүй. Миний санал дэмжигдэх эсэх нь чухал биш. Хамгийн гол нь тойрч суугаад ярилцах, ойлголцохын оронд хэдэн тийшээ цаас шидээд суугаа хүмүүст дургүй хүрч байна.

-Ц.Тувааныг үүрэгт ажлаас нь чөлөөллөө, АН-ын ҮБХ хуралдлаа, хурал нь хүчин төгөлдөр биш байжээ гэсэн мэдээллүүд хэвлэлээр хөвөрч байна. Таны бодлоор аль тал нь зөв бэ?

-Ардчилал бол тамгатай нь хаан болчихдог феодалийн тогтолцоо биш, улс төрийн ажил ойлголцол, итгэлцлээс эхэлдэг болохоос биш энэний тал, тэрний тал гэж хуваагдаж байгаад санал тоолдог ч ажил биш. Ардчилсан нам, ардчилсан гэдэг нэрээр нэрлэгдсэн намынхан уулзаж яриад, хэлэлцэж мэтгэлцээд асуудлаа шийдэж чадахгүй болчихно гэдэг шившиг. Нэг хүнийг дэмжих хурал, өөр нэг хүнийг эсэргүүцэх хурал, эсэргүүцэх хурлыг эсэргүүцэх хурал гэх мэт цахим хурлууд нам дотор өрнөөд багагүй хугацаа өнгөрч байна. Гэхдээ эдгээрийн алинд нь ч оролцохгүй байгаа залуус ч манай намд бий. Хоорондоо санал бодлоо солилцож байна, энэ бүх алдаа завхралыг засч заруулах талаар ярилцаж байна. Удахгүй зохион байгуулалтад ч орох байх. Намынхаа залууст хандаж хэлэхэд хэн нэгнийг битгий дагаж манай тал, танай тал гэж яваач ээ. Итгэл үнэмшил, үнэт зүйлээрээ нэгдэж цаг үеийнхээ эзэн нь байгаач ээ л гэмээр байна.

-АН-аас хэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бол. Одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших нь гарцаагүй гэх юм. Энэ үнэн үү?

-Одоогийн Ерөнхийлөгчийг сонгуульд өрсөлдөх боломжтой эсэх дээр Үндсэн хуулийн заалт тойрсон эрх зүйн маргаан явж байгаа. Эхлээд энэ асуудал Цэц дээр шийдэгдэх байх. Мэдээж АН-аас нэр дэвшиж сонгогдсон хүн намаасаа нэр дэвшинэ гэвэл өрсөлдөх эрх нь нээлттэй. Бусад хүмүүс ч өрсөлдөх эрхтэй. Харин хэрхэн өрсөлдүүлэх дүрэм нь хоёр өөр дүрэмтэй болчихоод байгаа учраас л нам дотор хагарал үүсгээд байгаа юм. Өмнө нь 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг бүх гишүүдээс сонгож байсан, энэ удаад ИХ-аар шийдэхээр дүрэмд тусгасан. Аль дүрэм нь хүчин төгөлдөр вэ гэдэг маргаан хурцадсан нь эндээс эхтэй. Харин хоорондоо маргаад шүүхдэлцээд явбал хоёр тамгыг нь хоёуланг нь түдгэлзүүлээд АН сонгуульд орж чадахгүй болчихож магадгүй болоод байна. Одоо Ардчилсан нам ойлголцож эвээ олж чадахгүй бол ямар ч нэр дэвшигч гарсан сонгуульд ялахад хүнд болоод байгаа нь үнэн.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Зөвхөн залхуу хүмүүсээс гарах санаанууд

Залхуурал бол бидний хамгийн том дайсан. Гэвч залхуу хүмүүс аливааг өөртөө амар хялбараар шийдэж, хялбарчлах аргыг олдог гэдэг. Хэт залхууралд автсан тэдгээр хүмүүс өдөр тутмын амьдралаа хэрхэн хялбарчлаж буйг харцгаая.


Ажлын цагаараа унтмаар байсан бололтой.


Хүүхдээ алхаж салхилуулахаас ч залхуурсан юм болов уу?


Зул сараар гацуур модоо гаргаж ирээд, буцаад хураах төвөгтэй санагдах үед.


Урт соруул хэрэглэснээс зүгээр л гараа сунгаад авчихвал илүү амар биш гэж үү?


Хогоо асгах шинэ арга.


Хэвтэнгээ шингэн зүйл уух боломжтой болж.


Ариун цэврийн цаасаа саванд нь хийхийн оронд.


Фитнесст очихдоо хүртэл урсдаг шат ашигладаг байх нь.


Шинээр авсан сандлаа задлах ч завгүй байх үед.


Машиныхаа цасыг цэвэрлэх зав гараагүй бололтой.


Хэрэглэсэн тэргээ заавал хурааж байгаарай.

Ажлаа хийнгээ утсаар ярих нэг арга .

Categories
мэдээ спорт цаг-үе

Цаначид “Бээжин-2022” өвлийн олимпын эрхийн төлөө Финланд улсыг зорив

“Бээжин-2022” өвлийн олимпын эрхийн төлөө өрсөлдөх Монголын цанын шигшээ баг дасгалжуулагч, ОУХМ Б.Энх-Амгалангийн удирдлагаар Финланд улсыг зорив.

Багийн бүрэлдэхүүнд эрэгтэйчүүдээс Батмөнхийн Ачбадрах , Дашдондогийн Мөнхгэрэл, Отгонлхагваын Золбаяр, Баярсайханы Ганбаяр, эмэгтэйчүүдээс Ариунсанаагийн Энхтуул, Барснямын Номин-Эрдэнэ, Болорцэцэгийн Номуунаа нар багтжээ. Тэд эхлээд Финландын Вуокатти цанын баазад бэлтгэлээ ханган, Олон улсын цанын холбоо /FIS/-ны олимпын оноо олгох албан ёсны гурван уралдаанд хурд сорьсны дараа хоёрдугаар сарын 24-нд Германы Оберсхдорф хотноо эхлэх дэлхийн аварга шалгаруулах 42 дахь удаагийн тэмцээнд оролцоно гэж Монголын үндэсний олимпын хорооноос мэдээллээ.

Монголын гүйлтийн цаначид “Инсбрук-1962” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны гараагаа эхэлж, хоёр жилийн дараа “Инсбрук-1964” олимпын наадамд уралдсанаас хойш 12 удаагийн цагаан олимпод оролцсон түүхтэй. Монголын цанын холбоо нь 1958 онд байгуулагдсан бөгөөд Ерөнхийлөгчөөр Р.Хатан, Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Гэрэлт-Од нар ажилладаг юм.

Ташрамд дурдахад, Монголын цанын шигшээ багийн 3 тамирчин Олон улсын олимпын хорооны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагддаг.

Categories
мэдээ нийгэм

Өмнөд Монголд 264,400 хүн вакцинжуулалтад хамрагджээ

Энэ сарын 13-ны өдрийн 18:00 цагийн байдлаар ӨМӨЗО-ы хэмжээнд нийт 264400 иргэнд коронавирусийн эсрэг вакцин тарьсан бөгөөд нийт 347 вакцинжуулах цэг ажиллаж байгаа юм.

Үүнд Хөх хотод 80 гаруй мянган хүн вакцинжуулалтад хамрагдсан бөгөөд вакцин хийсний дараа ноцтой харшил илрээгүй гэж ӨМӨЗО-ы Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв мэдэгдсэн байна.

Иргэдийг вакцинжуулах ажил Өвөр Монголд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 20-ноос эхэлсэн.

Одоогийн байдлаар Өмнөд Монголын хэмжээнд өндөр эрсдэлтэй иргэд болон гол зорилтот бүлгийн хүмүүсийг вакцинжуулалтад хамруулах ажил хийгдэж байна. Уг нь эрсдэлт бүлгийн ванцинжуулалт хоёрдугаар сарын 05-нд дуусах төлөвлөгөөтэй байсан ч вакцины хангалт тааруу зэрэг байдлаас шалтгаалан уг ажлыг Цагаан сар өнгөрсний дараа болгон хойшлуулж магадгүй гэж ӨМӨЗО-ы Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн дэд дарга Янь Шаохун танилцуулсан байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

ДОРНОД АЙМАГ, БИЧИГТ БООМТ: Газрын тосны тээвэрлэлт хийдэг 50 орчим жолооч ажил хаяж, Хятадын талд шаардлага хүргүүлжээ

Газрын тосны XIX талбайгаас Бичигт боомт руу тосны тээвэрлэлт хийж байгаа “Дорнын хөгжил”, “Хүннү” компаниуд өөрсдийн эзэмшлийн машинаас гадна БНХАУ-ын CNPC гэх компанийн 50 орчим машиныг гэрээгээр ашиглаж тээвэрлэлт хийдэг аж. Жолооч нар Бичигт боомтоор гарч БНХАУ-ын Зүүн хатавч боомтод тостой машинаа хүргээд тэндээс хоосон машин аваад буцдаг байна. Тиймээс CNPC компанийг хангалттай түлш олгох, засварын материалаар хангах болон Зүүн хатавч боомтод түр байрлах байрны орчин нөхцөлийг сайжруулах, мөн жолооч нарын санал бодлыг сонсохыг удаа дараа шаардсан боловч асуудлыг огт авч хэлэлцээгүй учраас ийнхүү 50 орчим жолооч ажил хаялт зарлаад байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Налайхын Эрүүл мэндийн төвд 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулт хийнэ

Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв “Нярайн эмгэг судлалын тасаг”-тай боллоо

УИХ-ын гишүүн С.Амарсайхан болон Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон бусад албаны хүмүүс өчигдөр (2021.01.15) Налайх дүүргийн Эрүүл мэнд төвд ажиллаж, өнөөгийн байдал, үйл ажиллагааны талаар газар дээр нь мэдээлэл авч, Ковид-19 халдварын бэлэн байдал авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй биечлэн танилцлаа.

Энэ талаар УИХ-ын гишүүн С.Амарсайхан “Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй цахимаар уулзаж, гүйцэтгэлийн санхүүжилт болон шинээр нэмэлт өөрчлөлт орж байгаа хуулиудын талаар, мөн нэг худалдан авагчийн зарчим up to date platform нэвтрүүлж, ажиллаж байгааг талаар улам сайжруулах хурдан нэвтрүүлэх чиглэлээр тэдэнтэй ярилцлаа. Энэ үеэрээ Налайх ЭМТ-д нэн түрүүнд шаардлагатай байгаа хэд хэдэн томоохон тулгамдсан асуудлуудыг нэн даруй шийдвэрлэхээр боллоо.

Үүнд:

1. Ковид-19 халдварын илрүүлэх шинжилгээнд хамрагдсан иргэдийн сорьцыг хот руу зөөвөрлөн хариу гарах хүртэл их хугацаа зарцуулж байгаа тул ПСР шинжилгээний төвийг байгуулж, иж бүрэн тоног төхөөрөмжөөр бүрэн хангах нь зүйтэй, үүний тулд урсгалын зураг гарган, өрөө тасалгааг бэлтгэх, ажиллах хүний нөөцийг бэлтгэх, бэлэн байдлыг хангах үүрэг өглөө.

2. Ходоодны дурангийн аппарат, болон дурангийн мэс заслын тоног төхөөрөмж, компьютер оношлогооны аппаратыг шийдвэрлэж өгөх тул ашиглалтад оруулах,

3. Сэргээн засах, уламжлалт эмчилгээний төв байгуулах нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн хангалт хийх,

4. Эрүүл мэндийг дэмжих эрүүл зүйн үзлэгийн төв байгуулах 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг тус тус энэ оны эхний улиралд багтаан шийдвэрлэхээ илэрхийллээ” гэв.

Categories
гадаад мэдээ

2020 он түүхэн дэх хамгийн халуун жилүүдийн нэгээр нэрлэгджээ

2020 он түүхэн дэх хамгийн халуун жилүүдийн нэгээр нэрлэгдээд байна. Энэ нь дэлхийн дулаарал хэр хурдацтай явагдаж байгааг батлан харуулсан үйл явдал боллоо. Дэлхийн Цаг уурын байггууллага пүрэв гарагт мэдэгдэл хийж, 2020 онд дэлхийн дулааны хэм түүхэн дэх хамгийн халуун жил болох 2016 оныхоос дутахааргүй өндөр байсан гэдгийг онцоллоо.

Өнгөрсөн жил дэлхийн дулааны дундаж хэм +14.9 байсан нь үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс даруй 1.2 хэмээр өндөр гэсэн үг юм. Парисын Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэлэлцээрийн нэг гол зорилго нь дэлхийн дулаарлыг 1.5 хэмийн өсөлтөөс хэтрүүлэхгүй байх явдал. Харамсалтай нь, ирээдүйд бодит байдал өөр байхаар байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш энэ зуунд дэлхийн дулаарал 3-5 хэмээр нэмэгдэх бодит аюул нүүрлээд байгааг анхааруулсан байна. Энэ аюулыг зогсоохын тулд хүн бүрийн оролцоо чухал байгааг НҮБ-ын тэргүүн онцолжээ.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

Монгол брэнд “Sustainable cosmetic award” хүртжээ

Гоо сайхны “Lhamour” брэнд 2020 онд өндөр шалгууртай Япон улсын зах зээлийн бүх шалгуурт албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөж, бүтээгдэхүүн экспортоо эхлүүлжээ. Тэгвэл тус брэндийн нохойн хошуутай нүүрний суурь тос Японы “Sustainable cosmetic award” буюу Тогтвортой хөгжилд өндөр хувь нэмэр оруулдаг, байгальд болон хүнд ээлтэй бүтээгдэхүүн шагнал хүртсэн байна.

Энэ талаар тус брэндийг үүсгэн байгуулагч Д.Хулан “Салбартаа анхдагч болж дэлхийн тавцанд олон томоохон брендүүдтэй өрсөлдөхүйц бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, эх орондоо амжилтуудыг ар араасаа авчирсаар байгаа хамт олноороо маш их бахархаж байна. Мөн ямар ч цаг үед үргэлж хамт байж биднийг дэмжиж байдаг хэрэглэгч нартаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлье” хэмээн өөрийн сошиал хуудаснаа нийтэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Товчоодоор нэвтэрсэн 6288 хүнээс сэжигтэй тохиолдол илрээгүй

Нэгдүгээр сарын 16-ны өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор нийт 1518 тээврийн хэрэгслээр 3178 зорчигч хот руу нэвтэрч, 1629 тээврийн хэрэгслээр 3110 зорчигч хотоос гарсан байна.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 86 ажилтан үүрэг гүйцэтгэлээ.

Үүнээс эрүүл мэндийн байгууллагын 30 албан хаагч ажиллаж, авто тээврийн товчоодоор нэвтэрсэн нийт 6288 зорчигчдод эрүүл мэндийн хяналт хийхэд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.

2020 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдрөөс хойш авто тээврийн товчоодоор нэвтэрсэн нийт 168.275 автомашины 408.659 иргэнд эрүүл мэндийн хяналт хийсэн байна.