Categories
мэдээ нийгэм

Хот тохижилтын ажилчид 111 гудамж, 186.1 км авто замыг цэвэрлэлээ

“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ нь нийслэлчүүдийнхээ эрүүл аюулгүй, цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна.

Өнөөдөр /2021.01.16/ 11:00 цагийн байдлаар нийслэлийн зургаан дүүргийн 111 гудамж, нийт 186.1 км авто зам болон явган замын цэвэрлэгээ, төвлөрсөн хогийн цэгүүдийн хогийг дарж булах нийтийн бие засах газрын үйлчилгээнд нийт ажилчид цагийн хуваарийн дагуу ажиллаж байна.

Дээрх ажилд хог тээврийн дөрөв, үйлчилгээний дөрөв машин, задгай 6 тоннын нэг, цасны камаз зургаа, механизм 4 нийт 19 тээврийн хэрэгсэл ажилласан. Зам талбайд үүсэх хальтиргаа гулгаатай хуваарьт газруудаар есөн тонн давс, 30 тонн бодис цацаж нийт үлдэгдэл 271 тонн давс мөн бодисын үлдэгдэл 1924 тонн байна. Одоогоор Цагаан даваа, Нарангийн энгэр, Морингийн давааны хогийн цэгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хот болон Дорноговь, Өмнөговь аймгуудад байгуулах 4 иж бүрэн PCR лабораториудын тоног төхөөрөмжүүд иржээ

Улаанбаатар хот болон Дорноговь, Өмнөговь аймгуудад байгуулах гэж буй 4 иж бүрэн PCR лабораториудын тоног төхөөрөмжүүд өнөөдөр Монголд ирж эхэллээ.

Шинээр байгуулагдаж буй PCR лабораториудын хамгийн гол хэрэгсэл болох PCR машин, цөмийн хүчлийг цэвэрлэх систем, оношлуур, урвалын багц, сорьц авах төхөөрөмжүүд эхний ээлжинд Монголд ирээд байгаа нь энэ юм.
Иж бүрэн лабораториудыг Rio Tinto-ийн 1.7 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар, Oyu Tolgoi болон НҮБ-ын Хүн амын сангийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй “Урьдчилж мэдье, хүрч үйлчилье” уриатай “Оношилгоо, зайн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд байгуулж байгаа юм.
Энэхүү 4 лабораторийг дараах эмнэлгүүдэд байгуулна:
Улаанбаатар хотын Эх хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төв
Яармаг дахь Нийслэлийн Эх, хүүхдийн эмнэлэг
Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэг

No photo description available.No photo description available.No photo description available.

Categories
мэдээ нийгэм

“КОВИД-19” халдварын эсрэг вакцинжуулалтын бэлтгэл ажил хангагдаж байна

No description available.

Эрүүл мэндийн улсын алба – тохиолдлын удирдлагын тогтолцооны ээлжит 26-р хурал боллоо. Хурлаар ЭМУА-ТУТ-ны 2021 оны нэгдсэн төлөвлөгөөний төсөл, ковидтой холбоотой хэрэглэж буй цахим мэдээллийн системийн танилцуулга, өвчлөлийн хэтийн төлөвийн тооцоолол, ковидын эсрэг вакцинжуулалтын бэлтгэл ажлын талаар танилцуулга хийж хэлэлцлээ.

Эрүүл мэндийн дэд сайд, Тохиолдлын удирдлагын тогтолцооны дэд дарга Ш. Анхмаа хурлыг удирдаж, коронавируст халдвар (КОВИД-19) тархалтын үе шат, хариу арга хэмжээний төлөвлөгөөг илүү нарийвлан боловсруулах, халдвар авсан эмч, эмнэлгийн ажилтан, иргэд болон тусгаарлалтанд байгаа иргэдэд зориулсан сэтгэцийн эрүүл мэндийн зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэх, Burtgel.mohs.mn; covid19.gerege.mn цахим программыг нэгтгэн ковидын нэгдсэн удирдлагын систем болгон боловсронгуй болгох, КОВИД-19 халдварын эсрэг вакцинжуулалтад шаардлагатай хамгаалах хувцас хэрэгслийг бэлтгэх, вакцины зааврыг эмнэлзүйн зөвлөх баг, харшил судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөс санал авч боловсруулах, вакцинатор сувилагчдыг холбогдох сургалтад хамруулах зэрэг вакцинжуулалтын бэлэн байдлыг ханган ажиллахтай холбоотой болон цаг үетэй холбоотой шуурхай хэрэгжүүлэх бусад үүрэг даалгавруудыг өглөө.

Categories
мэдээ нийгэм

Баянхонгор аймгийн онцгой комисс Улаанбаатарт гацсан иргэдээ тусгай автобусаар татаж авахаар болжээ

Баянхонгор аймгийн Онцгой комиссоос Улаанбаатар хотод гацсан иргэдээ татан авах тухай албан хүсэлтийг Нийслэлийн Онцгой комисст хүргүүлжээ.

Тус хүсэлтийн хариуг өнөөдөр Нийслэлийн Онцгой комиссоос өгч Баянхонгор аймаг 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өглөөний 08:00 цагт /Лхагва/ тусгай үүргийн автобусыг аймгийн Авто тээврийн төвөөс Улаанбаатар хот руу илгээж улмаар нэгдүгээр сарын 21-ний өглөөний 08:00 цагт /Пүрэв/ авто тээврийн Драган төвөөс Баянхонгор аймаг руу хөдлөхөөр шийдвэрлэснээ мэдээллээ.

Тус тусгай үүргийн автобусаар зорчих иргэдийн анхаарах зүйлс:

-Аймгийн Онцгой комиссын Шуурхай штабд өргөдөл хүсэлтээ гаргахдаа холбогдох утас, цахим үнэмлэхийн /Баянхонгор аймгийн регистр, хаягтай, одоо амьдарч буй хаяг нь Баянхонгор аймагт байх/ хуулбар, холбогдох материалыг хавсаргаж bhrshtab@gmail.com хаягаар илгээх.

-Аймгийн Онцгой комиссын Шуурхай штабаас бүртгүүлсэн иргэдийн өргөдөл мэдээллийг сайтар нягталж шалгасны үндсэн дээр утсаар эргэн мэдэгдсэнээр 40 иргэний билет бичүүлэх эрх үүснэ.

-PCR шинжилгээний хариу сөрөг хариутай, хугацаа нь хүчинтэй байх 40 иргэнийг автобусанд суулгана.

-Тус тусгай үүргийн автобус 7 хоног тутамд нэг явах бөгөөд автобусанд суусан иргэд халдвар хамгааллын дэглэм сахин, замд идэх хоол хүнсээ өөрсдөө бэлтгэж авч явна.

-Ирсэн иргэд халдвар хамгааллын дэглэмийг хатуу баримтлан гэрийн тусгаарлалтад 7 хоног байна.

Баянхонгор аймгийн Шуурхай штабтай холбогдох утас 9219-3300

Categories
мэдээ нийгэм

УОК, НОК-ын өргөтгөсөн хуралдаан болов

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар Нийслэлийн Засаг даргын тамгын газарт өнөөдөр (2021.01.16) ажиллах үеэр Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссын өргөтгөсөн хурал боллоо.

Нийслэлийн онцгой комиссоос 2020 оны нэгдүгээр сарын 11-ний өдрөөс хойш халдварын голомтын 119 цэгт халдвар хамгааллын дэглэм сахиулах, халдваргүйжүүлэлт хийж ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд хязгаарлалтын дэглэмийг сахиулах чиглэлд Цагдаа, Онцгой байдал, Мэргэжлийн хяналт болон Дотоод хэргийн их сургуулийн сонсогч нар буюу нийт 16907 алба хаагч хяналт тавин ажиллаж байгааг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа.

Мөн Нийслэлийн онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар товч мэдээлэл хийсэн. Зарим дүүргийн онцгой комиссын дарга нартай болон товчоодод ажиллаж байгаа алба хаагчидтай цахимаар холбогдон санал солилцсон юм.

2020 оны нэгдүгээр сарын 11-наас 2021 оны нэгдүгээр сарын 15-ны хооронд Улаанбаатар хотоос 86436 тээврийн хэрэгслээр 225248 мянган зорчигч гарсан байна.

Цаашид үйл ажиллагааг нь нээхээр судалж байгаа зарим салбаруудын талаар онцгой комиссын гишүүд санал солилцсон юм.

Шадар сайдын зүгээс аж ахуй нэгж, иргэдийн хариуцлагыг өндөржүүлэх, эрүүл мэндийн төвүүдийн бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөгөөнд дахин хяналт тавих, иргэдийн QR код ашиглах ажлыг эрчимжүүлж ажиллахыг Нийслэлийн онцгой комисс болон бусад мэргэжлийн байгууллагуудад үүрэг болголоо.

Categories
мэдээ нийгэм

Налайх дүүрэгт PCR шинжилгээний лаборатори байгуулна

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх эмнэлгүүдийн бэлэн байдал, халдвар, хамгааллын дэглэмийг мөрдөж байгаа эсэх, PCR шинжилгээний лаборатори байгуулах асуудлаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн С.Амарсайхан болон ЭМЯ-ны холбогдох удирдлагууд өчигдөр Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн ажил байдалтай танилцлаа.

Эрүүл мэндийн сайд Налайх дүүрэгт ажиллах үеэрээ эмч, ажилтнуудтай онлайн уулзалт хийж, тэдний саналыг сонсож, шаардлагатай дэмжлэгийг үзүүлэхээ илэрхийлсэн байна. Мөн Ковид-19 халдвартай хүн эмнэлгээр үйлчлүүлсэн тохиолдолд халдварыг цааш тархаахгүй байх, тасаг хоорондын үйл ажиллагааны уялдаа, эрсдэлээс сэргийлэхэд халдварын дүрмээ сахин ажиллахыг сануулж, засаж залруулах шаардлагатай хэд хэдэн зүйлийг онцолж, үүрэг чиглэл өглөө.

Мөн тэрбээр эмч нарт хандаж хэлэхдээ, “Бид ард иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө коронавируст халдварын эсрэг бүх анхаарлаа хандуулж ажиллахын зэрэгцээ бусад төрлийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээгээ тасралтгүй явуулж, хүртээмжийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарын суурь хөгжил, чадамжийг цаг алдалгүй сайжруулах нь хамгийн чухал. Тиймээс тус дүүргийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс нэн шаардлагатай тоног төхөөрөмж, хүний нөөцийг чадавхжуулах асуудлыг шийдвэрлэнэ. Түүнчлэн энэ нэгдүгээр сардаа багтаан тус дүүрэгт PCR шинжилгээний шинэ лабораторийг байгуулахаар ажиллаж байна. Ингэснээр дүүргийн ард, иргэддээ цаг алдалгүй шуурхай шинжилгээ хийх, тусламж үзүүлэх боломж бүрдэнэ” хэмээжээ.

ЭМЯ-аас тус дүүрэгт нэн шаардлагатай байгаа мэс заслын болон оношилгооны дурангийн аппаратууд, рентген аппарат, компьютер томографын аппарат зэрэг эмнэлгийн суурь тусламж, үйлчилгээг сайжруулах ажлыг хийхээр болсон байна. Түүнчлэн төрөлжсөн төв эмнэлгүүдэд үзүүлж буй мэс засал, оношилгоо, эмчилгээг дүүргийн эмнэлгүүд үзүүлдэг болгох тал дээр анхаарч, бодлогоор бүх талын дэмжлэгийг үзүүлэх юм. Тус дүүргийн ард иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулах, оношлох, эмчлэх “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг энэ онд байгуулахаар болжээ.

Цар тахлын үед шаардлагатай тохиолдолд иргэдийг тандалт, судалгаанд хамруулах үүднээс өнгөрсөн хугацаанд ЭМЯ-аас Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргүүдэд Молекул биологийн лабораторийг байгуулаад байгаа аж. Удахгүй Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүрэгт лаборатори ашиглалтад оруулахаар ажиллаж байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

ХӨВСГӨЛ АЙМАГ, МӨРӨН СУМ: Хэлний бодлогын Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөл хуралдлаа

Монгол хэл, бичиг үсгийг хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэхтэй холбоотой бодлого боловсруулж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлдэг чиг үүрэгтэй хэлний бодлогын Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлийн хурал боллоо. Хурлаар хэлний зөвлөлөөс хийж хэрэгжүүлэх ажлын саналыг нэгтгэж аймгийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаж ажиллахаар боллоо.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

“ГАН ҮЗЭГ-2020” наадмын шилдгүүд тодорлоо

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл түүхт 70 жилийн ой тохиож буй энэ өдрөө сэтгүүл зүйн салбарын оны шилдгийг тодруулах “Ган үзэг 2020” тэргүүн наадмын шалгаруулалтын дүнгээ танилцуулж байна. МСНЭ-ийн түүхт 70 жилийн ойн хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар баяр хүргэн мэндчилгээ ирүүлж, “Ган үзэг-2020” тэргүүн наадмыг “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК дэмжин хамтран ажиллалаа. Сэтгүүл зүйн мэргэжлийн эрх ашгийг хамгаалах ууган байгууллагын 70 жилийн ойг энэ оны турш бүтээлч ажлуудаар дамжуулан онцлон тэмдэглэхээр Удирдах зөвлөлөөр шийдвэрлэснээ мөн уламжилж байна.

Ингээд “Ган үзэг-2020” наадмын шилдгүүдээ танилцуулья.

“Шилдэг телевиз” төрөлд NTV телевизэд шалгарлаа. Тус телевизийн цаг үеийн мэдээллийн хөтөлбөр болон бусад сэтгүүл зүйн ярилцлага, нийтлэлийн нэвтрүүлгүүд, сэтгүүлч, сурвалжлагчдын ур чадвар болон бусад уран бүтээлийн чанар чансаа, үзэлт хандалтын тоо, олон нийтийн үнэлэлт зэрэг үзүүлэлтүүдийг харгалзсан байна.

“Шилдэг радио” төрөлд “Дэлхийн монголчуудын MGLRADIO 88.3” радио шалгарлаа. Тус радио нь Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот болон 19 аймгийн төвд фм 88.3 долгионоор цацагдаж байна. Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар радиогийн долоо хоногийн хөтөлбөрийн нийт цагийн 50-иас доошгүй хувь нь үндэсний нэвтрүүлэг байх, өдрийн эфирийн 35-аас багагүй хувийг хөтлөгчтэй эфир байхаар зохицуулсан байдаг. Тус радиогийн сэтгүүлч, найруулагч, мэргэжлийн баг хамт олон 100 хувь өөрсдийн бэлтгэсэн үндэсний контентыг нэвтрүүлж байгаа төдийгүй өдрийн эфирийн 87 хувийг хөтлөгчтэй эфир, 15 нэвтрүүлгийг сонсогч, үзэгчдэд хүргэн ажиллаж байна.

“Шилдэг мэдээллийн сайт” төрөлд zarig.mn мэдээллийн сайт шалгарлаа. Мэдээллийн шуурхай байдал, тухайн үйл явдал, сэдэв, баримтыг үргэлжлүүлэн тасралтгүй сурвалжилж үр нөлөөг нь нотлон харуулдаг ур чадвар, мэргэжлийн эр зориг, уншигч, үзэгчдийн эрэлт хүлээлт, хандалт хүртээмж зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан үзсэн байна.

“Шилдэг сонин” төрөлд “Зууны мэдээ” сонин шалгарлаа. Үндэсний хэмжээний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин нь 2020 онд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Иргэдээ өмөөрч бичнэ” уриан дор сар бүр нийгэмд тулгамдаж буй тодорхой нэг асуудалд анхаарлаа хандуулан ярилцлага, сурвалжлагууд бэлтгэхийн зэрэгцээ “Нэгдүгээр хүн” булангаар тухайн сарын үйл явдал, асуудал, анхаарлын төвд байсан хүний байр суурь, тайлбар, үзэл бодлыг дамжуулан хүргэсэн. Төрийн өндөр албан тушаалтны оффшор дансны мэдээллийг анх хөндөн гаргаж, “Эрдэнэт” үйлдвэрийн асуудал, ЖДҮ-ийг дэмжих сангийн хэргүүд зэрэг сэдвийг хоёр дахь жилдээ үргэлжлүүлэн сурвалжлан нийтэлж, төр, засгийн бодлого шийдвэрийг хянах, шүүмжлэх сөрөг хүчний үүргийг гүйцэтгэн ажиллаж байгаа зэрэг үзүүлэлтийг үнэлэн үзсэн байна.

“Шилдэг сэтгүүл” төрөлд “Гэрэг” сэтгүүл шалгарлаа. Тус сэтгүүлийг эрхлэн гаргагч “Анлимитэд медиа групп” нь 2019 оноос дэлхийн шилдэг хэвлэл “The New York Times” компанитай хамтран ажиллаж тус хэвлэлтэй хамтарсан “Гэрэг” сэтгүүлийн “The Turning points” (2020 оны II сар), “The Big Ideas” (2020 оны XII сар) дугаарыг эрхлэн гаргаж нийтэд хүргэсэн. Түүнчлэн дээрх хоёр дугаар нь дэлхийн шилдэг уран бүтээлч, судлаач, мэргэжилтнүүдийн 20 шахам эсээ, нийтлэлийг агуулсан бөгөөд Монгол талаас цаг үе, нийгэм эдийн засгийн асуудлуудыг хөндөн оруулснаараа өргөн хэмжээний, удаан настай материалыг уншигчдад хүргэсэн. Дэлхийн шилдэг хэвлэлтэй хамтран ажиллах хүрээнд “Гэрэг” сэтгүүл нь редакцын хамтын ажиллагааны соёлыг мөн өөрчлөх алхмыг хийж гүйцэтгэсэн зэрэг менежмэнтийн амжилт, сэтгүүлч, уран бүтээлчдийн ур чадвар зэрэг үзүүлэлтээр ийнхүү тэргүүлж байна.

“Орон нутгийн шилдэг мэдээллийн хэрэгсэл” төрөлд Дархан-Уул аймгийн “RGB” телевиз шалгарлаа. Монголын хөдөө орон нутгийн анхны чөлөөт телевиз болох тус телевиз 1995 оноос хойш тасралтгүй ажиллаж байна. “Дархан хотын мэдээ” мэдээллийн хөтөлбөр, “Ярилцах цаг” хөтөлбөр, “Ахлах ангийнхан”, “Кофе хаус”, “Дархан хөтөч” зэрэг нэвтрүүлгийг мэргэжлийн түвшинд тогтмол бэлтгэн хүргэж, үзэгчдийн талархлыг хүлээн ажиллаж байна.

“Телевизийн шилдэг сэтгүүлч” төрөлд ТВ8 телевизийн сэтгүүлч, ахлах редактор Ц.Гэрэлмаа шалгарлаа. Тэрбээр “Тавилан” нэвтрүүлгийг 2016 оноос хойш 45 дугаар бэлтгэн үзэгчдэд хүргээд байна. Үүний 39 дугаар нь эх орны өнцөг булан бүрээс, 6 дугаарыг хилийн чанадаас бэлтгэсэн байна. Дэлхий дахин цар тахалтай тэмцсэн, халдвар хамгааллын дэглэм бүхий нөхцөлд “Тавилан” нэвтрүүлгийн 9 дугаарыг бэлтгэн үзэгчдэд хүргэжээ. Тус нэвтрүүлгийг бэлтгэхэд олон цагийн судалгаа, эрэл хайгуул, эрэн сурвалжлага хийж, маш олон эх сурвалжийг тодруулан уулзаж мэргэжлийн ур чадвар, тэвчээр, ёс зүйг үзүүлэн ажилласныг үнэлэн шилдгээр шалгаруулж байна.

“Радиогийн шилдэг сэтгүүлч” төрөлд Гэр бүлийн радио FM 104.5-гийн сэтгүүлч Б.Баясгаланг шалгарууллаа. Тэрбээр “Амьдралын учиг” сэтгэл зүйн боловсрол олгох радио нэвтрүүлгийг бэлтгэн уншигчдад хүргэдэг. Мөн хүүхэд хүмүүжлийн “Охин мэндэллээ” цуврал нэвтрүүлэг, хүүхэд хөгжлийн “Нуугдсан эрдэнэ” цуврал нэвтрүүлэг, мэргэжил бүхэн сайхан- шууд болон бичлэгийн цуврал нэвтрүүлэг, нийгмийг асуудлыг хөндсөн “Ултай яриа” шууд нэвтрүүлэг, манлайллын “Тусгал” нэвтрүүлэг, байгууллагын удирдлагуудад зориулсан ”Нөлөө” зэрэг нэвтрүүлгийн бэлтгэн хүргэж, олон талт сэдвийг хамран мэргэжлийн түвшинд ажиллажээ.

“Сонины шилдэг сэтгүүлч” төрөлд “Өдрийн сонин-ы сэтгүүлч Д.Гансаруул шалгарлаа. Тэрбээр уншигчдын эрэлт хүлээлтийг мэдэрч, цаг үеийн чухал сэдвүүдээр эх сурвалжуудтай уулзан ярилцах, эрэн сурвалжлах чиглэлд амжилттай ажиллаж, олон ярилцлага, нийтлэл, сурвалжлагыг 2020 онд бэлтгэжээ. “Ямаа самнах гэдэг чинь бараг массаж юм шүү дээ, Номинжин минь”, “Гуяндаа нагаантай Ерөнхий сайд минь гурав мөргөж бөхөлзөх нь өрөвдөлтэй”, “Гэрэлт цохны булш”-ийн эмгэнэлт түүхийг монгол төр шинээр бүтээсэн нь”, “Дүрвэгч Эрдэмтсоёмбо: Өмнөд монголчууд маань удаан тэсэхгүй нь ээ”, “НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра: Өмнөд Монголд болж буй хөдөлгөөн бол олон улсын түвшний асуудал” зэрэг олон шилдэг нийтлэл, ярилцлагыг бэлтгэсэн байна.

“Мэдээллийн сайтын шилдэг сэтгүүлч” төрөлд livetv.mn сайтын сэтгүүлч С.Будрагчаа шалгарлаа. Тэрбээр “Fact check” нэвтрүүлгийг тогтмол бэлтгэж, 2020 онд эрэн сурвалжилсан сэдвүүдээс хамгийн сүүлд “Монголд үйлдвэрлэв” буюу үндэсний үйлдвэрлэгчдийн нийтийн тээвэрт учруулсан хохирол, “Хавдар судлалын үндэсний төвд болсон жигүүрт хэрэг” буюу тус эмнэлгийн эмч нар өвчтөнөөс авилгал хээл хахууль авахыг оролдсон асуудлыг хөндсөн нэвтрүүлгүүд нь үзэгчдийн талархлыг хүлээсэн.

“Сэтгүүлийн шилдэг сэтгүүлч” төрөлд ТВ6 телевизийн гүйцэтгэх захирал, сэтгүүлч Ж.Баяржаргал шалгарлаа. Тэрбээр “Mining economy” сэтгүүлийг бие даан эрхлэн гаргаж, зөв уул уурхайн ойлголтыг нийгэмд бий болгох зорилготой, мэргэжлийн нийтлэлүүдээрээ анхаарал татаж байна. Сэтгүүлч Ж.Баяржаргал нь 1999 оноос сэтгүүлчээр ажиллаж байгаа бөгөөд “Өнөөдөр” сонин, “Таван цагираг” сонины сэтгүүлчээр ажлын гараагаа эхэлсэн.

“Гэрэл зургийн сэтгүүлч” төрөлд МОНЦАМЭ агентлагийн гэрэл зургийн ахлах сурвалжлагч Б.Чадраабал шалгарлаа. Тэрбээр 2020 онд “Цар тахлын үеийн УИХ-ын сонгууль”, “БНСУ-аас тусгай нислэгээр 266 иргэн эх орондоо ирлээ”, “Энэтхэг улсад шавилан суудаг ламхай нар эх орондоо ирлээ”, “Хээрийн түр эмнэлэг”, “Монгол Улс БНХАУ-д Ухань хотоос иргэдээ татлаа” зэрэг гэрэл зургийн сурвалжлагуудыг бэлтгэжээ. Мөн 7 хоног тутмын англи хэлээрх “Монгол мессенжер”, япон хэлээрх “Монгорү Цушин”, хятад хэлээрх “Мэнгү Шяоши Бао “, орос хэлээрх “Новости Монголии”, үндэсний монгол бичгээр хэвлэгдэн гардаг “Хүмүүн бичиг” сонин болон улирал тутмын “Mongolia today” сэтгүүлийн зургийг мэргэжлийн түвшинд чанарын өндөр үзүүлэлттэйгээр нийлүүлэн ажиллаж байна.

“Орон нутгийн шилдэг сэтгүүлч” төрөлд Төв аймгийн TBS телевизийн сэтгүүлч Т.Саранчимэг шалгарлаа. Хөдөө, орон нутгийн мэдээллийн хэрэгсэлд тогтмол мэдээ, мэдээлэл, үйл явдлын сурвалжлага зэрэг төрлүүдийг хөгжүүлэхэд мэргэжлийн ур чадвараа дайчлан амжилттай ажиллаж байна. Тэрбээр 2020 онд орон нутгийн амьдрал, аж байдал, асуудал хөндсөн цуврал нэвтрүүлгүүдийг бэлтгэн анхаарлын төвд үзэгчдийн хүртээл болгон ажилласан, мэргэжлийн ур чадвар зэрэг үзүүлэлтээр шалгарч байна.

“Шилдэг редактор” төрөлд “Өдрийн сонин”-ы Хариуцлагатай нарийн бичгийн дарга Д.Оюунтуяа, ТВ5 телевизийн Улс төрийн албаны дарга, редактор А.Болдсайхан, zindaa.mn мэдээллийн сайтын редактор Б.Бадамгарав нар шалгарлаа. Мэдээллийн хэрэгслүүдийн онцлогоос хамаарч, редакторлох үйл явц онцлогтойг харгалзан үзлээ.

“Өдрийн сонин”-ы редактор Д.Оюунтуяа 1999 оноос одоог хүртэл “Өдрийн сонин”д сэтгүүлч, албаны дарга, Хариуцлагатай нарийн бичгийн даргаар үр бүтээлтэй ажиллаж байна. Тэрбээр редакци, түүний зохион байгуулалт, сэтгүүлчдийн ур чадвар, эх бичвэрийг редакторлох үе шат, сонины хэл найруулгад чадварлаг сэтгүүлч, туршлагатай редактор, зохион байгуулагч юм.

Zindaa.mn мэдээллийн сайтын редактор Б.Бадамгарав 2004 оноос “Ардын эрх” сонинд сэтгүүлчээр ажиллан, хөдөлмөрийн гараагаа эхлүүлж, сэтгүүлзүйн салбарт тасралтгүй 17 дахь жилдээ ажиллаж байна. Тэр дундаа цахим сэтгүүлзүйн чиглэлээр 14 жил ажиллаж байна. Тэрбээр Zindaa.mn мэдээллийн сайтын өдөр тутмын үйл ажиллагааг Ерөнхий редакторын хувиар хариуцан ажиллаж байна. Б.Бадамгарав зөвхөн 2020 онд 20000 гаруй мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлага, нийтлэлийг редакторлон, сэтгүүлчдэд мэргэжил, ур чадварын зөвлөгөө өгөн 1700 мэдээллийг сэтгүүлчийн ур чадвар гарган бэлтгэжээ. Цахим сайтын мэдээний менежмэнт хийх ур чадвар, цаг үеийн мэдрэмж, сэтгүүлчийн мэргэжлийн чадвар зэргийг үнэлж байна.

ТВ5 телевизийн Улс төрийн албаны дарга, редактор А.Болдсайхан нь тус телевизэд 15 дахь жилдээ ажиллаж байна. Үүний 10 жилд нь Улс төр, мэдээллийн албаны дарга, редактороор ажиллаж байна. Телевизийн нийтлэлийн бодлого тодорхойлох болон мэдээллийн хөтөлбөрийг зангидах гол ажлыг гүйцэтгэдэг. Аливаа хэвлэл мэдээллийн байгууллага улс төрийн мэдээлэл, сонгуулийн үеийн үйл явц, эгзэгтэй цаг үеийн мэдээллийг хүргэхэд анхаарал, болгоомжтой ханддаг. Редактор А.Болдсайхан УИХ, Ерөнхийлөгч, орон нутгийн хэд хэдэн сонгууль, коронавируст халдвар манай улсад бүртгэгдсэн үйл явц, хөл хорионы үеийн шийдвэр зэргийг сурвалжлан олон нийтэд хүргэх ажлыг удирдан зохион байгууллаа. Ингэхдээ мэдээллийн үнэн зөв байдал, гарах үр дагаврыг сайтар тооцон ажилласан зэргийг үнэлж байна.

“Хэвлэл мэдээллийн шилдэг менежер” төрөлд “Улстөрч” агентлагийн гүйцэтгэх захирал Г.Золбаяр шалгарлаа. Тэрбээр хэвлэл мэдээлэл, сургалт судалгаа, маркетинг гээд олон чиглэлд үйл ажиллагаа явуулж буй тус агентлагийг удирдан зохион байгуулах, тасралтгүй үйл ажиллагаа, мэргэжлийн удирдлагаар хангахад чухал үүрэг гүйцэтгэн манлайлал үзүүлэн ажиллаж байна. Тус агентлагаас 2020 онд сэтгүүл, сонин, сайт төслийн хүрээнд “Best of Mongolia” хэрэглэгч-олон нийтийн цахим санал асуулга, “Монголыг хөгжүүлэх 99 байгууллага” боть-1 зэрэг төслийг амжилттай хэрэгжүүлсэн зэрэг шалгуураар үнэлж байна.

“Шилдэг судлаач” төрөлд МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор С.Амартүвшингийн “Сэтгүүл зүйн тухай” судлал, шүүмжийн бүтээлээр шалгарууллаа.

Тус бүтээл нь сэтгүүл зүйн салбарын өргөн хүрээг хамарч, уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон шинэ хэрэгслийн тал бүрийн асуудлыг тусгасны зэрэгцээ шилдэг нийтлэл, нэвтрүүлэг, хэвлэл мэдээллийн хэрэгслийн бүтээлүүдийн алдаа дутагдал болон ололт амжилтыг онол-практикийн үндэслэлтэй хөндсөн байна. Эрдэм шинжилгээний өгүүллүүд нь сэтгүүл зүйн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замуудыг шинжлэх ухааны үндэслэл, онолын үзэл баримтлалтай даацтай тодорхойлон үнэлж дүгнэсэн зэрэг шалгуурыг гол болгож байна.

Сэтгүүл зүйн салбарын “ГАН ҮЗЭГ 2020” оны тэргүүн наадмын шилдгүүд:

ШИЛДЭГ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА:

– Шилдэг телевиз – “NTV” телевиз

– Шилдэг радио- “MGL” радио 88.3

– Шилдэг мэдээллийн сайт – “Zarig.mn”

– Шилдэг сонин- “Зууны мэдээ” сонин

– Шилдэг сэтгүүл- “Гэрэг” сэтгүүл

– Орон нутгийн шилдэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл- Дархан-Уул аймгийн “RGB” телевиз

– СОНИНЫ ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ- “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Д.Гансаруул

ШИЛДЭГ РЕДАКТОР:

-СОНИНЫ ШИЛДЭГ РЕДАКТОР– “Өдрийн сонин”-ы хариуцлагатай нарийн бичгийн дарга Д.Оюунтуяа

-Телевизийн шилдэг редактор – “ТВ5” телевизийн Улс төрийн албаны дарга, редактор А.Болдсайхан

-Мэдээллийн сайтын шилдэг редактор – “Zindaa.mn” сайтын Ерөнхий редактор Б.Бадамгарав

ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ:

– Телевизийн шилдэг сэтгүүлч- “ТВ8” телевизийн сэтгүүлч Ц.Гэрэлмаа

– Радиогийн шилдэг сэтгүүлч- “Гэр бүлийн радио 104.5”-ын сэтгүүлч Б.Баясгалан

– Мэдээллийн сайтын шилдэг сэтгүүлч- “livetv.mn” сайтын сэтгүүлч С.Будрагчаа

– Сэтгүүлийн шилдэг сэтгүүлч- “Mining&economic” сэтгүүлийн сэтгүүлч Ж.Баяржаргал

– Гэрэл зургийн шилдэг сэтгүүлч- “Монцамэ” агентлагийн гэрэл зургийн албаны дарга Б.Чадраабал

Орон нутгийн шилдэг сэтгүүлч – Төв аймгийн “TBS” телевизийн сэтгүүлч Т.Саранчимэг

ШИЛДЭГ МЕНЕЖЕР:

– “Улстөрч агентлаг”-ийн Гүйцэтгэх захирал Г.Золбаяр

ШИЛДЭГ СУДЛААЧ:

– МУБИС-ийн НХУС-ийн сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор -С.Амартүвшин

Дэмжигч байгууллага: “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК

Categories
мэдээ нийгэм

ЗӨВЛӨГӨӨ: 108 мөргөх нь ямар ч дасгалаас илүү үр дүнтэй

Шинжлэх ухаанд мөргөлийг тайлбарлахдаа хөдөлгөөнд нь 200 гаруй гимнастикийн элемент багтсан байдаг гэжээ. Энэ нь хүний биеийн галбирыг сайхан болгож, цусны эргэлтийг сайжруулан, биеийн хөдөлгөөн уян хатан болж, хуян шар ус арилгадагийг нотолсон байна. Эмч нар өдөрт 108 удаа сунаж мөргөхийг зөвлөх болж. Турж, эрүүлжин, гоолиг болохыг хүсэгчдэд ч энэ аргыг зөвлөж байна. Дундаж хурдаар хийхэд 108 удаа сунаж мөргөхөд 15-20 минут зарцуулдаг. Өглөө, өдөртөө хоёр удаа хийж заншвал тун сайн гэнэ.

Мэргэжилтнүүд хэлэхдээ долоо хоногтоо гурван удаа идэвхтэй хөдөлгөөн хийж байх хэрэгтэй гэдэг. Гэвч энэ зөвлөгөөг дагаж чаддаг нь хэр олон бол. БНСУ-ын эмч, доктор Ким Жэйсон “108 удаа сунаж мөргөхийн ач тус”-ыг ингэж зөвлөжээ. Доктор Ким энэхүү дасгалыг “Байгалиас заяасан хоёр дахь хөдөлгөөн гэж нэрлэжээ. “Энэхүү дасгалыг хийхэд хүний өвдөг, тохой, магнай гээд бүх зүйл газарт хүрээд буцдаг. Харахад амархан энгийн мэт боловч үр дүн нь гайхалтай. Мөн энэ дасгалыг хүссэн үедээ хаана ч хийж болно. Дөрвөн жилийн өмнөөс энэ дасгалыг хийж эхэлсэн нэгэн залуу ингэж ярьсан юм. Тэр найзаасаа сонсч л дээ. Гэхдээ анх сонсоод итгээгүй байна. Гэсэн ч үр нөлөө нь шууд гарч эхэлжээ. Өглөө сэрэхэд хэцүү байдаг байсан бол долоо хоногийн дараа л би өглөөтэй өөрөөр мэндэлдэг болсон. 2 сарын дараа миний шингэхэн үснүүд өтгөн сайхан болсон. Бас миний нурууны архаг өвчин нэг ч зүү тавьж эмчлээгүй байхад ул мөргүй алга болсон гэж байв” хэмээн доктор Ким ярьжээ.

Тэрээр энэхүү 108 удаа сунаж мөргөх тухай маш олон баримт цуглуулж, судалж эхэлжээ. Улмаар үйлчлүүлэгч, ойр дотныхондоо энэ аргыг санал болгох болсон байна.

Өдөрт 108 удаа сунаж мөргөхийн ач холбогдол нь шинжлэх ухаанаар батлагдсан бөгөөд артерын судас хатуурахаас сэргийлж, холестриныг бууруулж, түүнчлэн хэвлийн таргалалт үүсгэдэг гол хүчин зүйлийг ихээр бууруулдаг нотлогджээ. Дээрээс нь сэтгэцийн гаралтай өвчинд маш сайн болохыг доктор Ким нэмж хэлсэн байна.

Мөн тэрбээр гэр бүлийн хамт энэ аргыг туршиж үзсэнээр маш олон өөрчлөлтүүд гарч байгаа тухай ярьжээ.

“Манай гэрийнхэн өглөөг маш сайхнаар эрч хүчтэй угтдаг болсон. Бидний гэр бүлийн харилцаа улам л таатай болж байна. Би хүүхдүүдээ загнаж, шийтгэхийн оронд хамтдаа 108 удаа сунаж мөргөдөг болсон” гэжээ. Тэрээр энэ сэдвээр “10 минутанд биеийг минь өөрчлөх гайхамшигт дасгал” номыг бичсэн байна.

Түүнчлэн судрын ёсны номонд мөргөл үйлдэхийн 8 ач тусыг ингэж тайлбарлажээ.

  • Хойд төрлүүддээ эрхтэн бүрэн төгс сайхан биеийг олох болно.
  • Цаг ямагт тус дэм үзүүлэх нөхдөөр төгс хүрээлэгдэж санасан бүхэн чинь сэтгэлчилэн бүтэх болно.
  • Хойд төрлүүддээ цэвэр ариун ёс суртахуунт бүхий болно.
  • Сүсэг бишрэлтэй амьдрах болно.
  • Бусдын төлөө ихийг хийх, хамаг амьтныг хөтлөх үүрэг хариуцлагыг хүлээх зориг зүрхтэй болно. Бусдыг удирдах болно.
  • Тэнгэрийн болон хүний төрлийг олох болно.
  • Дээдийн мөрд орох буюу шашинтай уулзах болно.
  • Бурханы хутгийг олж гэгээрэх болно
Categories
мэдээ нийгэм

МСНЭ үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн өдөр тохиож байна

Монгол Улсын хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарын мэргэжлийн төв байгууллага, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл (МСНЭ) үүсч хөгжсөний 70 жилийн түүхт ойн өдөр өнөөдөр (2021.01.16) тохиож байна. Түүхт өдрийн баярын мэндийг Монголын хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн мэргэжлийн төв байгуллагыг удирдаж байсан үе, үеийн удирдлагууд, мөн энэхүү салбарт хөдөлмөрлөж байгаа сэтгүүлч нартаа хүргэе.

Түүх сөхвөл Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл нь 1951 оны нэгдүгээр сарын 16-нд байгуулагдсан юм. Гэгээрлийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн төв хорооны дэргэд “Сэтгүүлч нарын секц” байгуулах шийдвэр гарснаар Монголын сэтгүүлчдийн мэргэжлийн төв байгууллагын суурь тавигдсан түүхтэй. Монголын сэтгүүлчдийн холбоо байгуулагдсанаар даргаар нь тухайн үед “Үнэн” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга О.Пунцаг томилогдож байжээ.

Монголын сэтгүүлчдийн анхдугаар их хурал 1963 оны арваннэгдүгээр сарын 27-нд Засгийн газрын ордонд хуралдсан байна.

Харин 1970 оны үед Монголын сэтгүүлчдийн байгууллага зохион байгуулалтын хувьд бэхжиж, сонин, сэтгүүл, мэдээлэл, радио телевиз, хэвлэлийн газрын ажилтан 500 гаруй сэтгүүлчийг эгнээндээ нэгтгэсэн 30 гаруй салбартай болж, өргөжжээ.

Монголын сэтгүүлчдийн II их хурал 1970 онд, III их хурал 1976 оны арванхоёрдугаар сарын 7-нд болжээ.

Монголын сэтгүүлчдийн байгууллага нь 1992 онд Монголын сэтгүүлчдийн холбоо (МСХ), Монголын чөлөөт ардчилсан сэтгүүлчдийн эвлэл (МЧАСЭ) гэсэн хоёр байгууллага болон салж тус тусдаа үйл ажиллагаа эрхэлсэн түүх бас бий аж.

Улмаар 2002 оны дөрөвдүгээр сарын 2-нд Монголын сэтгүүлчдийн холбоо, Монголын чөлөөт ардчилсан сэтгүүлчдийн эвлэл тус тусдаа хуралдаж, өөр өөрийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гарган, нэгдсэн их хурал хийснээр МСХ, МЧАСЭ хоёрыг нэгтгэх тухай асуудал хэлэлцэн, нэгдсэн байгууллагаа Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл гэж нэрлэхээр тогтож, ерөнхийлөгчөөр нь “Их Монгол” дээд сургуулийн захирал С.Батмөнхийг сонгож байжээ.

Монголын Сэтгүүлчдийн Холбооны (МСХ) даргаар

  • 1951-1953 онд О.Пунцаг
  • 1953-1957 онд Ж.Зундуй
  • 1957-1962 онд Г.Дэлэг
  • 1962-1963 онд Г.Очирбат
  • 1963-1984 онд Ц.Намсрай
  • 1984-1990 онд Л.Түдэв
  • 1990-1993 онд Ц.Мөнхжаргал

Монголын Сэтгүүлчдийн Холбооны (МСХ) ерөнхийлөгчөөр

  • 1993-1996 онд С.Цэрэндорж
  • 1996-2002 онд Ц.Бат-Орших
  • 2002 онд Ц.Дашдондов
  • 2002-2006 онд До.Цэнджав
  • 2006-200 онд Т.Баасансүрэн
  • 2011-2018 о9 онд Д.Сарангэрэл
  • 2009-2011нд Б.Галаарид
  • 2018-2020 он Х.Мандахбаяр
  • 2020 оноос МСНЭ ийн ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр З.Боргилмаа ажиллаж байна.