Categories
мэдээ цаг-үе

Үйл ажиллагааг нь үргэлжлүүлэн хязгаарлах салбарууд

Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр болсон.

Энэ үеэр үйл ажиллагааг нь хязгаарласан зарим чиглэл, салбаруудыг үе шаттайгаар нээх асуудлыг хэлэлцсэн байна. Ирэх долоо хоногоос зарим төрлийн барааны худалдаа, үйлчилгээний тодорхой чиглэлүүдийг халдвар хамгааллын дэглэм, шаардлагуудыг мөрдүүлэн нээхээр боллоо.

Үүнд: Цахилгаан бараа, Тавилга Гар утасны төвлөрсөн худалдаа, Түргэн үйлчилгээний цэг, Цанын баазын үйлчилгээ зэрэг багтаж байна. Гэхдээ дараах салбарын ААН-үүд хаалттай хэвээр байна.

1. Бүх төрлийн хувцас, гэр ахуйн бараа, бөс бараа, гоо сайхны бараа, тоглоом/

2. Олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, аялал зугаалга, тэмцээн уралдаан, хурим найр, цайллага, хүлээн авалт

3. Бүх төрлийн баар

4. Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа

5. Цахим болон бүх төрлийн тоглоомын үйлчилгээ

6. Спортын арга хэмжээ /заал, фитнес, бүжиг, иогийн клуб/

7. Саун, бассейн

8. Шашны зан үйл /гандан, сүм хийд, мөргөлийн газрууд/

9. Урлаг соёл, үзвэр үйлчилгээ

10. Үсчин, гоо сайхан, хумс засал

11. Бариа засал, массажны газар, алжаал тайлах төв

12. Амралт, жуулчны бааз, зочид буудал, дэн буудал

13. Нийтийн халуун ус

14. 5-аас дээш хүнтэй танхимын болон үйлдвэрлэлийн сургалт

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Ч.Мөнхбаяр: Сонгуулийг алдаатай зохион байгуулчихаад нэр дэвшигчдийг хоморголон хэлмэгдүүлнэ гэдэг дэлхийг ч дэлдийлгэх хэрэг

2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн хүмүүст Үндэсний аудитын газар (ҮАГ) зөрчлийн хэрэг үүсгүүлжээ. Тэдгээр хүмүүс эвлэлдэн нэгдэж, хөдөлгөөн байгуулж тэмцэнэ гэв. Тус хөдөлгөөнийг зохион байгуулагчдын нэг, СХД-ийн 28 дугаар тойрогт нэр дэвшсэн Ч.Мөнхбаяраас тодруулга авлаа.


-Та бүхэн ямар хэрэгт холбогдсон юм бэ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?

-Үндэсний аудитын газар (ҮАГ) прокурорт гомдол гаргаж, нэр дэвшигчдэд хэрэг үүсгүүлсэн. 10-30 саяар торгоно. Илүү ч торгож магадгүй. Торгосон шийтгэлийн бичгүүд нэр дэвшсэн хүмүүст очсоор байгаа. Энэ мөнгийг өгөх боломж ихэнхэд нь байхгүй учир хорих ял болох өндөр магадлалтай. Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн үнэлгээгээр бодоход 2-8 жилийн ял авна гэж учир мэдэх хүмүүс яриад байгаа. Энэ бүхэн нь томоохон улс төрийн хямрал үүсгэж магадгүй байна. МАН-аас бусад бүх нам эвсэл, бие даагчид нэгдэх янзтай. Зөрчлийн хэрэгт холбогдсон нэр дэвшигчид фэйсбүүкээр эвлэлдэн нэгдэж, “Аудитын хохирогчид” гэсэн урьдчилсан нэртэйгээр хөдөлгөөнийг үүсгэн ажиллаж байна.

-Одоогоор хичнээн хүн хэрэгт холбогдоод байна вэ?

-Зардлын дансны явцын тайлангийн зөрчилд 114, эцсийн тайлангийн зөрчилд 137 хүн холбогджээ. Зардлын данс бүртгүүлээгүй зөрчилд бол бараг бүгд холбогджээ. Ер нь сонгуульд ялснаас бусад нь буюу нэг намын голдуу хүмүүс зөрчилд холбогдоогүй шиг. Манай тойрогт АН-ын туршлагатай улстөрч О.Магнай хүртэл тайлангийн хэрэгт холбогдсон. Тэр хүн ч ҮАГ-ын явдлыг мэдэлгүй хэрэгт холбогдоод байхад бусад нь яах вэ. Манай тойрогт МАН-ы нэр дэвшигчдээс бусад нь холбогджээ л гэж харагдаад байгаа. Нэр дэвшигчдийн ярианаас үзэхэд, МАН-ын хүн зөрчилд орчихлоо гэж дуулдаагүй.

Хандив өгсөн хүн нь регистрээ бичээгүй ч гэдэг юм уу, дансанд нь мөнгө үлдсэн, зарим зарцуулалтаа хөдөлшгүй баримтаар нотолж чадаагүй гээд л өчнөөн төрлийн зөрчилд хэрэг үүссэн байна. Нэг зөрчил 10 саяын торгуультай. 4 зөрчилтэй бол 40 сая. 340 тэрбумын хэрэгт холбогдсон банкир Б.Ундармаа 40 саяын торгуулиар шийтгүүлсэн. УИХ-д бор зүрхээрээ нэр дэвшиж, эрх баригчдыг сөрж зүрхэлсэн эгэл хүн адилхан 40 саяын торгуулиар шийтгүүлэх нь л дээ. Зөрчлийн хууль амьдралд нийцэхгүй байгааг онцлон хэлье. Бид зөрчлийн хуулийг мөн шүүмжлэн дуугарах болно. Фэйсбүүкт нэг хүн 300 тэмцэгч хэрэгт орлоо гэсэн байсан. Бүр ч олон л доо. 80-90 хувь нь байх.

-Яагаад ийм нөхцөл байдал үүсэв?

-ҮАГ бүртгэл, тайлангуудаа СЕХ-ны зөвлөмжид нэгтгээгүй, нэр дэвшигчдэд ч мэдэгдээгүй, хуулиа сурталчлаагүй, хэрэгжүүлээгүй. Аудитын тухай хуулийн 15.1.3.-д заасны дагуу Улсын ерөнхий аудитор үйл ажиллагаагаа гүйцэтгэхийн тулд банк, СЕХ, нам эвсэл, нэр дэвшигчдээс зардлын дансыг шаардаж авах ёстой байж, аваагүй. Хуулийн дагуу СЕХ нэр дэвшигчийн зөвлөмж, бичиг баримтын бүрдүүлэлтийг зохион байгуулж, нэг цэгт шаардлагатай бүх бичиг баримтыг төвлөрүүлэн хүлээж авдаг. Үүнийг л хуулийнхаа дагуу нэр дэвшигчид дагадаг. СЕХ-ны зөвлөмжид ҮАГ-ын бүртгэл, тайлан дурдагдсангүй. Нэр дэвшигчид хандивын дансаа бүртгүүлээгүй биш, ХААН банк, СЕХ-нд бүртгүүлсэн, тэднээр дамжаад ҮАГ-т бүртгэгдсэн гэж ойлгосон. СЕХ хандивын дансны баримтыг бүртгээд авч байсан. “Хандивын дансны баримтыг бид хүлээж авахгүй, ҮАГ-т бүртгүүл” гээгүй. СЕХ-нд бид хуулийн дагуу бүрэн итгэсэн. Ингээд биднийг “хууль зөрчөөгүй” гээд сонгуульд оруулснаас хойш таван сарын дараа “та нар хууль зөрчиж сонгуульд орсон байна” гэх болсон.

-Яагаад үйл ажиллагаа нь уялдаатай байх ёстой төрийн хоёр байгууллага эсрэг байр суурьтай байна вэ?

-Төрийн байгууллагуудын чадамж доройтож байгаагийн л илрэл. Хэрэв бараг бүх нэр дэвшигч хууль бусаар бүртгүүлж, хууль бусаар сонгуульд оролцсон юм бол ҮАГ, СЕХ хоёр хууль бус сонгууль зохион байгуулсан юм байна, энэ сонгууль хуулийн дагуу хүчингүй болох ёстой юм байна, өөрсдөө хариуцлага хүлээх ёстой юм байна. Хууль бус сонгуулиар өнөөгийн эрх баригчид төрийн эрхийг хууль бусаар авсан гэж ҮАГ ойлгуулж байна. Яагаад ийм олон зөрчил гарав гэдэгт дүгнэлт хийх хэрэгтэй. Дүгнэлт хийсний үндсэн дээр эх үүсвэрийг нь, шалтгааныг нь засахгүй, үр дагавартай нь тэмцэлдэх юм бол сонгуулиа явуулж чадахгүй болох нь.

-Үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэх гарц юу вэ?

-Хамаг сөрөг хүчээ ялтан болгоход хүргэх нөхцөл байдлаас гарах гарц нь нэр дэвшигчдийн зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох. ҮАГ, СЕХ хариуцлага алдаж, хууль хэрэгжүүлээгүйн бурууг бид үүрэх ёсгүй. Бид бүхний гэм буруугүйг тогтоож, ҮАГ, СЕХ-нд хариуцлага хүлээлгэх хэрэгтэй байна. Зөрчлийн эх үүсвэр нь ҮАГ, СЕХ. Энэ хоёр байгууллага хууль зөрчигдөхөөс яагаад урьдчилан сэргийлээгүй юм бэ.

-Та бүхэн цаашдаа ямар үйл ажиллагаа явуулах вэ?

-Сүүлийн үед Ж.Эрдэнэбат хоригдож байгаатай холбоотойгоор ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ардчилал алдагдлаа, олон улсын парламентын холбооноос ичиж байна гэж их ярьсан. МАН-ын гишүүний хувьд л ардчилал яригдах ёстой юу. Сонгуулийг алдаатай зохион байгуулчихаад нэр дэвшигчдийг хоморголон хэлмэгдүүлнэ гэдэг дэлхийг ч дэлдийлгэх хэрэг. Парламентын сонгуульд нэр дэвшсэн хамаг сөрөг хүчнээ урхинд унагаж, шоронд хийх гэж байна гэдэг ёстой л ардчилал алдагдсан, олон улсын парламентын холбооноос ичмээр хэрэг байлтай.

Өнөөдөр Монгол Улс дарангуйлал, Хойд Солонгос руу хэлбийж байна. Ерөнхийлөгчөөс АТГ, онц байдлын эрхийг авчихлаа. Нэг хүнд л бүх эрх мэдэл, хяналт төвлөрөөд байна. Хамаг сөрөг хүчээ шоронд хийх нь. Коронавирусийн дэглэм хойчийн нэг намын, магадгүй нэг хүний дэглэмийн бие халаалт, дадлага сургууль, бэлтгэл болж хувирч байгаа.

Биднийг шалгахдаа зөвхөн ҮАГ-ын буруутгасан зүйлийг л хараад, өөр заалтууд, хуулиудыг хэрэглэхгүй байгаа. Хэрэглэсэн бол бид буруугүй нь тогтоогдож, хэн буруутай нь тодрох байсан. Бид бүхэн ҮАГ-ын алдаатай шийдвэрийг цуцлуулахаар шүүхэд хандана. Өөр аргагүйд хүрч байна. Аудитын хэрэгт холбогдсон нэр дэвшигчид бол иргэдийн итгэл дэмжлэгийг хүлээсэн, эрх ашгийг нь хамгаалдаг, эрүүл нийгмийн төлөө зүтгэж тэмцэж ирсэн, ард түмний төлөөлөл, дуу хоолой болсон хүмүүс. Бид нэгдвээс хүчтэй. Шаардлагатай бол тэмцлийн шат ахиулсан төрөл бүрийн хэлбэрт шилжинэ. Ард иргэд сонгох эрхээ хамгаалж, хилсдэж байгаа биднийг дэмжээрэй.

Р.ЖАРГАЛ

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Хөхөгчин үхэр өдөр

Аргын тооллын нэгдүгээр сарын 17, Адъяа гариг. Билгийн тооллын 4, Шувуун хушуут одтой, хөхөгчин үхэр өдөр. Өдрийн наран 8:35 цагт мандан, 17:29 цагт жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 13-15 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 29-31 градус, бусад хэсгээр 23-25 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолой болон говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 27-29 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө 28-30 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн орон сууцнуудын агааржуулалт, бохирын системийн ариутгал халдваргүйтгэлтэй холбоотой дүгнэлт гаргуулна

Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссын хамтарсан шуурхай хуралдаан Хангарди ордны хурлын зааланд цахим хэлбэрээр өнөөдөр боллоо. Тус хуралд Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, НОК-ын дарга Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, болон бусад албаны хүмүүс оролцлоо. Хурлаар Нийслэлийн Онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй ажлыг дүгнэн, санал солилцож тодорхой үүрэг чиглэлийг УОК-ын дарга Я.Содбаатар Нийслэлийн онцгой комисст өглөө.

Нийслэлийн онцгой комиссоос с 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш халдварын голомтын 119 цэгт халдвар хамгааллын дэглэм сахиулах, халдваргүйжүүлэлт хийж ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд хязгаарлалтын дэглэмийг сахиулах чиглэлд Цагдаа, Онцгой байдал, Мэргэжлийн хяналт болон Дотоод хэргийн их сургуулийн сонсогч нар буюу нийт 16907 алба хаагч хяналт тавин ажиллаж байгааг Нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа.

Хурлын үеэр Баянзүрх, Баянгол дүүргийн Засаг дарга нар коронавирусийн тархалтын үед үүссэн нөхцөл байдал, нутаг дэвсгэрийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгч, цаашид шийдвэрлэх шаардлагатай асуудлыг танилцуулав.

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дэд дарга Г.Сугарбат “Ойрын өдрүүдэд цаг агаарын байдал -10 градусаас бууна. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яам болон холбогдох байгууллагаас өгч буй зөвлөмжөөр агаарын хэм -10 градусаас бага байх үед ариутгал, халдваргүйтгэлийг онцгойлон анхаарах шаардлагатай байдаг. Тиймээс дүүргүүд дулааны улиралд хийх урьдчилсан ариутгал халдваргүйтгэлийн бэлтгэл ажлыг одооноос хангах шаардлагатай байна. Баянгол, Чингэлтэй, Баянзүрх дүүргүүд нүхэн жорлонгийн ариутгал халдваргүйтгэлд онцгойлон арга хэмжээ авч ажиллах шаардлагатай” хэмээв.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Нийслэлийн болон дүүргүүдийн эрүүл мэндийн газар маш сайн ажиллаж байгаа. Нийслэлийн хэмжээнд хэд, хэдэн дүүрэгт ПГУ (PCR) шинжилгээ авах цэгийг шинээр байгуулсан. Цаашид шинжилгээ авах, цэгүүдийн үйл ажиллагааг зохион байгуулалттай явуулах, шинжилгээ авахдаа халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллахад онцгойлон анхаарах хэрэгтэй. Энэ асуудалд мэргэжлийн хяналтын газар эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллах шаардлагатай” гэж хэллээ.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар төрийн шийдвэрийг бүрэн хэрэгжүүлж, шаардлагыг өндөржүүлэн ажиллах, Эрүүл мэндийн яамны сайдын хөндсөн асуудлыг ажил хэрэгтээ тусгаж ажиллахыг үүрэг болгов. Мөн УОК-ын дарга Я.Содбаатар нийслэлийн хэмжээнд QR код ашиглалтыг сайжруулах, нийслэлээс Ажлын хэсэг байгуулж орон сууцуудын агааржуулалт, бохирын системд ариутгал халдваргүйтгэлтэй холбоотой дүгнэлт гаргуулах, аж ахуйн нэгж, байгууллагуудын хариуцлагыг өндөржүүлэх чиглэлд анхаарч, мэдээллээр хангахыг үүрэг болголоо гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ цаг-үе

“Өдрийн сонин”-ы Хариуцлагатай нарийн бичгийн дарга Д.Оюунтуяа “Шилдэг редактор” боллоо

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл түүхт 70 жилийн ой тохиож буй энэ өдрөө сэтгүүл зүйн салбарын оны шилдгийг тодруулах “Ган үзэг 2020” тэргүүн наадмын шалгаруулалтын дүнгээ танилцууллаа.

“Өдрийн сонин”-ы хариуцлагатай нарийн бичгийн дарга Д.Оюунтуяа “СОНИНЫ ШИЛДЭГ РЕДАКТОР”-оор шалгарлаа.

Д.Оюунтуяа нь 1999 оноос одоог хүртэл “Өдрийн сонин”д сэтгүүлч, албаны дарга, Хариуцлагатай нарийн бичгийн даргаар үр бүтээлтэй ажиллаж байна. Тэрбээр редакци, түүний зохион байгуулалт, сэтгүүлчдийн ур чадвар, эх бичвэрийг редакторлох үе шат, сонины хэл найруулгад чадварлаг сэтгүүлч, туршлагатай редактор, зохион байгуулагч юм. Түүний нийтлэлүүд сэтгүүл зүйн дөрөв дэх засаглал байх зарчимд яв цав нийцэж, нийгэмд бугшсан асуудлуудыг шийдвэрлэхэд дорвитой хувь нэмрээ оруулсаар иржээ.

Д.Отгонтуяа

Categories
мэдээ цаг-үе

​”Өдрийн сонин”-ы сэтгүүлч Д.Гансаруул 2020 оны “Сонины шилдэг сэтгүүлч”-ээр шалгарлаа

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл түүхт 70 жилийн ой тохиож буй энэ өдрөө сэтгүүл зүйн салбарын оны шилдгийг тодруулах “Ган үзэг 2020” тэргүүн наадмын шалгаруулалтын дүнгээ танилцууллаа.

Өдрийн сонины сэтгүүлч, www.admin.dnn.mn сайтын Орлогч захирал Д.Гансаруул “СОНИНЫ ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ”-ээр шалгарлаа.
Сэтгүүлч Д.Гансаруул нь уншигчдын эрэлт хүлээлтийг мэдэрч, цаг үеийн чухал сэдвүүдээр эх сурвалжуудтай уулзан ярилцах, эрэн сурвалжлах чиглэлд амжилттай ажиллаж, олон ярилцлага, нийтлэл, сурвалжлагыг 2020 онд бэлтгэжээ. “Ямаа самнах гэдэг чинь бараг массаж юм шүү дээ, Номинжин минь”, “Гуяндаа нагаантай Ерөнхий сайд минь гурав мөргөж бөхөлзөх нь өрөвдөлтэй”, “Гэрэлт цохны булш”-ийн эмгэнэлт түүхийг монгол төр шинээр бүтээсэн нь”, “Дүрвэгч Эрдэмтсоёмбо: Өмнөд монголчууд маань удаан тэсэхгүй нь ээ”, “НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра:Өмнөд Монголд болж буй хөдөлгөөн бол олон улсын түвшний асуудал” зэрэг олон шилдэг нийтлэл, ярилцлагыг бэлтгэсэн учир Оны шилдэг сэтгүүлчээр ийнхүү шалгарлаа.

Д.Отгонтуяа

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн гурван цэгт агаар бохирдолтой байна

15.45 минутын байдлаар нийслэлд дараах гурван цэгт агаар бохирдолтой байв:

  • Баруун дөрвөн зам 181
  • Бөхийн өргөө 135
  • Мишээл экспо 125

Бусад цэгүүдэд агаар хэвийн болон цэвэр байв.

Улаанбаатар хотын өнгөрсөн 7 хоногийн агаарын чанар, 2021 оны 1 дүгээр сарын 04-өөс 10-ны өдөр
/2020 оны мөн үетэй харьцуулснаар

Categories
гадаад мэдээ

АНУ-ын засгийн газар “Хiaomi” тэргүүтэй БНХАУ-ын компаниудыг “хар жагсаалт”-даа оруулав

Upcoming Xiaomi smartphones 2020: Redmi Note 9, Note 9 Pro, Mi MiX 4, Mi A4  - Specifications, Release Date, Price, Leaks & details | DigiStatement

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа БНХАУ-ын ухаалаг гар утас үйлдвэрлэгч “Xiaomi” тэргүүтэй технологийн 10 компанийг “Хар жагсаалт”-д орууллаа.

Эдгээр компанийг БНХАУ-ын зэвсэгт хүчинтэй холбоотой, үндэсний аюулгүй байдалд эрсдэлтэй гэж үзжээ. Хэдий тийм боловч “Xiaоmi”-ийн эсрэг энэхүү арга хэмжээ нь “Apple”-ийг дэмжих гол зорилготой гэж шинжээчид таамаглаж байна. Тухайлбал: өнгөрсөн оны III улиралд “Xiaomi”-ийн борлуулалт “Apple”-ийнхийг давсан байж магадгүй байгааг “International Data Corporation” тооцоолжээ.

Categories
гадаад мэдээ

Дэлхийн гаалийн байгууллагын “ДАТА МОДЕЛ”-ийн шинэ хувилбар гарлаа

Дэлхийн Гаалийн Байгууллага /ДГБ/-ын Дата Модел төслийн баг /DMPT/ “Дата Модел”-ийг хөтөлж, шинэчилсэн хувилбарыг гаргах үүрэгтэй ажилладаг.

Дата моделийн техникийн үйлчилгээний үйл явцыг холбогдох үйлчилгээний журмын дагуу явуулж, ДГБ-ын Дата моделийн хэрэглэгчид, Тухайлбал, тус байгууллагын гишүүд, түнш орны Засгийн газрын байгууллага, бусад олон улсын байгууллагууд дата засварлах хүсэлтийг төслийн багт хянуулахаар өгөх боломж олгодог. Дата Моделийн төслийн баг 2019-2020 онд гишүүдээс ирүүлсэн 33 дата засварлах хүсэлтийг хүлээн авч баталсан. Эдгээр бүх батлагдсан дата засварлах хүсэлтийг нэгтгэн “ДГБ-ын Дата модел 3.10.0 хувилбар”-ыг гаргажээ.

Энэхүү шинэчилсэн хувилбар /Version 3.10.0/ нь 3 дугаар хувилбарын ерөнхий давталт бөгөөд энэ нь гаалийн импорт/экспорт/ дамжин өнгөрөх журмын өгөгдөл /дата/-ийн шаардлага, түүний дотор дижитал хамтын ажиллагааны дүрэм журмыг дэмжих үүднээс Нэг цонхны орчинд ажилладаг Гаалийн байгууллага болон түнш төрийн агентлагууд хамрагддаг байна.

Иймд ДГБ-ын Дата моделийн 3.10.0 хувилбарт худалдаа эрхлэгчдэд дүрэм журмын өгөгдөлийн шаардлагыг /импортын мэдүүлэг, ачааны мэдүүлэг, дамжин өнгөрөх мэдүүлэг гэх мэт хувийн байгууллагаас Засгийн газарт /B2G/ ирүүлдэг мэдүүлэг;

Цахим гэрчилгээ /лиценз, зөвшөөрөл, гэрчилгээ болон бусад төрлийн цахим баримт бичиг;

Хяналтын мэдэгдэл, эсвэл хариу /G2B;

Мөн Засгийн газар хоорондын мэдээлэл солилцоо /өөрөөр хэлбэл INTERGOV + G2G/.

Гуравдугаар хувилбарын нэг хэсэг болгоны шинэ хувилбар нь өмнөх хувилбартай уялдаатай хэвээр юм байна.