Categories
мэдээ цаг-үе

БЗД-ийн 5231 иргэнийг шинжилгээнд хамруулахад коронавирусийн 50 тохиолдол илэрчээ

БЗД-ийн 17-р хороонд хөл хорио тогтоож, 5231 иргэнийг шинжилгээнд хамруулахад коронавирусийн 50 тохиолдол илэрлээ.

Баянзүрх дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 01 дүгээр сарын 11-нд сэжигтэй тохиолдол илэрснээс хойш халдварын тохиолдол эрчимтэй өсч 1 дүгээр сарын 13-нд 16 тохиолдол бүртгэгдсэн. Иймээс халдварын голомт тархахаас урьдчилан сэргийлж 2021 оны 01 дүгээр сарын 13-ны А/08 захирамжаар 2021 оны 01 дүгээр сарын 14-нөөс 16-ныг дуустал Баянзүрх дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт хэсэгчилсэн хязгаарлалтын дэглэм тогтоож, 18-аас дээш насны 6475 иргэнийг ПСР шинжилгээнд хамруулах шийдвэр гаргасан. Үүний дагуу байнгын 4 цэг, явуулын 7 баг ажилласан байна.

Дээрх ажлуудыг хийсний үр дүнд өнөөдрийн байдлаар 9,17-р хорооноос нийт 50 тохиолдлыг илрүүллээ. Үүнээс 9-р хорооны 18, 17-р хорооны 32 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд нөхцөл байдал амаргүй байгаа энэ цаг үед иргэн та үйлчилгээний төвөөр үйлчлүүлэхдээ халдвар хамгааллын дэглэмээ барьж, заавал QR код уншуулж та өөрийгөө болон хайртай бүхнээ болзошгүй эрсдэлээс сэргийлж чадахыг БЗД-ийн Онцгой комиссоос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хүүхэдтэйгээ муудалцаад гэрээсээ явсан эмэгтэйг эсэн мэнд олжээ

Завхан аймгийн Дөрвөлжин сумын Тавантолгой багийн “Ловон” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 150 км, сумын төвөөс баруун зүгт 90 км-т/ нэгдүгээр сарын 15-ны өдрийн 13:00 цагт нэг иргэн гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай дуудлагыг нэгдүгээр сарын 16-ны өдрийн 21:20 цагт хүлээн авсан.

Тус сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөр ахлуулсан иргэд тус сумын харьяат иргэн Т/54 настай, эмэгтэй/ нь хүүхэдтэйгээ муудалцсны улмаас гэрээсээ гараад сураггүй болсон тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 23:40 цагт Буурал багийн “Бор-Үзүүр” гэдэг газар (гэрээс нь зүүн зүгт 40 км)-аас иргэн Ү-ийн гэрээс эсэн мэнд олсон.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлийн бүх нийтийн тээврийн автобус, таксинд QR код байршуулжээ

Өнөөдрөөс нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй бүх автобус болон таксинд QR код байршуулжээ. Ингэснээр иргэдийн зорчих хөдөлгөөнийг бүртгэх боломжтой болж байгаа юм. Байрлуулсан QR кодны бүртгэлээр Улаанбаатар хотод нийтийн тээврийн 97 чиглэлд 20 аж ахуйн нэгжийн автобус үйлчилж байгаагаас өнөөдрийн байдлаар 635 автобус, 432 такси нийтийн тээврийн хөдөлгөөнд гарч, өглөөний 07:00-10:00 цагийн байдлаар 18330 зорчигч тээвэрлэжээ.

Categories
мэдээ нийгэм

Мөсөн дээр дрифт хийхгүй байхыг анхаарууллаа

Сүүлийн үед иргэд найз нөхөд, гэр бүлээрээ салхинд гарч голын мөсөн дээгүүр гулгах, автомашинаар дрифт хийх тохиолдол олон гарч байна. Гол мөрөн, нуурын ус битүү хөлдөлт үүссэн ч мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд бэхжээгүй байгааг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна. Иймд болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж, цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, машинаар зорчихгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байхыг анхааруулж байна.


Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Япончуудын тухай заавал мэдэх ёстой 11 баримт


Арлын Япон улс бол уламжлалт болон орчин үеийн соёл хосолсон дэлхийн хамгийн сонирхолтой улсуудын нэг. Тэд амьдралын хэв маяг, хоол хүнс, ёс зүй, хандлага, урлаг, соёл зэргээрээ бусад үндэстнүүдээс ихээхэн ялгардаг. Япон соёлын талаар заавал мэдэх ёстой зүйлсийг энд хүргэж байна. Эдгээр баримтууд танд Японы ард түмний соёлын талаар илүү гүнзгий ойлгоход туслах болно.

1. Бөхийж мэндлэх

Энэ нь Японы уламжлалт мэндчилгээний хэлбэр юм. Талархал илэрхийлэх, баяр хүргэх эсвэл уучлалт гуйх зорилгоор бөхийж болно. Хэрэв та зүгээр л зочилж байгаа бол заавал бөхийх шаардлагагүй гар барин мэндэлсэн ч болно.

2. Гутлаа тайлах

Япон айлуудад үүдэнд гутлаа тайлж, гэрийн шаахай өмсөх хэсэг байдаг. Ариун цэврийн өрөөнд ороод гарахдаа мөн шаахайгаа шинээр солих ёстой гэж үздэг. Нүүхдээ угаалгын өрөөний шаахайгаа үлдээх нь бүдүүлэг явдал гэж үздэг.

3. Анимэ

Японы хамгийн алдартай соёлын экспортын нэг анимэ нь дэлхийд алдартай. Анимэ гэдэг нь гараар зурсан эсвэл дижитал хэлбэрээр бүтээсэн Японы хөдөлгөөнт бүтээлийг хэлдэг.

4. Сүши

Сүшиг идэх өөрсдийн арга барил бий. Маки, нигири сүшиг гараараа иддэг бол сашимиг савхаар иднэ. Шар буурцагны соустай сүшиг дүрэхдээ зөвхөн загас нь л хүрэх ёстой гэдгийг санах нь зүйтэй.

5. Халуун рашаанд нүцгэн орох

Японд онссенс буюу халуун рашаанд орохдоо усны хувцас өмсөхийг зөвшөөрдөггүй тул зочид нүцгэн биеэрээ усанд орох шаардлагатай болдог. Мөн ус руу орохоосоо өмнө хүн бүр шүршүүрт орох ёстой.

7. Өглөөний дасгал

Тэдний эрүүл, урт наслалтын нууц нь өглөөний дасгал юм. Эзэн хаан Хирохито 1928 онд 10 минутын дасгалын хөтөлбөрийг санаачилснаас хойш хүүхдүүд, өндөр настнууд өглөө бүр тогтмол дасгал, хөдөлгөөн хийдэг.

8. Өвчин тусаагүй ч амны хаалт зүүх

Японд заавал ханиад хүрсэн үед гэлтгүй энгийн үед ч бүгд маск зүүдэг. Энэ нь өөрийгөө болон бусдыг хамгаалж буй хэрэг гэж үздэг.

9. Алхангаа юм идэх хориотой

Хоол идэж байхдаа гудамжаар алхах нь Японд хүлээн зөвшөөрөгддөггүй. Тиймээс зогсож юм идэх хүмүүстэй таарах болно. Олон нийтийн газар алхаж байхдаа тамхи татах нь мөн хориотой.

10. Савхны байрлал ч утгатай

Японд хооллож байгаад савхаа тавихдаа хоолон дээрээ хүргэж тавихыг цээрлэдэг. Зөвхөн оршуулгын ёслол дээр хийгддэг учир муугийн тэмдэг гэж үздэг. Түүнчлэн савхаа дамжуулж, бусадтай хуваалцахыг цээрлэдэг. Хэрэв та хуваалцахыг хүсвэл савхаараа хоолоо нөгөө хүний тавган дээр тавиарай.

11. Анхны Гейша эрэгтэй хүн байжээ

Гейша гэдэг нь үнэндээ “урлагийн хүн” гэсэн утгатай бөгөөд анхны гейша нар нь эрчүүд байсан бөгөөд тэд олон янзын урлагийн тоглолтоор зочдыг зугаацуулдаг байжээ. Эмэгтэй гейша нар 18-р зууны сүүлчээр гарч ирснээр эрчүүдээсээ илүү их алдартай болсон.

Ч.Биндэръяа

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

ДОРНОГОВЬ АЙМАГ, АЛТАНШИРЭЭ БНЭУ-ын “JMC Projects India” компанийн удирдлагуудтай уулзжээ

Засгийн газраас Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт барихаар төлөвлөсөн газрын тос боловсруулах үйлдвэрийн талбайн дэд бүтцийн ажлын гүйцэтгэгчээр шалгарсан БНЭУ-ын “JMC Projects India” компанийн удирдлагууд болон инженер, техникийн ажилтнууд Дорноговь аймагт иржээ.

Тус компанийн удирдлага, холбогдох ажилтнуудыг аймгийн Засаг дарга О.Батжаргал болон орон нутгийн Ажлын багийнхан хүлээн авч уулзаж, төсөл хэрэгжүүлэх талаар санал солилцсон байна. Юуны түрүүнд 50 км газраас зэвэрдэггүй ган хоолойгоор цэвэр усны нөөцийг татах, дараа нь үйлдвэрийн доторх зам, галын барилга, агуулах сав зэрэг есөн барилга байгууламжийг ээлж дараатай барьснаар үйлдвэрийн суурь бүтэц бүрдэх аж. Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах нь гадаадаас авах шатахууны импортыг багасгаж, дотоодод олборлож байгаа газрын тосыг эх орондоо боловсруулах, улмаар гадагш гарч байгаа валютын урсгалыг болон шатахууны үнийг бууруулах, орон нутагт шинээр ажлын байр бий болгох, улсын болон бүс нутгийн эдийн засгийг хөгжүүлэх ач холбогдолтой гэж Засгийн газраас үзэж буй. Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2024 онд ашиглалтад оруулна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ШУУРХАЙ: Эмээлт орчимд уул уурхайн тэсэлгээ хийснээс Улаанбаатарт чичирхийлэл мэдрэгдлээ

Улаанбаатар хотын Эмээлт орчимд өнөөдөр /2021.1.17/ 13:00 цагийн үед чичирхийлэл мэдрэгджээ.

Энэ талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газарзүй геоэкологийн газрын эрдэм шинжилгээний ажилтан М.Долгормаагаас тодруулахад “Өнөөдөр 13:06 цагт уул уурхайн тэсэлгээ бүртгэгдсэн. Одон орон, геофизикин хүрээлэнгийн Газарзүй геоэкологийн газар нь хол ойрын газар хөдлөлтөөс гадна уурхайн тэсэлгээг бүртгэж авдаг. Тэгэхээр газар хөдлөлт биш уул уурхайн тэсэлгээ гэсэн үг” гэсэн мэдээллийг өглөө.

No description available.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 3110 зорчигч хотоос гарчээ

Энэ сарын 16-ны 08:00 цагийн мэдээллээр тус өдрийг хүртэлх сүүлийн 24 цагт нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор нийт 1518 тээврийн хэрэгслээр 3178 зорчигч хот руу нэвтэрч, 1629 тээврийн хэрэгслээр 3110 зорчигч хотоос гарсан байна.

Үүнээс эрүүл мэндийн байгууллагын 30 ажилтан, авто тээврийн товчоодоор нэвтэрсэн нийт 6288 зорчигчдод эрүүл мэндийн хяналт хийхэд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй аж.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Баянгол дүүргийн IV хорооны иргэдийн шинжилгээний хариу бүгд сөрөг гарчээ

Нийслэлийн Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт коронавирусын халдварын голомт бүртгэгдсэнтэй холбогдуулан хэсэгчилсэн байршилд хөл хорио тогтоон, энэ сарын 14-15 ны өдрүүдэд 5028 иргэнийг PCR шинжилгээнд хамруулжээ. Шинжилгээ өгсөн иргэдийн хариу бүгд сөрөг гарч, халдвар илрээгүй байна. Ингэснээр Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороонд гарсан халдварын голомт амжилттай хумигджээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

УВС АЙМАГ, НАРАНБУЛАГ СУМ: 250 мянган толгой мал тоолууллаа

2020 оны жилийн эцсийн мал тооллогоор 250 мянган толгой мал тоолууллаа. Энэ нь өмнөх оноос 17 мянган толгойгоор малын тоо өссөн дүн аж. Тус суманд гаднаас ирж өвөлжиж байгаа бусад сумын малчид байхгүй. Харин 30 гаруй мянган малтай 45 малчин өрх Өлгий, Өмнөговь, Ховд суманд өвөлжиж байгаа юм байна. Наранбулаг сумын ИТХ-ын нэгдсэн хуралдаан энэ сарын 25-нд хуралдаж, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах бөгөөд аймгийн Засаг даргын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан сум орон нутгийн хэмжээнд хийх боломжтой ямар ажлууд байна гэдгийг иргэдээсээ санал авч сумынхаа ИТХ-ын нэгдсэн хуралдаанаар оруулж батлуулах ажээ.