Categories
мэдээ улс-төр цаг-үе

Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн гэрээг эрс сайжруулж, баялгаа ашиглуулсны хариуд өртэй биш өвтэй үлдэх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллана

Монгол Улсын Засгийн газрын гишүүд УИХ-ын танхимд тангараг өргөсний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ.

Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Тэрбээр “Монгол Улсын хүндэт иргэдээ!

Монгол Улсын Ерөнхийлөгчөө!

Монгол Улсын Их Хурлын дарга, Эрхэм гишүүд ээ!

Монгол Улсын Засгийн газрын гишүүд парламентад тангараг өргөж, бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилдаа шуурхайлан орох боломж олгосон Улсын Их Хуралд баярлалаа.

Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У. Хүрэлсүх та Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50 хувь бууруулан, алдагдсан орд газруудаа төрд эргүүлэн авч, шударга ёсны тэмцлийг эхлүүлж, Монголын улс төрд ёс зүйн нэн шинэ жишиг тогтоолоо.

Засгийн газрын бодлогын залгамж чанарыг хадгалж, газрын тосны үйлдвэр, төмөр замын төслүүд, байгалийн хийн хоолой, Тавантолгойн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц зэрэг улс орны хувь заяатай салшгүй холбоотой томоохон төслүүдээ хэрэгжүүлж дуусгана гэдгээ илэрхийлье!

Манай Засгийн газар цар тахал өвчин, түүнээс улбаалсан дэлхийн эдийн засгийн хямрал, аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчид, иргэдийн амьжиргаанд тулгамдаж буй олон асуудал, нийгмийн бухимдал, Ерөнхийлөгчийн сонгууль угтсан улс төржилт зэрэг олон асуудалтай нүүр тулна гэдгийг бүрнээ ухамсарлаж байна.

Тиймээс ч миний бие өнөөдөр чихэр мэт сайхан зүйл ярихгүй ээ! Харин өнөөдөр сонсоход давс мэт шорвог ч, Монгол Улсын ирээдүйд тустай дөрвөн зорилтыг товч танилцуулъя!

ЗОРИЛТ 1. ЦАР ТАХЛЫГ БОГИНО ХУГАЦААНД Д АВАН ТУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ

“Ковид-19” хэмээх жижиг вирус дэлхийн эдийн засаг, улс орнуудын Засгийн газарт хүндхэн сорилт учруулж, хүн төрөлхтөнд цоо шинэ амьдралын хэв маягийг ганцхан жилийн дотор авчирлаа.

Дэлхийн II дайнаас хойш 2 сая гаруй хүний амь насыг энэхүү цар тахал авч одлоо. Цар тахлаас улбаалж, дэлхийн эдийн засаг огцом зогсолтод орж 4.9 хувиар буурсан нь 2009 оны дэлхийн санхүүгийн хямралын үеийнхээс гурав дахин хүндрэлтэй гэсэн тооцооллыг судлаачид хийсэн байна.

Монгол Улс бүтэн 10 сарын турш дотооддоо алдалгүй барьж чадсан ч энэ зовлон биднийг тойрсонгүй. Манай Засгийн газар “Ковид-19” цар тахлыг даван туулах чиглэлд цогц төлөвлөгөө боловсруулж шуурхай ажиллана.

Хүн амаа вакцинжуулах нь бидний нэн тэргүүний зорилт. Цар тахлын голомтод ажиллаж буй ажилтан, албан хаагчид, эрсдэлтэй бүлгийнхэн, цаашлаад нийт иргэдээ ДЭМБ-ын зөвшөөрсөн вакцинд үе шаттай хамруулах ажлыг Засгийн газар эхний 100 хоногт багтаан зохион байгуулахын тулд бүх нөөц боломжоо дайчлан ажиллана.

Вакцинжуулалтыг шуурхай зохион байгуулснаар цар тахлаас улбаалсан эдийн засгийн болон нийгмийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах боломж бүрдэнэ.

Цар тахлын нөлөөнд хамгийн их нэрвэгдсэн аж ахуйн нэгжүүд, ажил олгогч, жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжих цогц арга хэмжээг Засгийн газар цар тахлыг даван туулах төлөвлөгөөнд тусгаж, үе шаттай шуурхай хэрэгжүүлнэ.

Гадаадад буй иргэдээ мэргэжлийн байгууллагын зөвлөгөөнд үндэслэн үе шаттай татан авчрах ажлыг эрчимжүүлнэ.

Та бидний өмнө төдийгүй хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй аюулт цар тахлыг хамтын хүчээр даван туулахын төлөө Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллахыг УИХ, эрхэм гишүүд нийт иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриалж байна!

ЗОРИЛТ 2. ЭДИЙН ЗАСГАА СЭРГЭЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ

Цар тахлын нөхцөл байдлаас үүдэж, 100 жилд тохиолдоогүй нийгэм, эдийн засгийн огцом хямрал үүссэн ч, хүн төрөлхтөн цар тахлыг даван туулсны дараа дэлхийн эдийн засаг огцом буцаж сэргэх хандлага байгааг судлаачид онцолж байна.

Тиймээс бид эдийн засгаа сэргээх, өсгөх томоохон зорилтуудаасаа өнөөдрийн сэтгэлзүйд автан ухарч болохгүй ээ, харин одооноос цар тахлын дараах үеийн эдийн засагт бэлтгэлээ хангах хэрэгтэй.

Иргэдийн орлого, ажлын байрны асуудал ч эдийн засгийн өсөлттүйгээр бүрэн шийдэгдэх боломжгүй юм.

Монгол улсыг нэг айл гэж бодвол бидний зарлага, орлогоосоо дунджаар жил бүр хоёр тэрбум ам долларын алдагдалтай байдаг. Монгол гэдэг өрхийн амьжиргааг залгуулдаг эх үүсвэрийн 93 хувь нь нүүрс, алт, зэс, төмрийн хүдэр зэрэг нөхөн сэргээгдэхгүй баялгаас бүрддэг.

Шулуухан хэлэхэд нүүрсийг орлох шинжлэх ухаан, технологийн шийдэл гарахад л Монгол хэмээх өрх айл цалин, тэтгэврээ ч тавьж чадахгүй болно. Бид цаг алдаж болохгүй! Давс мэт шорвог шийдвэрүүд эдийн засагт хийгдэхээс өөр гарцгүй. Уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгийн бүтцийг уул уурхайн салбар хүчтэй байх үед нь амжиж шийдэл гаргах учиртай.

Тиймээс шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжлийг хурдасгахыг гол зорилтоо болгоно. Урагшлан хөгжсөн, уруудан доройтсон аль ч улс орны шалтгаан шинжлэх ухааны салбарын хөгжлийн түвшинтэй шууд холбогддог. Эдийн засгийн хөгжил, түүнийг дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх үндсэн суурь ч шинжлэх ухаан, мэдээлэл, технологийн салбараас ихээхэн хамаарна.

Шинжлэх ухааны академи, инновацийн хүрээлэнгүүдийг уялдуулж, шинжлэх ухааны нээлтийг эдийн засагжуулахын тулд нэгдсэн кластер хэлбэрээр зохион байгуулна.

Аж үйлдвэрийн IV хувьсгалын үед хиймэл оюун ухаан, финтек, үүлэн технологи чиглэлээр дэлхийн зах зээлд амжилттай өрсөлдөж эхэлсэн үндэсний компаниудаа дэмжиж, түншлэн ажиллана.

Уул уурхайн салбарын орлогыг илүү өгөөжтэй байлгаж, байгалийн баялгыг шударга хүртээмжтэй хувиарлахын тулд Үндэсний баялгын сан байгуулна. Үндэсний баялгын сан хуримтлалын, тогтворжуулалтын, хөгжлийн гэсэн үйл ажиллагааны гурван чиглэлтэй байна. Баялгын сангийн орлогыг байгалийн баялаг ашигласны онцгой татвар, төрийн өмчит компаниудын ашгаар бүрдүүлж, эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг дэмжих, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд зарцуулах болно.

Уул уурхайн стратегийн орд газруудын шууд өгөөжийг сайжруулна. Оюутолгойн гэрээг эрс сайжруулж, Монгол Улс баялгаа ашиглуулсны хариуд өртэй биш харин өвтэй үлдэх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө УИХ-тай нягт хамтран ажиллана.

Засгийн газрын тэргүүний хувьд “Алсын хараа 2050” бодлогод тулгуурлан эдийн засгийн дараах салбаруудыг тэргүүлэх чиглэл болгож, бодлогоор онцгойлон дэмжих болно. Уул уурхайгаас гадна, боловсруулах аж үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуй, эрчим хүч, аялал жуучлал ба жижиг дунд үйлдвэрлэл, тээвэр логистик, бүтээлч үйлдвэрлэл, мэдээлэл, технологийн салбар үүнд багтана.

Яагаад эдгээр салбарыг бусдаас онцлов гэдгийг цөөн үгээр тайлбарлая.

Юуны өмнө бид байгалийн баялагтаа нэмүү өртөг шингээх учиртай. Нүүрсээ угааж, зэсээ хайлуулж, газрын тос, төмрийн хүдрээ боловсруулах хүчин чадалтай үйлдвэрүүдийг байгуулах шаардлагатай. Ганцхан жишээ дурдахад “Эрдэнэс Тавантолгой” ХК-ны олборлолтын аманд нэг тонн коксжсон нүүрсний үнэ 63 ам.доллар байдаг. Тээвэрлэгдэн Ганцмод боомтод хүрч угаагдахад 200 ам.доллар болж өсдөг.

Монгол Улс жилд 6.1 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн гаднаас худалдан авч байна. Үүний нэг тэрбум ам.долларыг газрын тосны бүтээгдэхүүнд зарцуулдаг.

Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулж чадвал 70 хувь, цаашлаад 100 хувь дотоодоосоо хангах нөхцөл бүрдэнэ.

Аж үйлдвэржсэн орон болоход дэд бүтцийн асуудлаа шийдвэрлэх шаардлагатай. Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг яаралтай барьж дуусгах болно. Ингэснээр жилд Монгол Улс тээврийн зардлаас 600-900 сая ам.доллар хэмнэж, нийт экспортын хэмжээг 30 орчим хувиар нэмэгдүүлэх боломжтой.

Авто замын төслүүдийг хэрэгжүүлэхдээ ач холбогдлоор нь эрэмбэлж, тэргүүн ээлжинд хилийн боомтууд болон аялал жуучлалын замыг холбох болно. Далайд гарцгүй манай улсын хувьд тээвэр логистикын салбарыг цогцоор нь хөгжүүлэх нь туйлын чухал юм.

Өнөөдөр бид эрчим хүчний хэрэглээнийхээ 25 хувийг гаднаас авдаг. Жил бүр дунджаар 140 сая ам.доллар зарцуулдаг. Энэ урсгалыг багасгахын тулд Тавантолгойн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг яаралтай дуусган, V цахилгааны станцын ажлыг эхлүүлэх болно.

Манай улс нэг хүнд ноогдох малын тоо болон газар нутгийн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг. Гэвч хүнсний үйлдвэрлэлийн өрсөлдөх чадвараар 192 орноос 180 дүгээрт эрэмбэлэгдэж байна.

Жил бүхэн бид дунджаар 605 сая ам долларын хүнсний бүтээгдхүүнийг гаднаас худалдан авч байна. Тиймээс импортыг орлох, экспортын баримжаатай хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн цоо шинэ тогтолцоог яаралтай бүрдүүлэх шаардлагатай байна. Малын түүхий эдийг боловсруулах үйлдвэр болон тээвэрлэлтийн суурь төвүүдийг үе шаттай барьж байгуулна.

Цар тахлын дараа хамгийн хурдтай сэргэх салбар бол дэлхийд аялал жуулчлалын салбар гэдэг нь ойлгомжтой.

Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэгчлэн Монголд ирэх гадаад жуулчдад үүсдэг бэрхшээл, хүнд суртал, хариуцлагагүй байдлыг арилгаж, цахим Элчин сайдын яам байгуулах, цахим виз олгох, агаарын тээврийг либералчлах асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Бахархам түүх, баялаг соёлынхоо өв уламжлалд түшиглэн бүтээлч эдийн засгийн салбарыг хөгжүүлнэ. Соёлын яамны менежментийг шинэ түвшинд гаргаж, соёл, урлаг, кино урлагийг дэлхийн түвшинд гаргаж, эдийн засгийн үр өгөөжтэй байх зорилтыг дэвшүүлнэ.

Хөрөнгийн бирж, Төрийн өмчит үйлдвэрийн газруудын засаглалыг олон улсын түвшинд хүргэнэ. Цаашид Монгол Улс төв Азийн санхүүгийн томоохон төвүүдийн нэг болох суурийг тавина.

Ерөнхий сайдын дэргэд Эдийн засгийн зөвлөл, Бизнес эрхлэгчдийн зөвлөл, Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих зөвлөл байгуулж, ширээний ард хурал хийх биш, самбарын өмнө шийдэл ярилцах Төр-Хувийн хэвшлийн түншлэлийн шинэ соёлыг бүрдүүлж, цаашид Эдийн засаг, хөгжлийн яамыг байгуулах болно. Ордны өрөөнд шигдсэн биш олон нийтийн дунд ажилладаг Ерөнхий сайд байх болно.

Хөгжлийн бодлого, тогтвортой байж чадвал улсын төсөв илүү оновчтой зүйлд зарцуулагдаж, татвар төлөгчдийн урам сэргэнэ гэдэгт итгэж байна.

Баялаг бүтээгчид, хувийн хэвшлийнхэн, хөрөнгө оруулагчид та бүхэнтэй Монгол Улсын Засгийн газар импортлогч улсаас экспортлогч улс байхын төлөө хамтран ажиллана. Хот хөдөөгийн хөгжлийн зохист тэнцвэрийг хангаж, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг эдийн засгийн жам ёсны урсгалтай уялдуулан шинээр зохион байгуулна. Улаанбаатар хотын төвлөрлийг багасгана. Хот уруу тэмүүлэх тусам үнэтэй, хөдөө очвол эдийн засгийн дэмжлэгтэй байх эрхзүйн орчин бүрдүүлнэ. Нийслэлийн тээвэр болон дагуул хотуудыг холбосон дэд бүтцийн асуудлыг үе шаттай шийдвэрлэнэ. Хүн амын дийлэнх хэсэг амьдран суугаа их хотын асуудлыг Засгийн газар зөвхөн нийслэлийн удирлагад даатган орхихгүй. Нийслэлчүүдтэйгээ сэтгэл гарган бүх талаар дэмжлэг үзүүлж хамтран ажиллах болно.

ЗОРИЛТ 3. ДУНДАЖ ДАВХАРГЫГ ДЭМЖИХ ҮНДЭСНИЙ ШИНЭ ТОГТОЛЦОО

Миний бие та бүхэнтэй санал солилцох дараагийн хэсэг бол амьдралын чанарын асуудал юм. Бид хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг тунхагласан.

1980 онд төрсөн хүний хувьд Ардчилсан хувьсгалын эхэн жилүүд миний хүүхэд нас байлаа. Нийгмийн өөрчлөлтийн давалгаанд цохигдож, өнгөрсөн 30 жилийн алдаа, оноог биерээ мэдэрсэн үеийнхэн манай 80-аад оныхон бизээ.

Өнгөрсөн 30 жил бидэнд хүний эрх, эрх чөлөө, чөлөөт хэвлэл, олон намын засаглал бүхий парламентын тогтолцоо, зах зээлийн эдийн засаг зэрэг олон чухал зүйлийг өгсөн.

Хэдий тийм боловч баян ядуугийн ялгаа эрс гүнзгийрч, орлогын тэгш бус байдал газар авч, далд эдийн засаг цэцэглэн, нийгмийн шударга ёс алдагдаж, нийт хүн амын 28.4 хувь буюу гурван хүн тутмын нэг нь дунджаас доогуур түвшинд өнөөдрийг хүртэл амьдарч байгаа нь бас л гашуун үнэн.

Эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг амьдралын чанарын эерэг өөрчлөлтөөр л хэмжих учиртай. Үнэндээ бид иргэдийн амьдралын чанарт дорвитой өөрчлөлт хийж чадсангүй.

Нийгмийн хөдөлгөгч хүч болсон дундаж орлоготой иргэд өнөөдөр хүүхдийн зулай мэт эмзэг байна. Цаг алдалгүй дундаж орлоготой иргэдийг дэмжиж үндэсний цоо шинэ тогтолцоонд шилжин орохгүй бол дундчуул маань ядуурлын гүн далай уруу өдрөөс өдөрт живсээр байна.

Чинээлэг дундчуул зонхилсон нийгмийг бүрдүүлэхэд манай улсын хувьд хамгийн чухал зүйл бол орон сууцжуулах асуудал юм.

Манай Засгийн газар ирэх гурван жилийн хугацаанд “Залуус 1, 2, 3 хороолол”-ыг нэгдсэн зургаар барих ажлыг өрнүүлж, орлогод нийцсэн орон сууцны шинэ санхүүжилтийн загварыг Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоонд шилжих замаар шийдвэрлэх болно.

Чинээлэг дундчуул зонхилсон нийгмийг бий болгох хоёрдахь хөшүүрэг бол чанартай боловсрол юм. Боловсрол хүний амьдралыг ядуурлаас чинээлэг түвшинд шууд аваачиж чадах хүчирхэг онгоц.

Монгол хүүхэд дэлхийд оюуны чадавхаар долоодугаар байрт эрэмбэлэгддэг ч, оюуны чадавхаа хэрэглэх ур чадвараар 49, хөгжүүлэх байдлаар 59, бүтээх үзүүлэлтээр 111 дүгээрт эрэмбэлэгдэж байна. Хатуухан хэлэхэд манай боловсрол дэлхийд өрсөлдөх чадвараа өдрөөс өдөрт алдсаар байна. Тиймээс монгол хүн болж төлөвших сургалтын багц, монгол хэл, бичгийн төгс хэрэглээ, хот, хөдөөгийн сургалтын чанар, их дээд сургуулийг нэгтгэж өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, англи хэлийг хоёрдагч хэл болгож, дэлхийн иргэд бэлтгэх зэрэг асуудлыг онцгой анхаарна.

Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг жил бүхэн зарлаж, Монгол Улсад зайлшгүй хэрэгтэй шинэ үеийг бэлтгэхэд анхаарал хандуулан ажиллана.

Засгийн газраас Боловсролын шинэчлэлийн багц хуулийг УИХ-ын хаврын ээлжит чуулганаас өмнө өргөн барих болно.

Амьдралын чанарын асуудалд эрүүл мэндийн салбар онцгой ач холбогдолтой билээ. Монголчууд бидний хувьд зүрх судасны өвчлөл болон хорт хавдрын өвчлөл хамгийн түгээмэл. Мэргэжлийн хүмүүс гол шалтгааныг эрт оношлуулж чаддаггүй, мөн амьдралын буруу хэв маяг гэж тайлбарладаг.

Иргэн бүр жил бүхэн бүрэн оношлогоонд хамрагддаг тогтолцоонд алдалгүй шилжин орох ёстой. Ирэх дөрвөн жилийн хугацаанд Эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний төв, Зүрх судасны үндэсний төв, Түлэнхийн төв, Хавдар судлалын үндэсний төвийг шинээр барих болно. Ингэснээр бид жилд 100-120 сая ам.долларыг гадаадад эмчлүүлэхэд зарцуулж байгаа урсгалыг 30-40 хувиар бууруулах боломжтой юм.

Эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг бүрдүүлэх шинэ соёл бидэнд хэрэгтэй байна. Өглөө эрт босдог, орой эрт унтдаг үндэстэн болох шаардлага байна. Дархлаа, хоолны илчлэг, амин дэмийн талаарх ойлголтыг бага наснаас нь цэгцтэй ойлгуулах боловсролын тогтолцоо хэрэгтэй байна.

Буяны тарга гэдэг уламжлалт буруу ойлголтоо засч, хайртай хүмүүсээ хорхогоор дайлахаа больж, жингийн илүүдэлтэй тэмцэх үндэсний соёлыг хамтдаа бий болгох цаг болжээ.

Үүнээс гадна дундаж орлоготой иргэдийг дэмжих үндэсний тогтолцоог бүрдүүлэхэд халамжаас хөдөлмөрт шилжих, эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн зах зээлд дэх оролцоог нэмэгдүүлэх, банк санхүүгийн төрөлжсөн тогтолцоо бий болгох зэрэг амин чухал асуудлыг үе шаттай шийдвэрлэнэ.

ЗОРИЛТ 4. ШУДАРГА ЁС, ЦАХИМ ЗАСАГЛАЛ

Жанжин Д.Сүхбаатарын талбайд -30 хэмийн хүйтэнд 30 мянган иргэн цугларч, өнгөрсөн 30 жилийг цэглэж, шинэ 30 жилийг эхлүүлэхийг хүсч, улс төр, уул уурхай, шүүх, хууль хяналтын байгууллага дамнан оршсон бүлэглэлд “ҮГҮЙ” гэж хэлснийг би хэзээ ч мартахгүй ээ!

Миний бие ордон дотор хүч мөхөствөл, олон нийтийн дэмжлэг авч тэмцлээ үргэлжлүүлэх болно. Энэ удаагийн авлигатай хийх тэмцэл зөвхөн хогийн ургамалтай нь биш харин түүнийг бүрдүүлж буй хөрстэй нь хийх тэмцэл байх болно.

Авлигын индексээр бид өнөөдөр 106 д эрэмбэлэгдэж байна. Авлига үүсгэж буй суурь нөхцөл бол төрийн хүнд суртал, улс төрийн авилгажсан тогтолцоо гэдэг нь ойлгомжтой. Тиймээс авлигатай хийх тэмцэл амар биш ээ.

Хэнийг ч хэлмэгдүүлдэггүй, хэнийг ч ял завшуулдаггүй хараат бус шударга шүүхийн тогтолцоо бүрдүүлэхийг бүх талаар дэмжиж ажиллах болно. Төрийг албан бусаар удирдахыг хүсдэг бүлэглэлийн нөхдүүдтэй хатуу тэмцэх болно. Тэдний шүүхэд болон хууль хяналтын байгууллагад байршуулсан төлөөлөгч нарыг цэвэрлэхийн төлөө ажиллах болно.

Цаашид төрийн дээр төр шиг байдаг албан бус бүлэглэл дахин үүсэх, улс төрийн зорилгоор хууль хяналтын байгууллагын ашигладаг байдлыг бүрэн таслан зогсоохын тулд сонгодог парламентын тогтолцоог бүрдүүлэх эрхзүйн цогц реформыг улс төрийн намуудтай зөвшилцөн хийхийг эрмэлзэнэ.

Шүгэл үлээгчийг хамгаалах тухай, Улс төрийн намын санхүүжилтын тухай, Төрийн албаны ёсзүйн тухай хуулийг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулж, Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар төрийн байгууллагын албан тушаалтнууд, орлогоосоо давсан хэрэглээтэй эсэх, хөрөнгө орлогын мэдүүлгээ буруу мэдүүлж байгаа эсэхийг бүртгэлжүүлэн цэгцлэх эрхзүйн орчныг бүрдүүлнэ.

Цахим үндэстэн байгуулах ажлаа илүү далайцтай өрнүүлнэ. “E-Мongolia” цонхонд төрийн бүх үйлчилгээг нэгтгэнэ. Төрийн аливаа үйлчилгээг цахимжуулаагүй авч үлдсэн албан тушаалтанг авлигыг дэмжиж байна хэмээн үзэж, хариуцлага тооцох болно. Цахим шилжилтийг 2021-2024 оны хооронд 90% хүртэл хийх болно.

Ингэхийн тулд Цахим хөгжлийн яам байгуулна. Энэ бол орон тоо нэмж буй зүйл биш, харин төрийн бүх шатны байгууллагын орон тооны давхцлыг байхгүй болгож, төрийн данхайсан бүтцийг 30-40 хувиар бууруулах цорын ганц шийдэл юм. Цахим гарын үсгийг нэвтрүүлнэ. Хувь хүний мэдээллийн аюулгүй байдлыг хуулиар хангана. Төрийн хүнд суртал багасч, иргэн таны цаг хугацаа хэмнэгдэнэ.

Төрийн байгууллагын албан тушаалтнууд өөр хоорондоо бэлэг солилцдог, хамтран ажиллах гэрээ хийдэг, анхан, дунд шатанд зохиомлоор хүнд суртал үүсгэдэг асуудлыг таслан зогсоох ажлыг иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран зохион байгуулна.

Сайн засаглалыг бүрдүүлэхийн тулд манай Засгийн газар дөрөвдэх засаглал болсон хэвлэл мэдээллийн байгууллагынхантай нягт хамтран ажиллана. Засгийн газар чөлөөт хэвлэлийн эрх чөлөөг дээдэлж, иргэдийн мэдэх эрхийг хүндэтгэн ажиллана. Олон нийтийн дунд эргэлзээтэй маргаан дагуулдаг томоохон асуудлуудаар бодит мэдээллийг өгч, илүү судалгаатай, баримттай хандахад дэмжлэг үзүүлж ил тод, нээлттэй хамтран ажиллахыг эрхэмлэнэ.

Мөнхийн хоёр хөрш болон дэлхийн бусад улс оронтой бүх чиглэлд нээлттэй, идэвхтэй түншлэн ажиллана.

Даяаршин буй дэлхий ертөнцөд өөрийн үндэсний онцлого, сэтгэлгээ, ахуй, давтагдашгүй мөн чанараа эрхэмлэж, үндэсний ялгарлаа хайрлан хамгаалж, дэлхий дахинд Монгол орныг сурталчлан таниулах ажлыг далайцтай зохион байгуулах болно.

Үе үеийн Ерөнхий сайдуудаас бүрдсэн “Үндэсний бодлогын хүрээлэн”-г байгуулж тогтмол ажиллуулах нь зүйтэй гэж үзэж байна. Манай Засгийн газар бүх өмнөх бүх Засгийн газрын зөв бодлогын залгамж чанарыг хадгалах болно.

Ардын намын Засаг, Ардчилсан намын Засаг гэж байхгүй, Монгол Улсын Засгийн газар л гэж бий. Тиймээс үндэсний нэгдмэл үнэт зүйлээ бэхжүүлж, дотооддоо сөргөлдөх биш дэлхийн бусад улс орнуудтай хөгжлийн үзүүлэлтээр уралдацгаая.

Иргэн бол төрийн үндэс. Иргэний болон хувь хүний эрхийг хамгаалах нь ардчилсан төрийн журамт үүрэг билээ. Төрийн бүх шатны байгууллага, нийт албан хаагчдын хувь хүний эрхийн тухай мэдрэмж, мэдлэгтэй байхыг ажлын байрны гол шалгуур болгож, хүний эрхийг хамгаалж, төр бол иргэддээ үйлчлэх үүрэгтэй гэдгийг ухамсарлуулан ойлгуулахад онцгой анхаарна.

Бүхэл бүтэн Засгийн газар төрийн албан хаагчийн сэтгэлгүй, хариуцлагагүй үйлдлээс болж өмнөөс нь ёсзүйн хариуцлага хүлээж огцорсон гэдгийг шат шатны төрийн албан тушаалтнууд хэзээ ч битгий мартаарай. Цаашид төрийн алба шат шатандаа хариуцлага хүлээдэг, ёсзүйтэй, хүнлэг, сахилга баттай байж, гүйцэтгэлд тулгуурлан үнэлэгддэг байх соёлыг нэвтрүүлнэ.

Монгол Улсын хүндэт иргэдээ!

Монгол Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ!

Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн солбилцолд, “Алсын хараа 2050” урт хугацааны бодлого хэрэгжиж эхлэсэн эхний жил Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдож байгааг түүхэн хариуцлага хэмээн хүлээн авч байна.

“Дэлхий дээр Монгол хэмээх улс орон хэдий чинээ удаан оршин тогтнож, хөгжин дэвжих эсэх нь одоо үеийн бидний бодвоос зохих хүнд үүрэг мөн” гэсэн Монгол Улсын 12 дахь Ерөнхий сайд А.Амарын үгийг энд ишлэхийг хүслээ.

Дахин хэлэхэд манай Засгийн газар магадгүй өнөөдөр давс мэт шорвог ч, хожмын Монгол Улсын хөгжилд түүхэн хуудас болохоор хүндхэн шийдвэрүүдэд төвлөрөн ажиллах болно. Холын зорилго үгүй аваас ойрын зовлон оршдог гэдэг. Монгол Улсын маргаашийн төлөө, өнөөдрийн үе ачаагаа үүрч, хариуцлагаа хүлээх ёстой.

Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд:

  • Үндэс язгуур, төрт ёс, өв соёлоо дээдэлж
  • Үндэсний нэгдмэл үнэт зүйлээ эрхэмлэж
  • Хүн төрөлхтний дэвшилтэт ололтыг дэмжиж
  • Хөрст дэлхий, унаган байгалиа хайрлан хамгаалж
  • Амар тайван, хүмүүнлэг нийгмийг цогцлоож
  • Ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн бэхжүүлж
  • Хувь хүн биш, хууль засагладаг шударга төртэй байхын төлөө өөрт байгаа бүх боломжоо дайчилж, хичээнгүйлэн зүтгэх болно.

Эцэг дээдэс маань 30 жилийн дотор дэлхийн түүхийг өөрчилсөн шиг, эх орон минь 30 жилийн дотор нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлт, иргэдийн амьдралын чанараар бүс нутагтаа тэргүүлсэн, Азийн их хүлэг улс болон хөгжих болтугай!

Монгол Улс мандан бадарч, мөнх хөх тэнгэр өнөд ивээх болтугай” гэлээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Шинэ сайдууд Ерөнхийлөгчид бараалхлаа


Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өчигдөр Засгийн газрын гишүүдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан, “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Засгийн газрын насыг уртасгах асуудал туссан боловч харамсалтай нь зургаан сарын дараа Засгийн газар огцорлоо. Дараа, дараагийн удаа алдаа гаргахгүй байх талаар анхаарч ажиллаарай” гэлээ.

Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Засгийн газрын гишүүдийг ганцаарчлан хүлээн авч уулзаж, салбарын асуудлаар ярилцлаа.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан бараалхах үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга:

“Та бол улстөрд чамгүй бэлтгэгдсэн, Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байхдаа Монгол Улсынхаа хүн амын тал хувийг захирч байсан туршлагатай, зовлон жаргалыг нь мэддэг хүн. Монгол Улсын Шадар сайдаар дэмжигдэн орж ирсэнд баяр хүргэе. Шадар сайд гэдэг бол улс орныхоо бүх л нөхцөл байдлыг “цэвэрлэдэг” хүн гэдгийг Та мэдэж байгаа байх.

Шадар сайдын хариуцах асар олон асуудал байгаа. Өнөөдөр бидэнд тулгамдаад буй цар тахлын асуудлаар Таныг ажрахгүй ажиллах болов уу гэж бодож байна. Нөхцөл байдал ийм байхад битгий улстөржөөрэй л гэж хэлмээр байгаа юм. Нөхцөл байдлыг зөвөөр дүгнэж, Ерөнхийлөгчтэйгөө ойрхон ажиллаарай. Таныг хотын даргаар ажиллаж байх үед санал, бодлоо солилцож байсан. Гурван сая монголчуудынхаа амьдралд дэм болох ажлууд дээр хамтарч ажиллая. Одоо улстөржихөө больё. Бид улстөр хийж байгаад, улс төрөө дийлэхгүй унадаг. Монгол Улс ийм баян орон байж иргэд нь ийм ядуу байгаа нь харамсмаар асуудал шүү. Амжилт хүсье” гэлээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржид хандан:

“Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилогдож байгаад баяр хүргэе. Та нар ярилцаж, хэлэлцэж байж гаргасан шийдвэр байх. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар гэдэг бол маш том гал тогоо. Таныг Хууль зүйн сайд байхад хоёулаа нэг кабинетэд байсан. Улстөржихгүйгээр ажлаа явуулмаар байдаг. Энд сууж байгаа манай зөвлөхүүд тантай хамтарч ажиллаж байсан хүмүүс. Та бид хоёр олон зүйл дээр санал нэгддэг, олон зүйл дээр санал нэгддэггүй. Дөнгөж дөч гарч байгаа Ерөнхий сайдаа хамгаалж ажиллаарай.

Бид одоо намчирхмааргүй байна. Бид олон жил намчирхаад юу олов? Ядуурал гаарч, дундаж давхарга гэж байхгүй боллоо. Та энэ бүхнийг мэдэж байгаа. Таны нас, туршлагыг харвал энэ Засгийн газрын хамгийн том түшиц нь гэж харж байна. Ажлын амжилт хүсье” гэлээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан бараалхах үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга:

Та өмнө нь намын ажил хийж байсан ч улс төрд шинэ хүн болж байна. Байгаль орчны салбарт Таны өмнөх хоёр сайдтай ойр хамтран ажиллаж байсан. Таныг энэ ажлыг үргэлжлүүлэх болов уу гэж бодож байна.

Өнөөдөр Монгол оронд тулгамдаад буй асуудал нь ус. Нөгөө талдаа Байгаль орчны яамнаас зөвшөөрөл олгосон газрыг дамлан худалдаалах, залилан мэхлэх замаар мөнгө угаасан, оффшор бүсээс орж ирсэн мөнгө байгаль орчинтой холбогддог зэрэг асуудлууд судлагдсан байгаа.

Өнөөдөр говийн нутаг эзэнгүй, усгүй болж байна. Говьд усгүй болохоор малгүй, малгүй болохоор малчингүй болж байна. Бид говьд 1,000 орчим км усжуулах хоолой татах гэж байна. Мөн 10 аймагт усан цахилгаан станц барих ажил эхэлчихсэн явж байна. Говийг эзэнтэй, амьдралтай болгох зорилгоор говьд буй байгалийн баялгийг ашиглах төмөр зам барьж байна. Төмөр замыг дагаад говьд худгуудыг гаргаад эхэлсэн. Манай байгаль орчин сүйдсэн гэдгийг Та ойлгож байгаа байх. Салбартайгаа танилцах тал дээр хамтарч ажиллахад бэлэн байна. Ажлын амжилт хүсье” гэлээ.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр бараалхах үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга:

“Та хоёр дахь удаагаа Батлан хамгаалахын сайдаар томилогдлоо. Та салбараа мэддэг хүн. Хоёулаа энэ тал дээр зарим ажлуудыг ярьсан байгаа. Өнөөдөр батлагдсан Зэвсэгт хүчний тухай хууль бол маш чухал хууль гэдгийг хүмүүс ойлгохгүй байж магадгүй. Батлан хамгаалахын сайд нь Сангийн сайдын өрөөний үүдэнд төсвөө батлуулах гээд суугаад байж болохгүй. Батлан хамгаалахын салбар бол маш өөр салбар. Өнөөдөр бид Батлан хамгаалах яамаа ямар нэгэн аргаар өндийлгөж босгох хэрэгтэй. Энэ асуудлаар санаа нэгдсэн гэж ойлгож байна.

Стратегийн бүтээн байгуулалтын ажлуудыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ маш сайн ойлгож байгаа тул хамтран ажиллана. Төмөр замын бүтээн байгуулалт дахь Зэвсэгт хүчний оролцож буй энэ ажлыг бид 10, 20 дахин босгож байж Монгол орон өсөж томорно. Залуу үеэ цэрэг, эх оронч хүмүүжлээр хүмүүжүүлэх ёстой гэдэгт санал нэгдээд ажиллаж байна. Батлан хамгаалахын салбар бол улстөржиж болохгүй салбар. Ажлын амжилт хүсье” гэлээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар бараалхах үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга:

“Хууль зүйн сайд яагаад улстөржөөд байна вэ? Яагаад Монгол Улсын Ерөнхийлөгчийг УИХ-ын чуулганы танхимаас худлаа гүтгээд байна вэ? Үүнийгээ тайлбарлах ёстой шүү. Би өөрийг чинь шүүхэд өгнө. Би яахаараа Төрийн ордны 3 давхраас хүмүүст ял өгөөд сууж байдаг юм бэ? Хууль зүйн сайд ийм юм ярьж болохгүй. Чи Монгол Улсын Хууль зүйн сайд болохоос биш Монгол Ардын намын Хууль зүйн сайд биш. Чи залуу хүн. Хууль зүйн салбар бол улс орны тархи толгой болсон том салбар. Чи эхний алхмаа улстөржилтөөс эхлэвэл ажил чинь явахгүй. Бид өмнө нь олон удаа уулзаж, Монгол Улсаа хөгжүүлэх талаар ярьж байсан биз дээ? Тэр уулзалтуудын үр дүн хаана байна вэ? Чи Монгол Улсын сайд болохоос Монгол Ардын намын Х.Нямбаатар биш. Энэ бодлоо цэгцэлж, нэг тийш болго. Ерөнхий сайдтайгаа зөвлө. Ард түмнээсээ уучлалт гуй. УИХ-ын гишүүн С.Ганбаатар дээр очиж байна лээ. Ингэж ажиллах ёстой. УИХ-ын гишүүн өлсгөлөн зарлаж болохгүй шүү дээ. Энэ асуудлыг Монгол орон даяар, мөн гадаадад харж байгаа.

Хууль зүйн салбарт тулгамдсан, нухацтай олон асуудал байна. Чамайг сайдаар томилогдсоны дараа хоёулаа уулзаад Монгол Улс Ази тивдээ хоригдолгүй орон болох төслийн тухай ярьж байсан. Энэ ажил хаана явна вэ? Энэ ажлыг хиймээр байна. Гуравхан сая хүнтэй орон ийм олон хоригдолтой байж болохгүй шүү дээ. Амжилт хүсье” гэлээ.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг бараалхах үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга:

Дэд сайдаар ажиллаж байсан, мэргэжлийн хүн Гадаад харилцааны сайдаар томилогдож байгаад баярлаж байна. Тантай тодорхой хугацаанд хамтран ажиллаж байсан учраас ойлголцдог. Нэн түрүүнд анхаарах асуудал хоёр хөрштэй явуулж буй бодлого байна. Мөн түүнчлэн гадаад харилцаан дахь эдийн засгийн асуудлууд, гуравдагч хөршийн бодлого, Оюу толгойтой холбоотой хөрөнгө оруулалтын асуудлууд байгаа. Бүгд л тулгамдсан асуудлууд.

Энэ жил ОХУ-тай дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож байна. Үүнд онцгой анхаараарай. ОХУ-аас Монголын нутгаар дамжин БНХАУ-руу татах хийн хоолойн асуудал нэн тэргүүнд тавигдана. Эдгээр асуудлуудын хүрээнд та ажиллаж байсан туршлагатай, бид хамтран ажиллаж байсан учраас ажилтайгаа танилцах шаардлагагүйгээр шуурхайлан орох болов уу гэж бодож байна.

Мөн 10 гаруй Элчин сайд томилогдоогүй байгаа асуудал байна. Энэ асуудлыг яаралтай оруулж ирэх хэрэгтэй. Гадаад харилцааны яам, Монгол Улсыг гадаадад төлөөлж буй Элчин сайд нарын нэр хүнд унасан. Гадаад харилцааны яам, Элчин сайд нар Монгол Улсыг гадаадад төлөөлж байгаа учраас өөрчлөлт хийгээрэй. Амжилт хүсье” гэлээ.

Сангийн сайд Б.Жавхлан бараалхах үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга:

Та УИХ-ын гишүүнээр хоёр дахиа сонгогдлоо. Монголбанканд тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн. Тиймээс мөнгөний болон бусад бодлогын хүрээнд ажилтайгаа танилцах шаардлагагүй гэж бодож байна. Өнөөгийн нөхцөлд мөнгөний бодлого хатуу байж болохгүй. Эдийн засгийн хямралтай ийм үед мөнгөний хатуу бодлогыг чөлөөлөх тал дээр Тантай ойлголцох болов уу гэж бодож байна.

БНХАУ-тай байгуулсан 1.7 тэрбум ам.долларын SWOP хэлэлцээрийг гурван жилээр сунгасан. Гурван жилээр сунгасан нь бидэнд амьсгаа авах боломж өгсөн шүү. Өмнө нь Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан БНХАУ-ын Ардын банкны ерөнхийлөгчтэй уулзаж чадахгүй байсныг Та мэдэж байгаа юу? Энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэхэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ байсан учир мэдэж байгаа байх. Энэ асуудлыг шийдээд гурван жилээр сунгасан. Уржигдар БНХАУ-ын Элчин сайдтай уулзаад “дахин гурван жилээр сунгах боломжтой юу” гэж асуухад “байгаа” гэсэн. Манай Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал мэдэж байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр, 1.7 орчим тэрбум ам.долларыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж гарч ирж байгаа юм. Монгол Улс мөнгөгүй гэх зэргээр ярьдаг асуудал бий. Бидэнд одоо гурван жилээр сунгасан, дараа нь дахин гурван жилээр сунгах боломжтой 1.7 тэрбум ам.доллар байна.

Цар тахлын хямралын үед том төслүүд, ажлын байрыг хангах тал дээр Ерөнхий сайд анхаарч ажиллаарай, Сангийн сайд нь дэмжлэг үзүүлж ажиллаарай. Өмнөх Сангийн сайд Ерөнхий сайддаа дандаа буруу ойлголт өгдөг байсан шүү.

Мөн оффшор бүсээс орж ирж байгаа мөнгө, оффшор бүсээс орж ирээд угаагдаж байгаа, одоогоор Монголд ороод ирчихсэн байгаа мөнгөний асуудлаар хамтарч ажиллана. Өрх бүрд нэг сая төгрөг олгох, эдийн засгийг дэмжих төсөл дээр хамтарч ажиллана гэж ойлгож байна.

Ер нь Сангийн сайд бол хамгийн “интернациональ” сайд шүү дээ. Бүх хүнтэй ажилладаг. Намчирхаж болохгүй сайд шүү. Өмнөх Сангийн сайд маш их намчирхдаг байсан. Энэ алдааг битгий давтаарай. Бид нэг л улс, нэг л Монгол оронтой хүмүүс шүү. Амжилт хүсье” гэлээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа бараалхах үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга:

“Та Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдоод зургаан сар ажилласныхаа дараа дахин томилогдлоо. Өнгөрсөн хугацаанд яамныхаа ажилтай сайн танилцсан байх. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд бол ард иргэдтэй тулж ажилладаг. Энэ салбар өөрөө эмзэг салбар. Зургаан сар гэдэг бол богино хугацаа биш. Таны зүгээс шинэлэг санаачилгууд гаргаж ажиллахыг хүсье. Битгий их улстөржөөрэй. Ерөнхийлөгчийн хаалга нээлттэй шүү. Асууж ярих зүйл байвал дуртай цагтаа орж ирээд ярьж байгаарай. Амжилт хүсье” гэлээ.

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар бараалхах үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга:

“Та өөрийн мэддэг салбарт дахин ажиллахаар боллоо. Саяхан газар хөдлөлт ойр, ойрхон боллоо. Хэрвээ Улаанбаатар 6 баллын хүчтэй газар хөдлөлт болох юм бол эрсдэл маш өндөр гэдгийг Та мэдэж байгаа байх. Энийгээ яагаад Ерөнхий сайд, Шадар сайддаа хэлдэггүй юм? Чив чимээгүй өнгөрлөө. Үүнийг анхаарч ажиллаарай.

Таныг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж байхад би Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан. Өмнө нь хамтарч ажиллаж байсан учраас хоёулаа асуудалгүй ойлголцоно.

Нэн тэргүүний асуудал бол дагуул хотын төсөл. Та энэ ажилд анхаарал хандуулж, сайд болсныхоо дараа хурал хийж байгааг хараад би олзуурхаж байлаа. Майдар хот бол 9 баллын хүчтэй газар хөдлөлтөд тэсвэртэй хотыг байгуулах төсөл шүү дээ. Үүн дээр онцгой анхаарч ажиллахыг Л.Оюун-Эрдэнэ сайдад бас захья. Бидний одоо сууж байгаа Төрийн ордон, Спортын төв ордон зэрэг барилга 6 баллын газар хөдлөлтөд тэсвэргүй шүү дээ. Энэ асуудлуудыг танилцуулж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр ярьж болно шүү дээ. Та мэргэжлийн сайд учраас барилгуудынхаа мэдээллийг Ерөнхий сайддаа танилцуулаарай. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ залуу хүн учраас бүгдийг нь ойлгоно.

Хот байгуулалтын тухайд Улаанбаатар хотод газар олголт замбараагүй явсан учраас хотыг тэлэх ямар ч боломжгүй болсон. Тийм учраас дагуул хотуудыг байгуулж, гэр хорооллыг дахин төлөвлөх асуудалд онцгой анхаармаар байгаа юм. Майдар хотын ажлыг эхлүүлчихмээр байна. Энэ бол дэд бүтцийн асуудал шүү дээ. Оюутнуудаа эхлээд гаргая. Энэ асуудлыг нэн тэргүүнд тавихгүй бол Улаанбаатар хотын өнөөдрийн дэд бүтэц, түгжрэл, утааны асуудал шийдэгдэхгүй. Амжилт хүсье” гэлээ.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан бараалхах үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга:

“Л.Энх-Амгалан сайд маш том салбарт сайдаар томилогдлоо. Боловсролын салбар хамгийн хоцрогдсон салбар. Та үүнд онцгой анхаарч ажиллаач. Боловсролын салбар хаана яваад байна вэ? Гадаад боловсролын системээр яваад байна уу, дотоодын системээр яваад байна уу? Мөн шинжлэх ухааны салбар маш хоцрогдож байна. Шинжлэх ухаан хаана явна вэ? Өнөөдөр манайд шинжлэх ухаанаар шийдэгдэж байгаа ганц ч асуудал байхгүй. Үүнд онцгой анхаараарай.

Хөвсгөлийн ард түмэн өөрт тань гурван удаа итгэлээ. 21 аймгийн 330 суманд боловсрол хэрэгтэй байна. Өнөөдөр боловсролын салбарт ахиц гараагүй. Үүнийг өөрөө мэдэж байгаа. Бид боловсролын салбарт анхаарах гэж хичээж байгаа ч нэг сайд гарч ирээд нэг юм ярьдаг, нөгөө сайд гарч ирээд өөр юм ярьдаг. Би хамтарч ажиллахад бэлэн байгаа. Боловсролын асуудлаар Ерөнхийлөгчийн хаалга, Ерөнхийлөгчийн институц, манай зөвлөхүүд бүгд нээлттэй байгаа.

Сайдаар томилогдоно гэдэг бол том ажил хийх боломж гэсэн үг. Зүгээр нэг сайд байх нь Танд тийм ч сонирхолтой биш байгаа гэж бодож байна.

Шинжлэх ухааны салбар дэлхийгээс маш хоцорч байна. Залуу эрдэмтэд гэж байхаа больсон, бид залуу эрдэмтдээ бодлогоор гаргаж чадахаа больсон. Залуу эрдэмтэд, боловсролтой хүмүүс бүгд гадаадад, гадаадын компаниудад ажиллаж байна. Тэднийг татаж оруулж ирэхэд хамтарч ажиллая.

Боловсролын салбарт багш нарын цалингийн асуудал бас байдаг. Цар тахлын үед бүгд цахимаар хуралддаг болсон. Цар тахлын үеийн нэг жилийн боловсролын хоцрогдол нь хүүхдүүдийг арван жилээр хоцрооно шүү дээ. Энэ хоцрогдлыг яаж нөхөх вэ? Монгол хүүхдийн боловсрол, танин мэдэхүй гээд зөндөө асуудал байна. Улстөржихгүй шүү. Амжилт хүсье” гэлээ.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар бараалхах үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга:

“Хоёр дахь удаагаа сайдаар томилогдсонд баяр хүргэе. Та бол энэ салбарын хүн. Бид олон удаа хамтран ажиллаж байсан. Танд ажилтайгаа танилцах шаардлага байхгүй болов уу гэж бодож байна. Төмөр зам, авто зам, агаарын тээврийн салбарын асуудлуудаа Ерөнхий сайддаа маш сайн ойлгуулаарай. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байхдаа төмөр замын асуудлаар гардан ажилласан. 2019 оны тавдугаар сард төслийн нээлт хийснээс хойш төсөл явахгүй байна гээд кэмпээ нүүлгэсэн. Өөрөө ч энэ үед хамт байсан.

Маш том газар нутагтай, цөөн хүнтэй, далайд гарцгүй оронд дэд бүтэц байж байж л хөгжинө. Энэ бол Таны өглөө бүр амандаа хэлж байх үг шүү. Үүнийг улстөрчдөд ойлгуулах гэж их ажил болдог. 10 жил гацаасан төслийг Л.Оюун-Эрдэнэ өөрөө гардаж аваад, Ерөнхий сайддаа зөв ойлгуулж, хөрөнгө оруулалтыг нь бүтээж байгаад хэрэгжүүлсэн. Төмөр замын ажлаа шуурхайл. Мэргэжлийн хүн сайдаар ажиллаж байгаад баярлаж байна. Тантай хамтарч ажиллахад урамтай байх болов уу гэж бодож байна. Төмөр зам, дэд бүтцийн салбарт улстөржилт байхгүй шүү.

Хамгийн хоцрогдсон нэг салбар нь агаарын тээвэр байна. Бид шинэ нисэх буудал барьчихаад ашиглаж чадахгүй байна. Би өөрөө Зам, тээврийн сайд байхдаа энэ төслийг эхлүүлж, дизайныг нь өөрөө гаргаж байсан. Аялал жуулчлалын маш том салбар одоо зогсчихсон байна. Хамтарч ажиллахад нээлттэй байгаа шүү. Амжилт хүсье” гэлээ.

Соёлын сайд Ч.Номин бараалхах үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга:

“Баяр хүргэе. 1983 онд төрсөн залуучуудын төлөөлөл Монгол Улсын Засгийн газарт орж ирж байгаад үнэхээр баяртай байна. Таны хийсэн, бүтээсэн зүйлсийг залуус дэмждэг. Шинээр байгуулагдсан Соёлын яаманд сайдаар томилогдож байгаа юм байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх маш том алхам хийсэн нь Соёлын яамыг байгуулсан явдал байлаа. Олон жилийн дүнгээр үнэхээр энэ яам дутагдаж байсан нь харагдсан. Соёлын салбараа ойлгож, асуудал руу зөв талаас нь орох болов уу гэж сайдаар залуу хүн сонгосон байх.

Соёлын яам байгуулна гэдэг нь Соёлын ордон барих биш юм шүү. Энэ бол шал өөр асуудал. Улсын төсөвтэй холбогдуулаад аймгуудад Соёлын ордон барих асуудал яригдсан. 21 дүгээр зуунд бид дотроо бие засах газар, усгүй Соёлын төв барьж болохгүй. Үүн дээр анхаараарай.

Асууж зөвлөх зүйл байвал Ерөнхийлөгчийн институц, зөвлөхүүд нээлттэй байгаа шүү. Би өөрөө зураач хүн, энэ салбарын төлөөлөл учраас ярих хэлэх зүйл зөндөө байдаг. Соёлын салбарт хийх маш олон ажил бий. Жишээ нь, өв соёл, монгол бичиг. Арга ядаад би өөрөө монгол бичиг зааж эхэлж байна.

Хамгийн хоцрогдсон салбарт Ерөнхий сайд У.Хүрэлсүх анхаарч ажилласан. Үүнийг үргэлжлүүлэн ажиллаарай. Амжилт хүсье” гэлээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон бараалхах үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга:

Танд баяр хүргэе. Хэдийгээр богино хугацаанд ажилласан ч гэсэн хоёр дахиа томилогдлоо гэж намтарт тань бичигдэнэ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Таныг мэргэжлийн хүн, маш их мэдлэг, чадвартай хүн гэж магтдаг байсан. Тэр үгсийг ажлаараа үзүүлмээр байна.

Танай салбартай холбоотой эдийн засгийг сэргээх ажлууд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр олон удаа яригдсан. Энэ ажлуудаа улстөржүүлэхгүйгээр явуулмаар байна. Унасан эдийн засгийг сэргээхэд танай салбар маш том үүрэгтэй. Тийм учраас “би мэргэжлийн хүн, чи мэргэжлийн хүн биш” гэдэг байдлаар надтай харьцаж болохгүй. Би бизнесийн салбарын хүн учраас уул уурхайн салбарыг мэднэ. Эдийн засгийг босгох гол салбар бол танай салбар.

Бид өнөөдөр зөвхөн нүүрс, зэс, төмрийн хүдэр экспортлоод, улсын эдийн засгийг тогтоогоод байж болохгүй. Бид бүгдийг нь боловсруулах ёстой. Та төмөр замыг өөрөө очиж үзсэн. Төмөр замыг дагаад Сайншандын ойролцоо боловсруулах үйлдвэр баригдана. Техник, эдийн засгийн үндэслэлийг нь хийлгэчихсэн, хариуцах эзэнтэй болгоод явж байна. Асгатын мөнгөний ордод 46 км дор баяжуулах үйлдвэр барьчихсан байгаа. Энэ үйлдвэрийг Монгол Улс бариагүй. Яагаад монголчууд коксны үйлдвэр бариагүй байхад бусад хүмүүс ирээд коксны үйлдвэр барьчихсан, экспортлоод зараад байдаг юм бэ? Манай Монгол Улсын бодлого хаана явна вэ? Энэ асуудлаар хамтарч ажиллая.

Одоо улстөржихгүй шүү. Улстөржихгүйгээр гэдэг нь Монгол Улсын Ерөнхийлөгчид байгаа боломж дээр Монгол Улсын Засгийн газар яаж хамтрах вэ, гурван сая иргэнээ яаж орлоготой болгох вэ гэдэг дээр хамтарч ажиллахыг л яриад байгаа юм. Шинэ Ерөнхий сайд чинь Харвардын их сургууль төгссөн хүн. Энэ хүнд танин мэдэхгүй, ойлгохгүй зүйл байхгүй болов уу гэж бодож байгаа учраас үүнийг ярьж байна. Амжилт хүсье” гэлээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан бараалхах үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга:

Баяр хүргэе. Монгол Улсын Засгийн газарт хоёр дахь удаагаа орж ажиллаж байна. Энэ бол ховор боломж. Сайд болно гэдэг намтарт тань ямар нэг зүйл үлдэх ёстой байдаг юм. Тэр ажлаа хийх хэрэгтэй байна.

Монгол орон бол хөдөө аж ахуйн орон. 180 орчим мянган малчин өрх бий. Маш том салбарын сайдаар томилогдлоо. Хөдөө аж ахуйн биржийг амилуулах хэрэгтэй. Малаас гаралтай түүхий эдийг худалдаж авах салбаруудыг 330 суманд бий болгох хэрэгтэй, 21 аймагт анхан шатны боловсруулах үйлдвэрүүдийг хурдтай барих хэрэгтэй. Энэ төслийн мөнгийг төсөвтэй хамааралгүйгээр бүтээчихсэн байгаа шүү. Та энэ тал дээр амбицлаад, яриад Засгийн газраа манлайлаад явмаар байх юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд дотооддоо хүнс үйлдвэрлэх боломжийг бий болгох төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг макеттай нь цуг гардуулж өгсөн. Мөн газар тариалангийн салбарыг хэрхэн экспорттой холбох зэрэг бодлогын бүх бичиг баримт бэлэн болчихсон. “Дархан-Арьс ширний цогцолбор”-ын дэд бүтцийн мөнгө болох 70 орчим сая ам.долларыг бэлэн болгочихсон байгаа.

Энэ салбарт ус, малын бэлчээр, малчдын орлогын асуудал гээд яривал олон асуудал байна. Зургаан сарын өмнө энэ салбарт сайдаар томилогдсоноос хойш салбартайгаа сайн танилцсан болов уу гэж бодож байна. Хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан, бизнесийн салбарт байсан хүн учраас Ерөнхийлөгчтэй ойрхон ажиллаарай гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэх байх. Малчдынхаа төлөө хамтарч ажиллая. Амжилт хүсье” гэлээ.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх бараалхах үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга:

“Хоёр дахь удаагаа томилогдсонд баяр хүргэе. Гурван сая монголчуудад хүртээлтэй ямар ажил байна, тэр ажлуудад анхаарч ажиллах байх гэж бодож байна. Танай салбар бол том салбар. Бас дутагдалтай салбар.

Миний ярьдаг нэг зүйл нь Оюу толгой, Эрдэнэт үйлдвэр хоёр яахаараа гадаадаас эрчим хүч авдаг юм бэ? Экспортын бүтээгдэхүүн гаргаж буй хоёр том үйлдвэр шүү дээ. Учир нь кноп нь хилийн чанадад байгаа юм. Энийг наашлуулах чиглэлд бодлогын том баримт бичгүүд гарсан. Би үүн дээр хамтарч ажиллахад бэлэн байгаа.

Мөн манай хилийн отрядууд эрчим хүчээ гаднаас авч байна. Энийг анхаарах хэрэгтэй байна. Бид бараг хүрздээд л гардаг эрчим хүчний нүүрстэй орон байж гаднаас эрчим хүчний хувьд хараат байгаад би хувьдаа харамсаж явдаг. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Таныг мэргэжлийн сайд гэж магтдаг байсан. Энэ салбараа мэддэг хүн учраас хамтарч ажиллахад бэлэн байгаа шүү.

Саяхнаас бид 21 аймаг, 330 сумаа эрчим хүчтэй холболоо. Цаашлаад сэргээгдэх эрчим хүч, уул уурхайн эрчим хүчний асуудал зэрэг тулгамдсан асуудлууд байна. Эрчим хүчний нүүрс хааяаагүй байгаа ийм тохиолдолд бид гаднаас эрчим хүч авч болохгүй. Багануурын эрчим хүчний төсөл, Тавантолгой орчимд барих цахилгаан станц, Оюу толгойтой үүнийг яаж холбох, усны асуудал гэх мэт ажил байна. Мөн 10 аймагт усны урсацыг судалж, цахилгаан станц барих ажил явж байгаа. Ерөнхий сайд, Эрчим хүчний сайд үүнд анхаарлаа хандуулаарай.

Дулааны цахилгаан станцтай болмоор байна. Орон нутгийн иргэд гэр дотроо усаа залгаад усанд ордог болмоор байгаа юм. Энэ асуудлыг иргэдийн зүгээс их тавьж байна лээ. Амжилт хүсье” гэлээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд бараалхах үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга:

“Эрүүл мэндийн сайдаар томилогдсонд баяр хүргэе. 42 настайдаа анх удаа сайд болж байгаа юм байна. Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захирлаар ажиллаж байсан учраас салбарын хүн гэсэн үг. Салбарынх нь хүн сайдаар томилогдохоор салбарынхан нь их зүйл хүлээдэг шүү. Улстөрийн хүн биш байгаа нь зөв шийдэл болов уу гэж бодож байна. Эрүүл мэндийн салбар улстөржиж болохгүй. Учир нь өвчнийг нам харгалзахгүйгээр тусна. Эрүүл мэндийн салбар бол хамгийн улстөржиж болохгүй салбар шүү.

Саяхан Арабын орнуудаас 7 сая орчим ам.долларын тусламжийг танай яаманд хүргүүлсэн. Тэр тусламжийг хүлээн авсан эсэхийг мэдээд, хааш нь түгээхээ бодмоор байгаа юм. Мөн цар тахлын үеэр асар их хэмжээний мөнгөн дүнтэй тэнцэх тусламжууд орж ирсэн. Тэрийг Шадар сайдтайгаа нийлж бүртгэлийг нь гаргаад иргэдэд зарлах хэрэгтэй. Энэ асуудлаар иргэд их бухимдалтай байгаа.

Сая зохион байгуулалтгүйн улмаас цар тахлыг дотооддоо алдлаа. Энэ зохион байгуулалтын асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр ч юм уу, бид хамтраад ярих ёстой. Анх цар тахал гарахад Ерөнхий сайд, УИХ-ын дарга, бусад яамдын сайд, дарга нартай хуралдаж байгаад хагас цэргийн зохион байгуулалтад орсон. Сүүлдээ зохион байгуулалт алдагдаад явчихлаа. Үүн дээр онцгой анхаараарай.

Анх удаа сайд болоход кабинетийн зарчмаа ойлгох, Ерөнхий сайдтайгаа ойлголцох, Шадар сайд, бусад сайд нар, салбарынхантайгаа ойлголцох гээд асуудлууд байдаг шүү.

Эрүүл мэндийн салбар мөн хоцрогдсон салбар. Эмч нарын цалин хөлс, ялангуяа алслагдсан аймаг, сумдад эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа нарийн мэргэжлийн эмч нарын цалин хөлс, өрхийн эмч нар, өнөөдөр халуун цэг дээр ажиллаж байгаа хүмүүс, хөл хорио гэх мэт зөндөө асуудал байна. Таны өмнө маш олон асуудал тулгарна. Энийг хамтын хүчээр шийдэж, бусад орны туршлагыг хэрэгжүүлэх хэрэгтэй.

Вакцины асуудлыг Ерөнхий сайд байгаа дээр ярья. Вакцины асуудлаар Сангийн сайд яваад байгаа нь буруу. Сангийн сайд вакцины мөнгийг төсөвтөө тусгаагүй учраас бантсандаа өөрөө вакцин хөөцөлдөөд байгаа юм шиг байна. Вакцин бол мөнгөний асуудал биш. Вакцин тариулж буй хүмүүсийн ирээдүйн эрүүл мэндийн асуудал. Вакцины асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцсэний дараа нэг цонхоор шийдэх хэрэгтэй. Өнөөдөр вакцинаар бизнес хийгээд эхэллээ. Мөн янз бүрийн олон асуудлыг тавиад эхэлсэн гэдгийг анхаараарай. Амжилт хүсье” гэлээ

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Банкинд байсан хонзогногчид, банк талагчдын салбараа багалзуурдах ажиллагаа бэлэн болж дээ

МАН төрийн эрхэнд гарч ирээд л банктай ноцолдсон. Банкуудыг багалзуурдаж эхэлсэн. Ерөнхий зүй тогтол нь хувийн хэвшилд ажиллаж байсан хүмүүс улс төрд орж ирэнгүүтээ эргээд эздээ, ажиллаж байсан салбараа самардаг байдал ажиглагдах юм. УИХ-ын дарга Г.Занданшатар Хаан банкнаас ажил амьдралаа эхлүүлсэн. Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч Г.Амартүвшин нь Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаас УИХ-ын гишүүн болсон байх жишээтэй. Ер нь МАН-аас өнөөдөр УИХ-д сууж байгаа гишүүд хийгээд сайд дарга нар дотор банкнаас ажлаа эхлүүлсэн маш олон хүн бий. Тэд бүгдээрээ л банкны эздээс өмчийг нь авъя, хувь эзэмшлийг тараая, арилжааны банкуудыг аймаар том хувьцаат компани болгоё гэцгээж байгаа нь сонин. Тэдний энэ байдлыг харахаар нэг л үнэн харагдах. Бүгдээрээ банкинд ажилладаг, ер нь хувийн хэвшилд ажилладаг байхдаа эзэндээ атаархаж үхэх шахдаг байсан юм байна. Тэр атаархал хонзогнолоо өөрийнхөө сүүдрээс ч нууж явдаг байсан бололтой. Ингээд эрх мэдэлд хүрсэн хойноо хонзонгоо авах ажил их хийдэг юм байна. Том банкнаас гаралтай улстөрчдийг тэгж харахаас өөр арга алга. Банкны 20 хувийг эзэнд нь үлдээгээд бусдыг зарах ёстой гээд байгаа биз дээ. Энэ хуулийн гол санаачлагчид болох Г.Амартүвшин Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын өнөөдрийн хамтрагчиддаа 33 тэрбум төгрөгийн зээл олгосон гэх мэдээлэл баримттай гарч байгаа нь үнэндээ онигоо ч юм шиг.

Энэ бүх хуулийн өөрчлөлтөд банкны эзэд огт дуугарахгүй байгаа нь Үндсэн хууль дахь тодорхой заалтууд болох “Хүний хувийн өмч халдашгүй байх…”, “Иргэн хүн хөрөнгөө захиран зарцуулах эрхтэй, төрөөс хувийн өмчид халдахыг хориглоно…” гэх хуулийн тодорхой үзэл санааны зүйл заалтуудад итгэж найдаж суугаа юм байлгүй дээ. Хувь хүний эрх чөлөө, өмч хөрөнгөнд халдсан үйлдэл төрөөс хийгдвэл Үндсэн хуулийн Цэц дээр гарцаагүй унана. Үндсэн хууль зөрчнө гэдэг бол Ардчилсан Монгол Улсад байж болохгүй юм. Улс оронд онцгой нөхцөл байдал үүссэн, дайны байдал бий болсон үед төрөөс хуулийн хүрээнд хүний хувийн өмчийг дайчлах үзэл баримтлал аль ч улсын хуульд бий. Манайд тийм нөхцөл байдал үүсээгүй шүү дээ. Үнэхээр хүмүүсийн 30 жилийн хөдөлмөрийн үр дүн болох банкуудын 80 хувийг тарааж өгнө гэвэл ганц банкны салбарууд биш Монголд монополь шинжтэй үйл ажиллагаа явуулж буй олон аж ахуйн нэгж дараагийнх болно. Тэдгээр эздэд хөрөнгийнх нь 20 хувийг үлдээгээд бусдыг нь эд бад хийнэ гэж хуульчлах юм уу. Жишээ нь АПУ-гийн 90 хувь нэг хүнийх шүү дээ. Гурил, Мах, Сүү… за тэгээд уул уурхайн нэг эзэнтэй том компаниуд олон байгаа. Тэд бүгдийг нийгэмчлэх үү, нийтийнх болгох хууль гаргаад явах юм уу. Хуулийн ийм хүчирхийлэл чөлөөт нийгэмд байдаггүй юм, зах зээлийнхээ жамаар зохицуулагддаг юм. Энэ хууль өнөөдрийнх шиг хурдтайгаар цааш тэлвэл юун ковид, ковидоос илүү аюултай байдал руу орж мэднэ. Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт бол Засаглалын шинж чанартай том хуулийн төсөл шүү. Бусад бүх салбарт нөлөөлнө.

Ер нь энэ хуулийн төсөл дээр ажилласан гишүүд, улстөрчид нэг зүйлийг хэр сайн анзаарч байгаа юм бол. Хэдэн жилийн өмнө Олон улсын валютын сангаас Монголын арилжааны бүх банкуудын дүрмийн сангийн эх үүсвэрт шалгалт хийсэн. Бараг гурван жил үргэлжилсэн тэр шалгалтаар Монголын арилжааны банкны эздийн мөнгөний эх үүсвэр цэвэр юм байна, банкинд байгаа хадгаламж эзэмшигчдийн мөнгө цэвэр, ер нь арилжааны банкуудын дүрмийн сан, активт бохир мөнгө алга гэдгийг тогтоож, албан ёсоор зарласан. Ийм шалгалт хэдэн жилийн ажил болдог юм байна гэж ойлгосон. Аль ч улсад банкны дүрмийн сангийн эрүүл эсэхийг шалгах процесс маш их цаг хугацаа ордог болохыг энэ үеэр олонтаа уншлаа. Ингэж ОУВС-гийхан Монголын арилжааны банкуудын мөнгө бохир эсэхэд цэг тавьсан. Үүнийг өнөөдрийн улстөрчид хэр санаж байгаа юм бол. Мөн Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр банкны нэг хувьцаа эзэмшигчийн дээд хязгаар 20 хувиас хэтрэхгүй гэж заасан. Үлдсэнийг нь хувьцаа хэлбэрт оруулж, хэн ч худалдан авч болно гэв. Банкны хувьцааг Балдан, Дорж, Дулмаа нарын энгийн иргэд худалдан авах уу, өнөөдрийн Монголд. Дор хаяж нэг тэрбумын хуримтлалтай хүн сонирхох сэдэв шүү дээ. Тэгвэл өнөөдөр тэр банкуудын 80 хувийг тэрбум тэрбумаар нь худалдан авах хүн хэд байгаа юм. Өнөө л ад үзэгдээд байгаа цөөн хэдэн хадгаламж эзэмшигчид биз дээ. Банкны хувьцаа авах хүн байлаа гэхэд мөнгөнийхөө эх үүсвэрийг хэл, түүнийг чинь тогтооно гээд бөөн ажил болно. Энэ ажил эхэлвэл шалгаж байна гэж хэдэн жил болдгийг ОУВС-гийн шалгалтаас харсан. Дээр нь мөнгөнийхөө эх үүсвэрийг тогтоолгох гээд хамаг байдгаа уудалж, онгичуулаад сууж байх хүн олон уу. 2020 оны арваннэгдүгээр сарын эцсийн байдлаар банкны салбарын нийт актив 35.8 их наяд төгрөгөөр хэмжигдэж байгаа юм билээ. Үүний 90 хувийг нөлөө бүхий банкууд санал болгоход түүнд хөрөнгө оруулах зах зээлийн нөөц манай улсад байгаа юу гэж зарим судлаачдын бичээд байгаа чинь энэ. Энэ талаар ямар тооцоо судалгаа хийсэн юм бол? Хууль гажих вий гэсэн болгоомжлол ингээд л эхэлж байгаа юм. Гэтэл хууль заавал хэрэгжих ёстой, арилжааны банкуудын 80 хувь заавал олон нийтийнх байх ёстой. Үнэгүйдүүлэх үү, эсвэл зүгээр тараах юм уу. Холбогдох тооцоо судалгаагаар бол энэхүү 35.8 их наяд активын чинь 15 хувь нь банкны эздийн өмч юм билээ. Энэ хөрөнгө тэдний ариун цагаан хөдөлмөрийн үр шим, цэвэр мөнгө гэдгийг бид биш ОУВС-гийн шинжээчид гурван жил ажиллаад тогтоочихсон. Асуудал их байгаа биз.

Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг санаачлаад, бас дэмжээд байгаа улстөрчдийн эцсийн зорилго нь тэгээд юу юм бэ? Монголын улстөрчид үнэндээ жижигхэн эрх ашгийн ард л нуугдаж байдаг шүү дээ. Эхэнд хэлснээр энэ хуулиар оролдож, дэмжиж байгаа гишүүдийн ихэнх нь банкнаас гарвалтай гэж. Ихэнх нь Монголын томоохон хувийн хэвшилд ажиллаж байсан, хэн нэг том эзний дэмжлэгээр гарч ирсэн гэж. Тэгэхээр хувийн хэвшлээс улс төрд очдог хүмүүс ер нь ингэдэг л юм байна. Эцэг шиг нь явсан эздээ эргээд ноцдог юм байна. Энэ зэрэгт хүргэсэн салбараа эргээд урж тасддаг юм байна.

Эцэст нь хэлэхэд, Их хурал дээр энэ хуулийн талаар учиртайхан дуугарч байгаа гишүүд цөөхөн байна. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж л чуулган дээр “Банк олон эзэнтэй болсноор бизнес рүү хандсан зээл багасна. Яагаад гэвэл гүйцэтгэх захирал нь олон хувьцаа эзэмшигчиддээ таалагдах гээд ер ажил хийдэггүй юм. Шийдвэртэй зээл өгдөггүй, хурдан арга хэмжээ авдаггүй юм. Түүний нэг жишээ нь манай Г.Амартүвшин байна. “Хас” банкинд байхдаа баахан дарга нартаа таалагдах гээд юу ч хийдэггүй байсан юм” гэж ярилаа. Өөрөөр Монголын эдийн засгийн Засаглал болсон банкны салбарын хуулийн талаар дуугарч байгаа улстөрч алга даа…

Б.НЯМАА

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Э.Бат-Үүл: МАН-ын дарга У.Хүрэлсүх Ардчилсан намгүйгээр Ерөнхийлөгчийн сонгуульд орно гэсэн тооцоотой байж

Хотын дарга асан, Улсын баатар Э.Бат-Үүлтэй ярилцлаа.


-У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорлоо. У.Хүрэлсүх яагаад гэнэт ийм үйлдэл хийсэн гэж та бодож байна вэ?

-МАН-ын дарга У.Хүрэлсүх Ардчилсан намгүйгээр Ерөнхийлөгчийн сонгуульд орно гэсэн тооцоотой байж. Ийм итгэлтэй тулдаа онцгой нөхцөлд улсаа хаяж, улс төр хийж байна гэж харсан.

-У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намгүйгээр орно гэсэн тооцоотой байгааг та юуг үндэслэн хэлэв?

-Шүүхийн хуулийн шинэчлэл гуйвж МАН-ын мэдэл рүү шууд шилжсэн юм биш биз гэсэн хардлага, Ардчилсан нам шүүх дээр очоод мухардсан байдлаас харагдсан. Манай намын Х их хурлын үйл явдалтай холбогдуулан гаргасан шийдвэр нь манай намыг удирдлагагүй болгохоор олон үзүүртэй тайлбартай гарсан. Ардчилсан нийгэмд шүүх гэдэг бол маргаантай асуудлыг шийдвэрлэх нийгмийн үйлчилгээ юм шүү дээ.Тийм учраас иргэд болон хуулийн этгээдүүд “бидний хооронд маргаан гарлаа, шийдэж өгнө үү! гэж л шүүх дээр очдог юм. Шүүх маргааныг таслан шийддэг газар. Манай шүүхийн ийм үйлчилгээ үзүүлдэг газар гэдэг иргэншсэн ойлголт нь тун маруухан. Үүнийг нь улстөрчид ашигласаар ирсэн.Одоо ч тэгэх шиг боллоо.Манай намын удирдлагын асуудлаар Шүүхээс өөх ч биш, булчирхай ч биш шийдвэр гаргаад шидчихлээ шүү дээ! Нэгэнт удирдлага нь тодорхойгүй болчихсон бол Ерөнхийлөгчөө хуульд нийцүүлэн нэр дэвшүүлж чадах эсэх нь эргэлзээтэй шүү дээ. Нэр дэвшигчийн асуудлаар нам доторх өрсөлдөгч талууд шүүхэд намын удирдлагын нэр барин гомдол гаргаад унавал манай нам маш хүнд байдалд орно.Тэгэхээр МАН-ын дарга У.Хүрэлсүхэд яггүй давуу байдал бий болчихсон гэсэн үг. Ийм давуу байдлаа мэдсэн учраас л У.Хүрэлсүх улс орноо онцгой байдалд орхин, нэр нүүрээ барж мэдэх эрсдэлтэй улстөрийн алхам хийлээ. Ерөнхийлөгчийн сонгуульд анхаарлаа бүрэн төвлөрүүлэхээр шийдсэн нь харагдлаа.

-У.Хүрэлсүхийн хувьд огцрох шалтгаанаа өөрөөр тайлбарласан. Улс орны нөхцөл байдал амаргүй байхад Засаг огцорч байгаад шүүмжлэлтэй хандах хүмүүс нэлээд байна?

-У.Хүрэлсүхийн хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд бүрэн анхаарлаа төвлөрүүлэхээр шийдсэн нь тодорхой байна. Нөгөө талаас эдийн засаг маш хүндэрсэн байна. Шинээр ажил авч байгаа Л.Оюун-Эрдэнэ энэ тухай УИХ дээр хэдэнтээ хэллээ шүү дээ. Эдийн засаг муудсан, ковидоо алдаж орхисон зэрэг хүндрэлүүдийг өөр дээрээ аваад У.Хүрэлсүх сонгуульд орохоосоо зүрхшээсэн хэрэг. Мөн Оюу толгойн асуудал “хүзүүнд тулгасан хутга” болох байж. Ямар ч байсан “фронтоо хаяж зугтсан генерал” У.Хүрэлсүх эргээд ямар нүүрээрээ Ерөнхийлөгч болмоор байна гэж ирэх юм бол. Ямар жүжиг тавьж ирэх бол гэж тааж ядаж байна.

-Ардчилсан намын УИХ дахь бүлгийн гишүүдийн зарим нь У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахгүй гэж Чуулганы хуралдаанд байр сууриа илэрхийлсэн. Энэ ямар учиртай вэ гэж хүмүүс гайхаж байгаа харагдсан?

-У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах асуудал дээр манай намын бүлгийн гишүүд маш зөв байр суурьтай байсан. Цар тахлын нөхцөл байдлыг У.Хүрэлсүх өөрөө л дайн тулаантай зүйрлээд байсан. Нөхцөл байдал ийм онцгойг мэдсээр байж “улс орноо хаяад” явсан. Манай Үндсэн хуульд онцгой нөхцөл байдал үүссэн үед эрх мэдэл шилжүүлж болохгүй гэсэн зарчим бий. Гэтэл У.Хүрэлсүх энэ зарчмыг үгүй хийж орхилоо.Дайны үед фронтоо хаяад явсан генералыг өөгшүүлж болохгүй биз дээ. Манай бүлгийн гишүүд Хүрэлсүхийг огцроход ч, Л.Оюун-Эрдэнийг томилогдоход ч барьсан байр суурь зөв байна гэж бодсон. Манай намынхан сорилт тулгарсан үед зарчимтай байдаг. Генерал фронтоо хаяад явдаг гутамшигтай жишгийг нийгмийн хэм хэмжээ болохгүй гэлээ шүү дээ! Жинхэнэ дайны үед ингэсэн бол яана?!

-Ерөнхийлөгчийн сонгууль дөхөөд улс төр нэлээд бужигнаад эхэлчихлээ. Тэгвэл цаашид улс төрийн нөхцөл байдал хэрхэн үргэлжлэх бол гэж харж байна вэ?

-Манай Ардчилсан намыг шүүх маргаантай байдалд барьчихлаа. У.Хүрэлсүх фронтоо хаяж зугтаагаад хөгийн харагдах боллоо. Фэнгшү С.Ганбаатар сонгуулийн ажлаа эхлүүлээд өлсгөлөн зарлачихлаа. Цагаан сарын дараа туйлдсан хүмүүс яаж ч мэдэхээр байна. Нийгэмд эсэргүүцлийн шинж тэмдэг бий болж хөдөлгөөнд орж байна. Ийм үед сонгуулийн прогноз хийхэд амаргүй байдал тулгарлаа. Цагаан сарын дараа байдгаа барсан олон түмэн яах бол хэмээн санаа зовж байна даа.

-АН-ын дотоод асуудал, тодорхойгүй байдал АН-ын нэр хүндийг унагаж, нийгэмд муухай харагдуулж байгаад олон нийт шүүмжлэлтэй хандаж байна. Дотоодын асуудал цаашид хэрхэх бол?

-Олон мянган гишүүдийнхээ хувь заяаг бодож эвлэрэх хэрэгтэй. Би энэ үгийг чухалчлан хэлж байна. Бид гишүүдийнхээ дэмжлэгээр л өдий зэрэгт яваа. Одоо намаа МАН-ын тоглоом болгочихвол МАН Путин шиг, үгүй дээ л хорин жил, түүнээс ч илүү хугацаанд засаглана гэсэн үг. Тэгвэл манай намын гишүүд, тэдний гэр бүл,үр хүүхдүүд энэ хугацаанд нийгмийн гадуурхагдсан цөөнх болж хувирна. МАН хүнийг гадуурхан мөшгөхдөө гаршсан нам билээ. Түүх нь тийм юм!

-Ардчилсан намын асуудал цаашид яавал зохилтой вэ. Хурдан даргаа сонгох дотооддоо эвтэй түнжинтэй байх асуудал шийгдэх болов уу?

-Шүүхийн шийдвэрийг яаралтай хэрэгжүүлэх ёстой. Шүүхээс сая АН дүрмийнхээ дагуу одоогийн удирлагаа хурдан тодруулж эцэслэн шийд гэсэн шийдвэр гаргасан байна лээ. Тийм учраас одоо манай намын маргалдаж байгаа талууд Шүүхийн шийдвэрээ яаралтай хэрэгжүүлчих ёстой. Ардчилсан намын одоогийн удирдлагын маргаантай асуудлыг шүүх шийдэхгүй орхиод, одоо хүчин төгөлдөр байгаа дүрмээрээ даргынхаа асуудлыг яаралтай шийд шүүхин шийдвэр гарсан. Тиймээс одоо Шүүхийн шийдвэрээ хурдан хэрэгжүүлэхээс өөр гарцгүй болсон. Өөрөөр хэлбэл, шүүх өөр байдлаар даргын асуудлыг авахгүй шүү гэсэн санаа бүхий шийдвэр гаргачихлаа. Эгзэгтэй болгоод хаячихлаа. Маргалдах талуудын аль аль талынх нь асуудлыг шийдсэнгүй.

-Намын хуучин дарга С.Эрдэнэ, намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан гээд хоёр талд байгаа хүмүүс нэгдэж хамтарч ажиллах талаар яриа хэлэлцээр хийгдэх шинж байна уу. Ямар гаргалгаа харагдаж байна вэ?

-Цаашид эвлэрэхгүй явбал нэг нь нөгөөгөө шүүхэд өгөөд салахгүй шүү дээ. Эцэс, төгсгөлгүй шүүх дээр асуудал тавиад байхыг үгүйсгэхгүй харагдаж байна. Тийм учраас зөрчилд орсон талууд хоорондоо эвлэрч, шүүхийн шийдвэрийг биелүүлээд Үндэсний бодлогын хороогоо хуралдуулаад хурдан ажилдаа орох хэрэгтэй. Одоо бие биенээ үндэслэлгүйгээр гүтгэж хэрэггүй. Баримт үндэслэлгүйгээр бие бие рүүгээ дайрах нь бадлыг улам дордуулаад байна. У.Хүрэлсүхтэй нэлээн шийдэмгий тэмцэл хийж явсан хүн чинь С.Эрдэнэ шүү дээ. Тухайн үедээ Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах асуудал тавьж байсан. Хамгийн гол нь яадаг ч байсан гэсэн үндэслэлгүйгээр бие биенээ гүтгэхгүй эвлэрэх тийшээ хандаасай гэж хүсч байна. Маргааныг шүүх л шийднэ. Шүүхийн шийдвэрээ хэрэгжүүлэхээс өөр арга байхгүй байна.

-Ерөнхийлөгч Х.Баттулга АН-д нөлөө ихтэй байна. Одоогийн АН-ын бүлгийн гишүүдийн ихэнх нь Х.Баттулга Ерөнхийлөгчийн заавраар ажиллаж байна гэдэг ийм зүйл яригдаж байгаа. Та үүнд юу хэлэх вэ?

-УИХ дахь АН-ын бүлэг гэдэг бол төрийн инстутиц. Хуулиараа төрийн инстутицийг бүрдүүлдэг бие даасан нэгж. Тийм учраас Ерөнхийлөгч, АН-ын бүлэг хоёр хамтарч ажиллана гэдэг төрийн инстутицийн харилцаа. Аль ч цаг үед Ерөнхийлөгч нь цөөнх, олонхын бүлэгтэй алинтай ч харилцдаг байсан. Хамгийн гол нь тэнд зүгээр нэг Ардчилсан намын гишүүд сууж байгаа юм биш. Монгол Улсын Үндсэн хуулиар бүлэг бол төрийн доторх инстутиц буюу хуулийн этгээд, Үндсэн хуулийн нэгж гэж заасан байдаг. Олонхоо дэмжээгүй үед Ерөнхийлөгч цөөнхөөс дэмжлэг авдаг ингэж л явж ирсэн.

-Ерөнхийлөгч баахан хориг тавьдаг ч хүлээж авахгүй байгаа нь анхаарал татаж байна. Хүлээж авах боломжгүй хориг тавиад байдаг юм уу гэдэг асуудал гарч байна?

-УИХ-д улс төрийн тэнцвэр алдагдсаны шинж. Ардын нам үнэмлэхүй олонх байна. Ерөнхийлөгчийн хоригийг авахгүй гэх нь байтугай хүсвэл Үндсэн хууль ч өөрчлөх эрхтэй байна. Тийм том бүлэгтэй байна. Жишээ нь, саяхан Үндсэн хуулийг өөрчилсөн байхад УИХ дээр маш ноцтой юм яриад эхэллээ. УИХ-ын гишүүн Бямбацогт дахиад Үндсэн хуулиа өөрчилнө гэж ярьж байна. Энэ чинь одоо юу болж байна вэ. Шинэ Үндсэн хууль дөнгөж өнгөрсөн тавдугаар сарын 17-нд хэрэгжиж эхэлсэн. Д.Лүндээжанцан одоо найман жил Үндсэн хуулиндаа хүрэхгүй гэж хэлж байсныг санаж байна. Тэгсэн чинь сая Байнгын хорооны дарга С.Бямбацогт Үндсэн хуулинд хүрнэ гэдэг санаагаа хэллээ. Энэнээс би юу хардаж байна гэхээр, энэ нөхдүүд Ерөнхийлөгчийн сонгуульд ялбал, МАН Ерөнхийлөгчийн засаглал руу явах гэж байна гэж ойлгосон. Энэ бол маш ноцтой байдал бий болгоно. Яагаад гэхээр, сая шинэ Үндсэн хуулиар парламентын бүх эрх мэдлийг Ерөнхий сайд руу шилжүүллээ. Дахиад Үндсэн хуулийг өөрчлөхдөө Ерөнхийлөгч нь Ерөнхий сайдаа томилно гэдэг заалт оруулчихна гэсэн үг. Тийм заалт оруулчихвал тэгээд өнгөрлөө. Тэгвэл тэгээд манайх Ерөнхийлөгчийн засаглал руу шилжчихнэ. Монголчууд эндүүрлээ болих хэрэгтэй. Чанга гарын удирдагч хүсээд байдаг. Гэтэл чанга гартай байсан улс орнууд бүгд сүйрч байна. Оросыг хар. Эдийн засаг нь сүйрлээ. Туркийг хар.

-Оюу толгойн асуудал дээр та юу хэлэх вэ?

-Оюу толгойн асуудал ярьсан төрийн зүтгэлтэн болгон шоронд орж байна. Ямар ч гэрээ хэлэлцээрийг харлуулж байна, энэ популист улстөрчид. Гэрээ хэлэлцээрийн ажлын хэсэгт С.Ганбаатар, Ц.Даваасүрэн эд нарыг заавал оруулах ёстой гэж бодож байна. Тэгэхгүй ажлын гадна талд суучихаад шүүмжлээд, хийсэн ажлыг харлуулж хиншүү болгоод байна. Ингэж болохгүй. Ер нь бол миний хардаж байгаа зүйл бол, Оюу толгойн асуудлыг мэддэг хүмүүсийн ярьж байгаагаар бол үнэндээ хөрөнгө оруулагч тал одоо болтол ашиг аваагүй юм билээ. Монголын тал харин янз бүрийн төлбөр, татвар нутаг дэвсгэр дээр үйл ажиллалаа явуулсан гээд ажлын байртай, олон компани бараагаа ханган нийлүүлж хоёр их наяд төгрөгийн борлуулалтын орлого авдаг юм байна гээд яриад байна. Миний хувьд одоогийн энэ байдлаас болж Оюу толгойн төслийг царцаах нь дээ гэж харсан. Сая шүүхэд өглөө гэхээр, Оюу толгой чинь энэ дарамтаа дийлэхгүй болоод энэ төслөө зогсоочих вий дээ гэж харсан. Энэ төсөл зогсвол манай эдийн засаг баларна. Эдийн засгаа сүйрүүлсний хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Өөрөөр хэлбэл, энэ хэдэн улстөрчид популистуудаас болж Оюу толгойн гэрээ хэлэлцээр “Баялгийн хараал” болж хувирчихаад байна. Тиймээс Л.Оюун-Эрдэнэ гэрээ хэлэлцээр хийхдээ энэ шүүмжлээд байгаа нөхдүүдийг заавал оруулах ёстой гэж харсан.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Шар бар өдөр

Аргын тооллын нэгдүгээр сарын 30. Санчир гариг. Билгийн тооллын 17, шар бар өдөр. Өдрийн наран 08:22 цагт мандан 17:49 цагт жаргана. Энэ өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг цагдаагийн үйл, гэр байшингийн суурь тавихад сайн.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 6-8 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 20-22 градус, бусад хэсгээр 17-19 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Баруунаас секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр 32-37 градус, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Онон голын хөндий, Дарьгангын тал нутгаар 25-30 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 8-13 градус, бусад нутгаар 17-22 градус, өдөртөө Увс нуурын хотгор, Тэс, Улз, Халх голын хөндийгөөр 13-18 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Дарьгангын тал нутгаар 9-14 градус хүйтэн, Хангай нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 25-27 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ, шөнөдөө цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 20-22 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.

Categories
мэдээ цаг-үе

Засгийн газрын гишүүд тангараг өргөж байна

Шинэ Засгийн газар өнөөдөр бүрдлээ. Шинэ сайд нар яг одоо Төрийн ордонд тангараг өргөж байна.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөнө” гэж заасан.

Энэ үндсэн дээр УИХ-аас 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулж баталсан. Уг зохицуулалтаар “Засгийн газрын гишүүн нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэх, төрийн зүтгэлтний ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, төрийн болон албаны нууцыг хадгалах үүрэгтэй. Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөх бөгөөд тангараг өргөх журмыг УИХ тогтооно.

Засгийн газрын гишүүн “Монгол Улсын Засгийн газрын гишүүн би улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төрийн хууль биелүүлэх ажлыг төр, ард түмэн, Монгол Улсын Ерөнхий сайдын өмнө биечлэн хариуцаж, Засгийн газрын гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн УИХ-д тангараг өргөнө.

Categories
гадаад мэдээ

Ижил хүйстэн эрчүүдийг олон нийтийн өмнө шийтгэжээ

Индонезийн консерватив Ачех мужид бэлгийн харьцаанд орсон хоёр эрэгтэйг олон нийтийн өмнө шийтгэжээ.

27, 29 настай хоёр эрэгтэйг дотно харилцаатай болсон тухай өнгөрсөн оны 11 сард хөршүүд нь орон нутгийн хууль сахиулагчдад мэдээлжээ. Хосыг олон нийтийн өмнө 77 удаа ташуурдах шийтгэл оногдуулсан байна.

Тэднийг шийтгүүлж байхад нэгнийх нь ээж хүүгээ хараад ухаан алдаж унасан аж.

Ачех муж исламын хатуу хууль үйлчилдэг цорын ганц бүс нутаг юм. Энд мөрийтэй тоглоом тоглох, согтууруулах ундаа хэрэглэх, эсрэг хүйсийн хүмүүстэй уулзах зэргийг ёс зүйгүй үйлдэл хэмээн үзэж хориглодог байна. Өмнө нь ийм үйлдэл гаргасныхаа төлөө дөрвөн ч хүн ташуурдуулж байжээ.

Ижил хүйстнүүдийг хориглосон хууль 2015 оноос хойш хэрэгжиж эхэлснээс хойш гурав дахь удаагаа ижил хүйстэн эрчүүдэд ийм шийтгэл оногдуулж байгаа юм.

Ижил хүйстэн эрчүүдийг олон нийтийн өмнө шийтгэжээ

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайд танхимын бүрэлдэхүүнээ танилцууллаа

1.Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/

Төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.1, 42.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналыг төсөлд нэмж тусган, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ.

Санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт үг хэлсэн юм. Дараа нь хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 46 нь дэмжиж, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль батлагдлаа.

2.“Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж танилцууллаа. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7, 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг Төсвийн байнгын хороо 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ. Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Улсын Их Хуралд сонгогдон ажилласан туршлага, төрийн ажлын мэдлэг, ур чадварыг харгалзан Төсвийн байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатарыг нэр дэвшүүлэн хэлэлцүүлжээ. Тэрбээр 1986-1991 онд ОХУ-ын Санкт Петербург хотын Санхүү эдийн засгийн дээд сургууль, 1998 онд Австралийн Сидней Их сургуулийг тус тус төгссөн. Төлөвлөгч, эдийн засагч мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны магистр зэрэгтэй. 1991-1992 онд Yндэсний хөгжлийн яаманд эрдэм шинжилгээний ажилтан, 1992-1995 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуульд эдийн засгийн онолын багш,1998-2000 онд Засгийн газрын дэргэдэх Эдийн засгийн бодлогын чадавхийг дэмжих төсөлд ахлах эдийн засагч, 2000-2003 онд Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх, 2003-2007 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2007-2008 онд Засгийн газрын гишүүн- Түлш, эрчим хүчний сайд, 2008-2012 онд Улсын Их Хурлын гишүүн, 2008-2009 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга, 2009-2012 онд Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, 2012 оноос Улсын Их Хурлын гишүүн, 2016-2017 онд Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга, 2017-2020 онд Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар ажилласан, 2008 оноос Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байна.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатарыг Төсвийн байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ. Санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Дараа нь Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатарыг сонгохыг дэмжих санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 55 гишүүний 45 нь дэмжсэн тул “Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдав. Иймд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тогтоолын эцсийн найруулгыг уншиж танилцууллаа.

3.Засгийн газрын гишүүнийг томилох тухай Монгол Улсын Ерөнхий сайдын танилцуулга;

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлэх Засгийн газар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль тогтоомжоор бүтцийн хувьд 14 яамтай, тохируулагч 12, хэрэгжүүлэгч 23 агентлагтай, танхимын бүрэлдэхүүний тухайд Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон асуудал эрхэлсэн нийт 17 гишүүнтэй ажиллах юм.

Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг томилох тухай Ерөнхий сайдын танилцуулгыг сонслоо. Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газрын гишүүдээр дараах хүмүүсийг томилохоор Улсын Их Хуралд танилцуулсан.

Улсын Их Хурлын гишүүн Сайнбуянгийн Амарсайханыг Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдын албан тушаалд томилохоор танилцуулсан. Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан нь 1973 онд Улаанбаатар хотод төрсөн. 47 настай, эхнэр хүүхдийн хамт амьдардаг. 1991 онд Налайх дүүргийн “Эрдмийн оргил” дунд сургууль, 1996 онд АНУ-ын Калифорни мужийн Пресно хотын институт, 2000 онд АНУ-ын Саут Вест их сургуулийг тус тус төгссөн. Хэл судлал, эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй. 1992-1994 онд Шинжлэх ухаан, мэдээлэл технологийн төвд ажилтан, 2000-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд консулын ажилтан, атташе, 2004-2007 онд “Американ трейд энд девелопмент” ХХК-д хөрөнгө оруулалт, гадаад худалдааны менежер, 2007-2017 онд “Оюуны-Ундраа” группийн гүйцэтгэх захирал, ерөнхийлөгч, ТУЗ-ийн дарга, 2012-2020 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч, 2016-2017 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төсөв, санхүү, эдийн засгийн хорооны дарга, 2017-2019 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, 2019-2020 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар тус тус ажиллаж байгаад 2020 оноос Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дэд даргаар ажиллаж байна. Улсад 23 жил, үүнээс төрийн албанд 15 жил ажилласан.

Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын албан тушаалд Цэндийн Нямдоржийг томилохоор танилцуулсан. Тэрбээр 1956 онд Увс аймгийн Малчин суманд төрсөн. 64 настай, эхнэрийн хамт амьдардаг. 1973 онд Увс аймгийн Малчин сумын найман жилийн сургууль, 1975 онд Увс аймгийн Улаангом хотын арван жилийн 1 дүгээр дунд сургууль, 1976 онд Зөвлөлт Холбоот Улсын Эрхүү хотын Улсын их сургууль, 1981 онд Зөвлөлт Холбоот Улсын Санкт-Петербургийн Улсын их сургуулийг тус тус төгссөн. Хуульч мэргэжилтэй. 1981-1988 онд Улсын ерөнхий прокурорын газарт хэлтсийн прокурор, хэлтэс, тасгийн дарга, 1988-1990 онд Цэргийн ерөнхий прокурорын нэгдүгээр орлогч, 1990 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлд мэргэжилтэн, 1990-1992 онд Хууль зүйн тэргүүн дэд сайд, 1992-2016 онд Улсын Их Хурлын гишүүн, 2000-2005 онд Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайд, 2005-2007 онд Улсын Их Хурлын дарга, 2016-2017 онд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын дэд дарга, 2017-2020 онд Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар тус тус ажиллаж байгаад 2020 оны наймдугаар сараас Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байна. Тэрбээр төрийн албанд 40 жил, үүнээс улс төрийн албан тушаалд 31 жил ажилласан.

Улсын Их Хурлын гишүүн Болдын Жавхланг Засгийн газрын гишүүн-Сангийн сайдын албан тушаалд томилохоор танилцуулсан. Тэрбээр 1975 онд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн. 45 настай. Эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. 1990 онд Сүхбаатар аймгийн 1 дүгээр сургууль, 1992 онд Дархан-Уул аймгийн 17 дугаар сургууль, 1997 онд Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн сургууль, 2008 онд АНУ-ын Калифорнийн Их Сургуулийн Риверсайдын хэлний сургууль, 2009 онд АНУ-ын Индианагийн их сургуулийг тус тус төгссөн. Банкны эдийн засагч мэргэжилтэй. 1997-2004 онд Монголбанкинд хянан шалгагч, 2004-2007 онд Худалдаа хөгжлийн банкны Дэд захирал, 2010-2016 онд Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байгаад 2016 оноос Улсын Их Хурлын гишүүн, 2020 оноос Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байгаа юм. Улсад 23 жил, үүнээс санхүү, эдийн засгийн салбарт 11 жил ажилласан.

Улсын Их Хурлын гишүүн Лувсанцэрэнгийн Энх-Амгаланг Засгийн газрын гишүүн-Боловсрол, шинжлэх ухааны сайдын албан тушаалд томилохоор танилцууллаа.Лувсанцэрэнгийн Энх-Амгалан нь 1970онд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн. 51 настай. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. 1987 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар арван жилийн сургууль, 1992 онд ОХУ-ын Санкт-Петербургийн их сургууль, 1996 онд АНУ-ын Дакотагийн их сургууль, 2002 онд БНСУ-ын Хангдоны их сургуулийг тус тус төгссөн. Мэдээллийн технологийн инженер-эдийн засагч мэргэжилтэй. 1992-1995 онд Монцамэ агентлаг, Ил товчоо сонинд хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1995-1996 онд “Интерпресс” ХХК-ийн ерөнхий захирал, 1996-2012 онд “Эм Си Эс” группын Тэргүүн дэд ерөнхийлөгч, “Юнител” группын Захирлуудын зөвлөлийн дарга, 2011-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын Хөдөөгийн хөгжил, дэд бүгэц хариуцсан зөвлөх, 2012-2020 онд Улсын Их Хурлын гишүүн, 2016-2017 онд Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, 2017-2020 онд Улсын Их Хурлын Дэд даргаар тус тус ажилласан. 2020 оноос Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байна. Улсад 28 жил, үүнээс улс төрийн албан тушаалд 10 жил ажилласан.

Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын албан тушаалд Нямжавын Уртнасанг томилохоор танилцуулсан. 1975 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн. 46 настай, ээж, охины хамт амьдардаг. 1993 онд Дархан-Уул аймгийн 17 дугаар дунд сургууль, 1998 онд Монгол Улсын их сургуулийг тус тус төгссөн. 2003 онд Япон Улсад, 2005 онд ХБНГУ-д байгаль орчин, хэрэглээний сэтгүүл зүйн чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлсэн. Сэтгүүлч мэргэжилтэй. 1998-2000 онд “Ийгл” телевизид сэтгүүлч, Мэдээний албаны дарга, 2000-2010 онд Монголын Үндэсний Олон нийтийн телевизийн Нийгэм, эдийн засгийн редакцид байгаль орчин, хариуцлагатай уул уурхайн асуудал хариуцсан сурвалжлагч, редактор, 2011-2013 онд “Шинэ дэлхий” телевизийн гүйцэтгэх захирал, 2014-2016 онд “Юни Си энд Си” ХХК-ийн Маркетингийн хэлтсийн захирал, 2016-2020 онд “Юни Солар” ХХК-д менежер, гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байсан. Улсад 22 жил ажилласан.

Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайдын албан тушаалд Батмөнхийн Батцэцэгийг томилохоор танилцуулсан. Тэрбээр 1973 онд Улаанбаатар хотод төрсөн. 47 настай. Нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг. 1992 онд Дархан хотын 13 дугаар дунд сургууль, 1996 онд Монгол Улсын их сургуулийн Олон улсын харилцааны дээд сургууль, 2000 онд Санхүү, эдийн засгийн дээд сургууль, 2005 онд Голландын Маастрихтийн менежментийн их сургуулийг тус тус төгссөн. Олон улсын харилцааны ажилтан, багш, орчуулагч мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй. 1996-2005 онд “Мөнхийн үсэг” ХХК-ийн захирал, 2003-2004 онд “Аз-хур” ХХК-ийн захирал, 2005-2007 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагт хэлтсийн дарга, 2007-2010 онд “Мөнхийн үсэг групп” ХХК-ийн Удирдах зөвлөлийн дарга, 2010-2011 онд Монгол ардын хувьсгалт намын Ажлын албанд зөвлөх, 2011-2012 онд Монгол ардын намын Ажлын албанд Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, 2015-2016 онд Сангийн сайдын зөвлөх, 2016-2020 онд Гадаад харилцааны Дэд сайдаар тус тус ажиллаж байгаад 2020 оноос “Мөнхийн үсэг групп” ХХК-ийн Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байгаа юм байна. Улсад 24 жил, үүнээс төрийн албанд 10 жил ажилласан.

Засгийн газрын гишүүн-Соёлын сайдын албан тушаалд Чинбатын Номинг томилохоор танилцууллаа. Чинбатын Номин нь 1983 онд Улаанбаатар хотод төрсөн.37 настай. Нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг. 2000 онд Нийслэлийн 45 дугаар дунд сургууль, 2003 онд Кембриджийн коллеж, 2006 онд Зүүн Английн Их сургууль, 2018 онд Харвардын Бизнесийн сургуулийг тус тус төгссөн. Эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэй. 2008-2011 онд “Тэрэлж Сүйх” ХХК-ийн захирал, 2011 оноос одоог хүртэл “Монгол телевиз” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Улсад 9 жил ажиллажээ.

Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайдын албан тушаалд Сэрээжавын Энхболдыг томилохоор Ерөнхий сайд танилцуулав. Сэрээжавын Энхболд нь 1979 онд Улаанбаатар хотод төрсөн. 42 настай. Эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. 1995 онд Нийслэлийн ерөнхий боловсролын 22 дугаар сургууль, 2004, 2006 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, 2020 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг тус тус төгссөн. Хүний их эмч мэргэжилтэй. Анагаах ухааны магистрийн зэрэгтэй. 2007-2019 онд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Дүрс оношилгооны төвийн даргаар ажиллаж байгаад 2019 оноос Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захирлаар ажиллаж байна.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Хишгээгийн Нямбаатарыг Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдын албан тушаалд, Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайдын албан тушаалд Гүрсэдийн Сайханбаярыг, Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалд Аюушийн Ариунзаяаг, Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдын албан тушаалд Бэгзжавын Мөнхбаатарыг, Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын албан тушаалд Лувсангийн Халтар, Засгийн газрын гишүүн-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын албан тушаалд Гэлэнгийн Ёндонг, Засгийн газрын гишүүн- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын албан тушаалд Загджавын Мэндсайханыг, Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайдын албан тушаалд Нансалын Тавинбэхийг томилуулахаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын Их Хуралд танилцууллаа.

Ерөнхий сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд шинээр томилогдож буй Засгийн газрын гишүүдээс асуулт асууж, Засгийн газрын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Үүгээр чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлалаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Сovid-19 халдварын үед дархлаагаа хэрхэн дэмжих вэ?

Сovid-19 ын үед хувийн дархлаагаа хэрхэн дэмжих талаар зөвлөгөөг хүргэж байна.

Үүнд:

  1. Витамин_Д 2000-3000 уух учир нь Корона тусаж хүндэрсэн хүмүүсийн 90% нь витамин Д дутагдалтай болох нь батлагдсан
    2.Витамин_С мг уух учир нь агаарын бохирдол тамхи гэх мэт утаа нь хүний биеийн антиоксидантын хэмжээг бууруулж өвчин эсэргүүцэх чадамжийг бууруулдаг. Иймд хүчтэй антиоксидант болох витамин с тогтмол хэрэглэж байх
    3. Цайр 10 15 мг нэмэлтээр хэрэглэх эсвэл цайраар баялаг Самар хар шоколад вандуй гэх мэт хүнсийг түлхүү хэрэглэх энэ нь дархлааны эсүүдийн харилцан холбоог сайжруулна
    4. Корсет зүүхгүй байх энэ нь уушигны агааржилтинд саад хийдэг учир карентины үед зохимжгүй
    5. Өөх_тосны хэрэглээг сайжруулах ялангуяа чөмөгт ясны өөх тос дархлал дэмжих хамгийн сайн нь юм.

Эх сурвалж: Дугархүү эмч /Цахим хуудас/