Categories
мэдээ нийгэм

“Тэди” төв: Ачаалал үүсгэхгүйн үүднээс иргэдийн халууныг үзэж 5, 5-аар эгнээ болгон оруулж байна

Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр өнөөдрөөс эхлэн
цахилгаан бараа, гар утасны төвлөрсөн худалдаа, засвар зэрэг зарим салбарын
үйл ажиллагааг эхлүүлж байгаа. Гар утасны худалдаа, засвар үйлчилгээний газрууд
нээгдсэнтэй холбогдуулан нийслэлийн томоохон гар утас худалдааны төв болох
“Тэди” төвд иргэдийн хөл хөдөлгөөн байв.

Энэ талаар “Тэди” төвийн зохион байгуулагчтай холбогдож тодруулахад тэрээр “Өнөөдөр байгууллагын үйл ажиллагаа эхэлж байгаа болохоор ачаалал их байна. Тиймээс аль болох ачаалал үүсгэхгүйн үүднээс ирэгдийн халууныг үзэж 5,5-аар эгнээ болгон оруулж байна. Болж өгвөл гадаа удаан байлгахгүйг хичээж байна. Түрээслэгчид маань өглөө эрт ирж, малгай, халад, маск зэргийг зүүж халдвар хамгааллын дэглэмээ баримталж ажиллаж байна.

Бүх давхар 10:00- 17:00 цагийн хооронд ажиллаж байна” гэв.

No description available.

Categories
мэдээ нийгэм

Монгол дахь Улаанцавын бизнесийн холбооноос УОК-д 150 сая төгрөгийн үнэ бүхий эд материалыг хандивлажээ

МҮХАҮТ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанцав хотын Ардын Засгийн газар, Улаанцав хотын хойд зүгийн далайд гарцгүй тээврийн компани, Монгол дахь Улаанцавын бизнесийн холбооноос 150 сая төгрөгийн үнэ бүхий эд материалын тусламжийг өнөөдөр Улсын онцгой байдлын ерөнхий газарт МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн гардуулж өглөө. Эд материалд хамгаалалтын хувцас, нэг удаагийн бээлий, амны хаалт, халуун хэмжигч зэрэг багтжээ.

ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян “Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа ажлыг дэмжин, коронавируст халдвартай нүүр тулан тархалтын эсрэг бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаа энэ нөхцөлд хандив өргөсөнд талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье” гэв.

МҮХАҮТ-ын Үзэсгэлэн яармагийн газрын дарга Ч.Баттулга “БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанцав хотын Ардын Засгийн газар, Улаанцав хотын хойд зүгийн далайд гарцгүй тээврийн компани, Монгол дахь Улаанцавын бизнесийн холбооноос нийт 150 сая төгрөгийн үнэ бүхий эд материалын хандивласныг өнөөдөр Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө. Хүнд үед алба гүйцэтгэж байгаа хүмүүст тодорхой хэмжээний бодит дэмжлэг болох үүднээс хоёр дахь удаагаа манайх энэхүү ажлыг хамтран зохион байгууллаа” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Авто тээврийн товчоодоор 7367 хүн нэвтэрснээс сэжигтэй тохиолдол илрээгүй

Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор 24 цагийн хугацаанд албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор 7367 хүн нэвтэрчээ.

Тухайлбал, 1694 тээврийн хэрэгслээр 3725 зорчигч хот руу нэвтэрч, 1945 тээврийн хэрэгслээр 3642 зорчигч хотоос гарсан байна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 88 ажилтан үүрэг гүйцэтгэлээ.

Үүнээс эрүүл мэндийн байгууллагын 31 албан хаагч ажиллаж, авто тээврийн товчоодоор нэвтэрсэн нийт зорчигчдод эрүүл мэндийн хяналт хийхэд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна. 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш нийт 175.257 автомашины 423.244 иргэнд эрүүл мэндийн хяналт хийж байна гэж нийслэлийн онцгой коммисоос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

2021 он гараад шинээр зарлагдсан гадаад, дотоодын тэтгэлэгт хөтөлбөрүүд

Оюутан залуусын дунд нийгэмд дуу хоолойгоо хүргэх, олон нийтийн арга хэмжээнд идэвхтэй оролцох, сайн дурын ажил хийх, сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх гээд олон боломжийг олгодог гадаад, дотоодын 2021 оны тэтгэлэгт хөтөлбөрүүдийг танилцуулж байна.

1.Мерали охидын тэтгэлэгт хөтөлбөр

Merali Scholarship Program

Зориг сан АНУ-ын Мерали сантай хамтран Шинжлэх ухаан, инженерийн чиглэлээр суралцаж байгаа эмэгтэй оюутнуудыг дэмжих зорилгоор дараах тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байна. Энэ хөтөлбөрийг анх 2010 онд Азийн сангийн дэмжлэгтэй хэрэгжүүлж байсан бол ийнхүү бид хөтөлбөрийн дараагийн шинэ элсэлтийг хүлээн авахаар сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Хөтөлбөрт хамрагдсанаар:

Дөрвөн жилийн сургалтын тэтгэлэг авна

Улирал бүр номын мөнгө авна

Дотуур байрны төлбөрийн тэтгэлэг авна

Хөтөлбөрийн шалгуур: МУИС эсвэл ШУТИС-д шинжлэх ухаан, инженерийн мэргэжлээр суралцаж буй эмэгтэй оюутан байх

Энэ хичээлийн жил нэгдүгээр курсэд суралцаж байх

Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнууд ЭНЭ холбоосоор орж өргөдөлийн маягттай танилцаарай.

2. Уханий их сургуульд суралцах Хятадын Засгийн газрын 2021 оны тэтгэлэгт хөтөлбөр

mongoltur.mn – Уханий их сургуульд суралцах Хятадын Засгийн газрын 2021 оны  тэтгэлэг зарлагджээ

Хятадын Засгийн газраас олгодог энэхүү тэтгэлэг нь тус улсад суралцах гадаадын оюутнуудын тоог нэмэгдүүлэх зорилготой юм. Зөвхөн магистр, докторын зэрэг горилогчид бүртгүүлэх боломжтой. Магистрын зэрэгт гурваас доош, докторт дөрвөөс доош жил тус тус суралцах ба хэлний хувьд Хятад, Англи хэлний дунд төвшинтэй байхыг шаардаж байна. Харин горилогчийн насны хувьд магистрын зэрэгт 35 наснаас доош, докторын зэрэгт 40 наснаас доош хүн өргөдөл өгөх боломжтой.

Тэтгэлэгт дараах зүйлс багтана. Үүнд:

– Сургалтын төлбөр

– Байр, сурах бичиг

– Эрүүл мэндийн даатгал

– Сар бүр магистрын зэрэг 3000 юань

– Докторын зэрэг 3500 юаний тэтгэлэг тус тус багтжээ.

Мөн тэтгэлэгт тэнцэж БНХАУ-ын Ухань хотод ирж суралцагч гадаадын иргэн нь эрүүл мэндийн хувьд сайн байх шаардлагатай гэж заажээ. Сонирхуулахад, Уханийн их сургууль нь БНХАУ-ын шилдэг 10 их сургуулийн жагсаалтад багтдаг аж.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

3. Глобал Ugrad хөтөлбөр 2021

Зургийн тодорхойлолт алга байна.

Энэхүү хөтөлбөр нь Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн нэг, хоёр, гуравдугаар курсийн оюутнуудад өөрийн сурч буй мэргэжлээрээ АНУ-ын их дээд сургуулийн багш, сурагчидтай хамт суралцаж, сургалтын системтэй танилцах боломжийг олгох зорилттой оюутан солилцооны хөтөлбөр юм.

Санхүүжүүлэгч: Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яам

Өргөдөл хүлээн авах хугацаа: 2021 оны нэгдүгээр сарын 4-нөөс хоёрдугаар сарын 28 хүртэл

Хөтөлбөрт тавигдах үндсэн шалгуур:

1. Монгол Улсын иргэн бөгөөд Монгол Улсад оршин сууж байх;

2. Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн 1, 2, 3-р курсийн оюутан байх;

3. 3.0-аас доошгүй голчтой байх;

4.Англи хэлний чадвар сайтай байх (TOEFL IBT 61 эсвэл TOEFL ITP/PBT 500 оноо авах чадамжтай байх);

5. Өргөдөл гаргагч нь 18-24 настай байх;

6. АНУ-д өмнө нь ямар нэг байдлаар зорчиж байгаагүй буюу цөөн удаа зорчсон оролцогчид давуу талтай. АНУ-ын ногоон карт эзэмшигч монголчууд өргөдөл гаргах эрхгүй болохыг анхаарна уу.

Үргэлжлэх хугацаа: Хөтөлбөр нэгдүгээр сараас тавдугаар сарын хооронд үргэлжилнэ

Нэмэлт: Англи хэлний шалгуураас бусад шалгуурт тэнцсэн цөөн тооны оюутнуудад нэг улирлын Англи хэлний сургалтыг санал болгодог ба үүнд орон нутгийн, хөгжлийн бэрхшээлтэй эсвэл бусад онцгой хүндэтгэх шалтгаантай оюутнуудыг хамруулна. Англи хэлний сургалт намрын улиралд явагддаг ба сургалтад хамрагдах шаардлагатай оюутнууд намар АНУ-ыг зорьж хэлний сургалтад хамрагдсаны дараагаар хөтөлбөрөө хаврын улирлаас эхлүүлнэ. Иймд эдгээр оюутнуудын хөтөлбөр жилийн хугацаатай байна.

Тэтгэлэгт дараах зүйлс багтах болно:

Тээврийн бүх зардал: Олон улсын болон дотоодын аялал (нэр дэвшигч нь Улаанбаатар хотоос өөр газар оршин суудаг тохиолдолд дотоодод хийгдэх визтэй холбоотой аяллын зардал зэрэг орно);

Амьдрах буюу хоол унд, орон байрны зардал: Оролцогчид их сургуулийн дотуур байранд байрлаж, хоолны болон нэмэлт зардлын тэтгэмж авна;

Эрүүл мэндийн даатгал: Оролцогчид өөрсдийн хөтөлбөрийн хугацаанд гэнэтийн ослын болон эрүүл мэндийн даатгалаар хангагдана;

Визний зардал: АНУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт оролцогчдыг визний төлбөрөөс чөлөөлнө;

Аяллын тэтгэмж: ;Оролцогчид ачаа болон аялалтай холбогдолтой бага хэмжээний бусад тэтгэмж олгоно.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

4. Сэтгүүлчдийг дэмжих Elizabeth Neuffer тэтгэлэг хөтөлбөр

Сэтгүүлч эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөр, БНХАУ-ын засгийн газрын тэтгэлэг, Нидерландын The Hague их сургуулийн тэтгэлэг, хууль болон шинжлэх ухааны чиглэлээр суралцдаг оюутныг дэмжих хөтөлбөр, Wells Mountain сангийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрүүд тус тус зарлагдсаныг хүргэж байна.

Тус тэтгэлэг нь хүний эрх болон шударга нийгмийн дуу хоолой болох хүсэлтэй эмэгтэй сэтгүүлчдийн ур чадварыг дээшлүүлэх зорилготой. Хөтөлбөрт хамрагдсанаар MIT-гийн олон улс судлалын төвд сургалт авч, The Boston Globe, The New York Times зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагад дадлага хийх боломжтой.

Хэрхэн бүртгүүлэх вэ:

  • CV илгээнэ
  • Тус тэтгэлэгт хамрагдах хүсэлтэйгээ байгаагаа илэрхийлэх
  • Нийтлүүлж байсан нийтлэл
  • Хоёр тодорхойлох захидал

Хөтөлбөр хаана хэрэгжих вэ:

International woman’s media foundation (IWMF) буюу олон улсын эмэгтэйчүүдийн хэвлэл мэдээллийн сантай хамтран хэрэгждэг энэ хөтөлбөрт хамрагдсанаар Кэмбриж дэх MIT-гийн олон улс судлалын төвд сургалтад хамрагдаж, хүний эрх, шударга ёсны талаарх академик мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлж, судалгаа хийнэ.

Elizabeth Neuffer тэтгэлэгт хөтөлбөр үргэлжлэх хугацаа:

Тус хөтөлбөр нь намраас хавар хүртэл 7 сарын хугацаанд үргэлжилнэ. Хөтөлбөрийн эхэнд болон төгсгөлд сургалт орно.

Тэтгэлэгт хөтөлбөрт юу багтах вэ:

  • Ирж буцах хоёр талын зардал, амьдрах байр, хоол, нийтийн тээврээр зорчих зардал, эрүүл мэндийн даатгал зэргийг багтаана.
  • Дадлагын хугацаанд цалин олгохгүй.
  • АНУ-аас бусад улсын иргэн бол визний хураамжийг өөрөө төлнө.
  • Эдгээрээс бусад төрлийн зардлыг хөтөлбөрт хамрагдагсад өөрсдөө даана.
  • Хөтөлбөрт хамрагдагсад гэр бүлтэйгээ ирж болох болно. Гэхдээ IWMF амьдрах байрны зардал болон виз авахад батлан даахгүй.

Материал хүлээн авах эцсийн хугацаа: Хоёрдугаар сарын 28

Шалгуур:

  • Хүний эрх, шударга ёсны төлөө ажилладаг, ажиллах сонирхолтой сэтгүүлч байна
  • Гурваас дээш жил мэргэжлээрээ ажилласан туршлагатай байх.
  • Англи хэлийг чөлөөтэй эзэмшсэн байна. Аль ч улсын иргэн материалаа илгээх боломжтой.
  • Бүртгэл эхлэх хаагдах хугацаа: 2020 оны хоёрдугаар сарын 14-27-ны хооронд хүлээн авна.

Дэлгэрэнгүйг мэдээлэл болон онлайн өргөдлийг веб сайтаас аваарай.

5. CSC 2020-2021 БНХАУ-ын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр

Эрдмийн зэрэг: Бакалавр, магистр, доктор

Энэ тэтгэлэгт хамрагдсанаар БНХАУ-ын 274 судалгааны институтэд дээд боловсрол эзэмших боломжтой.

Тэтгэлэг юуг багтаах вэ:

  • Бакалаврын зэрэг эзэмшиж буй оюутнуудад сард 2500 юанийн тэтгэлэг олгоно, сургалтын төлбөр, сурах бичиг, дотуур байрны төлбөрөөс чөлөөлнө.
  • Магистрын зэрэгт суралцахаар бол сард 3000 юанийн тэтгэлэг олгоно. Мөн сургууль, байрны төлбөрөөс чөлөөлнө.
  • Докторын зэрэгт сурахаар бол сарын 3500 юанийн тэтгэлэг олгохоос гадна сургууль болон байрны төлбөрийг даана.
  • Элсэлтийн хураамжаас чөлөөлөхгүй.

Шаардагдах материал:

  • Тодорхойлох захидал хоёр ширхэг
  • Эзэмшсэн мэргэжлийн үнэмлэх, диплом, дүнгийн хуулбар зэрэг бичиг баримтын баталгаажуулсан хуулбар
  • CSC тэтгэлгийн онлайн өргөдөл бөглөх
  • Магистрын түвшний оюутнууд сургалтын төлөвлөгөө
  • Доктороор сурахаар бол судалгааны ажлын санал, төлөвлөгөө
  • Англи эсвэл Хятад хэлний оноо
  • Хятадын их сургуулийн багшийн урилгатай бол давуу тал болно.

Хэрхэн бүртгүүлэх вэ:

  • CSC-тэтгэлгийн сайтад бүртгэл үүсгэх.
  • Онлайн өргөдлийг үнэн зөв бөглөж, шаардагдах материалын хамт илгээнэ.
  • Хэрэв та сургуулиа сонгосон бол сургуулийн сайтад тус тусдаа бүртгэл үүсгэнэ.
  • Суралцахаар сонгосон сургуулийнхаа бүртгэлийн дугаарыг CSC-ын онлайн өргөдөлдөө хавсаргах

Бүртгэл хаагдах хугацаа: Дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл.

Дэлгэрэнгүй мэдээллийг веб сайтаас аваарай.

6. Хууль болон шинжлэх ухааны чиглэлээр олгох сургалтын тэтгэлэг 2020-2021, АНУ

Бүртгэл хаагдах хугацаа: Гуравдугаар сарын 30

QS-ийн жагсаалтаар дэлхийн шилдэг 1000-д багтах их сургуульд шинжлэх ухаан, инженерчлэл болон хуулийн чиглэлээр тэнцсэн бакалавр, магистр, докторын түвшинд суралцах оюутнуудыг төлбөрөөс чөлөөлж, дэмжих зорилготой.

Шалгуур:

Бакалаврын зэргээр суралцах бол:

  • Эрүүл мэндийн даатгалд хамрагдана
  • Сургууль болон дотуур байрны төлбөрөөс бүрэн чөлөөлнө

Шалгуур:

  • 24 нас хүрээгүй байх
  • Сургалтын төлөвлөгөөгөө , зорилгоо өргөдөлдөө хавсаргах
  • Өмнөх суралцсан сургуулийн хоёр багшийн тодорхойлолт
  • QS-ийн жагсаалтаар дэлхийн топ 1000 их сургуульд шинжлэх ухаан, хуулийн чиглэлээр элссэнийг нотлох бичиг баримт (сүүлийн гурван сарынх хүчинтэй байна)
  • Өргөдөл илгээгч хууль дүрэм зөрчөөгүй, гэмт хэрэгт холбогдож байгаагүй иргэн байна
  • Англаас бусад хэлээр хичээл ордог хөтөлбөртэй сургуулийн оюутанд тэтгэлгийг олгохгүй.

Магистрын зэргээр суралцах бол:

  • Сургууль болон дотуур байрны төлбөрөөс бүрэн чөлөөлнө.
  • Сар бүр 500 ам.долларын тэтгэлэг олгоно.
  • Эрүүл мэндийн даатгалд хамрагдана.

Докторын түвшинд суралцахаар бол:

  • Сургалт болон дотуур байрны төлбөрөөс бүрэн чөлөөлнө.
  • Сар бүр 800 ам.долларын тэтгэлэг олгоно.
  • Эрүүл мэндийн даатгалд хамрагдана
  • Олон улсын хуралд оролцох замын зардал, байрлах байр зэргээр хангана

Энэ тэтгэлэгт хөтөлбөрт өргөдөл илгээхэд бүртгэлийн хураамж төлөхгүй.

Магистр болон докторын зэргээр суралцахаар бол дараах шалгуурыг хангасан байна:

  • Магистрын оюутан 30 нас хүрээгүй байх
  • QS-ийн жагсаалтаар дэлхийн шилдэг 1000 сургуульд шинжлэх ухаан, хуулийн чиглэлээр элссэнийг нотлох бичиг баримт, (гурван сарын дотор хүчинтэй байна)
  • Эрүүл мэндийн асуудалгүй байх
  • Тухайн орныхоо хууль дүрмийг зөрчиж байгаагүй, хэрэгт холбогдоогүй байх.
  • Англи бусад хэлээр заах хөтөлбөртэй сургуульд шинжлэх ухаан, хуулийн тэтгэлэг олгогдохгүй.
  • Судалгаа суурьтай сургалтын хөтөлбөрт элсэгчид судалгааны ажил боловсруулах саналыг бөглөж илгээх.

Анхаарах зүйл:

  • QS-ийн жагсаалтаар дэлхийн топ 1000 сургуулийн аль нэгт шинжлэх ухаан, хуулийн чиглэлээр элсэж, элсэлтээ баталгаажуулсан байх бөгөөд хүчинтэй хугацаа нь гурван сараас хэтрэхгүй байх.
  • Тухайн сургуульд элссэнийг нотлох захидал, оноогоо хавсаргах
  • Топ 1000 сургуульд дүрэм журмын дагуу элссэн оюутан гэдгээ батлах

Шаардагдах материал болон онлайн өргөдөл зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсны сайтаас аваарай.

7. Дэлхийн, авьяаслаг иргэн тэтгэлэг “Нидерландын The Hague” их сургууль

Материал хүлээн авах сүүлийн хугацаа: Гуравдугаар сарын 31-нд бүртгэл хаагдаж, тавдугаар сарын 15-нд хариу гарна.

Сурах хүсэл тэмүүлэлтэй, авьяастай, өөрийгөө дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулж чадах дэлхийн иргэн гэсэн итгэл үнэмшилтэй гурван оюутныг шалгаруулдаг.

Хичээл эхлэх хугацаа: 2021 оны есдүгээр сар

Эрдмийн зэрэг: Магистр

Сурах чиглэл: Тус сургуулиас олгох бүх чиглэлийн мэргэжил

Тэтгэлэг олгох тоо: Гурван оюутан

Зорилтот бүлэг: Нидерландад амьдарч, сурч байгаагүй, гадаад орны оюутнууд

Тэтгэлэг юу багтаах вэ: 5 мянган евро

Шалгуур:

  • Энэ тэтгэлэгт өмнө нь материалаа илгээж байгаагүй байх
  • The Hague их сургуульд анх удаа бүртгүүлж буй оюутан байна
  • Тэтгэлэг горилох хугацаа буюу гуравдугаар сарын 31-ний байдлаар сургуулиа төгссөн эсвэл сурч буй оюутан байна

Онлайн өргөдлийг энд дарж бөглөнө үү.

Та The Hague их сургуульд суралцсанаар улс орнуудын энх тайван, эв найрамдал, хамтын хөгжилд хэрхэн хувь нэмрээ оруулж чадах талаараа 950-1100 үгтэй эссе бичиж энэ хаягаар илгээх.

Дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсны веб сайтаас аваарай.

8.Хөгжиж буй орнуудын оюутнуудыг дэмжих “Wells Mountain” сангийн нэрэмжит тэтгэлэг

Empowerment Through Education (ETE) нэртэй тус тэтгэлэгт хөтөлбөр нь хөгжиж буй орны бакалаврын чиглэлээр эх орондоо болон гадаадад суралцаж буй, суралцах хүсэлтэй оюутнуудыг дэмжих зорилготой.

Эрдмийн зэрэг: Бакалавр

Бүртгэл хаагдах хугацаа: Гуравдугаар сарын 1-нд

Мэргэжлийн чиглэл: Тухайн улсын хөгжил нөлөө бүхий байр суурь эзлэх мэргэжлийн салбарууд. Тухайлбал анагаах ухаан, нийгмийн шинжлэх ухаан, байгаль орчин, хууль, бизнес, мэдээллийн технологи болон хөдөө аж ахуй, инженерчлэл гэх мэт.

Тэтгэлэг олгох тоо: Жил бүр 20-40 оюутныг сонгон шалгаруулж тэтгэлэг олгодог.

Тэтгэлгийн хэмжээ, юуг багтаах вэ: Wells Mountain сангийн тус тэтгэлэг нь оюутнуудад 300-3000 хүртэлх ам.долларын тэтгэлэг олгоно. Тэтгэлэг олгох дундаж хэмжээ нь 1400 ам.доллар. Тэтгэлэг нь сургалтын төлбөр, сурах бичгийн төлбөр, болон амьдрах байрны зардлыг багтаана. Тэтгэлгийн өргөдөл илгээхэд бүртгэлийн хураамж төлөхгүй.

9. 2021 оны “IREX” xөтөлбөрийн
бүртгэл эхэлжээ

Сайн дурын ажилд идэвхтэй оролдцог оюутан залуусын
хамгийн ихээр сонирхдог “IREX” xөтөлбөр бүртгэлээ эхэлжээ. Уг
хөтөлбөрт нийгмийн болон олон нийтийг xөгжүүлэx чиглэлээр ажиллаж байсан
туршлагатай, 25-38 хүртэлх насны залуучуудыг идэвхтэй хамруулдаг бөгөөд
бүртгэл нь энэ сарын 28-ныг хүртэл үргэлжлэх юм байна. 2021 оны “IREX”
xөтөлбөрт хамрагдснаар та АНУ-д дөрвөн сарын xугацаанд тэтгэлэгтэй сурч,
ажиллах боломжтой юм. Тодруулбал, энэ хөтөлбөр нь эрчим хүч, хүрээлэн буй
орчин, энх тайван, улс нийгмийн зөрчил мөргөлдөөнийг шийдвэрлэх, ил тод
байдал, хариуцлага, эмэгтэйчүүд, жендэртэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэх
чиглэлээр суралцах мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр юм. Хамгийн чухал нь
АНУ-д байх хугацаандаа болон АНУ-д байрладаг байгууллагынхаа тусламжтайгаар
Олон нийтэд чиглэсэн олон улсын төсөл хөтөлбөрүүдийг эх орондоо, бүс
нутагтаа хэрэгжүүлэх боломжтой юм байна. “IREX” xөтөлбөрийн хүрээнд
АНУ-д амьдрах хугацаанд орон байр, хоол болон бусад зардлыг хариуцдаг юм
байна.

Д.Баттогтох

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлгийн гишүүд Ерөнхийлөгчийн өргөн барьсан “Өрх бүрд нэг сая төгрөг” олгох тогтоолын төслийг дэмжлээ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2021.01.18/ цахимаар хуралдаж, хоёр асуудал хэлэлцлээ. Цахим хуралдааныг Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн даргалж, хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас УИХ-д өргөн барьсан “Өрх бүрд нэг сая төгрөг”-ийн тэтгэлэг олгох бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх “Коронавируст халдварын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг авч хэлэлцлээ.

Бүлгийн гишүүд уг тогтоолын талаар санал бодлоо хэлж, гишүүдийн олонх нь холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлж, ярих нь зүйтэй гэж үзлээ.

Хоёрдугаарт, МАН-ын бүлэг яамдын хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний талаархи танилцуулгыг шат дараатай сонсч, санал бодлоо хэлж байгаа. Энэ хүрээнд Соёлын сайд С.Чулуун өнөөдөр яамны хэрэгжүүлэх бодлогын зорилт, хөрөнгө оруулалт, салбарын томоохон төслүүдийн талаар танилцуулсан юм. Тодруулбал, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын зорилтод тулгуурлан Төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгал, утга зохиол, урлагийн бүтээлээр Үндэсний бахархал төлөвшүүлж, эх оронч үзэл, эв нэгдлийг нэвтрүүлнэ. Мөн Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Бүх нийтийн соёлын боловсрол” , “Цахим соёл”, “Монгол ба дэлхий дахин” хөтөлбөрүүдийг шинээр боловсруулж хэрэгжүүлэхээр тусгажээ. Харин өмнөх хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөрүүдээс “Монгол уран бүтээл” /2015-2025/, “Соёлын биет бус өвийг хамгаалах” /2019-2023/, “Баримтат өвийг хамгаалах” /2014-2024/ төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм байна.

Түүнчлэн Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Кино урлагийг дэмжих тухай, Музейн тухай хуулийн төслүүлийг хэлэлцэн баталснаар салбарын эрх зүйн орчин сайжирч, үйл ажиллагаанд өндөр ач тустайг салбарын сайд онцоллоо. Мөн бодлогын зорилтод тулгуурлан Үндэсний болон сонгодог урлагийн мэргэжлийн ур чадвар бүхий нарийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, тэтгэлэг дэмжлэг олгох, төр олон нийтийн түншлэлийн харилцааг өргөжүүлж, урлаг уран бүтээлийг хөгжүүлэх зорилгоор олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр үйл ажиллагааны хөтөлбөрт тусгажээ.

Тэгвэл олон улсад зохион байгуулах эвэнтийн тухайд Дэлхийн соёлын сайд нарын чуулга уулзалтыг 2022 онд Монгол Улсад зохион байгуулна. Хүннү болон Монголын эзэнт гүрний түүхийг сурталчлах “Нүүдэлчдийн эзэнт гүрэн” үзэсгэлэнг Европын холбооны улсуудад аялуулах аж.

Соёлын салбарын томоохон бүтээн байгуулалтаас авч үзвэл, “Чингис хаан” хаад, язгууртны музей, Байгалийн түүхийн музей, Үндэсний номын сан, Үндэсний урлагийн их театр, Хөвсгөл нуур музей, соёл мэдээллийн төв, Хүүхдийн номын сан, хүүхдийн театр байгуулахаар тусгаснаа танилцуулав.

Categories
мэдээ нийгэм

Төрийн өмчит компаниудын засаглалыг олон улсын жишигт хүргэх шаардлагатай

Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүсэн хөгжиж, Хөрөнгийн бирж байгуулагдсаны 30 жилийн ой тохиож буйтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монголын Хөрөнгийн биржид зочиллоо.

Энэ үеэр Монголын Хөрөнгийн биржийн ажилтан албан хаагчдад болон хөрөнгийн зах зээлийн оролцогчид нийт арилжаа эрхлэгчдэд, хөрөнгө оруулагчдад хандан мэндчилгээ дэвшүүлж, хөрөнгийн зах зээлийн үүсэл хөгжлийг харуулах түүхэн үзвэрийн танхимыг нээж, арилжааны цан цохиж, хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлын талаарх товч мэдээлэл сонсов.

Ерөнхий сайд хэлсэн үгэндээ:
“… Дэлхий дахинаараа КОВИД19 халдварт цар тахлын сорилт бэрхшээлийг даван туулж байгаа хэдий ч эдийн засгаа сэргээх урт хугацаанд олон тулгуурт дэд бүтцийг бий болгож, тогтвортой эдийн засгийн өсөлтийг хангахад хөрөнгийн зах зээлийн үүрэг чухал бөгөөд гарцаагүй болж байна. Тухайлбал Эрдэнэс таван толгой ХХК-ийн 1072 хувьцааг хөрөнгийн бирж дээр арилжаалж стратегийн ач холбогдол бүхий томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах төрийн өмчийн хувьчлалыг хөрөнгийн зах зээлээр дамжуулан хэрэгжүүлж, төрийн өмчит компаниудын засаглалыг олон улсын жишигт нийцүүлэх шаардлагатай.

Тэтгэврийн тогтолцоог шинэчилж, иргэдийн тэтгэврийн хуримтлалыг хөрөнгийн зах зээлээр дамжуулан үр ашигтай удирдах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг ажлууд та бүхнийг хүлээж байна. Хөрөнгийн зах зээлийг санхүүгийн зах зээлийн тулгуур, эдийн засгийн хөдөлгөгч хүч болгоход төрийн зүгээс бодлогын болон бусад дэмжлэгийг цаашид ч тасралтгүй үзүүлсээр байх болно. Ингэснээр иргэдийн амьжиргаа дээшлэх, бизнес эрхлэгчид хямд урт хугацааны хөрөнгө, санхүүгийн эх үүсвэр дотоодоос татан төвлөрүүлэх боломж бүрдэнэ. Түүнчлэн төрийн өмч хувьчлалын бодлогыг хөрөнгийн зах зээлээр дамжуулан ил тод нээлттэй явуулж, баялгийн шуурхай, тэгш хуваарилалтын зарчмыг хэрэгжүүлэн ажиллах ёстой юм” гэдгийг онцлон тэмдэглэв.

Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжих үед өмч хувьчлалыг эхлүүлэх зорилгоор 1991 онд Монгол Улсын Засгийн газрын 22 дугаар тогтоолоор Монголын Хөрөнгийн биржийг байгуулж байсан байна. Иргэдийг хувийн өмчтэй болгож, өмч, хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулах анхны ажлын хүрээнд Хөрөнгийн биржээр улсын өмчийн нийт 475 үйлдвэрийн газрыг худалдаалж, хүн амын талаас илүүг хувьцаа эзэмшигч болгосон түүхтэй аж.

Сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээлд хувьцаа бондын арилжаа идэвхжиж байна. Үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр төлбөр тооцооны горим, зарчмыг олон улсын жишигт нийцүүлж шинэчлэн DvP/T+2 дараа төлбөр тооцооны горимд шилжүүлээд байна. Мөн давхар бүртгэлийн систем нэвтрүүлснээр давхар бүртгэлтэй компанийн хувьцааг чөлөөтэй хөрвүүлж, арилжаалах болжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

“Их долоо”-гийн дээд хэмжээний уулзалт зургадугаар сард болно

“Их долоо”-гийн дээд хэмжээний уулзалтыг зургадугаар сарын 11-13-нд Английн баруун өмнөд нутаг буюу Корнуоллын хойг дахь Карбис-Бэй хотхонд зохион байгуулахаар болжээ. Энэхүү уулзалтыг сүүлийн хоёр жилийн хугацаанд анх удаа биечлэн зохион байгуулах гэж буй нь энэ аж. Өнгөрсөн ням гаригт Их Британийн ерөнхий сайд Б.Жонсоны Тамгын газраас албан ёсоор энэ тухай мэдэгдэв. Энэ удаагийн уулзалтад Их Британи, ХБНГУ, Итали, Канад, АНУ, Франц, Япон, Европын холбооноос төлөөллүүд байлцахаас гадна Австрали, Энэтхэг, БНСУ-ыг зочны хувиар оролцохыг уриад буй юм. Их Британи хурлыг даргалах агаад тус улсын Засгийн газраас гаргасан хамтарсан мэдэгдэлд коронавируст цар тахал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон улсад тулгамдаж буй асуудлаас гадна технологийн дэвшлийн давуу байдал, шинжлэх ухааны нээлтүүд зэрэг өргөн хүрээний сэдвээр талууд хэлэлцэх төлөвтэй байна.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ нийгэм

БНСУ-аас хоёр удаагийн тусгай нислэгээр иргэдээ татан авахаар болжээ

Энэ долоо хоногийн баасан гаригт болон энэ сарын 31-нд БНСУ-аас хоёр удаагийн тусгай нислэгээр иргэдээ татан авах хуваарийг баталжээ.

Шадар сайдын чиглэлийн дагуу БНСУ-аас иргэдээ татахаар болсон талаар Улсын онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээллээ.

УОК-оос хоёрдугаар сараас эхлэн тогтмол тусгай нислэгийг үйлдэж, гадаад улсуудаас ирэх иргэдээ авах зорилгоор хуваарийг батлахаар тусгаарлах байруудыг бэлдсэн байна. Нислэгүүдийн зөвшөөрлүүдийг тухайн улсуудаас хүлээж байгаа бөгөөд зөвшөөрөл авсны дараа олон нийтэд танилцуулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Чаргаар гулгаж байгаад автомашинд мөргүүлжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу энэ сарын 17-18-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд зам тээврийн ослын шинжтэй 301 дуудлага иржээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас зургаан хүн гэмтэж бэртсэний дөрөв нь хүүхэд байжээ. Ноцтой зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл,

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр-3
  • Чаргатай гулгаж байгаад автомашинд мөргүүлсэн тус бүр гурван тохиолдол бүртгэгдсэн байна.

Нийслэлийн онцгой комиссоос өнөөдрөөс эхлэн цаны бааз, иргэдийг агаарлах боломжийг нээж өгч байгаа. Үүнтэй холбоотойгоор иргэд агаарт гарах, ууланд гулгахдаа хүүхдүүдээ чаргатай нь машинаар чирэх тохиолдол гарч байгаа нь гэмтэж, бэртэх эрсдэлтэй тул ийм үйлдэл гаргахгүй байхыг иргэдэд анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

​УИХ-ын гишүүн Т.Доржханд Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн асуудлаар Цэцэд хандлаа

УИХ-ын гишүүн Т.Доржханд өнөөдөр /2021.01.18/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр ажлын байр хэрхэн хамгаалах талаар УИХ-ын тогтоолын төсөв боловсруулсан, гадаадад гацсан иргэдтэй холбоотойгоор Ерөнхий сайдад асуулга хүргүүлсэн, Үндсэн хуулийн Цэц дээр иргэний журмаар мэдээлэл өгч байгаа талаараа мэдээлэл өгөв.

Одоогийн Ерөнхийлөгч болон өмнөх Ерөнхийлөгч нар нэр дэвших эрхгүй. Үүнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тодруулж өгөх ёстой гэж үзэж байгаагаа онцлов.

Тэрээр “УИХ-ын дарга Г.Занданшатарт ажлын байрыг хамгаалах талаар УИХ-ын тогтоолын төсөл өргөн барьж байгаа. Covid-19-ийн хүндрэл жил гаруй хугацаанд үргэлжилж, энэ хугацаанд Засгийн газар иргэдийнхээ орлогыг хамгаалах, цахилгаан дулааны суурь үнийг Засгийн газар даах шийдвэр гаргасан. Харин одоо бол эргэлтийн хөрөнгө, бизнесийн эх үүсвэр дутагдаад байна. Ажлын байраа хамгаалах хэрэгтэй. Ажлын байрны бодлого ярьдаг улс төрийн хүчин байхгүй байна. Монголбанкинд 7.6 их наяд төгрөг байна. Банкууд нь мөнгө гаргадаггүй. Ийм үед Засгийн газар идэвхтэй ажиллах хэрэгтэй. Монголбанкны бодлогын хүү 5 хувьтай байгаа. 5 хувь дээр Засгийн газрын үнэт цаас гаргах боломжтой байна. Зээлийн хүүгийн хязгаар хүчээр тогтоох бус банкинд байгаа эх үүсвэрийг зах зээл рүү шахах ажлыг хийх хэрэгтэй. Ингэхдээ бонд гаргаад арилжина. Төв банкин дээр байгаа эх үүсвэрийг татаж авна. Үүнийг таван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай гаргах хэрэгтэй. Ингэснээр 200 ажлын байрыг бүрэн хамгаалах боломжтой. 200-аас дээш ажилтантай бизнесүүдэд зээлийн эрсдэлийн барьцаа хөрөнгийн 50 хувийг төрөөс даа. Зээлийн эрсдэлийн барьцааны сан гэж байдаг. Үүнийг мөнгөжүүлэх хэрэгтэй. Дахиад 3 их наяд төгрөгт баталгаа гаргах боломж байна. Нийт 400 мянган ажлын байрыг хамгаалах боломж байна. Мөн УИХ-ын гишүүнийхээ хувиар Ерөнхий сайдад гадаад гацсан иргэдтэй холбоотойгоор асуулга тавьж байна. Монголчууд очиж ажил хийдэг дэлийн улс орнууд хүндэрсэн байна. Монголчууд гадаадад ажилгүй, орлогогүй болсон иргэд нутагтаа ирэхийг хүснэ. Тиймээс Засгийн газар идэвхтэй ажиллаж иргэдээ татаж авах хэрэгтэй байна. ХҮН-ны даргын хувьд монголчуудаа татаж авах асуудлыг хоёр дахь удаагаа тавьж байна. Түүнээс гадна Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хоёр сарын өмнө баталсан. Гэтэл энэ хууль Үндсэн хуультайгаа нийцэж байна уу. Өмнөх Ерөнхийлөгч нар дахин сонгуульд нэр дэвших үү. Үндсэн хуульдаа тов тодорхой дэвших боломжгүй гээд заачихсан байгаа. Тиймээс энэ асуудлаа Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тодорхой зааж өгөх ёстой гэж үзэж Үндсэн хуулийн Цэцэд иргэний журмаар хандаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч зөвхөн нэг удаа зургаан жилээр сонгогдоно гэдэг заалтыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тусгаагүй. Энэ зүйл заалтыг 2025 онд хэрэгжүүлнэ гэж байгаад нааш нь татсан. 2021 оны тавдугаар сарын 25-наас хэрэгжинэ гэж өөрчилсөн. Үүнийг тухайн үеийн Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдтой тохиролцож хийсэн” гэв.