Categories
мэдээ нийгэм

Шивээхүрэнгийн боомтоор өдөрт 300-400 тээврийн хэрэгсэл нүүрс тээвэрлэж байна

Нарийн сухайтын бүлэг орд газарт өнөөдөр /2021.01.18/-ийн байдлаар нүүрс олборлолтын зургаан аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, улс хоорондын тээвэрлэлтийн 43 аж ахуйн нэгжийн 1134 тээврийн хэрэгсэл тээвэр хийж байгаа аж.

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын “Уул уурхайн бүтээгдэхүүн экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагааг онцгой нөхцөл байдалд зохион байгуулах түр журам”-ын дагуу халдвар хамгааллын дэглэмийг сахин, өдөрт 300-400 тээврийн хэрэгсэл нэвтэрч байгаа бөгөөд БНХАУ-ын талд жолооч тээврийн хэрэгсэл хонуулахгүй байхаар зохион байгуулалт хийж буй юм байна.

Шивээхүрэн боомтод холбогдох байгууллагын 120 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж, нүүрсний экспортыг хэвийн явуулж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Өмнөговь аймагт халуун ус, маникюр, гоо сайхны үйлчилгээг нээв

Халуун ус, маникюр, гоо сайхны үйлчилгээг нээхээр болсон талаар Өмнөговь аймгийн Онцгой комиссоос мэдээллээ. Даланзадгад сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 17 нэр бүхий халуун ус, маникюр, гоо сайхны үйлчилгээг өнөөдөр /2021.01.18/-өөс ийнхүү нээж байгаа аж. Тодруулбал, Халуун ус 7, маникюр 6, гоо сайхан 4 байна. Мөн мэргэжлийн байгууллагын шаардлага, эрүүл ахуйн дэглэмийг сахисан газруудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээж ажиллуулна гэдгээ тус аймгийн удирдлагууд мэдэгджээ.

Дашрамд дурдахад, 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс хойш нийт зургаан аймагт халдварын голомт бүртгэгдэж, Улаанбаатар хотын голомт идэвхтэй хэвээр байна. Эрүүл мэндийн байгууллагуудын үзэж буйгаар 28 хоногоос дээш хугацаагаар халдвар илрээгүй бол уг голомтын халдварлалт зогслоо гэж үздэг аж.

Эрүүл мэндийн яамнаас “Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай аймгуудад халдварын голомт үндсэндээ хумигдсан. Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум хяналтад байгаа. Харин хамгийн идэвхтэй нь Улаанбаатар хот. Тиймээс 21 аймаг руу Улаанбаатар хотоос халдвар зөөвөрлөгдөн орж ирэх магадлал өндөр байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын аргачлалын дагуу хамтарсан багууд үнэлгээ хийхэд Улаанбаатар хотоос орон нутаг руу халдвар тархах эрсдэл маш өндөр байна гэсэн дүгнэлт гарсан” талаар мэдээлсэн билээ

Categories
мэдээ нийгэм

Н.Асралт: УХТЭ-т анх удаа гуяны гадна булчингаар хэл орлуулан суулгах мэс заслыг амжилттай хийлээ

Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн Хүзүү толгой, чих, хамар, хоолойн нөхөн сэргээх мэс заслын тасгийн эрхлэгч, Анагаах ухааны магистр Н.Асралттай ярилцлаа. Тэрээр манай улсын чадварлаг залуу эмч нарын төлөөлөл бөгөөд гадаадад очиж эмчлүүлээрэй гэдэг үгийг хэлдэггүй болтол хөгжүүлж чадсан гэсэн урам зоригтой үгээр яриагаа эхлүүлж байлаа. Ингээд та бүхэн түүний ярилцлагыг хүлээн авна уу.

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнгөрсөн онд хийсэн хамгийн том мэс заслын тань талаар ярилцлагаа эхлүүлье.
-Сайн байна уу. Уншигчдадаа мөн энэ өдрийн мэнд хүргэе. Өнгөрсөн оны 10-р сард УХТЭ-т анх удаа гуяны гадна талын булчингаар хэл орлуулан суулгах мэс заслыг амжилттай хийлээ. Өвчтөний хувьд хэлэн доорхи булчирхайн хортой хавдартай гэж оношлогдож, мэс засалд орсон. Хавдар нь хэлний тухайн орчинд байна уу, эсвэл тухайн орчноос хальж арьс салст руу нэгдсэн байна уу гэдгээс хамаарч мэс заслын хүрц, талбайн хэмжээ нь томордог. Тухайн өвчтөний хувьд хавдар хэлрүүгээ ороод, ясруугаа ороогүй байсан учраас бид хүзүү, эрүүгээр нь нээлт хийгээд хэлний угийг үлдээж бусад хэсгийг тайран хэлний доороос хавдартай хэсгийг авсан. Энэ процессын дараа хэлгүй болсон хүн нэгдүгээрт авиа гаргаж чадахгүй болно. Үүнээс гадна хэлний хамгийн том үүрэг нь амаар орж ирсэн хоолыг ходоод руу шидэж өгөх үүрэг байдаг. Бүрэн хэлгүй болсон тохиолдолд тухайн хүний ходоодруу гуурс суулгаж, насан туршдаа амт мэдрэхгүй, соруулын тусламжтайгаар хоол тэжээлээ идэж амьдрах болно гэсэн үг. Тийм учраас бид дээрх бэрхшээлийг үүсгэхгүйн тулд бид өвчтөний зүүн гуянаас чөлөөт далбан буюу арьс, эдүүд болон булчин судастай нь хамт авч, хүзүүний гүрээний салаанд судсыг нь холбосноор тухайн хэсгийг тэжээлтэй болгосон. Ингэснээр цусан хангамжийг алдагдуулахгүйгээр хэлнийх нь угт чөлөөт далбангаа холбож өгсөн.
Одоо тухайн өвчтөн хоол идэж чаддаг, бөөрөнхий ч гэсэн өөрийгөө бүрэн ойлгуулах хэмжээнд ярьж чаддаг болсон.
-Тэгэхээр энэ мэс засал танай эмнэлэгт маш том дэвшлийг авчирсан гэж ойлгож болох уу?

-Тийм шүү. Дээрх мэс заслын онцлог нь нэгдүгээрт хүний өөрийнх нь эдээс донорын эрхтэнг авсан юм. Мөн мэс заслын олон багууд хамтран ажилласан. Үүнд УХТЭ-ийн Хүзүү толгой, чих, хамар, хоолойн нөхөн сэргээх мэс заслын баг болон ХСҮТ-ийн Толгой хүзүү мэс заслын тасгийн эрхлэгч Г.Пүрэвдорж эрхлэгчтэй мэс заслын баг, ХСҮТ-ийн Нөхөн сэргээх мэс заслын тасгийн эрхлэгч Денис Скуратов нартай хамтран ажилласан. ХСҮТ энэ төрлийн мэс заслыг хийдэг бөгөөд лавлагаа шатлалын Улсын эмнэлгүүдээс манай эмнэлэг анхдагч нь болон тус мэс заслыг эмнэлэг дээрээ амжилттай хийлээ.

Бид өөрсдийнхөө бүхий л нөөц бололцоог ашиглаж уг мэс заслыг амжилттай хийсэн нь бидний бэлэн байдлын түвшинг шалгасан амжилттай туршлага болсон.
Өмнө нь бид хүзүүний хоргүй хавдар авах, гоо сайхны хамрын өндөрлөгөө, гоо сайхны бусад төрлийн хагалгаа хийх, өөр эмнэлэгт хийлгээд мэс заслын дараах хүндрэл гарсан тохиолдлууд болон хамрын нуруунд хавирганы мөгөөрснөөс авч суулгах нөхөн сэргээх гэх мэт мэс заслыг хийдэг байсан бол өнөөдөр бид хавдрын хамгийн том мэс заслыг хийдэг болсон.

– Гадаад улс оронд энэ төрлийн мэс заслыг хэдэн төгрөгөөр хийдэг вэ?

– Тус мэс заслын хувьд гадаад руу урсах валютын урсгалыг багасгаж иргэдийн санхүүд асар дэмтэй мэс засал болсон. Эмчилгээ үйлчилгээний үнэ өртгийн хувьд улс орон болон эмнэлэг, эмнэлэг өөр өөр байдаг. Гадны олон оронд энэ төрлийн мэс заслыг хийж чадахгүй байгаа. Анагаах ухааны том цогц эмнэлгүүд л энэ төрлийн мэс заслыг хийж байна. Ер нь эмчилгээний дараах хяналт, ор хоног ороогүй зөвхөн мэс заслын үеийн зардал л Солонгост 30 сая воны өртөгтэй. Үүн дээр ор хоног, асаргаа сувилгаа, замын зардал гэх мэт олон зардлууд нэмэгдэнэ. Манай өвчтөний хувьд Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөгдөөд хувь хүнээс мэс заслын нэг удаагийн багаж хэрэгслийн зардал болох 800 орчим мянган төгрөг, ор хоногийн мөнгө 72 мянган төгрөгийн зардал гарсан. Өвчтөн эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлсэн. Мэс заслын дараа 20 хоног хяналтад яваад 45 хоногийн дараагаас дараагийн шатны буюу хавдрын эмнэлгийн хяналтад орж хавдрын дараах нөхөн сэргээх эмчилгээндээ орсон.

-Мэс засал хэчнээн цаг үргэлжилсэн бэ?

– Мэс засал нийт 6 цаг 32 минут үргэлжилсэн. Хамгийн гол нь энэ мэс заслыг хийхийн тулд гурван баг ээлжлэн орсон. Мэс заслын багийн бүх гишүүд гадны улс орнуудад суралцаж, сурсан мэдсэнээ ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө амжилттай гаргаж чадсан нь л том дэвшил юм аа.

-Таны хувьд мэргэжил хаана хаана дээшлүүлсэн бэ?

– Миний хувьд Малайз улсад Толгойн хүзүү мэс засал, Солонгос улсад чих хамар хоолойн чиглэлээр мэс заслын чиглэлээр мэргэжил дээшлүүлж суралцсан.

-УХТЭ-ийн хувьд толгой, хүзүүний хэчнээн төрлийн мэс заслыг хийж байна вэ?

-Манай эмнэлгийн хувьд толгой, хүзүүний бүх төрлийн хавдрын мэс засал, чих хамар хоолойн бүх төрлийн мэс засал, мөн гоо сайхны мэс засал болох арьс татах, зовхи татах, хамар, уруулын гоо сайхны мэс заслыг хийж байна. Чихний хувьд хэнгэрэг нөхөх, гадна суваг нээх, чихний хэлбэр засах, дунгийн суулгацын мэс заслуудыг хийж байна. Хамрын хувьд хамрын хугарал гэмтэл, амьсгал сэргээх, хортой, хоргүй хавдар авах, хамаргүй хүнд хавирганы мөгөөрсийг нь ашиглаж хамар хийх, гэмтлийн улмаас толгойн хүзүүний хавсарсан гэмтлийг гоо сайхны нөхөн сэргээх мэс засалтай хослуулах гэх мэт маш олон төрлийн мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Манай багийн хувьд энэ мэс заслыг манайх хийж чадахгүй, гадаадад очиж эмчлүүлээрэй гэдэг үгийг хэлдэггүй болтол хөгжсөн.
-Танай тасгийн хувьд жилд дунджаар хэчнээн өвчтөнд мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлдэг вэ?

– Манай тасаг дөрвөн эмчтэй. Жилдээ бид 500 төлөвлөгөөт мэс заслыг хийж байна. Үүнээс гадна яаралтай мэс заслуудад ороод явж байна. Бүсчлэл нэмэгдсэнээр яаралтай мэс заслын тоо хоёр дахин нэмэгдэж байна. Манай тасгийн хувьд харьцангуй залуу тасаг. УХТЭ-ийн захиргаанаас дэмжиж бид бүхнийг төрөлжсөн ажлаа хийх боломжийг олгон шинэ тасаг байгуулж, орон тоогоор хангаж өгсөнд баяртай байгаа. Хэдий дөрөвхөн эмчтэй ч гэлээ жилд 500 гаруй мэс заслыг хийж байна гэдэг нь бидний хувьд том амжилт юм. Миний хувьд энэ том хамт олны нэг хэсэг болж, тасгийнхаа түүхийг нээн бичилцэж яваадаа баяртай байдаг.

Эх сурвалж mohs.mn

Categories
мэдээ нийгэм

АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулсан С.Чингүүний илтгэлийг хүргэж байна

АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд монгол хүү илтгэл тавихаар болсон тухай эерэг мэдээ цахим сүлжээгээр тархсан билээ. Хэдий Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол хойшлогдсон ч Үндэсний хүүхдийн аянаас зохион байгуулж буй илтгэл амжилттай зохион байгуулагджээ. Өдгөө 14 настай С.Чингүүн хүү Америкийн 74 сая гаруй хүүхдийг төлөөлж, Үндэсний хүүхдийн тангараг өргөх ёслолд тавьсан илтгэлийг та бүхэнд хөрвүүлэн хүргэж байна.

-Улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй бүх коллежийн сургалтын төлбөрийг бууруулах-ыг хүсэж байна-

Сайн байна уу? Намайг С.Чингүүн гэдэг. Би Америкийн ирээдүй, залуусын боловсролд маш их анхаардаг учир Хүүхдийн төлөөх үндэсний аянтай хамтран ажиллаж байгаа. Мөн би АНУ-ын шинэ төрийн тэргүүн Жо Байден болон дэд ерөнхийлөгч Камара Харрис нарын ялалт байгуулсан сонгууль болон тэдний хэлсэн үгстэй холбогдуулан та бүхэнд гурван зүйлийг хуваалцахаар шийдсэн юм. Төрийн шинэ удирдлагууд миний хүсэх гурван зүйлийг шинэ залуу үед өгч чадах болов уу гэж бодож байна.

Нэгдүгээрт, сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэл зүйн тусламжийн үйлчилгээнд хөрөнгө оруулах хэрэгтэй. Хэрэв тэгвэл оюутан бүр сэтгэл зүйчтэй хувиараа уулзаж, зөвлөгөө авч болох юм. Энэ нь миний насны хүүхдүүдийн сэтгэлийн хямрал, түгшүүрийг арилгаж, тэднийг цаашид илүү ихээр хичээж, ажиллахад туслах болно. Хоёрдугаарт, улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй бүх коллежийн сургалтын төлбөрийг бууруулахыг хүсэж байна. Хэрэв сургалтын төлбөрийг бууруулбал бага орлоготой оюутнуудад сурч, боловсрох орчин бүрдэж, АНУ ирээдүйдээ хөрөнгө оруулах болно.

Эцэст нь хэлэх санаагаа “Time” сэтгүүлийн оны шилдэг хүүхдээр шалгарсан Гитанжали Раогийн бүтээлээс олж авсан юм. Тэрбээр цахим гэмт хэргийн эсрэг тэмцэх, хэрэглэгчийн хувийн мэдээллийг хамгаалах программ бүтээсэн. Хэрэв Засгийн газраас Рао шиг хүүхдүүдийн хийж, бүтээж буйд хөрөнгө оруулалт хийвэл ирээдүйн гэрэлт замаар төвөггүй алхах болно. Жо Байден болон Харрис нарт зориулсан Үндэсний хүүхдийн тангараг өргөх ёслолыг хүлээн авч, үзсэнд баярлалаа.

Categories
мэдээ нийгэм

Шинэчлэн батлагдсан 541 нэр бүхий хөнгөлөлттэй эмийн жагсаалт

Шинэчлэн батлагдсан 541 нэр бүхий хөнгөлөлттэй эмийн жагсаалт

Эрүүл мэндийн салбарын багц хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу 2020 оны 11 дүгээр сарын 1-нээс эхлэн иргэд хөнгөлөлттэй эмийг өөрт ойр эмийн сангаасаа авах боломжтой болсон. Тодруулбал, эрүүл мэндийн даатгалын сангаас олгох эмийн үнийн хөнгөлөлтийн жорыг бүх шатны эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй эмч бичдэг болсон. Ингэснээр иргэд боломжтой үедээ эмээ бичүүлээд авах зохицуулалт хэрэгжиж байна.

Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын сангаас 141 ерөнхий нэршлийн болон 541 худалдааны нэршлийн эмэнд 30-70 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр жагсаалтаа шинэчлэн баталсан. Ингээд “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр, төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөлтийн хэмжээ”-ний шинэчилсэн жагсаалтыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Хөнгөлөлттэй эмийн шинэчилсэн жагсаалтыг ЭНДЭЭС орж үзнэ үү.

2020 оны арваннэгдүгээр сарын 2-ноос 2021 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд бүх шатлалын эмнэлгийн эмч мэргэжилтнүүд хөнгөлөлттэй эмийн 438,095 жор цахимаар бичсэнээс 47 хувь нь даралт бууруулах эм эзэлж байна. Харин эмийн сангаас авсан эмийн тоо 368,035 байна.

Цахим жороор хамгийн олон бичигдсэн эмүүд

  • Даралт бууруулах 47 хувь,
  • Цус шингэлэх эм 10 хувь,
  • Тархины үйл ажиллагаа сэргээх эм 9 хувь,
  • Цөс шингэлэх эм 9 хувь,
  • Ходоодны хүчил бууруулах эм 9 хувь,
  • Зүрхний цусан хангамж сайжруулах эм 9 хувь,
  • Өвдөлт намдаах эм 7 хувь байна.
Categories
мэдээ нийгэм

Ойгоос бэлтгэж ашиглах хэрэглээний мод, түлээнд ногдуулах төлбөрийн хэмжээнд өөрчлөлт оржээ

Засгийн газрын 2020 оны 184-р тогтоолоор ойгоос бэлтгэж ашиглах хэрэглээний мод, түлээнд ногдуулах төлбөрийн хэмжээнд өөрчлөлт оруулсан нь энэ оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжиж байна. Тогтоолоор ойн цэвэрлэгээний ажлаар бэлтгэх галын түлээнд тээвэрлэлтийн зай 50 км-ээс дээш бол 1м3 нь 2964 төгрөг, 50 км-ээс доош 1м3 нь 3853 төгрөгөөр тус тус шинэчлэн батлагджээ.

Өөрөөр хэлбэл, нэг портер түлээ 4 м.куб болдог ба 11856 төгрөгөөс 15412 төгрөгийн хооронд тогтоогдож байгаа гэсэн үг юм.

Хожуул болон гишүүг үнэ төлбөргүйгээр ой цэвэрлэх журмаар бэлтгэж болно. Гэхдээ ой руу нэвтрэхээс өмнө төлбөрөөс чөлөөлсөн эрхийн бичгийг харьяа шатны байгаль хамгаалагчаас авч, ойд үйл ажиллагаа явуулах заавар зөвлөмжтэй танилцаж, мөрдөж ажиллах юм байна.

Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлэг: Ажилтан, ажил олгогчийн эрх тэнцвэртэй байх өнөөгийн нийгэмд зохицуулсан хууль батлах ёстой

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даваа гаригийн /2021.01.18/ ээлжит хуралдаан боллоо. Өнөөдрийн хуралдаанаар дараахи асуудлуудыг хэлэлцэв. Үүнд,

  • Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, хууль батлагдан хэрэгжсэнээр хүлээгдэж буй үр нөлөө,
  • Коронавируст халдварт цар тахлын үед нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарт бий болж буй асуудал, ажилгүйдэл, тэтгэвэр, тэтгэмжийн нөхцөл байдал, айл өрхийн амьжиргааны нөхцөл байдал, хоол хүнсний чанар, хүртээмжийн байдал,
  • Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төсөл,
  • Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн танилцуулга
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл зэрэг асуудал багтсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ажил олгогч талын эрхийг хэт хязгаарласан, нэг талыг барьж амьдралд хэрэгжих боломжгүй заалтууд орсон гэж үзэж УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага аваад байгаа. Хууль батлагдсанаар ажилтан, ажил олгогч хамтдаа хөгжин, бүтээмж нэмэгдэж ингэснээр хөдөлмөрийн маргаан багасах ёстой.

Гэтэл улирлын чанартай ажилтны гэрээг хугацаагүй байгуулах бөгөөд ажилгүй сул зогсох үед ажил олгогч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинг олгоно. Уул уурхайд буюу гэрээсээ хол, уртын ээлжээр ажилладаг хүмүүсийг 14 хоног ажиллуулж мөн тооны өдөр амраах, ажилтнаас барьцаа хөрөнгө авахыг хориглох, ажлаас халах үед дөрвөн сарын тэтгэмж олгоно гэх зэрэг нилээд хэдэн заалт билээ. Энэ нь шинээр бизнесээ эхэлж, хөл дээрээ зогсоогүй компаниудад хүндрэл үүсгэнэ. Ажилтан, ажил олгогчийн эрх тэнцвэртэй байх өнөөгийн нийгэмд зохицуулсан хууль батлах ёстой. Хуулийн өмнө төр хувийн хэвшил гэлтгүй тэгш байх зарчим алдагдахгүй байх ёстой гэсэн байр суурь илэрхийлэв.

Хуулийн төслөөс гадна Коронавируст халдварт /Ковид-19/ цар тахлын үед нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарт бий болж буй асуудал, ажилгүйдэл, тэтгэвэр, тэтгэмжийн нөхцөл байдал, айл өрхийн амьжиргааны нөхцөл байдал, хоол хүнсний чанар, хүртээмжийн асуудлаар Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танилцуулга хийж, бүлгийн гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Цар тахлын хөл хорионы хугацаанд эдийн засаг ойролцоогоор долоон хувь агшаад байхад ажилгүйчүүдийн тоо буурсангүй, харин ч эсрэгээрээ ажилгүйдэл буурсан дүгнэлтийн талаар гишүүд тодруулав. УИХ-ын гишүүн Б.Бейсен хөдөлмөрийн чадвар алдагдалтын асуудал хүнсний хангамж, аюулгүй байдал, хүнсний талон эзнээ олж чадаж буй эсэхийг тодруулсан бол зарим гишүүд хөдөө аймагт ковидын шинжилгээ авах тоног төхөөрөмж дутагдалтай хэвээр байгаа асуудлыг мөн хөндөж, шийдвэрлэх арга хэмжээний талаар тодруулга авлаа.

Categories
мэдээ нийгэм

Ц.Эрдэнэбаяр: АИ-92 авто бензинийн үнийг өсгөхгүй. 1450 төгрөгт тодорхой хугацаанд барьж ажиллана

Өнөөдөр АМГТГ-аас шатахууны үнийн асуудлаар хэвлэлийн хурлыг зохион байгууллаа. Хуралд Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр Монгол улсын газрын тосны бүтээгдэхүүний үнэ, хангамжийн талаар төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулга хийв.

Манай улсын хувьд шатахууны жижиглэн борлуулалтын үнэ гадаад зах зээл дэх газрын тосны үнэ, ам.долларын ханш, шатахууны хил үнээс шууд хамаардаг тул шатахуун импорлогч аж ахуйн нэгжүүдтэй хамтран өргөн хэрэглээний шатахуун болох АИ-92 шатахууны үнийг өсгөхгүй, тогтвортой байлгах талаар хамтран хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар тайлбарлав.

ОХУ-аас манайд нийлүүлэх шатахууны 2021 оны 1 дүгээр сарын хил үнэ тонн тутамдаа 59 ам.доллараар нэмэгдэж ирсэн нь нэр төрөл бүр дээр үнэ өсөх нөхцлийг бүрдүүлсэн байна. Өнгөрсөн хугацаанд 2020 оны 4 дүгээр сараас хил үнэ буурч орж ирсэн үеэс эхлэн нийт 3 удаа шатахууны жижиглэнгийн үнийг төрөл тус бүрээс 380-570 төгрөгөөр бууруулсан. Улсын хэмжээнд өргөн хэрэглээний Аи-92 төрлийн автобензиний жижиглэн борлуулалтын үнийг тогтворжуулах зорилгоор санхүүгийн үүсмэл хэрэгсэл ашиглан 2020 оны 5 дугаар сараас он дуустал Аи-92 төрлийн автобензиний жижиглэнгийн үнийг тогтворжуулан Улаанбаатар хотын хэмжээнд 1450 төгрөгөөр, орон нутагт 1480-1670 төгрөгөөр тогтвортой барьсан.

Дэлхийн банк болон ОУВС-аас 2021 онд дэлхийн эдийн засгийн төлөв байдлыг илүү өөдрөг байхаар төсөөлж байна. Учир нь Ковид-19-ын эсрэг вакцинжуулалтыг өнгөрсөн оны 12 дугаар сараас зарим улс орнууд амжилттай эхлүүлсэн нь цар тахлын улмаас суларсан байсан дэлхийн эдийн засаг сэргэх хандлага ажиглагдаж эхлэв. Мөн АНУ, БНХАУ, Европын холбооны орнуудын эдийн засгаа сэргээх, цар тахалд зарцуулах далайцтай багц арга хэмжээнүүд түүнчлэн АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгчтэй холбоотой эерэг хүлээлтүүд газрын тосны үнэ өсөхөд түлхэц болж байна.
Саудын Арабын улс бусад ОПЕК-ийн орнуудад мэдэгдэлгүй гэнэт өдрийн олборлолтоо огцом 1 сая баррелиар бууруулахаа мэдэгдсэн нь 2021 оны 1 дүгээр сарын эхээр газрын тосны үнэ нэмэгдэх хүчин зүйл болов. 2020 оны 5 дугаар сараас хойш “Брент” төрлийн түүхий газрын тосны үнэ 20 ам.доллараас бараг 3 дахин өсөж 56 ам.доллар/баррель болоод байгаа нь бүтээгдэхүүнээ 100 хувь гаднаас импортлодог манай улсын хувьд шатахууны үнэ нэмэгдэх нөхцлийг бүрдүүлж байна. Цаашид дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын банк болох Голдман Сакс 2021 онд “Брент” төрлийн түүхий газрын тосны үнэ 65 ам.доллар/баррель болно гэмээн таамаглаж байгаа билээ.
Мөн тэрбээр мэдээллийнхээ үеэр “Жилдээ 13-15 орчим хувиар газрын тосны бүтээгдэхүүний импорт нэмэгддэг. Манай улс 2019 онд нийт хоёр сая гаруй тонн бүтээгдэхүүн импортолсон. Өнгөрсөн жилийн хувьд 2019 оноос 60 орчим мянган тонноор бага шатахуун орж ирсэн. Уул уурхайн компаниуд ямар нэгэн байдлаар зогсолт хийгээгүй нь импортын бүтээгдэхүүн буурахад нөлөө үзүүлсэнгүй. АМГТГ-аас тухайн шатахууны литр тутмын үнэ бодитой эсэхэд дүгнэлт гаргадаг. АИ92 төрлийн бензиний одоогийн байдлаарх өртөг нь 1540 төгрөг. Үүнд ААН-ийн ашгийн хэмжээ ороогүй. Хэрвээ ашгийн хэмжээ хоёр хувиар орвол АИ92 төрлийн бензин 150-200 орчим төгрөгөөр өсөх тооцоо байна. Энэ бол гадаад зах зээлээс хамаарч байгаа өсөлт юм.

А-80 81 хоног, АИ92 бензин 47, дизель түлш 26, онгоцны түлш 16 хоногийн нөөцтэй байна. Монгол Улсын түлшний нөөц хэвийн гэж үзэж болно. Төрийн байгууллагуудын зүгээс арга хэмжээ авч ажиллахыг зорьж, импортлогч томоохон ААН-үүдтэй уулзалт хийж байгаа. Газрын тосны үнэ одоогийн байдлаар тогтворгүй байна. Гэхдээ өргөн хэрэглээний АИ92 авто бензиний үнийг өсгөхгүй байх арга хэмжээ авч байна. Одоогийн үнэ болох 1450 төгрөгт тодорхой хугацаанд барьж ажиллана. Бусад дизель түлшний хувьд гадаад зах зээлээ дагаад үнийн өсөлт явагдана. Мэдээж зарим газар зүйн байршлаас шалтгаалан 10 гаруй төгрөгийн үнийн өсөлттэй байхыг үгүйсгэхгүй. АИ92 бензиний үнийг өсгөхгүй байх ажлыг төрийн зүгээс шатахуун импортлогч ААН-д авч хэрэгжүүлж байна” хэмээлээ.

Categories
мэдээ нийгэм

Зуун айл, МҮОНРТ-ийн орчимд хүхрийн давхар ислийн бохирдол өндөр байна

Улаанбаатар хотын төв болон захын хорооллуудад агаарын бохирдлыг хянах хэд хэдэн харуул ажиллаж байдаг. Харуулуудын мэдээгээр нэгдүгээр сарын 18-ны 11:15 цагийн байдлаар Баянхошуу, Зуун айл, МҮОНРТ орчимд бохирдол хамгийн их байна. Агаар ямар бодисоор илүү бохирлогдсоныг тодруулж харахад Баянхошуу орчимд PМ10 тоосонцор хамгийн их буюу 378 байна.

Харин Зуун айл орчимд SO2 буюу нүүрс төрөгчийн дутуу ислийн бохирдол 305, МҮОНРТ-ийн орчимд мөн SО2 291 буюу хамгийн өндөр үзүүлэлттэй байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлын мэдээг хоёр цаг тутамд шинэчилдэг бөгөөд Та өөрийн амьдарч буй орчны агаарын чанарын мэдээг харах бол agaar.mn сайтад хандах боломжтой юм.

SO2 нь: Гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс гадаа биеийн хүчний ажил хийж байгаа үед хүхрийн давхар исэлд их өртөмтгий байдаг. Гол нөлөө нь амьсгалын замыг нарийсгадаг бөгөөд шуухитнах, амьсгаа давчдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Хүхрийн давхар исэл нь амьсгал цочроосноос найтаах, ханиах зэрэг физиологийн хариу үйлдэл үзүүлэх бөгөөд сөрөг нөлөө зогсоход уушгины үйл ажиллагаа цагийн дотор хэвийн байдалд ордог. Хүхрийн давхар ислийн архаг нөлөө нь амьсгалын замын өвчний тохиолдлыг ихэсгэх, уушгины хамгаалах механизмыг бууруулах, зүрх судасны архаг өвчнийг сэдрээдэг. Зүрх судасны өвчтэй болон уушгины архаг өвчтэй хүмүүс, түүнчлэн хүүхдүүд, өндөр настнууд архаг нөлөөнд өртөмтгий байдаг.

РМ10 нь: Өнгөгүй, үнэргүй хий. Түлшин дэх нүүрстөрөгч бүрэн шатаагүй үед үүсдэг. Нүүрстөрөгчийн дутуу исэл уушгиар дамжиж, цусны урсгалд орж, эсэд хүчилтөрөгчийг зөөвөрлөдөг гемоглобинтой нэгдэн “Карбоксигемоглобин” гэдэг нэгдэл үүсгэдэг. Иймээс хүний бие махбоди, эдэд очих хүчилтөрөгчийн хэмжээг багасгадаг. Зүрх судасны өвчтэй хүмүүс, тухайлбал зүрхний бах өвчтэй хүмүүс хамгийн их эрсдэлтэй бөгөөд биеийн хүчний ажил хийж байгаа үед нүүрстөрөгчийн дутуу ислийн нөлөөлөлд өртвөл цээжээр өвдөх болон зүрх судасны талаас бусад шинж тэмдгүүд илэрдэг. Зүрх судас, амьсгалын замын архаг хууч өвчтэй (зүрхний титэм судасны өвчтэй, цус багадалттай, уушигны архаг бөглөрөө өвчтэй) хүмүүс, нярай хүүхдүүд нүүрстөрөгчийн дутуу исэлд илүү өртөмтгий байдаг.

Categories
гадаад мэдээ

Гадаад мэдээ: Товчхон

АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Жо Байдены тангараг өргөх ёслол нөгөөдөр болно. Энэ үеэр Вашингтон хотноо нэгдүгээр сарын 6-нд болсон үймээн давтагдахаас сэргийлж Үндэсний гвардийн цэргүүдийг аюулгүй байдлыг хангах үүднээс Вашингтон хот руу илгээжээ. Холбооны мөрдөх товчоо ерөнхийлөгч Д.Трампыг дэмжигчид 50 муж улсад болон нийслэлд зэвсэгт жагсаал хийж болзошгүйг сэрэмжлүүлжээ.

*******************

ХБНГУ-ын эрх баригч, барууны төвт үзэлт Христосын Ардчилсан холбоо нам өнгөрсөн бямба гаригт цахим хурлаа хийсэн байна. Хоёр дахь шатны санал хураалтаар даргаа сонгожээ. Уг албанд гурван нэр дэвшигч өрсөлдөн, 59 настай Армин Лашет ялалт байгуулав. Тэрбээр 2017 оноос Хойд Рейн-Вестфал мужийн засаг захиргааг тэргүүлж байсан агаад ХБНГУ-ын канцлер А.Меркелийн чиг шугамыг үргэлжлүүлэхийг тууштай дэмждэг нэгэн аж.

Д.ЦЭРЭНДОЛГОР