МҮБХ-ноос Баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулснаа олонд ил болгосон. Дээрх хуулийн төслийн ард нийт бөхчүүд бус цөөхөн хүний эрх ашиг яригдаж байна гэх шүүмжлэл гарсан. Бид Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат улсын аварга С.Мөнхбатаас тус хуулийн төслийн талаарх байр суурийг нь сонслоо.
-МҮБХ-ноос Баяр наадмын тухай хуулийн төслийг боловсруулсан байна лээ. Төслийн тухайд та ямар байр суурьтай байна вэ?
-Харин төсөл гэх зүйлийг боловсруулаад олонд ил болгосон байна лээ. Хэн ийм төсөл боловсруулав гээд холбооноос тодруулахад “Зүгээр л бичсэн юм” гэх зүйл ярьж байсан. Зүгээр л бичээд олон нийтэд ил зарладаг зүйл биш л дээ. Хорио цээр гайгүй болоход бөхчүүд уулзаж санаа бодлоо нэгтгэж төсөлд саналаа оруулах төлөвлөгөөтэй байна. Төсөлтэй танилцахад ард нь цөөхөн хүний ашиг сонирхол л харагдаж байна лээ.
-Тус төсөлд улсын наадмаар 1024 бөхийн барилдаанд 10 давж түрүүлсэн бөхөд улсын хурц арслан цол олгох тухай дурдсан байсан. Үүнтэй холбоотойгоор 1024 бөхийн барилдаанд түрүүлсэн Д.Сумъяабазар, Ч.Санжаадамба гээд аваргуудын цолыг хурааж болзошгүй нөхцөл байдал үүссэн тухай бөхийн хүрээнийхэн ярьж байна. Энэ асуудлаар та тайлбар авсан уу?
-Улсын аварга Ч.Санжаадамба яг энэ асуудлаар МҮБХ-руу хандсан юм билээ. Өмнө нь 1024 бөхийн барилдаанд түрүүлсэн бөхчүүдийн цолыг хураахгүйгээр цаашид мөрдөөд явна гэх байр суурийг МҮБХ-ны зүгээс илэрхийлсэн юм шиг байна лээ. Энэ заалт ч түрүү үеийн бөхчүүдийн амжилтыг үгүйсгэж байгаа л асуудал. Хувьдаа би огт дэмжихгүй байна. Дахиад л эрэмбэний маргаан үүсэх суурийг тавих гээд байна.
-Хуулийн төслийн ард хэд хэдэн хүний эрх ашиг анзаарагдаж байна. Хэрэв төсөл батлагдвал улсын гарьд Б.Гантогтох улсын арслан цол хүртэх зохицуулалт харагдаж байна лээ. Үүн дээр таны байр суурийг сонсох гэсэн юм?
-Тийм байсан. Цол дүйцүүлж олгох асуудалд болгоомжтой хандахгүй бол дагаж гарах хор уршиг их байдаг. Дээрх төсөлтэй танилцахад Б.Гантогтох гарьдад улсын арслан цол өгөх нөхцөл үүсэх юм билээ. Хэрвээ тийм бол улсын наадамд дөрвөн удаа тав давсан Булган аймгийн харьяат улсын өсөх идэр начин Э.Энхбатад улсын харцага, гурван удаа дөрөв давсан аймгийн арслан А.Отгонбаатарт улсын начин цол дүйцүүлж олгох бололцоотой ч болж байгаа юм шиг. Энэ мэт зүйлсийг сайтар тооцох хэрэгтэй. Хууль батлах дээд байгууллага УИХ-д суугаа гишүүд маань бөхийн талаар ямар ойлголттой байгаа билээ. Бидний эрх хаана ямар тохиолдолд хөндөгддөг билээ гээд энэ мэт зүйлсийн талаар ойлголт дутмаг байдаг шүү дээ. Бөхчүүд дотроо зөвлөж, нягтлаад төслөө өргөн барих нь зөв. Хэсэгхэн хүмүүсийн эрх ашгийнхаа төлөө төсөл бичээд бөхчүүдийн нэр барьж явах нь зүйлд нийцэхгүй. Ер нь тэгээд өмнөх тохиолдлуудыг анзаарахад цөөхөн хүний эрх ашигт нийцсэн төсөл боловсруулж батлуулдаг, зөвхөн өөрсдийнхөө барилдааны арга барилд зориулсан дүрэм гаргаж амжилт үзүүлж ирсэн байдаг шүү дээ.
Үр дүнд нь өнөөгийн монгол бөхийн үнэ цэн унаад байна. Энэ удаад бол чимээгүй өнгөрч болохгүй гэж хувьдаа үзэж байгаа. Жишээ нь, МҮБХ-ноос боловсруулсан энэ төсөл батлагдлаа гэж үзвэл улсын наадамд ганц ч удаа түрүүлж үзээгүй хүн аварга цол хүртэх нөхцөл байдал үүсэхээр байна. Үндэсний бөхийн энэ том цолны нэр хүндийг ингэж үнэ цэнийг алдагдуулж хэрхэвч болохгүй зүйл.
-Хуулийн төсөл энэ хэвээрээ батлагдлаа гэж үзэхэд эрэмбэний маргаан дахиад эхлэх төлөв анзаарагдаж байна лээ. Үүнийг засч залруулах гарц гаргалгааг та хэрхэн харж байна вэ?
-Эрэмбэний асуудал эргэлзээтэй хэвээр байна. Эрэмбэ тогтоохдоо эрт үед амжилттай барилдаж байсан хүмүүсийн амжилтыг үнэгүйдүүлдэг муухай жишиг тогтоод байна л даа. Жишээ нь, монгол бөхийг Гиннесийн амжилтад бүртгүүлэх барилдааны үеэр миний бие О.Балжинням багшийн өмнө эрэмбэлэгдэж гарч байсан. Би ч тухайн үедээ санаа зовж багшийнхаа өмнүүр алхаж зүрхлээгүй, холбогдох хүмүүст нь хэлж араас нь гарч байлаа. Энэ мэт алдаа дутагдлуудын гор нь ахмад үеийн сайхан бөхчүүдээ хүндэтгэдэг уламжлалыг эвдэж байгаа юм. Залуу бөхчүүдийн ухамсарт асар сөргөөр нөлөөлж байна. Цолтой улсаа хүндэлдэг уламжлал ч алдагдахад их ойрхон ирээд байна шүү. Тэр дөрвийн давааг оноолтоор барилдуулж байгаа асуудлыг би огт дэмждэггүй юм. Хүний олон жил хөдөлмөрлөж авсан цолыг үнэгүйдүүлж байна. Илүү хөдөлмөрлөж өндөр амжилт үзүүлснийг нэг талаараа үл ойшоож байгаа асуудал гэж хардаг юм. Өндөр цолтой хүн барилдах бөхөө амлаж авдаг уламжлагдаж ирсэн зүйлийг эвдэж байна. Нөгөө талдаа ид сайн барилдаж байгаа залуу аймгийн цолтнуудыг аварга арслангуудтай оноож урам зоригийг нь мохоох асуудал ажиглагдаж байгаа. Өнөөх залуус нь эрэмбээ ахиулж аварга, арслангуудын амнаас гарах гээд хөдөө орон нутгийн наадамд явна. Зарим тохиолдолд найраа ч хийж байна. Уул нь дөрвийн давааны оноолт чинь бөхийн найрааг таслан зогсоохын тулд хийгдсэн ажил биз дээ. Гэтэл үр дүн гарахгүй байна. Иймэрхүү асуудлуудын уршгаар нь үндэсний бөхийн нэр хүнд унаж байгаа юм. Энэ бол МҮБХ-ны өмнөх удирдлагууд нь ажил үүргээ гүйцэтгэж чадаагүй, үндэсний бөхийн хөгжлийн төлөө бус Монгол бөхийн өргөө гэх байшингийн төлөө л тэнд сууж байсныг илтгэж байгаа хэрэг.
-Энэ их өв соёлыг цаашид хэрхэн авч явах вэ. Зөв замд орох гарц гаргалгаа юу байна?
-Мэдээж энэ цагт барилдаж буй бөхчүүдийн үүрэг оролцоо чухал үр нөлөөтэй. Үүний хажуугаар энэ их өв соёлыг хамгаалахад үндэсний бөхийн талаар мэдээ, сурвалжлага бэлтгэдэг сэтгүүлчдийн оролцоо чухал үүрэгтэй гэж хувьдаа үздэг. Сэтгүүлчдийн дуу хоолой үндэсний өв соёл монгол бөхийг зөв замд хөтлөхөд чиг нэг байгаасай гэж хүсдэг юм.
-Үндэсний бөхөд өөр нэг тулгамдаад байгаа асуудал допинг. МҮБХ-ноос сая боловсруулсан төсөлд допингийн эсрэг дорвитой арга хэмжээ авсан зүйл заалт харагдахгүй байна лээ. Допингийн хэрэглээ үндэсний бөхөд хавтгайраад байгаа нь олон жишээнээс харагддаг шүү дээ. Үүний гарц гаргалгааг та хэрхэн харж байна вэ?
-Хэсэг бүлэг хүмүүс үндэсний бөхөд допингийн хэрэглээг зөвшөөрье гэх зүйл яриад явж байгаа сураг дуулдсан. Ийм асуудал байж хэрхэвч таарахгүй. Энэ хортой бодис үндэсний бөхийг мөхөлд хөтөлнө. Үндэсний бөх удам дагадаг. Өнөөдөр барилдаж байгаа залуус бүгд л бөхийн удамтай. Аав нь ч юмуу өвөө нь нутаг орондоо барилдаж байсан л хүмүүс байдаг шүү дээ. Үүнээс цааш бидний үр удам л үндэсний бөхийг үргэлжлүүлээд авч явна. Харамсалтай нь энэ цагт барилдаж байгаа бөхчүүдийн зарим төлөөлөл есөн бусын хор хэрэглэж энэ өв соёлыг бараантуулж байгаад нь харамсах сэтгэл төрөх юм. Допинг гэдэг хүний үр удамд асар хор нөлөөтэй зүйл. Иймээс үндэсний бөхийг маань цаашид хэн авч явах билээ гэдэг асуудал дээр бөхчүүд маань ухамсарлаж энэ хортой зүйлээс татгалзахыг уриалж байна.
Хэсэг бөхчүүд допингийн эсрэг дуугарч тэмцэж шүүмжлэлтэй хандаж байна. Энэ асуудал дээр бөхчүүдийн байр суурь хуваагдмал байх шиг. Сүүлдээ гал дотроо ч үл ойлголцох байдал үүсэх гээд байна. Допингийн эсрэг дуугарсан хүмүүсийг хавчих бодлого ч яваад байна уу гэж зарим тохиолдолд бодох юм. Ер нь шуудхан хэлэхэд, үндэсний бөхийг одоо л цэвэрлэхгүй бол шударга бус байдал нүүрлэчихээд байна. Цөөхөн хүмүүс л хөдөлмөрлөж зүтгээд байдаг.
Нөгөө талд амар хялбар аргаар нэрд гарахыг санаархсан, бай шанд шунасан хүмүүс янз бүрийн бодис хэрэглэж бусдынхаа хөдөлмөрийг үнэгүйдүүлдэг болжээ. Хүчтэй допинг хэрэглэснээ ч эрх мэдэлтэн албан тушаалтнуудтай хуйвалдаж нуун дарагдуулдаг болсон байна. Энэ бүхний эсрэг дуугарахад хоорондоо хэрэлдээд ч байгаа юм шиг ойлголт нийгэмд төрүүлэх юм. Удахгүй хөл хорио гайгүй болох биз. “Их эе”-ээ зарлаж энэ бүх асуудлаа нэн даруй цэгцлэхийн төлөө хуралдана даа.
-Цагаан сараар чансаа өндөр 128 бөхийн барилдааныг зохион байгуулна гэх мэдээлэл гараад байна. Өнгөрсөн жилийн тухайд Сар шинийн барилдааныг зохион байгуулаагүй өнжсөн шүү дээ. Энэ асуудал дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Энэ жилийн тухайд Сар шинийн барилдаан болох нь шиг байна. Мөн МАН-ын 100 жилийн ой энэ онд тохиож байгаа. Үүнд л ач холбогдол өгч том барилдаан зохион байгуулах гээд байна уу даа л гэж ойлгосон.