Засгийн газрын хуралдаан 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр боллоо.
Month: January 2021
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор нийт 1,427 тээврийн хэрэгслээр 4,331 зорчигч хот руу нэвтэрч, 1,485 тээврийн хэрэгслээр 3,718 зорчигч хотоос гарсан байна.
Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 83 ажилтан үүрэг гүйцэтгэж ажиллажээ. Нийт 8,049 зорчигчид эрүүл мэндийн хяналт тавьж ажиллахад сэжигтэй тохиодол бүртгэгдээгүй байна.
“Өргөө” амаржих газарт болсон үйл явдалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мэдэгдэл гаргалаа.
Тэрбээр “Монголчууд бид хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг дээдэлж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгон Үндсэн хуульдаа тунхагласан байдаг.
Гэтэл коронавируст цар тахал гарсан цагаас хойш иргэдийн эрх зөрчигдөх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй иргэд амь насаа алдах тохиолдлууд тасрахгүй байна. Бодит баримтаас харахад, 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгаас тархинд нь цус харвасан 10 настай охин яаралтай эмнэлгийн тусламж авахаар ирсэн ч холбогдох байгууллагуудын хүнд суртлаас үүдэн 3 цагийн турш хүйтэн машинд тусламж хүлээх явцдаа бие нь хүндрэн, ЭХЭМҮТ-д ирсэн ч амь насаа алдсан эмгэнэлтэй үйл явдал болсон. Мөн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 22-ын товчоон дээр ирсэн Архангай аймгийн иргэн 58 настай эмэгтэйн бие нь муудаж, эмнэлгийн туслалцаа авч чадалгүй амь насаа алдсаныг монголын ард түмэн мартаагүй байгаа.
Цар тахлын үед авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа бүр иргэдийн амьдралын бодит шаардлагыг хангасан, эцсийн зорилго нь тэдний сайн сайхны төлөө чиглэх ёстой билээ. Гэтэл цар тахлын энэ хүнд цаг үед бид иргэдийн төлөө гэсэн үйл ажиллагааныхаа эцсийн зорилгыг умартан монгол хүний үнэ цэнийг улам алдагдуулсаар байгааг өчигдөр болсон үйл явдал дахин баталлаа.
Монголчууд ёс заншлаа хүндэтгэн дээдэлж, “ээжийг хайрла, хүүхдийг хайрла” гэж үр хойчдоо сургадаг ч идэр есийн хүйтэнд дөнгөж төрсөн эх хүнд хандаж буй хандлага нь нийгэмд бухимдлыг төрүүлээд байна. Энэ бүхнээс харахад, холбогдох байгууллагуудын өнөөдөр явуулж байгаа цар тахлаас сэргийлэх, ард нийтийг урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа нь дээд, дунд, доод шатандаа удирдлагын уялдаа тогтолцоо хангалтгүй байгааг харуулж байна.
Дээрх ноцтой асуудлуудад эмч, эмнэлгийн ажилтнуудад хариуцлага тооцох нь чухал биш, харин анхнаасаа коронавируст цар тахлын үед халдвартай эх амаржвал авах арга хэмжээг нарийн боловсруулж тооцоолоогүйд асуудлын гол нь оршиж байна.
Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн баталгааг улам төгөлдөржүүлэхийн тулд цаашид иргэдийн хүсэл сонирхол, тэдний дуу хоолойг сонсож, үйл ажиллагаандаа тусгаж ажиллахыг сануулъя. Монгол хүн бүр эрүүл саруул байж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэмд айх аюулгүй, ялгаварлал тэгш бус байдлын золиос болохгүй энх тунх амьдрах болтугай” гэжээ.
ЭХЭМҮТ-ийн нэг ажилтан коронавирусийн халдварт өртсөн талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
Тэрбээр “Өнөөдөр шинээр илэрсэн 32 тохиолдлын 13 нь БГД-ийн 12 дугаар хорооны 19 дүгээр байрны нэг орцны зургаан айлын хүмүүс байна. Тэдгээр хүний дунд ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн нэг эмч байсан.
Үүнтэй холбоотойгоор тус төвд халдварын голомтын яаралтай хариу арга хэмжээ авч ажиллалаа.
ЭХЭМҮТ нь нийт 900 гаруй ажилтантай бөгөөд өчигдөр бүх ажилтныг PCR шинжилгээнд хамруулсан. Одоогоор 600 гаруй хүний шинжилгээний хариу сөрөг гараад байна. Шинжилгээ судалгаа үргэлжлэн хийгдэж байна” гэлээ.
ХӨСҮТ-өөс мэдээлж байна.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Нэгдүгээр төрөхөд амаржсан эхийг тээвэрлэхэд манай эмнэлэг алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч эхээс уучлалт хүссэн. Өнөөдөр олон нийтэд хандан мөн амаржсан эх болон гэр бүлийнхнээс нь уучлалт хүсэж байна” гэв.
Хөдөлмөрийн үндэсний намаас УОК-ийн дарга, Шадар сайд Я.Содбаатарыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан ёсоор хүргүүлэхээр болсон тухайгаа мэдэгдлээ.
Цар тахлын үед УОК-ын удирдлагуудын гаргасан шийдвэр оновчгүй, хүнлэг бус, хүний эрхийн мэдрэмжгүй байна. Дөнгөж төрсөн нялх биетэй эх ба нярай хүүхдийг коронавирусийн халдвар илэрсэн гэх шалтгаанаар өвлийн хүйтэнд дулаан хувцасгүй, халдвар хамгааллын аюулгүй байдлыг хангалгүй, хүний ёсны хүндлэл үзүүлэлгүй, ачаа бараа мэт тээвэрлэсэн нь байж боломгүй үйлдэл. Удаа дараа хариуцлагагүй байдал, ноцтой алдаа удаа дараа гаргасаар ирсэн УОК-ийн дарга, Шадар сайд Я.Содбаатарыг огцруулахыг Хөдөлмөрийн Үндэсний Нам (ХҮН)-аас шаардаж байна гэжээ.
Ерөнхий Боловсролын Сургуулийн/ЕБС/ сурагчдын II улирлын хичээл 2021 оны хоёрдугаар сарын 1-нээс теле хичээлээр эхлэх шийдвэр үргэлжлэхийг ЗГОНХХ-ийн дарга, УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээллээ. Манай улсад коронавирусийн халдварын тархалт зогсоогүй тул теле хичээл хэвээр байх нь. БШУЯ-наас “Хичээл сургалтын үйл ажиллагааг теле болон цахим хэлбэрээр явуулахад бэлэн байгаа. Теле хичээлүүдийг бэлдсэн” гэв.
Тус яамнаас гуравдугаар сарын 1-нээс сурагчдыг танхимаар хичээллүүлэх саналаа УОК-т даваа гаригт хүргүүлсэн байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд уг саналыг танилцуулахыг хойшлуулжээ.
Улсын Онцгой Комиссын 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар тогтоолоор Нийслэлийн хэмжээнд бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг түр зогсоосонтой холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яам, Монголын телевизүүдийн холбоо хамтран теле хичээлийг хуваарь гарган явуулж байна.
Их, дээд сургуулийн оюутнуудын амралт хоёрдугаар сарын 15-н хүртэл үргэлжилнэ.
Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төсөл, түүнийг дагалдан гарах хуулиудын төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барихыг дэмжлээ.
Боловсрол, шинжлэх ухааны яам бүх шатны боловсролын сургалтын болон мэргэжлийн байгууллага, багш, ажилтан, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг байгуулан ажилласан бөгөөд хуулийн төсөлд цахимаар санал авах, салбарын хэмжээний хэлэлцүүлгийг улсын хэмжээнд зохион байгуулж ажиллалаа.
Боловсрол, шинжлэх ухааны яамны веб сайтад байршуулсан үзэл баримтлал болон хуулийн төсөлтэй 57654 иргэн хандалт хийн танилцаж, цахимаар 24381, цаасаар 5319, нийт 29700 хүн саналаа ирүүлсэн. Албан бичгээр төрийн 50 байгууллагын 4988 санал, иргэний нийгмийн 14 байгууллагын 331, нийт 5319 санал ирүүлсэн байна.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийг анх удаа цахимаар нийт боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтан, мэргэжлийн байгууллага, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагын саналыг авч тусгасан болно. Цахим хэлэлцүүлэгт 21 аймаг, 9 дүүргийн боловсролын байгууллагын хамт олны төлөөлөл болох 5632 багш, ажилтан, бусад их дээд сургууль, шинжлэх ухааны болон харьяа байгууллагын 505 төлөөлөл, нийт 6137 хүн оролцож саналаа илэрхийллээ.
Боловсролын ерөнхий хуулиар салбарын нийтлэг зохицуулалтуудыг зохицуулж, дагалдан гарах хуулиудаар бүх шатны харилцааг нарийвчлан зохицуулахаар боловсруулсан. Боловсролын зорилгыг “төрт ёс, түүх, соёл, уламжлал, үнэт зүйлсийг өвлөсөн, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахисан, дэлхийд өрсөлдөхүйц мэдлэг, чадвартай, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулдаг, эрүүл, хариуцлагатай, төлөвшсөн иргэнийг бэлтгэхэд оршино” гэж томьёолсноор цаашид хурдацтай хувьсан өөрчлөгдөж байгаа нийгэмд амьдрах Монгол хүний хүмүүжил төлөвшил, хүмүүнлэг ёс суртахуун, мэдлэг, чадвар, хөгжлийг онцлон үзсэн.
Түүнчлэн боловсролын агуулгыг “суралцагчийн нас, хөгжлийн онцлог, авьяас, сонирхол, хувийн болон нийгмийн хэрэгцээ, үндэсний өв уламжлал, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн хандлагад нийцүүлэн боловсролын зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэнэ” гэж тус тус тодорхойлсон.
Дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, боловсрол дахь цахим шилжилт, цахим, зайны сургалт, сургалтын байгууллагын ангилал, хэв шинжийг шинэчлэн тогтоож, боловсролын удирдлагын тогтолцоо, санхүүжилтыг боловсронгуй болгох шинэ зохицуулалтууд хуулийн төсөлд тусчээ.
Өнгөрсөн шөнө асаалттай орхисон автомашиныг хулгайлсан хоёр хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тухайлбал, өнгөрсөн шөнө автомашинаа асаалттай орхисноос үүдэн Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг дэвсгэрт иргэн У-гийн эзэмшлийн Тоёота Приус автомашин алдагдсан бол, Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт оршин суух иргэн Х мөн адил дээрх загварын автомашинаа хулгайд алдсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газрууд тус тус мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Иймд иргэдийг автомашинаа онгорхой /асаалттай/ орхихгүй байх, тээврийн хэрэгслээ аль болох замын гэрэлтүүлэг, хяналтын камертай газарт байршуулах, автомашины тань дохиолол дуугарвал залхууралгүй шалгаж байх, цаг алдалгүй дуудлага мэдээлэл өгөхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Иргэд автомашинаа халаах зорилгоор асаалттай гэр, дэлгүүрт орох зэрэг хоромхон хугацаанд холдох төдийд тээврийн хэрэгслээ хулгайчдад алдах эрсдэлийг дагуулдаг байна.
Тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг ихэвчлэн нийслэл хотод үйлдэгддэг байсан орон нутагт ч энэ төрлийн гэмт хэрэг гарах болсныг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Нэгдүгээр төрөх эмнэлэгт амаржсан эхээс коронавирусийн халдвар илэрч, эх нярайг ХӨСҮТ-д өчигдөр /2020.01.19/ шилжүүлсэн.
Улмаар нийслэлийн Өргөө амаржих газрын эх барих, эмэгтэйчүүдийн яаралтай тусламжийг 2021 оны нэгдүгээр сарын 19-өөс 20-ны өдрүүдэд дараах эмнэлэгүүдэд шилжүүлэн ажиллахаар боллоо.
Нийслэлийн Өргөө амаржих газрын эх барих, эмэгтэйчүүдийн яаралтай тусламжийг 2021 оны нэгдүгээр сарын 19-өөс 20-ны өдрүүдэд
• Баянгол дүүргийн харьяалалтай эх, нярай, эмэгтэйчүүд Гурван гал эмнэлэг,
• Чингэлтэй дүүргийн харьяалалтай эх, нярай, эмэгтэйчүүд- Амгалан амаржих газарт
• Хан-Уул дүүргийн харьяалалтай эх, нярай, эмэгтэйчүүд Өргөө амаржих газрын тусгайлан бэлтгэсэн байранд үзүүлнэ гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.