Categories
мэдээ нийгэм

Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн дүгнэлт гаргалаа

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн дунд суудлын хуралдаанаас Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргалаа.

Тодруулбал, Уг хуулиар 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа зөвхөн төрүүлсэнэхэд хүүхэд асарсны тэтгэмж олгохоор хуульчилсан нь агуулгын хувьд ижил нөхцөлд хүүхдээ асарч байгаа эцэг дээрх тэтгэмж авах боломжийг хязгаарлаж, хүүхдээ асарч байгаа эцэг, эхэд хүйсээс шалтгаалсан ялгамжтай байдлыг бий болгосон гэж Монгол Улсын Үндсэн хуулийн цэц үзжээ.

Мөн дээрх зохицуулалт нь дам байдлаар хүүхэд асрах харилцаанд эхэд илүү үүрэг хүлээлгэх, эцэг, эх харилцан тэгш эрхтэйгээр чөлөөт сонголт хийх боломжийг хязгаарлах сөрөг үр дагаврыг үүсгэхээр байгааг Үндсэн хуулийн цэц дүгнэлтдээ тэмдэглэсэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

173133 байгууллага QR үүсгэж, 1.916.063 иргэний бүртгэлийг хийжээ

Нэгдүгээр сарын 19-ний өдрөөс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн захирамжийн дагуу худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад халдвар хамгааллын дэглэм болон иргэдийн зорчих хөдөлгөөнийг бүртгэх QR платформын хэрэглээний хэрэгжилтийг хангуулах чиглэлд хяналт тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 173133 байгууллага иргэний QR үүсгэж 1.916.063 иргэний 2.444.776 удаагийн бүртгэл хийгдсэн байна.

Шалгалтын явцад худалдаа, үйлчилгээний газрууд QR код байршуулаагүй, үйлчлүүлэгчдийг QR код уншуулж байгаад хяналт тавьдаггүй, байгууллагууд ажиллагсдынхаа халууныг хэмжиж, бүртгэл хөтөлдөггүй, хүн хоорондын зай барихгүй байх нийтлэг зөрчлүүд илэрч байгааг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллэлээ.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Categories
мэдээ улс-төр цаг-үе

УИХ-ын гишүүн П.Анужин: Дүн өвлөөр нярай ижийг нялхтай нь нүцгэн хөөж гаргасан холбоотон бүрийг “наанадаж” ажил албанаас нь хөө!

УИХ-ын гишүүн П.Анужин өөрийн фэйсбүүк хуудастаа ингэж бичжээ. Тэрээр “Хүнлэг иргэний нийгэм байгуулах хангалттай хууль бидэнд бий! Хүнлэг байя! Хандлагаа хичээе! Дүн өвлөөр нярай ижийг нялхтай нь нүцгэн хөөж гаргасан холбоотон бүрийг “наанадаж” ажил албанаас нь хөө! УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлэг шадар сайдад шаардлага хүргүүллээ. Олон нийт тэр дундаа ижий бидний жигшил, зэвүүцлийг туйлд нь хүргэж буй энэ асуудалд цаг зуурын арга хэмжээ авч, уучлал эрэх нэг хэрэг! Ингэлээ гээд юу ч өөрчлөгдөхгүй. Асуудлын мөн чанарыг харья! Уламжлалт анагаах ухааны эмч Д. Нацагдорж хамбатантай ярилцахад, манай эмнэлэг төрөхийн дараах сэтгэл зүйн эмгэгтэй бүсгүйчүүдээр дүүрлээ хэмээж байсан! Монгол бүсгүйчүүд гам, халамжаар дутаж буйн Харанга! Эмэгтэйчүүд бид хэвлийдээ ураг тээсэн цагаасаа дааврын асар их өөрчлөлтөд орж эмзэгшдэг. Ийм үед эмч, их баригч, сувилагч нарын хандлага, хүн ёсны асуудал маш чухал! Үр тээсэндээ буруутай мэт бүлтэгнэж, эмчийн царай харж, танил талаараа яриулж, наанаа цаана гүйж, байдгаа барьж байж амарждаг нь өнөөгийн үнэн! Төрөхийн өрөө нүд халтирам, айдас хүйдэс төрүүлэм байдаг нь ч хөдөлшгүй үнэн! Халдвар авсан ээжээс хурдан салахын түүс болж гаргахдаа нэг ажилтан, эмч, сувилагч дулаан хувцас өмсүүлэх санаа тавиагүйд хэлэх үг дутаж байна. Хэдэн төгрөгний цалин авбал төрсөн ээжид хүн ёсоор хандах вэ?!! Төрөхийн салбарт бугшсан “Хандлага”-ын асуудлыг өчигдрийн үйл явдал зад татаж, ил гаргалаа! Энэ байдлыг эрс өөрчлөх шаардлагатай бөгөөд, УИХ эмэгтэйчүүдээ уриалж, төрөхийн эмч, сувилагч, ажилтны хандлага, сэтгэлийн боловсролыг өөрчлөх бодитой ажил хийхээр тогтлоо! Төрөхийн эмнэлэгийн тоног төхөөрөмж, ахуй хангамжийг ч нэн яаралтай өөрчилнө! Ар өврийн хаалгагүй, амгалан тайван төрдөг болно!” гэжээ.

Categories
мэдээ улс-төр

МҮОНРТ-ийн 2020 оны санхүүгийн тайланд аудит хийх санал гаргасныг Байнгын хороо дэмжив

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо өнөөдрийн (2021.01.20) хуралдаан 9 цаг 10 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр цахимаар эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэж шийдвэрлэв. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд “Үндэсний аудитын газрын 2021 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай” тус Байнгын хорооны 2020 оны 05 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудал хэлэлцэв.

Байнгын хорооны тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулав

Үндэсний аудитын газрын 2021 онд гүйцэтгэх аудитын сэдвийг хуульд заасны дагуу Төсвийн байнгын хорооны 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 05 дугаар тогтоолоор баталжээ. Гэвч дэлхий нийтээр 2020 оны 1 дүгээр сараас эхэлсэн коронавирусийн халдварт /Ковид-19/ цар тахлын давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан тус газраас 2020 онд төлөвлөгдсөн зарим аудитын хувьд талбар дээр ажиллах боломжгүй болж хугацаа хойшилсон, мөн ондоо хийж гүйцэтгэх боломжгүй болсон зэрэг нөхцөл байдал үүссэн байна.

Байнгын хорооны хуралдаанд Үндэсний аудитын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат цахимаар оролцож, энэ талаар хийсэн танилцуулгадаа, төрийн аудитын байгууллагаас тухайн нөхцөл байдалтай уялдуулан үйл ажиллагаагаа цахим хэлбэрт шилжүүлж, аудиторуудын үйл ажиллагааг тасралтгүй явуулах нөхцөл бололцоог хангаж ажиллаж байна.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хүсэлтийн дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2018-2019 оны үйл ажиллагаа болон Тавантолгойн орд ашиглалтад төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн үүргийн биелэлт”, “Монголын үндэсний олимпын хорооны үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын үр дүн”, мөн “Засгийн газраас агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 2017-2020 онд зарцуулсан хөрөнгийн ашиглалт, үр нөлөө” сэдэвт 3 аудитыг Төсвийн байнгын хорооны 2020 оны 04 дүгээр тогтоолоор нэмж батлуулан гүйцэтгэсэн.

Харин дээр дурдсан тодорхой шалтгааны улмаас Үндэсний аудитын газрын 2021 онд гүйцэтгэх аудитын сэдэвт нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага бий болоод байна. Тухайлбал, “Газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээгээр олборлолтын болон хайгуулын үйл ажиллагаа явуулсан гэрээлэгчийн нийт хөрөнгө оруулалт, өртөг нөхсөн болон нөхөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо, хуваарилалт” сэдэвт 3 аудит /“Петрочайнадачин тамсаг Монгол” ХХК-ийн 2014-2019 оны өртөг нөхөх зардлын баталгаажуулалт, “Доншен газрын тос (Монгол)” ХХК-ийн 2019 оны өртөг нөхөх зардлын баталгаажуулалт, Хайгуулын үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгжүүдийн 2019 оны өртөг нөхөх зардлын баталгаажуулалт/-ыг гүйцэтгэх боломжгүй болсон.

Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2018-2019 оны үйл ажиллагаа болон Тавантолгойн орд ашиглалтад төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн үүргийн биелэлт” сэдэвт аудитыг төлөвлөсөн хугацааны дагуу 2020 оны сүүлийн хагас жилд гүйцэтгэж байсан боловч аудитын гүйцэтгэх үе шатанд цар тахлын улмаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн, хатуу хөл хорио тавигдсантай холбоотой хугацаа хойшилж, аудитыг он дамжин гүйцэтгэх шаардлагатай болсон. Иймд Төсвийн байнгын хорооны 2020 оны 05 дугаар тогтоолд өөрчлөлт оруулж, Үндэсний аудитын газрын 2021 онд гүйцэтгэх аудитын сэдэвт нэмэх саналуудаа танилцуулав.

Танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны гишүүд асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа сүүлийн үед МҮОНТР-ийн санхүүжилтийн асуудал яригдаж, цалин хөлс, санхүүжилтийн талаар гомдол, санал гарах болов. Сүүлийн дөрвөн жилд улсын төсвөөс тус байгууллагад 9 тэрбум орчим төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна. Иймээс МҮОНРТ-ийн 2020 оны санхүүгийн тайланд аудит хийх санал гаргасныг Байнгын хороо дэмжив. Ингээд “Үндэсний аудитын газрын 2021 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай” тус Байнгын хорооны 2020 оны 05 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувийн саналаар дэмжиж баталлаа.

Хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ

Байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнгийн санаачилж өргөн мэдүүлсэн Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Улсын Их Хурлын чуулганы 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль баталж, 2019 онд уг хуульд орсон нэмэлт, өөрчлөлт оруулж хуулийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөхөөр шийдвэрлэсэн юм. Улмаар Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар дээрх хуулийн үйлчлэлд 28.1 мянган иргэн хамрагдах, тэтгэврийн даатгалын санд 42.2 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр, уг сангаас 8.8 мянган малчин хувиараа, хөдөлмөр эрхлэгчийн тэтгэвэрт 37.3 тэрбум төгрөг зарцуулахаар тодотгосон.

Харин дэлхий дахинаа тархаад байгаа коронавируст халдварын цар тахалтай тэмцэх арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд хөл хорио тогтоож, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагаа доголдон орлого буурч, нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжгүй болоод байгаа. Түүнчлэн “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын 2020 оны 36 дугаар тогтоолд Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай заасан. Иймд Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан талаар төсөл санаачлагч гишүүн Г.Тэмүүлэн танилцуулав.

Хууль санаачлагчийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Б.Жавхлан нар төсөл санаачлагчаас асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, энэ хуулийг батлаад хоёр жил өнгөрсөн ч хэрэгжилт нь тааруу байсан учраас Засгийн газар хуулийн хугацааг 2021 оны эхээр дуусгавар болгохоор шийдвэрлэсэн. Гэтэл төсөл санаачлагч хуулийн хугацааг дахин нэг жилээр сунгахаар оруулж ирж байна, энэ хугацаанд хэрэгжилт нь сайн байж чадах уу, судалгаа тооцоо байна уу гэдгийг гишүүн Х.Булгантуяа тодруулсан юм.

Гишүүний энэ асуултад төсөл санаачлагч гишүүн Г.Тэмүүлэн өгсөн хариултдаа, нийгмийн даатгалын байгууллагын 2020 оны 12 дугаар сарын мэдээгээр дээрх хуульд хамрагдвал зохих иргэдийн 33 хувь буюу 9.2 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч хамрагдаж, нийтдээ 17.7 тэрбум төгрөгийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн. Эдгээр иргэдээс 6.5 мянган иргэн шинээр тэтгэвэр тогтоолгож, тэдний тэтгэвэрт 9.8 тэрбум төгрөг зарцуулсан байна. Хуулийн хэрэгжилт удаашралтай байсан нь нэг талаар хуулийг таниулж сурталчлах ажлыг сайн хийгээгүй, нөгөө талаар хуулийн хугацааг сунгасан 12 сараас 9 сард нь цар тахлын хорио цээрийн дэглэмтэй байсан зэрэг нь голлож нөлөөлсөн гэж үзэж буйгаа хэлэв.

Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан хуулийн төслийн агуулга нь зөв юм, гэхдээ 2021 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэх үед энэ асуудал яригдаж, гишүүдийн дэмжлэг аваагүйг санаж байгаа байх. Салбарын яамны зүгээс тэтгэврийн шинэчлэлийн асуудлыг багцаар нь оруулж ирэх үед энэ асуудлыг шийдэх боломжтой. Мөн чуулганы хуралдааны дэгийн хуульд заасны дагуу Засгийн газрын саналыг заавал авч байж төслөө өргөн барих учиртайг хэлсэн юм.

Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь нь хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржоос өргөн мэдүүлсэн Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжсэн юм. Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүнийн 10 хувийг үйлдвэрлэж байгаа мал аж ахуйн салбарт ажилладаг малчид болон цар тахлын ийм үед орлогогүй болоод байгаа хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн баталгааг хангах шаардлагын үүднээс уг хуулийн хугацааг сунгах төсөл боловсруулсан. Өнгөрсөн хугацаанд уг хуулийн хэрэгжилт нь тааруу байсан нь коронавирусийн халдварт цар тахлын хорио цээрийн дэглэм, мөн хураамж өндөр байсан, бүрдүүлэх бичиг баримтын бүрдэл хүндрэлтэй байсан зэргээс болсон. Хэлэлцүүлгийн явцад хоёр хуулийн төслийг нэгтгээд хэлэлцэх боломжтой гэж үзэж буйгаа төсөл санаачлагч гишүүн Б.Пүрэвдорж танилцуулав.

Хууль санаачлагчийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Б.Жавхлан, Ж.Батсуурь, С.Ганбаатар нар төсөл санаачлагчаас асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Б.Пүрэвдорж, С.Ганбаатар нар үг хэлж хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлэв. Ингээд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжлээ.

Үргэлжлүүлэн “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, Улсын Их Хурлын 2020 оны 39 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнгээр ахлуулан таван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Өргөө амаржих газар” халдвартай өвчтөнийг хүлээж авах бэлтгэлгүй байсан гэв

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн үеэр албаныхан цахим орчинд шуугиан тариад буй асуудлын талаар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.

А.Амбасэлмаа: Тухайн иргэн нэгдүгээр сарын 14-нд Өргөө амаржих газарт очсон. Анх очиход нь эмнэл зүйн ямар ч шинж тэмдэг илрээгүй бөгөөд гэртээ хавьтал болсноо мэдээгүй байхдаа эмнэлэгт хэвтсэн байсан. Өвчтөнийг ажиглан тусгаарлах байрнаас шилжүүлэхээр бол урьдчилан мэдээлдэг. Тиймээс Нэгдүгээр төрөхөд батлагдсан тохиолдол гарсан учраас бэлтгэлийг хангах мэдээллийг өгсөн. Гэсэн хэдий ч . өвчтөнийг хүлээж авахад байгууллага ч бэлтгэлээ хангаагүй байсан. Зөөвөрлөн авч явах ажил дээр ч алдаа гарсан тул цаашдаа анхаарч ажиллана. Тухайн үед үйлчилсэн баг бүрэлдэхүүний үйл ажиллагаатай холбоотой тийм явдал гарсанд бид харамсаж, цаашид ийм зөрчил дутагдал гаргахгүйн төлөө ажиллаж байна. Ер нь батлагдсан тохиолдлуудын 60-70 хувь нь шинж тэмдэггүй байгаа тул хэн, хэзээ халдвар авснаа мэдэхгүй. Энэ хүнд одоо ч халдварын шинж тэмдэг илрээгүй. “Өргөө” амаржих газарт халдварын сэргийлэл тийн хариу арга хэмжээ өчигдрөөс явагдсан. Тэнд ахиж халдвар гарахгүй байх арга хэмжээг шуурхай зохион байгуулж байна гэв.

Categories
мэдээ улс-төр

ЭЗБХ: Үндэсний статистикийн хорооны даргаар Б.Батдавааг томилох саналыг дэмжив

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2021.01.19) хуралдаан 14 цаг 09 минутад 12 гишүүний ирцтэйгээр эхэлж, Үндэсний статистикийн хорооны даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэв.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, Статистикийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасны дагуу Үндэсний статистикийн хорооны даргыг Монгол Улсын Их Хурлын даргын санал болгосноор Улсын Их Хурлаас зургаан жилийн хугацаагаар томилдог. Энэ дагуу Батмөнхийн Батдавааг тус хорооны даргаар томилуулах саналаа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцууллаа. Б. Батдаваа нь 1984 онд төрсөн, ам бүл 3. 2002 онд ерөнхий боловсролын сургууль, 2007 онд Тайваний Минг Чиуны их сургууль, 2012 онд Люксембургийн их сургуулийг төгссөн байна. Англи, хятад хэлтэй. 2007-2012 онд Монголбанкны Төлбөр тооцоо, бүртгэлийн газар, Валют, эдийн засгийн газарт нягтлан бодогч, эдийн засагч, нөөцийн мэргэжилтэн, дилер, ахлах мэргэжилтэн, ахлах дилер, 2013-2016 онд Төлбөрийн тэнцлийн статистикийн судалгааны хэлтсийн захирал, 2016-2019 онд Гадаад валютын нөөцийн удирдлагын хэлтсийн захирал, Зах зээлийн газрын захирал, 2019 оны 2 дугаар сараас Судалгаа, статистикийн газрын захирлаар ажиллаж байгаа юм байна. Б.Батдаваа нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан тушаал тавигдах нийтлэг шаардлага, “Үндэсний статистикийн хорооны дарга, дэд даргыг томилохдоо түүний эдийн засаг, статистик, удирдлагын мэдлэг, мэргэшлийн ур чадвар, мэргэжлийн ёс зүй, ажлын туршлагыг харгалзана” гэсэн Статистикийн тухай хууль дахь шаардлагыг хангаж байгаа тул дээрх албан тушаалд нэр дэвшүүлж байгаагаа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцууллаа.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Ц.Даваасүрэн, С.Чинзориг, Т.Доржханд нар асуулт асууж, нэр дэвшигчээс хариулт авав. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүд бүх түвшиндээ нэгдсэн мэдээлэл буюу нэг тоотой байх шаардлагыг хэрэгжүүлж ажиллана гэдгээ нэр дэвшигч Б.Батдаваа илэрхийллээ. Цар тахлын нөлөө аж ахуй, иргэдэд хэрхэн нөлөөлсөн талаарх судалгааг Монголбанк, Засгийн газар хийж байгаа бөгөөд Үндэсний статистикийн хороо илүү нарийвчилсан шинжилгээ хийх шаардлага байгаа тул нэн тэргүүнд анхаарч ажиллахаа хэлж байв. Мөн хорооны үйл ажиллагааг орчин үеийн чиг хандлагад нийцүүлэх, улмаар мэдээллийн технологид суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй, бодит статистик мэдээллийг шуурхай гаргах үүргээ биелүүлэхэд онцгой анхаарч ажиллана гэв.

Гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авсны дараа хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Мэрит зарчмын дагуу мэргэжлийн хүнийг нэр дэвшүүлж байгааг дэмжиж, энэ томилгооны үр дүнд төрийн байгууллага хоорондын уялдаа, хамтын ажиллагаа сайжирна гэсэн хүлээлттэй байгаагаа гишүүд илэрхийлж байсан.

Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 14 гишүүний 12 нь Батмөнхийн Батдавааг Үндэсний статистикийн хорооны даргаар томилуулах Монгол Улсын Их Хурлын даргын саналыг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар дэлхийн ХАМГИЙН МУУ агаартай хотоор нэрлэгдэж байна

Дэлхийн хотуудыг агаарын чанар болон бохирдлын зэргээр нь жагсаадаг IQAir сайтад Улаанбаатар хот дэлхийн хамгийн муу агаарын чанартай хотоор нэрлэгдэж байна.

Улаанбаатар хотын Агаарын чанарын индекс (АЧИ) 2021 оны нэгдүгээр сарын 20-ны 12 цагийн байдлаар 318 байгаа бол араас нь Бангладеш улсын нийслэл Дака хот 308 гэсэн АЧИ-тэйгээр жагсжээ.

Улаанбаатар хот энэ жагсаалтын эхний байруудад 2020 оны аравдугаар сараас бичигдэж байгаа юм.

Дэлхийн хамгийн муу агаарын чанартай хотууд (АЧИ):

  1. Улаанбаатар, Монгол – 318
  2. Дака, Бангладеш – 308
  3. Ханой, Вьетнам – 259
  4. Карачи, Пакистан – 224
  5. Лахоре, Пакистан – 204
  6. Дели, Энэтхэг – 200
  7. Хо Ши Мин, Вьетнам – 196
  8. Приштина, Косово – 187
  9. Кабул, Афганистан – 180
  10. Катманду, Балба – 179
Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

Солонгос улсаар аялцгаая: ​Канвон муж

Газар нутгийнх нь наяас дээш хувийг уул нуруу эзэлдэг Канвон муж бол Солонгос хүмүүсийн амарч зугаалах дуртай нутаг ажээ. Зах хязгааргүй далайн хөвөөн дахь наран шарлагын газарт нь зуны улиралд олны хөл тасардаггүй бөгөөд мужийн хамгийн сүрлэг уулс болох Сорагсан болон Удэсан уулс нь үзэсгэлэнт байгалиараа жуулчдын сэтгэлийг татдаг байна. 2018 оны Пёнчан Өвлийн Олимп зохион байгуулагдаж байсан энэ нутагт өвлийн спортын төрлүүдээр хичээллэж болох цанын баазууд олон бий. Солонгос орны байгалийн сайхныг мэдрэхийг хүсвэл Канвон мужийг заавал зориорой.


Сорагсан уул

Канвон мужийн 4 хот сууринг дамнан сүндэрлэдэг Солонгосын хамгийн алдартай Сорагсан уул нь 10 сарын дундуур өнгө өнгийн навчсаар өнгөө чимэж намрын улирлын гоо үзэсгэлэнг мэдрүүлдэг. Өвөрмөц тогтоцтой Гиам хавцал болон Үлсан хад гээд Сорагсан уулын үзэмжит байгалийг тодотгох зүйлс олон. Мөн агаарын дүүжин бүхээгээр (cable car) уулсын дээгүүр зугаалж болохоос гадна арьс гоо сайханд тустай гэлцдэг шүлтлэг халуун рашаан Усэг Унчонд нь алжаал ядаргаагаа тайлж суух боломжой. Сорагсан уулын бүсэд ховор байгалийн баялаг тархсан байдаг учир ЮНЕСКО-д хамгийн анх удаа бүртгэгдсэн биосферийн нөөц газар болжээ.

Самяан ферм


Солонгосын хамгийн өндөр Пэгдү нурууг даган байрладаг энэ ферм нь 20 сая шоо метр талбайг эзэлдэг байна. Жуулчид энд хонинд өвс өгч, өөр олон хөтөлбөртэй танилцаж болох ба цэлмэг өдөр толгод дээрээс зүүн тэнгисийн хөвөөг харж болдог ажээ.

Нагсанса хийд


МЭ 671 онд Шилла гүрний алдарт багш Өсаны байгуулсан Нагсан хийд нь зүүн тэнгис өөд харсан гайхалтай үзэмжтэй ажээ. Мөн 15 метр өндөр 3 метр диаметр бүхий Лусын хамгаалагч бурхны баримал энд байх ба жуулчид энд хоноглонгоо өглөөний нарыг үзэх дуртай байдаг ажээ.

Нами арал


Анх энд далан байсан энэ газар одоо Солонгосчуудын зугаалах дуртай газар болжээ. Элсээр шуурсан үржил шимгүй байсан энэ газар Солонгосчууд олон төрөл зүйлийн мод ургамал тарьж ургуулсан бөгөөд одоогоор арал дээр 20 орчим цэцэрлэгт хүрээлэн, зоогийн газар байрладаг. Metasequoia болон мөнгөн гүйлс модод найгасан энэ газар хүмүүс зураг авахуулах дуртай. Энд “Өвлийн хайрын дуу” олон ангит киноны зураг авч байснаараа алдартай гадаад дотоодын жуулчдын хөл тасардаггүй сайхан газруудын нэг юм.

Categories
мэдээ утга-зоxиол

​ДАЙРАГЧ ОТРЯДЫН ЖАНЖИН ТУГЧ

ДАЙРАГЧ ОТРЯДЫН ЖАНЖИН ТУГЧ

(ҮЛ ЭВЛЭРЭГЧ ТЭРСЛҮҮ АРАНШИНТ)

Орчлонг би дагуулж төрсөн

Оддын гэгээ, сарны туяаг авч ирсэн

Тэнгис далай, ой шугуй, гол мөрөн надгүйгээр оршихгүй

Тэнгэрлиг бодол мэт нар намайг үгүйд мандахгүй…

Нийгмийн сэтгэхүйг тэр чигт нь шинэтгэгч давалгаа нөмөрсөн 90-ээд оны сүүл рүү нэгэн нэр чихнээ содон дуулдах болсон нь яруу найрагч, зохиолч, нийтлэлч Ц.Буянзаяа байлаа. Тэрбээр яруу найргийн ертөнцөд хожуу дуулдсан ч Б.Галсансүхээс дутахгүй цуутай нэгэн байв. Анх түүнийг “Бага нас, томдсон гуталт минь…” гэж эхэлдэг шүлгээ: “Тэр “Болор цом”-ын шүүгчид үзэг, уншиг!” гэсэн утга бүхий бяцхан ярилцлагаар өмнөтгөн сонинд нийтлүүлсэн байсныг олж уншсанаа санаж байна. Түүнээс хойш, намайг Ховдод байхад, Х.Эрдэнэбаатар хааяа хот явж ирэх болгондоо тэнд өрнөж буй сонин хачинаас надад дуулгахад манай үеийн залуусын өрнүүлсэн МЗЭ-ийг шинэтгэх хөдөлгөөний тэргүүн эгнээнд Ц.Буянзаяа байгаа нь тодорхой болов. Өөрөөр хэлбэл, Ц.Буянзаяа тэр үед дайрагч отрядын жанжин тугч нь байсан юм. Чингээд 2000 оны эхээр ахмад үе маань ухаан зааж, залуустаа буулт хийсэнээр утга зохиолын судлаач, шүүмжлэгч Ц.Энхбат МЗЭ-ийн Удирдах Зөвлөлийн дарга, яруу найрагч Х.Чилаажав Гүйцэтгэх захирал, яруу найрагч Ц.Буянзаяа шинэ тутам байгуулагдсан Бодлого Зохицуулалтын Албаны анхны дарга болсон дуулдав. Тэгээд төд удаагүй байтал Ц.Буянзаяа, Б.Ичинхорлоо хоёр Баруун хязгаарыг илбэн тохинуулахаар МЗЭ-ийн томилолтоор Ховд аймагт ирэв. Тэр хоёрыг ирэх үед би Ховд аймгийн Хэвлэл Мэдээллийн Албаны ерөнхий редактор байсан агаад ирсэн тухайд нь аанай л тэргүүн мэдээч Х.Эрдэнэбаатар андаас дуулаад “Буянт” зочид буудалд явж очвол Ичин, тэр хоёр яг өөдөөс гарч ирж таараад, зочид буудлын довжоон дээр тэврэлдэн уулзалдав. Тийнхүү 90-ээд оны залуус он удаан жилийн түүхтэй МЗЭ-ийн ноён нурууг тулж явах өндөр үүрэг хүлээв. Тэрхүү он жилүүдэд бидэнд мэдээж алдсан, оносон өчнөөн юм бий байх. Гэлээ гээд, манай үеийнхэн Монголын утга зохиолын ямагт шинэдэгч их өргөөний галыг улам дэгжээсэн гэж боддог.

Дурлал ч манан, гуниг ч манан

Дурсамж ч манан, хүсэл ч манан

Ор тас бүхнийг мартаж чадах л

Орчлонгийн ганц гэрэл гэгээ…

Өнчин хус хайрга чулууг нэвт цоолон ургах шиг

Өвгөн чоныг залуу бүргэд тэнгэрт тасчин агнах шиг

Эртний баатар тулааны талбарт барс адил дүүлэх шиг

Элсэн говьд аадрын үер сад тавин урсах шиг

Тийм амьдралд би дуртай!…

Цаг хугацаа цорын ганц үнэнч анд минь юм

Цаазын илд мэт дэндүү харгис дайсан минь юм…

Гүн ухаантанг сануулсан цаг хугацаа

Гүйцэд болоогүй жимсний тухай сургаал айлдана…

Энэ л байгаа янзаар нь

Элдэв тайлбар, зүйрлэлгүйгээр

Үргэлж нуугдагч доторх ертөнцөө би

Үнэн дүрээр нь харах сан хэмээн адганам…

Ц.Буянзаяагийн “Залуугийн бадгууд” шүлгийн түүвэр нь 90-ээд оны сүүлчээр 6000 төгрөгөөр зарагдсан гэдэг. Тухайн үед тэр нь их мөнгө байв. Мөн тэрбээр анхнаасаа Г.Аюурзана, Б.Галсансүх, Л.Өлзийтөгс, О.Чинбаяр нарын лидерүүдтэй ойрхон явж ирсэн нь сэтгэлгээний цар хүрээ, шинэтгэгч их тэмүүлэлийг нь давхар илтгэнэ. Түүнтэй Ховд аймагт анх удаа тэврэлдэн уулзахад надад “Улаан шувууны жиргээ” сентименталь романаа дурсгасан юм. Түүнийг нь уншаад би Ц.Буянзаяаг ихэд тоож билээ. Харин шүлгийн номыг нь олж уншиж чадалгүй явж байгаад, 2010 онд бил үү, Дархан хотын Хүүхдийн Номын Ордонд ажиллаж байхуйдаа “Цаг хугацааны далавч”-ыг нь олж үзсэн минь санаанд тодхон байна. Тэрхүү түүврийн эхэнд нэрт найрагч Д.Баянтунгалаг өмнөтгөн бичихдээ Ц.Буянзаяаг: “…чинжаалыг… ишинд нь тултал дүрэх шиг тийм шорвог зан ханхлуулсан этгээд…” хэмээн дүгнээд, түүний дотоод ертөнц рүү хамгийн их довтолсон хүнээр өөрийгөө нэрлэсэн байв. Товч хэлэхэд, яруу найрагт салхи шуурга, үймээн самуун байхгүй бол сөнөнө гэдгийг ухаарсан Д.Баянтунгалаг найрагч бээр түүнийг сурагч байхаас нь өдөөж, гэнэн шүлгүүдэд нь хатуухан хандахын зэрэгцээ хор шарыг нь нэн дэврээж өгөөд нийслэл хот руу үдсэн нь “нохойг гөлөг байхад нь зоддог, ноёныг хөвгүүн байхад нь басдаг” гэдэгтэй агаар нэгэн байсан ажээ. Чингээд би тэрхүү түүврийг цааш хөөн уншиж суух зуур дотроо: “Тэр хачин этгээдээс ийм шүлгүүд төрлөө гэж үү?” хэмээн жаахан гайхсанаа ч нуух юун! Юу гэхээр, түүнийг Ховдод ирээд явснаас хойш, сурагч байхаасаа Расул Гамзатовын “Миний Дагестан”-ыг шимтэн уншиж, тэр тусмаа өвгөн найрагч Абу Талибын хэлсэн: “Өнгөрсөн үеэ чи гар буугаар буудвал ирээдүй чамайг их буугаар буудна” хэмээх яруухан хэлцийг хэзээ ч мартахгүйгээр даруухан цээжилсэн надад Ц.Буянзаяагийн ахмад үе рүүгээ дайрч давшилсан тухай элдэв цуу ярианууд таагүй сэтгэгдэл төрүүлж, түүнээс болоод бид хоёр хотод нэг тааралдаад жаахан тар-тур хийх шахсан тэр үедээ (тэр тухай сонссон Г.Бадамсамбуу хотод нэг тааралдаад: “Өө, цаадах чинь наанаа тэгж байвч цаана их цагаан…” гэсэн сэн.) би түүний шүлгүүдийг олж уншсан минь тэр. Тэгээд, “Цаг хугацааны далавч”-аар хэсэг амьсгалж суухдаа хүмүүсийн гайхаад буй түүний этгээд араншин төрөлхийнх байж таарна, тэгэхээр хэн ч өөрчилж чадахгүй, тэр тусмаа зааж залахгүй, өөрөө ч хэн нэгнээр заалгахыг тэвчихгүй хэмээн бодов. Түүнээс гадна, хожим нь эргээд бодоход, МЗЭ-ийг шинэтгэх хөдөлгөөнд Ц.Буянзаяа жанжин тугч нь төдийгүй тэргүүн илдэч нь байсан санагддаг. Түүний тэрслүү араншин, ухралтгүй дайчин чанар байгаагүй бол тэр үед тодорхой үр дүнд хүрэхэд тун хэцүү байсан гэдгийг яруу найрагч, зохиолчид ярьцгаадаг нь үнэний хувьтай байх. Тэгээд ч, жанжин тугчгүй, тэр тусмаа тэргүүн илдэчгүй ялалтанд хүрдэг тийм ХУВЬСГАЛ гэж хэзээ, хаана байлаа даа? Би лав мэдэхгүй.

Он жилүүд минь

Талд татагч солонго шиг

Таавар шиг, манан шиг

Он жилүүд минь…

Аугаа ихийн тухай

Зэрэглээ мэт төсөөлөл

Агшин бүрт намайг

Эрвээхэй шиг тойрдог…

Томдсон гутал өмсөн гүйж

Торхтой ус руу чулуу шидэж

Эртний дуунд уяран гуних гэж

Эргэх дөрвөн цагт хүн төрдөг…

Өө, би зүгээр л зүүдэлж!

Өд сөд минь хэвээрээ байна

Аальгүй сар зүрхэн дээр минь

Алчуураа тохон даажигнаж байж…

Ц.Буянзаяаг би ямагт шинийг эрэн хайж, сэдэн санаачилж, олж мэдсэнээ бусадтай хуваалцаж явдаг нэгэн гэж боддог. Жишээ нь, оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан Өд” наадам тэргүүт олон ажлуудыг түүний санаачлага гэж сонсож байлаа. Мөн Х.Чилаажав, тэр хоёр анхны номын уралдааныг дахин сэргээж, 2002 онд М.Амархүү, Т.Баянсан, Б.Баттулга, Ц.Отгонжаргал… гээд шилдэг 10 яруу найрагчийн номыг шалгаруулж хэвлэхэд миний ном түүнд багтаж хэвлэгдсэнд гүнээ талархаж явдаг. Ц.Буянзаяаг Дарханд ирэх бүрт Ц.Цэнд тэр хоёр ихэд дотночлон уулзаж, элдэв дээдийг ярьдаг шиг байгаа юм. Тэгээд түүнийг явсаны дараа Ц.Цэнд надтай уулзаад нэг лааны жүжиг ч гэх юм уу, заавал нэг хачин юм ярина. Тэр бүү хэл, би Ц.Цэндийг нэг лаа асаагаад дуустал шатах зуур нэг жүжиг бичиж үзсэн байх гэж боддог юм. Яагаад гэхээр, тэрбээр дүргүй жүжиг бичсэн тухайгаа ярьж, нэг хэсэг ихэд хөөрцөглөн явсан бөгөөд тэр хачин жүжгээ “Залуучууд” театрын тайзнаа тавиулах санаатай хэдэн найруулагчийг олон жил хормойдож хөөцөлдөөд бараагүй юмдаг. Нэг удаа намайг хотод явж байтал яруу найрагч, зохиолч, судлаач П.Батхуяг тааралдаад “Интер ном” дээр шүлэг бичдэг хэдэн залуустай уулзуулмаар байна гэснээр Б.Галсансүх бид хоёрыг явж очиход: “Та хоёроос өмнө Буянзаяа ахтай уулзуулсан юм. Манай хэдийг ёстой тачигнатал загнасан!…” гээд инээж билээ. Тэрчлэн, Ц.Буянзаяаг ахмад, дунд, залуу гэж ялгахгүй, хэнд ч бай, бодсоноо тун ширүүхэн хэлдэг тухай би өчнөөн сонсож байсан боловч түүнтэй олон таарч явахдаа тийм догшин зантай явахыг нь нэг ч үзээгүй тул нотолж үл чаднам. Басхүү, “Муу нуухаар сайн илчил!” гэж үг байдгийг бодолцвол нэг их хортой биш хэмээн мунхаглана. Түүнийг МЗЭ-ийн Удирдах Зөвлөлийн дарга байхад би нэг гишүүнээс нь: “Цаадах чинь хурлаа яаж удирдах юм?” гэсэнд: “Өө, тун дажгүй. Зарим нэг юман дээр өөрийнхөөрөө дайрах гэдэг тал бий. Гэхдээ олонхоо дагадаг. Бүр аргаа барсан үедээ нэг том хашгираад л үлддэг юм” гэж билээ. Тэгэхээр, мань эрийг ашид дарангуйлагч он жилүүд зугуухан зөөлрүүлсэн юм болов уу? Магадгүй, нэрт судлаач Д.Галбаатар багшийн хэлсэнчлэн утга зохиолын их өргөөг олон хөгт аялгуунаас бүрдсэн их найрал хөгжим хэмээн зүйрлэх аваас хөлөөр дэлддэг том хэнгэрэг дээр холбож суурилуулсан олон жижиг бөмбөрүүдтэй, тэдгээрийг хоёр савх модоор ээлжлэн балбаж дуугаргадаг, мөн хоёр талдаа хоёрын хоёр гуулин цантай, тэдний нэг нь бүр хосоороо, хоорондоо хавсарч дуугардаг тэр зэмсэг нь Ц.Буянзаяа байж мэднэ. Тэрхүү зэмсгийг хэн, яаж тоглохоос шалтгаалаад нижигнэх үү, түжигнэх үү гэдэг нь тодорхой болдог гэдэг шүү дээ. Юутай ч атугай, Ц.Буянзаяа бол 90-ээд оны онцгой содон өнгө яах аргагүй мөн юм. Түүнийг хэн, яаж сонсож, хэрхэн дүгнэх нь тухайн хүний эрх мөн ч гэсэн.

Тэнгис гэдэг чивэлт их ус юм

Тэнэг хүмүүс л өөртөө хайргүй байдаг

Хөгжилтэй дуу исгэрээд, буцаад би алхнам

Хөөрхөн нүдийг чинь мартахгүй ч

өөр охидод дурлаж чадна аа…

М.УЯНСҮХ

2021.01.18

Categories
мэдээ цаг-үе

ЯГ ОДОО: Иргэд УОК-ыг огцрохыг шаардаж байна

Нийслэлийн нэгдүгээр төрөх эмнэлэгт нярайлсан эхээс коронавирусийн халдвар илэрсний дараа Халдварт өвчин судлалын үндэсний төв рүү тусгаарлахдаа нярайг нимгэн өлгийнд өлгийдсөн, эхэд нь дулаан хувцас өмсгөлгүй авч явсныг иргэд эсэргүүцэж, өнөөдөр Сүхбаатарын талбайд УОК-ыг огцрохыг шаардаж жагсаал хийж байна. Ингэхдээ хоорондоо халдвар хамгааллын дэглэмээ баримталж 1-2 метрийн зайтай зогсжээ.

No description available.