Categories
мэдээ улс-төр

Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны хуралдаанаар 2021 онд хийх ажлын төлөвлөгөөг баталж, Ажлын хэсэг байгуулав

Улсын Их Хурлын Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хороо өнөөдөр /2021.01.20/ хуралдаж, Дэд хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Дэд хорооны 2021 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлах болон Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар Засгийн газар болон холбогдох байгууллагуудад чиглэл өгөх Дэд хорооны шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах гэсэн хоёр асуудал хэлэлцэхийг танилцуулав.

Эхлээд Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны 2021 онд хийх ажлын төлөвлөгөөг батлах асуудлыг хэлэлцлээ. Хийх ажлын төлөвлөгөөтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, Ж.Батжаргал, Т.Энхтүвшин, Ж.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар нар санал хэллээ.

Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд Дэд хорооны ажлын гол зорилго нь ирэх жилүүдэд жижиг, дунд үйлдвэрлэлийн чиглэлээр явуулах бодлого үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх учир жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд саад болж байгаа асуудлыг засах хуулийн төслүүд өргөн барих, мөн дэмжлэг үзүүлэх чиглэлүүдийг тодорхой болгож өгөх, сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх талаар талуудтай уулзалт зохион байгуулах зэрэг ажлуудыг тусгах саналаа хэлэв.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал Дэд хороо жижиг, дунд үйлдвэрлэлийн бодлогыг тодорхой болгуулах, бойжуулах чиглэлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, түншлэлийн асуудлыг сайтар анхаарч, энэ асуудлууд руу тулж ормоор байна гэсэн санал хэллээ. Мөн томоохон төслүүдийг дагаж ямар жижиг дунд үйлдвэр хөгжих вэ гэдгийг тухайлан ярьж тодорхойлолтыг гаргах, дэмжлэгийг нь татгалзлалгүй өгдөг байх санал хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин жижиг, дунд үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай үйлдвэрлэлийн байранд нь очиж танилцах санал хэлэв. Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар Дэд хорооны хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгах 5 зүйл бүхий саналаа бичгээр гаргаж өгөв.

Дэд хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар Засгийн газар болон холбогдох байгууллагуудад чиглэл өгөх Дэд хорооны шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгээ байгуулаад, Ажлын хэсэг дээрээ жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар гол бодлогоо маш тодорхой болгон, Засгийн газарт чиглэл өгөх талаар санал хэллээ. Ажлын хэсгийг Дэд хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахалж ажиллахаар шийдвэрлэв.

Ийнхүү Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хороо өнөөдрийн хуралдаанаараа 2021 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө батлах болон Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар Засгийн газар болон холбогдох байгууллагуудад чиглэл өгөх Дэд хорооны шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Categories
мэдээ улс-төр

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос 2020 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцууллаа

Улсын Их Хурлын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо өнөөдөр /2021.01.20/ хуралдлаа. Хуралдаанаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны тайлан мэдээлэл сонсох асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг Дэд хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг танилцуулав.

Хуралдааны эхэнд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос 2020 онд хийсэн ажлын талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл танилцууллаа.

Тус хороо 2020 онд 5 зорилт бүхий 58 арга хэмжээг хэрэгжүүлэхэд үндсэн үйл ажиллагаагаа чиглүүлж, 77.3 тэрбум төгрөгөөр 24 арга хэмжээг хэрэгжүүлэн ажилласан байна. Ажлын үр дүнд 2020 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотын агаар дахь агаар бохирдуулах бодисын дундамж агууламжийг өмнөх оны мөн үеийн дундаж агууламжтай харьцуулахад PM10 тоосонцор 23 хувиар, PM2.5 тоосонцор 15 хувиар багассан үзүүлэлт гарсан байна. Нийт санхүүжилтийн 80 хувийг утаа буюу агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсныг сайд мэдээлэлдээ тэмдэглэв.

Мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, Г.Ганболд, Г.Дамдинням, Б.Саранчимэг нар асуулт асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан 77.3 тэрбум төгрөгөөр 24 арга хэмжээ хэрэгжүүлсэн талаарх санхүүгийн задаргааг авч танилцах хүсэлтээ илэрхийлэхийн зэрэгцээ 2021 онд утаа, агаарын бохирдлыг бууруулахад үсрэнгүй ахиц гаргах ямар ажил төлөвлөж ажиллах талаар тодруулав. Мөн агаарын бохирдол буурсан гэж байгаа ч Улаанбаатарыг алсаас харахад саарал утаан дунд байгаа талаар хэллээ. Дээрх асуултад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Сарангэрэл ирэх 4 жилийн хугацаанд агаарын бохирдлыг 80 хүртэл хувиар бууруулна. Цаашид үр дүнтэй шийдэлд хүрэхийн тулд орон сууцжуулах асуудлыг бүрэн шийдвэрлэх хэрэгтэй. Одоо ойрын болон дунд хугацааны төлөвлөгөөг хэрэгжүүлж байна хэмээн хариуллаа.

Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд “Нэг жилд агаарын бохирдолд 77.3 тэрбум төгрөг зарцуулах нь бага мөнгө биш. Гол нь энэ мөнгөөр үр дүнтэй ажил төлөвлөж, хиймээр байна. Өчигдөр Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо 2021 онд хийх ажлын төлөвлөгөөгөө баталсан байна. Ямар ажил тусгахаа ярилцаад, шийдээд явахгүй бол энд бид суух ямар хэрэг байна вэ. Дэд хорооны хуралдаанаас гаргасан чиглэлийн дагуу ажлын төлөвлөгөөгөө дахиж батлаад явах ёстой” хэмээн байр сууриа илэрхийлсний хариуд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл гишүүний энэхүү саналыг хүлээж авч байгаагаа хэлэв.

Дэд хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг агаарын бохирдлоос гадна хөрс, усны бохирдлыг бууруулах ногоон хөгжлийн зорилго эн тэргүүний байх ёстойг тэмдэглээд хөрс, ус, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн үр дүнтэй ажил хийх талаар саналаа хэлж, 2021 онд ямар ажлыг, хэчнээн төгрөгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлэх талаар тодруулан, хариулт авлаа.

Асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн гишүүд агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр үр дүнтэй, оновчтой ажил төлөвлөж, хийх талаар саналаа хэлж байв. Ийнхүү Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны өнөөдрийн хуралдаанаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны тайлан, мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авснаар хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Үндсэн хуулийн өдөрт зориулсан шатрын тэмцээний хагас шигшээ шат өндөрлөлөө

Шинэ Үндсэн хууль батлагдсан өдөрт зориулсан шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах анхдугаар онлайн тэмцээний хагас шигшээ шат энэ сарын 16-19-ний өдрүүдэд болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнийг Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулдаг уламжлалтай билээ.

Швейцарь системээр 8 өрөг тоглосон эрэгтэйчүүдийн хагас шигшээ тэмцээнийг аймаг, нийслэлийг тус бүр 4 бүс болгон зохион байгуулсан бөгөөд нийт 360 шатарч оролцсоноос бүс тус бүрээс 5, нийт 40 шатарчин шигшээд шалгарлаа.

Шигшээ тэмцээнд хагас шигшээгээс шалгарсан 40 шатарчид болон Улсын Их Хурал, Үндсэн хууль тогтоогчдын холбоо зэрэг байгуул­ла­гуу­даас урилгаар 24 хүртэл шатарчин оролцох юм.

Энэ удаагийн тэмцээн анх удаа онлайнаар, lichess.org платформ дээр явагдаж байгаа бөгөөд бүх шатны тэмцээнд Монголын шатрын холбооны рейтингийн жагсаалтаар сүүлийн нэг жилийн хугацаанд чансаа нь 2000 (эмэгтэй шатарчны хувьд 1800)-аас хэтрээгүй, шатрын спортын цолгүй, зөвхөн насанд хүрсэн шатар сонирхогч оролцож байгаа билээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион байгуулагдаж буй шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах анхдугаар онлайн тэмцээний шигшээ шат ирэх бямба гариг буюу 23-ны өдөр болж, аваргуудаа тодруулна.

Categories
гадаад мэдээ

Путин шашны зан үйл хийж цельсийн -20 хэмийн мөстэй усанд оржээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Үнэн алдартны шашны зан үйл хийж Цельсийн -20 хэмийн мөстэй усанд оржээ. Нэгдүгээр сарын 19 бол тус шашинтны хувьд Эпифани буюу Есүс Христ Йордан голын эрэг дээр баптист хүртсэний өдөр юм.

Энэ өдрийг Үнэн алдартны шашин шүтэгч зарим хүмүүс мөстэй усанд орж тэмдэглэдэг. Өдгөө 68 настай Ерөнхийлөгч Путин Москва хотын ойролцоох мөсөөр хийсэн загалмай бүхий усан санд гурван удаа шумбасан талаар тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.

Путин сүүлийн жилүүдэд шашны зан үйл тогтмол хийж, сүм хийдэд нөлөөгөө тогтоох болжээ.

Categories
мэдээ нийгэм улс-төр

АН-ын бүлэг Я.Содбаатар, Т.Мөнхсайхан нарыг огцруулах шаардлага хүргүүллээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан УОК-ын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарыг нэн даруй огцруулах талаар шаардлага хүргүүллээ.

АН-ын бүлгээс “Өнгөрсөн хугацаанд амь нас болон эрүүл мэнд, сэтгэл зүйн хохирол амссан Монгол Улсын иргэн бүр УОК-ын буруу шийдвэрээс болж хохирсон. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд Монгол Улс цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар ямар ч бэлтгэлгүй, цаасан дээр хэдэн хууль, журам батлахаас хэтэрсэнгүй. Халдварын тохиолдол илрэх бүрд УОК, түүний шийдвэрийг биелүүлэгч төрийн байгууллагын албан тушаалтнууд иргэдийг буруутгаж, нэр төрд халдсан, ялгаварлан гадуурхсан ёс зүйгүй үйлдлүүд гаргасаар байна. Үүний нэг жишээ нь дөнгөж амаржсан эмэгтэй болон түүний нярай хүүхдийг шилжүүлэн зөөвөрлөж байгаа явдал. Тиймээс энэхүү харгис үйлдлүүдийнхээ хариуцлагыг хүлээх цаг нь одоо болсон. Иргэд ч цаашид ийм байдлыг тэвчих боломжгүй” хэмээн мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

Зам талбайн халтиргаа, гулгаагаа арилгахыг дүүргүүдийн засаг дарга нарт үүрэгджээ

Халтиргаа гулгаа ихээр үүсээд буй туслах болон орон сууцны хотхонуудын зам талбайн цэвэрлэгээ, халтиргаа гулгааг арилгахад анхаарч ажиллахыг дүүргүүдийн Засаг даргын орлогч нарт үүрэг болголоо.

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвөлгөөний үеэр орон сууцны болон туслах замууд дээр үүсээд буй гулгаанд арга хэмжээ авах үүрэг даалгавар өгөгдсний дагуу Дүүргүүдийн Засаг даргын орлогч нар, Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөн, инженерчлэлийн газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Хот тохижилтын газар болон бусад зам талбайн үйлчилгээний байгууллагууд, хяналтын төрийн бус байгууллагуудтай шуурхай хуралдлаа. Өмнө нь цахим хэлбэрээр зохион байгуулж байсан боловч чиг үүргийн байгууллагууд дорвитой арга хэмжээ авахгүй байсны улмаас ийн нэгдсэн хурлыг зохион байгуулав.

Улаанбаатар хот нь 13.2сая м.кв авто замтай бөгөөд үүнээс төвийн буюу магистраль гол 56 гудамж зам талбайг Хот тохижилтын газар хариуцаж өгсүүр болон сүүдэр нар тусдаггүй, уулзвар хэсгүүдэд өдөр бүр 8-15тн бодис, давс цацаж халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэн ажиллаж байна. Гэвч дүүргүүд нутаг дэвсгэрийн хүрээнд буюу туслах болон орон сууцны дундах замуудаа цэвэрлэх ажил дутмаг, орхигдож байна.

Үүний дагуу дүүргүүдийн удирдлагууд, зам талбайн үйлчилгээний байгууллагуудыг энэ сарын 24-нийг дуустал буюу хүйтний эрч суларсан энэ хугацаанд авто замын цэвэрлэгээнд анхаарч халтиргаа гулгаагүй байлгахад онцгой анхаарч ажиллах, Хяналтын төрийн бус байгууллагууд шалгалтыг тогтмол хийж орой бүр тайлагнахыг тус тус үүрэг болголоо. Үйл ажиллагааны хэрэгжилтэнд Дүүргүүдийн тээврийн цагдаагийн алба болон Мэргэжлийн хяналтын газрууд хяналт тавьж хариуцлага тооцохыг үүрэг болголоо.

Categories
мэдээ улс-төр

Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд Я.Содбаатар Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг өнөөдөр (2021.01.20) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах зорилт дэвшүүлж, Засгийн газрын 2017 оны 59 дүгээр тогтоолоор Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт, жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадал бүхий “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Өнөөгийн байдлаар үйлдвэрийн инженерчлэл, зураг төсөл боловсруулах ажил үргэлжилж, технологийн байгууламжуудын лиценз эзэмшигчдийг сонгон шалгаруулах ажил хийгдэж байгаа. Технологийн бус байгууламжийн барилга угсралтын ажил гүйцэтгэх компанитай гэрээ байгуулж, барилгын ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангаж байгаа юм байна.

Газрын тос боловсруулах үйлдвэр нь үндсэн 12 байгууламжтай байх бөгөөд үүнээс 7 нь патенттай технологи юм. Тус байгууламжуудын тендерт Axens, Technip, UOP, Halder Topsoe, Shell, Kinetics Technology зэрэг нефть-химийн салбарын дэлхийд тэргүүлэгч компаниуд оролцож байгаа аж.

Монгол Улсад анх удаа газрын тос боловсруулах иж бүрэн үйлдвэр байгуулж байгаа тул гаднын инженер, техникийн ажилтнууд үйлдвэрийн бүтээн байгуулалтад оролцох шаардлага үүсэж байна. Урьдчилсан тооцооллоор барилга угсралтын ажлын үед буюу 2021 онд 1000, 2022 онд 5000, 2023 онд 8000, 2024 онд 7000 орчим (давхардсан тоогоор) инженер, техникийн болон туслах ажилтан ажиллахаар байна. Иймд ажиллах хүч мэргэжилтэн гадаадаас авах, Монгол Улсад хөдөлмөр эрхлэхтэй холбогдсон зөвшөөрлийг шуурхай олгох асуудлыг хуулийн төсөлд тусгажээ.

Мөн үйлдвэрийн усны ордын нөхөн төлбөр, машин механизм, техник, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, түүхий эд, бараа материалын тээвэрлэлтийг хөнгөвчлөх, гаалийн бүрдүүлэлтийг хялбаршуулсан (түргэвчилсэн) горимоор зохицуулах асуудлыг төсөлд тусгасан байна.

Түүнчлэн газрын тос боловсруулах үйлдвэр нь түүхий эдийн хангамжийн хувьд тогтвортой, найдвартай эх үүсвэртэй байх үүднээс өөрийн гэсэн түшиц газар буюу газрын тосны ордтой болох эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай. Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд тулгамдаж буй асуудлуудыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2020 оны наймдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих бие даасан хуулийн төслийг боловсруулж батлуулахыг Засгийн газарт даалгасны дагуу долоон зүйл бүхий хуулийн төслийг боловсруулжээ. Хуульд заасан харилцааг “Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих, төрөөс үзүүлэх үйлчилгээг хялбаршуулах горим”-ын тухай журмаар нарийвчлан зохицуулахаар тусгасан байна.

Төсөл батлагдсанаар газрын тос боловсруулах үйлдвэр төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, хөрөнгө оруулалтын зардлыг богино хугацаанд нөхөж, зээлийн санхүүжилтийн эргэн төлөлтийг хугацаанд нь хийх боломж бүрдэх юм.

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр үйлдвэрийн гаднах дэд бүтцийн бүтээн байгуулалт болох 27 км салаа төмөр зам, 18.2 км цахилгаан дамжуулах агаарын шугам болон 17.5 км хүнд даацын авто замыг 2018-2019 онд барьж байгуулан ашиглалтад оруулсан. Мөн Дорноговь аймгийн Сайншанд хотод 550 айлын 10 орон сууц, оффис үйлчилгээний цогцолбор бүхий “Газрын тосны үйлдвэрийн хотхон”-ыг барьж эхэлжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

УОК-ын хариуцлага, талбайд болж буй жагсаалын талаар ярих гэтэл Т.Доржханд гишүүний микрофоныг хаалаа

Т.Доржханд: Технологи, инновацийн яамыг байгуулж, бүх дэд сайд, зөвлөхийн  орон тоог цомхотгох хэрэгтэй : Тал нутгийн цахим мэдээлэлийн сайт

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан яг одоо болж байна. Өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийг товлох, санал авах төхөөрөмжийн асуудлыг хэлэлцэж байгаа юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд өнөөдрийн нөхцөл байдлыг харахад, Улсын онцгой комиссын хариуцлагын талаар хөндөх зайлшгүй шаардлага үүсээд байгааг хэлсэн юм. Төв талбайд хүмүүс цуглаж, эсэргүүцэл илэрхийлж байгаа үед ийм асуудлыг хэлэлцэх нь зохисгүй байна гэсэн юм.

Мөн тэрбээр УОК-ын дарга, Шадар сайдыг огцруулахыг шаардаж албан бичиг хүргүүлэх талаараа ярих гэсэн боловч УИХ-ын дарга түүний микрофоныг хаалаа. Учир нь хэлэлцэж буй асуудалтай холбоогүй хэмээн үзэж байгаагаа ч мөн илэрхийлсэн юм.

“Өргөө” амаржих газраас өчигдөр халдвартай болох нь тогтоогдсон амаржсан эхийг ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ хүний эрхийн зөрчил гаргасан хэмээн өнөөдөр өглөөнөөс эхлэн иргэд талбай дээр жагсаал хийж байна. Жагсаалд оролцож буй иргэд энэ асуудал болон өнгөрсөн хугацаанд гаргасан хүний эрхийн зөрчлүүдэд хариуцлага хүлээж, УОК-ыг огцрохыг шаардаж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

2021 оны гуравдугаар сард УБ-Дархан чиглэлд дөрвөн эгнээ зам тавигдана

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг шинэчлэх ажлыг Азийн хөгжлийн банкны зээлээр энэ онд үргэлжлүүлэхээр төлөвлөжээ. Замыг дөрвөн эгнээ болгох ажил Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих бөгөөд ирэх оны гуравдугаар сараас ажлаа эхлүүлэхээр хэмжилтийн ажлуудаа хийж байгаа тухай Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах албанаас мэдээлэлээ. Уг бүтээн байгуулалтын ажлын явцад Зам, тээврийн гэрээт цагдаагийн хэлтэс тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж хяналт тавих аж. 2020 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замыг 135.19 км нь хатуу хучилттай, 68.92 км-ийг нь цементээр бэхжүүлэн буталсан чулуун суурьтай болгон түр нээсэн юм. Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Нийт замын 70 км орчим нь цементээр бэхжүүлсэн суурь байгаа бол мөн 70 орчим нь хуучин хучилттай замын нүхийг бөглөж, хөвөө хаяаг өргөтгөсөн байдлаар хөдөлгөөнийг нээсэн. 2021 оны гуравдугаар сарын 15-н буюу замын бүтэн байгуулалтын ажил эхлэх хүртэл эдгээр хэсгүүдэд тогтмол арчилгаа хийгдэж явна” гэв.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

Д.Чойжамц: Нөхөн олговор нь түүхэнд гаргасан алдаагаа засаж уучлалт гуйж байгаа хэлбэр юм

Бурхан шашин, соёлын биет болон биет бус өв соёлыг сэргээн хөгжүүлэхэд нөхөн олговор олгох хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэхийг хойшлуулсан.

Уг хуулийн төсөлтэй холбоотойгоор Шашны өв соёлд нөхөн олговор олгох төслийн талаар Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Тэргүүн хамба Д.Чойжамц байр сууриа илэрхийллээ.

Тэрээр, “Бид 1990 оноос хойш л засаг төр рүү харж, ширтэж байгаа. Өнгөрсөнд болсон асар том хэлмэгдэлтийг шинэ нийгэмд уучлалт гуйж, нөхөн олговор олгохгүйгээр даван туулахад бэрх юм. Шинэ нийгэм цэгцрэх, дахиж тийм хэлмэгдүүлэлт явагдахгүй байхад нөхөн олговор хэрэгтэй. Гадаадын сүм хийдийг харчих. Би нөхөн олговрыг дээд зэргээр дэмжиж байгаа хүний нэг байна. Нөхөн олговор нь түүхэнд гаргасан алдаагаа засаж уучлалт гуйж байгаа хэлбэр юм.

Социалист нийгэмтэй байсан хуучны орнууд энэ аргыг хэрэглэсэн байдаг. Тэр нь ч их хэрэг болсон. Хэлмэгдээд үйл ажиллагаагаа явуулж чадахгүй болчихсон сүм дуганаа шинэчлэх, боловсон хүчингүй болчихсон үед нийгмийн сайхны төлөө ажиллах зэрэг их хэрэгтэй байсан. Ухаалаг орнууд нөхөн олговор олгоод ирэхээр сүм дугана нь орчин үеийн цэвэр цэмцгэр болоод лам нь ажиллах боломж нээгдсэн. Түүхэнд хэдхэн орон шашнаа түүхээсээ хасах гэж байсан. Харин Герман, Америк, Англи тэргүүтэй ямар ч орон түүхээсээ ард түмнийхээ олон зууны турш шүтэж ирсэн шашныг хасах гэж оролдоогүй. Төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдлэх зарчмын хоёр “а” бол хамаатуулах маягтай юм.

Тэгэхээр дэлхийн бүх шашныг Монгол хүндэтгэх тухай асуудал Үндсэн хуульд орж яагаад ч болохгүй. Монгол Улсын Үндсэн хуульд Монголынхоо шашныг хүндэтгэх тухай асуудал.

1937-1990 онд хэлмэгдсэн шашин нь шарын шашин юм. Бусад шашин нь Монголын нутаг дэвсгэрт хэлмэгдээгүй. Энэ нь засаг төрөөсөө өнгөрсөн түүхийнхээ алдааг засч буй том хэлбэр юм. Тусалж дэмжих бус нөхөн олговор олгох.

Шашин шүтлэг гэдэг ил харагддаг зүйл биш. 1990 оноос хойш өнөөг хүртэл явсан 30 жилийг авч үзэх ёстой. Энэ үед хүртэл бид засаг төрийн шийдвэрийг биелүүлээд гурван үүдээ хаасан. Гэтэл маргаашаас нь эхлээд хүмүүс үүдэнд цуглаад ирсэн. Ах, дүү нь нас барсан. Хаана, яаж оршуулах уу, гэр орныхон нь маргаад байна гэсэн хүмүүс их байсан. Бидний дотор баян тарган айлын хүүхэд ирдэггүй. Энгийн айлын хүүхдүүд ирдэг шүү дээ. Нэгнийхээ амыг харж ярьдаг болохоос биш шашинд баян тарган гэдэг зүйл байхгүй. Монголын бурхан шашны төвд 21 аймгийн хамба лам, уламжлалт шашны хамба, 9 дүүргийн ахлах хийдийн лам нар оролцсон 40-өөд хүнтэй Хамба нарын зөвлөл гэж бий. Тэр зөвлөлөөрөө дамжуулж тухайн шийдвэрийг нарийн тооцоолж гаргадаг.