Categories
мэдээ нийгэм

Хөрөнгийн биржид өнөөдөр 1.3 сая хувьцаа арилжив

Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, нэгдүгээр сарын 20-нд энгийн арилжаагаар 33 ХК-ийн 308,101,992.94 төгрөгийн үнийн дүнтэй 1.3 сая хувьцаа арилжив. Үүнээс 14 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 15 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байв.

Энэ өдөр “Булган ундрага” (BUN+15.00%) болон “Шарын гол” ХК (SHG+13.31%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Хархорин” (HHN-14.94%) болон “Глобал монголиа холдингс” ХК (HML-14.71%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай ХОС-ийн 72,046 ширхэг нэгж эрхийг нийт 7,974,278 төгрөгөөр арилжигдсан байна. Мөн өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 1 үнэт цаасыг 100.010 төгрөгөөр, мөн багцын арилжаанд нийт 14.3 сая үнэт цаасыг 1,284,514,000 төгрөгөөр тус тус арилжсан байна.

ТOP-20 индекс 2.49 хувиар өсөж, 20534.69 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,020,002,786,527.13 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Categories
мэдээ нийгэм

​Өвөлжилт хүндэрсэн 6 аймгийн зорилтот бүлгийн малчин өрхүүдэд тусламжийн багц олголоо


ХХААХҮЯамын Төрийн нарийн бичгийн Дарга Т.Жамбалцэрэн, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Винод Ахужа нараар ахлуулсан баг 1 сарын 17-20-ны өдрүүдэд Баянхонгор,Говь-Алтай , Өвөрхангай аймгийн Арвайхээр хот, Богд суманд хүмүүнлэгийн тусламж олгох үйл ажиллагаанд хяналт тавих, орон нутгийн өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж үнэлгээ хийж ажиллалаа. Мөн дээр дурдсан аймгуудын Онцгой Байдлын Газарт халдвар хамааллын 4,000ш маск, 1,200ш гар ариутгалын бодис түс бүр хүлээлгэн өглөө.

Болзошгүй зудын өртөнг, эмзэг байдлыг бууруулах зорилгоор НҮБ-ын ХХААБ, ХХААХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж буй “Зорилтот бүлгийн малчин өрхийн амьжиргааг зудын эрсдэлээс хамгаалахад дэмжлэг үзүүлэх” техник туслалцааны төслийн хүрээнд зудын эрсдэл ихтэй байгаа Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай, Төв аймгийн 53 сумын зорилтот бүлгийн 1,000 өрхийн амьжиргааны хөрөнгийг хамгаалах хүмүүнлэгийн яаралтай тусламжийг олгосон юм.

Тусламжид хонин толгойд шилжүүлснээр 300 ба түүнээс цөөн тооны малаас өөр амьжиргааны эх үүсвэргүй, хөдөлмөрийн насны: өрх толгойлсон, олон хүүхэдтэй, гэр бүлийн аль нэг гишүүн хөгжлийн бэрхшээлтэй, отор нүүдэл хийх бүл, чадал муутай нийгмийн зорилтот бүлгийн нийт 1000 өрхийг сонгосон бөгөөд нэг өрхөд дунджаар 640 мянган төгрөгтэй тэнцэх бүх төрлийн малд зориулсан бүрэн найрлагат сувиллын тэжээлийн багцыг олголоо. Эдгээр 6 аймгийн ХХААГ-уудад тусламжийг малчин өрх бүрийн хотонд хүргэж өгөх ажлыг зохион байгуулах, аймгийн хэмжээнд мал аж ахуйн үйлдвэрлэлийн өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдалд хяналт тавих санхүүгийн дэмжлэгийг төслөөс мөн олгосон байна.

Нэг жилийн хугацаанд хэрэгжих техник туслалцааны энэ төслийн хүрээнд гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн чадавхыг олон улсад мөрдөгддөг заавар стандартын дагуу бэхжүүлэх үйл ажиллагаа төлөвлөгдсөн байгаа ажээ.

Ташрамд дурдахад Монгол улсад хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хүмүүнлэгийн багийг ахалдаг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO) нь сүүлийн таван жилд зудад нэрвэгдсэн 21,240 малчин өрхийн амьжиргааг хамгаалахад 2.4 сая ам.долларын хүмүүнлэгийн яаралтaй тусламжийг олгосон байна.

Мэдээллийн эх сурвалж:

Хүнс, Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Яам

НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагын Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газар (fao-mn@fao.org)

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Ахмадууд “Малчдад тусалъя” аян өрнүүлж байна

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Ахмадын хороо “Малчдад тусалъя” аян өрнүүлж, 1,2 сая төгрөгийн тусламжийг сумын удирдлагуудад хүлээлгэн өглөө.

Эрдэнэдалай сум 1284 малчин өрхтэй ба тэдгээрийн 24 хувь нь бусад аймгийн нутагт, 20 хувь нь өөрийн аймгийн бусад суманд, 50 гаруй хувь нь өөрийн суманд өвөлжиж байна.

Аймгийн хэмжээнд өвөлжилт хүндэрч байгаа тул малчдын нөхцөл байдал хүндхэн байгаа юм. Тиймээс сумын ахмадууд энэхүү аяныг өрнүүлж, 55-70 насны 123 гаруй ахмад аянд нэгдэн, малчдад хэрэгцээтэй 19 нэр төрлийн зүйлсийг цуглуулжээ Тус аяныг цаашид үргэлжлүүлэх ба сумын бусад иргэд аж ахуйн нэгж, байгууллагын албан хаагчдыг тус аянд нэгдэхийг уриалсан байна.

Categories
мэдээ нийгэм

Гавж Н.Нанзаддорж: Энэ хууль лам нарт мөнгө өгөх бус үгүй болсон уламжлалт боловсролоо дэмжих зорилготой

Монголын соёлын биет болон биет бус өв соёлыг сэргээх тухай “Нөхөн олговор олгох” хуулийн төсөл нь өв соёл, уламжлал шашин, нийгмийг соён гэгээрүүлэх зорилготой хууль юм.

Энэ талаар Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн гавж Н.Нанзаддорж “Энэ хуулийн төслийн агуулга нь зөвхөн буддын шарын шашин, лам нарт нөхөн олговор олгох гээд байгаа хэрэг биш юм. Нийгэмд хэлмэгдсэн хүмүүсийг цагаатгасан гэдэг ойлголт байдаг ч энэ нь зөвхөн хүн талаасаа буюу хэлмэгдэж хоморголон устгагдсан лам нарыг цагаатгасан үйлдэл юм. Гэтэл нөгөө талдаа шашин, соёл нь хэлмэгдсэн бөгөөд үүнийг одоо болтол цагаатгаагүй. Зарим баримтад 760 гаруй хийдүүд хэлмэгдсэн бөгөөд хийдүүд 500-1000 ламтай байсан. Өөрөөр хэлбэл 500-1000 оюутантай боловсролын байгууллага байсан.

Жишээлбэл, Их хүрээ 12 дацантай бөгөөд гүн ухааны 3 дацантай, зурхай, эрүүл мэнд гэх мэтээр сургуультай байсан. Гүн ухааны дацан 15 зиндаатай, 1 зиндаанд 1 жил суралцах бөгөөд 15 жил суралцаж байж бурханы шашны гүн ухаанд боловсорч, эрдмийн зэрэг хамгаалдаг байлаа. Энэ мэт бурхан шашны уламжлалт боловсрол байхгүй болсон. Гол нь их хэлмэгдүүлэлтийн үед хэлмэгдэж үгүй болсон бурхны шашны боловсролын тогтолцоог сэргээх нь энэ хуулийн гол зорилго юм.

Тэгвэл уламжлалт боловсрол сэргээснээр нийгэмд ямар ашигтай бэ гэхээр нийгмийн ёс суртахуун, хүний ёс суртахуун дээшилнэ. Нийгмийн ёс суртахуун нь хүний үзэл, итгэл үнэмшил хоёр дээр тогтдог. Манай ардчилсан нийгэм хөгжсөнөөс хойш үзэл баримтлал гэдэг зүйл үгүй болсон. Тэгэхээр уламжлалт шашны боловсролыг дээшлүүлснээр хүний үзэл баримтлал итгэл үнэмшил нэмэгдэж улмаар нийгэмд ёс суртахууны зөв төлөвшил тогтоно.

Дэлхий дахинд боловсролыг орчин үеийн болон уламжлалт боловсрол гэж хуваадаг. Өндөр хөгжилтэй улс орнууд дээрх хоёр төрлийн боловсролыг зэрэг авч явдаг. Боловсрол гэдэг нь эрдэм мэдлэг, ёс суртахуун бөгөөд эрдэм мэдлийг бид бүх шатны сургуулиас олж авдаг. Гэтэл хүнийг хүн болгох, итгэл үнэмшилтэй, ёс суртахуунтай хүн болгох боловсролыг нь орхигдуулсан. Улмаар хүмүүс хүн чанаргүй, итгэл үнэмшилгүй, мөнгөний хойноос явдаг, авлигажсан гэх мэтээр нийгмийн сөрөг илүү давамгайлдаг. Тиймээс уламжлалт боловсролыг эрдэм мэдлэгийн боловсролтой зэрэгцүүлэн авч явж чадвал нийгэм гэгээрнэ гэсэн үг. Тэгэхээр бурхны шашин бол Монголын үндэсний шашин, бурхны шашныг монголчууд 2000 жил шүтсэн, үндэсний соёлд бурхны шашны соёл салшгүй холбоотой гэх мэт олон зүйлээр холбоотой байгаа учраас үүнийг Төр бодлогоор дэмжих аваас хөгжүүлэх боломж байгаа. Энэ хуулийн цаад агуулга нь лам нарт мөнгө өгч, сүм хийдийг тэтгэх бус монголын уламжлалт боловсролыг дэмжих хууль гэдгийг ард түмэн минь сайтар ойлгох хэрэгтэй” гэв.

Х.АНАНД

Categories
мэдээ нийгэм

Худалдаа, үйлчилгээний газрууд QR код байршуулаагүй, халууныг хэмждэггүй зөрчлүүд илэрчээ

Коронавируст халдвар, /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийн мөрдөлтийн байдалд 2021 оны 01-р сарын 19-ны өдөр НЗД-ийн захирамжийн хүрээнд иргэний худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын үйл ажиллагаанд хяналт тавьж, зөрчил дутагдлыг газар дээр арилгуулах арга хэмжээг авч, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.

Шалгалтад хамрагдсан 1322 аж ахуйн нэгж, иргэний худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад 412072 хүн шилжилт хөдөлгөөний хяналтын QR код уншуулж үйлчлүүлсэн байна.

Хяналт шалгалтаар 331 зөрчлийг илрүүлэн 253 буюу 76 хувийг арилгуулан ажилласан. Иргэдийн шилжилт хөдөлгөөний хяналтын QR код байршуулаагүй 192 худалдаа, үйлчилгээний газрууд байна. Шалгалтаар дараах зөрчлүүд нийтлэг илэрч байна. Үүнд:

  • Худалдаа, үйлчилгээний газрууд QR код байршуулаагүй;
  • Үйлчлүүлэгчдийг QR код уншуулж байгаад хяналт тавьдаггүй;
  • Байгууллагууд ажиллагсдынхаа халууныг хэмжиж, бүртгэл хөтөлдөггүй;
  • Хүн хоорондын зай бариагүй зөрчлүүд илэрлээ.
Categories
гадаад мэдээ

“Twitter” Венесуэлийн Үндэсний ассамблейн хаягийг устгажээ

Twitter” нийгмийн сүлжээ Венесуэлийн Үндэсний ассамблейн хаягийг хаажээ.

“Twitter”-н дүрэм журмыг зөрчсөн хаягуудыг хааж байна хэмээн “@lanuevaasamblea” хуудаст хандсан мэдэгдэлд дурджээ. Венесуэлийн парламентын шинэчилсэн бүрэлдэхүүнд зориулан нээсэн тус хаягийг дагагчдын тоог тэгэлж, нүүр зургийг нь устгасан бөгөөд шинээр дагах боломжгүй болгожээ.

“Хүчирхийлэл, хавчлага шахалт болон иймэрхүү төрлийн үйлдлүүд нь хүмүүсийг үзэл бодлоо илэрхийлэхээс болгоомжлоход хүргэж, улмаар олон нийт хэлэлцүүлэг хийх, мэтгэлцэхийн үнэ цэнийг алдагдуулж байна. Бүх хүнийг олон нийтийн хэлэлцүүлэгт чөлөөтэй, аюулгүй оролцох боломжоор хангах нь манай байгууллагын дүрэм” хэмээн “Twitter”-н дүрэм журамд дурдсан байдаг аж.

Венесуэлд 2020 оны 12 дугаар сарын 6-нд парламентын сонгууль болж, иргэд парламентын 277 депутатыг сонгожээ. Сонгуульд Засгийн газрыг дэмжигч “Аугаа эх оронч туйл” эвсэл ялжээ. Өмнөх парламентын бүрэлдэхүүнд олонх байсан одоогийн Засгийн газрыг эсэргүүцэгчдийн дийлэнх, тэр дундаа сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо санал хураалтад оролцохоос татгалзаж, сонгуулийн дүнг эсэргүүцсэн юм.

Categories
мэдээ нийгэм

САЙН МЭДЭЭ: АНУ-д амьдардаг монголчууд ТҮК-ийн ажилтнууд, замын цагдаа нарт халдаг улавч хандивлажээ

Америкийн Нэгдсэн Улсын Вашингтон ДС хотод ажиллаж амьдарч буй монголчууд цар тахал тархсан энэхүү хүнд хэцүү үед ард олноо хамгаалахын төлөө идэр есийн хүйтнийг ажралгүй зүтгэж буй Тохижилтын үйлчилгээний ажилтнууд, Тээврийн цагдаагийн албан хаагчиддаа халдаг улавчны долоо хоногийн хэрэглээ буюу 1780ш улавч хандивлажээ.

Хандивын ажлыг санаачилсан тус хотод амьдардаг иргэн Т.Ариунаа, монгол талын ажлыг зохион байгуулсан н.Мядагмаа, Г.Галбадрах болон хандивын аянд оролцож сэтгэл зүрхээрээ нэгдсэн монгол ахан дүүстээ гүн талархал илэрхийлье хэмээн Улаанбаатар хотын менежер Т.Гантөмөр мэдээллээ.

Тохижилт үйлчилгээний ажилчдад зориулсан 950ш улавчыг Улаанбаатар хотоос гарах замуудын цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан ажилладаг Сүхбаатар тохижилт ХХК, Найши трейд ХХК, Улаанбаатар шинэчлэл ХХК, Грэйт роуд ХХК, Охь мандал ХХК-ууд, мөн тэдгээрт өдөр бүр хяналт тавин ажилладаг хяналтын төрийн бус байгууллагууд болох Эмэгтэйчүүдийн эрхи, хамгаалал хөгжлийн хүрээлэн ТББ, Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн ТББ, Хотын хөгжлийг дэмжих шинэ тосгон холбоо ТББ, Бид туслая ТББ, нохой муур устгалын Өлтэ ХХК, Базалт нэгдэл ХХК, Их булаг АТҮК ХХК компаниудад гардууллаа. Үлдсэн 830ш улавчыг Тээврийн Цагдаагийн албаны ажилчиддаа гардуулан өгнө.

Categories
мэдээ нийгэм

Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн НДШ-ийг нөхөн төлүүлэх хуулийг дэмжжээ

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барьсан талаараа УИХ-ын гишүүн С.Чинзориг, Г.Тэмүүлэн нар мэдээлэл хийлээ.

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг С.Чинзориг нарын гишүүд санаачлан 2017 онд УИХ-аар батлуулсан бөгөөд хууль 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний хооронд хэрэгжсэн бөгөөд дээрх хуулийн үйлчлэлд 28.1 мянган иргэн хамрагдаж, тэтгэврийн даатгалын санд 42.2 тэрбум төгрөг төвлөрүүлэн, 8800 малчин хувиараа, хөдөлмөр эрхлэгчийн тэтгэвэрт 37.3 тэрбум төгрөг зарцуулахаар тооцсон.

Нийгмийн даатгалын байгууллагын 2020 оны 12 дугаар сарын мэдээгээр хамрагдвал зохих иргэдийн 33 хувь буюу 9.2 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч хамрагдаж, 17.7 тэрбум төгрөгийг тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн байна. Эдгээр иргэдээс 6.5 мянган иргэн шинээр тэтгэвэр тогтоолгож, тэтгэвэрт 9.8 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Хууль хэрэгжих хугацаанд дэлхий дахинд Ковид-19 цар тахал дэгдэж, коронавирус халдварын цар тахалтай тэмцэх арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд хөл хорио тогтоож, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, зарим аймагт зуншлага оройтсоноос өвөлжилт хаваржилт хүндрэх эрсдэл үүсч отор нүүдэл ихтэй байгаа зэрэг тодорхой хүчин зүйлүүдийн улмаас малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагаа доголдож орлого буурч, нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжгүй болсон зэрэг шалтгааны улмаас хуулийн үйлчлэх хугацааг сунгах шаардлага бий болсныг төсөл санаачлагчид танилцуулсан.

Хуулийн хугацааг сунгаснаар 1995 оноос 2017 оныг дуустал хугацаанд малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхэлж байсан тэтгэврийн даатгалын шимтгэлээ тухайн хугацаанд нь төлж чадаагүй 15-60 насны иргэд хамрагдаж шимтгэлээ нөхөн төлөх боломжтой юм.

Шимтгэлийн хувь хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэнцүү байхаар Засгийн газраас тогтоосон бөгөөд малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгч байсан иргэн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх хүсэлтээ өөрийн харьяалах нийгмийн даатгалын байгууллагад гаргана.

Тасарсан хугацааныхаа тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлснөөр 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн үүнийхээ 15 жилд нь малчнаар ажилласан эрэгтэй 55 нас хүрсэн бол, мөн хугацаанд шимтгэл төлсөн ба 12.5 жилийн хугацаанд малчнаар ажилласан эмэгтэй 50 насандаа тэтгэвэр тогтоолгох эрхтэй юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ШУУРХАЙ: УОК-ын дарга Я.Содбаатар, ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан нар огцорч байгаагаа мэдэгдлээ

Засгийн газар үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

УОК-ын дарга Я.Содбаатар, ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан нар огцорч байгаагаа мэдэгдлээ.

Эмнэлгийн ажилтнууд алдаа дутагдал гаргасныг УОК-ын дарга, ЭМЯ болон ХӨСҮТ-ийн удирдлага хүлээн зөвшөөрч, тухайн ээж болон ар гэрийнхнээс нь уучлалт хүссэн.

УОК-ын дарга Я.Содбаатар “УОК-ын дарга Я.Содбаатар, Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор УОК-ын удирдлага би огцорч байна. Өчигдрийн үйлдэлд гүнээ харамсаж чин сэтгэлээсээ мэдэгдэл гаргасан юм. Шууд миний хариуцх асуудал биш ч гэлээ хүнлэг бус, сэтгэлгүй хүмүүс Монголын төрд цөөн ч гэсэн байгаад бас харамсаж байна. Хариуцлагатай албанд томилсон Монгол Улсын Ерөнхий сайд, нийт ард иргэдээсээ уучлалт хүсэж байна “гэв.

Эрүүл мэндийн салбарын хариуцлага алдсан ажилтнуудын өмнөөс хариуцлага хүлээж УОК-ын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар огцорч байгаагаа мэдэгдлээ. Тэрээр “Эрүүл мэндийн сайдын албан үүргээс чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад уламжлах болно” хэмээн мэдэгдээд Монгол Улсын эрүүл мэндийн салбарт 57 мянган ажилтан бий. Хариуцлагагүй хэдхэн хүний алдаанаас болж, эрүүл мэндийн салбарынхны нэр хүнд унах ёсгүй” хэмээн онцлов.

Categories
мэдээ нийгэм

УНТЭ-ийн хамт олон “Цус бэлэглэх аян”-ыг эхлүүллээ

УНТЭ-ийн Шуурхай штабын цус сэлгэлтийн ангиас энэ сарын 18-22-ны өдрүүдэд “Цус бэлэглэх аян”-ыг зохион байгуулж байна. Тус аяныг ЭМЯ-ны Цусны мэргэжлийн салбар зөвлөл, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, УНТЭ-ийн Цус сэлбэлтийг зохицуулах зөвлөл хамтран зохион байгуулж байгаа бөгөөд УНТЭ-ийн 360 гаруй эмч, ажилчид оролцож цусаа хандивлах юм байна.


УНТЭ-ийн Ерөнхий захирал Н.Лхажий:
УНТЭ нь 26 төрөлжсөн мэргэжлийн, үүний дотор 15 чиглэлээр лавлагаа тусламж үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлдэг бөгөөд ЦССҮТ-ийн нийлүүлдэг нийт цус, цусан бүтээгдэхүүний 35 хувийг дангаараа хэрэглэдэг. Насанд хүрэгчдийн цусны хавдрын ба хавдрын бус эмгэгүүд, элэг бөөр, үе шилжүүлэн суулгах, эд эрхтэн тайрах зэрэг цар хүрээ ихтэй мэс засал, хоол боловсруулах замын халдвар, цус алдалт зэрэг яаралтай тусламж болон архаг өвчтөний төгсгөлийн шатны олон эрхтэний дутагдлын үед цус цусан бүтээгдэхүүнийг хэрэглэх нь өвчтөний амь насыг аврах, амьдралын чанарыг сайжруулах гол эмчилгээний аргуудын нэг болдог.
Дэлхий нийтийг нөмрөөд буй аюулт цар тахлын үед цус, цусан бүтээгдэхүүний хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор бид байгууллагын нийт ажилчидыг уриалж тус аяныг зохион байгуулж байна. Цус цусан бүтээгдэхүүний хүртээмжийг сайжруулах, цар тахлын онцгой үед үүсч болох хомсдлоос сэргийлэх, иргэдийг цусаа бэлэглэх үйлсэд уриалах, авлагагүй байнгын донорын тоог нэмэгдүүлэхэд тус аяны зорилго оршиж байна. Халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор УНТЭ, ЦССҮТ нь хамгааллыг чанд сахиж ажиллаж байна.

ЦССҮТ-ийн Ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр:
ДЭМБ-аас халдварын аливаа эрсдэлгүй цусаар хангах үндсэн боломжийн нэг нь 100 хувь сайн дурын авлагагүй донороос цус цуглуулах гэж үздэг. Тэгвэл өнөөдөр УНТЭ-ийн хамт олон бидний ажлыг дэмжиж, цус цусан бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэхэд анхааран тус аяныг эхлүүлсэнд баяртай байна. Дэлхий дахиныг хамарсан Covid-19 цар тахлын улмаас цусны доноруудын тоо цөөрсөн хэдий ч бид цус цусан бүтээгдэхүүний нөөцийг хэвийн хадгалах тал дээр анхаарч ажиллаж байна. УНТЭ-тэй хамтран хэрэгжүүлж байгаа уг аянд олон байгууллагууд нэгдэж, цусны нөөцийг бүрдүүлэх нь дамжиггүй. Нэг хүн нэг удаа цусаа хандивлахад гурван хүний алтан амийг аврах боломжтой бөгөөд эрэгтэй хүн гурван сардаа нэг удаа, эмэгтэй хүн дөрвөн сард нэг удаа цусаа хандивлах боломжтой. Цусаа хандивлах нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэдэг ташаа ойлголт иргэдийн дунд байдаг. Тэгвэл тогтмол цусаа өгдөг донор хүний бие эрүүл чийрэг, зүрхний шигдээсээр өвчлөх магадлал 30 хувь бага байдаг.

Хэрэв та цусаа хандивлахаар шийдсэн бол дараах зүйлийг анхаараарай. Үүнд
• Урьд өдөр нь сайн унтаж амрах
• Хувийн ариун цэвэр сайн сахих
• Өөх тостой хоол, сvv сvvн бүтээгдэхүүн, айраг, архи, пиво, тамхи, эм бэлдмэл хэрэглэхгүй байх хэрэгтэй.
• Цус өгөхөөс өмнө ердийнхөөс илүү их шингэн ууна.
• Цус өгөх өдрийн өглөөний цайндаа хөнгөн хоол хүнс /чихэртэй цай, мантуу, талх, өндөг, цагаан будаа/ хэрэглэх хэрэгтэй.