Categories
мэдээ нийгэм

МХЕГ коронавирусийн эсрэг вакциныг нэвтрүүлэх бүх үе шатанд хяналт тавина

Коронавирусийн эсрэг хэд хэдэн төрлийн вакциныг дэлхийн улс орнууд гарган авч, хэрэглэж эхлээд байгаа бөгөөд үйлдвэрлэгчээсээ хамааран хадгалалт, тээвэрлэлтийн горим өөр өөр байна. Вакцинжуулалтын бэлтгэл ажлыг хангуулах зорилгоор энэ сард багтаан улсын хэмжээнд хийгдэж буй хяналт шалгалтаар дархлаажуулалтын нэгжүүдийн хүйтэн хэлхээний хүчин чадал, хүрэлцээ хангамж, хүний нөөц, сургаж бэлтгэгдсэн байдал зэргийг шалгаж бэлтгэл байдлыг хангуулахад дэмжлэг үзүүлэх юм.

Манай улсын хувьд коронавирусийн эсрэг дархлаажуулалтын үйл ажиллагаанд хяналт тавихтай холбоотойгоор улсын байцаагчдыг сургах, мэргэжил арга зүйгээр хангах ажлыг төлөвлөн хэрэгжүүлж эхлээд байна.

МХЕГ-ын Шуурхай штабаас өчигдөр нийслэл болон орон нутгийн Мэргэжлийн хяналтын газар, хэлтсийн дарга, эрүүл ахуй, халдвар хамгааллын болон эм, биобэлдмэлийн хяналтын улсын байцаагчидтай цахимаар хуралдаж үүрэг чиглэл өглөө.

УОК-ын даргын 2021 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн “Коронавируст халдвар /Ковид-19/ -ын эсрэг вакцинаар дархлаажуулах тухай” 05 дугаар тушаалаар Монгол Улс Ковид-19-ийн эсрэг вакциныг нэвтрүүлэх бүх үе шатанд Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавин ажиллахаар болсон. Үүнтэй холбогдуулан МХЕГ-аас түр заавар баталсан бөгөөд хяналт шалгалтыг дараах 4 үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

-Дархлаажуулалтын бэлтгэл ажлыг хангуулах хяналт
-Вакциныг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хяналт
-Вакцинжуулах үйл ажиллагаанд тавих хяналт
-Дархлаажуулалтын дараах хамралтын үнэлгээг хийх

Түүнчлэн орон нутагт коронавируст халдварын өвчлөлийн голомт хумигдаж, халдваргүй бүс болж байгаа хэдий ч иргэд зориулалтын бус замаар орон нутаг руу нууцаар зорчих, мөн уул уурхайн ажилчдын шилжилт хөдөлгөөн хийгдэж байгаатай холбоотойгоор бэлэн байдлаа хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг үүрэг болголоо.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бага хурал маргааш 11 цагт товлогдлоо

МАН-ын бага хурал маргааш 11 цагт зарлагдлаа. Дараагийн ЕС-ыг санал хураалтаар тодруулах юм. Тус намын бага хурал 300 гаруй гишүүнтэй бөгөөд онлайнаар хуралдахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

Бид л эс бол хэн үлгэрлэх вэ?

Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга

Б.БАТ-ЭРДЭНЭ

Эрчүүд бид өрхийн тэргүүн, үр хүүхдийнхээ аав тул орон гэртээ ч, ахуй амьдралдаа ч сайн үлгэртэй амьдрахыг хичээдэг. Ингэж эс чадвал хань ижил, үр хүүхдийн явдал мөр хазайх аюултай. “Аавгүй хүүхдийн толгой том” гэж үг бий. Аав нь байвч үлгэр нь буруу бол үүнээс ч долоон дор юм болохыг үгүйсгэх аргагүй.

Энэчлэн алив хэрэгт ахлах, захлах үүрэг ноогдсон л бол эхлээд өөрөө зөв байж, зөв үлгэр үзүүлэх, тэгээд өөрийн баг, хамт олноо зөв үлгэртэй байлгахыг мэрийхээс эрхэм юм гэж байхгүйг миний бие амьдралаасаа ухаарсан билээ. Иймд ажил, хэргийн эрх ашгийн үүднээс өөртөө тохиолдож өнгөрсөн гурван сайхан дурсамж, одоо тохиолдож байгаа төвөгтэй бөгөөд бид хамдаа яаралтай засууштай хоёр хандлагыг хэлэхийг хүсэв.

Ингэхдээ “Бат-Эрдэнэ өөрийгөө сайхан дөвийлгөж байна” гэж хэлэх, бодох хүн гарахгүй гэж итгэж байна. Учир нь өнөөг хүртэлх ажил, амьдралынхаа бүхий л замналдаа миний бие ийм зан араншин гаргаж байгаагүйг олон түмэн эрхбиш мэдэх болов уу гэж санана.

ГУРВАН САЙХАН ДУРСАМЖ

1.Монголд цагтаа эхэлдэг нэг ажил бол бөхийн барилдаан

Бөхийн барилдаан бол миний амьдралд томоохон байр суурь эзэлдэг. МҮБХ маань Монгол бөхийн өргөөтэй болмогцоо барилдааныг зарласан цагтаа эхлүүлдэг байх зорилт тавьсан билээ. Энэ бол бөхчүүд бидний зүгээс талархан дэмжүүштэй, олон түмэн дэмжигчдээ хүндэлсэн зөв ажил байсан юм. Үүнээс өмнө бол наад зах нь 30-аас дээш минут хоцорч эхэлдэг байлаа. Одоо ч гэсэн урлагийн тоглолт, аливаа найр цэнгүүн, хурал цуглаан ийм л янзтай байгаа нь тун тусгүй.

Миний тухайд барилдаан бүрийг шахам манлайлж гарах бөхийн хувьд холбооныхоо шийдвэрийг үйл хэргээрээ дэмжиж, барилдаан эхлэх цагаас 10-20 минутын өмнө ирж, зодог шуудгаа өмсөөд их танхимд орж ирэн, дээлээ өмсөн сууж байгаад тайлбарлагч “Эрхэм хүндэт…” гээд эхэлмэгц дээлээ тайлж эвхэж тавиад, бөхчүүдийнхээ өмнө очоод, хөгжмийн аялгуутай зэрэгцэн дэвээд гардаг байлаа. Хэдхэн удаагийн барилдааны дараа л 14.00-д эхлэх барилдаандаа барилдахаар ирсэн бид 13.58 минутанд дэвэн дэвсээр орж ирж хэвшсэн билээ. Манай зарим бөх зориуд ч гэмээр хоцорч ирээд үзэгчдийн дэмжлэгтэйгээр барилдаанд оролцохыг бодсон явдал бий ч гарын даа нар хэн ч байсан шууд хасаад л хийсэн оноолтоороо бөхөө барилдуулдаг болсон юм. Ингээд хоцорч ирэх бөхгүй болсон доо. Барилдах 128, 256 бөх чинь энэ том хотын өнцөг булан бүрээс түгжрэл бөглөрөлийг тооцоод ирж байгаа хэрэг шүү дээ. Зөв юмыг манай бөхчүүд ингэж дэмжиж, журам ёсоо дээдэлж чаддаг улс. Одоо ч барилдаан яг л энэ хэвшлээрээ цагтаа эхэлж байгаа нь сайхан харагддаг.

Барилдааныг нээх ёстой манай зарим томоохон дарга нар хоцорч ирдэг байхад МҮБХ-ны маань удирдлага тэр даргыг нь хүлээлгүй барилдаанаа шууд эхлүүлдэг байсан тул сүүлдээ дарга нар цагаасаа арай өмнө ирдэг болсон юм шүү. Зөв юм ийм хүчтэй байдаг.

Энэ байдлыг олж харсан УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхийлөгч Х.Баттулга нар “Монголд цагтаа эхэлдэг нэг ажил байна, энэ бол бөхийн барилдаан, цагтаа эхэлдэггүй нэг ажил байна, энэ бол УИХ-ын чуулган” гэж удаа дараа хэлсэн дээ.

2.“Хүч” нийгэмлэгийн бөхчүүдийн ёс жаяг

Биднийг залуу бөх байхад манай нийгэмлэгийн бөхчүүдийг улсын заан Д.Мягмар, Р.Давааням нар ахалж, улсын харцага, Ардын багш Д.Сэрээтэр, улсын начин, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Д.Дашжамц, Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Нацагдорж багш нар дасгалжуулж гардаг байлаа. Ахлах цолтой бөхчүүд, багш дасгал­жуулагчийн үг бидэнд хууль. Өглөө босох, дасгал хийх, цайндаа орох, бэлтгэл хийх, хоолонд орох, гарах, кино үзэх, амрах, оройн тоо, унтах гээд бүх юм ёс журамтай, эрэмбэ дараатай, цагтай, цэгцтэй. Хоол гэхэд л хамгийн ахмад том цолтой бөх нэг бүрчлэн хувааж, хуваарилж өгнө. Тэр цагт хоёр зааныхаа үгээс гарч байсан бөх нэг ч байсангүй.

МНТ-ны 750 жилийн наадам Хэрлэнгийн Хөдөө аралд болоход манайхан эрэмбээрээ жагсаж явахыг хүмүүс хараад их л гайхаж байж билээ. Ёс төр, жаяг журмаа дээдлэх гэдэг ийм л үлгэртэй сайхан л даа. Аварга болсны дараа бөхчүүдээ ахлах үүрэг надад ирсэн. Бид өмнөх ёс жаягаа ягштал мөрдөөд л явцгаасан. Манай нийгэмлэгийн бөхчүүд нийт бөхчүүддээ үлгэр болж явсан даа.

3. Өөрийн талаа шийтгэдэг ловон

Нэг удаа бидний хэдэн найз нөхөд хөдөө айлд сайхан айрагдаж, шуугилдсан юм. Хоёр тал болоод хуруудах ч сайхан шүү дээ. Гэтэл манайхан намайг талынхаа ловон болгочихлоо. Ловон журам сахиулах, ялангуяа нөгөө талынхаа өө, алдааг олж хараад баалах үүрэгтэй. Гэтэл би өөрийнхөө хоёр ч хүнийг өчүүхэн ёс алдахад нь баалаад “За, манай тэр залуу алдаа гаргалаа, манай тал торгуулаа авъя” гэсэн юм. Манайхан ч “Та өөрснийгөө яаж байгаа юм” гэцгээж, нөгөө тал тун бахтай байлаа. Гэтэл манайхан цаашид нэг ч удаа ёс журам алдаагүй бөгөөд хэдхэн мөчийн дараа нөгөө талаа удаа дараа хүнд байдалд оруулж, шогнойлгоод авч билээ.

Журам, номоо дагана гэдэг тоглоом наадамд ч хэрэгтэй байдгийг бид ингэж харуулж явлаа. Журам, сахилга гэдэг чинь ингэж өөрөөсөө эхэлж, өөрснөөсөө эхэлж байж зүй ёсондоо ордог учиртай юмбилээ л дээ. Өөрөө ёс зүйгүй хүн хүнд яаж шаардлага тавих вэ, тавилаа ч түүнийг хэн дагах вэ дээ.

ЯАРАЛТАЙ ЗАСАХ ХОЁР ХАНДЛАГА

1.Манайд цагтаа эхэлдэггүй нэг ажил бол УИХ-ын чуулган

Миний бие хоёр ч парламент дамжаад УИХ-ын Ёс зүйн дэд хороо, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороог ахалж байна. Ерөөс би анх УИХ-ын гишүүн болсон цагаасаа л чуулган эхлэхээс өмнө танхимд орж ирээд суудаг байсан хүн. Хэдийгээр гишүүний хувьд шинэ боловч монгол бөхийн маань дархан аварга гэдэг цолоор хүмүүс хүндэтгэлтэй ханддагийг мэдэх тул бөхийнхөө амьдралд мөрдөж байсан цаг барих зарчмаа ингэж баримтлахдаа бусдадаа зөвөөр үлгэрлэх санааг агуулсан хэрэг л дээ. Тэр үед чуулган цагаасаа хоцорч эхлэх нь гайгүй байлаа. Гэтэл яваандаа байдал өөр болсон л доо.

Энэ үеэс чуулган дээр гишүүдийг цаг барих, хариуцлагатай байх талаар шаардаж ирсэн. Зарим нэг гишүүд намайг “Жижиг юм ярилаа, дотроосоо бие биеэ шүүмжлээд, ингээд өөрснөө их хурлыг муухай харагдууллаа” гэх зэргээр хэлдэг байсан. Би агуу зүйл энгийнээс, жи­жиг­хэнээс эхэлдэг гэдэгт эргэлз­дэг­гүй.Эндээс л парламентын шударга байдал, хариуцлага, ёс зүйн шалгуур эхлэх учиртай. Тиймээс албаны эрх ашгаас амин хувийн эрх ашгаа дээгүүр тавьдаг ашиг сонирхлын зөрчилтэй, хариуцлагагүй байдал, төрийн ажил цалгарддаг, улсын эрх ашиг хохирдог явдлыг зогсоохын төлөө үнэн зөв шаардлагыг нөхдөдөө тууштай тавьсаар ирсэн билээ.

Саяхан УИХ-ын дарга маань чуулган цагаасаа хоцорч эхэлдэг явдлыг хэд хэдэн парламентын бүрэн эрхийн хугацаа нэг бүрээр дундчилан гаргасан байна. Үүнийг бүх гишүүд үзсэн байх. Эндээс үзвэл2012 оны 6 дахь УИХ 2012 оны 12 сарын 31 хүртэл дунджаар 54 минут, 2016 оны 7 дахь УИХ 2016 оны 12 сарын 31 хүртэл 50.7 минут хоцорч чуулганаа эхэлж байсан байна. Харин 2020 оны 8 дахь УИХ 2020 оны 12 сарын 31 хүртэлх байдлаар 7 минутын хоцролтойгоор чуулганаа эхлүүлэх болжээ. Огт хоцрох ёсгүй байтал заавал хоцрох ёстой юм шиг хоцордог хугацаа бидний үед ийнхүү өмнөхүүдээсээ 7-8 дахин багассан нь бид бүхний хамтын зөв чармайлтын үр дүн юм. Одоо бол бид дунджаар 7 минут хоцорч чуулганаа эхлүүлж байгаа нь их ахицтай, сайн үзүүлэлт боловч бөхийн барил­даантай харьцуулахад бас л муу бай­гаа хэрэг. Бид чинь төрийн ажил эхэлдэг цагт ажилдаа ирээд өрөөн­дөө ажиллаж байгаад чуулган эх­лэхээс 5 минутын өмнө өрөөнөөсөө гараад алхахад л чуулган эхлэхээс 3 минутын өмнө суудалдаа сууж байх болоцоотой улс шүү дээ. УИХ-ын гишүүн бидний бөхчүүдээс ялгаатай нь бид төрийн өмнөөс хууль тогтоох, бодлого боловсруулах үүрэг хүлээн ард түмнээсээ сонгогдсон,төрдөө тангараг өргөсөн улс, бөхчүүд бол бэлтгэлийн байдлаа сорих, үзэгчдээ хүндлэн барилдаж олон түмэнд өөрийгөө илэрхийлэх, давааны мөнгөө авах сонирхлоор сайн дураараа барилдаж байгаа улс. Бидний тухайд хуралдаа цагтаа ирэх албан үүрэгтэй, дагаж мөрдөх чуулганы дэгийн хуультай байхад, бөхчүүдийн хувьд том цолтнуудаа барилдахыг хүсдэг үзэгчдийн хүсэлтийг эс тооцвол заавал барилд гэсэн албадлага байхгүй шүү дээ.

Энэ харьцуулалтаас бөхчүүд нийгэмд үлгэрлэх үүргээ барилдаанд цаг барьж байгаа байдлаараа онц биелүүлж байхад, УИХ-ын гишүүн бид чуулганыхаа цагийг баримтлах талаараа нийгэмд үлгэрлэж чадахгүй хэвээрээ л байна гэсэн үг.

Учир иймд харьцангуй ахмад гишүүнийхээ хувьд ч, УИХ-ын өмнө хүлээсэн үүргийнхээ хувьд ч “Дээд хүн суудлаа олохгүй бол доод хүн гүйдлээ олохгүй” гэдэг мэргэн үгийг удирдлага болгон, чуулганы хуралдаанаа бөхийн барилдаан шиг цагтаа эхэлдэг болгохын төлөө өөрөөс хамаарах бүхнийг хийж ажиллах болно гэдгээ шуудхан хэлье. Энэ маань гишүүддээ шаард­лага тавина, нэр усаар нь зарлана гэсэн үг. Энэ бол тэднийхээ мууг үзэх гэсэн оролдлого биш, нэр хүндийг нь өсгөх гэж байгаа, муу нэртэй болохоос хамгаалж байгаа арга гэдгийг УИХ-ын гишүүд маань ойлгоно гэж итгэж байна.

2. Үзэл бодлоо “өргөстэй” үгээр илэрхийлэх муухай

Одоогоор бидний зарим маань үзэл бодлын хувьд зөрүүтэй байгаагаа “өргөстэй” үгээр хэлцгээх нь хэрэлдэх, бие биеэ үл хүндлэх хичээлийг нийгэмдээ зааж, “УИХ чинь баахан хэрүүлч, үл бүтэх, хулгайчдаас бүрдсэн юм байна” гэсэн ойлголтыг сонгогчдодоо өгөхөөс өөр нааштай юмгүй санаг­дана. Гадаадын парламентынгишүүд хуралдааныхаа танхимд зодолдож байгааг бид дуурайх албагүй шүү дээ. Бид чинь “Зөөлөн нь хатуугаа дийлдэг, зөв нь буруугаа дийлдэг”, “Уур биеийг зовооно, уул морийг зовооно”, “Хүн хэлээрээ мал хөлөөрөө” гэдэг агуу сургаалтай дээдсийн үр сад шүү дээ.

Энэ мэтээ бодвол ширүүн асуултад ширүүн хариулах албагүй юм. Харин ч зөөлөн хариулбал дараа нь тэр ширүүн асуудаг хүн зөөлөн асууна шүү дээ. Иймд аливаа асуудлыг хэлэлцэхдээ харилцааны өндөр соёлтой, хүн ёсны эв найралтайгаар бие биедээ хүндэтгэлтэй хандаж, нийгэмд зөв үлгэр үзүүлэхийг УИХ-ын эрхэм гишүүдээсээ хүсэж байна.

Энэ бол гишүүнд хуулиар ол­гогдсон үг хэлэх, үзэл бодлоо илэр­хийлэх, мэтгэлцэх эрхийг хязгаарлах гэж байгаа юм биш. Түүгээр ч барахгүй үзэл баримтлалгүй байж аялдан дагах, хуйвалдан найрах, бөөрөнхийлөн эвлэрэх, мөлийлгөн хүчгүйдүүлэхийг уриалж байгаа санаа биш гэдгийг хэн хүнгүй мэдэх буйз аа.

УИХ-ын гишүүн, УИХ үлгэртэй байна гэдэг нь төр үлгэртэй байна гэсэн үг

Өнөөдрийн сонгогч түмэн биднийгээ алхам тутамд маань харж, сонсож, дор дороо үнэлэлт дүгнэлт өгч байгаа нь зайлбаргүй. Харин маргаашийн сонгогчид, эх орны эзэд маань биднээс ажлаа таслах, ажлаасаа хоцрох, хоорондоо элдвээр хэрэлдэх, бүр заналхийлэх мэтийн хамгийн буруу, муу үлгэр авч байгаа нь харамсалтай яа.

Бид дураараа дургих, хүн гүтгэх, хүн доромжлох, хүн загнах, өвөр зуураа хэрэлдэх эрхээр “шагнуулсан” улс биш билээ.

Учир иймд цаг баримтлах, бусадтай болон өөр хоорондоо соёлтой харьцах талаараа УИХ-ын гишүүн бүр үлгэртэй байх, бүлэг, байнгын хороодоороо үлгэртэй байх, УИХ тэр чигээрээ үлгэртэй байх талаар бид дор дороо хичээх ёстой болж байна. Энэ бол та бидний нийгмийнхээ өмнө хүлээсэн эрхэм үүрэг, хатуу хариуцлага, бат сахилга мөн. УИХ-ын гишүүн, УИХ үлгэртэй байна гэдэг нь төр үлгэртэй байна гэсэн үг.

Хамгийн сайхан нь бид энэ үүргээ ёс зүйтэйгээр биелүүлж, олон нийтдээ зөв үлгэр үзүүлж, төрийнхөө нэр хүндийг өргөх нь маш амархан юм. Ийм амархан ажлыг хийж чадахгүй бол бид хэн байж таарах билээ?

Categories
мэдээ цаг-үе

Ш.Адьшаа: Миний зөвлөх А.Отгонбаатар жагсаалд оролцсон нь надтай хамаагүй

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатарыг туслахын ажилда авсан тухайгаа тайлбар мэдээлэл өглөө.

Ш.Адьшаа Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатартай би 10 жилийн өмнөөс найзалж, шударга үнэний төлөө энэ залуугийн хийж буй үйл хэрэгт хамтарч ажиллаж байсан. А.Отгонбаатар сарын өмнөөс надтай уулзаж, эрх баригчдын булхай, нийгэмд болохгүй байгаа бусармаг үйлдлийг илчилсний төлөө маш их дарамтад байна гэж хэлсэн. Цагдаа, тагнуул, хүчний байгууллагын дарамтад байгаа учир хамгаалалтад авч өгөхийг надаас хүссэн. УИХ-ын гишүүн хүнийг хамгаалалтад авах боломж байхгүй. Ганцхан арга боломж нь өөрийнхөө зөвлөхөөр томилж, энэ хүнийг улс төрийн хувьд хамгаалж байна. Энэ томилгоог жагсаал болохоос өмнө хийсэн. Энэ бол өчигдрийн жагсаал цуглаантай ямар ч холбоогүй. УИХ-ын тамгын газар ямар улс төрийн агуулгатайгаар миний албан бичгийг олон нийтийн сүлжээнд цацаж байгааг ойлгохгүй байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Шатар сонирхогчдын УАШТ-ий шилдгүүд бямба гаригт тодорно

Шатар сонирхогчдын Монгол Улсын аварга шалгаруулах Анхдугаар онлайн тэмцээн энэ жил 9 дэх удаагаа цахимаар зохион байгуулж хагас шигшээ шатны тэмцээний шилдгүүд тодорсон.

Тэмцээн эрэгтэй, эмэгтэй ангилалд нээлттэй зохион байгуулсан нь шатар сонирхогчдыг илүү олноор нь гэрээсээ цахимаар шатар тоглох боломж олгосон гэдгээрээ онцлогтой болж байна.

Монголын Шатрын Холбооны 2020 оны нэгдүгээр сараас хойших сүүлийн 1 жилийн хугацаанд нийтлэгдсэн дотоод чансаагаар эрэгтэй 2000, эмэгтэй 1800-аас ихгүй дотоод чансаатай, шатрын спортын цолгүй, зөвхөн насанд хүрсэн шатар сонирхогчид www.lichess.org цахим сайтад бүртгүүлж, байнгын камерын хяналтан дор цахимаар гэр гэрээсээ тоглож оролцлоо.

Монгол Улс даяар нэгэн зэрэг эхэлсэн уг тэмцээний хагас шигшээ шатанд нийслэлийн 9 дүүргийн 4 бүсэд 182, 21 аймгийн 4 бүсэд 178, нийт 360 шатар сонирхогчид уг тэмцээнд цахимаар оролцож, оюун ухаанаа сорив. Ийнхүү хагас шигшээ шатны тэмцээнээс нийслэл, аймгуудын бүс тус бүрээс эхний 5 байрт шалгарсан 40 шатарчин тодорлоо.

Мөн УИХ, Үндсэн хууль тогтоогчдын холбоо, УИХ-д ажлаа тайлагнадаг буюу УИХ-аас удирдлага нь томилогддог байгууллага, Төрийн ордонд байрладаг бусад төрийн байгууллагуудаас урилгаар 24 хүртэлх шатарчин оролцож нэгдүгээр сарын 23-ны өдөр үргэлжлэх шигшээ шатны Швейцарь системийн найман өргийн тэмцээнд тоглож аваргаа тодруулна.

Эмэгтэй ангиллын хувьд эмэгтэй шатар сонирхогчид шууд шигшээ шатны тэмцээндээ оролцож, аваргууд нэгдүгээр сарын 23-ны өдөр, эрэгтэй ангиллын тэмцээнтэй зэрэг зохион байгуулагдах шигшээ шатны тэмцээнээс тодорно.

Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй ангиллын эхний гурван байр эзэлсэн шатарчдад УИХ-ын даргын нэрэмжит өргөмжлөл, мөнгөн шагнал, мөн ангилал тус бүрт түрүү байр эзэлсэн ахмад шатарчид, дотоод чансаагаар эрэгтэй 1800, эмэгтэй 1600 хүртэлх болон чансаагүй шатарчин, оюунлаг түшээ нарт УИХ-ын Тамгын газрын нэрэмжит өргөмжлөл, тусгай шагнал олгох юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Нийслэлээс Ховд аймаг явах иргэдийг энэ сарын 23-ныг хүртэл бүртгэнэ

Улаанбаатар хотоос Ховд аймаг явах хүсэлтэй иргэдийг 2021 оны 01 дүгээр сарын 19-23 хүртэл өдөр бүр 08-23 цаг хүртэл бүртгэнэ. Бүртгэл дууссаны дараа нэгдсэн тоо гаргаж, нийслэлд гацсан иргэдийг татах ажлыг ирэх 7 хоногт зохион байгуулна гэж тус аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Ховд аймгийн ОБГ-ын дарга, дэд хурандаа Б.Алтанбадралт “Нийслэлээс аймаг руу Ирэх хүсэлтэй иргэд хулгайн замаар зорчиж, эрсдэлд орох, зөрчлийн тухай хуулиар торгуулах, удаан хугацаагаар хил дээр саатах зэрэг тохиолдол гарч байгаа учраас үндсэн харьяалалтай иргэдээ татаж авах үйл ажиллагааг нэгдсэн байдлаар зохион байгуулна. Учир нь Улаанбаатарт гацсан иргэд айлаар хоноглож тодорхой оршин суугаа хаяггүй явж байгаад халдварын эрсдэлд өртөж болзошгүй” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Солонгос улсаар аялцгаая: ​ХОЙД ЖОЛЛА МУЖ (ЖОЛЛАБҮГ-ДУ)

Жолла муж нь Солонгосын өнө эртний уламжлалт соёлыг хадгалсан муж бөгөөд найрсаг зочломтгой иргэдтэйгээрээ жуулчдын хайрыг татдаг муж юм. Тус мужид байдаг Жонжү хотын Хануг тосгонд Солонгос ардын аж амьдрал, үндэсний хувцас гоёлтой нь танилцах боломжтой.


Жонжүгийн Хануг тосгон


Жонжү нутагт байдаг Хануг тосгон нь 600 гаруй үндэсний байшингуудаас бүрддэг бөгөөд 1930-аад онд байгуулагдсан байна. Энэхүү тосгонд Чусон гүрнийг үндэслэгч И Сон Гэ (1335- 1408) хааны хөргийг тахидаг Гёнгижон танхим, Жондон католик сүм, Солонгосын үндэсний дарсны музей, уламжлалт аргаар хийсэн цаас болох Ханжи хийдэг газрууд гээд үзэж сонирхох зүйлс олон бий. Мөн Хануг загварын зочид буудалд тухалж, Хануг кафед үндэсний цай хоол зооглонгоо алжаал тайлахад нэн таатай ажээ.

Гёнгижон


Хануг тосгон руу орох замд Чусон гүрнийг үндэслэн байгуулсан И Сон Гэ (1335- 1408) хааны хөргийг тахисан бунхан байх бөгөөд энд ирснээр амар амгалангийн оронд ирсэн мэт сэтгэгдэл төрдөг. Гёнгижон бунхан болон гудамжны эсрэг талд нь байрлах Жондон хийдийн үзэмж нь хамтдаа өрнө дорнын содон гайхалтай уур амьсгалыг бүрдүүлдэг байна.

Сонүнса хийд


Бүс нутгийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах Сонүнса хийд нь 577 оны тэртээх Пэкжэ гүрний үед байгуулагдсан. Хийдийн эргэн тойронд байдаг цахирмаа цэцгийн модон ой нь 500 гаруй жилийн настай бөгөөд 4 дүгээр сард хамгийн үзэсгэлэнтэй харагддаг.

Нэжансан үндэсний цэцэрлэгт хүрээлэн


Нэжан, Бэгам, Ибам зэрэг уулсаар хүрээлэгдсэн энэхүү үндэсний цэцэрлэгт хүрээлэнд намрын улиралд өнгө өнгөөр будагдсан навчит мод ихтэй тул байгалийн энэ л тансаг өнгө үзэмжийг үзэхээр гадна дотны жуулчид ихээр ирдэг. Энд үзэсгэлэнт намрын ойн дээгүүр модод хийгээд навчсын сайхныг ажингаа дүүжин тээврээр (cable car) аялах боломжтой.

Кым Санса


Алдарт Муаг ууланд байрлах Кымсанса хийд нь Пэкжэ гүрний үе буюу 599 онд баригдсан. Үндэсний өв болох Майдар бурхны хийд болон дэлхийд хамгийн томд тооцогддог Майдар бурхны хөшөө зэрэг 10 гаруй түүхийн өвүүд байдаг. Хаврын улиралд уулын бэлээс эхлэн Кымсанса хийд хүртэл эгнэж ургасан сакура цэцгийн модод үзэмж төгс харагдана.

Гванханрүвон асар


Солонгосын хамгийн том дөрвөн асрын нэг бөгөөд Чусон улсын үед баригдсан боловч галд шатсаны улмаас дахин сэргээж, өнөөг хүртэл хадгалж иржээ. Солонгосын цэцэрлэгжүүлэлтийн өвөрмөц шийдлийг харуулдаг ба нуур, гурван жижиг арал, үлгэрийн мэт гүүртэй. “Чүнян бүсгүйн домог” хэмээх эртний зохиолд гардаг. И-Дурён болон Чүняны анх танилцсан газар учир Чүнян бүсгүйн хөрөг онгодыг залсан байдаг. Жил бүрийн билгийн тооллын тавдугаар сарын 5-нд Чүнян фестиваль энэ газар зохиогддог байна.

Чүнхян цэцэрлэгт хүрээлэн


Хойд Жолла мужийн Намвон хотод байдаг Чүнхян цэцэрлэгт хүрээлэн нь Чусон гүрний үеийн ихэс дээдэс болон энгийн ардын хайрын түүхийг өгүүлсэн эртний зохиол “Чүнхян бүсгүйн домог”-оор сэдэвлэн хийсэн цэцэрлэгт хүрээлэн юм. Энд зохиолын үйл явдыг харуулсан Чусон гүрний үеийн бүтээлүүдийг сэргээн байрлуулсан байдгаас гадна түүх, ардын зан заншлыг харуулсан музей ч мөн байдаг.

Чүнхян бүсгүйн домог: Намвон хотод болсон энэхүү хайрын түүх нь өдгөө олон кино драмын бүтээл болж дэлгэцнээ амилсан. Намвон хошууны захирагчийн хүү И Ду Рён болон дууч эмийн охин Чүнхян нь Кванханрүд анх уулзан бие биедээ хайртай болдог. Намвон хошууны захирагч хугацаагаа дуусган Сөүл рүү буцах болсноор тэр хоёр хагацан салах боловч дахин уулзахаа бие биедээ амлана. Шинээр ирсэн захирагч Чүнхяныг дууч эм болгохоор хүчлэх боловч эцсийг хүртэл эсэргүүцсээр байна. И Ду Рён сайд болон хуучин захирагчийг огцруулж Чүнхяныг аврах бөгөөд хууль ёсны эхнэрээ болгож аван аз жаргалтай амьдран суудаг ажээ.

Тусгай хамгаалалттай Жирисан уул


Солонгос улсын хамгийн анхны бөгөөд хамгийн том дархан цаазат газар Жирисан ууланд бий. Энэ газар нэн ховордсон ан амьтдын төрөл зүйл олон байдгийн нэг нь Азийн хар баавгай юм. Жирисан уулыг тойрон 295 км үргэлжлэх олон салаа явган зам байдаг ба уулархаг газрын байгалийн өвөрмөц тогтоцоор аялах тэдгээр 20 гаруй төрлийн маршрутаас аялагчид дуртай замаа сонгон алхах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

А.Амбасэлмаа: Ээжээс нярайд халдвар халдсан тохиолдол бүртгэгдээгүй

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “2020 онд ХӨСҮТ-д 21 эх амаржсан. 19 нь голомтот бүсээс ирсэн ээжүүд байсан. Коронавирусийн халдвартай 4 ээж амаржсан. Ээжээс нярайд халдвар халдсан тохиолдол бүртгэгдээгүй. Энэ нь магадгүй ээжийн дархлаатай холбоотой. Мөн ээжүүдэд халдвар хамгааллын дэглэмийн талаар мэдээлэл өгсөн, ээжүүд дэглэмийг чанд барьсантай холбоотой байх. Мөн сүрьеэтэй, гепатитийн халдвартай 3 ээж төрсөн” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүг ажлаас чөлөөлөх тушаал өнөөдөр гаргажээ. Сайд Т.Мөнхсайхан тус эмнэлэгт ажиллаж захирал Д.Нямхүүгийн ажлыг /12.30 цаг/ хүлээн авсан байна.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох саналыг МАН-ын Удирдах зөвлөл дэмжлээ

Монгол Улсын Засгийн газрын тэргүүний гаргасан танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох саналыг МАН-ын Удирдах зөвлөл дэмжсэн байна.

Уг хуралдаан саяхан завсарласан бөгөөд одоо УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэх гэж байна.

Бүлгээр хэлэлцсэний дараа Ерөнхий сайд шийдвэрээ УИХ-д танилцуулах юм.