Categories
мэдээ улс-төр

​С.Батболд: Нүгэлтэй нь нүглээ үүрч, хариуцлага хүлээх тогтолцоо ус агаар шиг хэрэгтэй байна

УИХ-ын чуулганаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ гишүүн С.Батболд “Монгол Улсын эв нэгдлийг илэрхийлэгч шударга ёсны дуу хоолой болох хүн Их хурлын өндөр индэр дээрээс “Оюутолгой”-н гэрээтэй холбож намайг гүтгэлээ. Оюутолгойн гэрээг байгуулахад би Ерөнхий сайдаар ажиллаж байгаагүй. Харин манай Засгийн газар Оюутолгойн гэрээг сайжруулах хоёр зүйл хийсэн юм. Үүнд зээлийн хүүг нь бууруулах хэлэлцээрийг хувь нийлүүлэгчдийн гэрээнд оруулж өгч байсан, мөн татварын гэрээг тэг байсныг 20 хувь болгож өөрчилж, жинхэнэ утгаар нь Монгол Улсын эрх ашгийг сайжруулсан ийм өөрчлөлтийг хийсэн юм. Өөр ямар ч холбоо байхгүй. Харин төрийн ажил хийж байхдаа төсөв, тендер төмөр замын далан зэрэг олон ажилд нөлөөлж хийлгэж байгаагүй юм шүү.

Би Ерөнхий сайдын хэлж байгаатай санал нэг байна. Монгол төр нээлттэй хариуцлагатай, хууль дүрмээ барьж байх ёстой. Бие биенээ хардах эрхтэй, шалгах ёстой. Тийм учраас Оюутолгойн, Тавантолгой, төмөр замын төсөл зэрэг бусад том төслүүдээ нээлттэй шалгаж ард түмэндээ танилцуулдаг байх хэрэгтэй. Үнэхээр нүгэлтэй хүн байвал нүглээ үүрдэг, хариуцлага алдсан хүн бол хариуцлагаа үүрдэг байх тогтолцоо ус агаар шиг хэрэгтэй болоод байгааг сүүлийн үйл явдлууд бүрэн харуулж байна. Миний хувьд төрөөс хулгай хийж амьдрах ямар ч шаардлагагүй хүн. Гуч гаруй жил хувийн бизнесээ байгуулан өрхөө засчихаад төрдөө ажлаа хариуцлагатай хийж байна. Таван толгойн орд газар гэсэн асар том эрхийг өгч, 1072 хувьцааг ард түмэндээ өгөх шийдвэрийг гаргуулж байсан ийм Засгийн газрын тэргүүн хүн. Яривал энд нэлээн юм бий. Монгол Улсын Засгийн газрын тэргүүн ард түмнийхээ нийтлэг эрх ашгийн төлөө ухамсартай бөгөөд хариуцлагатай алхам хийж буйг би зөв гэж харж байна” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

С.Амарсайхан: Цар тахлын үед улстөржиж суухын оронд эвлэлдэн нэгдэж ажиллах ёстой

У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна.

С.Амарсайхан гишүүн “Засгийн газар огцорч байгаад харамсаж байна. Засгийн газар хариуцлага хүлээгээд асуудал зогсохгүй. Доод, дунд, анхан шат хүртлээ бүгд ажлаа чин сэтгэлээсээ хийдэг, ханддаг байх ёстой. Үүний төлөө ажиллах ёстой. Уг нь коронавирусний энэ цар тахлын үед улс төрийн хагарал гаргаж, улстөржиж суухын оронд эвлэлдэн нэгдэж ажиллах ёстой” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

Х.Баттулга: Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжихгүй байна

Ерөнхийлөгч Х.Баттулга “Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ

Өнөөдөр Монгол Улсын түүхэнд тэмдэглэгдэх гунигтай хар өдөр тохиож байна. Монголын ард түмний итгэл найдварыг хүлээж, манлайлан дагуулж, төр улсаа удирдах үнэмлэхүй эрхийг Монгол Ардын намд авч ирсэн Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх тааж тааварлахын аргагүй учир битүүлэг шалтгаанаар үүрэгт ажлаасаа нэн шуурхай огцрохоор боллоо. Харамсалтай байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Монголын ард түмний итгэл найдварыг хөсөрдүүлэх ийм үйлдэл яагаад хийх болов, үндэсний эв нэгдлийг бусниулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийг илэрхий гүтгэх үг, үйлдлийг яагаад хийх болов гэдэгт эргэлзэхийн дээдээр эргэлзэж, гайхахын дээдээр гайхаж байна.

Улс Монголынхоо төлөө хоёргүй сэтгэлээр хамтран зүтгэсэн Ерөнхий сайдаас ийм үг, үйлдэл гарна чинээ санасангүй.

Нэг зүйл тодорхой байна. Тусгаар Монгол Улсыг эзэгнэн дарлах гэсэн тодорхой бүлэглэл, бүр тодорхой хэлбэл Улсын Их Хурлын гишүүн Сүхбаатарын Батболдын удирдсан бүлэглэл төрийн эргэлт хийж байна.

Өнөөдөр Оюу толгой төслийн үйл ажиллагааг дотоодын төдийгүй гадаадын хууль, хяналтын байгууллагууд шалгаж эхэлсэн бөгөөд гол холбогдогч нь Сүхбаатарын Батболд гэдгийг хаана хаанаа тогтоогоод эхэлсэн. Энэ учраас тэр Монголын төрийг хямрааж, Монголын ард түмний сонголтыг нухчин дарах ажиллагааг удирдан зохион байгуулж, хэрэгжүүлээд эхэллээ.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд урьд өмнөх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн үеэс илүү нэгдмэл санаа бодол, нэгэн зорилготойгоор хамтран ажиллаж, улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг нэг цонхоор харж чадаж байсан.

Монгол Улсын Төрийн тэргүүн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Тэргүүн миний бие ардчилал анх эхэлсэн цэгтээ эргэж ирлээ гэж дүгнэж байна. Монгол Улс засаглалын хямралд орлоо гэдгийг Улсын Их Хурлын индэр дээрээс дүгнэн мэдэгдэж байна.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн зөвлөлдөх ажлын хэсгийг миний бие ахалж ажилласны хувьд Монгол Улсын Засгийн газрын насжилт урт, удаан хугацаанд үр дүнтэй ажиллах ёстой хэмээн үзэж, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг саяхан баталж байсан.

Иргэдийн сайн дураараа эвлэлдэн нэгдсэн жагсаалыг хэн нэгэн удирдан зохион байгуулсан мэт илтэд хуурамч мэдээлэлд итгэн гаргаж буй мэдэгдэл нь туйлын харамсалтай байна. Өөрийн шууд удирдаж буй Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудаас мэдэх бүрэн боломж бас байгаа.

2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүн бол Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн хувь хүний манлайлал, нэр хүндэд итгэж найдсан иргэд, сонгогчдын сонголт юм. Гэтэл эдийн засаг, цар тахлын нэн эрсдэлтэй цаг үед нийт ард түмний сонголт, итгэл найдварыг хөсөрдүүлэх эрх энэ хүнд байхгүй.

Би Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг огт дэмжихгүй байна гэдгээ энэ индрээс мэдэгдье” гэлээ.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Огцрох хүсэлтээ гаргасан У.Хүрэлсүх санал хураалтад татгалзсан санал өглөө

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Засгийн газрыг бүрэлдэхүүнээр нь огцруулах эсэх асуудлаар хуралдаж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өөрийнх нь саналаар огцруулахыг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон 17 гишүүнээс 13 гишүүн дэмжиж 76.5 хувийн саналаар түүнийг огцруулахыг дэмжив. Ж.Мөнхбат, М.Оюунчимэг, У.Хүрэлсүх Л.Энх-Амгалан нар татгалзсан санал өгсөн байна.

Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг чуулганаар эцэслэн шийдвэрлэнэ

Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр төрөхийн дарга Г.Баясгалан албан тушаалаасаа чөлөөлөгдөхгүй гэжээ

Нийслэлийн Өргөө амаржих газарт энэ сарын 19-ний өглөө амаржсан эхийг тухайн өдрийн орой ХӨСҮТ-д хүргэсэн. Гэвч эхийг дулаан хувцасгүй авч явсан нь олон нийтийг ихээхэн бухимдуулсан юм. Иймд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Өргөө амаржих газрын дарга Г.Баясгалан, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нарыг албан тушаалаас нь чөлөөлүүлэх хүсэлтээ хотын дарга Д.Сумъяабазарт уламжилсан.

Өчигдөр (2021.01.20)Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өөрийн томилсон албан тушаалтан тул НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатарыг албан тушаалаас нь чөлөөлөх захирамж гаргалаа. Харин 1-р амаржих газрын даргыг НЭМГ-ын дарга томилдог. Энэ албан тушаалыг түр орлон гүйцэтгэж буй НЭМГ-ын дэд дарга Л.Зэндмаа тушаал гаргаж, 1-р амаржих газрын дарга Г.Баясгаланг чөлөөлжээ. Гэхдээ Г.Баясгалан дарга ажлаа хийж байна. Тэрээр өөрийгөө чөлөөлөгдөх үндэслэлгүй гэж үзэж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт саатсан Архангай аймгийн иргэд энэ сарын 25-30-ны хооронд нутаг буцна

Архангай аймгийн Онцгой комисс Улаанбаатарт саатсан иргэдээ татан авах шийдвэрийг гаргажээ. Архангай аймагт оршин суух хаягтай иргэдийг татан авах үйл ажиллагааг 2021 оны нэгдүгээр сарын 25-31-ний хооронд зохион байгуулах юм байна.

Улаанбаатар хотоос Архангай руу/зөвхөн тус аймгийн оршин суугч/ ирэх иргэдийн бүртгэлийг өнөөдрөөс эхлэн нэгдүгээр сарын 23-ны өдөр хүртэл 09:00-22:00 цаг хүртэл 80832772 дугаарын утсаар авч эхэлжээ.

Ирэхээсээ өмнө 72 цагийн дотор PCR шинжилгээ өгсөн байх, хөл хорионы хугацаа дуустал Улаанбаатар хот руу буцаж явахгүй байх, Улаанбаатарт байрлах хугацаандаа халдвар авсан хүнтэй ойрын болон дам хавьтал болоогүй байх зэрэг шаардлагыг тавих юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Ерөнхийлөгч Х.Баттулга 17:00 цагаас ҮАБЗ-ийн шуурхай хурал зарлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг шуурхай хуралдуулахаар боллоо.

Хурал 17:00 цагаас эхлэх юм.

Categories
мэдээ улс-төр

Байнгын хороо Засгийн газар огцрох асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаа огцруулах шийдвэр гаргасан. Түүний саналыг МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэн дэмжээд байгаа. Харин одоо УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

У.Хүрэлсүх: Эв нэгдлийг хангах үүрэгтэй Ерөнхийлөгчид итгэл алдарлаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүх олон нийтэд хандан мэдэгдэл хийж
байна.

У.Хүрэлсүх “Эрхэм хүндэт иргэд ээ, Та бүхэнд хандаж, Ерөнхий сайд миний бие таагүй мэдэгдэл хийж байгаадаа хүлцэл өчиж байна. Хоёр хоногийн өмнөх дөнгөж төрсөн эмэгтэйг ХӨСҮТ рүү тээвэрлэхэд гарсан алдааг та бүхэн мэдэж байгаа. Энэ үйл явдал бол үнэхээр таагүй, хүнлэг бус үйл явдал болсон.

Тэр эмэгтэйгээс, ард иргэдээс тэр хариуцлагагүй үйл явдал гаргасан хүмүүсийн өмнөөс хүлцэл өчиж байна. Тиймээс Ерөнхий сайд ёс зүйн хариуцлага хүлээх ёстой.

Миний хувьд УОК, бүх шатны эрүүл мэндийн салбар, хууль хүчнийхэн, төрийн байгууллага, өдөр шөнөгүй нойр хоолоо хасан цар тахалтай тэмцэж байсан хүмүүст баярлаж байна. Гэхдээ хариуцлага алдаж, тэр хөөрхий эмэгтэйд ямар байдлаар хариуцлагагүй хандаж байсныг бид харсан. Төр алдаа гаргавал хариуцлага хүлээдэг байх ёстой. Тэр эмэгтэйг өр өвдөм, сэтгэл шимшрэм байдалтай байсныг бид харж байна.

Энэ асуудлаас болж миний танхимын хоёр сайд огцрох хүсэлтээ өгсөн. Би цэрэг хүн. Ялалтыг ч ялагдлыг ч хамт үүрдэг. Би энэ кабинетийг элэг бүтэн, энэ бүрэлдэхүүнээр ажиллана гэж бодож төлөвлөсөн. Харамсалтай нь ийм зүйл болсонгүй. Төрийн нүд сэргэг, чих сонор байх ёстой. Ард түмний шаардлагыг бид хүлээн авч байна. Энэ ёс зүйн асуудал. Ёс зүйтэй төр, ёс зүйтэй удирдагч байгаасай гэж хүсэж байна.

Ажил хийвэл хийсэн шиг хийдэг, алдаа гаргавал тэрийгээ үүрдэг байх ёстой. Ямар нэг алдааг, хариуцлагыг хамтаар үүрдэг хүүхэд байхаас олж авсан амьдралынхаа философийн хүрээнд Ерөнхий сайдын эрхэм хүндэт үүргээс огцорч байна.

Гэвч миний итгэж, найдаж байсан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмний үзэл бодолд нэгдсэн жагсаалыг улс төржүүлж, санхүүжүүлэн итгэлийг минь алдлаа. Ард түмний итгэл найдварыг эсрэгээр нь ашиглаж, ард иргэдийг турхирч үймээн самуун гаргах вий гэсэн үүднээс би энэ шийдвэрийг гаргалаа.

Ард түмний бэлэг тэмдэг байх ёстой Ерөнхийлөгч зохисгүй үйлдэл гаргалаа. Ерөнхийлөгчтэй хариуцлага тооцох ёстой гэж эрх баригч намын даргын хувьд үзэж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Ханх суманд 7879 удаа газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Ханх сумын бүс нутагт өнөөдөр 12.00 цагийн байдлаар 7879 удаа газар хөдлөлт бүртгэгдсэнээс 49 нь 4.0 болон түүнээс дээш хүчтэй байсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв.

Нэгдүгээр сарын 12-нд Ханх сумын төвөөс баруун урагш 26 км-ийн зайд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс хойш байгалийн энэхүү үзэгдэл ийнхүү давтан үргэлжилж байгаа юм.

Тус газар хөдлөлт нь голомтдоо VII-VIII баллын чичирхийлэл үүсгэсэн нь Хөвсгөл аймгийн бүх сум, Завхан, Увс, Хэнтий аймгийн зарим сумын оршин суугч, Сэлэнгэ, Дархан, Орхон-Уул, Улаанбаатар хотын ард иргэдэд мэдрэгдсэн.

Ханх суманд болсон тус газар хөдлөлтийн хүчний зайнаас хамаарсан тархалт нь Хөвсгөл аймгийн төвд хадан хөрсний хувьд IV-V балл, Улаанбаатар хот орчмын хадан хөрсний хувьд III-IV балл болохыг тодорхойлсон байдаг.

Газар хөдөлсөн хэсэг нь 2018 онд гаргасан газар хөдлөлтийн ерөнхий мужлалын зургаар VIII баллын бүсэд хамаарч байгаа бөгөөд энд 1950 онд 6.8, 1985 онд 5.3 магнитудын хүчтэй газар хөдөлж байсан түүхтэй.

Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг байна.