Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сөүлээс 165 иргэн эх орондоо ирнэ

Өнөөдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 10:40 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 19:00 цагт буух хуваарьтай байна.

УОК-ын Шуурхай штабаас. “Тус онгоцоор 165 иргэн эх орондоо ирэх бөгөөд жирэмсэн-5, бага насны хүүхэдтэй гэр бүл-22, эрүүл мэндийн шалтгаантай-12, саатуулах байранд байсан-19, бусад шалтгаантай 107 иргэн байгаа” гэж мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

АНУ-д дахин 1900 тун вакциныг устгажээ

АНУ-ын Бостон хотын эмнэлэгт хадгалагдаж байсан “Moderna” компанийн коронавирусний эсрэг 1900 вакцин хэрэгцээгүй болжээ. Учир нь үйлчлэгч вакцинуудыг хадгалж байсан хөргөгчийг эрчим хүчнээс санамсаргүй салгажээ.

АВС сувгийн мэдээлснээр, хэрэг энэ сарын 19-нд гарчээ. Бостоны эмнэлгийн төлөөлөгч Кайл Тотогийн хэлснээр, гэрээт ажилчин цэвэрлэгээ хийж дууссаны дараа эмнэлгийн ажилтнууд вакцин хадгалж байсан хөргөгч цахилгааны тэжээлээс салсан байхыг илрүүлсэн байна. Вакцинтай хөргөгчийг аюулгүй газар байрлуулсан байсны дээр дохиолол суурилуулсан байжээ. Эмнэлгийн удирдлагууд энэ хэргийг шалгаж, юуны учир дохиолол ажиллаагүй болохыг тогтоох гэнэ. “Moderna” компанийн вакциныг 2-7 хэмд хөргөгчид 30 хүртэл хоног хадгалах боломжтой аж.

Үүнээс өмнө Висконсин мужийн “Aurora” эрүүл мэндийн төвийн ажилтан 600 орчим тун вакцин устгасан хэрэг гарч байсан билээ. Тэрбээр вакцин хүний ДНХ-г өөрчилдөг гэх хуйвалдааны онолд итгэдэг байжээ. Нийт 8-11 мянган ам.долларын өртөг бүхий вакцинуудыг хөргөгчөөс гаргаж, 12 цаг дулаан орчинд байлгасан нь бэлдмэл хэрэгцээгүй болсон байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд хэсэгчилсэн хориг тавилаа

Монгол Улсын Их Хурал 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр баталсан Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан “Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно” гэсэн хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хэсэгчилсэн хориг тавьж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс УИХ-ын дарга Гомбожавын Занданшатарт /2020.11.20/ хүргүүлсэн албан бичигт, УИХ-ын гишүүд авлигатай тэмцэх асуудалд ул суурьтай хандахын оронд үгсэн хуйвалдсан, хэт дур зоргын байдлаар төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж, нэг нам, бүлэглэлийн эрх ашгийг хамгаалсан, тэдний хүсэл сонирхолд нийцүүлсэн хуулийг Хууль тогтоомжийн тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох зүйл, заалт, зохицуулалтыг бүрэн зөрчин баталсан гэжээ.

Тухайлбал, хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага байхаар хуульчилсан, тийм ч байх ёстой Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайд буюу улс төрийн намын даргын саналаар томилох тухай өөрчлөлтийг Авлигын эсрэг хуульд оруулсан нь Монголын ард түмнийг авлигачдын өмнө бөхийлгөж, Монгол төрийг авлигачдадаа бүрэн бууж өгөхөд хүргэж байна гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна.

Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу хөрөнгө орлогоо тогтмол мэдүүлэх замаар Авлигатай тэмцэх газрын хяналтад байх нийт 41,686 албан тушаалтан байдаг. Эдгээр албан тушаалтны 170 нь Улсын Их Хурлаас тус тус томилогддог бол 8,053 нь бүх шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, төлөөлөгч, үлдсэн 33,428 нь Засгийн газар, Засгийн газрын агентлаг, түүний харьяа байгууллага, түүнчлэн Ерөнхий сайдын удирдлага дор ажилладаг Засаг дарга нар, тэдгээрийн харьяа байгууллагуудын албан тушаалтнууд байгаа юм.

Дээрх тоон үзүүлэлт нь Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын саналаар томилдог болсон тохиолдолд Монгол Улсын Авлигатай тэмцэх газар авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх ямар ч чадваргүй, бас боломжгүй болохыг, цаашид зөвхөн эрх баригч намын үүрэг, даалгавраар ажиллахыг бүрэн тодорхой харуулж байна.

Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хууль нь эрх баригчдын зүгээс 60 тэрбумын, ЖДҮ-ийн, оффшор, концесс, тендерийн хэрэгт холбогдогсдоо хуулийн аргаар цайруулах, зөвхөн үүний тулд хууль, шүүхийн байгууллагуудыг ямар ч хяналт-тэнцэлгүйгээр өөрсдийн нөлөөлөлд бүрэн оруулж, Үндсэн хуулийн үзэл санаа, үндэслэлийг үл тоосон хуулиудаар эрхшээл, дарлалдаа авч байгаагийн эхлэл юм хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч албан бичигтээ онцолжээ.

Түүнчлэн хуулийн энэхүү өөрчлөлт нь Монгол Улсын эрх ашиг, аюулгүй байдал болон Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын холбогдох заалт, Үндсэн хуулийн аравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус нийцэхгүй, Авлигатай тэмцэх байгууллагын удирдлагыг аливаа зүй бус нөлөөлөл, үүний дотор улс төрийн нөлөөллөөс ангид байлгах нөхцөлийг хангах талаар олон улсын өмнө хүлээсэн Монгол Улсын үүрэг бүрэн зөрчигдөхөд хүргэж байгааг дээрх албан бичигт тэмдэглэжээ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

ЕТГ-ын дарга Ө.Шижирт Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх тухай албан бичгийг гардууллаа

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол
Ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, УИХ-ын Төрийн
байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан нар өнөөдөр Монгол Улсын
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижирт Монгол Улсын Ерөнхий сайдад нэр
дэвшүүлэх тухай албан бичгийг гардуулан өглөө.

Монгол Ардын намын Бага хурлын 2021 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн IX хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн, Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн гишүүн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт заасны дагуу хуулийн хугацаанд нь УИХ-д саналаа оруулна гэлээ.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлгээс Ерөнхий сайдын нэрийг Ерөнхийлөгчид хүргүүлэв

МАН-ын Бага хурлаас УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн.

Бага хурлаас гаргасан саналыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн байна. Ийнхүү Ерөнхий сайдын нэрийг Ерөнхийлөгчид хүргүүлснээр Ерөнхийлөгч таван хоногийн дотор УИХ-д оруулах юм.

Үндсэн хуулийн 39.2-т “Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна” хэмээн заасан байдаг.

Categories
мэдээ нийгэм

Дархан-Уул аймагт спортын секц, дугуйлан, согтууруулах ундааг зөвшөөрлөө

Дархан-Уул аймгийн онцгой комисс өнөөдөр (2021.01.22) хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан мэдэгдэл хийлээ.

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал “Өнөөдрөөс эхлэн ирэх хоёрдугаар сарын 1-нийг хүртэл Улаанбаатар хотоос иргэд хүлээн авахгүй. Харин хоёрдугаар сарын 1-нээс хойш хэрхэн иргэдийг татан авах талаар шийдвэрүүд гарна. Өнөөдөр сүүлийн 683 хүнээ хүлээн авлаа. Энэ хүмүүс ирснээсээ хойш тав дахь өдрөө давтан шинжилгээ өгөх болно. Нийслэлээс ирж буй хүмүүс маань 48 цагийн PCR шинжилгээ хийлгэсэн. Ирсэн хойно ч 14 хоног гэрийн тусгаарлалтад байна. Харин эрүүл бүсээс ирж буй хүмүүсээс асуумж бөглүүлж, нэвтрүүлнэ. Үйл ажиллагаа нь хязгаарлалтад орсон байгууллагуудыг дараах байдлаар шийдвэрлэлээ.

2021 оны нэгдүгээр сарын 25-наас эхлэн бүжгийн клуб, бөхийн секц, ЕБС-иудын дэргэдэх спортын дугуйланг нээнэ. Гэхдээ мэргэжлийн хяналтын газрын заавар, зөвлөмжийг мөрдөнө.

2021 оны нэгдүгээр сарын 25-наас сүм, хийдүүд тодорхой хязгаарлалттай хаалттай горимоор ажиллана. Гэхдээ онлайнаар болон утсаар захиалга авч дотооддоо үйл ажиллагаа явуулна.

2021 оны нэгдүгээр сарын 28-наас үйлчилгээний байгууллагууд 18 хүртэлх сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчилнэ. Мөн халдвар хамгааллын дэглэмийг баримталж 22:00 цаг хүртэл ажиллана.

Иргэн, төрийн хамтын ажиллагааны үр дүнд цар тахлаас ангижирч чадна. Хөл хорионы дэглэмийг зөрчсөн иргэдийн мэдээллийг аймгийн онцгой комисс хүлээн авна. Гэхдээ хяналт өмнөхөөсөө харьцангуй сайжирсан. УОК-т 2-3 аймаг л иргэдээ хүлээн авах хүсэлтээ хүргүүлсэн. Тэдний нэг нь Дархан-Уул аймаг учир бид их хариуцлага үүрч, иргэдээ авчирч байна.

Categories
мэдээ нийгэм

Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид etuslamj.mn сайтад хандан зөвлөгөө, тусламж авах боломжтой

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид үзүүлэх хамгааллын үйлчилгээний etuslamj.mn мэдээллийн системийг нэвтрүүлжээ.

Энэ систем нь үндсэн хоёр хэсэгтэй:
Нэгдүгээрт: Иргэд, олон нийт мэргэжлийн сэтгэл зүйч болон эрх зүйчээс фэйсбүүк чатботоор үнэ төлбөргүй зөвлөгөө авах. Мөн гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, хууль тогтоомж, хамгааллын үйлчилгээний нэгдсэн мэдээлэл, өөрийгөө сонжих сэтгэлзүйн сорил болон бусад холбогдох мэдээллийг https://etuslamj.mn/ цахим хуудсаар 24 цагийн турш авах боломжтой.

Хоёрдугаарт: Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдэд үзүүлэх нийгмийн хамгааллын үйлчилгээний нэгдсэн бүртгэлийн системийг нэвтрүүлж байна. Ингэснээр хүчирхийллийн дуудлага өгсөн, хүчирхийлэлд өртсөн, бүртгүүлсэн хүүхэд, эмэгтэйчүүд, иргэдэд тогтмол санаа тавих, хараа хяналтаа сулруулахгүй дахин хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлж байнгын холбоотой байх гэнэ.

Уг сайтын

Categories
мэдээ улс-төр

Б.Пүрэвдорж: Хуурамч шатахуунаар нэг компани жилд 100 тэрбум төгрөгийн ашиг олж байна

УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ.

Тэрбээр, хуурамч шатахууныг зогсоохын тулд нефтийн нэмэлт бүтээгдэхүүнүүдэд онцгой албан татварыг нэмэгдүүлэх ёстой бөгөөд төсвийн орлого нэмэгдүүлэх, иргэдийн эд хөрөнгийг хамгаалах ёстой гэлээ.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Дайвар бүтээгдэхүүн гэж ямар бүтээгдэхүүнүүд вэ. Жилд хэдий хэмжээний ийм бүтээгдэхүүн орж ирдэг вэ?

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ” Керосин бол дээр үед лаа асаадаг байсан , нафто бол тракторт хэрэглэдэг. Жилд дээрх хоёр бүтээгдэхүүн 220 мянган тонн жилдээ орж ирж байна. Манай улсад ийм хэрэгцээ шаардлага байхгүй байна. Эдгээр дайвар бүтээгдэхүүнийг дизель түлштэй хольж борлуулдаг. Эдгээрт онцгой татвар нэмэгдүүлэх нь шатахууны үнэд өөрчлөлт орохгүй. Хуурамч шатахуун үйлдвэрлэж, иргэдийг хохироодог гурван байгууллага бий. Жилдээ гаруй тэрбум төгрөгийн орлого олж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Есөн настай дагавар охиноо хөнөөсөн М.Баттулгад 20 жилийн хорих ял оноолоо

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс есөн настай дагавар охиноо хөнөөсөн М.Баттулгад 20 жилийн хорих ял оноолоо.

Тодруулбал Баянзүрх дүүргийн прокурорын газраас М.Баттулгад

  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/
  • мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 /Хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж алсан/,
  • 2.8 дахь заалт /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан/
  • мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах/
  • мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт /Хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн/-д тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Дүгнэлтийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч нэгдүгээр сарын 21-ний өдөр хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлжээ. Улмаар шүүгдэгч М.Баттулгад

  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7, 2.8 дахь заалтад тус тус зааснаар 18 жилийн хугацаагаар хорих ял,
  • мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
  • мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,
  • мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн тухайн бүлэгт заасан хамгийн хүнд ялтай гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй гэж заасны дагуу нийт биечлэн эдлэх ялыг 20 жилийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна

Categories
мэдээ нийгэм

Өрхийн эмнэлгээ хаалгахыг эсэргүүцэж Гачуурт тосгоныхон жагслаа

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20-р хороо, Гачуурт тосгоны “Нова” өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг Гачуурт тосгоны хоёр эмнэлгийн санхүүжилт давхардсан гэх шалтгаанаар зогсоосноор 9870 гаруй иргэнд үйлчилгээ үзүүлдэг өрхийн эмнэлэг хаалгаа барьжээ. Уг шийдвэрийг эсэргүүцсэн тус эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилчид, Гачуурт тосгоны иргэд өнөөдөр жагсаал хийлээ. “Нова” эмнэлгийн эмч, ажилчид энэхүү шийдвэрээ эргэн харахыг ЭМЯ-ны сайд, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас хүсч байгаа аж.

Тодруулбал, Эрүүл мэндийн сайдын 2020 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 1а/5455 дугаар албан бичгийн дагуу Баянзүрх дүүргийн 20-р хороонд өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа эрхэлж буй “Нова” эмнэлгийн хамтран ажиллах гэрээг 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгож, тус төвийн эрүүл мэндийн ажилтныг ажлын байраар хангахыг Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх болон НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар нарт даатгажээ.

Хорь дахь жилдээ ажиллаж буй “Нова” эмнэлэг нь Гачуурт тосгоны 10 гаруй мянган иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж, хүүхдийн вакцин хийж, групп сунгадаг ганц эмнэлэг болохыг тус газрын оршин суугчид ярьж байна.