Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: Улаанбаатарт 19 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1611 боллоо

Сүүлийн 24 цагийн хугацаанд 15,071 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд халдвар авсан хүмүүсийн гэр бүлийн ойрын хавьтлуудаас анхан болон давтан шинжилгээгээр Улаанбаатар хотод 19 тохиолдол нэмж бүртгэгдлээ.

“Монос” эмийн сантай холбоотой тав, “Хас” банкинд батлагдсан тохиолдолтой холбоотой нэг хүнд халдвар илэрсэн бөгөөд бусад нь Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг болон Баянгол дүүргийн 12-р хорооны 19-р байрнаас гарсан өвчлөлтэй холбоотой ойрын хавьтлууд юм.

Ингэснээр Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол нийт 782 болсон. Сүүлийн 24 цагт 28 хүн эдгэрч гарсан.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Одоогоор Улаанбаатар хотод халдварын 4 том голомт байгаа тул ард хаанаас ч халдвар авах өндөр магадлалтай. Тиймээс амны хаалтаа тогтмол зүүж, халдвар хамгааллын дэглэмээ сахих хэрэгтэй” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

Коронавирусийн шинэ хувилбар үхлийн өндөр аюултай байж болзошгүйг Их Британийн ерөнхий сайд мэдэгдлээ

Өнгөрсөн оны сүүлээр коронавирусийн мутацлагдсан шинэ хувилбар Лондон хот болон Английн зүүн өмнөд Кент мужид маш хурдтай тархсанаас эдгээр бүс нутгийн эмнэлгүүдийн ачааллыг дээд цэгт нь тулгасан юм. Их Британид анх бүртгэгдсэн коронавирусийн мутацлагдсан шинэ хувилбар нь эх хувилбараасаа илүү өндөр үхлийн аюултай байж болзошгүйг тус улсын ерөнхий сайд Борис Жонсон өчигдөр мэдэгджээ.

“Лондон болон зүүн өмнөд Англид тархсан шинэ хувилбар нь илүү хурдан халдварлах чадвартайгаасаа гадна илүү өндөр үхлийн аюултай байж болзошгүй нь зарим тоо баримтуудаас харагдаж эхэллээ” гэж Жонсон өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр хэлсэн байна.

Өнгөрсөн хугацаанд цуглуулсан тоо баримтыг нягтлан шалгахад ийм урьдчилсан дүгнэлт гарсныг Британийн засгийн газрын шинжлэх ухааны ахлах зөвлөх Патрик Валланс нэмж тайлбарлажээ. Урьдчилсан дүгнэлтийг баталгаажуулахын тулд судалгааг цааш гүнзгийрүүлэхээр болсон байна.Үүнтэй холбоотойгоор дэлхийн олон улс орон Их Британиас ирэх зорчигчдод хилийн хориг тавиад байгаа билээ.

Эх сурвалж: BBC

Categories
мэдээ цаг-үе

Хуян хөөрсөн үед ямар арга хэмжээ авах вэ?

Тархийг тэжээлээр хангаж байдаг хүзүүний ар шилийг дагасан гол судас хатуурч, нарийсах нь хуян хөөрөх эмгэг шинжээр илрэх бөгөөд улмаар тархины цусан хангамжийн дутагдлын гол шалтгаан болдог.

1. Олон цаг хөдөлгөөнгүй суусан эсвэл зурагт үзсэн хүний хуян их хөөрч, улмаар тархиар хатгуулдаг. Хэрвээ та оффисын ажилтан бол дух болон шилэн хүзүүн дээрээ хүйтэн жин тавьж сураарай. Өдөр бүр тогтмол цагтаа хүйтэн жин тавих хэрэгтэй. Хуян хөөрөх үед толгой хүчтэй өвддөг.

2. Хөдөлгөөний дутагдлын улмаас хуян хөөрдөг. Тиймээс идэвхтэй хөдөлгөөн, идэвхтэй амьдралыг сонгоорой.

3. Хуян хөөрсөн үед хамгийн үр дүнтэй эмчилгээ бол зүү тавиулах юм.

4. Бариа засал хийлгэж мөн хатуурч, чангарсан булчингаа сулруулах хэрэгтэй. Бариа засал хуянг хөөж, тархины үйл ажиллагааг дэмжиж, ой тогтоолыг сайжруулна.

5. Таны нүдний даралт байнга ихсэж, мөн нүд тань улайж байгаа бол хуян хөөрч улмаар тархинд ачаалал өгч байна гэсэн үг.

6. Хуян хөөрсөн үед та зөвхөн дээшээ харж унтах хэрэгтэй. Өглөө сэрэхэд таны нураа амарсан байх болно.

7. Ихэвчлэн ажлын ачааллын улмаас толгой өвдөж, хуян хөөрдөг. Тиймээс та өдөрт 10-20 минут цэвэр агаар амьсгал.

8. Мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, эмчилгээ хийлгэх хэрэгтэй.

9.Гарын алга, шанааны яс, нүдний хажууд зөөлхөн эллэг хийх хэрэгтэй. Энэхүү арга хуян хөөдөг байна.

10. Зургийн дагуу хүзүүгээ дар. Өдөрт 10-15 удаа хий. Энэ арга нурууны өвдөлтийг мартуулах болно.

11. Насанд хүрсэн хүн өдөрт 8 цаг унтах ёстой. Нойр дутаагүйгээс болж хүний бие муудах тохиолдол цөөнгүй бий. Тиймээс та сайн амрах хэрэгтэй. Амралт танд эрч хүч бэлэглэнэ.

12. Ус сайн уу.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Үйл ажиллагаа нь хаалттай үлдсэн салбарууд

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын үед авах арга хэмжээг тусгасан А/25 тоот захирамжийн хүрээнд үйл ажиллагааг нь үргэлжлүүлэн хязгаарлах салбар, чиглэлийг хавсралтаар баталжээ.

Улмаар нийслэлийн Засаг даргын 2021 оны 01-р сарын 18-ны өдрийн А/11 тоот захирамжийг хүчингүй болголоо.

Захирамжийн дагуу өнөөдрөөс эхлэн үсчин, гоо сайхан, бүх төрлийн барааны худалдаа болон хумс заслын үйлчилгээ нээгдэж, доорх 12 чиглэлийн салбаруудын үйл ажиллагааг хязгаарласан хэвээр байх аж.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Залуус эрх чөлөөний мэдрэмжтэй байгаа нь ирээдүй маань баталгаатай л гэсэн үг

“Өргөө” амаржих газарт амаржсан эхээс коронавирусийн халдвар илэрч энэ сарын 19-нд ХӨСҮТ рүү шилжүүлсэн. Ингэхдээ нялх биетэй эмэгтэйг идэр есийн хүйтэнд нимгэн халат, даавуун углааштай нь цэл хүйтэн машинд суулгасан. Тэр бүү хэл ХӨСҮТ-ийн гаднах аваарын шатаар нүцгэн нойтон хэвээр нь алхуулсаар тусгаарлах өрөөнд нь оруулжээ. Хэдхэн цагийн өмнө хоёр яс салсан эмэгтэйн өмнөөс нялх биетэй байхын хэцүүг мэдэх хүн бүрийн яс янгиналаа. Бүсгүйн сэтгэл санаа ямар байгаа бол, бяцхан үр нь яагаа бол гэж хүн бүр л өмөрлөө.

Уг нь бид амаржсан эхээ асарч, тойглож тэнхрүүлэх өөрсдийн гэсэн онцлог уламжлалтай. Амаржсан эхийн бүх биеийн яс мах сиймхий болдог тул “Сард суух” гэх нэг сарын цээрийг ягштал биелүүлдэг учиртай. Энэ уламжлал өнөөдрийн соёлжсон нийгэмд нь гажиж зөрсөн нь үгүй. Гам алдахын хэцүүг мэддэг хэн бүхэн охин үр, бэрдээ ой тойнд нь буутал захиж сургадаг учраас арга ч үгүй биз. Гэтэл албан үүргээ биелүүлж байгаа нэртэй эмч, онцгой байдлын ажилчид амаржаад хэдхэн цаг болж байгаа эмэгтэйг өвлийн гутал, хувцасгүй дагжин чичрүүлсээр дуут дохио хангинуулсан автомашиндаа суулгаад явлаа. Хэдийгээр тахал туссан өвчин зовлонтой ч гэсэн өчигдрийн жагсаалын үед барьж байсан лоозонд дурдсан шиг “өвчтөй ч гэсэн хүн” гэгчээр ингэж дээрэнгүй хандаж болохгүй байв. Хүний ёс, монголчуудын уламжлалаас гажсан энэ үйл явдалд монголчууд тэр чигтээ дургүйцэж үүнийгээ нийгмийн сүлжээгээр тэр аяараа илэрхийлэн давлагаалав. Нялх биетэй эмэгтэйг асарч үзсэн нь битгий хэл аав болж ч үзээгүй болов уу гэмээр оюутан залуу “Би малчин хүний хүүхэд. Малчид бид ч төллөсөн малтайгаа ингэж харьцдаггүй” гээд дургүйцлээ илэрхийлэн жагсаж зогсохыг бид харлаа.

Эмнэлгийн ажилтны энэ хүнлэг бус дээрэнгүй үйл ажиллагааг “Eagle” телевиз соргогоор анзаарч шуурхай мэдээлсэн. Мэргэжлийн редакци гэдэг ямархуу мэргэжлийн ажиллаж, үнэн бодитойгоор мэдээлж чаддагийг тэд харуулсан. Хэвлэл мэдээлэл гэдэг ямар их ач холбогдолтой болохыг ч олон нийт мэдэрлээ. Нийгмийн сүлжээнийхэн ч үүргээ биелүүлж давлагаалж чадлаа. Нийгмийн сүлжээний үүрэг нь ч ийм байдаг. Тэдэнд аливаа үйл явдлыг өөрсдөө очиж сурвалжлах алба байхгүй. Тийм үүрэг ч үгүй. Харин тэд болж буй үйл явдал дээр л үзэл бодлоо илэрхийлэх хэрэгтэй. Энэ жишиг саяны үйл явдал дээр зөв горимоороо явсан. Очиж сурвалжлахыг нь “Ea­gle” телевиз хийж нийгмийн сүлжээнийхэн үзэл бодлоо илэрхийлж, бусдыгаа уриалж чадлаа.

Үнэхээр л олноороо дуугарахаас өөр аргагүй үйл явдал байлаа. Нялх биетэй эмэгтэйд хандсан төрийн албан хаагчдын хандлага хэн ч харсан шудрага бус, ард түмнийг дээрэлхэж доромжилсон үйл явдал болсон. Төр засгийн ард иргэддээ эрэлхүү, дээрэлхүү хандаж байгаа нь ганцхан энэ биш л дээ. Коронавирусийн халдвартай иргэнийг оргож бултлаа гээд нохой шиг төмөр хүзүүвчээр дөнгөлснөөс эхлээд арван настай охин шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй авч чадалгүй, ээж, аавтайгаа ч хамт байж чадахгүй байсаар хорвоогийн мөнх бусыг үзсэн. Архангай аймгаас ирсэн эмэгтэй баашилсан нэрийдлээр хот руу нэвтэрч, эмчилгээ үйлчилгээ авч чадахгүй байсаар автомашиндаа амь тавьсан. Энэ бүхэн эмч, эмнэлгийн ажилчид, онцгой байдлынхны иргэдтэй хэрхэн цэвдэг хүйтэн сэтгэлээр дээрэнгүй ханддаг болохыг харуулсан харамсалтай жишээнүүд. Гэхдээ бидний мэдэж байгаа нь л энэ. Нийтэд ил тод болоогүй хичнээн ч хүний эрх зөрчсөн үйл явдал өрнөснийг бид таашгүй. Ийм байхад иргэд яаж тэсэж, тэвчих билээ. Эсэргүүцлийн жагсаал хийхгүй гээд ч яах билээ.

Харин энэ бүхнээс хамгийн олзуурхууштай нь жагсагчдын дийлэнхийг залуус бүрдүүлсэн явдал байлаа. 90-ээд оны Ардчилсан хувьсгалын улс төрийн жагсаалаас хойш залуус бараг анх удаа сайн дураараа чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлж жагссан нь энэ. Хөлс мөнгөний, аль нэг улстөрч, намыг хоолонд нь хүргэх захиалгат жагсаал биш байлаа. Нэг даргыг, нэг намыг өмөөрөх үзэгдэл л хавтгай байсан бол иргэд иргэнээ өмөөрч бослоо. Нялх биетэй эмэгтэй, өөдсийн чинээ үрийг нь өмөөрч дуугарав. Залуус үнэхээр өөрсдийнхөө итгэл үнэмшлээр энэ олон шударга бус зүйлийн эсрэг тэмцэж чадлаа. Тэд эрх чөлөөний мэдрэмжтэй байгаа нь ирээдүй маань баталгаатай л гэсэн үг. Урьд нь ийм зүйл бидний түүхэнд хэр олон байлаа даа. Энэ бүхэн ардчилал, эрх, эрх чөлөөг дэмждэг хэн бүхний сэтгэлд цучил нэмж чадлаа.

Зарим хүмүүсийн хэлдгээр уйдсан залуус очсон нь үнэн л байх. Гэлээ ч тэд нэгнийгээ өмөөрч зогссон. Иргэдээ ингэж эрх баригчдаас, эрх барьж буй намаас, төрийн албан хаагчдын дээрэнгүй хандлагаас өмөөрч байгаа нь хамгийн зөв алхам.

Монголчууд бид яг л ингэж бие биенээ өмөөрч, нэг нэгнээ гэсэн сэтгэлээ харуулж баймаар байна. Хамгийн гол нь залуус шударга бус зүйлийн эсрэг зогсож, эрх, эрх чөлөөний мэдрэмжтэй байгаа нь Монголын ирээдүй найдвартай гарт байгаагийн баталгаа боллоо.

Эрх чөлөө, шударга ёс Монголд ёс заншил мэт нэвтэрчээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Бүх төрлийн барааны худалдаа, үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээ өнөөдрөөс нээгдэнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай А/25 тоот захирамж гаргалаа.

Ингэснээр өнөөдрөөс буюу 2021 оны нэгдүгээр сарын 23-ны өдрөөс нийслэлд бүх төрлийн барааны худалдаа, үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээг хязгаарлалтаас гаргаж, хэвийн горимд шилжүүлж байна. Үйл ажиллагаа нь нээгдэж буй аж ахуй нэгжүүд мэргэжлийн байгууллагуудаас хүргүүлсэн түр заавар, үйл ажиллагаанд баримтлах тусгай шаардлагыг мөрдөнө.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Т.Доржханд: Хэн нэгэн даргын үүсгэсэн хонгилоор дамждаггүй байх зарчмыг Шүүхийн тухай хуульд оруулж чадсан

-МАНАЙ НАМЫН ГИШҮҮНЧЛЭЛГҮЙ БАЙСАН Ч ХАМААГҮЙ БИД МОНГОЛЧУУДЫГ НЭГТГЭХ

УДИРДАГЧИЙГ Л ШАЛГАРУУЛЖ, СОНГОХ БОЛОМЖИЙГ АРД ТҮМЭНД ӨГНӨ-


УИХ-ын гишүүн Т.Доржхандтай ярилцлаа.


-У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорлоо. Үнэхээр Засгийн газар огцрох хэмжээнд асуудал даамжрав уу. Ямар нэгэн улс төр яваад байна уу?

-Монгол Улсын Ерөнхий сайд нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс хууль бус зүйл хийж байгаа болохоор цаашид Засгийн тэргүүний ажлаа хийх боломжгүй боллоо гэж мэдэгдлээ. Харин Төрийн тэргүүн нь чуулганд орж ирээд Ерөнхий сайдаа, ажлаа битгий өг өө гэлээ. Засгийн тэргүүн нь хариуцлагаа хүлээе гэж байхад хэрэггүй гэдэг нь юу гэсэн үг вэ. Миний хувьд Ерөнхий сайдыг муу ажилласан гэж үзэхгүй байгаа хэдий ч УОК-ын хувьд эргэж буцсан олон шийдвэр гаргаж, алдаа гаргасан нь үнэн гэдгийг хэлмээр байна. Харин Төрийн тэргүүний хувьд ямар нэг хууль бус зүйл байгааг Засгийн тэргүүн илэрхийлж, УИХ-ын сул гишүүн болсны дараа уг асуудлыг хөндөнө гэснийг хүндэтгэн үзээд Засгийн тэргүүнээс огцрох хүсэлтийг дэмжлээ.

-Уржигдар залуучууд уоК-ыг огцрохыг шаардаж талбай дээр жагссан. Үүнийг та хэрхэн харж байна?

-Энэ өдөр ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүний хувьд би байр сууриа тов тодорхой илэрхийлсэн. УОК-ын даргыг огцруулж шинэ жишиг тогтоох хэрэгтэй. Хариуцлага хүлээлгэх ёстой. Ингэж байж нийгэм аяндаа зөв болж, эрүүлжинэ. Урт хугацаандаа бидэнд хэрэгтэй гэсэн агуулгаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн.

Мөн өдрийн үдээс өмнө гадаадад гацсан монголчуудын асуудлыг яаралтай шийдвэрлэх, тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг шаардсан асуулгыг Ерөнхий сайдад тавьсан. Би Хан-Уул дүүргийн 25 мянган иргэний саналыг авч гарч ирсэн УИХ-ын гишүүний хувьд цөөнх байна уу, олонх байна уу үл хамаарч мөн олон залуучуудын итгэлийг тээж яваа, нийгэмд гэрэл гэгээ гарахад чиглүүлэх үүрэгтэй гэж боддог хүний хувьд “Энэ асуудалд парламент маш яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Коронавирусийн эсрэг байгуулагдах Түр хороо (Коронавируст халдвар)КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг гэж бий. Ганцхан Түр хороотой шүү дээ. Ганцхан тэр сувгаар хариуцлага тооцдог мэдээлэл өгдөг. Тэр Түр хороог яаралтай хуралдуулаач ээ гэсэн хүсэлт тавьсан. Үүнийгээ парламентаар ярьдаг байя. Гарсан чиглэлээ Засгийн газарт өгдөг байя” гэсэн. Харамсалтай нь чуулган дээр микрофоноо хаалгасан.

Уржигдрын (2020.01.20) цуглаан маш их эрч хүч өгсөн, ирээдүйг гэрэл гэгээтэй харагдуулсан жагсаал боллоо гэж хувь хүнийхээ үүднээс дүгнэж байгаа юм.Хэдийгээр талбай дээр очиж залуучуудтай хамтарч эсэргүүцлээ илэрхийлмээр байсан ч аль нэгэн нам, улс төрийн хүчин үүнийг хийж байгаа юм шиг харагдах вий гэсэн болгоомжлол байсан. Танай сониноор дамжуулж өчигдрийн (2020.01.20) жагсаалд оролцсон залуучуудад талархал илэрхийлмээр байна. Энэ бол бидний барьж байгаа зарчим юм. Өөрөөр хэлбэл, та нам байна уу, нам бус байна уу үл хамаарч нийгэмд оролцох дэд бүтэц нь ХҮН байя. Яг энэ утга санаа өчигдрийн (2020.01.20) хэн нэгнээс хамаарахгүйгээр залуучууд өөрсдөө хүссэн үедээ эвлэлдэн нэгдэж, маш соёлтойгоор тайван жагсаалаар шийдвэр гаргагчдад маш том сануулга өгснөөр харагдлаа. Нийгэмд ийм тохиолдол дахиж үүслээ гэхэд хэн нэгний шахалт, зохион байгуулалтгүйгээр хүрч ирээд эрхээ эдэлж, үүргээ ухамсарлаж нийгэмд том доргилт үүсгэж, эрх мэдэлтнүүдэд их том нөлөөлөл байгаа юм байна шүү гэж мэдрүүлсэнд үнэн зүрхнээсээ талархаж байна. Яг ийм органик байдлаараа цааш цаашдаа жагсаал цуглаан явбал эрх мэдэл авсан улс төрийн хүчнүүд албан тушаалтнуудад хариуцлага тооцдог, илүү хүнээ дээдэлсэн, хүнлэг энэрэнгүй, хүний эрхийн мэдрэмжтэй шийдвэр гаргадаг, ажилладаг болно. Ингэх нь Монгол Улсад хэрэгтэй гэж харж байна.

-Та Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар Үндсэн хуулийн Цэцэд хандаж байгаагаа мэдэгдсэн. Энэ талаар илүү тодорхой мэдээлэл өгөхгүй юү?

-Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж баталсан. Ингэхдээ маш олон хэлэлцүүлэг хийсэн, давхардсан тоогоор гурван сая иргэнээс санал авсан гэж ажлын хэсэг мэдээлсэн. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан учраас бусад хуулиудыг энэ өөрчлөлтөд нийцүүлэн өөрчлөх, Үндсэн хуулийн тайлбарыг оруулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, бусад хуулиуд бол Үндсэн хуулийн тайлбар байдаг гэж хуульчид ярьдаг юм билээ. Энэ агуулгаар тухайлбал, Ерөнхийлөгчид өрсөлдөх хүний шаардлага Үндсэн хуульд тов тодорхой туссан. Тэр нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллах хүн зөвхөн нэг удаа, зургаан жилээр сонгогдоно гэж цагаан дээр хараар бичсэн Үндсэн хуулийн зохицуулалт байна. Үүнийг хэзээнээс хэрэгжүүлэх юм бэ гэхээр 2020 оны тавдугаар сараас хэрэгжүүлнэ гэж баталсан. Үүнийг дэмжиж УИХ шийдвэрээ гаргаж, Монгол Улсын одоогийн Ерөнхийлөгч баталгаажуулж гарын үсгээ зурсан. Үндсэн хууль салаа утгаар тайлбарлагдах ёсгүй. Нэгэнт Үндсэн хуульд өөрчлөлт орсон бол түүнд нь нийцүүлж салбар хуульд тусгах ёстой. Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг өнгөрөгч арван хоёрдугаар сарын (2020.12) сүүлээр хэлэлцсэн. Тэр үед энэ тухай зохицуулалтаа тов тодорхой тусгаач ээ гэдэг байр суурийг би илэрхийлсэн. Тухайлбал, Өмнөх Үндсэн хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллах хүн 45 настай байх шаардлага тавигдсан байсан. Нэмэлт өөрчлөлт оруулахдаа үүнийг 50 болгож өөрчилсөн. Мөн сүүлийн таван жил Монгол Улсад амьдарсан, Монгол Улсын уугуул иргэн байх ёстой гэж тов тодорхой заасан. Харин зөвхөн нэг удаа зургаан жилээр сонгоно гэдэг энэ заалт дотор “урьд өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдож байгаагүй иргэн байх” гэсэн шаардлага агуулагдаж байгаа юм. Үүнийгээ тодотгож өгөөч ээ гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, урьд өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс энэ заалтад хамаарагдахгүй. Энэ заалтаар зөвхөн нэг удаа зургаан жилээр гэж байгаа. Тиймээс зургаан жил дээд хязгаар байна. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульдаа энэ заалтаа салаа утгаар ойлгох боломжгүйгээр тов тодорхой тусгаж өгөөч ээ гэдэг шаардлага тавьсан. Харамсалтай нь тусаагүй. Үүнийг тодорхой болгохгүй бол эрх зүйн тодорхойгүй байдал үүсч, хууль дээдлэх, эрх зүйт төрийн зарчим алдагдаж байна гэсэн агуулгаар Үндсэн хуулийн Цэцэд хандсан.

-Үндсэн хуулийн Цэцээс хариу ирсэн үү?

-Би Монгол Улсын иргэний журмаар Үндсэн хуулийн Цэцэд мэдээлэл гаргасан. Үүнийг Цэц 30 хоногийн дотор хүлээж аваад маргаан үүсгэх эсэхийг хэлэлцэх ёстой. Үүсгэх байх гэж найдаж байна.

-“Ерөнхийлөгчийг зургаан жилээр зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн Үндсэн хуулийн заалт 2020 оны тавдугаар сараас хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Тиймээс одоогийн Ерөнхийлөгч дөрвөн жилээр бус зургаан жилээр ажиллана, Ерөнхийлөгчийн сонгууль ч 2023 онд болно гэж тайлбарлах хүмүүс ч цөөнгүй байна л даа…?

-Маш тодорхой хэлье. Өмнөх Үндсэн хуулийн зохицуулалтаар бол дээд хязгаар нь найман жил буюу дөрвөн жилээр хоёр удаа Ерөнхийлөгчөөр ажиллаж болох заалт байсан. Одоогийн зохицуулалтаар дээд хязгаар нь зургаан жил болчихоод байгаа шүү дээ. Тэгэхээр өмнө нь Ерөнхийлөгч байсан хүмүүс тухайлбал, Ц.Элбэгдорж гэдэг хүн хоёр удаа Ерөнхийлөгчөөр сонгогдож, найман жил ажилласан. Дахиад зургаан жил гэвэл 14 жил болох гээд байгаа биз дээ. Тиймээс өмнөх Үндсэн хуульд заасан дээд хязгаар болох найм жил, одоогийн Үндсэн хуулийн зургаан жил гэдэг заалтыг зөрчих гээд байгаа юм.

-Тэгвэл одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын тухайд?

-Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дөрвөн жил ажиллаад нэмээд зургаан жил ажиллах юм бол нийт 10 жил болох гээд байна шүү дээ. Гэтэл өмнөх зохицуулалтын дээд хязгаар найман жил байсан бол одоо зургаан жил болж өөрчлөгдсөн гэж сая дээр хэллээ. Тэгэхээр өмнөх Үндсэн хуулиа ч, нэмэлт өөрчлөлт орж хүчин төгөлдөр үйлчилж байгаа одоогийн Үндсэн хуулиа ч аль алийг нь зөрчих гээд байгаа юм. Тиймээс зарим хүмүүс гаргалгаа гаргаж ирж байх шиг байна. Одоогийн Ерөнхийлөгчид шууд хоёр жилийг нь нэмээд өгчихье. Тэгэхээр өмнөх Үндсэн хуулиа ч тэр, нэмэлт өөрчлөлт орсон шинэ Үндсэн хуулиа ч зөрчихгүй байх юм биш үү гэдэг гаргалгаа гаргаж ирээд байх шиг байна. Би хуульч хүн биш эдийн засагч хүн. Эдийн засгийн асуудлыг маш сайн мэднэ. Гэхдээ би хуулийн асуудалд иргэн хүний хувьд, мөн хууль тогтоогчоор ажиллаж байгаа хүний хувьд хангалттай анхаарал хандуулах чадвартай. Дээрээс нь ХҮН олон сайн хуульчдын багтай. Манай хуулийн багийн ярьж байгаагаар хоёр жилээр сунгах боломжгүй гэж байгаа юм. Зарчмын нэг зүйл байна. Юу вэ гэхээр хэрвээ хууль тогтоогчид, эсвэл Ерөнхийлөгч өөртөө зориулж хууль баталж, батлуулаад бүрэн эрхийн хугацаагаа сунгаад байвал сонгууль, ардчилал ямар хэрэгтэй юм. Ард түмний бүрэн эрх яах вэ? Одоогийн МАН сонгуулийн хугацааг дөрөв ч гэдэг юм уу, эсвэл 10, 20 жилээр хойшлуулж хойд, өмнөд хоёр хөршийн нөхдүүдтэй адил системээр явж болно. Тэр тохиолдолд ардчилсан сонгууль, арчилсан төр засаг, парламентын ардчилал, бидний эрх эрх чөлөө байхгүй болно шүү дээ. Тийм биз. Тиймээс үүнийг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй. Ер нь хууль бус. Энгийн хүний нүдээр харсан ч гэсэн бидний хамгийн эрхэмлэж явах зүйл нь эрх чөлөө, тусгаар тогтнол. Үүнийг хамгаалж явах зүйл нь парламентын ардчилал. Үүнийг бэхжүүлэх зүйл нь ардчилсан сонгууль шүү дээ.

-Та ХҮН-ын даргаар сонгогдоод удаагүй байна. ХҮН-ын дарга байх хугацаандаа ямар ямар ажлыг хийхээр төлөвлөөд байна?

-ХҮН-ын даргаар ажиллаач ээ хэмээн намын хамт олон санал нэгтэйгээр энэ үүрэг даалгаврыг надад өгсөн. Үүнийг би эрх мэдэл, ямба гэхээсээ илүү ажил, ачаа, үүрэг гэж хүлээж авч байгаа. Ер нь ХҮН-ын онцлог нь эрх барьж байгаа намууд шиг хатуу гишүүнчлэлтэй, олон байшин барилга, эд хөрөнгөтэй нам биш. Энэ ганцхан өрөөнд л манай нам үйл ажиллагаагаа явуулдаг юм шүү дээ. Цалин, хангамжгүй зөвхөн олон нийтийн төлөө зуун хувь ажилладаг нам.

Хоёрдугаарт, нам гэдэг бол бодлогын институци байх ёстой. Тиймээс ХҮН улс төрийн салбарт илүү шинэ жишиг тогтоох нь бидний үүрэг гэж үздэг. Тиймээс намын даргын хувьд баримтлах 10 тулгуур бодлогоо зарласан. Мөн ХҮН ямар зарчимтай байх вэ гэдэг гурван зарчмаа тов тодорхой зарласан. Түүнийг та бүхэн нэг хараарай. Ерөнхийд нь тухайлж хэлбэл, хатуу гишүүнчлэлийг дэмжихгүй, хязгаарласан. Дарга төвтэй бус дэмжигч төвтэй, бодлогын нам байна. Бодлого судалгаанд үндэслэсэн шийдвэр гаргана. Шийдвэр гаргалтын тухайд манай намын бүтэц маш сонин шүү дээ.

Намаас гаргасан шийдвэрийг намын дарга ярьдаг болохоос биш намын дарга тэр хязгаараас хальж болдоггүй. Тиймээс нэг хүний нам бус институциональ нам байна. Дараагийн зүйл нь, цахимжсан нам байна. Зарим намууд их зовлонтой шүү дээ. Тухайлбал, намын их хурал хийх, гишүүдийн оролцоог хангах, одон медиалаар хангах, баахан оффис түрээслэх гээд. Тэгвэл бид үүнээс илүү бодлогын нам байна. Ингэхдээ олон хүмүүсийн үзэл бодлыг авч төрийн бодлогод тусгах боломж нь юу байна вэ гэхээр технологи. Тиймээс илүү цахимжсан, гишүүдийнхээ бүртгэлийг блокчейнд хийгээд явъя, хэн нэгэн өөрчлөхөөргүй байхаар зохицуулсан. Мөн аливаа шийдвэр гаргалт дээр гишүүд болоод дэмжигчдийнхээ саналыг цахимаар авдаг байя гэж байгаа юм. Энэ нь маш богино хугацаанд, хямд зардлаар хүмүүсийн оролцоог бий болгодог технологийн давуу талыг бид бий болгохгүй юм бол хэн ашиглах юм бэ. Бусад намууд ч бас ийм жишигтэй байгаасай.

-Намын даргын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн бэлдэж байна. Яаж оролцох вэ?

-Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудалтай дөрвөн намаас тус бүр нэг нэр дэвшигчийг дэвшүүлэх эрхтэй. Үүний нэг нь ХҮН буюу “Зөв хүн электорат” эвсэл. Бидний барьж байгаа байр суурь юу байна гэхээр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль сонголтгүй сонгууль болсон. Цагаан сонголт хийж байсан. Энэ удаа бид ард түмэнд сонголттой сонгуулийг өгнө гэж байгаа юм. Бүтэн жил үүнийг ярьсан. Үүндээ ч хатуу байр суурьтай байна. Бид “Ерөнхийлөгчөө захиалъя” гэсэн цахим санал асуулгыг гишүүд, дэмжигчдийнхээ дунд нээлттэй явуулна.

Монгол Улсын Ерөнхийлөгч ямар үндсэн шаардлагатай байх юм бэ гэдгийг гаргаж тавина. 3.4 сая монголчуудыг нэгтгэж чаддаг, манлайлж чаддаг, мөн дэлхийн 200 гаруй улсад очиж яриа, хэлэлцээр хийж чаддаг, Монгол Улсын нэр хүндийг өргөж, таниулж, зах зээлийг нь нээж чаддаг маш сайн нэг номерын дипломатч байх хэрэгтэй байна. Ерөнхийлөгч үндэсний эв нэгдлийн гэхээсээ илүү оюун санааны удирдагч нь баймаар байна. Монголчуудыг нэг зүг рүү харуулж чаддаг, худлаа ярьж, хулгай хийдэггүй зөв хүн баймаар байна.

Ийм хүн байх ёстой гэсэн үндсэн шаардлага байгаа юм. Энэ шаардлагыг хангаж байгаа хэн ч байсан, аав тань байна уу, өвөө тань байна уу, хашааны тань хүн байна уу, хамт ажилладаг хамтрагч, нутаг усны тань хүн байна уу гэдгээс үл хамаарч нэрийг нь өгөөч ээ гэж байгаа юм. Тэднээс бид сонгон шалгаруулалтыг хийнэ. Өөрөөр хэлбэл, заавал ХҮН буюу “Зөв хүн электорат”эвслийн гишүүнчлэлгүй байсан ч хамаагүй. Манай намынх, нам бус гэдгээс хамаарахгүйгээр бид монголчуудыг нэгтгэх удирдагчийг л шалгаруулж, сонгох боломж, сонголтыг нь ард түмэнд өгнө. Энэ шинэ жишгийг Монголын улс төрд оруулж ирж байгаа юм.

-УИХ-аар Шүүхийн тухай хуулийг баталсан. Энэ хуульд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Монгол Улсад бизнес эрхлэхэд хамгийн эхлээд үг хэлэх, бизнесээ эрхлэх эрх чөлөө нь нээлттэй байх ёстой шүү дээ. Гэтэл үүнийг нухчин дарж байгаа нэг айхавтар салбар нь хууль, шүүхийн байгууллага байсан. Үүнийг өөрчлөх ёстой гэдэгт ХҮН хатуу байр суурьтай байдаг. Хувь хүний хувьд ч тийм байр суурьтай байдаг. Тиймээс энэ хуулийг санаачлагчдын нэг нь би. Мөн дээрээс нь шүүхийн шинэчлэлийг хийхгүй бол болохгүй, хэн нэгэн даргаас хамааралтай байдаггүй, иргэн байна уу бизнес эрхлэгчид нь байна уу үл хамаарч иргэд, олон нийтэд нээлттэй байдлаар өөрийн асуудлыг яриулдаг, хэн нэгэн даргын үүсгэсэн хонгилоор дамждаггүй, хэн нэгэн эрх мэдэлтэнд хахууль өгч асуудлаа шийдүүлдэггүй байх зарчмыг Шүүхийн тухай хуульд оруулж чадсан гэж ойлгож байна. Үндсэндээ улс төрөөс ангид байх, улс төрийн эрх мэдэлтэй нэг, хоёр субьектээс хол байлгах, аль болох хуулийн хүрээнд ажилладаг бие даасан шүүхийн системийн дэд бүтцийг бий болгох нь бидний зорилго гэж харж байгаа юм. Бидний зорилго магадгүй 100 хувь үр дүндээ хүрээгүй байж болно. Гэхдээ томоохон өөрчлөлт шинэчлэл хийж байгаа.

Нэг жишээ хэлэхэд, ХҮН үүссэн цагаасаа эхлээд нэг бус удаа сонгуульд орж чадахгүйд хүрч, дан хууль шүүхийн байгууллагын цавчаан дунд явж ирлээ. Хамгийн энгийн жишээ гэхэд ердөө гуравхан сарын өмнө орон нутгийн сонгуульд ХҮН-ыг оруулахгүй гэдэг нэг шүүгчийн шийдвэр гарсан. Та бүхэн санаж байгаа бол 14-хөн хоногийн сонгуулийн сурталчилгааны хугацааны найман хоногт нь шүүхийн гадаа жагссан. Нөгөө шүүх нь шийдвэрээ цуцлахад сонгууль аль хэдийнэ дундаа орчихсон байхад бид сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлж байсан. Ард түмний 10-20 хувийн дэмжлэгтэй, бүхэл бүтэн улс төрийн намыг сонгуульд оруулахгүй байхад юун хувь хүн бизнесүүд. Хэрвээ Монголд арчилсан сонгууль байхгүй, залуучууд нь нэгдэж сонгуульдаа орж чадахгүй бол ардчилал байхгүй шүү дээ. Тиймээс бид жагсаж эрхийнхээ төлөө тэмцсэн.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Цагаагчин хонь өдөр

Аргын тооллын нэгдүгээр сарын 23. Санчир гариг. Билгийн тооллын 10, цагаагчин хонь өдөр. Өдрийн наран 08:30 цагт мандан 17:38 цагт жаргана. Энэ өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч хүч ихэснэ.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 5-7 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-29 градус, бусад хэсгээр 18-20 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 24-29 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 27-29 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 25-27 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

Дээд шүүх: Н.Номтойбаярын хоёр жил нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, нэг жилийн хорих ял оноолоо

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн эцсийн шатны шүүх хуралдаан өнөөдөр 14:00 цагт Улсын Дээд шүүхэд эхэлсэн билээ.

Улсын дээд шүүх Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийг
хэлэлцээд, дөнгөж сая шийдвэрээ танилцууллаа. Дээд шүүхийн шийдвэрээр Н.Номтойбаярт анхан болон давж
заалдах шатны шүүхээс оноосон ялын зүйлчлэлийг өөрчилж, нийтийн
албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаанд
хорих ял оноолоо.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс Н.Номтойбаярыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаатай хасаж, таван жил таван сар хорих ял оноосон. Түүнийг ХНХ-ын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулж, тогтоол гарган, орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн нэгж төслийн төсөв өртгийг 200 сая төгрөгт багтаан, нээлттэй зарлах удирдамж баталсан зэрэг гэм буруутайд тооцсон байдаг.