Шинжлэх ухааны академийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор А.Даваасүрэнтэй ярилцлаа.
-Монгол Улс Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэн оржээ. Энэхүү хэлэлцээрт хичнээн орон нэгдэн орсон байдаг юм бэ?
-Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг анх 1975 онд “Бангкокийн хэлэлцээр” нэртэй байгуулсан. Уг хэлэлцээрт Энэтхэг, Өмнөд Солонгос, Шри Ланка, Лаос, Бангладеш зэрэг орнууд багтдаг. Харин энэхүү хэлэлцээрт 2001 онд БНХАУ нэгдэн орсноор цар хүрээ илүү өргөжиж, 2005 онд “Бангкокийн хэлэлцээр”-ийг “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр” болгосон байдаг. Энэхүү хэлэлцээр нь Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй орнуудын уялдаа холбоог сайжруулах, тэдгээрийн эдийн засгийн өсөлтийг дэмжих, худалдаанд тавьж буй хориг саадыг арилгах, худалдааг чөлөөлөх замаар харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой.
-Хэлэлцээрт нэгдсэний ач холбогдол нь юу болох талаар мэдээлэл өгөөч?
-Хэлэлцээрийн гол зорилго нь гишүүн орнууд худалдааныхаа тариф, тарифын бус хориг саадыг арилгах. Тарифаас гадна гишүүн орнууд тарифын бус зохицуулалт, үйлчилгээний худалдаа, хөрөнгө оруулалт, худалдааг хөнгөвчлөх зэрэг асуудлаар тохиролцоонд хүрсэн гэсэн үг. Тарифын бус гэдэг нь татвараас бусад бүхий л хориг саадыг хэлдэг. Үүнийг засаг захиргааны, техникийн хоригууд гэх нь ч бий. Тодруулбал, сав баглаа боодол, шошго, тухайн барааны орц, найрлага, тээврийн хэрэгслийн төрлөөс шалтгаалах хориг, орон нутгийн хураамж зэрэг багтана. Улс орнууд бие биенийхээ бараа таваарын эсрэг янз бүрийн гох дэгээ тавих нь цөөнгүй. ОХУ л гэхэд манай улсаас мах авахдаа зөвхөн төмөр замаар, хөргөлттэй вагоноор авна, гарал үүслийн бичигтэй байх ёстой гэдэг. Ерөнхийдөө Дэлхийн худалдааны байгууллагын зүгээс улс орнууд бие биендээ янз бүрийн тарифын бус арга хэмжээ авч байгааг тэр бүрчлэн хянах боломжгүй байдаг л даа.
-Тарифын хөнгөлөлт гэдгийг бараа, таваараа татваргүй экспортлох боломж гэсэн үг үү?
-Татваргүй гэж хэлж болохгүй. Тухайн улс өөрийн үндэсний нэн тааламжтай нөхцөлийн хүрээнд импортын татвараа тавьсан байдаг. Тэрхүү импортын татварыг хөгжиж буй болоод эдийн засгийн түншлэлийн хэлэлцээртэй, өндөр хөгжилтэй зэргээс нь шалтгаалж ялгавартай тогтоодог. Мөн бараа таваарын нэр төрөл онцлогоос нь хамаарч харилцан адилгүй тогтоодог юм. Манай улсын хувьд тарифаа ялгавартай тогтоодоггүй. Монгол Улс үндэстнийхээ нэн тааламжтай нөхцөлийн хүрээнд гадны импортын бараа бүтээгдэхүүнд таван хувийн тариф тавьдаг. 1991 оноос хойш долоон удаагийн хэлэлцээр хийснээр тарифаа таван хувь болгосон юм. Харин дээрх хэлэлцээрт нэгдсэнээр гишүүн орнууд руу илүү хөнгөлөлттэй нөхцлөөр бараа бүтээгдэхүүн экспортлох боломж нээгдэж байгаа. Түүнээс ямар ч татваргүй экспорт хийнэ гэсэн зүйл байхгүй. Татварыг тэглэх асуудал эдийн засгийн түншлэлийн бөгөөд чөлөөт худалдааны хэлэлцээрээр шийдэгдэнэ.
-Хэлэлцээрт нэгдсэн улс орнууд өөр хоорондоо ямар бараа бүтээгдэхүүн гаргах боломжтой байдаг вэ?
-Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдсэн орнууд нийт дөрвөн удаагийн тарифын хэлэлцээ хийж нийт 10677 бараа бүтээгдэхүүний гаалийн тарифыг харилцан бууруулахаар тохирсон.
-Манай улс энэхүү хэлэлцээрт яг хэзээнээс нэгдэн оров?
-Манай улс тус хэлэлцээрт нэгдэн орох хүсэлтээ анх 2009 онд илэрхийлж байсан. Ингэхдээ 366 нэр төрлийн барааны үндэсний хөнгөлөлтийн жагсаалтыг хэлэлцээрт нэгдсэн орнууддаа танилцуулсан. Улмаар 2018 оны есдүгээр сард тус хэлэлцээрт орох боломж нөхцөл манай улсад нээгдэж, 2019 оны арванхоёрдугаар сарын 12-нд УИХ “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэн орох тухай” хуулийн төслийг баталсан юм. Хуулийн төсөл батлагдсанаар бид Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдсэн долоо дахь гишүүн орон болж, хэлэлцээрийг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс албан ёсоор хэрэгжүүлэх боломжтой болсон юм.
-300 гаруй төрлийн бараа таваарыг хөнгөлүүлэхээр хүссэн гэж байна. Эдгээрт юу юу багтах вэ?
-Бид зөгийн бал, чацаргана зэргийг чадахаараа л экспортлох гэж хичээж байгаа. Эдгээрийг экспортлоход тавигддаг тарифын бус хориг саадыг хөнгөвчилнө. Далд хоригуудаас зайлсхийх боломж нээгдэж байна гэсэн үг. Үүнтэй ижил хэлэлцээрт нэгдсэн зургаан орноос бид импортын бараа авахдаа хөнгөлөлт үзүүлэх юм. Тэдгээр орнуудаас орж ирэх бараанд бид тарифын болон, тарифын бус хориг саадыг тавихгүй байх үүрэг хүлээнэ.
-Үүнээс гадна өөр ямар давуу талууд манай улсад бий болох вэ?
-Монгол Улс өөрөө түүхий эд экспортолдог орон. Бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортолдог оронтой харьцуулах юм бол манай улсад ирэх өгөөж нь бага. Бидэнд зарах бэлэн бүтээгдэхүүн их байж гэмээнэ илүү их ашиг олох юм. Манай улс түүхий эдийнхээ 93 хувийг Хятад руу экпортолж байна. Манай улсын нийт түүхий эдийн 80 гаруй хувийг уул уурхайн түүхий эд эзэлдэг. ОХУ руу бид экспортынхоо 0.9 хувийг гаргадаг. Нэг хувь ч хүрэхгүй байна. Тийм хэрнээ бид импортын бараа бүтээгдэхүүнийхээ 32 хувийг урд хөршөөс, ОХУ-аас 36 хувийг авч байна. Бидний экспортын хүчин чадал маш муу. Энэ асуудлыг бид цогцоор нь авч шийдэх ёстой байгаа юм. Бид экспортын барааныхаа нэр төрлийг нэмэхийн тулд бараа бүтээгдэхүүний чанараа дээшлүүлэх, боловсруулалтын түвшинд сайжруулах ёстой. Бараа бүтээгдэхүүний стандартыг олон улсын түвшинд нийцүүлэх шаардлагатай. Тэгж байж дэлхийн зах зээл бөгөөд гуравдагч оронд гаргана.
Дэлхийн жишгийг харж байхад ийм хэлэлцээрт дийлэнхдээ үйлдвэрлэгч орнууд ордог. Энэтхэг, Өмнөд Солонгос, Шри Ланка, БНХАУ гээд энэ хэлэлцээрт багтсан улс орнууд бүгд үйлдвэрлэгч. Тэд цахилгаан бараа, хувцас, тоног төхөөрөмж гээд бүгдийг үйлдвэрлэж чадаж байгаа.
Манай улс энэ хэлэлцээрт орсны хоёр дахь саад бол хил хязгаар, газар нутгийн бэрхшээл. Энэ хэлэлцээрт нэгдсэн улс орнуудад бараа таваараа хүргэхийн тулд бид Хятадын газар нутгаар л гэхэд 1710 км явж байж далайн боомтод хүрнэ. Мөн ОХУ-ын газар нутгаар 3500 км явж байж далайн боомтод нь хүрнэ. Энэ нь бидэнд нэг том саад болж байгаа юм. Үндсэндээ дөрвөн жил дамнаж байж тэдгээр улсуудад хүрнэ гэхээр хүндрэлтэй л дээ.
Монгол Улсад эдийн засгийн эрх ашиг гэхээсээ улс төрийн эрх ашиг байж болох юм. Учир нь бид хоёр том гүрний голд оршдог. Бид Бангладеш, Шри Ланка, Өмнөд Солонгостой хил залгаагүй ч гэсэн энэхүү хэлэлцээрт оролцоод явахад хамгаалагдах боломж нээгдэх юм.