Боловсролын олон улсын өдрийг тохиолдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Цэдэвсүрэнтэй ярилцлаа.
-Дэлхий даяар боловсролын байгууллагууд ирэх жилүүдэд хэрхэн ажиллахаа ярилцаж, салбартаа тулгамдаад буй асуудлаа хөндөж байна. Манай улсын хувьд 2019-2020, 2020-2021 оны хичээлийн жилийн хувьд цар тахлын улмаас цахим хэлбэрээр хичээл орж байна. Үүнтэй холбоотойгоор хичээл, сурагчдын сурлагын чанарын асуудал шүүмжлэл дагуулж байгаа. Энэ чиглэлээр яам ямар бодлого, чиглэл баримтлан ажиллаж байна вэ?
-НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2018 оны хурлаас жил бүрийн нэгдүгээр сарын 24-ний өдрийг Боловсролын олон улсын өдөр болгохоор шийдвэрлэсэн. Энэхүү өдөр жил бүр шинэ уриатай байдаг. Энэ жилийн уриа нь “Ковидын үеийнхний боловсролын үйлчилгээг сэргээх” юм.
Бид боловсролын салбарын шинэчлэлийн гол бодлогоо “чанар-тэгш байдал-тэгш хүртээмж” гэж тодорхойлсон. Иргэнд боловсрол олгох, эзэмшүүлэх үйл явцыг тасралтгүй, чанартай хүргэх нь бидний үүрэг. Манай улсын хувьд өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд боловсролын үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах зорилгоор хичээл, сургалтын үйл ажиллагааг мэдээллийн технологи ашиглан зайн болон цахим, теле хэлбэрт шилжүүлэн, нийтлэг болон бага, дунд, ахлах ангийнханд тус тусад нь зориулсан олон хэлбэрээр зохион байгуулсаар байна. Эдгээр хэлбэрийн талаар өмнө нь хэвлэл мэдээллээр олон дахин танилцуулсан болохоор дахин давтах шаардлагагүй байх.
Төрөөс буюу яамнаас зайн болон цахим сургалтыг хүүхэд, иргэн бүрд тэгш боломжтойгоор тэгш хамрагдах нөхцөлийг ханган олгохыг зорьж, ажиллаж байна. Мэдээж технологид суурилсан боловсролын үйлчилгээ нь өнөөгийн боловсрол, нийгмийн тэгш бус байдлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй байгааг харгалзан бусад боломжит хувилбарыг давхар хэрэгжүүлэхэд анхаарч байна.
Теле, цахим хичээл бүрэн үзэж, хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдэд хэвлэмэл хэлбэрээр материал бэлтгэн хүргүүлэх, багш нар байнгын эргэх холбоотой ажиллах, зөвлөх, хичээл бататгах, эцэг эхэд нь дэмжлэг үзүүлэх гээд манай орны нөхцөлд таарсан боломжит бүх л арга хэмбэрийг ашиглаж байгаа. Хичээлд хамрагдалт, чанар, хоцрогдлын талаар яам, харьяа байгууллага, мөн хөнддлөнгийн байгууллагаар тогтмол судалгаа хийлгэн, гарсан дүнд нь суурилан авах арга хэмжээний менежмэнтийг өөрчлөн ажилласаар байна.
Улсын хэмжээний “Ковид 19” цар тахлын тархалт, илрүүлэлт, эмчилгээ, тусгаарлалттай холбоотойгоор магадгүй цаашид Улсын Онцгой комисс, Монгол Улсын Засгийн газраас бүх шатны боловсролын сургалтын байгууллагын хичээл, сургалтын танхимын үйл ажиллагааг хязгаарлах, өөрчлөх шийдвэр гаргах нь ойлгомжтой болов уу. Тэгэхээр манай яамнаас 2020-2021 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлаас цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын үйл ажиллагааг танхимын, танхимын болон танхимын бус хосолмол, зайн болон цахим хэлбэрээр явуулах бодлого, стратеги боловсруулж баталсан, түүнийг чанартай хэрэгжүүлэхэд илүү анхаарч ажиллана.
-Алс хязгаар газар, хөдөө амьдардаг сурагчдын хувьд хичээлээсээ хоцрох, нөхөж авч чадахгүй байх зэрэг бэрхшээл тулгарч байгаа. Энэ чиглэлд ямар ажил хийж байгаа вэ?
-Теле хичээлийн хамрагдалт 2019-2020 оны хичээлийн жилд 74.7 хувьтай байсан. Харин 2020-2021 оны хичээлийн жил буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс арванхоёрдугаар сарын 18-ны 6 долоо хоногийн хугацаанд сурагчид 72.6-тайгаар теле хичээлд хамрагдлаа. Үүнээс гадна 69,0 орчим мянган сурагч буюу 10 гаруй хувь нь өөрийн сургуулиас хөгжүүлж, зохион байгуулж буй цахим сургалтын удирдлагын систем, цахим платформын тусламжтай хичээл, сургалтдаа хамрагдсан судалгаа статистик гараад байна. Дээр хэлсэнчлэн теле болон цахим хичээл үзэх техникийн боломж гэр бүлийн орчин бүрдээгүй хүүхдүүдэд чиглэсэн үйл ажиллагааг орон нутгийн боловсролын байгууллагуудад чиглэл өгсний дагуу өөр өөрийн онцлогтойгоор зохион байгуулж байна. Тухайлбал, сургуулийн захиргаа, мэргэжлийн багш нар, анги удирдсан багш нар хамтран хүүхдүүд бие даан хийж гүйцэтгэх дасгал, даалгавар бүхий хэвлэмэл материалуудыг бэлтгэн хүргэж, хүүхдүүдтэй эргэх холбоотой ажиллаж байна.
Монголын Үндэсний статистикийн хорооноос зохион байгуулдаг “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа”-ны үр дүнгээс харахад хотын хүүхдүүдийн 30 хувь, хөдөөгийн хүүхдүүдийн 43 хувь нь ямар нэг байдлаар сургалтын бие даан гүйцэтгэх дасгал, даалгавар бүхий хэвлэмэл материалыг авч ажилласан нь тодорхой үр дүн гарч байгаагийн илрэл юм.
Багш нар мал тооллогын комиссын бүрэлдэхүүнд орж ажиллах зэргээр алслагдсан бүс нутгийн малчин өрхийн хүүхдүүдэд хүрч ажилласан сайн туршлага ч байна. Мөн эрсдэл багатай бүс нутгуудад багш нар гэрээр зочлох аргачлалыг хэрэгжүүлж, хүүхдүүдээ дэмжин хичээл заах, бататгах, зөвлөх зэргээр ажиллаж байгааг сайшаах хэрэгтэй. Мөн багш нараас телевиз, интернэт датагүй, гар утасгүй сурагчдад Econtent.edu.mn сайтаас цахим хичээлийг татан авч, өөрсдөө аав, ээж, ах эгчтэй нь холбогдон бичлэг хэлбэрээр буулгаж шуудангаар хүргүүлэх, бусад аргаар дамжуулан ажиллаж байгаа санаачилга гарсан. Танхимын бус сургалтын үеэр багш нарын ачаалал эрс нэмэгдэн, олон сайн санаачилга, туршлага бий болсон.
-Хүн төрөлхтөн хүссэн хүсээгүй коронавирустэй зохицон амьдрахаас өөр сонголтгүй гэцгээх боллоо. Ирэх сараас танхимаар хичээл оруулах тухай ярьж байгаа. Бэлтгэл ажил хэр байгаа вэ?
-Улсын Онцгой комиссын хуралдаанд танилцуулахаар албан бичгээ явуулсан байгаа, хурлын дараа эцсийн шийдвэрийг гаргана. Бид нөхцөл байдлыг олон талаас судалж, харж, тооцоолж байна, холбогдох бүх мэргэжлийн байгууллагаас судалгаа, мэдээлэл авсан.
Нэгдүгээрт, Улсын Онцгой комиссын шуурхай штабын судалгаа, дүн шинжилгээний бүлгийн хийсэн “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын тархалт түүний динамик” тооцооллоос харахад Улаанбаатар хотод цар тахлын тархалт ойрын хугацаанд буурахгүй байхаар харагдаж байна. Хоёрдугаарт, манай орны 2-4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвөөс үзэхэд хоёрдугаар сарын дундаж агаарын температур олон жилийн дундаж орчим, найман аймагт олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байхаар байна. Өөрөөр хэлбэл, хоёрдугаар сард хүйтний эрч төдийлөн буурахгүй байх судалгаа гарсан байна. Гуравдугаарт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдээллээр 11 аймгийн 89 сум их эрсдэлтэй, 20 аймгийн 152 сум эрсдэлтэй нөхцөл байдалд өвөлжиж байна. Отрын бүс нутагт нийт 26.6 мянган өрх өвөлжиж байна. Бидний авсан мэдээллээр отрын бүс нутагт эцэг эхийн хамт цэцэрлэг, сургуулийн насны 19.9 мянган хүүхэд байна. Дөрөвдүгээрт, Боловсролын хүрээлэнгээс цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн орчинд хичээл, сургалтын үйл ажиллагааг 2021 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлүүлэхийг дэмжих эсэх талаар багш, суралцагч, эцэг эх, асран хамгаалагчийн тандах судалгаа авсан. Судалгаагаар суралцагчдын 45 хувь нь дэмжиж байна, 35 хувь нь дэмжихгүй гэсэн хариулт өгсөн. Харин эцэг эх, асран хамгаалагч, багш нарын 16 хувь нь дэмжиж байна, 24 хувь нь цар тахал гараагүй аймагт нээхийг дэмжиж байна, 20 хувь нь нэг ангид хичээллэх хүүхдийн тоо цөөн байхаар хуваарилалт хийж хичээллэхийг дэмжиж байна гэсэн бол 38 хувь нь дэмжихгүй гэж хариулсан байна. Тавдугаарт, УОК-оос Монгол түмний уламжлалт Цагаан сарын баярын үеэр дахин хөл хорио тогтоох талаар мэдэгдсэн. Хэрвээ бид сурагчдын нэгдүгээр улирлын амралтыг дуусган хичээл эхлүүлье гэж үзэхэд 10 хоног хичээллээд дахин хөл хорионд орж танхимын хичээл теле цахим руу шилжинэ.
Тийм учраас 2021 оны хоёрдугаар сарын 1-нээс цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл сургалтын үйл ажиллагааг зайн болон теле, цахим хэлбэрээр эхлүүлж, мэргэжлийн байгууллагуудын санал, зөвлөмжийг үндэслэн гуравдугаар сарын 1-ний өдрөөс танхимын, танхимын бус хосолсон хэлбэрээр эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна.
-Цаашид ерөнхий боловсролын сургалтын системд цахим хэлбэр тодорхой хувийг эзэлнэ гэцгээж байна. Үүнд таны бодол?
-Боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагаа болон сургалтыг цахим хэлбэрт үе шаттай шилжүүлэхэд нэн тэргүүнд хууль эрх зүйн орчноо бид тодорхой болгох ёстой. Өөрөөр хэлбэл, сургалт, үйл ажиллагааг танхимын сургалтаас гадна зайн, цахим болон холимог хэлбэрээр зохион байгуулах эрх зүйн орчинтой болох нь чухал. Учир нь одоогийн мөрдөгдөж боловсролын хуулиудад энэ чиглэлийн зохицуулалт байхгүй. Манай яамнаас боловсролын цахим шилжилт, үйл ажиллагааны талаар УИХ-ын холбогдох байнгын хороонд танилцуулан, хамтарсан хэлэлцүүлгүүд зохион байгуулсан. Мөн 90 сургууль сонгон авч мэдээлэл технологийн мэргэжлийн байгууллагатай хамтран үйл ажиллагаа, сургалтад цахим технологи ашиглах туршилт эхлүүлээд байна. Сургалтын хөтөлбөр, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн одоогийн хэвлэмэл хэлбэрээс гадна цахим хэлбэрээр боловсруулагдах, хүүхдийн сурах хэрэгцээ шаардлагыг хангах хэрэгтэй байгаа.
Багшаас олон зүйл шалтгаалах болж байна. Багшийн цахим сургалтыг зохион байгуулах мэдлэг, чадварыг хөгжүүлэх, багшлах арга зүй, мэргэжлийн ур чадварыг сайжруулахад анхаарч, мэргэжлийн тасралтгүй хөгжилд дэмжлэг үзүүлэх нь гол асуудал болж энэ чиглэлээр сургалтууд хийгдэж байна.Орон нутгийн удирдлагууд иргэдээ зайн, цахим хэлбэрээр боловсрол эзэмшихэд зориулж харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэд бүтэц, программ болон техник хангамжийг хариуцан шийдвэрлэдэг байх нь чухал байна.
-Хууль эрх зүйн орчныг тодорхой болгоно гэлээ. Саяхан Засгийн газрын хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барихыг дэмжсэн. Энэ хуулийн төслийн ерөнхий агуулгыг сонирхож болох уу. Хэрвээ энэ хууль батлагдаад хэрэгжиж эхэлбэл ямар дэвшил, ахиц гарах вэ?
-Нэн тэргүүнд энэ хуулийн төслийг Монгол Улсын хөгжлийн 2050 урт хугацааны бодлого, боловсролын салбарын дунд хугацааны 2030 бодлого, төлөвлөлтөд тусгагдсан бодлого, зорилтыг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэхэд чиглүүлсэн. Боловсролын салбарын чанарын шинэчлэлийн гол суурь нь хууль эрх зүйн орчноо шинэчлэх, сайжруулах явдал л даа. Бид шинэчлэл реформ гэж яриад түүнийгээ хийх хэрэгжүүлэхэд эрх зүйн орчин нь хуучнаараа, зохицуулалтыг хийх боломжгүй хэмжээнд байгаад байвал ямар ч үр дүнгүй. Иймд бид салбарын багц хуулийн шинэчлэлийн асуудалд онцгой анхаарч, багаараа маш идэвхтэй ажиллалаа. Боловсролын зорилго одоо, ирээдүйд ямар байх ёстой вэ, хэрхэн алсыг харсан, бодитоор тодорхойлох вэ гэдэг өөрөө хамгийн чухал асуудал. Аливаа хуулийн зорилго зөв тодорхойлогдвол тухайн хуулийн зохицуулалт бодитой, зөв томьёологдон хэрэгждэг. Иймд бид зорилгоо шинэчлэн тодорхойлсон.
Боловсролын чанар, хүртээмжийн адил тэгш байдал, агуулга, сургалтын хөтөлбөр, боловсрол эзэмшихэд гарч буй ирээдүйн чиг хандлага, сургалтын зохион байгуулалт, арга, хэлбэр, багш бэлтгэх үйл явцыг шууд хуульчлах, багшийн хөгжил, баталгаа, ажлын үр дүнг сайжруулах, хариуцлагатай, үр дүнтэй санхүүгийн тогтолцоонд шилжих, суралцагчын эрхийг нэмэгдүүлэх, дэмжих, цахим боловсрол, эцэг эхийн хариуцлага, үүргийг оновчтой болгох зэрэг зохицуулалтыг шинэчлэн боловсруулсан.
Мэдээж насан туршдаа-тасралтгүй суралцах, тэгш байдлыг хангах, хэнийг ч боловсролын гадна орхихгүй тэгш хамран сургах, тэгш боломж бүрдүүлэх зарчмыг хуулийн зохицуулалтад тусгасан.
Хуулийн шинэчлэл, зохицуулах харилцаа, үйл ажиллагааны талаар хоёулаа их удаан ярилцах ёстой болох байх. Дараа дэлгэрэнгүй сайхан ярилцъя.
–“Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөл манайд амжилттай хэрэгжиж, хот хөдөөгийн ЕБС-иуд хамрагдаж байгаа. Дэлхийн улс орнуудын хувьд тогтвортой хөгжлийн боловсролдоо ихэд анхаарч, энэ чиглэлд тусгай хөтөлбөр хүртэл гаргаж ажилладаг. Яамны зүгээс “Тогтвортой хөгжлийн боловсрол”-ын чиглэлээр барьж буй бодлого?
-Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр манай яам болон Байгаль орчин, аялал, жуулчлалын яамтай хамтран Тогтвортой хөгжлийн боловсролын төслийг хэрэгжүүлсэн. Өнгөрсөн оноос энэ төслийн хоёрдугаар үе шат эхэлсэн.Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын хүрээлэн төслийг хэрэгжүүлэх түшиц байгууллагаар ажиллаж байгаа бол Байгаль орчны Мэдээлэл сургалтын төв ТББ төслийн зохион байгуулалт, техник ажлыг хариуцдаг.
Монгол Улсын бүх шатны боловсролын сургалтын агуулга, хөтөлбөр, багшийн арга зүй, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнд тогтвортой хөгжлийн үзэл санааг тусгаж, бүх түвшиндээ хэрэгжилтийг бодит болгоход энэ төслийн үр дүн чиглэгддэг. Монгол Улсын хэмжээнд сонгогдсон орон нутаг, ерөнхий боловсролын сургуулиуд дээрхи чиглэлээр суурь бичиг баримтаа боловсруулж, бодлогоо тодорхойлсон. Одоо үндэсний хэмжээнд үүнийг түгээн дэлгэрүүлж, бүх нийтийн хүртээл болгоход төслийн 2 дугаар шатны гол зорилго чиглэж байгаа.
“Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөлд манай хэдэн сургуулийн, хичнээн сурагч хамрагдаад байгаа вэ?
-Улсын хэмжээнд зургаан аймгийн болон нийслэлийн хоёр дүүргийн ерөнхий боловсролын 30 сургуулийн 107 удирдлага, 1922 багш, 812 ажилтан, 41315 сурагч хамрагдаж байгаа.
-Иргэд нь ерөнхий боловсролын сургуульд суралцах наснаасаа эхлүүлээд тогтвортой хөгжлийн боловсрол эзэмших нь тухайн улсын хөгжилд ямар ач холбогдолтойг та мэргэжлийн хүний хувьд тайлбайрлавал?
-Тогтвортой хөгжлийн зорилгыг 2015 онд НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар баталж, 2016 оноос дэлхийн улс орнууд хэрэгжүүлж ирсэн. 2016 онд манай улсын УИХ-аас Монгол Улсын “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг баталсан.
Дэлхий нийтээрээ тогтвортой хөгжлийн асуудлын гол цөмөө улс орны ядуурлыг устгах, иргэдийнхээ эрүүл мэндийг дэмжих, иргэнд чанартай сайн боловсрол олгох, хүний амьдралын эх булаг болсон баталгаатай ундны усаар хангах, нийгмийн хөгжилд инновацийг хөгжүүлэх, тэгш бус байдлыг бууруулах, нийгмийн хөгжилд иргэдийн оролцоог дэмжих, хариуцлагатай байх, шударга ёсыг сахих гэж тодорхойлж байгаа. Энэ мэдлэгийг хүүхдэд багаас нь сургалтын агуулга, хөтөлбөрөөр нь дамжуулан эзэмшүүлэх, ойлгуулах, амьдралд нь хэвшүүлэх, төлөвшүүлэх ёстой. Бүх шатны боловсролын агуулгыг тогтвортой хөгжлийн төлөөх үзэл баримтлалаар баяжуулан зөв хүмүүжил, хандлагыг ирээдүй хойч үеийнхэндээ төлөвшүүлэх замаар амьдралын нөхцөлийг нь сайжруулах ёстой гэж үзэж байна.
-Угтаа бол монголчууд дээр үеэсээ амьдрал ахуйдаа хэрэгжүүлж ирсэн зан заншил, зан үйл нь тэр чигээрээ тогтвортой хөгжлийн боловсрол байсан учир энэ боловсролыг дахин суулгахад хөрс нь бий гэцгээдэг шүү. Төслийн үр дүнгүүдээс сонирхож болох уу?
-Тийм ээ, тантай зарим талаар санал нэг байна. Монголчууд бид түүхэн уламжлалтай, баялаг зан заншилтай, өөдрөг, сайхан сэтгэлтэй ард түмэн. Монгол Улсын эдийн засаг сүүлийн 20-иод жилд хурдацтай өсөхийн хэрээр нийгэмд зарим талаараа баян, ядуугийн ялгаа ихсэж, тэгш бус байдал бий болжээ. Түүнчлэн хотжилт эрчимтэйгээр явагдаж нийт хүн амын 66 хувь нь хот суурин газарт амьдарч байна. Технологийн дэвшил бидний амьдралд өөрчлөлтүүдийг авчирч, замын түгжрэл, агаар, хөрсний бохирдол, бэлчээрийн даац, хог хаягдал гээд олон тулгамдсан асуудал бий болсоор л байна.
Тогтвортой хөгжлийн зорилго, үзэл баримтлалын хүрээнд хэрэгжүүлж буй тогтвортой хөгжлийн боловсрол төсөл үр дүнгээ өгөх ёстой. Нийгмийн бүх гишүүд өөрийн нийгмийг хөгжүүлэхэд тэгш оролцож, түүнийхээ үр шимийг хүртэж сайхан амьдрах ёстой, эрүүл орчинд аж төрөх ёстой, сайн боловсрол эзэмших ёстой. Энэ бол тогтвортой хөгжлийн үндсэн зарчим. Бид ийм сэтгэлгээ, хандлагатай ирээдүйг хойч үеийг бэлтгэхийг зорьж байна.