Categories
мэдээ улс-төр цаг-үе

Л.Болд: Оффшорын мөнгөний тоог Ерөнхийлөгчийн тогтоолыг УИХ-аар хэлэлцэх үеэр тодорхой мэдээлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, Батлан хамгаалахын бодлогын зөвлөх, УИХ-ын гишүүн асан Л.Болдтой ярилцлаа.


-Монгол Улс ковид цар тахлыг дотооддоо алдаад нэлээд хугацаа өнгөрлөө. Хөл хорио ч тогтоогоод явж байна. Таны хувьд цар тахалтай тэмцэж буй нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Цар тахалтай тэмцэж буй нөхцөл байдлыг хүн бүр мэдэж байгаа. Нийтийн дунд алдах хүртэл зөв ажиллаж байсныг ажлын үр дүн нь нотолно. Гэвч УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуулийг зохион байгуулсны дараа эрх баригчид илт тайвширч, назгайран хариуцлага алдаж цалгардсаны горыг өнөөдөр бид улс орноороо амсаж байна. Одоо хамгийн гол нь хүн амаа өргөн хүрээтэй вакцинжуулах ажлыг яаралтай хийж, нийтийн дархлааг бий болгоход бүх анхаарлаа чиглүүлэх цаг юм. Ард иргэдээ хааж боогоод, хөл хориог чангалах, сулруулах замаар хэдий хэр удаан явах вэ. Хөл хориогоор аргацаах нь үр дүн муутай гэдгийг гадны туршлага ч харуулж байна. Дашрамд хэлэхэд, вакцин авах зардал мөнгийг яаралтай шийдвэрлэх, гадаадад байгаа иргэдээ яаралтай татах талаар Ерөнхийлөгчөөс өгсөн чиглэлийг хэрэгжүүлэхэд эрх баригчид хойрго хандаж байгаа нь буруу юм.

-Коронавирусийн халдварын хорио цээрээс болж үйлдвэр, аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа барьж, ард түмний амьдрал туйлын хүнд байдалд орж байна. Ямар арга хэмжээ авах нь зүйтэй гэж та үзэж байна?

-Цар тахлын хамгийн том хохирогч нь ард иргэд, аж ахуй, бизнес эрхлэгчид болж байна гэдэг нь туйлаас үнэн. Үүнд, дэлхий дахинд нэг л төрлийн арга хэмжээ авч байгаа. Эдгээр иргэд, аж ахуйн нэгжийн өдөр тутам бодитойгоор санхүүгийн алдагдал хүлээж байгаа байдлыг бага ч болов хөнгөлөх гэж дэлхийн улс орнуудын төр засгаас хичээж байна. Санхүүгийн алдагдлыг нь санхүүгийн дэмжлэг туслалцаагаар нөхөх зохицуулалт энэ тахлын үед баримталж байгааг ойлгох хэрэгтэй. Иймээс иргэдэд бэлэн мөнгөний дэмжлэг, аж ахуйн нэгжүүдэд ажлын байрыг нь тогтвортой хангах үүднээс цалингийн санг нөхөн олгох арга хэмжээг авах нь зүйтэй гэж үзэж байна.

-Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсээс орж ирсэн хөрөнгөөр өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх УИХ-ын тогтоолын төсөл өргөн барьсан. Сангийн сайд төсөвт мөнгө байхгүй гээд байгаа шүү дээ. Оффшор бүсээс мөнгө оруулж ирэх ажил сүүлийн хоёр жил нэлээд идэвхтэй явсан гэж Ерөнхийлөгч ярилцлагадаа дурдсан. Хэдий хэмжээний мөнгө орж ирсэн гэж ойлгох вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өрх бүрт нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх санаачилга гаргаж, Улсын Их хурлын тогтоолын төслийг нь өргөн барихдаа Засгийн газартай урьдчилж зөвшилцөж хийсэн алхам юм. Тэр үед улсын төсөвт тусгагдаагүй байсан, төсвөөс гадуур орж ирсэн эх үүсвэрээр санхүүжүүлэхэд татгалзах зүйл байхгүй гэж зөвшилцсөн. Оффшор бүсээс орж ирсэн мөнгө энэ тохиролцоонд хамаарна гэж бодож байна. Мөнгөний тоо дүнг Ерөнхийлөгчийн өргөн барьсан тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэх үеэр тодорхой мэдээлэгдэх байх. Хоёр долоо хоногийн хугацаа алдсан ч тогтоолыг хэлэлцэж эхэлсэн нь сайшаалтай. Тогтоол дэмжигдвэл хоёр талын асар их ач холбогдолтой. Нэгдүгээрт, бэлэн мөнгөний хомсдолд орсон ард иргэддээ хэцүү цаг үед бодитой дэмжлэг үзүүлнэ, хоёрт үүд хаалгаа барихдаа тулсан дотоодын үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчиддээ бага ч гэсэн амь тариа хийх юм. Гол нь төр засгаас зөв чиглэлд авах шат дараалсан олон арга замын эхлэл болно.

-Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж болох эсэх талаар хуульчид яриад эхэллээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгч дахин нэр дэвших боломжгүй болчихсон хэрэг үү. Хуульдаа Ерөнхийлөгч дахин нэр дэвших боломжтой юм уу, үгүй юм уу?

-Монгол Улсын Үндсэн хуульд хэн нэгнийг 2021 оны сонгуульд нэр дэвших боломжийг хязгаарласан ямар ч заалт байхгүй. Ийм заалтыг Үндсэн хуулиас хайгаад олохгүй. Хуульчид ч энийг сайн мэдэж байгаа. Ер нь сонгуулийг урьдчилж, хуулийн аргаар хүний эрхийг зөрчих замаар шийдэх гэж оролдохыг болих хэрэгтэй. Үндсэн хуулийн дагуу шийдвэрийг ард түмэн л гаргадаг байх ёстой. Миний хувьд 1992 онд Үндсэн хуулийг анх батлахад оролцож байсан. 1999 оны дордуулсан долоон өөрчлөлтийг батлахад ч гишүүн байсан. Өнгөрсөн онд дээрдүүлсэн гээд байгаа эдгээр өөрчлөлтийг батлахад ч ажлын хэсэгт нь орж ажилласан. Аль ч үед хуулийг дээдлэх, хүний эрхийг хангах нь Монгол Улсын Үндсэн хуулийн суурь философи гэдэг үзэл бодол дээрээ бат зогсдог хүний хувьд ийм хариу хэлэх байна.

-Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдлаа. Энэ хууль гарснаар иргэдийн хүсч хүлээдэг шударга шүүх, шүүгч бий болох болов уу. Энэ хуулиар Ерөнхийлөгчийн эрх мэдэл нэлээд хумигдсан талаар ч ярих юм. Хуулийн талаар таны байр суурийг сонсъё?

-Бид бүгд нийгмийн амьдралын зангилаа болсон энэ чухал багц хуулийн үзэл суртлыг кампаничилсан аргаар нэг намын бүлгийн дарамт шахалтаар шийдвэрлэсний гэрч боллоо. Өмнөх Их хурлын үед яг энэ кампаничилсан маягаар эрүү, эрүүгийн процессын багц хуулийг батлахад эцсийн цаад үр дүн нь хулгайн замаар гувчуулсан хэрэг хөөн хэлэлцэх хугацааг хүчингүй болгох нууц зорилго байсан нь ил болсон. Нийгмээрээ харсан. Яг энэ жишгээр дахиад л нэг намын илт нөлөөтэйгөөр яах аргагүй ялсан намын хуулийн шинэ хонгил үүсчихлээ. Хаана хүрч зогсохыг та бид бас л харах болно. Харамсалтай нь ингэж далд хонгил үүсгэж баталсан хууль, тогтоомжуудын эцсийн хохирогч нь ард түмэн л болдог. Хууль нь шинэчлэгдсэн ч шүүгчид нь хэвээрээ байгаа. Уг нь шүүгчдийн томилгооны эрх мэдлийг УИХ болон Ерөнхийлөгч хуваах нь засаглалын хяналт, тэнцвэрийг хангах тал дээр илүү үр дүнтэй гэдгийг олон хуульчид, судлаачид, иргэний нийгмийн төлөөлөл сануулж, хэлж байсан. Хоёр жилийн өмнө яг энэ өдрүүдэд Монголын ард түмэн Сүхбаатарын талбай дээр жагсаал цуглаан хийж, МАНАН бүлэглэлийн хонгилыг нурааж, шүүх засаглалд хийх шинэчлэлийг эхлүүлсэн. Харамсалтай нь энэ хүрээд шударга ёсны хувьсгал замхарлаа. Мөн нийгэм эргээд нэг намын хязгааргүй ноёрхолд 30 жилийн дараа эргээд орлоо. Миний хувьд 1990 онд оюутнуудынхаа хамт чухам үүнийг л эсэргүүцэж тэмцсэн. Хоёр жилийн өмнө нам дамжсан дарангуйллыг эсэргүүцэж жагссан. Энэ зорилгын төлөө тэмцлээ цаашид ч үргэлжлүүлэх болно.

-Хоёр жилийн өмнөх жагсаал, тэмцэл гэснээс яг энэ нөхцөл байдлын дараа бий болсон ШИНЭ нам одоо үйл ажиллагаагаа хэрхэн явуулж байгаа вэ?

-Сонгуулийн булхай луйвар ШИНЭ нам руу онцгойлон чиглэсний хүчинд манай нам УИХ-д суудалгүй болсон. Хэрвээ манай нам парламентад сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж байсан бол одоогийн Их хуралд гишүүдийн тооноос үл хамааран хүчтэй нөлөөлөх байсныг хүмүүс гадарлах байх. Гэлээ гэхдээ ШИНЭ нам энэ хугацаанд зүгээр суусангүй, орон нутгийн сонгуульд оролцож тодорхой тооны төлөөлөлтэй боллоо, Төв Зөвлөлийн хурлаа цахимаар хийлээ. Удахгүй намын Их хурлаа мөн хийхээр төлөвлөөд ажиллаж байна.

-Таныг Герман улс руу Элчин сайдаар явах гэж байгаа гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-ХБНГУ-д томилогдох Элчин сайдад тус улсад боловсрол эзэмшсэн хэд хэдэн хүний нэр дэвшиж байгаа гэдгийг мэдэж байгаа. Одоогоор албан ёсоор санал болгосон зүйл байхгүй. Гадаад харилцаа, Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсны хувьд мэргэшсэн чиглэлээрээ Ерөнхийлөгчид зөвлөх санал тавьсныг би хүлээн зөвшөөрөөд одоо Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, Батлан хамгаалахын бодлогын зөвлөхөөр ажиллаж байна.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Оюу толгой” төслийн тухай бүрэн мэдээллийг ирүүлэх тухай албан тоотыг Засгийн газарт хүргүүлсэн. Энэ тухайд?

-Миний хувьд ашигт малтмал газрын тосны агентлагийн даргаар дөрвөн жил ажиллахдаа олж авсан итгэл үнэмшлээрээ 2008 оноос гурван УИХ дамжин баялгийн хувьсгалыг хийх үйл хэрэгт хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн. Энэ чиглэлээр хэд хэдэн хууль гаргахад санаачилж оролцсон. Үр дүнг нь ард түмэн бодитойгоор мэдэрч хүртсэн болов уу. Хамгийн сүүлд Оюу толгой ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах талаар УИХ-аас чухал тогтоол гаргахад оролцсон. Хоёр жилийн өмнө “Манан”-гийн эсрэг баялгаа алдсан ард түмэнтэйгээ хамт бүр идэр есийн хүйтэнд гудамжинд гарч тэмцсэн. Хэрэв ялагдсан бол өнөөдөр бид бүгд “Манан”-гийн хонгилд дүүжлүүлэх байсан биз. Монголын маань ирээдүй ч тун бүрхэг болох байсан. Чухамдаа Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмний талд сонголт хийсэн учраас өнөөдөр бид Эрдэнэт, Таван толгой, Салхит, Асгат, Багануур, Бэрх, Бор-Өндөр гээд 100 гаруй томоохон ордоо төрдөө эргүүлж аваад байна. Үүний төлөө тэмцсэн хүн бүрийг харлуулах аян дайн дэгдээд байгаагийн цаад шалтгаан нь ердөө энэ. Оюу толгойн хувьд ч өнөөдөр шийдвэрлэх цаг үе ирж байна. УИХ-ын тогтоол одоо бодит ажил болох ёстой. Баялгийн төлөө шударга ёсны хувьсгалыг удирдсан Л.Оюун-Эрдэнэ ажлын хэсгийг ахалж байгаа учир Монголын ард түмэн итгэж найдаж байгаа. Гэхдээ дэлхийн хэмжээний энэ том орд дээр эх орныхоо эрх ашгийг хамгаалахад чухамдаа одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын үүрэг оролцоо асар их байх болно. Миний хувьд Х.Баттулга Ерөнхийлөгчтэй хоёр ч Засгийн газрын танхимд хамтран ажиллахдаа түүнийг нугаршгүй эх оронч, үндэстний үзэлтэн гэдгийг бүрэн ойлгосон.

-Ерөнхийлөгч Шүүхийн тухай хуульд хориг тавина гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Миний хувьд хориг тавих нь зүйтэй гэж үзэж байгаа. Шударга гишүүд олон байгаа гэж найдаж байна.

Categories
мэдээ нийгэм улс-төр

​МАН-ын бүлэг: Гурван хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан болж, хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн болон нэр бүхий гишүүд мэдээлэл хийлээ. Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг дэмжих тухай, Ерөнхийлөгчийн гурван хуульд тавьсан хоригийг хүлээж, авах эсэхийг хэлэлцсэн байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “32 дахь Ерөнхий сайдад МАН-ын Бага хурлаас Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлсэн. Нэр дэвшигчээс бүлгийн гишүүд асуулт асууж, үг хэлээд 100 хувийн саналаар дэмжсэн.

Авилгын эсрэг хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан. Энэ хуульд хоёр өөрчлөлт оруулсан. Нэгд, АТГ-ын даргыг Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилдог байсныг Ерөнхий сайдын санал болгосноор томилохоор болсон. Энэ заалтад Ерөнхийлөгч хориг тавьсан. Хоёрт, АТГ-ын даргыг өмнө нь Ерөнхийлөгч санал болгодог байсан. Одоо АТГ-ын дарга өөрөө дэд даргаа санал болгож, УИХ-аар томилуулдаг эрх зүйн өөрчлөлт оруулсан. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг МАН-ын бүлэг хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Хүлээн авахгүй байх хоёр үндэслэл байна. Нэгд, энэ бол Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд хийгдэж байгаа өөрчлөлт. Хоёрт, Үндсэн хуульд нэмэлт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үүрэг зөвхөн Засгийн газарт байгаа. Энэ өөрчлөлт бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу хийгдэж байгаа. АТГ-ыг Засгийн газрын харьяанд аваагүй. УИХ-ын харья байгууллага байсан. Одоо ч хэвээрээ байгаа.

Шүүхийн тухай хууль, Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуульд тавьсан хоригийг МАН-ын бүлэг хүлээж авах боломжгүй гэсэн шийдвэр гаргасан” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ-аас өлсгөлөнгөө зогсоох албан мэдэгдэл С.Ганбаатар гишүүнд хүргүүлжээ

УИХ-ын гишүүн С.Ганбаатар 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдсэнтэй холбогдуулан Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газраас энэхүү үйл ажиллагааг зогсоох тухай албан мэдэгдлийг хүргүүлжээ.

С.Ганбаатарын гаргаж буй энэхүү үйлдэл, үйл ажиллагаа нь Монгол Улсын “Жагсаал цуглаан хийх журмын тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасны дагуу бүртгүүлэлгүйгээр жагсаал, цуглаан зохион байгуулах, мөн түүнчлэн дэлхий нийтэд тархаж байгаа коронавируст /КОВИД-19/ халдварт цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргаас гаргасан 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/25 дугаартай захирамжийг зөрчиж байна хэмээн цагдаагийн байгууллагаас мэдэгдлээ.

Иймд ЦЕГ-аас “Иргэдийг хуулиа дээдэлж, цар тахлын үед хүн ихээр цугларсан газарт очихгүй байх, амны хаалтаа тогтмол зүүж хууль бус жагсаал цуглаанд оролцохгүй байхыг анхааруулж байна” гэлээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

K-Pop урсгалын 10 алдартай хамтлаг

Дэлхийн урлагийн салбарт Ази уран бүтээлчид ид хүчээ авч байгаа билээ. Энэ үед бид өнгөлөг видео клип, хүчтэй хоолой, өвөрмөц өнгө аясаараа хөгжмийн ертөнцөд шуугиан тарьж байгаа K-Pop хамтлагийг сонирхуулж байна.

How K-Pop Stans Became an Activist Force to Be Reckoned With | WIRED

BLACКPINK: YG Entertainment-ийн анхны эмэгтэй хамтлагаас хойш долоон жилийн дараа debut хийсэн хамтлаг юм. “YG Entertainment”-ийн зүгээс мэдэгдэхдээ тэд царай, дуулалт болон бүжиглэх чадвараар нь дүгнэж, олон орноос шалгаруулалт авч сонгосон хэмээсэн байна. Одоогоор “YG Entertainment”-ийн хамгийн залуу хамтлаг юм. 2018 онд гаргасан “Ddu-du Ddu-du” гэх дуу нь 24 цагт хамгийн их хандалт авсан уран бүтээлийн чартад 4-т жагссаж байжээ.

BIGBANG: K-Pop хөгжмийг Ази төдийгүй дэлхийн тавцанд гаргасан Өмнөд Солонгосын алдарт Big Bang хамтлаг нь 2006 оны наймдугаар сарын 29-нд анх удаа тайзан дээр гарч байжээ. Мөн 2020 онд Хөгжмийн хамгийн том фестивалиудын нэг болох “Coachella” наадамд “The Hu” хамтлагтай хамт оролцож байсан юм.


T-ARA: 2009 оны зун зургаан гишүүнтэйгээр байгуулагдсан. 2013 он гараад “Bunny Style!” гэсэн шинэ япон дуугаа олон нийтэд хүргэсэн байна. Харин есдүгээр сард Etv телевизийн урилгаар Монголд ирж байсан юм. Монгол ирэхдээ “No9” дууныхаа клипийг хийсэн билээ. Аравдугаар сард “Number Nine” дуугаар “Again” цомгоо гаргаж байв.

SUPERJUNIOR: 2005 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр S.B.Entertainment-тай гэрээ байгуулснаар 12 гишүүнтэйгээр уран бүтээлээ гаргаж байсан. Түүнчлэн Өмнөд Солонгосын Super Junior хамтлагийн гишүүн Кангин хамтлагаа орхиж буйгаа зарлаад удаагүй байх үеэр хамтлаг Саудын Арабт тоглолтоо хийжээ. Тэдний тоглолт Ойрхи Дорнодод зохион байгуулагдсан K-pop урсгалын анхны тоглолт болсон аж.


BTS: 2020 оны сүүлийн хагасын байдлаар 20 сая гаруй цомог борлуулсан бөгөөд Өмнөд Солонгосын түүхэн дэх хамгийн их борлуулалттай уран бүтээлчид юм. Тэдний Map of the Soul: 7 цомог нь 4,332,207 хувь борлогдсоноор Өмнөд Солонгосын хамгийн их борлуулалттай цомгийн рекордыг эзэмшдэг. Тус хамтлагийн “Dynamite” дуу нь Youtube дээрх хоногийн дотор хамгийн их хүн үзсэн үзэлттэй дуугаар шалгарсан. Үзэлт нь 101.1 сая байдаг бөгөөд хамгийн хурдан хугацаанд +700 сая үзэлт хүрсэн юм.


MAMAMOO охидын хамтлагийн гишүүн HWASA: Түүний ‘María’ цомог Spotify дээр 100 сая stream давсан байна. Энэ дуугаа 2020 оны зургадугаар сарын 29-нд гаргасан бөгөөд үзэгчдийн сонсох дуртай дууны нэг болжээ.

EXO: Солонгос, Хятад нийлсэн нийт 12 гишүүнтэйгээр уран бүтээлээ эхэлж байсан. Эксо-М Мама дуу нь Хятадын Sina Album чартад хоёрдугаарт бичигдэж байсан бол Солонгос хувилбар Gaon Album чартын тавдугаарт бичигдсэн юм. Харин Billboard World Albums чартад 12 дугаарт бичигдэж байсан нь маш том амжилт байлаа.

GOT7: Өмнөд Солонгос Улсын хөвгүүдийн хамтлаг болох GOT7 нь 2014 оны нэгдүгээр сарын 16-нд “Girls Girls Girls” гэх дуугаараа JYP энтертайнментийн дэмжлэгтэйгээр K-POP ертөнцөд хөл тавьж байв. Хамтлагийн ахлагч JB болон Jinyoung хоёр хамтдаа “JJ PROJECT” гэх нэртэйгээр 2012 онд дебут хийж байсан аж.

TWICE: 2015 оны дөрөвдүгээр сарын 29-нд “JYP” албан ёсны хэвлэлийн хурал хийж, SIXTEEN төслийн хүрээнд охидын шинэ хамтлаг гаргах болов. TWICE хамтлаг анхны цомгоо 2015 оны аравдугаар сарын 20-нд “The Story Begins” нэртэйгээр гаргаж байсан.

ASTRO: 2015 онд “Fantagio Entertainment”-ийн дор байгуулагдсан тус хамтлаг зургаан хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байв. Jinjin, MJ, Cha Eunwoo, Moonbin, Rocky, Yoon Sanha гишүүд юм.

www.admin.dnn.mn

Categories
мэдээ нийгэм

Автотээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор 6946 хүн нэвтэрчээ

Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх 9 товчоогоор өнгөрсөн 24 цагийн хугацаанд албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор 6946 хүн нэвтэрчээ.

Тодруулбал, 1883 тээврийн хэрэгслээр 3520 зорчигч хот руу нэвтэрч, 1608 тээврийн хэрэгслээр 3426 зорчигч хотоос гарсан байна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд Эрүүл мэнд, Онцгой, Цагдаа, Мал эмнэлэг, Мэргэжлийн хяналтын 84 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэлээ.

Үүнээс эрүүл мэндийн байгууллагын 28 албан хаагч ажиллаж, авто тээврийн товчоодоор нэвтэрсэн нийт зорчигчдод эрүүл мэндийн хяналт хийхэд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.

Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлэг Цэцийн дүгнэлтийг дэмжлээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг даваа гаригийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлт, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг гэсэн хоёр асуудлыг хэлэлцэв.

Үндсэн Хуулийн Цэцээс Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн гурван заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Тухайлбал, 0-3 настай хүүхдээ асарч байгаа эхэд тэтгэмж олгоод эцэгт бол олгохооргүйгээр хуульчилсан байна. Уг нь улс төр, нийгэм, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй байх ёстой. Хүүхдээ асарч халамжлах үүргийн хувьд ч эх, эцэг хоёр тэгш эрх эдэлж, үүрэг хүлээх нь зүйн хэрэг. Гэтэл 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжийг эцэг нь авах боломжтой тохиолдлуудад зөвхөн “тэтгэмж авах эх нас барсан, эсхүл тэжээн тэтгэхээс зайлсхийсэн тохиолдол” хамаарч байгаа нь хүүхдээ асарч байгаа эцэг хүний хувьд эрхийг нь хязгаарласан байна гэж Цэц дүгнэжээ. Тиймээс дээрх хуулийн заалтын үйлчлэлийг түдгэлзүүлэхийг гишүүд дэмжлээ. Харин Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-нд баталсан. Өмнөх хуульд Авлигатай тэмцэх газрын дарга болон дэд даргыг Ерөнхийлөгч санал болгодог байсан. Хуулийн төсөлд Авлигатай тэмцэх газрын дэд даргыг дарга нь томилдог байна гэж оруулж хэлэлцэж байсан ч явцын дунд Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайд томилдог байхаар хуульчилж баталсан. Энэ заалтад Ерөнхийлөгч хориг тавиад байгаа юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Иргэд “НӨАТ-ын сугалаагаа болиулж, 10 хувиа буцаан авах нь шударга ” гэв

НӨАТ-ын урамшууллын сугалааг зогсоож, 10 хувийг буцаан олгох талаар яригдаж байгаа билээ. DNN-тодруулга буланд энэ талаарх иргэдийн байр суурийг хүргэж байна.

Сүхбаатар дүүргийн VII хорооны иргэн А.Гэрэлтуяа:

-Баримт бүртгүүлээд гурван жил болоход миний хувьд нэг л удаа сугалаанд хожиж байсан удаатай. Гэхдээ эргэн тойрны хүмүүсээ харахаар сугалаанд хожсон тохиолдол бараг байхгүй. Ажилтнууд нь өөрсдөө азтан болох замаар шударга бус явагддаг эсэхийг баттай хэлж мэдэхгүй ч үнэний ортой гэж боддог. Ер нь ААН, иргэн байсан ч ялгаагүй арван хувийн буцаан олголтоо авах ёстой гэж бодож байна. Хоёр хувь гэдэг арай л бага, нэг ёсондоо иргэдийг “шулж” байна гэсэн үг шүү дээ. Авах ёстой байсан мөнгөн дүнгээс 10 хувь биш хоёрхон хувийг иргэдэд өгч, сугалаа нэрийдлээр цөөн хүнд л ашигтай луйвар хийж байгаа нь буруу.

Хан-Уул дүүргийн IX дүгээр хорооны иргэн Ц.Отгонзаяа:

-ШӨХТГ маш зөв ажилласан. НӨАТ-ын сугалааны тохирлыг болиулж байгаа нь маш зөв. Би хувьдаа дэмжиж байгаа. Хөл хорионоос хойш бүх л төрлийн мөнгөний болон барааны сугалаа сошиал орчинд явж эхэлсэн. Төр нь ядаж л сугалаагүй болчихвол дээр юм. Миний хувьд НӨАТ-ын тохирлоор хэзээ ч азтан болж байгаагүй. Азтан болсон эсэхийг шалгах гэж аппликейшн рүүгээ орж харж хонжвор таараагүй байдаг. Надтай адил олон хүн байгаа байх. НӨАТ-ыг хүн бүр төлдөг. Тиймээс азтан, сугалаагааны тохирлоо болиод буцаан олголтын 10 хувиа өгөх хэрэгтэй. Ард иргэд нь үүн дээр санаа бодлоо илэрхийлж, эсэргүүцэж байгаа учир сүүлийн хэдэн сар супер азтан тодорсонгүй. Энэ юутай холбоотой вэ? луйвар уу гэх хардлага төрж байгаа. Энэхүү сугалааг болиулахыг иргэн бүр дэмжиж байгаа харагдсан.

Баянзүрх дүүргийн X хорооны иргэн Б.Ундармаа:

-Хамгийн анх 2018 онд хорин мянган төгрөг хожиж байсан. Тэрнээс огт азтан болоогүй. Хэвлэлүүдээр технологийн багийн ажилтан нь гучаад удаа гэр бүлээрээ их хэмжээний мөнгө хожсон гэсэн ярианууд явж байсан. Ер нь бол оргүй хоосноос ийм яриа гараагүй байх. Шударга бус зүйл нь цаана нь байгаа юу гэдгийг ард түмэн мэдэх, хардах эрхтэй. Хоёр хувийн буцаан олголт бол цэвэр луйвар гэж хэлмээр байна. Тиймээс сугалаагаа болиулаад 10 хувиа авья.

Хан-Уул дүүргийн V дугаар хорооны иргэн Н.Нямбаяр

НӨАТ-ын сугалааг болиулахийг нь ихэнх хүмүүс зөв гэж үзэж байгаа харагдлаа. Гэхдээ арай өөр талаас нь харах юм бол зах, жижиг дэлгүүр, үйлчилгээний газрууд бүгд баримт өгдөг болсон. Хэзээ нэгэн цагт аз таараад, сугалаанд хожих боломж өгч байгаа болохоор нэг ундаа авсан ч, зогсоолын төлбөр төлсөн ч хүмүүс баримтаа нэхэж авдаг. Одоо сугалаа явуулахаа болих юм бол 10 хувиа хөнгөлөөд аваарай гэж “сайхан санал” тавиад гүйцээ. Ингээд ахиад л далд эдийн засаг үүснэ. Томчууд л хожно гэж би хувьдаа бодож байгаа.

Дархан-Уул аймгийн IX багийн иргэн Ч.Шарав:

-НӨАТ-ын сугалаа маш шударга бус явагддаг гэж боддог. Яагаад гэвэл бидний оруулсан буцаан олголтын мөнгийг зөвхөн цөөн хэсэгт нь аз болж очдог. Миний хувьд 2018 оноос хойш баримтаа бүртгүүлсэн ч нэг ч удаа азтан болж үзээгүй. Түүний оронд авах ёстой арван хувийн буцаан олголтоо авсан бол илүү дээр байсан юм. Ажилтнууд нь угаасаа өөрсдөө хождог гэдэг үнэн байх шүү. Ард түмнийг азаар нь дээр, доор болгож ангилна гэдэг байж болохгүй. Шударга хүн бүрт эрх тэгш байлгах үүднээс 10 хувиа буцаан авдаг болмоор байна. Энэ асуудлыг шалгаж, яаралтай шийдээсэй гэж хүсч байна.

Ч.Биндэръяа

Categories
мэдээ нийгэм

АН-ын ҮБХ-ны гишүүд ээлжит бус хурлаа зарлан хуралдуулахыг шаардлаа

АН-д үүсээд буй талцал хуваагдлыг арилгахаар ҮБХ-ны олонх гишүүд ээлжит бусаар хуралдахыг шаардаж байна.

Улс орны нийгэм, эдийн засгийн байдал хүнд байгаа энэ үед иргэдийн итгэлийг дааж төрд гарсан АН дотооддоо асуудлаа яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгааг намын гишүүд онцолж байна. Тиймээс ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах шаардлагыг намын Улс төрийн зөвлөлд хүргүүлэх болжээ.

Categories
мэдээ нийгэм

Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн зах, худалдааны төвүүдэд шалгалт хийлээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас зах худалдааны төв, аж ахуй нэгж байгууллагуудын халдвар хамгааллын дэглэм, QR код ашиглалтын байдалд тогтмол хяналт шалгалт хийж байгаа билээ.

Энэ удаад Чингэлтэй дүүрэгт байдаг 13, Сонгинохайрхан дүүрэгт байдаг 8, нийт 21 зах худалдааны төвд QR код ашиглалтын байдалд хяналт шалгалт хийжээ.

Чингэлтэй дүүргийн зах худалдааны төвүүдээр нийт 7064 иргэн үйлчлүүлсэн байна. Тэдний 4181 иргэн нь QR код уншуулсан бол 2883 иргэн бүртгүүлж үйлчлүүлсэн байна. Харин Сонгинохайрхан дүүргийн зах худалдааны төвүүдээр 3024 иргэн үйлчлүүлснээс 1654 нь QR кодоо уншуулж, 1360 иргэн бүртгэл хийлгэжээ.

Шалгалтаар 142 зөрчил илэрснээс 75-ыг нь газар дээр нь арилгуулсан байна. Зөрчил гаргасан аж ахуй нэгжид орох, гарах гарцны тэмдэглэгээ хийх, 0.06 хувийн жавелины уусмалтай, чийгтэй цэвэрлэгээ хийж, хоёр цаг тутамд ариутгал халдваргүйтгэл хийх шаардлага тавьсан байна. Мөн хүн хооронд зай барих тэмдэглэгээг наах, бүртгэл хөтлөх, үйлчлүүлж буй иргэдийн QR кодыг уншуулж, халууныг хэмжиж, бүртгэл хөтлөх зэрэгт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл аймагт зам тээврийн ноцтой ослын улмаас 2 эмч амиа алдаж, 3 эмч бэртжээ

Өчигдөр /01.23/ 16.15 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум 1-р баг “Хужиртын даваа” гэх газар /аймгийн төвөөс баруун хойш 29 км/ шороон замд Хатгал тосгоноос аймгийн төвийг зорьж байсан таван хүн зам тээврийн осолд орж, хоёр нь газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Тэд Хөвсгөл аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг “Далай элбэрэлт” өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нар байжээ. “Приус-20” маркийн машинтай явж байсан таван зорчигчийн хоёр нь буюу зорчигч 29 настай, эрэгтэй А, , 20 настай, эмэгтэй Ц нар газар дээрээ нас барж, үлдсэн гурван эмч, сувилагчийг яаралтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт авчран эмчилж байгаа аж. Ослоос амьд үлдсэн гурван хүний биеийн байдал маш хүнд байгаа юм байна. Хальтиргаа гулгаа ихтэй үед иргэн та зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой зорчино уу.