Categories
мэдээ нийгэм улс-төр

ТББХ: АН-ын бүлэгт маргаашийн 14:00 цаг хүртэл завсарлага олголоо

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр (2021.01.25) 14 цаг 28 минутад ээлжит хуралдаанаа эхэлж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр тогтов.

Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хэсэгчлэн хориг тавьсан талаарх албан бичгийг өнөөдөр Улсын Их Хурлын даргад ирүүлсэн байна.

Ерөнхийлөгч албан бичигтээ, Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэдгийг баталгаажуулсан Үндсэн хуулийн суурь зарчим, үзэл санаа, зохицуулалтын хүрээнд нэгэнт бий болж тогтсон “засаг төр”-ийн тогтолцоог “нам төр”-ийн тогтолцоонд буцаан шилжүүлэх, захиргаадалтын дэглэмийг сэргээн тогтоох ноцтой үр дагавар бүхий зохицуулалтууд туссан тул энэхүү хуульд хэсэгчлэн хориг тавьж, зарим тодорхой асуудлыг Улсын Их Хурлаар нягтлан хэлэлцүүлэх нь зөв хэмээн үзэж байна гэжээ.

Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат үг хэлж, дээрх хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийн талаарх танилцуулга мэдээллийг дөнгөж сая хүлээн авсан учраас сайн судалж нягтлахад цаг хугацаа хэрэгтэй байна гээд намын бүлэг тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан юм.

Намын бүлгийн хүсэлттэй холбогдуулан Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан хэлэхдээ, энэ хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэж батлуулахад Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатарын ахалсан ажлын хэсэг идэвх санаачилгатай, ихээхэн чармайлт гаргаж ажилласан.

Мөн өнгөрсөн намрын ээлжит сонгуулиар шинээр бүрдсэн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчидтэй хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад цахим ярилцлага хийж, гаргасан саналуудыг төсөлд тусгахад анхаарсан. Иймээс хуульд орон нутгийн өөрөө удирдах болон засаг ззахиргааны байгууллага, иргэдийн төлөөллийн санал зохих тусгалаа олсон гэж үзэж байгаа.

Түүнчлэн Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган завсарлах дөхөж байгаа зэргийг харгалзан Улсын Их Хурал дахь АН-ын бүлэгт маргаашийн 14:00 цаг хүртэл завсарлага олгож буйгаа мэдэгдлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хэмжээнд нийт 616 мянган хүнийг PCR шинжилгээнд хамруулжээ

Энэ сарын 25-ны 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн хэмжээнд “Ковид-19” халдвар илрүүлэх, тандалт хийх шинжилгээнд 2337 хүн хамрагдсан байна.

Байнгын үйл ажиллагаатай шинжилгээний төв нэг, мөн халдварын илрүүлэг, тандалт хийх явуулын 10 багт нийт 146 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллажээ.

Өнөөдрийн байдлаар, нийслэлийн хэмжээнд нийт 616.538 хүнийг шинжилгээнд хамруулснаас 544.332 хүнд PCR-ийн шинжилгээ, 88.535 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн байна. Үүнээс коронавируст халдварын батлагдсан тохиолдол 814, ойрын хавьтал 3898 дам хавьтал 23.743 хүн байна гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ШӨХТГ: Цахимаар мөрийтэй тоглоом зохион байгуулбал 14 сая төгрөгөөр торгоно

Олон нийтийн сүлжээ ашиглан иргэдээс тодорхой хэмжээний хураамж авч, аливаа хэлбэрийн мөрийтэй тоглоом зохион байгуулах, түүнд оролцох явдал иргэдийн дунд түгээмэл гарч байна.

Мөн фэйсбүүк сүлжээгээр мөнгө алдсан тухай гомдол хууль, хяналтын байгууллагад ихээр ирж буй аж.

Иймд иргэн та хөзөр, шоо, шагай болон өөр бусад эд зүйл ашиглан ашиг олох зорилго бүхий үйл ажиллагаанд автахгүй байх, зохион байгуулахгүй байхыг АНХААРУУЛЖ байна. Хэрэв дээрх зөрчлийг гаргавал иргэнийг “Зөрчлийн тухай хууль”-д заасны дагуу 14 сая төгрөг эсхүл 3 жил хүртэл хорих шийтгэл оногдуулна.

Categories
гадаад мэдээ

БНСУ-д гэрийн тэжээмэл амьтанд коронавирус халдварласан анхны тохиолдол бүртгэгджээ

БНСУ-д гэрийн тэжээмэл амьтнаас коронавирусийн халдвар илэрсэн анхны тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал, иргэдийн дунд тандалтын зорилгоор хийсэн шинжилгээний явцад муурын зулзагаас коронавирус илэрсэн нь батлагдсан байна.

Халдвар авсан муурын зулзага нь Кёнсан мужийн Жинжү хотын зүүн өмнөд хэсэгт байрлах сүмд амьдардаг байжээ. Тус сүмд энэ сарын эхээр очсон 29 хүн коронавирусийн халдвар авсан бөгөөд өнөөдрийн байдлаар сүмтэй холбоотойгоор халдвар авсан хүний тоо 100 хүрсэн байна.

БНСУ-ын эрүүл мэндийн ажилчдын хэлж буйгаар дэлхийн хэмжээнд гэрийн тэжээмэл амьтнаас хүнд халдвар дамжих тохиолдол бүртгэгдээгүй ч эсрэгээрээ хүнээс гэрийн тэжээмэл амьтанд халдварлах тохиолдол хэд хэд гарч байгаа аж.

Одоогоор мэргэжлийн байгууллагын ажилчид гэрийн тэжээмэл амьтдад ямар замаар халдвар тархаж буйг судалж байгаа юм байна. Өмнө нь Япон, Хонконг, Бразил зэрэг орнуудад гэрийн тэжээвэр амьтад эзнээсээ халдвар авах тохиолдол гарч байсан ч БНСУ-д өнөөг хүртэл дээрх тохиолдол бүртгэгдээгүй байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Дорнод аймагт зарим спорт заал, бялдаржуулах төвийг нээлээ

Дорнод аймгийн Онцгой комиссын шийдвэрээр зарим спорт заал, бялдаржуулах төвийг нээлээ.

Тус аймгийн Онцгой комиссын 2021 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн хуралдааны шийдвэрээр:

1. СПОРТ ЗААЛ: Аймгийн Эрүүл мэнд, Мэргэжлийн хяналтын байгууллагын хамтарсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн эхний ээлжид Биеийн тамир, спортын газар, Хүний хөгжлийн ордон, Дорнод Их сургууль, МСҮТ, Дорнод Политехник коллежийн спорт заалны үйл ажиллагааг нээж

  • Өдөр бүрийн 10.00-22.00 цагийн хооронд
  • Нэг ээлжид 20-иос илүүгүй хүнтэйгээр
  • Тоглолтын ээлж хооронд 30 минутын туршид агаар сэлгэх
  • Ээлж солилцох бүрт заал, бөмбөгийг халдваргүйтгэх
  • Үйлчлүүлэгчдийн биеийн халууныг тэмдэглэж, бүртгэл хөтлөх шаардлагуудыг хэрэгжүүлэхийг удирдлагуудад нь даалгалаа.

2. БЯЛДАРЖУУЛАХ ТӨВ: Халдвар хамгааллын дэглэмийг мөрдөн, мэргэжлийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллахаа илэрхийлсэн Өргөн, Castle фитнесс клубуудын үйл ажиллагааг нээж:

  • Нэг ээлжинд 10-аас илүүгүй хүнтэйгээр
  • 2 цаг тутамд танхим болон тоног төхөөрөмжийг халдваргүйжүүлэн
  • Үйлчлүүлэгчийн биеийн халууныг тэмдэглэн бүртгэл хөтлөх шаардлагуудыг хэрэгжүүлж ажиллахыг бялдаржуулах төвүүдийн удирдлагуудад даалгалаа.

3. Спорт заал, бялдаржуулах төвүүдийн үйл ажиллагаа, халдвар хамгааллын дэглэмийн хэрэгжилтэд Мэргэжлийн хяналт, Эрүүл мэндийн байгууллагууд болон Хэрлэн сумын ЗДТГ-аас хяналт тавьж ажиллана.

Эх сурвалж: Дорнод аймгийн ЗДТ

Categories
мэдээ нийгэм

БНХАУ-ын 503 иргэнийг нутаг буцаалаа

Засгийн газрын тогтоол, УОК-ын шийдвэрээр өнгөрсөн оны IX, X сард хөдөлмөр эрхлэх визээр орж ирсэн БНХАУ-ын 503 иргэнийг эх оронд нь буцаасан талаар Гадаадын иргэн харьяатын газраас мэдээллээ. Тэдний ажиллаж байсан бүтээн байгуулалтын салбар буюу барилга угсралт, уул уурхай, авто замын салбарын 11 аж ахуйн нэгж коронавирусийн цар тахлын улмаас түр зогссон байна. Улмаар улсын хилээр зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарласан учир эх орондоо буцах боломжгүй болоод байжээ. БНХАУ-ын иргэд аливаа зөрчилд холбогдолгүйгээр хуулийн хугацаанд эх орондоо буцаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

Солонгос улсаар аялцгаая: ​Үлсан хот & Өмнөд Кёнсан муж

Солонгосын зүүн эргийн газар нутагт хамаарах Өмнөд Кёнсан муж бол далайн эргийн үзэсгэлэнт газруудаараа алдартай муж юм. Тэдгээр үзэсгэлэнт газруудын нэг бол далайн эргийн дагуу орших Халлёхэсанг үндэсний цэцэрлэгт хүрээлэн бөгөөд олон жижиг арлуудыг тойрсон усан аялал зохион байгуулагддагаараа алдартай. Мөн далайн эргийн дагуу орших Үлсан, Кожэ зэрэг хотуудаар аялахад ер бусын үзэсгэлэнтэй дүр зургийг камерынхаа дуранд буулгах боломжтой бөгөөд эдгээр хотууд нь Солонгос улсын аж үйлдвэрлэлийн томоохон бүс нутгуудад тооцогддог байна.

Тонён агаарын дүүжин замын аялал

Энэхүү агаарын дүүжин замын аялал нь Халлёхэсанг үндэсний цэцэрлэгт хүрээлэнг дээрээс нь сонирхох ер бусын мартагдашгүй аяллын дурсамжийг үлдээх болно. Агаарын дүүжин зам Мирыг уулын бэлд хүрээд шилэн гүүр болон 5 зүгт байрлуулсан тусгай цэгээр үргэлжлэх бөгөөд эндээс орчин тойрны байгалийн үзэсгэлэнг илүү тухлан харах боломжтой.

Дунпиран ханан зургийн тосгон


Дунпиран буюу “зүүн эргийн хадан цохио” гэсэн утга бүхий нэртэй энэхүү тосгон нь далай руу харсан үзэгдэх орчин сайтай толгод дээр оршдог. Барилгуудын гадна ханан дээр зурсан уран бүтээлүүд тосгоны өнгө төрхийг засаж зураг авахуулахад нэн тохиромжтой нөхцөлийг бүрдүүлж өгдөг.

Скайлайн чарга


Лүж буюу тобогган чарга бол хөдөлгүүргүй уруу зассан зам дээр хүндийн жингээрээ гулгах зориулалттай чарга юм. Сүүлийн үеийн технологийн тусламжтайгаар чаргыг жолоодоход тун эвтэйхэн болгож өгсөн бөгөөд энд жолоочийн ур чадварыг сорих олон төрлийн бартаат зам бий.

Вэду ботаникийн хүрээлэн


Кожэ арлаас 4 км-ийн зайд орших Вэ арал дээрх энэхүү цэцэрлэгт хүрээлэн бол Халлёхэсанг үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нэгээхэн хэсэг нь юм. Дорнын далай тэнгист 740 орчим нэр төрлийн халуун орны ургамлуудыг барууны хэв маягаар засаж тохижуулсан нь гайхалтай зохицлыг бүрдүүлж өгсөн. Энд хүрэлцэн ирснээр төрөл бүрийн ургамал, цэцгийн мандлаар аялах боломжтой.

Хакдунг хар сувдан далайн эрэг


Энэхүү далайн эргийн хайрга нь хар өнгөтэй, мөлгөр хэлбэртэй бөгөөд холоос нарны туяанд хар сувд мэт харагддаг. Далайн давлагаа эрэгт цохих чимээ нь зөөлөн, сэтгэл санааг тайвшруулан аргадахмэтсонсогддогбөгөөддалайн ус нь ер бусын цэвэр, тунгалаг учраас амрагч, аялагчид олноор цуглардаг газар юм.

Канжолгуд наран ургах газар


Энэ бол зүүн эргээс хамгийн түрүүнд наран мандахыг харах боломжтой цэг юм. Жил бүрийн шинэ өглөөний анхны нарыг харахаар Солонгосын газар газраас ирсэн хүмүүс энд цуглардаг. Зүүн тэнгисийн хаяанаас мандан ургаж буй улайссан нарны дэвсгэр дээр цасан цагаан өнгөтэй гэрэлт цамхаг хосолж гайхалтай зураглалыг бий болгоно.

Тэхва голын үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хулс модон ой


Тэхва голын дагуу 4 км орчим урт сунасан энэхүү хулс модон ой нь Тэхва голын улсын үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хамаарагддаг. Зуны дэлгэр цагт өндөр ургасан хулс модны сүүдэрт суухад сэрүүхэн аятай байдаг. Тэхва голын алсыг харах цэгээс ой модыг бүхэлд харах боломжтой.

Жинжүсон хэрэм (Чуксог асар)


1379 онд Японы эзэнт гүрний дайралтаас хамгаалах зорилгоор босгосон энэхүү цайз олон тооны сэргээн босголт, засварын ажлыг туулсан. Тойргийн урт нь 1760м ба цайзын дотор талд Чуксог асар болон үндэсний музей байдаг. Чүксог асар бол анхлан бэхэлгээний зориулалттай байсан хэдий ч хожим хийдийн сонби буюу эрдэм номын зам мөр хөөсөн бичгийн хүмүүсийн амрах асар болсон. Мөн энд жил бүрийн 10 дугаар сард дэнлүүний баяр зохион байгуулагддаг.

Жинхэ Гүнханжэ наадам

Чанвон хотын Жинхэ дүүрэгт ургах сакура цэцэг нэн үзэсгэлэнтэй бөгөөд жил бүрийн гуравдугаар сарын сүүлчээс дөрөвдүгээр сарын эхэн хүртэл сакура цэцгийг дэлбээ цас мэт будран орох үед Жинхэ Гүнханжэ наадам зохион байгуулагддаг.

Categories
мэдээ нийгэм

АН-ын бүлэг: Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжихгүй

УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийлээ. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Ерөнхийлөгч Авлигатай тэмцэх хуульд хориг тавьсан. АН-ын бүлэг энэ хоригийг дэмжиж байгаа. Ерөнхийлөгч нэгдүгээр сарын 8-нд “Өрх бүрт сая төгрөг олгох” тогтоол өргөн барьсан. Төр засаг аж ахуйн нэгжээ дэмжих арга хэмжээ авахгүй байна.

Монгол Улсын шинэ Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн томилогдох нь. МАН-аас санал болгож байгаа Л.Оюун-Эрдэнийг дэмжих боломжгүй. У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорсон. Энэ хүн ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан. 100 жилийн түүхтэй МАН боловсон хүчингүй болсон уу. Монгол Улсын Засгийн газар бол хариуцлагатай байх ёстой” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ-ны 11:00 цагийн мэдээллээс хойш 12 тохиолдол нэмж бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамны /ЭМЯ/ өнөөдрийн /2021.01.25/ 11:00 цагийн мэдээнээс хойш 12 тохиолдол бүртгэгдсэний зургаа нь нийтийн байрнаас бүртгэгджээ. Сүүлийн өдрүүдэд нэмэгдэж байгаа Covid-19 халдварын тохиодлуудын ихэнх нийтийн байрнаас илэрч байгаа юм. Тиймээс маргаашаас эхлэн нийтийн байранд амьдардаг иргэдийг шинжилгээнд хамруулахаар болжээ.

2019 оны байдлаар нийслэлийн хэмжээнд 648 объектод нийтийн байрны үйлчилгээ эрхэлж байгаа гэсэн тоо бий. Нэг нийтийн байранд хамгийн багадаа 20 айл байдаг гэж үзвэл 13000 орчим айл өрх оршин сууж, аж төрж байна.

Нөгөөтэйгүүр нийтийн байрны орчин нөхцөл, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн байх ёстой ч бодит байдал дээрээ эсрэгээрээ байдаг. Мэргэжлийн хяналтын байгууллагын тодорхойлсноор хүний амьдрах орчин 18 ам.метрээс багагүй байх ёстой ч ихэнх нийтийн байрны нэг өрөө 12-15 ам.метр байдаг аж. Дашрамд дурдахад, өчигдөр Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нийтийн байрнаас халдварын есөн тохиолдол илэрсэн. Халдварын батлагдсан тохиолдол өвчнийхөө нууц үед тухайн байранд очсонтой холбоотойгоор дээрх есөн тохиолдол илэрсэн байна. Тиймээс Баянзүрх дүүргийн Онцгой комиссын зүгээс тухайн байрны иргэдийг яаралтай шинжилгээнд хамруулах үед дээрх 12 тохиолдол бүртгэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Цана, чаргаар гулгахдаа анхаарах зүйлс

Цана, чаргаар гулгахдаа анхааралтай байхыг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна.

Тодруулбал:

  • Чаргаар ар араасаа дараалан гулгахгүй байх, зэрэгцээ эгнээнээс гулгах.
  • Замын голд зогсолт хийсэн бол бусдад болон өөртөө бэртэл учруулахааргүй замаа чөлөөлж зогсох.
  • Чаргаар гулгахдаа чарган дээр байрлалаа өөрт эвтэйхнээр сонгох буюу хөл, гараа унжуулахгүй, чирэхгүй байх
  • Хөл, гараараа тулснаар чарганы чиглэл өөрчлөгдөж, бусадтай мөргөлдөх, унах, бэртэх эрсдэлтэй.
  • Гулгаж дуусаад чарганаасаа хурдан босох, ухарч гулгахгүй байх, бусдад болон өөртөө бэртэл учруулахгүйгээр, мөргөлдөх болон мөргүүлэхээс зайлж, дээрээс гулгаж буй хүнийг харж, замаа чөлөөлөх
  • Гулгахад тохиромжтой зам, талбай болон авто замаас хол гулгах.
  • Эм ба спиртийн төрлийн зүйл хэрэглэн согтуурсан, мансуурсан байдалтайгаар гулгахгүй
  • Гулгах үедээ гар утас, хөгжим ашиглахгүй
  • Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.