Categories
мэдээ цаг-үе

Нийслэлийн 19 байршилд хязгаарлалт тогтоогоод байна

Өчигдрөөс эхлэн нийслэлд үсчин гоо сайхан, хумс заслын үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуй нэгж байгууллагын 2000 гаруй хүнийг байнгын ажиллагаатай 30 цэгээр шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна.

Энэ сарын 30-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийт 19 байршилд хязгаарлалт тогтоон тандалт судалгаа үргэлжилж байна.

  • БГД: 21-р хороо Горьк нийтийн байр
  • БГД: 4-р хороо 4а байр
  • БЗД: 19-р хороо Саруул тэнгэр 103 байр
  • БЗД: 2-р хороо 8-1-р байр
  • БЗД: 3-р хороо 5-р байр
  • БЗД: 5-р хороо 6-р байр
  • БЗД: 8-р хороо Х апартмент 1-р байр
  • БЗД: 8-р хороо Харуул алтай хотхон 104-р байр
  • БЗД: 16-р хороо Офицер таун хотхон 19-р байр
  • БЗД: 7-р хороо 37а байр
  • БЗД: 7-р хороо 38а байр
  • БЗД: 22-р хороо 67-р байр
  • ЧД: 3-р хороо 23-р байр
  • СХД: 8-р хороо 50 айлын орон сууц
  • СХД: 15-р хороо 20-р байр
  • СБД: 9-р хороо Тэлмүүн товер 605 байр
  • СБД: 1-р хороо 23-р байр
  • СБД: 1-р хороо 220к хотхон 9а байр
  • ХУД: 11-р хороо Маршал таун 106-р байр
Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Х.Батсуурь: У.Хүрэлсүхийн Засгийн газрын 20 шахам их наяд төгрөгийн зарцуулалтад аудит оруулах ёстой

Саяхан бүрэн бүрэлдэхүүнээр огцорсон Засгийн газар өнгөрсөн арав гаруй сарын хугацаанд ковидтой холбоотойгоор асар их хэмжээний мөнгө төсөвлөж, захиран зарцуулж ирсэн билээ. Тэгвэл уг зарлагын өгөөжийн талаар эдийн засагч Х.Батсуурьтай ярилцлаа.


-У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо. Өнгөрсөн оны тухайд цар тахлаас сэргийлэх, тэмцэх, хүмүүсийн орлогыг хамгаалах, үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд асар их хэмжээний мөнгө зарцуулах эрхийг уг Засгийн газар эдэлсэн. Мөнгөн дүнгийн тухай тодруулахгүй юу?

-Ер нь ковид 1870 оноос хойш байгаагүй тийм хэмжээний нийгэм, эдийн засгийн тогтолцооны өөрчлөлтийг Монгол төдийгүй олон улсад авчирч байна. Ковид монгол хүний эрүүл мэнд гэхээс илүү эдийн засагт ноцтой хохирол учруулж ирлээ. Эдийн засаг үлэмж хэмжээгээр хүндрэх нь тодорхой байж, шаардлагатай арга хэмжээ авахыг сануулсан боловч хэрэгжүүлээгүй. Энэ нь санаатай байв уу, үгүй юү гэдгийг асуух хэмжээнд хүрч байна. Өнгөрсөн оны нэгдүгээр сараас ковидтой холбоотойгоор арга хэмжээ авахгүй явсаар байгаад гуравдугаар сараас анхаарч эхэлсэн. Төсөв батлагдчихсан байсан үе. Ингээд төсвөөс гадуур мөнгө зарцуулах ёстой гэсэн зөвлөмжийг ОУВС, Дэлхийн банкнаас хөгжиж байгаа орнуудад өгсөн. Манайх эндээс гажаагүй. Үүнд хангалттай хөрөнгө төлөвлөсөн. Ерөнхий сайд байсан У.Хүрэлсүх төсвөөр гадуур 5.2-5.5 их наяд төгрөг зарцуулах эх үүсвэр бэлэн боллоо гэсэн. Үүн дээр төсвийн 13 их наяд төгрөгийг нэмэхээр 19 их наяд шахам төгрөг зарцуулагдахаар болсон байсан. Нэмээд олон улсын санхүүгийн байгууллагуудаас янз бүрийн зээл тусламжууд орж ирсэн. Энэ нь хамгийн багадаа 650 сая ам.доллар байгаа. Ингээд үндсэндээ 20 орчим их наяд төгрөг зарцуулагдахаар бэлэн болсон. Бараг хоёр жилийн төсөв болж байгаа юм. Гэтэл энэ их мөнгө хаачсан, юунд орсон нь мэдэгдэхгүй. Дорвитой арга хэмжээ авсан уу гэхээр тэгж харагдахгүй байна. Эдийн засаг сайнгүй байна. Нөгөөтэйгүүр, хил байнга хаагдаагүй. Экспортын орлого давгүй байсан. Ингэж явсны үр дүнд төсвийн орлого анх төлөвлөж байснаас 2.5 их наяд төгрөгөөр л дутсан. Төсвийн тодотголоор 9.7 их наяд төгрөгийн орлоготой байна гэж үзэж байсан. Оны эцсээр 10 орчим их наяд болсон. Тэгэхээр хангалттай хэмжээний мөнгө байсан, түүнийг зарцуулсан болж таарч байгаа юм. Гэсэн өгөөж хөрсөн дээр ямар байдлаар буусан бэ гэдэг ойлгомжгүй. Эдийн засаг хүнд байна.

-Эдийн засгийн хүндрэл ямар салбарт түлхүү байна вэ?

-Ковидын нөлөө хамгийн хүнд туссан хоёр хэсэг байна. Бизнесийн салбар, нөгөө талд хүн ам юм. Бага, дунд орлоготой иргэд ковидын нөлөөнд хамгийн их өртсөн. Нөгөө талаар, жижиг дунд үйлдвэрлэл тэр чигтээ нуран унасан. Манайд жижиг дунд, үйлдвэрлэлийн амиа тээгээд явах нөөц хоёр сар байдаг. Гэтэл олон сараар хориг тавигдсаны улмаас эдгээр бизнесийн 60 орчим хувь нь дампуураад байна. Жижиг, дунд үйлдвэрлэл эдийн засагт бага хувь эзэлдэг. Гэхдээ хүн амын амьжиргаанд хамгийн их хамааралтай салбар бол жижиг, дунд үйлдвэр. Энэ агуулгаар тооцвол жижиг, дунд үйлдвэрлэл 80 хувь, том бизнесүүд 20 хувийг л эзэлнэ. Олон хүнд үйлчилдэг, олон хүнийг авч явдаг жижиг, дунд бизнесийн салбарыг унаг гэж орхиод хаясан. Үндсэндээ дампуурсан. Үйлдвэрлэл, үйлчилгээ босч ирэхээргүй хэмжээнд хүрчихээд байна. Зориудаар ингэж унагасан юм уу гэмээр. Одоо энэ хүмүүс хүүхдийн мөнгөөр л амьдарч байна. Хүн ам, жижиг, дунд үйлдвэрлэл рүүгээ чиглэсэн бодит үр дүн өгөх арга хэмжээг Засгийн газар авч чадсангүй. Өнгөцхөн, нүд хуурах төдий арга хэмжээ авсан. Компанийн орлогын албан татварыг чөлөөлнө, нийгмийн даатгалыг хөнгөлнө гэх шиг. Тэртэй тэргүй үйл ажиллагаа нь зогссон компаниуд ямар орлогоос татвар төлөх юм.

Би тавдугаар сард хэсэг судлаачийн санал боловсруулаад Засгийн газарт оруулж байсан. Яг бодит үр дүн өгөх арга хэмжээ авъя. Хамгийн их хохирч байгаа салбар руу бодлогоо чиглүүлье гэсэн. 0-1 хувьтай зээл хангалттай хэмжээгээр олгох, зээлийн хүүг бууруулах, онцгой нөхцөлийн зээлийг энэ салбар руу оруулъя гэх зэргээр санал оруулсан. Энэ хамгийн бодит үр дүн өгөх арга байсан. Гэтэл хаанаас эх үүсвэр олох юм гэсэн. Тэгвэл эх үүсвэр нь хангалттай байсан. Төсвөөс гадуур зарцуулагдаж байгаа сангуудын мөнгө байна. Зарим том бүтээн байгуулалт зогслоо. Үүнээс хэмнэгдсэн мөнгийг жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ рүү оруулаагүй. Нийт тооцож үзэхэд 19-20 их наяд төгрөг зарцуулах мөнгө эх үүсвэртэйгээ байсан шүү дээ. Гэтэл энэ их мөнгийг хаашаа оруулсан нь мэдэгдэхгүй алга болсон. Ямар ч тайлбар хийдэггүй.

-Тэгэхээр төсөв болон төсвөөс гадуур зарцуулсан асар их хэмжээний мөнгийг шинэ Засгийн газар шалгаж, тайлагнах шаардлагатай гэсэн үг үү?

-Үүнд дээр бие даасан хяналтын хороо байгуулаад аудитаар оруулах ёстой. Энэ аудит нь хөндлөнгийн шинжээчдийг оролцуулах учиртай. Ингээд ковидтой холбоотой орж ирсэн мөнгө, төсвийн зарцуулалттай холбоотой асуудлыг шалгах ёстой. Урьд хожид байгаагүй асар их хэмжээний мөнгө орж ирсэн. Гадаадын зээл тусламжаар хамгийн багадаа 650 сая ам.доллар орж ирсэн. Үүнээс ч илүү их байх өндөр магадлалтай. Яагаад гэвэл энэ зээл тусламжуудыг мэдээлэхгүй байна шүү дээ. Мөн илүү хөнгөлөлттэй зээл авъя гэвэл боломж нь байсан. Яагаад гэвэл онцгой нөхцөлийн зээлүүдийг дэлхийн санхүүгийн байгууллагууд олгож эхэлсэн. Иймд бие даасан шинжээчдийг оруулж нарийвчлан тогтоох шаардлага байна. Мэдээж үр өгөөжтэй зарцуулсан байж болно. Гэхдээ бид үүнд итгэлтэй баймаар байна.

-Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт бодитой дэмжлэг үзүүлээгүй гэлээ. Тэгэхээр томоохон салбар, компаниуддаа анхаарсан гэсэн үг үү?

-Хөрөнгийн хуваарилалтад асар их ялгаа бий болж байна. Яагаад гэвэл манайд баян, хоосны ялгаа их байсан. Сая ковидын нөлөө энэ ялгааг улам бүр нэмэгдүүлчихлээ. Жижиг, дунд бизнесүүд дампуураад гарахаар том корпорациуд зах зээлийг нь бүр залгиад эзэлчихэж байгаа юм. Жижиг, дунд үйлдвэрлэлээс 800 гаруй мянган хүн хоолоо олж иддэг. Гэтэл энэ салбарын 60 хувь нь дампуурчихаар энэ хувиар ажилгүйдэл бий болчихож байгаа юм. Нөгөө талаар том компаниудад зах зээлийн сул орон зай үүсч байна. Тэгэхээр бага, дунд орлоготой иргэд асар их нэрвэгдээд нийт хүн амын 80 хувь нь улам хүнд байдалд орж, 20 хувь нь улам баяжсан ийм л үйл явц болсон. Тэгэхээр нэгдүгээрт орлого, хоёрдугаарт бизнесийн боломжийг хуваарилалтыг татвар, төрийн бодлогоор тэгшитгэж өгөх, зохицуулах шаардлага үүсч байна. Энэ нь яван явсаар улс төрийн хувьд тогтворгүй байдал үүсгэж, тусгаар тогтнолд ч эрсдэл дагуулах үр дагавартай байж мэднэ. Хөрөнгийн хуваарилалт, бизнесийн боломжийн хуваарилалтыг зөв шударга болгож, тэгшитгэж өгөх хэрэгтэй. Төрийн бодлого том корпорациудыг дэмжлээ.

-Лобби үйлчилсэн байх магадлалтай юу?

-Тэгж хардаж болно. Хоёрдугаарт, жижиг, дунд бизнес рүү чиглэсэн бодит бодлого явуулахгүй байна гэдэг нь энэ салбарыг үхэл рүү түлхээд том корпорациуд орон зайг нь эзэл гэсэн утгатай бодлого болчихож байгаа юм. Гэтэл үүний эсрэг байж Солонгос, Япон, Хятад жижиг, дунд бизнесээ дэмжсэн. Яагаад гэвэл энэ салбарт хүн амын ихэнх хувь нь ажиллаж байдаг. Тухайлбал, Япон 0-1 хувийн хүүтэй зээл олгож, 50-иас доош ажилтантай байгууллагуудын цалингийн зардалд дэмжлэг үзүүлэх зэргээр явсан. Маш тодорхой бодлого хэрэгжүүлсэн. Монголд тэгээгүй. Шууд дампуур гэж хаясан. Энэ бүхний ард Засгийн газар, сайд нар байгаа. Тэр дундаа энэ бүх будилаан хямралын цаана байгаа гол эзэн нь өмнөх Сангийн сайд, Монголбанк юм. Улс төрийн нөлөөнд хэт автаж эдийн засагт сөрөг бодлого явуулсан.

-Засгийн газар огцорсон шалтгааныг та хэрхэн харж байна вэ?

-Эдийн засаг гэхээс илүү улс төрийн шалтаг байна. Ямар ч байсан шинэ Засгийн газар гарч ирээд ямар эх үүсвэрийн мөнгийг юунд, хэрхэн зарцуулсан гэдгийг тодотгох ёстой.

Г.БАТ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Х.Чимэд-Очир: “Жи тайм”-ын М.Маратыг манай улсын хууль хүчний байгууллага мөнгө аваад гаргачихсан шүү дээ

“Жи тайм”-ын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах холбооны тэргүүн Х.Чимэд-Очиртой ярилцлаа.


-“Жи тайм” корпораци Монгол Улсад үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрөл үнэхээр байсан юм уу. Эсвэл зөвшөөрөлтэй гэж худлаа хэлж иргэдийг хуурч, хохироосон юм уу?

-“Жи тайм” бол интернэт худалдааны компани байгаа юм. Үүнийг судлаад Монголд албан ёсоор үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг авахаар холбогдох хууль хяналтын байгууллагад хандсан. Ингээд “Болохгүй зүйл байхгүй, та нар аж ахуйн нэгж байгуул” гэсэн хариу аваад 2016 оны арваннэгдүгээр сарын 18-нд өргөдөл өгсөн. Ингээд “Жи тайм” корпорацийг төлөөлсөн казах хүн бичиг баримт бүрдүүлэлтийг мэдэхгүй учраас 2015 оноос тус байгууллагаас бараа бүтээгдэхүүн авч байсан Оюунчимэг гэх эмэгтэйд хамтарч ажиллах санал тавиад, гүйцэтгэх захирлын албан тушаалд томилсон байдаг.

Ингээд хуулийн дагуу Аж ахуйн нэгжийн хуулийн дагуу татвар төлдөг, оруулж ирсэн бараа бүтээгдэхүүнээ мэргэжлийн хяналтын байгууллагаар шалгуулж, бараа бүтээгдэхүүн нь эрүүл, аюулгүйн чанар стандартыг хангасан гэх бичиг баримтаа албан ёсоор авсан. Ингээд хэн хэн нь Монгол Улсын хууль дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Үүний үр дүнд олон мянган айл өрхийн орлого нэмэгдэж, богино хугацаанд тогтмол орлоготой болсон. Нэг сарын дотор 20 гаруй мянган хүнийг хамруулж Баянгол дүүргийн татварын албанд тэрбум 300 сая төгрөгийн татварыг төлсөн байдаг. Энэ компани хууль бус юм бол орлогын албан татварыг улсын орлогод төвлөрүүлэх үү.

-Тэгвэл албан ёсны зөвшөөрөлтэй иргэд ашиг орлоготой байсан юм бол яагаад дампуурчихсан юм бэ?

-Казахстны “Жи тайм” корпораци болон Монгол дахь салбарын хувьд ийм их эрэлт хэрэгцээ бий болж иргэд худалдан авалт ихээр хийнэ гэж төлөвлөөгүй байсан. Тиймээс ачааллаа дийлэхээ больж бараа татан авалт жаахан удааширсан. Яг энэ үед сүлжээ судлаач Чимэддамба гээч нөхөр цагдаагийн байгууллагад богино хугацаанд иргэд ашиг олоод байна. Бага дээр нь дарах хэрэгтэй гэсэн байгаа юм. Ингээд хууль хяналтын байгууллагаар шалгуулах ажил 2017 оны хоёрдугаар сараас эхэлсэн. Үйл ажиллагааг нь зогсоонгуут Монгол Улсын хууль журмын дагуу татвараа төлж, шаардлагатай эрх зүйн баримт бичгийг бүрдүүлэн үйл ажиллагаагаа явуулсан. Тэр ч бүү хэл МХАҮТ-аас Шилдэг аж ахуйн нэгжийн шагналаа гардуулсан нь баримтаар нотлогдож байгаа компанид бид итгэхгүй гээд яах билээ. Тэгвэл үнэхээр тухайн компани хууль бус үйл ажиллагаа явуулсан юм бол манай улсын төрийн байгууллагууд яагаад гэрчилгээ олгож, иргэдийн урамшууллаас татвар авч, Шилдэг аж ахуйн нэгжээр зарласан юм бэ. Тэгсэн мөртлөө өнөөдөр энэ асуудлыг гэмт хэрэг хэмээн үзэж, онц их хэмжээгээр бусдыг залилсан гэж үзсэн.

-Тухайн үед Казахстан улсын иргэн М.Маратыг долоон тэрбум төгрөгтэй оргон зайлах гэж байхад нь барилаа хэмээн хэсэг шуугьсан. Удаа ч үгүй оргон зайлчихсан шүү дээ?

-Яг үнэндээ бодит байдал дээр эхнэр, нөхөр хоёр долоон тэрбум төгрөг үүрээд хилээр гараад явах боломж байдаг юм уу. Манай улсын хууль, хяналт, хил гаалийн байгууллагууд зүгээр л гаргаад явуулчих уу. Дандаа худал мэдээлэл өгдөг. Яг тухайн үед Маратын эхнэрийнх нь аав нь нас барсан байдаг. Ингээд явах гэж байхад нь бариад авсан юм билээ. Тухайн үед Маратад 5000 төгрөг, эхнэрт нь онгоцны билетийн мөнгөнөөс өөр мөнгө байгаагүй юм билээ. Ер нь Маратад тийм их хэмжээний мөнгө байх үндэслэл байхгүй.

-Яагаад. Тэр хүн чинь манай улсын олон мянган хүний “Жи тайм”-д оруулсан мөнгийг аваад явах гэж байсан юм биш үү?

-Хэн нэгэн “Жи тайм”-аас бараа авахаар хөтөлбөрт орохдоо мөнгөө хувь иргэн Маратын дансанд хийдэггүй. Казахстан улсын “Жи таймс” компанийн дансанд хийдэг. Ийм л зарчимтай. Одоо манай улсад үлдчихсэн байгаа долоон тэрбум гаруй төгрөг бол маркетингийн зориулалттай мөнгө. Энэ мөнгө бэлнээр манай улсын Хаан болон Худалдаа хөгжлийн банкинд бий. Хаан банкинд 3.4 тэрбум, Худалдаа хөгжлийн банкинд дөрвөн тэрбум төгрөг бий. Ингээд бөөн бужигнаан үүсэхэд тухайн компанид ажиллаж байсан иргэд ямартаа ч хууль хяналтын байгууллагын дүгнэлтээ хүлээе. Үнэхээр хууль бус, луйврын бизнес юм бол асуудлаа шийдье гээд хүлээсэн. Энэ хугацаанд “Жи тайм” компанид хөрөнгө оруулсан иргэд нэгдэж хууль бус үйл ажиллагаа юу байсан талаар судалсан. Хууль зөрчсөн зүйл олоогүй. Ингээд цагдаагийн байгууллагад хандахаар наад компани чинь огт байдаггүй. Та нар тийм юм бол Казахстанд очиж судал гэсэн. Бид таван хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг гаргаад явуулсан. Тэгтэл “Жи тайм” корпораци Казахстан улсад байхаар барах уу үйлдвэрлэлээ хэвийн явуулж байсан. Тухайн үед дэлхийн 70 гаруй оронд бүтээгдэхүүнээ гаргадаг байсан бол биднийг очиход 80 гаруй улсад бүтээгдэхүүнээ гаргадаг болчихсон байсан. Улсдаа татвар төлөлтөөрөө хоёрт ордог компани байсан. Гэтэл бас мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд саад учруулсан гэж үзсэн учраас зогсоосон.

-Одоо тэгээд та бүхэнд ямар санал, гомдол байна вэ?

-Бид өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд шүүхийн шийдвэрийг тэвчээртэй хүлээлээ. Тэгтэл анхан болон давж заалдах шүүхээс гаргаж байгаа шийдвэр нь иргэдийн хүлээлтэд нийцээгүй. Өөрөөр хэлбэл “Жи таймс” компанид итгэж хөрөнгө оруулсан хүмүүс эргээд өр төлбөрт орсон. Эрдэнэт хотын нэг иргэн гэхэд л 486 сая төгрөгийн хариуцагч болчихсон байна. Шүүхийн байгууллагаас тус хэрэгт 908 хариуцагч байгаа хэмээн тооцож, тэдгээр хүмүүсийг бусдыг залилсан гэж үзсэн. “Жи тайм” корпорацийн Монгол дахь гүйцэтгэх захирал Оюунчимэгийг энэ залилангийн хэргийг удирдан зохион байгуулсан хэмээн 11 тэрбум төгрөгийн төлбөрт унагаж байна. Хэрэв “Жи тайм” компанийн VIP хөтөлбөрт ажиллаж 20 сая төгрөгийн урамшуулал авсан хүн бүр гэмт хэрэгт холбогдох юм уу. Үнэндээ энэ хэргийн хариуцагч нь Монгол Улсын иргэд биш “Жи тайм” коропораци байх ёстой шүү дээ. “Жи тайм”-д орж ажилласан хүмүүс мөнгөө иргэн Б, О өөр хэн нэгний дансанд хийгээгүй. Харин Казахстан улсын компанийн дансанд хийсэн шүү дээ.

-Тэгвэл “Жи тайм” сүлжээгээр хохирсон иргэдийн хохирлыг улсынхаа иргэдээс биш, тухайн улсын компаниас гаргуулах ёстой гэж та үзэж байгаа юм уу?

-“Жи тайм” корпорациас Монголын цагдаагийн байгууллага болон прокурорын байгууллагад албан бичиг ирүүлсэн байдаг. Хэрэв манай байгууллага ямар нэгэн байдлаар гэмт хэрэг үйлдсэн бол гарсан хохирлыг 100 хувь барагдуулна.Энэ асуудлаар манай компанийг хариуцан ажиллаж байгаа М.Марат гэж хүн байгаа гэсэн байдаг.

-Гэтэл М.Марат хилээр гараад зугтчихсан биз дээ?

-“Жи тайм”-ын М.Маратыг манай улсын хууль хүчний байгууллага мөнгө аваад хилээр гаргачихсан шүү дээ. Тухайн иргэнийг хилээр гарч зугтах гээд байна шүү гэж өөрийн гараар өргөдөл бичиж прокурорт өгсөн. Гэтэл “Юу гэж тийм зүйл байх вэ. Бид хилийн хориг тавьчихсан” гээд байсан. Гараад явчихсан л байхгүй юу. Үнэхээр “Жи тайм” гэмт хэрэг, залилан юм бол ганцхан эзэн холбогдогчийг нь тогтоож байхгүй яасан юм бэ. Монгол Улс ганцхан хүн тогтоох чадалгүй, гааль, цагдаагийн байгууллагатай юм уу. Ямар учиртай юм бэ. Үүнийг ерөөсөө ойлгохгүй байна.

Бид одоо газар мухардчихаад байна. Энэ бол “Жи тайм”-д холбогдсон 20 гаруй мянган иргэний эрх ашигтай холбоотой асуудал. Хамгийн гол нь иргэдийг хохироосон гэж үзээд байгаа Казахстан улсын “Жи тайм” компанийн талаар энд огт дурдаагүй. Тэгсэн мөртлөө иргэний хариуцагчаар татсан 908 иргэний бүхий л үл хөдлөх болох, хөдлөх хөрөнгийг нь царцаачихсан байгаа. Үүнээс үүдэн иргэд сэтгэл санааны болон эдийн засгийн асар их хохирол амсаад байна. Аав, ээж, ах дүүсийн хооронд чи миний мөнгийг авсан, би аваагүй гэдэг. Энэ хэрэг бол иргэн Болд, иргэн Батын мөнгийг өөрийн дансандаа аваагүй шүү дээ. Энэ мөнгө Казахстан улсын компанийн дансанд орсон гэдгийг хэрэг шалгаж байгаа хүмүүс сайн ойлгох хэрэгтэй.Гэтэл өнөөх Казахстан улсын “Жи тайм” компани бид хүлээсэн үүргийнхээ дагуу бараагаа нийлүүлж татвараа төлж байсан. Танай улс ямар нэгэн байдлаар биднийг хууль зөрчсөн гэж үзвэл бид Арбитрын шүүхэд хандана. Бид танай улсад очиж ажил үүргээ явуулахдаа хууль дүрмийн дагуу явуулсан гэсэн байр суурь илэрхийлсэн. Үнэндээ тус компанийн хөтөлбөрт хамрагдаж бараа бүтээгдэхүүн худалдан авсан 20 мянган хүн, тэдний гэр бүлийнхний хувь заяа төрийн буруутай ажиллагаанаас болж хохирч байна. Бид хэн нэгнийгээ шоронд хийхийг хүсэхгүй байна. Мөн хэн нэгнийгээ хохироохыг хүсэхгүй байна.

Хамгийн гол нь эдийн засаг хүнд, цар тахлын үед шийдвэр гаргаж байгаа хууль шүүхийн байгууллага энэ асуудалд эзний ёсоор хандмаар байна.

П.БАТЗАЯА

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Шарагчин туулай өдөр

Аргын тооллын нэгдүгээр сарын 31. Адъяа гариг. Билгийн тооллын 18, шарагчин туулай өдөр. Өдрийн наран 08:21 цагт мандан 17:50 цагт жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой..
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 16-18 хэм хүйтэн байна


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 20-22 градус, бусад хэсгээр 17-19 градус, өдөртөө хүйтэрч 16-18 градус хүйтэн байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө зүүн аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Увс нуурын хотгор, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Эг, Үүр, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 23-28 градус, өдөртөө 16-21 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 23-25 градус, өдөртөө хүйтэрч 16-18 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 20-22 градус, өдөртөө хүйтэрч 17-19 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

“БНХАУ-д сурдаг оюутнуудыг хүлээн авах хугацаа болоогүй” гэв

БНХАУ-д суралцдаг 12 мянган монгол оюутан болон тус улсад зорчих хүсэлтээ  өгсөн 170 гаруй иргэний асуудал тодорхойгүй хэвээр байна

Гадаад харилцааны яамнаас БНХАУ-д сурдаг оюутнуудыг хүлээн авах хугацаа болоогүй гэдгийг анхааруулав. Тус яамны Консулын газарт урд хөршид суралцдаг оюутнууд буцаж, танхимаар хичээллэх хүсэлтэй байгаа талаарх хүсэлтээ гаргасан байна.

Энэ дагуу Гадаад харилцааны яамнаас Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-аар дамжуулан Хятадын Боловсролын яам, БНХАУ-ын Гадаад оюутны тэтгэлгийн асуудал эрхлэх хороонд тус тус хандсан байна. Харин БНХАУ-ын Засгийн газраас ГХЯ-аар дамжуулан “БНХАУ-ын Засгийн газар цар тахлын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх аюулгүй байдлыг бүрэн хангасны дараа гадаад оюутнуудыг эргэн ирж, танхимаар хичээллэх асуудлыг зохион байгуулах болно” хэмээн энэ оны нэгдүгээр сарын 19-нд албан ёсоор мэдэгджээ. БНХАУ-ын Боловсролын яамнаас цар тахлын онцгой цаг үед Хятадад суралцдаг гадаадын бүх улсын оюутнууд тус улсын ГХЯ, Улсын цагаачлалын удирдлагын газраас гаргасан шийдвэрийг даган мөрдөж байгааг онцлон тэмдэглэжээ.

Дашрамд дурдахад, БНХАУ-ын Засгийн газар 2020 оны гурвавдугаар сарын 26-наас эхлэн гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхийг түр зогсоох шийдвэр анх гаргаж байв. Мөн оны есдүгээр сарын 23-нд “Хөдөлмөр эрхлэх, гэр бүлийн зорилгоор оршин суух, хувийн зорилгоор орших суух зөвшөөрөлтэй гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн юм. Гэвч сүүлийн үед БНХАУ-ын зарим хот, мужид “covid-19” халдвар дотоодод их бүртгэгдэх нь ихэсч, зөөвөрлөгдсөн тохиолдлууд нэмэгдэх болжээ. Тус улсаас тун удахгүй хаврын баяр болох гэж байгаатай холбогдуулан цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр журмаа чангатгаж эхэлснийг Гадаад харилцааны яамнаас мэдэгдлээ.

Categories
гадаад мэдээ

“Covid-19”-ийн эсрэг биет эхээс урагт дамждаг болохыг тогтоожээ

Коронавирусийн халдвараас хамгаалах эсрэг биет эхийнх нь хэвлийд байхад нь хүүхдэд дамждаг болохыг тогтоосон байна. Энэ талаар тус судалгааг хийсэн эрдэмтэд өчигдөр мэдээлжээ.

Филадельфийн Хүүхдийн эмнэлгийн нярайн чиглэлээр мэргэшсэн доктор Дастин Флэннери болон түүний хамтран ажиллагсад нь 1400 гаруй эх болон нярайд судалгаа хийсэн байна. Тэд жирэмсэн байхдаа халдвар аваад эдгэсэн болон халдвартай 83 эмэгтэйгээс 72-ынх нь ихсээр IgG /иммуноглобулин G/ эсрэг биетүүд дамжсан болохыг тогтоосон байна. Мөн коронавирусийн халдварт өртсөн ээжүүдээс төрсөн нэг ч хүүхэд халдвар аваагүй байжээ.

Түүнчлэн эрдэмтэд жирэмсэн эмэгтэйчүүдийг Covid-19-ийн эсрэг вакцинд хамруулснаар хүүхдийг нь мөн хамгаалах боломжтой гэж таамаглаж байгаа тул үүнд чиглэсэн судалгаагаа үрэлжлүүлэх хэрэгтэй гэж үзсэн байна.

Нярай хүүхдүүд халдварт өвчинд өртөмтгий байдаг тул хүүхдээ бусад төрлийн халдварт өвчнөөс хамгаалж байхыг анхааруулжээ. Учир нь томуу, татран зэрэг бусад вирусийн эсрэг биетүүд эхээс урагт дамжих үедээ устдаг тул тэдгээр өвчнөөс хамгаалах вакциныг нь хийлгэж байхыг зөвлөсөн байна.

Тухайлбал, АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс ээж нь жирэмсэн үедээ вакцин хийлгэсэн ч хүүхдийг зургаан сар хүрэхэд нь томуугийн эсрэг вакцин тариулахыг зөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

Он гарсаар цэцэрлэг, сургуулийн насны 9,400 орчим хүүхэд эмнэлэгт ханджээ

Улсын Онцгой комисс хуралдан “Ковид-19” цар тахлын нөхцөл байдал, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар улирлын хичээл эхлүүлэх болон бусад асуудлыг хэлэлцэв.

Хичээл эхлэхтэй холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яам цар тахал болон томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, цаг агаарын урьдчилсан төлөв, өвөлжилт хүндэрсэн аймаг, сум болон отроор яваа малчин өрхийн мэдээлэл зэргийг нэгтгэн судалгаа хийсэн байна.

Судалгаанаас үзэхэд томуу, томуу төст өвчний амбулаторийн үзлэг улсын хэмжээнд 2,4 хувьтай. Он гарсаар цэцэрлэг, сургуулийн насны 9,400 орчим хүүхэд эмнэлэгт ханджээ. 2-4 дүгээр сард найман аймагт олон жилийн дунджаас ахиу цас орох хэдий ч нийт нутгаар хүйтний эрч өмнөх жилүүдийн түвшинд байна.

Image may contain: one or more people, people sitting, table and indoor

Отроор болон өвөлжилт хүндэрсэн нутагт өвөлжиж байгаа 26 мянга гаруй өрхөд цэцэрлэг, сургуулийн насны 20 орчим мянган хүүхэд байна. Энэ бүхнийг харгалзан хичээлийг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс нэг сарын хугацаанд теле болон цахимаар явуулахыг Улсын онцгой комисс дэмжив. Салбарын яам гуравдугаар сарын нэгнээс нийслэлийн бага ангийн сурагчид танхимд, дунд, ахлах ангийнхан хосолсон хэлбэрээр хичээллэх санал, хувилбар дэвшүүллээ. Бэлтгэлээ бүрэн хангасны дараа тухайн үед нь дахин хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Улсын онцгой комиссын энэ удаагийн хуралдаанаар Цагаан сарын баярын үеэр хөл хорио тогтоох эсэх талаар хэлэлцээгүй болно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний амбулаторийн үзлэг 2,4 хувьтай байна

УОК хуралдлаа. Тус хуралдаанаар “Ковид-19” цар тахлын нөхцөл байдал, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар улирлын хичээл эхлүүлэх болон бусад асуудлыг хэлэлцэв. Хичээл эхлэхтэй холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яам цар тахал болон томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, цаг агаарын урьдчилсан төлөв, өвөлжилт хүндэрсэн аймаг, сум болон отроор яваа малчин өрхийн мэдээлэл зэргийг нэгтгэн судалгаа хийсэн байна.

Судалгаанаас үзэхэд томуу, томуу төст өвчний амбулаторийн үзлэг улсын хэмжээнд 2,4 хувьтай. Он гарсаар цэцэрлэг, сургуулийн насны 9,400 орчим хүүхэд эмнэлэгт ханджээ. 2-4 дүгээр сард найман аймагт олон жилийн дунджаас ахиу цас орох хэдий ч нийт нутгаар хүйтний эрч өмнөх жилүүдийн түвшинд байна.
Отроор болон өвөлжилт хүндэрсэн нутагт өвөлжиж байгаа 26 мянга гаруй өрхөд цэцэрлэг, сургуулийн насны 20 орчим мянган хүүхэд байна. Энэ бүхнийг харгалзан хичээлийг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс нэг сарын хугацаанд теле болон цахимаар явуулахыг Улсын онцгой комисс дэмжив. Салбарын яам гуравдугаар сарын нэгнээс нийслэлийн бага ангийн сурагчид танхимд, дунд, ахлах ангийнхан хосолсон хэлбэрээр хичээллэх санал, хувилбар дэвшүүллээ. Бэлтгэлээ бүрэн хангасны дараа тухайн үед нь дахин хэлэлцэх нь зүйтэй гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн харилцах хэлтсээс мэдээллээ.
Улсын онцгой комиссын энэ удаагийн хуралдаанаар Цагаан сарын баярын үеэр хөл хорио тогтоох эсэх талаар хэлэлцээгүй болно.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиуд гуравдугаар сар гартал теле болон цахимаар хичээллэнэ

Улсын Онцгой комисс хуралдан “Ковид-19” цар тахлын нөхцөл байдал, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар улирлын хичээл эхлүүлэх болон бусад асуудлыг хэлэлцэв. Хичээл эхлэхтэй холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яам цар тахал болон томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, цаг агаарын урьдчилсан төлөв, өвөлжилт хүндэрсэн аймаг, сум болон отроор яваа малчин өрхийн мэдээлэл зэргийг нэгтгэн судалгаа хийсэн байна.

Судалгаанаас үзэхэд томуу, томуу төст өвчний амбулаторийн үзлэг улсын хэмжээнд 2,4 хувьтай. Он гарсаар цэцэрлэг, сургуулийн насны 9,400 орчим хүүхэд эмнэлэгт ханджээ. 2-4 дүгээр сард найман аймагт олон жилийн дунджаас ахиу цас орох хэдий ч нийт нутгаар хүйтний эрч өмнөх жилүүдийн түвшинд байна.

Image may contain: one or more people, people sitting, table and indoor

Отроор болон өвөлжилт хүндэрсэн нутагт өвөлжиж байгаа 26 мянга гаруй өрхөд цэцэрлэг, сургуулийн насны 20 орчим мянган хүүхэд байна. Энэ бүхнийг харгалзан хичээлийг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс нэг сарын хугацаанд теле болон цахимаар явуулахыг Улсын онцгой комисс дэмжив. Салбарын яам гуравдугаар сарын нэгнээс нийслэлийн бага ангийн сурагчид танхимд, дунд, ахлах ангийнхан хосолсон хэлбэрээр хичээллэх санал, хувилбар дэвшүүллээ. Бэлтгэлээ бүрэн хангасны дараа тухайн үед нь дахин хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Улсын онцгой комиссын энэ удаагийн хуралдаанаар Цагаан сарын баярын үеэр хөл хорио тогтоох эсэх талаар хэлэлцээгүй болно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.