Categories
мэдээ улс-төр

Х.Баттулга: Зэвсэгт хүчин цаашид төмөр замын болон бусад стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалтад үүрэг гүйцэтгэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалтад оролцож, үг хэлэв.
Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалтын нээлтэд Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч, Бригадын генерал Г.Сайханбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалахын бодлогын зөвлөх Л.Болд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Хошууч генерал Д.Ганзориг нар оролцлоо.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:
“Эрхэм генерал, офицерууд Та бүхний амрыг эрье.
Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хил хязгаарын халдашгүй дархан байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг сахин хамгаалах хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй үйлсэд мөр зэрэгцэн, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй төрийн цэргийн байгууллагын удирдах бүрэлдэхүүн, генерал, офицерууд Та бүхэнтэй энэ өдөр дахин уулзаж байгаадаа баяртай байна.
Шинэ үеийн түүхийн хугацаанд бид Үндсэн хуульдаа “Монгол Улс өөрийгөө хамгаалах Зэвсэгт хүчинтэй байх”-ыг хуульчлан баталгаажуулж, Зэвсэгт хүчин иргэний хяналтад байх ардчилсан нийгмийн үнэт зарчим, улс орны эдийн засгийн чадавх, бодит боломжид нийцсэн “мэргэжлийн чиг баримжаатай цомхон, чадварлаг Зэвсэгт хүчинтэй байх”, “мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг бүрдүүлж хөгжүүлэх” бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн бүрэн эрхийн хүрээнд 2020 оны 6 дугаар сард “Зэвсэгт хүчний тайван цагийн болон дайны байдлын үеийн зохион байгуулалтын бүдүүвч”, “Зэвсэгт хүчний стратегийн дэлгэн байгуулалтын төлөвлөгөө”, “Зэвсэгт хүчнийг дайнд хэрэглэх ерөнхий төлөвлөгөө”, “Зэвсэгт хүчний тайван цагийн бүрэлдэхүүнээр цэргийн бүлэглэл байгуулах төлөвлөгөө”-нүүдийг баталгаажуулсан.
Дээрх баримт бичгүүдийн үзэл санаа Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн үзэл баримтлалтай нийцэж, Зэвсэгт хүчний бүтцэд Тусгай хүчний цэрэг, Барилга-инженерийн цэрэг болон Кибер аюулгүй байдлын цэргийг бас байгуулсан. Цаашид шинээр байгуулагдсан төрлийн цэргийг тайван цагт болон дайны үед хэрэглэх, тайван цагт бэлэн байдал, бэлтгэлжилтийг нь хэрхэн хангах удирдлага, төлөвлөлтийн баримт бичгүүдийг шинэчлэн мөрдөх нь Та бүхний үүрэг юм.

Ингэхдээ “Зэвсэгт хүчин нэгдмэл байх” зарчимд нийцүүлэн Төрийн цэргийн байгууллага, төрлийн цэргийн командлалын үйл ажиллагааны уялдаа холбоо, хамтын ажиллагааг хангах, улс орныхоо хүн ам, эдийн засгийн чадавхыг бодитоор тооцох, зэвсэгт тэмцлийн үеийн цэргийн ажиллагааны оршин тогтнохуйн аюулгүй байдалд нөлөөлөх цэрэг-улс төр, цэрэг-стратегийн нөлөөллийг урьдчилан тооцох, даргалах албан тушаалын ахлагчаас генерал хүртэлх албан тушаалтнуудын санаа бодлыг тусгах шаардлагатай юм.
Зэвсэгт хүчний Барилга-инженерийн анги, салбарууд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн “Шинэ төмөр зам” төслийн бүтээн байгуулалтад үүрэг гүйцэтгэж, төмөр замын доод бүтцийг барих ажлыг хугацаанд нь дуусгаж, дээд бүтэц угсрах ажлыг “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанитай хамтран гүйцэтгэж байна. Төсөлд оролцсоноор барилга-инженерийн ангиудын чадавх, бие бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадвар нэмэгдэж, цаашид улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд бие даан үүрэг гүйцэтгэх боломжтой болсон гэж үзэж байна. Зэвсэгт хүчин цаашид Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичигт тусгагдсан төмөр замын болон бусад стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалтад үүрэг гүйцэтгэнэ.
Төмөр замыг өөрсдийн хүчээр буюу Зэвсэгт хүчин хариуцан, үндэсний аж ахуйн нэгжүүдийн оролцоотой бүтээн байгуулсан нь “Бид өөрсдөө чадна” гэсэн итгэл үнэмшил, үндэсний ухамсрыг бий болгосон. Үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалтын ажлыг монголчууд бид өөрсдөө хийх нь улс, үндэстнийхээ ирээдүйн сайн сайхныг бие даан цогцлоох, үндэсний аюулгүй байдлаа хангах бодлого, үйл ажиллагааны эх үндэс нь болох болно.
Энэ дашрамд Монгол Улс энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт, нээлттэй гадаад бодлогыг баримтлан, үндэсний аюулгүй байдлаа улс төр, дипломатын аргаар хангах зорилт дэвшүүлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ зорилтыг хангахад энхийг сахиулагчдын маань үүрэг, үйл хэрэг үнэтэй хувь нэмэр оруулж байгаа төдийгүй улс орныхоо аюулгүй байдал, оршин тогтнохын баталгааг бэхжүүлэхэд онцгой чухал ач холбогдолтойг мөн цохон тэмдэглэе.
Зэвсэгт хүчний байгуулалтын зорилго нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах улс төр, дипломатын үйл ажиллагаа, улс орны эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх чадавхтай цэргийн мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн бие бүрэлдэхүүн, шинжлэх ухаан, технологийн дэвшилд суурилсан орчин үеийн зэвсэглэл, цэргийн техник бүхий мэргэжлийн Зэвсэгт хүчнийг байгуулах алсын хараатай байх, цэргийн удирдлагын байгууллага, нэгтгэл, ангийн бэлэн байдал, бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх бэлтгэлжилтийг аюулгүй байдлын орчинд нийцүүлэн дээшлүүлэхэд чиглэгдэнэ. Үүнд удирдах албан тушаалтнууд Та бүхэн онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна.
Та бүхний энэ удаагийн цугларалт нь улс орныхоо аюулгүй байдлыг бие даан хангахад чиглэсэн операцын төлөвлөлтийн баримт бичгүүдийг шинээр боловсруулах талаар нэгдсэн ойлголтод хүрэх, хүч хэрэгслийг оновчтойгоор хэрэглэх арга замыг эрэлхийлж байгаа гэж ойлгож байна.
Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний 2021 оны стратегийн цугларалтын үйл ажиллагаанд амжилт хүсье.
Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг Бүх цэргийн Их хар сүлд ивээж, Мөнх тэнгэрийн хүчин дор монгол цэргийн сүр хүч, хийморь золбоо үеийн үед мандан бадрах болтугай” гэлээ.

Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төлөвлөгөөний хүрээнд 1997 оноос хойш жил бүр зохион байгуулж буй Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалтаар улс орны аюулгүй байдал, батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин, цэргийн байгууллагын өмнө тулгамдсан асуудлуудыг хэлэлцдэг.

2021 онд Монгол Улсын орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна. Түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд бүтээсэн Цогтцэций-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын бүтээн байгуулалтын макетыг мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцууллаа.

Categories
мэдээ улс-төр

БСШУСБХ: Музейн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн /2021.01.26/ хуралдаан 10 цаг 30 минутад ирц бүрдсэнээр эхэлж, Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат Засгийн газраас 2020.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн Музейн тухай хуулийн төслийн болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах талаар танилцуулав.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа танилцуулснаар хуулийн төсөл, Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Мөнхцэцэг, П.Анужин нар асуулт асууж, хариулт авлаа. Гишүүдийн асуултад Ажлын хэсэгт хүрэлцэн ирсэн Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах Соёлын сайдын үүрэг гүйцэтгэгч С.Чулуун, дэд сайд М.Батбаяр, Соёлын өвийн газрын дарга Б.Даваасүрэн нар хариулт өгсөн юм.

Тухайлбал Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэгийн Чингис хааны музейн барилгын ажил хэдийгээр дуусаж, ашиглалтад орох талаар тодруулсан асуултад Соёлын сайдын үүрэг гүйцэтгэгч С.Чулуун Чингис хаан, хаад язгууртны музей нь Монгол Улсын түүхэнд байгаагүй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн музей болох бөгөөд одоогоор барилгын ажил 90 хувь, дотоод заслын ажил 70 хувь, үзүүлэн, үзмэр бүрдүүлэх ажил 50 орчим хувьтай, Ардын хувьсгалын 100 жилийн ойн өмнө ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа талаар хариулт өгөв. Улсын Их Хурлын гишүүн П.Анужин музейн ажилтнуудын хариуцлага, сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалт муугаас үзмэр алга болдог талаар хөндөөд, музейн удирдлага болон ажилтнуудын хариуцлага хуулийн төсөлд хэрхэн туссан талаар, мөн үзмэрийн бүртгэлжүүлэлт төсөлд хэрхэн туссан талаар тодруулав. Энэ асуултад Соёлын өвийн газрын дарга Б.Даваасүрэн хууль батлагдсанаар музейн сан хөмрөгт хадгалагдаж буй үзмэрийн хадгалалт, хамгаалалт сайжрана. Яагаад гэвэл хуулийг дагаад хэд хэдэн стандарт батлагдана гэж хариуллаа.

Ингээд Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй гурван саналын томъёоллоор санал хураалт явуулав. Төслийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн “Монгол Улсын харъяат” гэснийг хасах саналтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, С.Чинзориг, Б.Баярсайхан нар үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг саналыг дэмжиж буйгаа илэрхийлээд зөвхөн Монгол Улсын харъяат 16 хүртэлх насны хүүхэд музейг үнэ төлбөргүй үздэг байх нь зөв гэж байр сууриа илэрхийлэв. Төслийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн “Монгол Улсын харъяат” гэснийг хасах саналыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх уг саналыг дэмжсэнгүй.

Хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэг болон 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэсэн саналтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Г.Мөнхцэцэг, Ё.Баатарбилэг нар үг хэлж, асуулт асуув. Үзмэртэй шууд харьцах албан тушаалтанд 10 жил тутам нэг жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгох хугацааг Төсвийн тухай хуулийн 6.2.5-ын Төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх заалтын дагуу 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөс өөр аргагүй талаар Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат тайлбар хийв. Уг саналыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 71.4 хувийн саналаар дэмжигдлээ.

Үргэлжлүүлэн мөн Ажлын хэсгээс бэлтгэсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3 дахь заалтын дагуу хураалгах саналыг хэлэлцэж, төслийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийн “хамтран” гэснийг “зөвшилцөн” гэж өөрчлөх саналыг гишүүдийн олонх дэмжлээ.

Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг зарчмын зөрүүтэй санал гаргав. Тэрбээр музейн ажилтанд 10 жил тутамд урамшуулал олгоно гэснийг 8 жил болгох зарчмын зөрүүтэй санал гаргаж, уг саналын томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 57.1 хувийн саналаар дэмжигдлээ. Ийнхүү хэлэлцээдМузейн тухай хуулийн төслийн болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэсэн юм.

Хуралдааны төгсгөлд хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаас нэрээ татах хүсэлтээ ирүүлсэн Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрамын хүсэлтийг үндэслэн Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуягийг томилсноор хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Categories
мэдээ нийгэм

Хүний биед халдсан 39 тохиолдол бүртгэгдэж, 176 хүн эрүүлжүүлэгджээ

Энэ сарын 25-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1345 гомдол мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1146, хулгайтай холбоотой 11, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 100, гэмт хэргийн шинжтэй 55 мэдээлэл ирсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 52, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 100, хүний биед халдсан 39, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 90, эрүүлжүүлэх байранд хоносон 176, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 74 тохиолдол гарчээ.

Categories
гадаад мэдээ цаг-үе

Харриет Тубман 20 долларын дэвсгэрт дээр гарсан анхны өнгөт арьст эмэгтэй боллоо

АНУ-ын төрийн сан Ерөнхийлөгч асан Барак Обамагийн үед хийхээр төлөвлөж байсны дагуу эрх чөлөөний тэмцэгч Харриет Тубманы хөргийг 20 долларын дэвсгэрт дээр буулгах ажлыг зохион байгуулах талаар Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки даваа гаригт мэдээлэв.

Тэрээр “Хамгийн чухал нь АНУ-ын мөнгөн тэмдэгтүүд манай улсын түүх, соёлыг илэрхийлж No description available.байх учиртай. Харриет Тубманы зурагтай 20 долларын дэвсгэрт үүнийг илэрхийлэх нь дамжиггүй. Тиймээс бид энэ ажлыг үргэлжлүүлэх арга хэмжээг авч байна” гэлээ.

Ингэснээр Америкийн цаасан мөнгөн дээрх анхны өнгөт арьст эмэгтэй болж байгаа юм.

Харриет Тубман нь боолчлогдсон олон зуун хүмүүсийг газар доорх төмөр замыг ашиглан, эрх чөлөөнд хүргэх үйлст томоохон хувь нэмэр оруулсан хар арьст эмэгтэй юм. Тэрээр 1808-1832 оны хооронд Мэрилэнд мужийн Дорчестер тойрогт боолчлогдсон эцэг эхийн гэрт есөн хүүхдийн нэг болон мэндэлжээ. Тубман амьдралаа эрсдэлд оруулж, олон зуун гэр бүл болон бусад тариалангийн боолуудыг эрх чөлөөнд хүргэсэн нэгэн юм. Мөн Америкийн иргэний дайны үеэр тэрээр Эвслийн армид тусалж, бусад үүрэг гүйцэтгэхэд тагнуулчаар ажиллаж байжээ. Иргэний дайны дараа тэрээр хуучин боол байсан ядуус, хөгшдөд туслах ажилд үлдсэн амьдралаа зориулжээ. Тубман 1913 оны гуравдугаар сарын 10-нд 93 насандаа уушгины хатгалгааны өвчнөөр таалал төгсчээ.

Harriet Tubman, seen around 1890, led more than 300 escaped slaves to freedom, including her parents, through the Underground Railroad.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Гадаадад гацсан иргэдэд тусламж олгоход Засгийн газарт чиглэл өгөх тогтоолын төслийг баталлаа

УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг баталлаа.

Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, баталгаатай хангуулах зорилгоор уг тогтоолын төсөлд,

  • Гадаад улсаас эх орондоо ирэх хүсэлт гаргасан боловч нэн даруй тусгай үүргийн нислэгт хамруулах боломжгүй, өдөр тутмын орлого, орон байргүй болсон зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдэд хоол хүнс, түр байраар хангах, мөнгөн тусламж олгох асуудлыг судалж, шийдвэрлэх,
  • Тусгаарлах байрны хүрэлцээ, тусгай үүргийн нислэгийн тоог нэмэгдүүлэн эх орондоо буцах хүсэлтэй иргэдийг татан авах ажлыг эрчимжүүлж, яаралтай татан авах, нислэг цуцалсан гэнэтийн шийдвэрээс үүдэн хохирсон иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх,
  • Хорих анги, баривчлах, цагдан хорих, түр болон албадан саатуулах байр, сэтгэцийн эрүүл мэндийн төв, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд болон ахмадын асрамжийн газар, цэргийн анги, хилийн шалган нэвтрүүлэх боомт дахь түр саатуулах болон хамгаалах байранд халдвараас хамгаалах арга хэмжээ авах, халдвар гарсан тохиолдолд авах арга хэмжээний төлөвлөгөө, бэлэн байдлыг хангасан эсэхэд хяналт тавих,
  • Гадаадад байхдаа коронавирусний халдварын шинжилгээ нь эерэг гарсан иргэнийг тухайн улсад эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хамруулах, улмаар эх орондоо ирэх боломжийг бүрдүүлэх бүхий л арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх,
  • Хөл хорионы улмаас өдөр тутмын орлого нь тасарсан болон баримт бичиг, бүртгэлийн зөрчлийн улмаас шаардлагатай эмнэлгийн тусламж, үйлчилгээ, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа иргэдэд хүнс, ус, түлээ түлш, ариутгал, халдваргүйжүүлэлтийн хэрэгслээр хангах арга хэмжээ авах зэрэг хэд хэдэн арга хэмжээг шуурхай зохион байгуулах,
  • Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиг үүрэг бүхий төрийн бүх шатны байгууллагын ажилтан, албан хаагчдад үйл ажиллагаандаа хүний эрхийг хамгаалж, хангаж ажиллахыг үүрэг болгох,
  • Тусгаарлах байрны хүрэлцээ, тусгай үүргийн нислэгийн тоог нэмэгдүүлэн эх орондоо буцах хүсэлтэй иргэдийг татан авах ажлыг эрчимжүүлж, яаралтай татан авах, нислэг цуцалсан гэнэтийн шийдвэрээс үүдэн хохирсон иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг хэд хэдэн арга хэмжээг шуурхай авч ажиллахыг Засгийн газарт чиглэл болгохоор тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Categories
мэдээ нийгэм

ХӨСҮТ: Сүүлийн 24 цагт 42 хүн эдгэрч, эдгэрсэн хүний тоо 1211 боллоо

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээллийг хүргэж байна.

Тэрбээр, Өчигдөр 12039 хүнд PCR шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирус илэрлээ. Хоёр нь ХӨСҮТ-ийн ариутгагч, ажилтан байсан. Харин долоо нь нийтийн байранд амьдардаг иргэд байна. Бусад нь батлагдсан тохиолдлуудын хавьтал.

Энэ сарын 17-ны өдөр үсээ засуулсан гэр бүлийн гурван хүн халдвар авсан нь батлагдлаа. Сүхбаатар дүүргийн 45-р байранд халдвар бүртгэгдсэнтэй холбоотой байрны 121 хүнд шинжилгээ хийхэд хариу сөрөг гарсан. Дамбадаржаа орчмын 500 гаруй иргэнээс шинжилгээ авсан, эхний шинжилгээ сөрөг гарсан. 14 хоногийн дараа давтан шинжилгээ хийнэ.

Талбайд жагссан иргэдээс эхний шинжилгээгээр коронавирус илрээгүй. Сүүлийн 24 цагт 42 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Эдгэрсэн хүний тоо 1211 боллоо” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Товчоодоор 1,171 тээврийн хэрэгслээр 2,603 зорчигч хот руу нэвтэрчээ

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор өнгөрсөн 24 цагийн хугацаанд албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор нийт 1,171 тээврийн хэрэгслээр 2,603 зорчигч хот руу нэвтэрч, 1,264 тээврийн хэрэгслээр 4,085 зорчигч хотоос гарсан байна.

Нийт 6,688 зорчигчдод эрүүл мэндийн хяналт хийхэд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд Эрүүл мэнд, Онцгой, Цагдаа, Мал эмнэлэг, Мэргэжлийн хяналтын 86 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэлээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

Б.Мишээл: “Нийслэл хүүхэн”-д надтай төстэй зүйлүүд бий


“Нийслэл хүүхэн” уран сайхны киноны гол дүрийн жүжигчин Б.Мишээлтэй ярилцлаа.


-“Нийслэл хүүхэн” хэдэн ангитай вэ, зураг авалт хэр удаан үргэлжилсэн бэ?

-“Нийслэл хүүхэн” уран сайхны кино нийт 12 ангитай. Зураг авалт наймдугаар сарын 12 хавьцаа эхэлсэн санагдаж байна, сар гаруй хугацаанд үргэлжилсэн.


-Бодит амьдрал дээр Б.Мишээл “нийслэл хүүхэн” мөн үү?

-Дүрийн хувьд надтай төстэй зүйлүүд бий. Би хотын унаган хүүхэд. Жүжигчин мэргэжлийг сонгосноос хойш л хөдөө гадаа явдаг болсон. Багадаа хөдөө ер нь явж үзээгүй охин байлаа. СУИС-д ороод, “Монгол ахуйгаа мэдэхгүй хаагуур юу хийж явсан юм бэ” гээд ангийнхаа багшид загнуулдаг байсан л даа. СУИС монгол ахуй, соёл уламжлал гэж ямар гайхалтай үнэт зүйл гэдгийг зааж сургаж өгсөн гэж хувьдаа их баярлаж явдаг.

-Зураг авалт хаана болсон бэ, их гоё байгальтай газар байсан?

-“Хаана зураг авсан бэ, яасан гоё байгальтай газар вэ” гэж хүмүүс их асууж байна. Киноны баг нийт 50-иад хүний бүрэлдэхүүнтэй явсан. Олон хүнтэй учраас хотоос зайтай явах боломжгүй байснаас хотын ойролцоо шийдсэн. Тэрэлжид UB-2-ын гармаас нэлээд цаашаа явж зураг авсан.

-Зураг авалтын үеэр хөгжилтэй явдлууд олон тохиолдсон уу?

-Сар хагасын хугацаанд бид ямар ч стрессгүй, үнэхээр хөгжилтэй, зугаатай адал явдалтай байж, сайхан хамт олон болж, сайхан уран бүтээлийн ард гарсан. Бие биедээ маш их дасч, сайхан ах дүүс, найзууд болсон. Гэрэл гэгээтэй, хөгжилтэй комеди кино учраас зураг авалт маань ч дандаа инээдтэй, хөгжилтэй өрнөж, өдөр болгон инээлддэг байсан л даа.

-Хамгийн хэцүү санагдсан хэсэг нь юу байв?

-Голын ус руу шидүүлдэг хэсгээс жаахан айж байлаа. Есдүгээр сарын сүүлээр голын хөвөөнд нэлээд хүйтэн болж, мод шарласан байсан. Голын ус хага ташиж байлаа. Найруулагч маань шар тос залгиж, хүзүү амаа сайхан тосолчих гэж зөвлөсөн. Үнэхээр хүйтэн байсан ч хийх л ёстой гэж хичээсэн.

-Олны танил жүжигчидтэй хамтарч тоглосон шүү дээ. Зураг авалтын үеэр сонссон хамгийн сайн зөвлөгөө юу байв?

-Мундаг сайхан уран бүтээлчид, жүжигчидтэй хамтарч ажилласан. Ааяа эгч, Лхагваа ах, Баатархүү ах, Магнай ах, Цэвэгмэд эгч нарыгаа анзаарахад дүр дээрээ их сайн ажилладаг юм билээ. Зохиол дээрээ бүгд сайн ажилласан л даа. Зохиол гарч ирэхээр өөрсдөө санал бодлоо хуваалцаад, миний дүр иймэрхүү юм шиг санагдаж байна, ингээд нэмчихвэл яах вэ гээд жүжигчид маань найруулагчтайгаа санал бодлоо хуваалцаж, бөөгнөж сууж, инээлдэж байгаад ургуулж бодож төсөөлж дүр дээрээ маш сайн ажилласан.


-Хүү тань “Нийслэл хүүхэн” киног яаж хүлээж авсан бэ?

-Ер нь хүүхдүүд энэ кинонд их дуртай байх шиг байсан. Тэдэнд их хөгжилтэй санагдсан юм шиг байна лээ. Хүү маань “Миний ээж жүжигчин” гэж ярьдаг. Ээжийг нь “чадаж”, эсгийд боогоод, гол руу шидэж байгаа хэсгийг хараад хүү маань “Миний ээжийг яаж байгаа юм бэ” гэсэн. “Энэ чинь кино шүү дээ, ээжийнх нь ажил” гэж тайлбарласан. Одоо л яг ойлгож эхэлж байх шиг байна.

-Ингэхэд оркууд гэж хэн бэ, хотын соёлыг төлөвшүүлэхэд юу шаардлагатай гэж үздэг вэ?

-Оркууд гэдэг үг сүүлийн таван жилд их тренд болоод байх шиг. Оркууд гэхээр соёлгүй бүдүүлэг хүмүүс л гэж ойлгодог. Түүнээс биш хотынхон гэхээр орк биш гэсэн үг биш шүү дээ. Хотынх ч гэсэн соёлгүй бүдүүлэг хүмүүс зөндөө бий.

-“Эхнэрийн заавраар” нэвтрүүлэгт уран бүтээлийн хамтрагчтайгаа оролцсон. Эхэндээ нөхөр нь юм болов уу гэж андуурагдах шиг болсон?

-“Эхнэрийн заавраар” нэвтрүүлэг шинэ жилийн баярын дугаар байсан. Кино маань Orange Entertain­ment буюу NTV-гийн охин компанийн бүтээл. “Эхнэрийн заавраар” нэвтрүүлэгт киноныхоо уран бүтээлчид буюу киноны хосуудаараа оролцсон л доо. Мэдэх нэг нь мэдэж байгаа, зарим нь нэвтрүүлгээ үзээд ойлгосон байх л даа.

-Өөр уран бүтээл дээр ажиллаж байгаа юу?

-Ойрын үед өөртөө амралт өгсөн. Сүүлийн жилүүдэд амралтгүй ажилласан байна. Хөл хориог далимдуулаад өөртөө цаг зав гаргахын зэрэгцээ хүүтэйгээ хамт өнгөрүүлэх цагаа ихэсгэж байгаа гэж болно. Хэд хэдэн киноны саналууд, Цагаан сар, баярын контентуудын урилга ирсэн. Бас шоу нэвтрүүлгүүдэд оролцооч гэсэн санал ирсэн. Одоохондоо энэ их аюултай өвчний үед гэрийнхэн, хайртай дотны хүмүүстэйгээ гэртээ байвал зөв юм болов уу гэж бодоод байна.

-Хөл хорионы өдрүүдийг хэрхэн өнгөрүүлж байна вэ?

-Хөл хорионы үед хоол сайн хийж сурч байна даа. (инээв) Зав муутай гэртээ байхаасаа байхгүй нь их, гэр орны ажилд бага оролцдог байсан. Одоо бол хоол их хийж, гэрийн ажил хийж, хүүхэдтэйгээ цагийг өнгөрүүлж байна даа.

-Хамгийн сүүлд ямар ном уншсан бэ, юунаас илүү их ухаарал авч байна даа?

-Хамгийн сүүлд “Бүсгүйн код”, “Босс эмэгтэй” гэсэн хоёр ном уншсан. Үлгэр дуурайл, ухаарал авдаг хүн гэвэл ээж, эгч маань. Эмэгтэй хүний дотоод гоо үзэсгэлэн, ухаарлыг ээжээсээ авдаг.

-“Аавын эрх охин” гэж фэйсбүүктээ бичсэн байна лээ. Одоо ч хааяа эрхлэх үе байдаг уу?

-Би чинь айлын гурван охины нэг. Аав маань дандаа эмэгтэйчүүд дунд амьдарсан болохоор их уян зөөлөн хүн. Зөвхөн би ч гэлтгүй эгч, дүү хоёр маань ч аавын эрх охид. Одоо ч би ээж, аавынхаа гэрт очиж, гарын хоолыг нь идэж эрхлэх дуртай.

-“Орчлон” сургууль төгссөн юм билээ. Цаашдаа ямар нэг чиглэлээр үргэлжлүүлж суръя гэж боддог уу?

-“Орчлон” сургууль төгссөн. Төгсөөд СУИС-д орсон. Цаашдаа урлагийн чиглэлээр бус өөр мэргэжлээр сурах бодолтой байгаа. “Орчлон” сургууль төгссөнөөс хойш англи хэлээ бараг хэрэглэсэнгүй. Хэрэглэхгүй болохоор мартагддаг юм байна. Англи хэлээ сэргээхээс гадна солонгос хэл үзэж эхэлсэн ч хөл хорионоос болоод завсарласан.

-Монгол Улс эмэгтэй Ерөнхийлөгчтэй болох цаг болсон уу, өөрөө босс эмэгтэй мөн үү?

-Босс гэхээсээ юмыг удирдан зохион байгуулах зан характертай хүн л дээ, би. Монгол эмэгтэйчүүдийн оюуны чадамж өндөр, IQ болон EQ өндөр, оюуны потенциалтай эмэгтэйчүүд байдаг шиг санагддаг. Тэгэхээр би бол эмэгтэй хүн Ерөнхийлөгч байж чадна гэж бодож байна.

Categories
гадаад мэдээ цаг-үе

Монгол судлаач Ю.Н.Кручкин: ОХУ-ын хэвлэлүүд жагсаалын талаар бодит байдлыг түгээхгүй байна

ОХУ-д болж буй жагсаал цуглааны талаар монгол судлаач Ю.Н.Кручкин ярилаа.

Тэрээр “Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудад чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Ямартаа ч Монголын хэвлэл хэвлэл мэдээллээр жинхэнэ бодит байдал нь гарч байгаа гэж хэлмээр байна. ОХУ-ын мэдээллийн хэрэгслээр энэ жагсаалтай холбоотой мэдээлэл маш хомс, худал мэдээлэл гарч байгаа. ОХУ-д болж байгаа улс төрийн нөхцөл байдлын тухайд бол харамсалтай үйл явдал болж байгаа. Долоо хоногийн дотор эрх баригчид, төрийн тэргүүний тойрон хүрээлэгчид нэлээд их алдаа гаргасан гэж бодож байна. Зөвхөн Алексей Навальный асуудал биш юм. Алексей Навальный биш бол өөр хэн энэ асуудлыг хөндөх билээ. Хэрвээ ОХУ-ын албаны эх сурвалжуудын хэлж байгаагаар бид томоотой, чимээгүй суух ёстой юм шигбайгаа юм. Энэхүү жагсаалд 30 мянган иргэн оролцоогүй. Жагсаалд оролцож буй хүмүүстэй холбогдоход 100 гаруй мянган иргэд ороцсон гэж үзэж байгаа” гэв.

Categories
гадаад мэдээ

Коронавирусийн халдвар авсан хүний тоо 100 саяд хүрлээ

Дэлхий даяар нэг өдөрт 448 мянган хүн коронавирусийн халдвар авснаар нийт халдвар авсан хүний тоо 100 саяд хүрлээ. Үүний дөрөвний нэг нь буюу 25 сая нь зөвхөн АНУ-д бүртгэгдээд байна.

АНУ-д нэг өдөрт 152 мянган хүн халдвар авсан нь нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр тоо бөгөөд Испани, Бразил, ОХУ, Колумби, Мексик, Их Британи улсуудад 10 мянгаас дээш тохиолдол илэрлээ.

Нийт 17 улсад нэг өдөрт зуугаас олон хүн коронавирусийн улмаас нас барсан ба дэлхий даяар 2.148 сая хүн нас бараад байна.

Хамгийн олон хүн халдвар авсан улсууд:

  1. АНУ – 25,861,386
  2. Энэтхэг – 10,677,710
  3. Бразил – 8,872,964
  4. ОХУ – 3,738,690
  5. Их Британи – 3,669,658
  6. Франц – 3,057,857
  7. Испани – 2,697,294
  8. Итали – 2,475,372
  9. Турк – 2,435,247
  10. Герман – 2,154,656
  11. Колумби – 2,027,746