Categories
мэдээ улс-төр

Гааль, НӨАТ-аас чөлөөлөх хуулийн хугацааг сунгах төсөл өргөн барив

УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Г.Дамдинням, Т.Аубакир нар нэр бүхий гишүүдийн санаачилсан Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2021.01.26) өргөн мэдүүлэв.

Улсын Их Хурлаас 2008 оны тавдугаар сарын 29-ний өдөр баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар импортоор оруулж байгаа хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор комбайн, машин механизм, гурилын үйлдвэрийн болон усалгааны тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн. Энэ арга нь зардал өндөртэй, уналтад байсан газар тариалангийн үйпдвэрлэлийн өсөлтийг тогворжуулж тариаланчид, үйлдөэрлэгчдийн эдийн засгийн чадавхыг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг тууштай дэмжих, иргэдээ эрүүл аюулгүй, хоол хүнсээр хангахад эрх зүйн томоохон дэмжлэг болсон.

Статистик мэдээгээр энэ хууль хэрэгжсэнээс хойш нийтдээ 1.047.2 тэрбум төгрөгийн техник, 893.4 тэрбум төгрөгийн бордоо, ургамал хамгааллын бодисыг импортоор авч, нийт 281.4 орчим тэрбум төгрөгийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн татварыг чөлөөлснөөр тариалан эрхлэгчдийн татварын дарамтыг ихээхэн багасгажээ.

Өнгөрсөн онд улсын хэмжээнд нийтдээ 536.6 мянган га-д тариалалт хийж, хураан авсан ургацын хэмжээ өсөж, газар тариалангийн салбарт өсөлт гарч байгаа хэдий ч дэвшилтэт техник, технологи нэвтэрч техникийн шинэчлэл хангалттай төвшинд хийгдээгүй байна. Мөн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд эргэлтийн хөрөнгө дутмаг, банкны зээлийн хүү өндөр байгаагаас техникийн шинэчлэл төдийлэн сайн хийж чадахгүй байна.

Манай орны хөдөө аж ахуйн салбарт техник, технологийн шинэчлэл бүрэн хийгдээгүй, үйл ажиллагаа нь дөнгөж тогтворжиж буй энэ үед нь тариаланчид, үйлдвэрлэгчдэд татварын дарамт учруулахгүй байх, бэлчээрийн нөхөн сэргээлтийн техник, технологийг нэвтрүүлэх, үйлдвэрлэгчийн албан ёсны дилерийн тогтолцоог бүрдүүлэн техникийн борлуулалтын дараах үйлчилгээг сайжруулах зайлшгүй шаардлагатай байгаа аж.

Хөдөө аж ахуйн техникийн шинэчлэлийг хэрэгжүүлэхдээ Монгол орны хөрс, уур амьсгалын нөхцөлд тохирсон, газар тариалангийн үйлдвэрлэлийн технологийн болон бүтээгдэхүүний чанарын шаардлагад нийцсэн, хөрсний үржил шимийг дээшлүүлэхэд чиглэгдсэн, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай трактор, комбайн, хөдөө аж ахуйн машин, техникийг нэвтрүүлэх чиглэл баримталж байна. Тиймээс Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр топоолоор батлагдсан Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Атрын IV аяныг хэрэгжүүлж, тариалангийн тогтвортой үйлдвэрлэлийн хөгжлийг хангаж, бүтээгдэхүүнийг экслортлох, боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлж, таримлын сэлгээ, тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар салбарын бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхээр заасан.

Хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин мөханизмыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон. Иймд тариалан эрхлэхэд нэн шаардлагатай байгаа техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг эдийн засгийн хямрал, валютын өсөлттэй байгаа энэ үед нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж байгааг үргэлжлүүлэх шийдвэр гаргаж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлзгчдийг дэмжих шаардлагатай хэмээн төсөл санаачлагчид үзэж, уг хуулийн төслийг боловсруулсан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Найруулагч Д.Бямбасүрэнгийн “Алтан судал” кино Оскарт өрсөлдөнө

Найруулагч Д.Бямбасүрэнгийн “Алтан судал” кино энэ жилийн Оскар наадмын “Гадаад хэл дээрх шилдэг кино” нэр төрөлд дэвшиж, өрсөлдөхөөр болжээ. Ирэх сарын 1-5-ны хооронд нэр дэвших кинонуудыг сонгох бөгөөд энэ жил “Гадаад хэл дээрх шилдэг кино”-ны төрөлд 15 бүтээл нэр дэвших юм байна.

Оскарын 93 дахь удаагийн шагнал гардуулах ёслолд нэр дэвшигчдийг гуравдугаар сарын 15-ны өдөр зарлаж, ёслолыг дөрөвдүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөжээ.

“Алтан судал” уран сайхны кино нь 2020 оны хоёрдугаар сард Берлиний кино наадамд амжилттай оролцож, нээлтээ хийсэн. Нээлтээ хийсэн цагаасаа хойш олны анхаарлыг татаж, үзэгчдээс өндөр үнэлгээ аваад буй. Герман, Австрали, Араб, Монгол зэрэг олон улсын уран бүтээлчид хамтран ажилласан энэ киноны гол дүрүүдэд жүжигчин Н.Ялалт, Т.Энэрэл, Б.Бат-Ирээдүй, Б.Алгирчамин, С.Ариунбямба нар тоглосон.

Жүжигчин Н.Ялалт манай сайтад өгсөн ярилцлагадаа “Энэ уран бүтээлийн маань эхлэл болсон хүн нь Даваагийн Бямбасүрэн найруулагч. Энэ хүнийг монголчууд төдийгүй дэлхийн үзэгчид “Ингэн нулимс”, “Шар нохойн там” киногоор нь андахгүй. Тэрхүү киногоороо “Оскар”-т хүртэл нэр дэвшиж байсныг үзэгчид мэдэж байгаа биз. Д.Бямбасүрэн найруулагчийн энэ бүтээл олон жилийн өмнөөс хийгдэхээр яригдаж байсан ч тодорхой бэрхшээл тулгарч, төслөө зогсоох хэмжээнд очиж байсан гэсэн. Энэ төсөл маань хоёр жилийн өмнө биелэлээ олж, 2018 оны наймдугаар сард зураг авалтаа эхэлсэн. Нийтдээ 70 гаруй Монгол уран бүтээлчид хамтран ажилласан. Киноны продюсер талыг Германы “Basis Berlin” кино компани хариуцсан. Харин зохион байгуулалт, оффисын ажил, зураг авалтын ажлыг Монгол, Герман, Араб, Австри, Ливан зэрэг таван орны уран бүтээлчид хамтран ажилласан. Киноны зураг авалтыг Төв аймгийн Заамар, Булганы Бүрэгхангай сум, Улаанбаатар хотод хийсэн” талаар ярьж байв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлийн 10 байршлыг хамгаалалтад авч, хэсэгчилсэн хязгаарлалт тогтоолоо

2021 оны нэгдүгээр сарын 26-ний өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд доорх 10 байршилд хамгаалалт гарч, хэсэгчилсэн хязгаарлалт тогтоолоо.

ХАМГААЛАЛТТАЙ БАЙРШЛУУД:

БГД: 12-р хороо 19-р байр

БГД: 5-р хороо 47а байр

БЗД: 19-р хороо Саруул тэнгэр 103 байр

БЗД: 2-р хороо 8-1-р байр

БЗД: 17-р хороо 61-р байр

БЗД: 7-р хороо 38а байр

ЧД: 3-р хороо 23-р байр

СХД: 8-р хороо 50 айлын орон сууц

СБД: 15,16,18-р хорооны бүсчилсэн хэсэг

СБД: 5-р хороо 23-р байр

Categories
мэдээ нийгэм

Зочид буудлуудын өрөөнд хүн олноор оруулсан эсэхэд гэнэтийн шалгалт хийжээ

Нийслэлийн Онцгой комиссын нэгдүгээр сарын 25-ны цахим хурлаар Зочид буудлуудын үйл ажиллагааг нээсэнтэй холбоотойгоор олноор нэг өрөөнд цуглах, халдвар хамгааллын дэглэм алдагдах эрсдэл үүссэн эсэхэд гэнэтийн болон түүвэр хяналт шалгалтын ажлыг Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн удирдлага болон холбогдох албаныхантай зохион байгууллаа.

Хотын төвийн болон захаар байрлалтай Континентал, Сод, Хүлэг, Өнө бар, ЭБО Төв зэрэг зочид буудлуудад хяналтын ажлыг хийлээ.

Зочид буудлын салбар “Ковид-19” цар тахлын улмаас олон сар зогсолт хийж уналтанд орсон, энэ байдал үргэлжилвэл санхүүгийн хувьд хүндрэл үүсэх эрсдэлд тун ойрхон байгааг эздүүдийн зүгээс хэлж байлаа. Цаашид зочид буудал, дэн буудалд тавигдах нөхцөл шаардлага, стандартуудыг эргэж харах шаардлагатай. Аж ахуйн нэгжүүд QR бүртгэл, халуун хэмжих өрөө тасалгааны цэвэрлэгээг дагаж мөрдөх идэвх сайн байв.

Хотын А зэрэглэлийн бүсээс гадагш тэлэх тусам хараа хяналт, шаардлагыг сахиулах шаардлагатай нь ажиглагдлаа хэмээн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

О.Цогтгэрэл: Төр өөрт байгаа дата мэдээллүүдээр албан ёсны орлого олох боломжтой

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл өнөөдөр Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа.

Төрд цуглаж байгаа дата мэдээллийг арилжааны чиглэлээр гаргаж болох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ. Тодруулбал, хувь хүний болон байгууллага, улсын нууцтай холбоотойгоос бусад хэсгийг арилжааны зориулалтаар гаргах нь бизнес тэр дундаа инноваци шингэсэн гарааны бизнесүүд албан ёсны түүхий эдтэй болно гэж үзэж байгаа аж.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Төр өөрт байгаа дата мэдээллүүдээр албан ёсны орлого олох боломжтой. Одоо төрд байгаа статистик мэдээллүүдийг олон төрлийн сувгаар албан бусаар авч байгаа шүү дээ. Тэгвэл үүнийг нэгдсэн журмаар орлого болгох боломжтой болно гэсэн үг. Мөн хуулийн төсөлд дижитал, зайнаас ажиллах зэрэг олон ач холбогдолтой зохицуулалтуудыг оруулсан гэж үзэж байна. Хувь хүний мэдээллийг арилжааны зохицуулалтаар гаргаж болох эсэхэд Хувь хүний нууц, Өгөгдөл хамгаалал зэрэг хуулийн төслүүд өргөн барьж байгаа учраас хамтад нь хэлэлцэх нь зүйтэй” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтаар 935 зөрчлийг илрүүлэв

Нийслэлийн Засаг даргын А/25 дугаар захирамжаар үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн зах, худалдааны төв, аж ахуйн нэгж байгууллагуудад 2021 оны нэгдүгээр сарын 24-25-ны өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, Мэргэжлийн хяналтын газар, Захирагчийн ажлын алба, 9 дүүргийн харьяа хэлтэс, хороодын нийт 1424 ажилтан, алба хаагч 2803 аж ахуй нэгж, байгууллагын халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгууллаа.

Шалгалтаар 925 зөрчлийг илрүүлэн, үзлэг шалгалтын явцад 580 зөрчлийг газар дээр арилгуулж, бусад зөрчлийг арилгуулахаар заавар зөвлөмж өгч ажиллав.

Урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтаар дараах нийтлэг зөрчлүүд илэрлээ. Үүнд:

– Хүн амын төвлөрөл их, хүн хоорондын зай барих боломжгүй

– Үйлчлүүлж буй хүний бүртгэл хөтлөлт хангалтгүй, QR код хангалтгүй, үйлчлүүлж буй иргэд утас байхгүй, И-баримт аппликешн хэрэглэдэггүй,

– Агааржуулалт, агаар сэлгэлт хангалтгүй,

–Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж, санамж, зурагт хуудас байршуулаагүй

– Халуун хэмжиж, хяналт хийж буй ажилтан тогтмол суухгүй, гар ариутгалыг хүн бүрээр хийлгэхгүй,

– Лангуу түрээслэгч худалдагч нар нь өөрсдийнхөө халууныг үзэхгүй,

– Гадна павильон болон өдөрт машинаас худалдаа эрхлэгч нарыг зай бариулах, гар ариутгал, худалдаа эрхлэгчдийн өдөр бүр халууныг үзэж бүртгэдэггүй,

– Нэг хаалгаар орж, гарч зай хэмжээ алдагддаг,

– Орчны бохирдол ихтэй,

– Бага насны хүүхдүүд их үйлчлүүлж байгаа,

– Хувь хүний гар дээрээс явуулын хоол хүнсийг авч хэрэглэдэг,

– Нийтийн бие засах газрын хүрэлцээ муу,

– Халдваргүйтгэлийн зориулалтын бодис хангалтгүй,

– Тусгаарлах өрөө бэлтгээгүй,

– Ариун цэвэр муу, худалдан авалт нь бэлэн мөнгөөр ихэвчлэн хийгддэг

– Задгай талбайд ариутгал халдваргүйтгэл хийхэд хүндрэлтэй

Цаашид аж, ахуй нэгж, байгууллагын халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх, халдвараас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажил үргэлжилнэ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Х.Нямбаатар: С.Ганбаатар таныг Оюутолгойн ажлын хэсэгт хамтарч ажиллахыг санал болгож байна

Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч
Х.Нямбаатар Сүхбаатарын талбайд ирж, Рио Тинто групптэй хийж буй
Засгийн газрын хэлэлцээний талаар мэдээлэл өглөө. Хэлэлцээний
багийг ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго ахлан ажиллаж байгаа юм.

Хууль зүй, дотоо хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Нямбаатар “Засгийн газар одоогийн ханшаар нийт 1 их наяд төгрөгийн татварын акт тавьсныг “Оюутолгой” төлөхгүй хэмээн шүүхэд хандсан. С.Ганбаатар гишүүний олон жил хөндөж буй нэг асуудлыг манай Засгийн газар нэг алхмаар урагшлууллаа. Энэ бол Дубайн гэрээг бүхэлд нь цуцлах санал юм. Мөн бид 2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах биш нэмэлт өөрчлөлт оруулах санал тавьсан. Ингэхгүй бол болохгүй нөхцөл байдал үүслээ.

Идэр есийн хүйтэнд С.Ганбаатар гишүүн гадаа зогсож байгаад би их санаа зовж байна. Та манай ажлын хэсэгтэй хамтран ажиллаж, Монголчууд бид энэ асуудлаар нэг ойлголтод хүрэх нь чухал. Өчигдөр бид “Оюу толгой” компанийн 2029 он хүртэлх санхүүгийн загварчлалыг хүлээж авлаа. 2023 оны эхний сард далд уурхайн бүтээн байгуулалт ашиглалтад орно. Ингэснээр тус компанийн борлуулалт өсөж, 2029 он гэхэд нийт 29 тэрбум ам.долларын борлуулалт хийнэ. Үүний арван тэрбум ам.долларыг үйл ажиллагаанд зарцуулах юм байна. Зээлийг эргэн төлж, хөрөнгө оруулалтын зардлаа нөхөх нь гэсэн хүлээлт бидэнд байв. Гэтэл санхүүгийн загварчлалд үлдсэн 19 тэрбум ам.долларын 12-ыг нь элэгдэл хорогдолд тооцно гэжээ. Ингээд 6.3 тэрбум ам.доллар үлдэж байгаа юм. Хөрөнгө оруулалтаа нөхөхийн тулд дахин 3 тэрбум ам.долларын зээл авах шардлагатай гэсэн аймшигтай тоог бидэнд гаргаж өгсөн. Тэгэхээр энэ төсөл Монгол Улсад ашиггүй гэдэг дээр бид санал нийлж байна. Хэрэв бид энэ төслийг цэрэг цагдаагийн хүчээр зогсоовол олон улсын гэрээг зөрчсөн хэрэг болно. Иймд хөндлөнгийн шинжээчээр дүгнэлт гаргуулж, гэрээг цуцлах эрх зүйн үндэслэлээ тодорхойлох шаардлагатай. Хөндлөнгийн шинжээчид удахгүй дүгнэлтээ гаргамагц бид олон улсын уульд нийцүүлэн, гэрээгээ өөрчилнө. Гэрээг шууд өнөөдөр цуцалж болохгүй. Засгийн газар санхүүгийн эрсдэлд орох нөхцөл байдал үүсэж болзошгүй. Энэ том төслийг цаашид нийт Монголчуудадаа ашигтай байдлаар урагшлуулах хэрэгтэй тул хамтран ажиллахыг С.Ганбаатар гишүүн танаас хичээнгүйлэн хүсэж байна” гэв.

Л.Оюун-Эрдэнэ сайдын Засгийн газрын хамгийн их анхаарах ажил нь “Оюу толгой” төсөл. Таныг ажлын хэсэгт албан ёсоор урьж байгаагаа Л.Оюун-Эрдэнэ сайд уламжилсан. Нью-Йорк хотын Өмнөд дүүргийн мужийн шүүхэд Энтони Фрэнсис гэдэг хүний нэхэмжлэлээр Рио Тинто, “Туркойз хилл” компаниуд Үнэт цаасны тухай хуулийг зөрчсөн хэрэг үүсгэжээ. Хөрөнгө оруулагчид худал мэдээлэл өгөх замаар зах зээлийн арилжаанд сөргөөр нөлөөлсөн гэх үндэслэлээр дээрх компаниудад Эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх мэдээ манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд гарсан.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Х.Нямбаатар сайд, Б.Солонгоо дарга ард түмний эрх ашгийг хүндэтгэж энд ирлээ. Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа авлига өгсөн нь ил болж, олон улсын шүүх үүнийг баталсан нь энэ гэрээг шууд цуцлах үндэслэл мөн. Засгийн газар гэрээг цуцлах саналаа гаргах хүртэл би өслөгөлөн зарлана. Би 30-40 хоног өлсгөлөн зарлахад миний бие дийлнэ. Олон улсын шүүхүүдэд АН, МАН-ын 24 улс төрчтэй холбоотой хэргүүд үүссэн. Тэдний хөрөнгийг “царцаасан” эх юм. Тэдгээр хөрөнгийг Монголд авчрах хэрэгтэй. Намайг ажлын хэсэгт оруулсан нь том хүндэтгэл. Би зүрх сэтгэлээрээ ажиллана. Надад туршлага бий.

ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго “Иргэний хувиар шүүхэд гаргаж өгсөн энэ хэргийн зарим материалтай би танилцсан. Одоогоор шүүхийн шийдвэр гараагүй байна. Иймд иргэний гаргасан материалыг үнэн гэж үзэж болохгүй. Шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй гэж би ойлгосон. Гэхдээ Засгийн газар бүх материалыг нарийвчлан судалж байна. АНУ болон Их Британид Рио Тинтогийн эсрэг Үнэт цаасны зохицуулах байгууллагаас нь хяналт шалгалт явуулж байгаа юм билээ. Бид хамтран ажиллах чиглэлээр ажиллаж байна. Хэрэв Рио Тинто хууль зөрчсөн нь тогтоогдвол бид тодорхой арга хэмжээг нэн даруй авна. Одоогоор шүүхийн шийдвэр гараагүй байгаа тул бид яриа хэлэлцээ, зөвшилцөх замаар ажиллах нь зүйтэй гэж үздэг. Хөрөнгө оруулагч тал үүн дээр нэгдэн, хэлэлцээний ширээний ард суусан. Гэхдээ шүүхийн шийдвэр гарчихвал бид асуудлыг ул суурьтай харах ёстой” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Үсчин, гоо сайханчдыг шинжилгээнд хамруулахыг үүрэг болголоо

Улсын онцгой комиссын “Шуурхай” ажлын хэсгийн хурал өнөөдөр цахимаар хуралджээ. Монгол Улсын Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч Я.Содбаатар “Шуурхай” ажлын хэсгийг цахимаар хуралдуулж хэд хэдэн чиглэлээр тодорхой үүрэг чиглэл болголоо.

Тухайлбал:

  • Хөдөө орон нутаг руу зорчиж байгаа иргэдийн хяналтад анхаарах,
  • Үйлчилгээ нээсэн аж ахуйн нэгжүүдийн халдвар хамгааллын дэглэмийг сахиулах чиглэлд онцгой анхаарах,
  • Ойрын өдрүүдэд цаг агаар муудаж, цасан шуургатай шуурах төлөвтэй байгаа учраас хот хоорондын зорчих хөдөлгөөн болон малчид ард иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг түгээх
  • Үсчин, гоо сайханчдыг шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүлэх зэрэгт анхаарлаа хандуулахыг мэргэжлийн байгууллагуудад үүрэг болголоо.

Үсчинд үсээ засуулсан нэг гэр бүлийн гурван хүн халдварт өртсөн байна. Энэ нь эрсдэл маш өндөр байгааг харуулж байна. Тиймээс худалдаа үйлчилгээний байгууллагын иргэд халдвар хамгааллын дэглэмийг маш сайн баримтлах шаардлагатай” гэдгийг Улсын онцгой комиссоос анхааруулж байна.

Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба

Categories
мэдээ улс-төр

ХЗБХ: Үндсэн хуулийн цэцийн 2021 оны нэгдүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэв

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.01.26) хуралдаан 11 цаг 20 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв. Цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг энэ талаар танилцуулга хийсэн юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр баталсан Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалт, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 11 дэх заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ.

Үндсэн хуулийн уг маргааныг хянан хэлэлцээд гаргасан 01 дүгээр дүгнэлтдээ, Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь … 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх …-т тэтгэмж олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад ““хүүхдээ асарч байгаа” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-д заасан хүүхэд асрах чөлөөтэй болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.3-т заасан ажилгүй эх 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгааг;”, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Төрүүлсэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх сар бүр хүүхэд асарсны тэтгэмж авах эрхтэй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль …-ийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг … хүйс …-ээр нь ялгаварлан гадуурхаж үл болно. …”, Арван зургадугаар зүйлийн 11 дэх заалтын “улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй. …” гэж заасныг тус тус зөрчсөн байна гэж дүгнэжээ.

Иймээс Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн “… 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх, …”, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтын ““хүүхдээ асарч байгаа” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-д заасан хүүхэд асрах чөлөөтэй болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.3-т заасан ажилгүй эх 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгааг;”, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн “Төрүүлсэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх сар бүр хүүхэд асарсны тэтгэмж авах эрхтэй.” гэснийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ц.Сандаг-Очир нар цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Улсын Их Хурлын гишүүн С.Чинзоригоос асуулт асууж хариулт авсан юм. Мөн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Б.Дэлгэрсайхан, Ц.Мөнх-Оргил нар үг хэлж байр сууриа илэрхийлэв.

Үг хэлсэн гишүүд цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэж байгаа, түүнчлэн Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай, Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн зохих заалтыг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд өөрчлөлт оруулах, шаардлагатай хөрөнгө төсвийг шийдвэрлэхэд зориуд тавьж өгсөн хугацаа гэж ойлгож буйгаа хэлж байв.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхийг дэмжсэн бөгөөд цэцийн дүгнэлтийн холбогдох заалтаар санал хураалт явуулж шийдвэрлэн энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.

Дараа нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр товлосон байсан ч Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат энэ асуудлаар тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргав. Тэрбээр, Улсын Их Хурлаас энэ оны эхээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан нь шүүхийн хараат бус байдлыг хангахад чухал алхам болсон. Энэ хуулийг хэлэлцэж батлахад АН-ын бүлэг идэвхтэй оролцож ажилласан. Гэхдээ хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг сайн нягталж үзэх, хоригийн үндэслэлийг сонсож танилцах шаардлагын үүднээс завсарлага авч буйгаа мэдэгдэв.

Харин Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж шийдвэрлэх тодорхой цаг хугацааны зохицуулалттай, түүнчлэн намрын ээлжит чуулганыг энэ долоо хоногт завсарлуулахаар даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар ярилцаж тохирсон учраас АН-ын бүлэгт нэг өдрийн завсарлага өгч буйгаа Байнгын хорооны дарга мэдэгдлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Цана, чарганаас үүдэлтэй гэмтэл, бэртэл 3.2 дахин өсчээ

Цана, чарганаас үүдэлтэй гэмтэл, бэртэл ихэссээр байна.

Тодруулбал, нэгдүгээр сарын 8-21-нд цана, чарганаас үүдэлтэй гэмтэл осол 350 бүртгэгджээ. Үүний 196 нь том хүн, 154 нь хүүхэд байгаа юм. Нэгдүгээр сарын 8-14-нд 71 хүн цана, чаргаар гулгах үедээ гэмтсэн байна. Харин 15-21-нд энэ тоо 230 болж өссөн бөгөөд 129 нь байна.

Сүүлийн хоёр долоо хоногийн хугацааг харьцуулж үзэхэд чарганаас үүдэлтэй гэмтэл 3.2 дахин өссөн гэдгийг Гэмтэл, согог судлалын үндэсний төвөөс мэдээллээ.

Чаргаар гулгах үед хурд хяналтгүй болдог тул эцэг, эхчүүд анхаарал болгоомжтой байж, замд нь саад тотгор бий эсэхийг нягталж үзэхийг зөвлөж байна.