Categories
мэдээ нийгэм

Алтанбулаг, Сүхбаатар сумыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ

Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн А/348 дугаар захирамжаар Алтанбулаг, Сүхбаатар сумыг 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийн 06:00 цагаас эхлэн “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт” шилжүүллээ.

Мөн аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааг жагсаалтаар баталлаа. Түүнчлэн Сүхбаатар сумын хэмжээнд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сондгой дугаарын зохицуулалтаар зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг аймгийн Цагдаагийн газар, Сүхбаатар сумын Засаг дарга, Онцгой комисст даалгалаа.

Мөн дарс, шар айргийг 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 10:00-18:00 цагийн хооронд худалдан борлуулахыг зөвшөөрчээ.

Categories
мэдээ нийгэм

“Баянзүрх” эмнэлгийн голомтын 332 хүнийг тусгаарлалтаас гаргалаа

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АмбасэлмааБаянзүрх эмнэлэгт халдвар батлагдсанаас хойш хавьтлуудыг тусгаарласан. 2020 оны 12-р сарын 16, 17-ны өдөр тусгаарласан хавьтлууд 14 хоногийн хугацаанд ажиглалт, тандалтад байж дөрвөн удаагийн шинжилгээний хариу сөрөг гарсан тул өнөөдрөөс тусгаарлалтаас гаргаж, гэрийн ажиглалтад шилжүүлж байна. Энэ голомтын ойрын хавьтлууд болох 918 хүнд хянагдаж байна. Нийт хоёр голомттой холбоотой хавьтал болсон 1807 хүн бидний хяналт тандалтад байна”гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

“Мөнххада” ХХК-ийн хоёр ажилтнаас коронавирус илэрч, 24 хүнийг тусгаарлажээ

Өнөөдрийн 11 цагийн ЭМЯ-ны мэдээллээр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа Мөнххада ХКК-ийн хоёр хүнээс коронавирус илэрсэн талаар мэдээллээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр 17764 хүнд шинжилгээ хийхэд 5 хүнээс вирус илэрсэн байна. ХСҮТ-ийн нэг сувилагч, БЗД-ийн эмнэлгийн голомттой холбоотой тусгаарлалтад байсан хоёр хүн, мөн Мөнххада ХХК-ийн хоёр хүнээс өчигдөр шөнө коронавирусийн халдвар илэрсэн. Одоогоор халдварын их уурхайг судалж байна. Энэ компани нийт 116 ажилтантай. Ойрын хавьтал 24 хүнийг тусгаарласан. Хоёрдогч хавьтал 92 хүн, нийт хүмүүст тандалт судалгаа хийж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Цар тахалтай тэмцэх хуулийн хугацааг зургаан сараар сунгалаа

Улсын Их Хурлын өчигдрийн нэгдсэн хуралдаанаар (2020.12.31) “Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, зургаан сарын хугацаагаар сунгалаа.

Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр “Коронавируст халдвар /ковид19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийг яаралтай горимоор хэлэлцэн баталж байсан.

Цар тахлын өнөөгийн болон цаашид үүсэх нөхцөл байдал, түүний эсрэг улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, туршлага- сургамж, Монгол Улсад тулгарч буй сорилт, хүндрэл бэрхшээлийг харгалзан Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, холбогдох бусад байгууллагаас гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээний санал дүгнэлтийг үндэслэн тус хуулийн үйлчлэх хугацааг сунгаж,зарим нэмэлт, өөрчлөлтийг орууллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нүүр-хуудасны-шинэ-оцлох цаг-үе

ЭМЯ: Шинээр 5 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1220 боллоо

Эрүүл мэндийн яамнаас коронавиурсийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “12-р сарын 31-ний өдөр 17764 хүнд PCR шинжилгээ хийхэд 5 хүнд коронавирус илэрлээ. Таван хүний нэг нь ХӨСҮТ-ийн сувилагч, хоёр нь Баянзүрх эмнэлгийн голомтын хавьтал, хоёр нь Мөнххада компанийн ажилтан байна.

Тус компанийн хоёр ажилтан хаанаас халдварласан нь тодорхойгүй бөгөөд тандалт судалгааг хийж байна. Өнөөдрийн байдлаар “Мөнххада” компанийн 114 хүнээс ойрын хавьтал 24 хүнийг тусгаарлан шинжилгээнд хамрууллаа.
Коронавирусийн дотоодын халдвар 740, Улаанбаатарт 410, улсын хэмжээнд 1220 боллоо. Үүнээс 837 буюу 68.6 хувь нь эдгэрлээ” гэв.

Categories
мэдээ нийгэм

Тува-Монголын хооронд шууд нислэг хийдэг болно

Кызыл хотын нисэх буудал.

ОХУ-ын Тувагаас Монгол Улс руу шууд нислэг үйлдэх боломжтой болжээ. Тувагийн БНУ-ын нийслэл Кызыл хотын нисэх онгоцны буудал өнгөрсөн 2019 онд олон улсын нисэх буудал гэсэн статустай болсон байна. Энэ статусыг авснаас хойш шууд нислэг хийх болсон анхны гадаадын улс нь Монгол болж байгаа аж.

Кызыл хотын нисэх буудал олон улсын нисэх буудлын статус авахаар олон жил ажилласны эцэст 2019 оны наймдугаар сард зорилгодоо хүрч чадсан. Улмаар буудлынхаа хүчин чадлыг өргөжүүлсээр 2030 он гэхэд жилд 249.3 мянган зорчигч нэвтрүүлэх хүчин чадалтай болгох зорилт тавиад байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс эхлэн хэрэгжих онцлох хууль, шийдвэрүүд

2021 оны нэгдүгээр сарын 1 буюу өнөөдрөөс хэрэгжиж эхлэх хууль, тогтоол, шийдвэрүүдийг танилцуулъя.

Үндсэн хуулийн өөрчлөлтөд нийцүүлэн баталсан анхны төсөв хэрэгжиж эхэллээ

Жил бүрийн энэ өдрөөс тухайн жилийн Төсвийн тухай хууль хэрэгжиж эхэлдэгч энэ жилийн хувьд онцлогтой. Учир нь, 2021 оны улсын төсөв бол 2020 оны тавдугаар сарын 25-наас хэрэгжиж эхэлсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн баталсан анхны төсөв. Төсвийн нэгдсэн бодлого хэрэгжүүлэх, төсвийн сахилга батыг сайжруулах зорилгоор Засгийн газраас өргөн барьсан төсвийн төслийн зарлага болон алдагдлын хэмжээг УИХ өөрчлөхгүйгээр батлах зохицуулалыг Үндсэн хуульд оруулсан юм. Үүний дагуу УИХ 2021 оны төсвийг баталсан. 2021 оны төсвийн орлого 11 их наяд 797,8 тэрбум, зарлага 13 их наяд 951,6 тэрбум төгрөг байна гэж тооцсон. Гэхдээ цар тахлаас шалтгаалан 2021 оны төсвийг тодотгох нь тодорхой болоод байгаа юм. Бүр батлахдаа л тодотгоно гэдэгт УИХ, Засгийн газар байр сууриа нэгтгэсэн байлаа. Харин хэзээ тодотгох вэ гэдэг нь цаг хугацааны асуудал. УИХ-ын зарим гишүүд ойрын хугацаанд тодотгох нь зөв гэж үзэж байгаа бол Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Цар тахлын төлөөлөл ямар хэмжээнд байхыг бүрэн харж байж тодотгоно” гэсэн байр суурьтай байгаа юм.

ИТХ-ууд татвар тогтоох эрхтэй боллоо

УИХ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа орон нутагт төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэх зорилгоор ИТХ-ууд орон нутгийнхаа онцлогт тохируулан тогтоосон хязгаарын хүрээнд татвар тогтоох эрхтэй байх зохицуулалтыг тусгасан. Үндсэн хуулийн энэхүү өөрчлөлтөд нийцүүлсэн Татварын тухай хуулийн зарим заалт өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Тодруулбал, Татварын тухай хуулийн “Татварын хувь, хэмжээг УИХ, түүний эрх олгосноор Засгийн газар болон аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ хууль тогтоомжийн дагуу тус тус тогтооно”, “Заасан татварын хувь, хэмжээг УИХ-аас тусгайлан эрх олгосон тохиолдолд тогтоосон хязгаарт багтаан сум, дүүргийн ИТХ тогтоож болно” гэсэн заалтууд өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ.

Малчдаас татвар авч эхэлнэ

ИТХ-ууд татвар тогтоох эрхтэй болсон дээрх зохицуулалтын дагуу Засгийн газар 2021 оны төсвийн төсөлтэйгөө хамт Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн төслийг боловсруулан өргөн барьсан юм. УИХ уг хуулийн төслийг дэмжин баталсан бөгөөд ИТХ-ууд жилд нэг малаас 2000 хүртэлх төгрөгийг татвар авах зохицуулалт бүхий хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Үүний дагуу ИТХ-ууд 2021 оны төсвөө батлахдаа малын хөлийн татвараас хэдэн төгрөг төвлөрүүлэхээ тооцсон байх учиртай. Малын хөлийн татварын орлого нь Орон нутгийн хөгжлийн санд төвлөрөх бөгөөд юунд зарцуулахыг нь иргэдийнхээ санал дээр тулгуурлан шийдэх юм.

Ийнхүү малын хөлийн татвар авдаг болсонтой холбоотойгоор мал тооллогыг хариуцлагатай хийх шаардлага үүсч байна. Учир нь, малчид банкнаас зээл авахын тулд малынхаа тоог нэмж тоолуулдаг байсан бол одоо малынхаа тоог дарж татвараас зугтах оролдлого гаргахыг үгүйсгэхгүй. Өнгөрсөн онд манай улсын мал сүргийн тоо 70.9 саяд хүрсэн. Малын тоо толгой нэмэгдэхийн хэрээр бэлчээрийн доройтол улам нэмэгдэж байгаа. Тиймээс УИХ малын хөлийн татвараа бэлчээр нөхөн сэргээх, худаг усаа сайжруулах зэрэгт зарцуулна гэж тооцсон юм.

“Байнга төр засгийн “гар”-ыг харж суудаг, ноос, ноолуурандаа урамшуулал авдаг хэрнээ ямар ч татвар төлдөггүй” хэмээн хот суурин газрын иргэдэд шүүмжлүүлсээр ирсэн малчид татвар төлж эхлэх нь 2021 оны онцлох үйл явдлын нэг юм.

Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүмүүст цахим гав зүүж, зорчих эрхийг нь хязгаарлана

Эрүүгийн хуулийн зорчих эрхийг хязгаарлах тухай заалт өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Засгийн газар энэхүү заалтыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэх тогтоол баталсан. Тогтоол батлагдсан даруйд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар цахим гав танилцуулж байлаа.

Цахим гав зүүж, зорчих эрхийг хязгаарлах ялыг анх удаа санамсар болгоомжгүй байдлаас гэмт хэрэг үйлдэж бусдад хөнгөн болон хүндэвтэр гэмтэл учруулсан хүмүүст 5 жил хүртэлх хугацаагаар өгөх юм. Цахим гав зүүсэн иргэдийг Улаанбаатар хотоос мэдээллийн хяналтын төв ажиллаж хянана. Цахим гавыг ямар нэг байдлаар тасдах боломжгүй гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд хэлж байв.

Цахим гав зүүж, зорчих эрхийг хязгаарлах ял нь гурван үндсэн агуулгатай.

  1. Цахим бугуйвчийг гар эсвэл хөлд нь зүүнэ. Ингэснээр тухайн иргэн оршин суугаа газраасаа гарахгүй байх хязгаарлалтад орно.
  2. Тодорхой маршрутаар зорчиж болно. Ажил гэр гэх мэт.
  3. Хэн нэгэн хүнтэй уулзахгүй байх хязгаарлалтыг тогтоож болдог.

Ялыг хэрэгжүүлснээр тухайн иргэн ял эдлэх явцдаа ажил хөдөлмөр эрхлэх, гэр бүлтэйгээ байх, оюутан, сурагч бол хичээлээ таслахгүй байх боломжтой ажээ. Харин зорчих эрхийн хязгаарлалтыг зөрчиж маршрутаас гарсан тохиолдолд ял нь хүндэрч хорих ялаар солигдох юм. Зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлж эхэлснээр жилд ойролцоогоор 1080 хүн цахим гав зүүж, зорчих эрхээ хязгаарлуулна гэсэн тооцооллыг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас гаргажээ.

НДШ-ийг ажилтан 8.5, ажил олгогч 8.5 хувиар төлж эхэлнэ

Засгийн газар 2017 онд ОУВС-тай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхдээ нийгмийн даатгалын шимтгэлийг үе шаттайгаар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Үүний дагуу 2021 оноос нийгмийн даатгалын шимтгэл 22 хувьд хүрэх байлаа. Гэвч цар тахлын улмаас нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хэмжээгээр авах боломжгүй болсон учраас хуульд өөрчлөлт оруулж 2021 оноос 17 хувийн шимтгэл авахаар болсон юм. Өөрөөр хэлбэл, ажилтан 8.5, ажил олгогч 8.5 хувийн шимтгэл төлнө гэсэн үг.

Даатгуулагч шаардлагатай тусламж, үйлчилгээний зардлаа ЭМД-ын сангаас төлүүлнэ

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн зарим заалтууд өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Тухайлбал, даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын жилийн дээд хязгаар хоёр сая төгрөг байсныг хязгааргүй болгсн заалт хэрэгжиж эхэлж байгаа юм. Гэхдээ энэ дээд хязгаарт өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээ, хорт хавдрын химийн болон туяаны өдрийн эмчилгээ, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний зардал хамаарахгүй байхаар зохицуулсан байдаг. Ингэснээр даатгуулагчид эрүүл мэндийн эрсдэл учирсан үед шаардлагатай тусламж, үйлчилгээний бүх зардлыг ЭМД-ын сангаас төлүүлэх бүрэн боломж бүрдэж байгаа юм.

Мөн өнөөдрөөс өмнө ЭМДЕГ эмнэлгүүдтэй гэрээ хийхдээ магадлан итгэмжлэгдсэн, сонгон шалгаруулалтад тэнцсэн төрийн болон хувийн хэвшлийн эмнэлэгтэй гэрээ байгуулаад, батлагдсан орны тоо, хүчин чадал, үзүүлж буй тусламж, үйлчилгээний нэр төрөлд үндэслэн даатгалын сангаас санхүүжилтийг олгодог байлаа. Өөрөөр хэлбэл, тухайн байгууллага нийт батлагдсан төсвийн хүрээнд тусламж, үйлчилгээний нэр төрлөөрөө зардлаа хуваарилан тусламж, үйлчилгээг үзүүлдэг байсан. Харин хуулийн өөрчлөлтөөр даатгуулагчийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн оношоор үйлчлэх зохицуулалт оруулжээ. Ингэхдээ улсын хэмжээнд 450 гаруй онош тус бүр дээр сонгон шалгаруулалт зарлах юм байна. Онош тус бүр дээр “Даатгалын сангаас ийм төлбөр төлнө” гэж нээлттэй зарлаад эмнэлэг түүн дээр нь хэдэн төгрөг нэмж аваад, хэчнээн иргэнд үйлчилгээ үзүүлэх боломжтойгоо ЭМДЕГ-т эргэн мэдэгдэх ажээ. ЭМДЕГ үнийн саналыг нь судалж, хянаад хамгийн хямд үнэ санал болгосон эмнэлгээс сонгоод явах аж.

Даатгуулагчид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт 18-34 нас, 35-45 нас, 46-64 нас, 65-аас дээш гэсэн дөрвөн насны ангиллаар, Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан товлолт хугацааны дагуу эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээнд хамрагдах боломжтой.

ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн: -Иргэд “Улсын эмнэлгийн оочер дараалал дийлдэхгүй байна. Чанартай тусламж үйлчилгээгээ авч чадсангүй” гэдэг. Тэгвэл ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжих хуулийн дагуу эмнэлгүүд чанараар, гүйцэтгэлээр чанартай тусламж үйлчилгээгээр өрсөлдөөд ирэхээр энэ шүүмжлэл үгүй болно. Хоёрдугаарт, бид уламжлалт сэргээн засалтын чиглэлд анхаарал хандуулсаар ирсэн. Уламжлалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлгийн санхүүжилт өмнө нь 110 мянган төгрөг байсан бол одоо 250 мянган төгрөг болсон. Энэ Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажил. Энэ дагуу ЭМД-аас олгож байгаа мөнгөн дүн, санхүүжилт өссөн.

Эм, эмнэлгийн хэрэгслийн агентлаг үйл ажиллагаагаа эхлүүлнэ

Эм, тариа, эмнэлгийн хэрэгсэл дагасан бизнесийг цэгцлэх, хяналт тавих үүднээс УИХ өнгөрсөн наймдугаар сард Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Уг өөрчлөлтийн дагуу Засгийн газар Эм, эмнэлгийн хэрэгслийн агентлагийг 2020 ондоо багтаан байгуулж 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс ажилд нь оруулах шийдвэр гаргасан юм. Энэхүү агентлаг нь нэгдсэн журмаар олон улсын тендер зарлаж, Монгол Улсад хэрэглэх чанартай эмийг нэг үнээр авч, бүх эмийн сангаараа дамжуулан нэг үнээр зарах тогтолцоог бий болгох юм.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: -Эм, эмнэлгийн хэрэгслийн агентлагийг байгуулснаар орон тоо нэмэгдэнэ. Гэхдээ эм, эмнэлгийн хэрэгсэлд гарах төсвөөс хэмнэх зардал нь нэмэгдэж байгаа орон тоонд гаргах зардлаас хэд дахин их. Манай улс цөөн хүн амтай ч эм, эмнэлгийн хэрэгслийн бизнес маш их тоогоор хэмжигддэг. Агентлаг байгуулснаар эм, эмнэлгийн хэрэгслийг одоо авч байгаа үнээс нь хэд дахин хямд өртгөөр авах боломжтой болно. Шинээр байгуулагдах агентлагийн нэг чиг үүрэг нь энэ. Хоёрдугаарт, импортоор орж ирж байгаа эм, эмнэлгийн хэрэгсэлд хяналт тавина. Одоо бол Эрүүл мэндийн яаманд дөрөв, тавхан хүнтэй Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтэс гэж бий. Энэ хэлтэс улсын хэмжээнд орж ирж байгаа эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, үнийн хөөрөгдөлд хяналт тавьж дийлэхгүй байгаа. Тиймээс Эм, эмнэлгийн хэрэгслийн агентлаг байгуулах нь зүйтэй гэж үзэж хууль эрх зүйн орчныг нь батлуулсан. Одоо аентлагаа байгуулах бэлтгэл ажил хийгдэж байна. 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс эм, эмнэлгийн хэрэгслийн салбар стратегийн худалдан авагчийн тогтолцоо руу шилжинэ.

Categories
гадаад мэдээ

2021 оныг хамгийн түрүүнд ямар улс орон угтан авсан вэ?

Дэлхий даяар цагийн бүсчлэл өөр байдаг тул улс болгон шинэ оноо өөр цаг үед угтан авдаг. Тэгвэл ямар улс 2021 оныг хамгийн түрүүнд угтаж, шинэ жилийн баярыг тэмдэглэсэн бэ?

Энэ бол Номхон далайн Тонга, Самоа улс болон Крисмас арал юм. Тус газруудад Улаанбаатарын цагаар 18:00 цаг болоход он гарсан бол араас нь Улаанбаатарын цагаар

  • 18:15 цагт Шинэ Зеландын Чатам арал,
  • 19:00 цагт цөөн хэдэн арлыг үл тооцон Шинэ Зеланд улс
  • 20:00 цагт ОХУ-ын зарим муж болон бусад
  • 21:00 цагт Австрали улсын Мелбурн, Сидней хот болон бусад
  • 22:00 цагт Австралийн Квинсланд болон бусад
  • 23:00 цагт Япон, Өмнөд Солонгос болон бусад

Харин бидэнтэй хамт Хятад, Филиппин тэргүүтэй орнуудад шинэ оноо угтан авсан.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Р.Энхбат: Уламжлал ёс заншлыг эргэж сэргээнэ гэдэг шуудхан хэлэхэд бүдүүлэг хэрэг


“Адмон” группийн ерөнхий захирал Р.Энхбаттай ярилцлаа.


-Засгийн газар салбарын яам нь Боловсролын багц хуулийн төсөлд өчнөөн санал авлаа, сууриар нь өөрчилнө, илүү шинэлэг өөр хууль гаргана гэцгээж байна. Яг энэ үед таны санаа бодлыг сонсмоор санагдаад зорьж ирлээ…?

-Сууриар нь өөрчилсөн юм надад лав харагдахгүй байна. Цахим асуулгад 56617 хүн оролцож өнөөдрийн байдлаар 24299 санал өгчихлөө гэсэн мэдээг танай сониноос харсан. Хууль өөрчилнө гэж баахан зардал гаргаж санал асуулга авдаг иймэрхүү арга маш олон жил үргэлжилж байгаа. Ажил хийсэн гэж харагдах гэсэн л нэг хэлбэр. Багш нараас санал аваад юу ч ирэхгүй. Өнөөдрийн багш нар дээрээс ирсэн үүргийг биелүүлээд сууж байгаа хагас цэрэгжилтийн байдалд орчихсон хүмүүс. Цалингаа нэмүүлье, эрт тэтгэвэрт гаръя гэх мэт өөрийгөө тойрсон л зүйл ярина уу гэхээс боловсролын агуулгын тухай яриа өрнөхгүй. Боловсролын агуулгын тухай ярьсан байлаа гэж өөдрөгөөр бодъё. Олон нийтээс санал авсан гэсэн тайлбар хийгээд өөрсдийнхөө бодлыг л хуульд хийдэг нь хэнд ч ил үнэн шүү дээ.

-Цахим эринд шилжиж байгаа учраас цахим боловсролд анхаарна энэ тэр гээд давгүй өнцгүүд олоод харчихсан яваа юм биш үү?

-Цахим сургалт бол жижиг асуудал. Үндэс нь юу юм бэ гэдгээс асуудлыг хөөж харах ёстой. Үндэс нь өөрчлөгдөөгүй тохиолдолд хичнээн гоё юм яриад нэмэргүй. Боловсролын хуулийг өөрчлөхөөс аргагүй болжээ, нийгэм ёс суртахууны доройтолд орчихож гэцгээж байна. Цагдаа хүчнийхэн олон аймшигтай хэргийг нийтэд мэдээлэхгүйгээр УИХ, Засгийн газарт хаалттай мэдээлэл маягаар дуулгадаг байх. Энийг нь сонссон улстөрчид нийгэм ёс суртахууны доройтолд орчихлоо гэж халаглацгааж байна л даа. Улстөрчдийн “Нийгэм ёс суртахууны доройтолд оржээ” гэж харах болсон хоёр дахь том шалтгаан нь өөрсөд рүү нь дайрах нийтийн хандлага. Цахим орчинд хамгийн том дайралтад өртдөг хэсэг улстөрчид гэдгийг чи надаар хэлүүлэлтгүй мэдэх байх.

-Улстөрчид цахим орчинд дайралтад өртдөг том хэсэг л дээ яалт ч үгүй. Хууль зүйн сайд хүртэл энэ хандлагад эмзэглэж хуульд өөрчлөлт оруулна гэж мэдэгдсэн нь саяхны кейс. Тэд энэ бүхнийг ёс суртахууны доройтлоос боллоо гээд боловсролын хуульд анхаараад эхэлчихлээ гэж хэлэх гээд байна уу, та?

-Тэгж л харагдаад байна. Эцсийн эцэст ёс суртахууны асуудлыг шийдэх эхний алхам нь Ерөнхий боловсролын сургууль биш.

-Тэгээд хэнээс эхэлнэ гэж, бага балчраас нь эхлэх ёстой юм биш үү?

-Улстөрчид өөрсдөөсөө эхлэх ёстой. Загас толгойноосоо өтдөг гээд яривал өчнөөн юм тоочиж болно. Ерэн онд нийгэм өөрчлөгдөнгүүт яах учраа олохоо байчихсан тал бий. Улс орноо хэрхэн удирдах аргыг сайн мэдэхгүй хүмүүс баахан мэдэмхийрсэн. Зах зээлийг мөнгө, хүнийг зах зээл, мөнгө гээд харчихсан. Хүмүүс хоорондоо хүн ёсоор харилцах харилцаа алдагдсан л даа. Тухай нь би чамайг мөнгө гэж хардаг системийг өнгөрсөн жилүүдэд бүтээчихсэн. Ёс суртахуун гэгч оршин тогтнох бололцоогүй орчныг бий болгосон гэсэн үг. Германууд Үндсэн хуулийнхаа эхэнд бид ийм ёс суртахуунтай нийгэм байгуулна гэж бичиж байгаад өнөөхөө задлаад тайлбарлаж байхад манайх монгол хүний үнэт зүйл юу вэ гэдгийг тодорхойлоогүй мөртлөө ёс суртахууны тухай ярьсаар өнөөг хүрсэн.

-Үндсэн хуульд хүмүүнлэг ардчилсан нийгмийг цогцлооно гээд заачихсан шүү дээ, уг нь. Энэ үнэт зүйлийн эхлэл биш үү?

-Хүмүүнлэг, ардчилсан нийгэм ямар үнэт зүйлтэй юм, юуг үнэт зүйл болгох вэ, юуг эрхэмлэх вэ гэдэг хэмжүүр нь байхгүйд хамаг учир байгаа юм. Ийм хөрсөн дээр хүмүүжил ёс суртахууны тухай ярихаар ямар ч баримжаагүй болчихож байна л даа. Хүүхдийн хүмүүжлээр жишээлье. Ямар ч эцэг эх хүүхдийнхээ төлөө чадах бүхнээ хийж, байгаа бүхнээ зориулахад бэлэн амьдардаг. Манай нийгэмд хүүхдийн хүмүүжлийн төлөө ямар их эрч хүч, хөрөнгө байна вэ. Гэтэл энэ бүх хүч хөрөнгө хүүхдийнхээ төлөө биш хүүхдийнхээ эсрэг зориулагдаад байна. Өнөөдөр амьдрал дээр хүүхдээ “алаад” хаячихсан хүн зөндөө бий. Гэхдээ дандаа сайхан юм бодож. Сургууль, төр ч сайхан юм бодож байгаа. Хэрвээ ямар нэгэн бодол төрж байгаа бол шүү дээ. Ганцхан үнэн бий, энэ бүхнийг сайхан сэтгэлээр хийж болдоггүй. Ер нь төрийн бодлого гэдэг чинь зарчим болохоос сайхан сэтгэл биш.

-Гэтэл улстөрчид нь ёс суртахууныг нь сайжруулаад зөв сайхан сэтгэлтэй хүмүүсийг олноор бий болговол улсаараа хөгжинө гэж хараад байна гэж үү?

-Яг тийм. Зөв сайхан сэтгэлтэй хүмүүсийн тоо нэмэгдэх тусам нийгэм ёс суртахуунтай болно гэж байхгүй. Нийгэм ёс суртахуунтай болно гэдэг бол тэс өөр ойлголт. Нийгэм гэдэг үзэл баримтлал дээр тогтдог. Үзэл баримтлал маань түрүүн таны онцолсон хүмүүнлэг ардчилсан нийгэм.

-Хүмүүнлэг ардчилсан нийгэм гэж яг юуг хэлээд байна гэдгээс бүх юм эхлэх нь ээ?

-Тэгнэ. Бид хүүхдийн хүмүүжил ёс суртахуун гэхээр ерөнхийдөө уламжлал ёс заншлаа сэргээгээд явчихвал болно гэж хараад байдаг. Хүмүүнлэг нийгэм гэдэг бол яг үүний эсрэг.

-Уламжлал ёс заншлын эсрэг гэж үү?

-Тийм. Та бодоод үз дээ, 100 жилийн өмнөх Монгол ямар байлаа? Бүр цаашлуулъя. 800 жилийн өмнөх Монгол ямар байсан билээ. Бид социализм муухай, түүнээс өмнөх нь ёс уламжлал гэх мэтээр ойлгож хардаг болчихсон. Чингисийн өмнө ба дараа ямар байлаа? Амьдрал үхэх үү, сэхэх үү гэдэг дээр л байсан. Тийм учраас бултаараа хүчтэй хааныг дагаж, сүр хүч нөөлөг дор нь амьдарч байсан. Хувь хүн гэж байгаагүй. Иргэд бол албатууд. Хувь хүн гэсэн тодотгол Чингис тэргүүтэй цөөхөн хүнд л хамаарч байсан байх. Тэгэхээр тийм нийгмийн ёс суртахуун, үнэт зүйлийг өнөөдөр эргээгээд цогцлооно гэж байх уу. Уламжлал ёс заншлыг эргэж сэргээнэ гэдэг шуудхан хэлэхэд бүдүүлэг хэрэг. Эргээд өнгөрсөн рүүгээ орно гэсэн үг. Гэтэл бид чинь урагшаа тэмүүлж байгаа улс биз дээ.

-Уламжлал ёс заншил, уламжлалт хүмүүжил гэж ярьдаг эрдэмтэн, судлаачдад таны энэ үг тэрсүү сонсогдох байх даа?

-Уламжлал ёс заншлаар хүүхдээ яаж хүмүүжүүлдэг тухай ямар эрдэмтний ямар ном байна вэ гээд хайхаар олддоггүй. Төв номын санд нь Алтангэрэл гэнэ үү, Сарангэрэл гэнэ үү баахан боодолтой номнууд бий. Заримыг нь нээж ч үзээгүй, тийм гоё, тийм ховор гэж номын сангийнх нь хүмүүс ярьж байх жишээний. Энэ бидний үнэлэмж. Мэддэг хүн үгүй, мэдэмхийрдэг хүн л зөндөө болчихсон. “Монголын нүүдэлчдийн тайлбар толь” гэж хийхэд оролцох чадвартай хүн олдоогүй. Арайхийж гурван боть гаргасан. Мундаг бол яагаад ийм зүйл хийдэггүй юм бэ. Би уламжлал ёс заншил руугаа дайраагүй. Урагшаа тэмүүлэх тухай л ярьж байна. Үүнийг өөр талаас нь тайлбарлая. Хүмүүнлэг гэж юу юм бэ гэдэг асуултад шинжлэх ухаанч хариулт хайя, хоёулаа. Хүмүүнлэг гэдэг ойлголт XVI, XVII дугаар зууны үед Европт гарсан чиг хандлага. Тэр үзэл юунаас улбаатай вэ гэхээр нэгдүгээрт шинжлэх ухаан үүсч бий болсонтой холбоотой. Хүн төрөлхтөн анх үлгэр домгийн ертөнцөөр амьдарч, хорвоо ертөнцийг үлгэр домгоор төсөөлж байсан. Дэлхий үүсэхээс эхлээд бүгдийг. Дөрвөн яст мэлхийн дээр дэлхий тогтдог, тэнгэр хилэгнэхээр бороо ордог гэх мэтээр бүх зүйлийг амилуулж төсөөлдөг байсан. Өнөөдрийн өндөрлөгөөс харахад ямар гоё фантаз вэ. Тийм цагт хүн төрөлхтөн амьтан, ургамлыг шүтдэг байж. Тодорхой хугацааны дараа ямар нэг хүнийг, бурханыг шүтдэг болсон.

-Хүн шүтнэ гэдэг нь…?

-Бодлыг, янз бүрийн сургаалыг шүтдэг болсныг хэлээд байна л даа. Будда, Христ гээд бүгд хүн шүү дээ. Бурхан бүхнийг бүтээсэн, хүн бурхнаар л зам мөрөө заалгах ёстой, энэ нас чинь зовлон, тийм учраас энэ насандаа чи буян хурааж байж дараагийн насандаа жаргана. Ингээд хэлчихээр хүмүүс зовоход бэлэн болчихож байгаа юм. Ингээд явж байтал Европт үүнийг худлаа гэдгийг нотоод эхэлсэн. Лютерээс эхлээд. Сүм хийдээр дамжина гэж юу байдаг юм, хүн бүр бурхантай шууд харьцах ёстой гэцгээгээд эхэлсэн л дээ. Би Чингисийг боддог юм. Бөөгөө хөнөөсөн нь үнэн бол үүнтэй их адилхан үзэгдэл болсон байх.

-Бөөгөөр дамжуулахгүй, би тэнгэртэй харьцана гээд үү?

-Тийм, тэгсэн байх. Хаа газар болдог л үйл явдал юм байна гэдгийг хүн төрөлхтний өнгөрсөн түүхээс харчихаж болно. За тэгээд шинжлэх ухаан гарч ирэнгүүт Коперникоос эхлээд бурхан бүгдийг бүтээсэн дэлхийг нар тойрдог гэх үзлийг няцааж “Уучлаарай дэлхий нарыг тойрдог юм байна” гэчихсэн. Урьд цагийн бүх ойлголт худлаа гэдгийг шинжлэх ухаан нотлоод эхлэнгүүт шашныхан шинжлэх ухааны эсрэг дайрсан.

За тэгээд шинжлэх ухааны хөгжлийн зэрэгцээ арилжаа наймаа хөгжөөд ирэнгүүт хүмүүс мөнгөтэй болсон. Мөнгөтэй болох хэрээр пээдийнэ биз дээ, Европын өндөр хөгжилтэй орнууд чинь. Мөнгөөр эрх мэдэл худалдаж авч, бурхнаас хувь тавилантай хаад ноёдыг тоохоо больж эхэлсэн. Ингээд янз бүрийн хүмүүс янз бүрийн байдлаар “Бурхан бүгдийг залдаггүй юм байна, явж явж хүнийг бүх юмны төвд тавих ёстой, хүнээс хэмжээ хязгааргүй их чадвар гарна, ер нь хүн өөрөө бурханлаг” гэж харах болсон. Тийм учраас хүн бүрийг хөгжүүлэх замаар нийгмийг сайхан болгоно гэдгийг олоод харчихсан. Бурхан биш хүн төвтэй энэ хандлагыг л хуманизм гээд байгаа юм. Грек, Ромын үед үүсгэл нь бий болсон ч нэг хэсэгтээ тасраад дахиж цэцэглэсэн үзэл л дээ. Хүний хөгжил гэдэг асуудал чинь энэ байхгүй юу. Хүн хөгжүүлнэ гэдэг тоо бодуулж сургах асуудал огт биш. Чи өөр, би өөр хүн, онцлогт тохирсон арга замаар л хүнийг хөгжүүлэх ёстой.

-Хүнээ хөгжүүлэхдээ шинжлэх ухаанчаар хандах ёстой гэсэн үг байх нь?

-Яг тийм. Япон улс гэхэд л япон хүнийг яаж хөгжүүлэх вэ гэдгээ олж хараад тэр замаараа яваа. Энэ чинь л үндэсний хөтөлбөр. Түүнээс биш монгол бичиг зааж, шагайгаар тоглуулаад шийддэг эд биш. Хүмүүнлэгийн тухай бидний ойлголт нинжин сайхан сэтгэл гэдгээс хэтрэхгүй байна л даа. Нинжин сайхан сэтгэлийг нэмэгдүүлсээр байгаад нийгэм ёс суртахуунтай болно гэж хэзээ ч байхгүй. Нинжин сайхан сэтгэлтнүүд өмнө нь ч байсан, өнөө ч өчнөөнөөрөө бий. Хүмүүс яагаад өнөөдөр ийм болчихсон юм бэ гэдэг асуултын хариулт уг нь маш тодорхой. Энэ нийгэмд муу аргаар амьдрахгүй бол болохгүй учраас л ийм болчихсон. Муу аргаар амьдрахгүй бол гуйлгачин болно. Тэгэхээр энэ бүхэн цэцэрлэг, сургуулиас болоод байна уу, дээрээс үүдэлтэй юу?

-Муу аргаар явахгүй бол амьдарч болохгүй тогтолцоог үүсгэчихсэн удирдагчдаас хамаг юм болж байна гэж үү?

-Ерөөсөө л тийм. Ерэн оноос хойш улс орноо авч явах орон зайд нийгмийн тухай ойлголтгүй, зөвхөн мөнгөөр, тоогоор бүхнийг хэмждэг хүмүүс гараад ирчихсэн. Өөрөөр хэлбэл, байгалийн ухааны хүмүүс гарч ирсэн. Нийгмийн ухааны ямар ч мэдлэггүй тоочид улсыг удирдаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, монголчууд цоо шинэ нийгмийг тоогоор хүлээгээд авчихсан. Боловсролыг өөрчлөх гэж байгаа бол хамгийн түрүүнд эх хэл байх ёстой. Эх хэл гэдэг нь монгол бичиг биш шүү, эх хэлээрээ өөрийгөө бүрэн илэрхийлж чаддаг, эх хэлээрээ юм ойлгож чаддаг, ойлгосноо амьдралдаа хэрэглэх чадварыг хэлээд байгаа юм.

-Таны ярианы агуулгыг багцаалдахад уламжлал ёс заншил гэсэн хуучин юмнаасаа салаач, хүнийг хөгжүүлэх талаас нь хараач ээ л гээд байгаа юм байна. Бас герман, япон хүмүүс ялгаатай ч улс нь хүнээ шинжлэх ухаанчаар хөгжүүлж чаджээ гэж ойлголоо.

-Та зөв анзаарсан байна. Япон, герман хүн өөр л дөө. Европт хувь хүн талыг илүү чухалчлах хандлагатай бол Японд хамт олонч хандлагыг хамгийн түрүүнд тавьдаг. Гэхдээ цаагуураа нэг зүйл дээр нэгддэг. Хоёулаа ямар их хувь хүмүүс вэ. Хувь хүний хоёр өөр янз харагддаг. Нийлээд бужигнаад найгаад, сүрэглээд явдаг улс биш байна л даа. Миний нэг танил япон япончуудын онцлогийг хувь алба хоёрыг ялгаад сурчихсан гэж тодотгож байсан. Гэтэл манайд ямар билээ. Юу ч ярилаа гэсэн хувь, албаа ялгаддаггүй. Ямар нэгэн шүүмж өрнөхөд намайг л ингээд байна гэдэг. Ямар нэг асуудлыг дуртай үедээ хувийн, дургүй үедээ албаны асуудал болгочихдог.

-Хүмүүнлэг нийгэм гэдэг чинь бүхэл бүтэн шинжлэх ухаан, гэтэл бид тэр мөн чанарыг нь ч олж хараагүй өнөөг хүрсэн гэхээр улсаараа нийгэмшээгүй яваа гэсэн үг үү?

-Нийгэмшээгүй. Их хурлын гишүүдийн ихэнх нь нийгэмшээгүйгээ ил тод харуулдаг шүү дээ. Цаагуураа зүгээр л нэг хувь хүн гэж харагдаад байдаг. Нийгмийг төлөөлж чадахгүй байна. Тийм учраас л ёс суртахуун хүмүүжил гээд ярихаараа “Би аав хүн учраас, би ээж хүн болохоор” гэж яриагаа эхлээд байна шүү дээ. Улстөрч гэдэг хүн олон нийтийн илэрхийлэл болж чадахгүй байгаа учраас Боловсролын багц хуулийн өөрчлөлт хэдэн хүний хувийн сэдлээр цуглуулсан санааны цуглуулга төдийхөн болчихоод байна. Уг нь нийгмийн асуудлыг цэгцлэх хууль болох ёстойг чи би, бид бүгдээрээ мэдэж байгаа.

-Одоо тэгээд бид яах ёстой вэ, илүү бодитой гарц шийдэл гэвэл та юуг онцлох вэ?

-Гарц гэдгийг чинь ажиллаж байж, маргаж байж бий болгодог болохоос энд тэндээс шуудхан олчихдог юм биш л дээ. Асуудлыг шийдэхээр асуудал ундарна, энэ тасрахгүй цикль. Нэг асуудлыг шийдээд нөгөө асуудал ургангуут дахиад хариу хайдаг. Энэ чинь л шийдэл. Гэтэл манайхан яг чам шиг бэлэн жор нэхээд байдаг. Хүүхэд хүмүүжүүлэх дээр аваад үзье. Бүх хүүхэд адилхан гэж үзэж байгаагаас ялгаагүй хэрэг шүү дээ. Гэтэл хүүхэд бүр өөр. Нэг жор таарахгүй. Хүн бүр өөр учраас би бүгдэд таарсан нэг жор гаргаж чадахгүй.

-Тэгвэл бүр энгийнчилье. Герман хүн цаг яг барьдаг энэ тэр гээд герман хүн гэсэн брэнд бий болчихсон байдаг. Тэд яагаад брэнд болчихов, хамгийн их нөлөөлсөн зүйл нь юу бол?

-Хамгийн түрүүнд хэлэнд нь байх шиг. Хэл нь маш конкретный. Аливааг маш нарийн тодорхой хэлдэг, ялангуяа шинжлэх ухааныг. Гэтэл манайхан ямар билээ. Би юу яагаад тэр тэгчихлээ гэх мэт хэдхэн үгээр ойлголцдог.

Хүмүүнлэг гэдэг үгийг тухай хоёулаа сая ярилаа шүү дээ. Хүмүүнлэг гэдэг үгийн үүсэл, үүх түүхийг харахгүй, зүгээр л хүн ёс нинжин сэтгэлийн тухай юм гээд багцаалдаж ойлгоод нинжин сэтгэлийг нэмэх тусам сайхан нийгэм бүтнэ гээд бодчихдог. Бид ийм л байгалийн баримжаатай улс. Байгалийн ухаанаар хандаж байгаа юм. Зүй нь бидний яриа байгалийн биш нийгмийн ухаанаар өрнөх учиртай. Байгалийн ухаан амархан бол нийгмийн ухаан тийм биш. Нийгэм гэдэг чинь их өөр, хийсвэр чанар. Ийм нарийн зүйлийг байгалийн ухаанаар сэтгээд хууль гаргаад байвал юу ч бүтэхгүй. Хэл нь тов тодорхой учраас герман хүн цаг барьдаг, юманд их нарийн ханддаг. Япончууд гэхэд л хүний юмыг өөриймшүүлж авдгаараа бахархдаг. Ямар бүтээлч юм бэ. Гэтэл бид бүх юмыг өөрсдөө үүсгэсэн гэдэг. Компьютер Монголоос үүссэн өртөө чинь л энэ байсан байхгүй юу гэцгээдэг. Хүнд хамгийн чухал зүйл бол одоо цаг. Энэ цаг үеэ хамгийн их үнэлэх ёстой шиг байгаа юм. Энэ цаг үеэ бүтээхийн тулд түүх хэрэгтэй, ирээдүй бас хэрэгтэй. Дан ганц түүх рүүгээ ороод халтираад байж болохгүй. Өнөө цагаа хаяад түүх рүүгээ орно гэдэг чинь өнөө цагтай ноцолдож чадахгүй, асуудлынхаа өмнө ирээд бууж өгч байна л гэсэн үг. Ихэнх хүн болно доо гэж сэтгэдэг. Нийгмийн амьдрал гэдэг чинь үүнээс өөр. Өнөө л бор гэртээ, өнөө л байгальдаа, бүх юм нүдэн дээр болж байсан үеийн хүмүүжлийг өнөөдөрт нааж болохгүй. Монгол хүн ийм тэнэг болчихсон юм уу.

-Өөрөөр хар гэж үү?

-Жинхэнээс нь хараач ээ л гээд байгаа юм.

-Германчуудын хүчирхэгжлийн том шалтгаан хэл гэхээр бид монгол хэлийг чухалчлах ёстой гэж ойлголоо…?

-Маш чухлаар тавих ёстой. Монгол хэлний хичээл дээр маш олон төрлийн мэдлэг олох боломжтой. Тооны хичээлээр тоогоо л бодно. Монгол хэлний хичээлээр нэгдүгээр ангиасаа эхлээд хорвоо ертөнцийг таних боломжтой. Гэтэл манай монгол хэл гоё бичих, зүйр цэцэн үг олныг мэдэх, оньсого таах, шүлэг урнаар унших гэх мэт хүрээнд л өрнөж байна.

-Та Боловсролын хууль дээр яг энэ санаагаа хэлээд явбал ойлгохоор л тодорхой асуудал байна даа. Жишээ нь, та салбарынхаа сайдад хандсан уу, энэ асуудлаар?

-Би үе үеийн Боловсролын сайд нарт хандсаар ирсэн. Ямар ч боловсролын сайдад надтай уулзах хүсэл байдаггүй.

-Шинэ сайд ч гэсэн үү?

-Түрүүчийн сайдын үед энэ хуулийн чимээ сонсогдсон юм. Нэг удаа хэлж үзсэн ч олигтой хариу сонсоогүй. Хувь хүний асуудал, зарчмын асуудал хоёроо ялгахгүй байна л даа. Яамаар дүүрэн ийм хүн бий. Шинэ сайд чинь энэ яаманд ажиллаж байсан хуучин хүн. Муу муухайгаа мэдэгдэхгүйгээр хуулийн цоорхой ашигладаг хүмүүс яам болгонд бий. Яамны үндсэн ажилтан болчихсон, сайд нараа янз бүрийн асуудлаас авардаг, янз бүрийн дүрэм журам хөтөлбөр бодлогын чанартай юмнуудыг хэл мэддэг ганц хоёр хүн нь хуулаад тавьчихдаг. Шинэ сайд маань ийм хүмүүсийн нэг. Би өчнөөн удаа бичиг явуулсан. Сайд болонгуут нь бүр “Хүчээ нэгтгэе” гэсэн бичигтэй тамга хийлгэж аваад бичиг явуулсан.

-Тэгээд хариу өгсөн үү?

-Яах гэж байгаа нь мэдэгдэхгүй агуулгатай ганц нэг бичиг ирээд таг болсон.

-Та Боловсролын багц хуулийн төсөлд санаа оноогоо албан ёсоор хэлэх үү?

-Бараг хэлээгүй нь дээр гэж бодож байгаа. Санаагаа хэлэхээр өөрсдийнхөө санаануудын өө, сэвийг дараад гаргачихдаг аргатай, тэд чинь.

-Буруу, алдаатай санаануудынхаа өөг дараад шууд уншчихад аятайхан ч юм шиг болгоод найруулчихдаг гэж үү?

-Ерөөсөө л тэгдэг. Үзэл бодлоо хэлнэ гэдэг өө сэвээ далдлахад нь тусалж, санаа шийдлүүдийг нь улам гоё болгож харагдуулахад дэм болохоос хэтрэхгүй байна л даа.

-Тэгвэл яг энэ нь ингээд болохгүй байна гэсэн шүүмжлэл санаа шийдлээсээ манай сонины уншигчидтай хуваалцаач?

-Ганц л юм хэлье. Өнөөдөр Монголын боловсрол, хүний, хүүхдийн хөгжлийн асуудал дээр ямар чиг хандлагаар явахаа эхлээд тодорхойлох ёстой. Уламжлал ёс заншлаар явах уу, эсвэл илүү шинжлэх ухаанчаар хандах уу гэдэг сонголтоо хийх учиртай. Уламжлал бол захиргаадалт маягтай зүйл. Ахмадын өмнөөс үг сөрж болохгүй гэдэг. Амьдралынхаа туршлагаар давамгайлж байна гэсэн үг. Амьдралын туршлага насны эрэмбээр дээшилнэ гэсэн логик цаана нь байна аа даа. Гэтэл мэдлэг гэж юм гараад ирсэн. Мэдлэг бол нас харгалзахгүй. 25 настай доктор малын тэжээлийг яаж хийх, малын үс ноосыг хэрхэн сайжруулахыг ямар ч туршлагатай өвгөнөөс илүү, шинжлэх ухааны үндэстэйгээр мэднэ. Хийж хэрэгжүүлж чадна. Эндээс уламжлал дээр суурилах уу, мэдлэгт дөрөөлөх үү гэдэг асуудал гарч ирж байгаа биз. Уламжлалаа дагана гэвэл угаасаа өөр концепци гарч ирнэ. Захиргаадалтаараа явна л гэсэн үг. Тэгвэл ардчилсан, хүмүүнлэг нийгэм гэдгээ авч хаях хэрэгтэй. Үүнийгээ шийдэхгүй бол гарц хэлэх аргагүй шүү дээ. Шийдчихвэл гарц шийдэл гэх мэтээр дараагийн яриандаа ороход асуудалгүй. Би уг нь У.Хүрэлсүхийн үед боловсрол зөв хандлагаа олох байх гэж горьдож байсан юм. Гэтэл өнөөдөр үгийг нь сонсохоор аавын яриа яриад суух юм.

-Би хөвгүүдтэй хүн гээд үү?

-Харин тийм. Гэтэл өнөөдөр ийм яриа хоцрогдчихсон. Өнөөдөр хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа гэж ярих ямар ч ач холбогдолгүй болчихлоо. Хүүхдийн хүмүүжил юунаас хамаарч байна гэхээр юуны түрүүнд нарийн мэргэшсэн хэл үгээр ярих ёстой. Би эцэг эхэд буруу өгч чадахгүй. Хүүхдийнхээ төлөө хамгаа зориулж байгаа хүмүүсийг яаж муулах юм. Тэд яаж хүмүүжүүлэх аргаа л мэдэхгүй байна. Багш нар ч ялгаагүй, буруутгах аргагүй хүмүүс. Сургуульд нь хүмүүнлэг гэж юу юм гэдгийг зааж өгөхгүй байна шүүү дээ. Хүмүүнлэг гэдэг чинь сайхан сэтгэл гэж хөндлөнтөөд байж таарахгүй. Сэтгэлийн сайхнаар нийгмийг байгуулахгүй. Нийгэм гэдэг чинь маш том ажил, маш том зарчим.

-Таны ярианаас анзаарахад Боловсролын хуульд уг сууриар нь ингэж хандах хүн олдох болов уу даа, яг одоо ярьж суугаагаа л сайжруулж гаргана гээд зүтгэх байх. Ингэхэд танд ямар нэг найдлага байна уу?

-Одоо У.Хүрэлсүх л хүсвэл зөвөөр эргүүлж чадна. Өөр ямар ч гарц харагдахгүй байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Л.Амар: Банкууд өмнөхөөсөө илүү хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл олгох боломжуудыг бүрдүүлэхээр ажиллаж байна

Коронавирусийн халдвар дотоодод тархаж, хатуу хөл хорио үргэлжилж байгаа энэ үед бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчид, компаниудын хувьд том сорилттой нүүр тулж байна. Үүнийг дагаад иргэдийн цалин орлого хумигдаж хямралын давлагаа бий боллоо. Тэгвэл эдийн засгийн тулгуур баганы нэг банкны салбарт ямар хүндрэл үүссэн, хямралыг даван туулахад Засгийн газар, бизнес эрхлэгчид, банкууд хэрхэн хамтарч ажиллах боломжтой талаар Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал бөгөөд ерөнхий нарийн бичгийн дарга Л.Амартай ярилцлаа.


-Сүүлд буюу энэ оны гуравдугаар улирлын тайлангаар банкны салбарын нийт зээлийн 40 хувь асуудалтай болсон тухай дурдсан байсан. Зээлийн чанар муудах нь нийт эдийн засагт хүндрэл гүнзгийрч байгааг илтгэдэг. Энэ талаар яриагаа эхлүүлье?

-Нийт 100 төгрөгийн зээл байлаа гэхэд 18 нь ямар нэг асуудалтай зээл байна. Өөрөөр хэлбэл, чанаргүй, хугацаа хэтэрсэн гэх мэт зээлүүд энэ ангилалд хамаарч, эргэн төлөлт дээр асуудал үүссэн гэсэн үг. Харин 22 төгрөг дээр нь цар тахлын нөлөөнд автсан. Бас л төлөгдөхгүй байна гэсэн үг л дээ. Эдгээр тоо олон нийтэд танилцуулсан гуравдугаар улирлын тайланд бий. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн есдүгээр сарын 30-наас өмнөх үеийн тоо юм. Үүнээс хойш арваннэгдүгээр сард хөл хорио чангарсныг бид бүхэн мэднэ. Энэ хугацаанд нөлөөллийн хэмжээ маш ихээр нэмэгдсэн байгаа. Хөл хорио хэсэг суларсан хэдий ч энэ сараас үргэлжлүүлээд дахин чангарууллаа. Иймэрхүү нөхцөл байдал банкны салбарт хүчтэй цохилт авчирч, зээлийн эргэн төлөлтийг хойшлуулж байна. Төв банкны мөчлөг сөрсөн бодлогын хүрээнд эдийн засаг сэргэж байхад банкны салбарыг чадавхжуулах, бэхжүүлэх ажлыг нэлээн сайн хийсний хүчинд банкуудын өөрийн хөрөнгийн хүрэлцээ, төлбөр гүйцэтгэх чадвар зэрэг нь өндөр хувьтай байна. Гэхдээ огцом өөрчлөгдөж байгаа нөхцөл байдлаас харахад 2021 онд бид том сорилтын өмнө нүүр тулах нь гарцаагүй юм. Гуравдугаар улирлаас хойш шинээр 2.2 их наяд төгрөг буюу нийт зээлийн 13 хувийг ковидын нөлөөнд өртөж хойшлуулсан. Ингэхээр дээрх 40 хувь дээр нэмэгдэж, нийт зээлийн 53 хувь нь ямар нэг асуудалтай болоод байна.

-Нэг хэсэг зээлийн хүү, хугацаатай хадгаламжийн хүүг тэглэх асуудал хөндөгдсөн. Үүнд банкны салбарынхан “Ямар ч боломжгүй” гэсэн тодорхой ганц хариулт хэлж байгаа. Хамгийн гол нь ажлын байрыг хамгаалах чиглэлд хүч бололцоогоо дайчлах ёстойг онцолсон. Эдгээр гарц шийдлүүдийн тухай дэлгэрүүлэхгүй юү?

-Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр нөлөө бодит сектор дээр шууд очиж байна. Хүмүүс гадуур явахгүй, бараа үйлчилгээ авахгүй болохоор эдийн засаг зогсонги байдалд орчихож байгаа юм. Бодит эдийн засаг муудаад ирэхээр компани, иргэдийн орлого мууддаг. Орлого муудахаар зээлийн эргэн төлөлт муудна. Зээлийн эргэн төлөлт муудахад банкууд хүндэрч, буцаад зээл гаргахаа больдог. Буцаад бодит эдийн засгаа дэмжиж чадахаа болиод ужгирсан хямрал руу орох юм. Энэ нь нийгмийн хямрал руу түлхдэг. Өөрөөр хэлбэл, ажилгүйдэл, ядуурал руу түлхэх юм. Тэгэхээр ажилгүйдлээс хамгаалах шаардлагатай байна.

Бодит эдийн засаг хямарчихаад байна. Санхүүгийн салбар бодит эдийн засаг руу зээл гаргаж чадахгүй байна. Нэгдүгээрт, болгоомжилж байна. Хоёрдугаарт, энэ үед улсын бүртгэл нь ажиллахгүй болохоор зээл гаргаж чадахгүй байлаа. Дээрээс нь бараа, үйлчилгээ нь борлуулагдахгүй, гацчихсан учир зээлийн эрэлт буураад ирдэг. Ийм нөхцөл байдалд ямар дүр зураг харагдах вэ гэхээр бизнес эрхлэгчид хамгийн эхэнд цалингийн зардлаа хэмнэхэд анхаардаг. Татвар бол хойшлуулаад төлж болж байна. Зээлээ бас хойшлуулаад төлчихөөр байна. Тэгэхээр шууд гарч байгаа зардал нь түрээс, цалин юм. Түрээс дээр засгаас дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авлаа. Одоо үлдсэн нь буюу цалингийн хэсэг байгаа юм. Цалин бол сар болгон гардаг зардал. Компаниудын зүгээс ихэнхдээ цалингүй чөлөө өгөөд явуулж байгаа. Халсан гэсэн тушаал гараагүй боловч үнэндээ тухайн хүн нь цалингүй, орлогогүй болчихож байгаа юм. Энэ нь давхар хохиролтой. Нийгмийн даатгалаас очоод ажилгүйдлийн тэтгэмж авах боломжгүй. Тэгсэн мөртлөө цалин орлогогүй. Мөн ирээдүй нь тодорхойгүй. Тухайн компанид дахиж ажиллах уу, үгүй юү. Компани хэвийн байдалдаа орж чадах уу. Ийм нөхцөл байдал үүсч байгаа учир нийт хүн амын гуравны нэг нь ядууралд автсан байна. Үүнээс гадна ядуурал руу халтирч ороход амархан хэсэг байдаг. Энэ бүхнээс харахад одоо бол ажлын байрыг хадгалах нь хамгийн чухал.

Ажлын байрыг хадгалах талаас Засгийн газруудаас авч байгаа сайн туршлагууд бий. Жишээ нь, Герман байна. Засгийн газар гуравны нэг, ажил олгогч нь гуравны нэг цалинг нь гаргах зэргээр яг хүндрэлийн үед ажиллагсдыг дэмжиж байна. Манайд төсөв санхүү талаас хүндрэлтэй байна. 2000 оны эхээр манай улсад голланд өвчний шинж тэмдэг илэрч төсвийн орлого гэнэт ихэссэнтэй холбоотойгоор зарлагаа тэлээд явсан. Ийм үйл явц сүүлийн 20 жил явж ирлээ. Эдийн засаг сайн байх үед төсөв алдагдалтай явсаар байгаад одоо эдийн засаг унах үед буцаагаад эдийн засгаа дэмжих хангалттай нөөц хөрөнгө хуримтлуулаагүй байна. Нөөц хөрөнгөгүй, төсөв нь мөнгө муутай ийм нөхцөлд авч болох хамгийн эвтэй арга хэмжээ бол Засгийн газрын баталгаа буюу ажлын байраа хадгалж байгаа жижиг дунд бизнес эрхлэгч, компаниудад маш хөнгөлөлттэй санхүүжилт олгох явдал юм. Энэ нь Монголын нөхцөлд яагаад тохиромжтой арга хэрэгсэл вэ гэхээр банкуудын чөлөөт эх үүсвэр харьцангуй өндөр байна. Одоо бол 7 орчим их наяд төгрөгийн чөлөөт эх үүсвэр байна. Зах зээл рүү оруулж болохоор хангалттай их нөөц бололцоо байна гэсэн үг. Банкууд өөрсдөө зээл гаргаж чадахгүй байгаа энэ үед нь төр засгаас нь баталгаа гаргаад ажлын байраа хадгалж байгаа аж ахуйн нэгжүүдэд зориулаад дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авах юм бол зээлийн эргэн төлөлт ч дараа нь сайн байдаг. Яагаад гэвэл аж ахуйн нэгжүүдийг хамгийн хүнд үед нь тусалж чадсан учир цагаа олсон бодит дэмжлэг байдаг.

Монголбанкны зүгээс жижиг, дунд бизнесүүдийг дэмжих чиглэлээр дахин санхүүжилтийг олгож байна. Дахин санхүүжилт гэдэг нь өмнөх өндөр зардалтай зээлийг хямдруулах боломжийг олгож өгч байгаа хэлбэр. Тэгвэл шинээр зээлийн хэрэгцээ өндөр байгаа, бэлэн мөнгөний дутагдалтай аж ахуйн нэгжүүдэд шинэ зээл олгох тал дээр одоо Засгийн газрын дэмжлэг шаардлагатай гэж харж байна. Азийн хөгжлийн банкны судалгаа гарсан байсан. Үүнд бичил бизнес эрхлэгчдэд хамгийн их хэрэгцээ шаардлага өндөртэй зүйл юу байна гэвэл яг эргэлтийн хөрөнгө гэсэн байна. Тэгэхээр хамгийн их ажлын байрыг бий болгодог энэ салбарт Засгийн газрын дэмжлэг зайлшгүй шаардлагатай.

-Хатуу хөл хорионы үед банкууд ямар ч төрлийн зээлийг олгохгүй байгаа юу. Тухайлбал, хүнсний салбар хэвийн ажиллаж байгаа. Тэдний зээлийн хэрэгцээг хэрхэн хангах вэ?

-Эхний хөл хорионы үед улсын бүртгэл ажиллахгүй байсан учир барьцаатай зээлүүд гарахгүй байсан. Харин барьцаагүй зээлүүд гарч байсан. Хөл хорио суларсан саяхны хэд хоногт зээл шинээр олголтууд эрчимжиж байсан. Харамсалтай нь буцаад хөл хорионд орчихсон. Одоо улсын бүртгэл цагийн хязгаартай ажиллаж байгаа. Тэгэхээр зээл олголт бага хэмжээгээр үргэлжлэх боломж байгаа.

-Засгийн газраас ажлын байраа хадгалж байгаа жижиг, дунд бизнес эрхлэгчид, компаниудад зээл олгоход баталгаа гаргах асуудлыг хөндлөө. Тэгвэл банкуудын хувьд бизнесийг дэмжихэд ямар санаачилга гаргаж байна вэ. Хатуу хөл хорионы үед зээлийн эрэлтгүй байна. Гэхдээ коронавирусийн халдварыг хяналтад оруулж, хумьж, улмаар даван гарах болно. Энэ үед сульдсан олон бизнес эрхлэгчийг хэрхэн дэмжих вэ?

-Банкууд санаачилгаараа хамгийн их хүндэрч байгаа салбаруудын зээлдэгчдийн зээлийг хойшлуулж өгөх, хугацаа хоцроосон торгууль, нэмэгдүүлсэн хүү зэргээс нь чөлөөлж байгаа. Аль болох дэмжлэгт хамруулах чиглэлээр банкууд ажиллаж байна.Хөл хорио буцаад сулраад эдийн засгийг дэмжих үед банкны салбар ямар дэмжлэг үзүүлж чадах вэ гэхээр зээл олголтоо л нэмэгдүүлж чадна. Юуны өмнө Монголбанкнаас жижиг, дунд бизнесүүдэд 300 сая төгрөг, экспортын чиглэлийн компаниудад нэг тэрбум төгрөг хүртэлх зээлийг дахин санхүүжүүлэх, шинээр олгох боломжийг олгож байна. Жилийн 10.5 хувийн хүүтэй, хоёр жилийн хугацаатай. 2021 оны нэгдүгээр улиралд 250 тэрбум төгрөгийн зээл дээр ийм дэмжлэг үзүүлэх боломжтой байна. Ер нь банкны салбар илүү урт хугацаатай, илүү хөнгөлөлттэй зээл олгох, хүү бууруулахад эрчимтэй ажиллаж байна. Жишээ нь, эрчим хүчний хэмнэлттэй үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор олон улсын Уур амьсгалын ногоон сангаас хөнгөлөлттэй эх үүсвэрийг татан оролцуулах боломж нээгдэж байна. Энэ мэтээр санхүүжилтийн бүх л бололцоог эрэлхийлж байгаа. Ялангуяа, сүүлийн үед хүүгийн түвшин харьцангуй доошилж ирж байна. Ийм үед өмнөхөөсөө илүү хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл олгох боломжуудыг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Г.БАТ