Categories
гадаад мэдээ

ДЭМБ коронавирусийн анхны вакциныг бүртгэлээ

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) өнөөдөр Германы Pfizer болон АНУ-ын BioNTech компанийн хамтран боловсруулж буй “COVID-19 mRNA” вакциныг яаралтай эмнэлзүйд нэвтрүүлэх зөвшөөрлийг олгож, коронавирусийн эсрэг анхны баталгаажуулсан вакцин боллоо.

Дэлхийн өнцөг булан бүрт байгаа ДЭМБ-ын мэргэжилтнүүд болон тусгай багууд Pfizer болон BioNTech компанийн боловсруулан вакцины аюулгүй байдал, үр ашиг, чанарын талаархи мэдээллийг цуглуулан, эрсдэл болон үр дүнгийн шинжилгээг тус бүрт нь авч үзсэн байна. Хяналт шалгалтаар вакцин нь ДЭМБ-аас тогтоосон аюулгүй байдал, үр нөлөөний шалгуурыг хангасан бөгөөд COVID-19-ийг таслан зогсоохын тулд вакциныг яаралтай эмнэлзүйд нэвтрүүлж, гарч болзошгүй эрсдэлийг нөхөх боломжтой болох нь тогтоогджээ.

ДЭМБ-ын Дархлаажуулалтын Стратегийн зөвлөхүүдийн бүлэг (SAGE) 2021 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр хуралдаж, ДЭМБ-ын баталгаажуулсан COVID-19 анхны вакциныг хүн амд хэрхэн хэрэглэх талаар зөвлөмжийг боловсруулан танилцуулах юм байна.

Ингэснээр ДЭМБ-ын яаралтай тусламжийн жагсаалтад багтдаг улс орнууд вакциныг импортлох, зохицуулах журмыг батлах үйл явцыг хурдасгах боломжийг нээж өгч байгаа аж. ДЭМБ уг вакциныг зөвшөөрснөөр НҮБ-ын Хүүхдийн сан болон бусад гишүүн улс орнуудын эрүүл мэндийн байгууллагад вакциныг тараах, худалдан авах боломжтой болж байгаа аж.

ДЭМБ-ын Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний хүртээмжийг хариуцсан Ерөнхий захирлын туслах Др Мариангела Симао “Энэ бол COVID-19 вакциныг дэлхий нийт хүн амд хүртээмжтэй хангахад чиглэсэн нааштай алхам юм. Гэхдээ дэлхийн нийт хүн амын хэрэгцээг хангахуйц хэмжээний вакцины бий болгохын тулд илүү их хүчин чармайлт гаргах шаардлагатай байгаа. ДЭМБ болон түүний гишүүн орнууд вакцины аюулгүй байдал, үр дүнгийн стандартад өдөр шөнөгүй анхаарч байна. Цаашдаа илүү олон вакцин хөгжүүлэгчдийг хянаж, үнэлнэ. Бид дэлхийн өнцөг булан бүрт үйлчилж, цар тахлыг зогсооход шаардлагатай чухал хангамжийг баталгаажуулах нь амин чухал юм” гэдгийг онцолсон байна.


Categories
мэдээ утга-зоxиол

Манай гаригийн нар

МАНАЙ ГАРИГИЙН НАР
(МОДЕРНИСТ Б.ГАЛСАНСҮХ ГЭГЧ ЭТГЭЭД)
Тэр бол хамгийн цуу дуулиант нэгэн бүлгээ.
Нэг, хоёр, гурав, дөрөв, тав, зургаа, долоон зуун жил
Намайг хэзээ ч, хаана ч гэсэн харж болно
БИ- байна,
БИ- байхгүй!…
Нэгэн удаагийн “Болор цом” дээр Б.Галсансүх эл шүлгээ мялаалга болгон уншихад наадмыг хөтөлж асан П.Бадарч найрагч: “Хөөе, Галсансүх ээ! Ингэхэд чи байгаа юм уу, байхгүй юм уу?” хэмээн хошигносон удаатай. Магадгүй, Ф.Ницще: “БУРХАН ҮХСЭН!” гэж чанга дуугаар хэлсэн тэр өдрөөс хойш ТҮҮНИЙ амьд байгааг бусдаас түрүүлж мэдсэн төдийгүй, чанга дуугаар хэлэхийг нь сонсож, тэр бүү хэл, ТҮҮН-д чин сэтгэлийн зөвөлгөө хүртэл өгч амжсан энэ хачин этгээдийн байгаа эсэхийг чухамдаа БУРХАН л мэдэх байх. Түүний 1991 онд бичсэн “Алтан намар, мөнгөн сар, хүрэл үүлс…” хэмээх дүрслэлийг судлаач С.Энхбаяр: “1921 онд бид …алтан намар, мөнгөн сар, номин үүлс… гэж бичиж байсан, 2021 онд …алтан намар, модон сар, хүрэл үүлс… гэж бичих болно, дахин нэг 100 жилийн дараа ч юм уу, бид …цаасан намар, модон сар, хүрэл үүлс… гэж бичих биз ээ” хэмээн дүгнэсэн байдаг. Тэгвэл та бид өнөөдөр судлаачийн хэлсэнчлэн: “…алтан намар, модон сар, хүрэл үүлс…” гэж бичих тэр онтойгоо золгож байна. Харин …цаасан намар, модон сар, хүрэл үүлс… гэж бичихэд дахиад 100 жил үлджээ. Мөн Б.Бадрал түүний тухай: “Цогц шүлэг бичсэн найрагчийг л судалж болно. Б.Галсансүх энэ шаардлагыг хангасандаа Монголын утга зохиолын үзэгдэл мөн” хэмээж, Ж.Нэргүй “Модернизмын архитекторч” хэмээн цоллож, Д.Төрмөнх “…галзуу фантази Галсансүхээс л гарна” хэмээн нотолж, Г.Бадамсамбуу: “Тэр дахин эхэлнэ…” хэмээн тунхаглаж, Г.Аюурзана: “…1,2,3,4,5,6,7. Энд лав л арвандолоон Галсансүх байна” хэмээн хачирхаж, Хон Хэрээдийн Б.Энхбат: “Бусдыг нь цаг хугацаа мэдтүгэй!” хэмээн дуу алдаж, Д.Галбаатар “Шүлэгчээс яруу найрагч…” болсонд талархаж, Г.Бямбажав: “…Галсансүх нийгэмд нүүрлээд буй ёс суртахууны уналт хямралыг… олон өнцгөөс нь харж хэлсэн ч, тэрээр амьдралд хайртай, амьдралын мөн чанарыг ойлгодог, сайн сайхныг магтан дуулагч…” гэдгийг зөвшөөрч, П.Батхуяг түүнийг О.Дашбалбарын үргэлжлэл болгон зарлаж, Г.Ням-Очир: “Хүүхдээрээ байж, сэтгэж, тууривна гэдэг шинэчлэл юм” хэмээн өхөөрдөж байв. Тэгэхээр, энэ олон Галсансүхүүдийн хэн нь жинхэнэ ГАЛСАНСҮХ нь вэ?
Б.Галсансүх 1990-ээд оны эхэн үеэс л бужигнуулж, яруу найрагч Л.Өлзийтөгс түүнийг бүр ТУГ болгосон гээч. ТУГ гэдэг үргэлж шинэ байх ёстой, бас байнга солигдож, шинэчлэгдэж байхгүй бол дорхноо салхинд идэгдэж орхидог эд. Тиймээс тэр цаг үргэлж өөрийгөө шинэчлэхийн төлөө өөртэйгээ болон бусадтай тэмцэлдэж ирсэн юм. Тэрбайтугай, хувийн зардлаар Горькийн сургууль хүртэл бараадаж үзсэн гээч. Ирээд “Сэтгэл гэдэг эрхтэн”, “Постмодерн дөрвөн улирал” гэсэн хоёр ном зэрэг хэвлүүлсэн нь бас л шуугиулаад авсан гэж байгаа. Шилдэг бүтээлийн “Алтан өд” шагналыг яруу найргийн төрөлд хоёр ч удаа хүртсэн түүний яруу найргийн этгээд хэлбэр нь ч тэр, агуулга нь ч тэр давтагдашгүй өвөрмөгц ХУВЬ ЕРТӨНЦ-ийн задаргаа юм. Чухам тиймдээ л үнэ цэнэтэй.
Чи зохиосон хөгжим бүхэнд
О ля ля гэсэн аяз байх ёстой гэж
Чанга дуугаар хэлсэн.
О ля ля гэсэн аяз хүмүүст онцгой таалагдаж байна
Чи тамхины хайрцаг бүхэн дээр
Хортой гэсэн үг байх ёстой гэж
Чанга дуугаар хэлсэн.
Хортой гэсэн тамхийг хүмүүс хамгийн их татаж байна
Чи уух архины шил болгон дээр
Чанартай гэсэн тэмдэг тавь гэж
Чанга дуугаар хэлсэн
Чанартай гэсэн архийг хүмүүс шил, шилээр нь ууж байна
Чиний хэлсэн бүхнийг чинь
БУРХАН гуай, бид бүгдийг биелүүлдэг
Чамд хэлэх нэг зөвөлгөө байна: -ЧИ БИТГИЙ ХУЦ!
Гэхдээ “ХҮН СУДЛАЛ” нэрт яруу найргийн анхны түүврийнхээ хавтсан дээр архины хоосон лонхоор ичимдэг эрхтнээ хаасан чармай нүцгэн зургаа тавьж шуугиулсан Б.Галсансүх эл шүлгээ “Болор цом” наадамд уншихдаа: “ЧИ БИТГИЙ ДАВАР!” гэж уншсан нь түүний хэр нийгэмшиж, бас хүмүүжсэнийг илтгэнэ. Гэлээ ч гэсэн Галсансүх бол ГАЛСАНСҮХ. Номондоо: ЧИ БИТГИЙ ХУЦ!” гээд л оруулчихаж байгаа юм. Тэглээ гээд түүнийг хэн ч буруутгаж чадахгүй. Яагаад гэхээр түүнээс өөр БУРХАН-д зөвлөдөг хүн одоогоор алга байна. Түүнийг нь мэдсэн мэт Б.Галсансүхийг нэрт яруу найрагч Н.Нямдорж, Л.Нямаа нар өөрийн гараар залж, нэр нь ид мандаж ахуйд О.Дашбалбар найрагч гэртээ аваачаад: “Надтай архи уухгүй юм бол чи яаж Иосиф Бродскийтэй уух юм?” хэмээн архиар шахаж, Б.Лхагвасүрэн найрагч нэг удаа Дарханд ирээд байхдаа Г.Аюурзана, Б.Галсансүх хоёрын хэн нь түрүүлж Төрийн шагнал авах тухай маргаан дэгдэхэд (юунаас тийм маргаан дэгдсэнийг санахгүй байна, гэхдээ лав тэнд И.Цэрэнжамц ах байсан) шууд л Б.Галсансүхийг дэмжиж байв. Түүний тухай бодох бүр надад “Найргийн даага” наадмын тайзан дээр “Миний Өндөрхаан-Миний Шарльвиль…”, “Бөмбөгдөгч онгоц мэт үүлсийн доор Бяцхан хот хуучин шүхэр мэт…” хэмээн үл мэдэг сөөнгөдүүхэн хоолойгоор өөртөө бүрэн дүүрэн итгэлтэй, бардамхан уншиж асан залуу хөвгүүний дүр буудаг юм.
Миний мэндэлсэн шөнө
Манай гаригийн гоо сайхан шөнийн оргил шөнө
Мэндлэх шөнө минь нэгэн хүн
Манай гаригийн нар гарлаа гэж зүүдэлжээ
Эл шүлгээ тэрбээр 1990 оны 01-р сарын 01-нд бичжээ. Гэтэл би түүнээс 30 жилийн дараа, 2021 оны 01-р сарын 01-ний үүрийн таван жингээр түүний тухай бичиж суугаагаа мэдээд, өөрийгөө гэнэтхэн гайхав. ЯРУУ НАЙРГИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ТӨЛӨӨХ ЗУУН ЖИЛИЙН ДАЙН. Чухам Б.Галсансүх л ганцаар анх ингэж сүржигнэсэн агаад тэр нь үр дүнгээ даруй өгч, утга зохиол судлаач С.Энхбаяраас “МОДЕРНИСТ ФРОНТ КОМАНДЛАГЧ” хэмээх цол авсан билээ. Тийнхүү, түүхэндээ гуравхан маршалтай Монголын яруу алдарт армийн сүр хүчнээс яруу найрагчид хоромхон зуур даван гарч, шууд л нэг ГЕНЕРАЛИССИМУС-тай болсон түүхтэй. Харамсалтай нь, Б.Галсансүх эл фронт дээрээ өөрөө командлагч нь ч, байлдагч нь ч байсан гэвэл нэг их дэгс болохгүй. Заримдаа би түүнийг ухаан суугаагүй балчир хүүхдийн тархитай байх гэж боддог юм. Тиймээс тэр дандаа үймүүлж явдаг. Тэгж үймүүлэх нь гэнэн. Зарим үед бүр хорлонтой ч гэмээр. Б.Галсансүх бид хоёр тааралдах нь ховор ч хааяа уулзахаараа тэр надад хамаг байдгаа нэг амьсгаагаар ярьж орхих шиг санагддаг. Бусдад ч гэсэн тэр мөн тэгдэг байх. “Болор цом-30” наадмыг би тодхон санаж байна. Тэгэхэд намайг шүлгээ уншихаар очоод байтал тайзны ард Галсаа над руу хүрээд ирэв. Тэгээд энэ тэр гэж хэсэг болсноо: “Чи намайг “Болор цом”-д орж байгаа гэж мэдсэн үү?” гэж их л нухацтай асуув. Товч хэлэхэд, өөрийнх нь “Болор цом”-д орж буй явдал цаанаа хэр их дуулиан дэгдээж буйг тандаж байгаа нь тэр. Чингээд “Болор цом”-ын эзэн тэрбээр тэр “Болор цом”-д 5-р байранд орсон атлаа түүндээ сэтгэл ханан баясаж, Л.Нямаа багш руугаа утасдаж хэлсэн гэдэг. Аливаа юман дээр тэр хэний ч талд орж мэднэ. Мөн түүнээсээ хэдхэн цагийн дараа урваж мэднэ. Яагаад гэхээр, хүүхэд шүү дээ!!! Тиймээс тэр тоглож байгаа юм. Амьдралын улиглал, хүмүүсийн элийрлээр тохуурхаж байгаа юм. Түүнээс зөвөлгөө авсан БУРХАН нь түүнд анхнаасаа тийм эрхийг өгчээ. Тэгэхээр, хэн хүнд олддоггүй тэр ховорхон эрхийг бүрэн дүүрэн эдлэх нь зөв. Басхүү сүүлийн үед байгаа, эсэх нь мэдэгдэхгүй, тун чимээгүй, нууцлаг байгаа эл хачин этгээд хэзээ, хаанаас гэнэтхэн гарч ирээд, хавийн амьтан цочтол үймүүлж, хараал, ерөөл хоёрын алинд ч оногдохгүй тэсрэхийг гагцхүү БУРХАН л мэдэж таарах болов уу.
Шуурга тавьсан солирын бөмбөгдөлтөнд
бөмбөрцөг 20 тэрбум жил ёолоод
Шөнө, сар хоёрыг төрүүлсэн нар
10 тэрбум жил ганцаардаад
Шоргоолж юм уу, өтний өвөг
сарнаа явагч шиг хорвоог хэмжсээр
зургаан тэрбум жил наслахад
Шугуйн жимсийг зах дээр надад
10 мянган жилийн өмнө худалдаж байлаа…
Монголын сонинууд японоор мэдээ нийтлэхэд би үхнэ
2021.01.01

Яруу найрагч, зохиолч М.УЯНСҮХ

Categories
мэдээ нийгэм

Товчоодоор 773 автомашин нэвтэрч, 635 тээврийн хэрэгсэл гарчээ

Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд Онцгой, Эрүүл мэнд, Цагдаа, Мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 92 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд товчоодоор 773 автомашин нэвтэрч, 635 тээврийн хэрэгсэл гарчээ. Энэ хугацаанд нийт 2413 зорчигчид эрүүл мэндийн хяналт хийсэн бөгөөд сэжигтэй тохиолдол илрээгүй гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Далай Лам: 2021 онд илүү утга учиртай, илүү энэрэнгүй амьдрах болно хэмээн бодоорой

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 2021 оны шинэ жилийн өдөрт зориулан мэндчилгээ дэвшүүллээ. Түүний мэндчилгээг хүргэж байна.

Далай лам: Та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе. Мөн энэ завшааныг ашиглан Төвдийн нийт ард түмэндээ Шинэ оны мэнд хүргэе. Та бүхэн миний мэндчилгээг хүлээн аваад гадаад аливаа нөхцөл байдлаас үл шалтгаалан дотооддоо аз жаргалтай байгаа гэдэгт итгэлтэй байна. Бид энэ өдөр өнгөрсөн жил зохистой, утга учиртай амьдарсан эсэхээ нягтлан тунгаах нь чухал юм. Та бусдад тусалсан эсэх, ядаж тэднийг зовоогоогүй гэдгээ нягтлан шалгаарай. Энэ бол хэрхэн утга учиртай амьдрах тухай юм. Та зөвхөн амин хувиа хичээж, бусдыг өөртөө ашигласан бол зүй зохистой, утга учиртай амьдраагүй гэсэн үг. Хэрэв та утга учиртай амьдрахыг хүсвэл ирж буй шинэ он үүнийг эхлүүлэх хамгийн тохиромжтой цаг юм. Өнгөрсөн бол өнгөрсөн. Өнөөдрөөс эхлэн энэ шинэ жилд миний гадаад төрх, овог нэр минь хэвээрээ байгаа ч би илүү утга учиртай, илүү энэрэнгүй амьдрах болно хэмээн бодоорой. Шинэ жилийн мэндчилгээгээр та бүхэнд үүнийг ойлгуулахыг хүссэн юм. Шинэ жилийн үдэшлэг зохиож хундагаа өргөн хэсэг хугацаанд аз жаргалтай байж болно. Хэрэв уух зүйлээ хэтрүүлэн хэрэглэж бие биетэйгээ гар зөрүүлэхэд хүрвэл шинэ жилийн баяр сүйд болно. Тэгэхээр бид шинэ жилээ амар амгалан тайван аядуу зөөлөн тэмдэглэх зүйтэй. Зөвхөн шинэ жилийн өдөр бус бүтэн жилийн турш амар тайван байхыг хичээгээрэй.

Энэтхэг, ХП, Дарамсала. 2021.01.01

Categories
мэдээ нийгэм

Хатуу хөл хорионы хугацаанд зам тээврийн осол 74.2 хувиар буурчээ

Тээврийн цагдаагийн албанаас хот доторх болон хотоос орох, гарах шалган нэвтрүүлэх товчоодод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр хяналт тавин ажиллаж байна. Албан хаагчид өглөө, өдөр, шөнийн гэсэн гурван ээлжээр 24 цагийн туршид гудамж замын хөдөлгөөнд хяналт тавьж, хязгаарлалт хийж байгаа. Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн сүүлийн долоо хоногийн хугацаанд хязгаарлалтай холбоотойгоор хөдөлгөөний эрчим буурч, авто замын ачаалал 70 гаруй хувиар буурчээ. 15 салбарын ажилтан, албан хаагчдын QR код бүхий тусгай зөвшөөрөл олгогдсон тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаа. Үүнтэй холбоотойгоор зам тээврийн ослын дуудлага мэдээлэл 2019 оны мөн үеийн долоо хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад 61.5 хувиар буурсан. Түүнчлэн зам тээврийн ноцтой осол, хэргийн дуудлага 74.2 хувиар багассан байна.

Арванхоёрдугаар сарын 23-ны өдрөөс хойш 485 зам тээврийн ослын дуудлага бүртгэгдэж, 14 гэмт хэргийн улмаас дөрвөн хүний амь нас хохирч, найман хүн гэмтэж, согтуугаар автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 151 зөрчлийг илрүүлжээ.

Иргэд та бүхэн хариуцлагатай байж амны хаалтаа зүүж, ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэмээ сахиж, гэртээ байхад анхаараарай.

Categories
мэдээ цаг-үе

Д.Нарангэрэл: Мутацид орсон коронавирус бага насныханд илүү халдварлаж байна​

ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл “Дэлхий дахинд коронавирусний цар тахлыг халдвар хурдацтай нэмэгдсэн хэвээр байна. Нийт 81.4 сая хүн коронавирусний халдвар авчээ. Англи улсаас гаралтай коронавирусний мутацат орсон хувилбар нь өнөөдөр дэлхий дахины анхаарлыг татаж байна. Коронавирусний мутацад орсон хувилбар нь дэлхийн 30 гаруй улс оронд тархаад байгаа аж. Лондогийн Империал коллежийн эрдэмтэдийн судалгаагаар энэ нь цаашдаа 20-оос доош насны буюу бага насныханд илүү халдварлах нь илүү өндөр бөгөөд халдварын тархах хурд нь өндөр байна гэж гарчээ. Тиймээс хоёр гуравхан сарын дотор дэлхийн дахинаа тархах эрсдэлтэй учир коронавирустэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээ, бэлэн байдлаа хангаж ажиллахыг улс орнуудад анхааруулсан байна. Хэдийгээрээ шинэ хувилбар нь олон улс оронд тархаад байгаа ч халдварлах зам нь COVID-19 тэй ижил буюу агаар туслаар болон агаары зам, ахуйн хавьтлаар халдварлаж байгаа. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ баримталж, амны хаалтаа зүүж, гараа савандаж угаах, хүн хоорондын зайгаа баримтлах нь чухал байна. Шинэ хувилбарын тархах явц маш хурдан байгаа учраас вакцин хэрхэн нөлөөлөхийг судлах хэрэгтэй. Дэлхийн нийтийг дархлаажуулах нь зүйтэй гэдэг зөвлөмж гаргасан. Тиймээс хүн бүр халдвар хамгаааллын дэглэмээ баримтлах нь чухал байна гэдгийг анхааруулж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Өвөрхангай аймгийн Богд суманд газар хөдөлжээ

Өвөрхангай аймагт өнөөдөр өглөө 3,8 магнитудын хүчтэй газар хөдөлсөн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Тодруулбал, тус аймгийн Богд сумын Баяндөхөм багийн “Агуйт” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км-т, Ө-44°58’48.0″, У-102°22’12.0″/ 05:15 цагт 3.8 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 06:41 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс ирүүлсэн.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Цаг уурын байгууллагаас нэгдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргасан байна. Энэ сард агаарын дундаж температур нутгийн зүүн хагаст олон жилийн дунджаас хүйтэн. Хур тунадасны хувьд Сэлэнгэ, Төв аймгийн ихэнх нутаг, Булганы зүүн өмнөд, Дорнод, Сүхбаатарын өмнөд, Дорноговийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Алтайн өвөр говь болон Өмнөговийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим цас орох төлөвтэй байна. Арав хоног болгоны сүүлчээр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 5-10°С-аар хүйтэрнэ. Салхи ихэнх хугацаанд 4-9 м/с, нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлч үеэр зарим газраар 12-14 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Баруун аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Хур тунадас Алтайн өвөр говиор олон жил дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 5–10°С–аар хүйтэрнэ. Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар цас орох төлөвтэй байна. Салхи ихэнх хугацаанд 4–8 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар 12–14 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.

Төвийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Архангайн баруун, Өвөрхангайн ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна. Харин хур тунадас Төв болон Сэлэнгийн ихэнх, Булганы зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Өвөрхангайн өмнөд хэсгээр дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэг болон хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 5–10°С–аар хүйтэрнэ.Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 4–9 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар 12–14 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй. Харин хур тунадас Дорнод, Сүхбаатарын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэг болон хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 5-10°С–аар хүйтэрнэ. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар ихэнх нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар 12-14 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Дорноговийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх бол хур тунадас Өмнөговийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэг болон хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С–аар хүйтэрнэ. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар бага зэргийн цас орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар 14–16 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Эх сурвалж: Цаг уур орчны шинжилгээний газар

Categories
мэдээ нийгэм

Малын хөлийн татварын хэмжээг сум, дүүргийн ИТХ тогтооно

Малын тоо толгойн албан татварын тухай хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Ингэснээр орон нутгийн ИТХ-аас малын хөлийн татварын хэмжээг тогтоож ОНХС-д хуримтлуулах юм.

Манай улсын мал, сүргийн тоо сүүлийн 30 жилд 45.1 сая тоо толгойгоор нэмэгдэж 70.9 саяд хүрээд байгаа нь хүн амын хүнсний хэрэгцээ, малчдын амьжиргаа, эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөөтэй ч өсөн нэмэгдэж байгаа малын тоо толгой нь бэлчээрийн хүрэлцээ, усны хомсдол зэрэг олон асуудлыг үүсгэж байна. Иймд орон нутгийн төсвийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, бэлчээр ашиглалт, цөлжилт, худаг усны хүрэлцээ, мал сүргийн бүтэц зэрэг асуудлыг бие даан шийдвэрлэх зорилгоор сум, дүүргийн ИТХ-д малын тоо толгойн албан татварыг хуульд заасан хязгаарт багтаан бие даан тогтоож ОНХС-даа хуримтлуулан зарцуулах эрхийг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс олгохоор төлөвлөсөн байна.Малын тоо толгойн албан татварыг Орон нутгийн хөгжлийн санд
төвлөрүүлж, малчдын саналд үндэслэн тулгамдсан асуудлаа шийдвэрлэх зарцуулахаар
тусгасан юм. Малын тоо толгойн албан татварын дээд хэмжээг 2000 төгрөг байхаар
тогтоожээ.

Categories
мэдээ нийгэм

Долоон хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 414, улсын хэмжээнд дотоодын халдвар 740, нийт 1220 тохиолдол бүртгэгдээд байна. Мөн өнөөдөр 7 хүн эдгэж дараагийн шатны хяналтад шилжээд байна”гэлээ.