Categories
мэдээ нийгэм

2021 онд бүх нийтээр амрах өдрүүд

2021 оны бүх нийтээр амрах баярын болон тэмдэглэлт өдрүүдийг танилцуулж байна.

Монгол Улсын Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар монголчууд жилд есөн удаа баярын болон тэмдэглэлт өдрүүдэд амардаг байна.

Түүнчлэн 2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болох бөгөөд хууль заасанчлан сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байх юм.

Мөн тус хуулийн 8.2-т сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амарна гэж заажээ.

Нэгдүгээр сарын 01 – Шинэ жил

Хоёрдугаар сарын 12, 13, 14 – Сар шинийн баяр

Гуравдугаар сарын 08 – Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр

Тавдугаар сарын 26 – Бурхан багшийн их дүйчин өдөр

Зургаадугаар сарын 01 – Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр

Зургаадугаар сарын сүүлийн хагасын ажлын өдөр – Ерөнхийлөгчийн сонгууль – 2021

Долдугаар сарын 11, 12, 13, 14, 15 – Үндэсний их баяр наадам

Арваннэгдүгээр сарын 05 – Их эзэн Чингис хааны өдөр

Арваннэгдүгээр сарын 26 – Бүгд найрамдах улс тунхагласан өдөр

Арванхоёрдугаар сарын 29 – Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 170 хүн эрүүлжүүлэгджээ

2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 25 зөрчил илэрч, 170 хүнийг эрүүлжүүлсэн талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Мөн энэ өдөр нийт 1008 гомдол мэдээлэл ирсэн ба гэр бүлийн хүчирхийллийн 116, хулгайлах долоо, олон нийтийн газар биеэ зүй бусаар авч явж танхайрсан 73 зөрчил илэрсэн байна.

Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал

“Мөнххада” ХХК-иас мэдэгдэл гаргалаа

Өчигдөр буюу арван хоёрдугаар сарын 31-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотод коронавирусийн таван тохиолдол шинээр бүртгэгдсэн. Энэхүү халдвар авсан таван иргэний хоёр нь автомашин борлуулдаг Мөнххада ХХК-ийн ажилчид байсан. Иймд тус компанийн хүмүүсийг шинжилгээнд хамруулсан, халдварын голомтыг тогтоохоор ажиллаж байна гэж ЭМЯ-наас өнөөдөр /2021.01.01/ мэдэгдсэн.

Тэгвэл Мөнххада ХХК-ийн тус үйл явдалтай холбогдуулж, мэдэгдэл гаргасан байна. Тус мэдэгдэлд “манай компани 12 дугаар сарын 22-ны өдрөөс хойш аливаа нэгэн үйл ажиллагаа явуулаагүй” хэмээжээ.

Categories
мэдээ нийгэм

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх цахилгааны төлбөрийн нэхэмжлэлийн талаар тайлбар өглөө

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх 2020 оны арванхоёрдугаар сарын цахилгааны төлбөрийн нэхэмжлэлийн талаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан тайлбар өглөө.

Тэрээр “2020 оны 12 дугаар сарын цахилгааны төлбөрийн нэхэмжлэлд тайлбар өгье. Ер нь хэрэглэгчийн цахилгааны төлбөрийг 30 хоногийн хэрэглээгээр нэхэмжилдэг юм. Тийм учраас 2020 оны 12-р сарын цахилгааны төлбөрт 11-р сарын таны хэрэглэсэн цахилгааны төлбөр тодорхой хэмжээгээр байгаа шүү. Тухайлбал: Иргэн Ж-гийн цахилгааны төлбөрийн бичилтийг 2020 оны 11-р сарын 10-ны өдрөөс 12-р сарын 10-ны өдрийг хүртэл бичсэн бол Засгийн Газрын тогтоолын дагуу 10 хоногт ногдох цахилгааны төлбөрийг иргэн Ж -гийн өмнөөс Засгийн Газар төлж барагдуулна.

Харин үлдсэн 20 хоногт ногдох цахилгааны төлбөрөө иргэн Ж өөрөө төлнө. Хэдийгээр бүх хэрэглэгчдийн цахилгааны төлбөрийг 30 хоногийн хэрэглээгээр бичдэг ч бичилтийн эхлэлийн хугацаа ялгаатай байдгийг анхааруулъя. Хэрэв таны цахилгаан болон дулааны эрчим хүчний төлбөрийн нэхэмжлэлд ойлгомжгүй бас эргэлзээтэй зүйл байвал мэргэжлийн байгууллагад хандахыг хүсье хэмээжээ.

Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Алтанбулаг, Сүхбаатар сумд өнөөдрөөс буюу 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийн 06 цагаас эхлэн “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт” шилжлээ.

Аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан хязгаарлалт тогтоохгүй 32 салбар чиглэлийн төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зөвшөөрлөө.

Дарс, шар айргийг 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 10:00-18:00 цагийн хооронд худалдан борлуулахыг зөвшөөрлөө.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын баримтаа нэгдүгээр сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө бүртгүүлэхийг анхаарууллаа

2020 оны IV дүгээр улиралд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа 2021 оны нэгдүгээр сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө ebarimt системд бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын Ерөнхий Газраас санууллаа.

Өөрөөр хэлбэл иргэд 2020 оны аравдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд худалдан авалт хийсэн баримтаа бүртгүүлэх нь.

Нэмэгдсэн өртгийн албан татвар(НӨАТ)-ын буцаан олголтыг өнгөрсөн оноос эхлэн улирал бүрд олгодог болсон. Ингэхдээ дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард багтаан иргэдийн бүртгэлтэй дансанд нь шилжүүлэхээр хуульчилсан юм.

Өнгөрсөн оны I улиралд 869,000 иргэнд 35.8 тэрбум, II улиралд 38.2 тэрбум төгрөгийг 901,615 иргэнд, III улиралд 993,469 иргэнд 43.4 тэрбум төгрөгийг тус тус олгожээ.

Заасан хугацаанд төлбөрийн баримтаа нэгдсэн системд бүртгүүлээгүй тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодоггүй журамтай.

Categories
мэдээ нийгэм

Дуудлага худалдаагаар Олимпийн аварга Э.Бадар-Ууганы боксын бээлий 21 сая төгрөг хүрлээ

Засгийн газраас “Хүүхдийн төлөө фонд”-ыг сэргээн байгуулах шийдвэр гаргаж, Хүүхдийн фондод хөрөнгө хуримтлуулах Монгол туургатан уран бүтээлчдийн теле концерт 12-р сарын 30-ны өдөр телевизүүүдээр 18.00 цагт эхэлж, 02.45 цаг хүртэл үргэлжиллээ.

Энэ үеэр болсон хэд хэдэн сонирхолтой дуудлага худалдаа болов. Тухайлбал Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Чингис хааны билэг сургаалиас үндэсний бичгээр бичсэн бичээсийг 9.9 сая төгрөгөөс эхлэн дуудаж, НВЦ компанийн захирал Ц.Баатарбилэг 50 сая төгрөгөөр худалдан авлаа. НВЦ компанийн захирал Ц.Баатарбилэг “Бид Монгол Улсдаа “Баян” өндөг үйлдвэрлэдэг. Үйлдвэрлэсэн өндөг бүрээс нэг төгрөгийг Хүүхдийн төлөө фондод хандивлахаар шийдвэрлэлээ. Энэ нь өдөрт дунджаар 300 мянган төгрөг гэсэн үг. Бид ойрын үед өдөрт 1 сая ширхэг өндөг үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байна. Тэгэхээр хүүхдийн төлөө байнга өсөн нэмэгдэж байж хандив өргөлөө” гэв. Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган боксын ширэн бээлийгээ дуудлага худалдаанд оруулж, орлогыг Хүүхдийн төлөө фондод хандивлахаар зарласан. Олимпийн аваргын бээлийг “Макс” группийн ерөнхийлөгч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Ганбаатар 21 сая төгрөгөөр худалдан авлаа. Тэрбээр бээлийг олимпийн аваргаас гардан авахдаа Хүүхдийн төлөө фондод “Макс” групп 100 сая төгрөг хандивлаж байгааг зарлаад, хүүхдийн ирээдүйн төлөө нийт 121 сая төгрөг шилжүүлж буйгаа мэдэгдэв.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд 1836 хүн тусгаарлан ажиглалтад байна

Мэргэжлийн хяналтын байгууллагын нийт 1400 албан хаагч МХЕГ, НМХГ, 21 аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хилийн боомтуудад Шуурхай штаб болон эргүүл хяналт, тандалт хийн ажиллаж байна.

ТУСГААРЛАН АЖИГЛАХ БАЙР: Улсын хэмжээнд 44 байранд 1836 хүн тусгаарлан ажиглаглалтад байна. 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдөр 462 иргэний гэрийн ажиглалтын хугацаа дуусчээ.

ХАЛДВАРГҮЙТГЭЛ: Өнгөрсөн 24 цагийн (2020.12.31-ний 06:00 цагаас 2021.01.01-ний 06:00 цаг хүртэл) хугацаанд улсын хэмжээнд 24,519 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 11 объектын 11,901 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн ариутгал халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллав.

АХУЙН БОЛОН АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДАЛ: Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдал устгалын төвлөрсөн байгууламжууд болох Элемент ХХК, Элемент медикал ХХК-иудад 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 159 эмнэлэг, эм хангамжийн байгууллага, 1 тусгаарлан ажиглах байр, 10 түргэвчилсэн оношилгооны цэгийн хог хаягдлыг тээвэрлэж, цуглуулсан байна. Цуглуулсан 4739.2 кг хогийг устгасанаас 2814.8 кг хогийг халдваргүйжүүлсний дараа булж, 1924.4 кг хог хаягдлыг шатаах зууханд шатааж устгасан байна.

ХЯЗГААРЛАЛТ, ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМИЙН ХЭРЭГЖИЛТ: Үйл ажиллагааг нь хориглож хязгаарласан 728 аж ахуйн нэгж байгууллагад шалгалт хийж 108 зөрчил илрүүлэн 68-ыг нь газар дээр нь арилгуулжээ.

Үйл ажиллагааг нь хориглоогүй худалдаа үйлчилгээний 165 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж илэрч буй зөрчлийг арилгуулах, халдвараас урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өглөө. Хяналт шалгалтад хамрагдсан байгууллагын 111 нь үйлчлүүлэгч, ажиллагсдын бие засах, гар угаах нөхцлийг бүрдүүлсэн, 130 нь хүн хоорондын зай барих шаардлагын хэрэгжилтийг хангуулсан байна.

ХИЛИЙН БООМТ, ГҮНИЙ ХЯНАЛТ: Улсын хилээр нэвтрэн орсон 515 тээврийн хэрэгсэл, 448 жолооч, хилээр гарсан 514 тээврийн хэрэгсэл, 440 жолоочид хяналт шалгалт хийж, тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэлтэд хамруулан халдвараас сэргийлж ажиллалаа. Жолооч нарт халдварын шинж тэмдэг илрээгүй байна.

Замын-Үүд боомтоор нэвтэрсэн нийт 365 чингэлэг, галт тэрэг, Сүхбаатар боомтоор нэвтэрсэн 327 чингэлэг, галт тэргэнд халдваргүйжүүлэлт хийж гүйцэтгэхэд хяналт тавьж ажилласан.

Улаанбаатар хотын гүний гаалийн хяналтын бүсэд 23 аж ахуйн нэгжийн 3043.7 тн бодис, бараа, түүхий эд, бүтээгдэхүүнийг хяналт шалгалтад хамруулан хилээс чөлөөлж, 12 тээврийн хэрэгсэлд хийгдсэн халдваргүйжүүлэлтэд хяналт тавив.

ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧОО, АГААРЫН ЧАНАРЫН ХЯНАЛТ: Улсын хэмжээнд дотоодын авто тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын цэгээр 4,296 тээврийн хэрэгсэл нэвтрэх үеийн халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд 292 улсын байцаагч хяналт тавьж, 8,419 (шинжилгээ өгсөн 4,245) иргэнд зөвлөгөө өгсөн.

Тавантолгой түлш ХХК 3704.27 тн түлш үйлдвэрлэж, 4752.45 тн түлш борлуулалтад гаргажээ. Нийслэлд сайжруулсан түлш борлуулж буй цэгийн 94 цэгт хяналт хийхэд 602.4 тн түлшний нөөцтэй байна.

УНДНЫ УС ХАНГАМЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БАЙГУУЛАМЖ: 3 объектын ундны усны аюулгүй байдалд хяналт шалгалт хийж 6 дээж шинжилгээнд авсан. 3 дээжинд үлдэгдэл хлор тодорхойлоход стандартын шаардлага хангаж байв.

ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭ: Улсын хэмжээнд Мэргэжлийн хяналтын байгууллагын харъяа 25 лабораторид 262 дээж шинжилгээнд ирж, 348 дээжийн шинжилгээний хариу гарчээ. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний 7 дээж шаардлага хангаагүй байна

Categories
гадаад мэдээ

Их Британид нэг хоногт 41 мянган халдварын тохиолдол бүртгэгджээ

Дэлхий дахинд коронавирусийн халдварын тархалт эрчтэй байгаа. Их Британид 24 цагийн хугацаанд 41 мянган коронавирусийн шинэ тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь халдвар гарснаас хойш ийнхүү нэг өдөрт хамгийн олон тохиолдол бүртгэгджээ. Тус улсад мутацид орсон коронавирусийн шинэ хувилбар тархаад байгаа. Үүнд өндөр настай болон архаг хууч өвчтэй иргэд болон хүүхдүүд энэхүү халдвараар халдварлах хандлагатай байгаа аж. Иймээс Их Британийн эмнэлгүүдэд ор хүрээлцээгүй болсон тул хөнгөн өвчтөнд утсаар зөвлөгөө өгч гэрээр эмчлэх зохицуулалт хийлээ.

Categories
мэдээ улс-төр

Г.Занданшатар: Тэтгэврийн зээлгүй ахмадуудад сая төгрөг бэлнээр олгоно

2021 оны тавдугаар сардаа багтаж тэтгэврийн зээлгүй ахмадуудад нэг сая төгрөгийг бэлнээр олгохоор ажиллаж буй гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар шинэ жилийн мэндчилгээндээ мэдэгджээ.

Тэрээр “Хоёр жилийн өмнө Салхитын мөнгөний ордыг төрдөө буцаан авч, 20 гаруй мянган ахмадын тэтгэврийн зээлийг тэглэх хуулийг 2020 оны эхээр батлан хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд үлдсэн ахмадууддаа энэ тавдугаар сардаа багтаан нэг сая төгрөгийг бэлэн мөнгөөр олгохоор ажиллаж байна. Зорилт амжилттай хэрэгжиж байна. Энэ бол баялгийнхаа өгөөжийг иргэддээ тэгш шударга хуваарилах, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үзэл санаа хэрэгжсэн анхны үйл хэрэг байсан. Одоо энэ зарчмыг бие даасан хуулиар баталгаажуулахын тулд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг батлах гэж байгаа юм” хэмээжээ.