Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Засгийн газар: Нийслэлд тогтоосон хатуу хөл хорионы дэглэмийг тав хоногоор сунгалаа

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас Улаанбаатар хотод тогтоосон хөл хориог тав хоногоор сунгахаар шийдвэрлэлээ.

Хөл хорионы дэглэм нэгдүгээр сарын 6-нд буюу лхагва гариг хүртэл тогтоосон байсан юм. Гэвч нийслэлд эх үүсвэр нь тодорхой бус халдвар дэгдсэн, түүнийг олон нийтэд тараахгүйн тулд хатуу хөл хорионы дэглэм мөрдөхөөс аргагүй байна гэсэн саналыг Эрүүл мэндийн яамнаас Улсын онцгой комисст хүргүүлсэн. Улмаар Улсын онцгой комисс хуралдаад Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн хөл хориог 14 хоногоор сунгах асуудлыг хэлэлцээд дэмжсэн. Харин Засгийн газар Улсын онцгой комиссын саналыг хэлэлцээд, тав хоногоор сунгажээ.

Categories
мэдээ нийгэм

Р.Дагдан: Цахилгааны төлбөрийг ойлгомжтой байх үүднээс хэрэглэгчдэд билл олгоно

Засгийн газрын тогтоолоор тог, цахилгаан, дулаан, уур ус буюу суурь хэрэглээний үнийг өнгөрсөн сарын 1-нээс долдугаар сарын 1 хүртэл төрөөс даах шийдвэр гаргаад буй.

Үүнтэй холбоотой иргэдийн цахилгааны үнэ хэт өндөр гарсан гэх шүүмжлэл гарсан. Иймд ШӨХТГ-аас мэдээлэл хийж, иргэдийн гомдол мэдээллийн дагуу УБЦТС ТӨХК-д шалгалт хийхээр боллоо.

Дээрх асуудалтай холбоотой УБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Р.Дагдан “Манай хэрэглэгчид цахилгааны бичилттэй холбоотой асуудлыг төдийлөн ойлгохгүй байх шиг байна. Энэ талаар бид мэдээлэл өгөх арга хэмжээ авч байна. Гомдолын дагуу мэдээлэл өгөхөөр тодорхой ойлголттой болж эхэлсэн. Бид соён гэгээрүүлэх, мэдээлэл өгөх ажлаа цааш үргэлжлүүлнэ. Засгийн газрын тогтоол гарснаас хойш иргэд тогны хэрэглээ үнэгүй болж байгаа юм байна гэж ойлгоод задгай хэрэглээнд шилжсэн. Гэхдээ журмаар зохицуулахаар болж, иргэд цахилгаанаа хамаагүй хэрэглэж болохгүй гэж ойлгосон. Бичилттэй холбоотой гол маргаан нь зургаан циклд хуваагдсантай холбоотой. Өөрөөр хэлбэл, арваннэгдүгээр сарын хэрэглээ арван хоёрдугаар сард орсон байгаа юм. Энэ маргааныг бид ойлгомжтой тайлбарлах ажлыг зохион байгуулж байна. Цаашид хэрэглэгчдэд ойлгомжтой байх үүднээс билл өгөхөөр боллоо. Үүнд аль нь одоогийн хэрэглээ вэ, аль нь хөнгөлөлтөд орох вэ гэдэг тодорхой мэдээллийг багтаасан байна. Мөн иргэд өмнөх оны хэрэглээгээ мартчихсан учраас урьдчилсан байдлаар хэрэглэгчид мессеж илгээх ажлыг зохион байгуулахаар болсон” гэв.

Categories
мэдээ нийгэм

Орон сууц, сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтийн материалыг цахимаар авч эхэллээ

Орон сууц, сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтийн материалыг өнөөдрөөс эхлэн хоёрдугаар сарын 15-ныг хүртэл цахимаар хүлээн авна.

Хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу хөнгөлөлтөд хамрагдах иргэн нь татварын албаны etax.mta.mn цахим хуудсанд нэвтэрч ХХОАТ-ын тайлан /ТТ-06/, хүсэлтийн хамт цахимаар илгээх юм.

Хувь хүний орлогын албан татварын хуулийн 23.5-д Монгол Улсын иргэн албан татвар төлөгчийн төрсөн, дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэд гадаад, дотоодын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн боловсролын сургуульд оюутан, эсхүл суралцагчаар элсэн суралцаж байгаа тохиолдолд түүний анхны бакалаврын болон дипломын мэргэжил эзэмших сургалтын хугацаанд тухайн татварын жилд төлсөн, баримтаар нотлогдож байгаа сургалтын төлбөртэй тэнцэх орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг эдлүүлнэ…гэж заасны дагуу Сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдах иргэн ХХОАТ-ын тайлан цахимаар ирүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна.

Үүнд:

Татвар төлөгчийн бүрдүүлэх

  1. Сургуулийн тодорхойлолт /файл/
  2. Сургалтын төлбөр төлсөн цахим төлбөрийн баримтын дугаар /Гадаад сургалтын төлбөр төлсөн баримтын файл/

Шаардлагатай тохиолдолд

  1. Дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэдтэй бол засаг даргын тодорхойлолт /файлаар/
  2. Орлого нотлох баримт /гадаад сургалт/

Төрийн байгууллагын мэдээлэл солилцох ХУР системээс гарах

  1. Иргэний үнэмлэх
  2. НД-ийн лавлагаа
  3. Төрсний гэрчилгээ

Хувь хүний орлогын албан татварын хуулийн 23.4-д Монгол Улсын иргэн өөрийн албан татвар ногдсон орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар зөвхөн хувьдаа, анх удаа орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авсан бол ийнхүү орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авахад зарцуулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг уг албан татвар төлөгчид эдлүүлэх бөгөөд энэ хөнгөлөлтийн хэмжээ 6 сая төгрөг хүртэл байна… гэж заасны дагуу Орон сууцны хөнгөлөлтөд хамрагдах иргэн ХХОАТ-ын тайлан цахимаар ирүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна.

Татвар төлөгч иргэний бүрдүүлэх материал

  1. Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа Ү серийн дугаар
  2. Орон сууц худалдан авсан цахим төлбөрийн баримтын дугаар / Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2%-ийн баримт/
  3. Орон сууц барьсан бол Хөрөнгийн үнэлгээний тайлан /файлын хэмжээ 25mb/
  4. Орлого нотлох баримт /файл/
  5. Худалдах худалдан авах, захиалгын гэрээ /Нотариатаар баталгаажуулсан гэрээг файлаар хавсаргах/

Төрийн байгууллагын мэдээлэл солилцох ХУР системээс гарах

  1. Иргэний үнэмлэх
  2. НД-ийн лавлагаа

Орон сууц худалдан авсан, барьсан иргэний хөнгөлөлт эдлэх дараагийн жилд бүрдүүлэх материалын жагсаалт.

Татвар төлөгч иргэний бүрдүүлэх материал

  1. Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа Ү серийн дугаар

Төрийн байгууллагын мэдээлэл солилцох ХУР системээс гарах

  1. Иргэний үнэмлэх
  2. НД-ийн лавлагаа
Categories
мэдээ нийгэм

Дүүргүүдийн мэргэжлийн хяналтын байгууллагад 11 автомашин олголоо

Засгийн газрын 62 дугаар тогтоолын хүрээнд БОАЖЯ-ны санхүүжилтээр 11 автомашиныг дүүргүүдийн мэргэжлийн хяналтын байгууллагад хүлээлгэн өгчээ.

Тодруулбал, 9 ширхэг “LADA Vesta SW Cross” маркийн автомашин, явуулын лабораторийн “HyundaI Strarex” болон “Land-76” маркийн автомашинуудыг МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан, НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун нар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсүүдэд хүлээлгэн өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Umoney карт цэнэглэх 75 цэг ажиллаж байна

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээ энгийн цагийн хуваарийн дагуу үзүүлж байгаа билээ. Өнөөдрийн /2021.01.04/ 10:00 цагийн байдлаар 97 чиглэлд 890 автобус, 10 аж ахуй нэгжийн 493 такси нийтийн тээврийн үйлчилгээнд гарсан байна. Нийтийн тээврийн автобусаар дээрх хугацаанд 34419 зорчигч үйлчлүүлжээ. Тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагууд 890 автобус, 369 таксинд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийсэн байна. Мөн нийслэлийн хэмжээнд автобусны зорчих карт цэнэглэх 75 цэг ажиллаж байгаа бөгөөд иргэд зорчих картыг 27722 удаа уншуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн удирдах ажилтнуудын цахим шуурхай зөвлөгөөн боллоо

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр цахимаар хуралдлаа. Зөвлөгөөнөөр өнгөрсөн баярын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд цахилгаан, дулаан, сайжруулсан шахмал түлшний хангалт, түгээлтийн талаарх нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

Баярын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд цахилгаан, дулааны ноцтой гэмтэл үүсээгүй бөгөөд арванхоёрдугаар сарын 31-ний өдөр цахилгааны хэт ачаалал өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад найман хувиар өссөн. Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас гарсан ажлын хэсэг хариуцлагатай жижүүрийн үүргийг 24 цагийн турш гүйцэтгэж үүсэж болох эрсдэлээс урьдчилан сэргийлжээ. Мөн Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийн хүсэлтээр цагаан давааны хогийн цэгийг өнөөдрөөс /2020.01.04/ нээж байгаа талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр мэдээлэл өгөв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанд танилцуулах, 2021 онд нийслэлчүүдийн дунд ямар зорилтот жил болох талаарх төлөвлөгөөг боловсруулах, 2021 онд улс, нийслэл, орон нутгийн хөгжлийн сангийн төсвөөр хийх ажлуудын бэлтгэлийг сайтар хангах үүргийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт болон нийт байгууллагад үүрэг болгов. Мөн нийтийн тээврийн үйлчилгээний ариутгал, халдваргүйтгэлийг сахиулах, автобус, такси үйлчилгээний жолооч нарыг бэлэн мөнгөөр үйлчлүүлэхгүй байхад чиглэсэн арга хэмжээ авах үүргийг Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаярт өглөө.

Categories
мэдээ нийгэм

Багануур дүүрэг тохижилт үйлчилгээний ажилчдынхаа цалинг 50 мянган төгрөгөөр нэмжээ

Багануур дүүргийн тохижилт үйлчилгээний ажилтнуудын цалин 2021 оны нэгдүгээр сараас эхлэн 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн болохыг тус дүүргийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

Дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн шинэ оны ажлын эхний өдөр дүүргийг цэвэр цэмцгэр байлгах, амьдрах орчныг сайжруулахаар ажиллаж буй “Багануур тохижилт” ОНӨААТҮГ-ын ажилчидтай уулзаж, санал хүсэлтийг нь сонссон байна. Уулзалтын эхэнд 2021 онд хийж хэрэгжүүлэх болон хөрөнгө оруулалтын ажлуудыг танилцуулсан ба тус байгууллагын ажилчдын зүгээс төр захиргааны байгууллагаас анхаарч ажиллаж автомашины парк шинэчлэлийг хийсэнд сэтгэл хангалуун байгаа илэрхийлсэн байна.

Засаг дарга С.Даваасүрэн “Багануур дүүргийг маш цэвэр цэмцгэр хот гэдэг тийм байлгахын төлөө зогсолтгүй зүтгэж байгаа та бүхэндээ талархаж байгаагаа илэрхийлье. “Багануур тохижилт” ОНӨААТҮГ нь энэ оноос хоёр хуваагдаж нэг хэсэг нь тохижилтоо хариуцаж нөгөө хэсэг нь “Багануур гэрэлтүүлэг, чимэглэл” ААТҮГ нэршилтэйгээр гэрэлтүүлгээ хариуцаж үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ. Гэсэн хэдий ч ажилчдын хувьд цалин хөлс болоод бусад зүйлд өөрчлөлт байхгүй. Оны эхнээс ажилчин бүрийн цалин 50000 төгрөгөөр нэмэгдэж байна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Хэнтий аймагт эвдрээд явах боломжгүй болсон автомашиныг тоносон этгээдүүдийг илрүүлжээ

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд эвдрээд явах боломжгүй болж зогссон автомашиныг тоносон этгээдүүдийг цагдаагийн алба хаагч нар илрүүлжээ.

Шинэ оны эхний өдөр дээрх мэдээллийн дагуу Өмнөдэлгэр сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Тэмүүжин уг гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг цагдаагийн байгууллагын нэгдсэн санд бүртгэлд оруулж мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна.

Шалгалтын ажиллагаагаар иргэн Б гэгч нь 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр цагаан өнгийн приус маркийн автомашинтай Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Батширээт сум руу явах замд эвдэрч явах боломжгүй болоод Өмнөдэлгэр сумын 2 дугаар багийн нутаг “Хурхийн бургас” гэх газарт үлдээжээ. Ингээд 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр машинаа авахаар очиход аккумулятор, ком батарей, 3 ширхэг обудтай дугуй зэрэг тоногдсон байсан аж.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын хэсгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Тэмүүжин уг хэргийг үйлдсэн гэмт этгээдүүдийг шуурхай эрэн сурвалжилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсны үр дүнд Хэнтий аймгийн харьяат, 36 настай, эрэгтэй, Б гэгч нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хадам ах, 38 настай, М-ийн хамт 20 цагийн орчимд замд таарсан цагаан өнгийн приус маркийн автомашины урд талын гурван ширхэг обудтай дугуй, ком батарей, аккумулятор зэрэг эд зүйлүүдийг хулгайлан авч гэртээ хадгалж байсныг тогтоон тус хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Цахилгаан эрчим хүчний асуудлаар хэрэглэгчийн санал, хүсэлтийг хүлээн авах нэмэлт дугаарыг ажиллуулж эхэллээ

Иргэдийн цахилгааны төлбөрийг хөнгөлөх шийдвэр хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан УБЦТС ТӨХК 7004-7004 утаснаас гадна хэрэглэгчийн санал, хүсэлтийг хүлээн авах нэмэлт дугааруудыг цагийн хуваарийн ажиллуулж эхэлжээ. Ингэхдээ нийслэлийн есөн дүүрэг, Төв аймаг, зуслангийн хэрэглэгчдийн санал хүсэлтийг нь авах юм байна.

Тус компани нь Улаанбаатар хот болон Төв аймгийн 16 сумын нийт 400,000 орчим хэрэглэгчийг манай компани цахилгаан эрчим хүчээр хангадаг юм.

Нэмэлт дугаарууд нь ажлын өдөр 09:00-18:00, амралтын өдөр 11:00-18:00 цаг хүртэл иргэдэд нээлттэй байх аж.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Хэрэглэгчийн цахилгааны төлбөрийг 30 хоногийн хэрэглээгээр нэхэмжилдэг юм. Тийм учраас 2020 оны 12 дугаар сарын цахилгааны төлбөрт 11 дүгээр сарын таны хэрэглэсэн цахилгааны төлбөр тодорхой хэмжээгээр байгаа. Тухайлбал: Иргэн Ж-гийн цахилгааны төлбөрийн бичилтийг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл бичсэн бол Засгийн Газрын тогтоолын дагуу 10 хоногт ногдох цахилгааны төлбөрийг иргэн Ж-гийн өмнөөс Засгийн газар төлж барагдуулах ба үлдсэн 20 хоногт ногдох цахилгааны төлбөрөө иргэн Ж өөрөө төлөх ёстой.

Жич: Хэдийгээр бүх хэрэглэгчийн цахилгааны төлбөрийг 30 хоногийн хэрэглээгээр бичдэг ч бичилтийн эхлэлийн хугацаа ялгаатай байдгийг анхааруулья. Хэрэв таны цахилгаан болон дулааны эрчим хүчний төлбөрийн нэхэмжлэлд ойлгомжгүй бас эргэлзээтэй зүйл байвал мэргэжлийн байгууллагад хандахыг хүсье” хэмээн тайлбар өгч байсан билээ.

Categories
мэдээ нийгэм

УОК хөл хориог 14 хоног сунгах санал гаргалаа

ХӨСҮТ-д 92 хүн эмчлэгдэж байна

Улсын онцгой комисс цахимаар хуралдаж хөл хориог 14 хоног сунгах санал гаргажээ. Учир нь халдвар буурахгүй, хаанаас гарсан нь тодорхойгүй голомтууд үүсэх хандлагатай байгаагаас хөл хориог сунгах нь зүйтэй гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, голомтыг бүрэн хумиж чадаагүй учир ийм санал гаргасан байна.

Улсын онцгой комиссын гаргасан саналыг Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ. Засгийн газрын хуралдаан 14.00 цагт товлогдоод байгаа юм.