МУ-ын ЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төв, WHO-ICN COVID-19 PORTAL, Жайкагийн дэмжлэгээр Чусонь Их Сургууль & Монголын Үндэсний Их Сургуулийн хамтран хэрэгжүүлж буй “Тэргүүлэх Их Сургууль Бэлтгэх Олон Улсын Хамтын Ажиллагааны Төсөл” нь МСН-тэй хамтран 2020.12.25-нд “Коронавируст халдвар (COVID-19)-ын үеийн сувилахуйн тусламж, үйлчилгээ ба сувилагчийн манлайлал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг цахимаар зохион байгууллаа.
Эрдэм шинжилгээний хурал нь ковид-19 цар тахлын хөл хорионы улмаас ZOOM-ээр явагдсан бөгөөд МУ-ын бүх бүс нутгийн сувилахуйн салбарт ажиллаж буй 1000 гаруй хүн оролцсон.
Нээлтийн үгийг МУ-ын ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан хэлсэн бөгөөд тэрээр “Монгол Улсад нийт 13,000 гаруй сувилагч байгаа бөгөөд эмч сувилагчийн харьцааг 1:2 болгохоор ажиллаж байна. Эрүүл мэндийн байгууллагын эмч ажилчид, мэргэжилтнүүдийг дэмжин ажиллах ба ингэснээр эмнэлгийн тусламж, үйлчилгээ ч мөн даган сайжирна. Дэлхий дахиныг хамарсан ковид-19 цар тахал нь Монгол Улсад бүртгэгдсээр байгаа ба 2020.12.25-ны өдрийн байдлаар нийт батлагдсан тоо 1,069 бөгөөд бүсчлэлээр нь авч үзвэл Улаанбаатарт халдарын тархалт нэмэгдсээр байна. Ялангуяа эрүүл мэндийн салбарт ажиллагсад нь цар тахлын халдвар авах эрсдэл өндөр учраас өөрийгөө болон үйлчлүүлэгчийнхээ аюулгүй байдлыг ханган ажиллах нь чухал юм. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлаар дамжуулан олон улсын Ковид-19-аас урьдчилан сэргийлэх арга хэмжээ болон халдварын тархалтыг зогсоож буй тохиолдлуудаас суралцаж, хоорондоо санаа бодлоо хуваалцах сайхан боломж юм. Өнөөдрийн эрдэм шинжилгээний хурал амжилттай болохыг хүсье” хэмээн хэлсэн юм.
Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлын эхний хэсэг нь “Коронавируст халдвар (COVID-19)-ын үеийн удирдлага, зохион байгуулалтын асуудал”, хоёрдугаар хэсэг нь “Монгол Улсад сувилахуйн тусламж, үйлчилгээний чиглэлээр хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн хэрэгжилт”, гуравдугаар хэсэг нь “Коронавируст халдвар (COVID-19)-ын үеийн сувилахуйн тусламж, үйлчилгээ”-ний чиглэлээр хийсэн судлаачдын бүтээлийн танилцуулга”, дөрөвдүгээр хэсэг нь “Сувилахуйн тусламж, үйлчилгээний чиглэлээр хийсэн судлаачдын судалгааны ажлын танилцуулга” гэсэн сэдвийн дагуу явагдсан.
ЭМЯ-ны эмнэлгийн тусламж үйлчилгээний хэсгийн ахлах мэргэжилтэн С.Алтанбагана нь “Коронавируст халдвар (COVID-19)-ын үед үзүүлэх сувилахуйн тусламж, үйлчилгээний удирдлага зохион байгуулалтын асуудал” сэдвээр илтгэл тавьсан ба ХӨСҮТ-ийн сувилахуйн албаны дарга Г.Бор нь “Монгол Улсад гарсан короннавируст халдвар (COVID-19)-ын үед авсан сувилахуйн тусламж, үйлчилгээний зохион байгуулалт” сэдвээр илтгэл тавьсан.
Хурлыг зохион байгуулсан МСН-ийн тэргүүн Д.Нямсүрэн нь МУ-ын сувилахуйн боловсон хүчнүүдийн чадавхи, мэргэжлийн ур чадварыг сайжруулах, сувилахуйн судалгаа шинжилгээний ажлуудыг дэмжих үүднээс жил бүр олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байгаа хэмээн хэлсэн юм. Чусонь Их Сургууль болон Монголын Үндэсний Их Сургуулийн “Тэргүүлэх Их Сургууль Бэлтгэх Олон Улсын Хамтын Ажиллагааны Төсөл” нь МСН-тэй хамтран “Хорт хавдартай өвчтөнд гэрээр тусламж үйлчилгээ үзүүлэх төсөл”-ийн хүрээнд гэрээр сувилахуйн тусламж, үйлчилгээ үзүүлдэг сувилагч нарт зориулсан сургалт, сувилахуйн ёс зүйн семинар зохион байгуулсан бөгөөд эрүүл мэндийн салбарт ажиллаж буй сувилагч нарт зориулж “Хавдартай өвчтөний сувилахуй”, “Сувилахуйн ёс зүй” зэрэг сурах бичгүүдийг хэвлүүлэн гаргасан.
МҮИС-ийн Сувилахуйн тэнхимийн эрхлэгч Б.Болорчимэг нь 4 дэхь жилдээ хэрэгжиж буй уг төслийн өнгөрсөн хугацаанд хийсэн ажлыг танилцуулсан бөгөөд хуралд оролцогчид МУ-ын сувилахуйн салбарт оруулсан хувь нэмэр их хэмээн уг төслийг өндрөөр үнэлэн сайшаасан.
Чусонь Их Сургуулийн Ким Жинь Хый профессор (“Тэргүүлэх Их Сургууль Бэлтгэх Олон Улсын Хамтын Ажиллагааны Төсөл”-ийн дарга) нь “Бидний харъяалагдаж буй улс нь өөр өөр боловч адил замаар алхаж буй сувилахуйн хүнийхээ хувьд дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахлын үед ч Монгол Улсын сувилахуйн салбарын хөгжлийн төлөө хичээнгүйлэн ажиллаж буй МСН болон сувилахуйн салбарт ажиллаж буй хүмүүст урам зориг болон алга ташилтыг илгээж байна. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлаар дамжуулан олон судалгааны ажлын үр дүн танилцуулагдаасай хэмээн хүсэж байна” гэж дамжуулсан юм.