Ерөөсөө Сангийн сайд асан Б.Болорын өнөөгийн байдлыг харахад Монголын төрд шударгаар ажилласан хэн ч, хэзээ ч ял авч мэдэхээр цөвүүн цаг иржээ. Хар багаасаа дэд сайд, сайд хийсэн Б.Болор төрд ямар хэм хэмжээтэй ажиллахаа гадарладаг болчихсон залуу сэхээтэн. Үүнийг нотлоход ядах зүйл алга. Тэрбээр сайдын сэнтийгээсээ буугаад л дунд сургуульд математикийн багшаар ажилласан. Ийм юм гэж байдаг юм уу. Зарим нэг хүний ойлголтоор бол Б.Болор сайдын ажлаасаа компанийн захирлын ажилд шилжих ёстой, эсвэл гадаадад консулаар явах ёстой. Гэвч тэр зүгээр л эх орондоо ямар нэг ажил хийж, эхнэр, зургаан нялх хүүхэдтэйгээ тайван амьдрах хүсэл байна. Хэнд ч ойлгомжтой энгийн логик бол энэ.
Өнөөдөр санаагаар болдог бол Монголын төрд хар багаасаа бэлтгэгдсэн түүнийг шоронд бус ордонд ашиглаж баймаар байна. Тэгэхдээ бүр Монгол улсын санхүүгийн схем дээр, эдийн засгийн нөөц дээр, гадаад дотоод худалдааны баланс дээр, төсөв хийгээд гадны төсөл хөтөлбөрүүд дээр Б.Болорын мэдлэг боловсрол, туршлагыг ашиглаж байсан бол энэ улсад, энэ ард түмэнд хэрэгтэй байлаа. Ингэж хэлэх шалтгаан түүнд бий. Монголын түүхэнд Сангийн сайд байхдаа улсдаа 34,7их наяд буюу улсын төсвөөсөө хэд давсан мөнгөний далд урсгалыг татварын өршөөлөөр бий болгож чадсан залуу сайд шүү дээ. Далд эдийн засгийг ил болгоход түүний гүйцэтгэсэн үүрэг роль маш их. Хүмүүс энэ гавьяаг өдгөө мартаж. Мартадаг л даа, ард түмэн. Сануулах нь бидний үүрэг. Мөн түүний Сангийн сайдаар ажиллаж байхдаа НӨАТ-ын буцаан олголтын хуулийг санаачилж, батлуулж, хэрэгжүүлж эхэлсэнийг хэлэх ёстой. Үүнтэй маргах МАН-ын гишүүн ч байхгүй. Өнөөдөр хүн нэг бүрийн амьдралд хэрэгжиж буй эдийн засгийн реформ гэж энийг хэлнэ. Монголын эдийн засаг, төсөв санхүүгийн систем дэх реформын шинжтэй, шийдвэр гаргагч хүний зөв үйлдэл түүнээс олон гарсан шүү. НӨАТ-ын буцаан олголтоо авч утасны төлбөрөө хийчихээд л, утсаараа “Аа энэ муу Болор мэтийн луйварчид” хэмээн сошиалд зүхэх зарим хүмүүс үүнийг бодох ёстой… Монголын далд эдийн засагт “дайн” зарлаж, НӨАТ-ын буцаан олголтыг хэрэгжүүлсэн Б.Болорт ял хэлэлцэж байгаа нь хэлмэгдүүлэлт биш юм уу, та бүхэн юу гэж бодож байна…
Б.Болорын Гадаад харилцааны дэд сайд байх хугацааны ажил болох Монгол Улсын Засгийн газар-Европын холбооны хооронд “Түншлэл хамтын ажиллагааныхэлэлцээр” байгуулсаныг, тэр гардан гүйцэтгэснийг өнөөдөр судлаачид яримаар байгаа юм. Хүний эрх ярьдаг энэ олон хүмүүс энэ хэлэлцээрийн ач холбогдол, ашиг тус Монголын ард түмэнд ямар өгөөмөр байгааг хэлмээр байгаа юм. Энэ түүхэн хэлэлцээр нь Б.Болорын байгуулсан гавьяа гэдгийг судлаачийн түвшинд яримаар байгаа юм. Шоронд хэлмэгдэн суугаа түүний өмнөөс ярихгүй, бичихгүй, дуугүй байж болохгүй тийм цаг үе ирсэн болохоор. Түүний 2008 оноос хойш Гадаад харилцааны дэд сайдаар ажиллаж эхлэхдээ Монголын гадаад харилцааг эдийн засагжуулахын төлөө нойр хоолгүй зүтгэсний үр шимийг Монголчууд нийтээрээ хүртсэн шүү дээ. Энэ мэт нарийн ширийнийг, эдийн засгийн ухагдахуун ойлголтууд, улс төрийн шийдвэрүүдийг энд бичье гэвэл улс төрийн том илтгэл болчих учраас их түвэгтэй…
Завсарын хүн, цаг зуурын залуус Монголын төрийн шат бүхэнд үзэгдэх нь бий. Тэд сайндаа сар, үсрээд ганц жил болоод хэн болохоо таниулан холддогыг монголчууд бид мэднэ. Б.Болор тэдний нэг биш, Монголын төрийн сайдын сэнтий, Хууль тогтоох засаглалд цөөнгүй жил сууж, үүргээ гүйцэтгээд энгийн иргэний ажил амьдралдаа шилжсэн, боловсролоороо амьдарч яваа залуу. Цаг нь ирж нөхцөл бүрэлдэхэд тэр нэг л өдөр дунд сургуулийнхаа багшийн ширээнээс эргээд Монгол төрийн сайдын ширээ рүү очих нь тодорхой. Монголын төр өөрийн бий болгосон уураг тархийг дахин ашигладаг, ард түмний төлөө хэрэглэдэг л байхгүй юу. Тийм болохоор Б.Болор энэ цаг үеийг тэсч гарах л ёстой. Гандах газраа гандаж, мандах газраа мандаж явдаг нь улс төр сонгосон хүний амьдрал гэдгийг Б.Болор сайн мэдэж байгаа. Харин өнөөдөр Б.Болорт ганц л эмзэглэл бий нь “Өнөөдөр төрд зүтгэж яваа олон хүн нэг л өдөр өөрөө ч сайн ойлгохгүйгээр Шүүхийн сандал дээр суух бий дээ” гэдгээс болгоомжилж байгаа. Б.Болор бол давна, туулна, төрийн өмнөөс хэлж, хэлэгдэж, баргын юмыг өнгөрөөх сэтгэлийн хат нялхаасаа суучихсан толгой. Бусад маань даахгүй ч байж мэдэх хэцүү орчинд, бусад маань хэлмэгдчих бий гэсэн зовнил Б.Болорт байгаа нь түүний хувь хүний, хувь улс төрчийн мөн чанар, үнэ цэн юм. Тэр энэ хугацаанд хэнийг ч хөлдөө чирээгүй, чирэхгүй.
Ер нь бол улс төр дэх залуу үеийнхэн “Б.Болор сайдын тухайд яг юу болоод байгаа юм” гэж анхаарах хэрэгтэй. Өөрсдийнх нь ирээүдйн замналд хэрэгтэй учраас. Тэгэхэд тэнд шинэ цагийн хэлмэгдлийн нэгэн хэв маяг үйлчилж байгааг харах болно. Боддоо, хүмүүс өнөөдөр Сангийн сайд Б.Болорыг Эрдэнэт үйлдвэрийн 49-ийг “Монголын зэс” компанид давуу байдлаар олгосон хэрэгт яллагдагчаар татагдсан гэж ойлгож байгаа байх. Гэтэл үгүй шүү дээ. Огт өөр “Төмөртэйн ордоос Хандгайт өртөө хүртэлх 33.4 км төмөр зам, терминал”-ын барилгын санхүүжилтийг шийдвэрлэж вексель бичихдээ уг бүтээн байгуулалтын ажлын анхан шатны баримт болох E-баримтыг шалгаагүй гэсэн үндэслэлээр ял шийтгэсэн. Сангийн сайд нь төсвийн хөрөнгө оруулалтын ажлын анхан шатны баримтуудыг шалгаж байж санхүүжилтийг шийднэ гэсэндүрэм журам хаана ч байдаггүй. Байхгүй дүрэм журмаар түүнд ял тулган хэлэлцэж байгаа. Дээр нь төмөр замын санхүүжилтээс хувьдаа завшсан үйлдэл байхгүй гэдгийг Шүүх нь өөрөө тогтоочихсон байгаа. Ийм л хэрэг явдал, хэлмэгдүүлэлт Б.Болор дээр болоод байгаа учраас учир мэдэх эх сурвалжууд дуу нэгтэйгээр “Б.Болорын асуудал чинь улс төрийн хэрэг” гэж хэлж, ярьж бичээд байгаа юм. Энэ үнэн бол улс төрийн урт хар гар хаанаас, ямар зорилготой үйлчилж байгааг өмгөөлөгч нь ч олох гэж түүртэнэ. Яагаад гэвэл хэлмэгдүүлэлт ингэж л явагддаг учраас тэр. Гэхдээ Дээд Шүүх дээр үнэн эцэслэгдэн тогтоогдоно гэдэгт найдаж байгаа, ардчилсан нийгэм шүү дээ. Б.Болорт ял тулгаад байгаа өнөө төмөр замыг нь өнөөдөр төрийн өмчит “МТЗ” компани идэвхтэй ашиглаж байгаа. Түүгээр ч зогсохгүй Засгийн газраас тэрхүү төмөр замын ажлыг “Оны шилдэг бүтээн байгуулалт”-аар шалгаруулж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх давхиж очин, дэргэдээс нь “Концессийн гэрээгээр, анх удаа хувийн хөрөнгө оруулалтаар баригдсан төмөр зам” хэмээн магтахыг нь та бид харж сууна. Бодит үнэн ийм л юм.
Түүнд оноосон ял өнөөдөр Шүүхийн шатанд явна. Давж заалдах шатны шүүхэд яваа учраас шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болоогүй гэсэн үг. Ардын хувьсгалыг долуулаа хамтарч хийчихээд эцэстээ ганц нь үлдэж гавьяаг нь үүрэн, бусад нь буудуулж үхсэн 80 жилийн өмнөх гунигт түүх өнөөдөр давтагдах ёсгүй. Хуулийн хүрээнд ажилласан төрийн албан хаагч Б.Болор ял аваад цааш явах юм бол хэлмэгдэлийн бодит жишиг Монголын нийгэмд тогтож эхэллээ гэсэн үг. Монголын төрд шударгаар ажилласан хэн ч, хэзээ ч ял авахад бэлэн цөвүүн цаг үе нэгэнт иржээ гэж ойлгохоос өөр аргагүй. Б.Болорыг тойрсон асуудал та бүгдээс хол юм биш. Хийж бүтээе хэмээн зорьж тэмүүлж яваа бүх хүний дэргэд Б.Болорын хувь тавилан дагаж явааг алхам тутамдаа санаарай. Энэ үг ялангуяа төрд зүтгэж яваа их, бага бүх хүмүүст хамаатай…
Б.НЯМАА