Categories
мэдээ нийгэм

БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа иргэдийн анхааралд

БНСУ-ын Засгийн газраас корона вируст халдварын дэгдэлт тус улсад эрчимтэй явагдаж байгаагаас шалтгаалан 2021 оны нэгдүгээр сарын 4-ний адрөөс эхлэн хоёр долоо хоногийн хугацаанд Сөүл хотод “2.5”, орон нутагт “2” дугаар хорио цээрийн дэглэмийн зэрэглэлийг үргэлжлүүлэн тогтоох шийдвэр гаргасан. Иймд 5-аас дээш хүний бөөгнөрөл бий болгох аливаа үйл ажиллагаа, гэр бүлийн цуглаан хийхгүй байх, аль болох олон нийтийн газраар явахгүй байх, хувийн ариун цэврийг чанд сахих зэрэг хорио цээрийн журмыг үргэлжлүүлэн чанд сахиж, дараах зүйлийг анхаарна уу. Үүнд:

  • Хорио цээрийн дэглэм үргэлжилж байгаатай холбогдуулан гадуур холбогдох байгууллагуудын хяналт, шалгалт тогтмол хийгдэх тул олон нийтийн газраар явахгүй байх, өдөр тутмын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдан авахаас бусад тохиолдолд гэрээсээ аль болох гарахгүй байх, хувийн болон албан уулзалт, цуглаан, аяллыг хойшлуулах, цуцлах
  • Зайлшгүй гадагш гарах шаардлагатай бол хүмүүстэй “хувийн 2 метрийн зай барьж” харилцах журмыг мөрдөх
  • Халуурах, ханиалгах, хоолой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт шуурхай хандах, ингэхдээ БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 1339 дугаарт залгасны дараа “4” товчлуурыг дарж гадаадын иргэдийг хариуцсан ажилтантай холбогдож заавар, зөвлөгөө авна уу.

ЭСЯ-ны консулын зарим үйлчилгээг шуудангаар болон цахимаар авах боломжтой. Халдварт өртөхөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үүднээс халдварын тархалт намжтал, мөн Монгол Улсад 1 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоосонтой холбогдуулан Консулын хэлтэст биеэр ирэхгүй байх, зайлшгүй шаардлагатай, нэн яаралтай бус бол иргэний бүртгэл, бичиг баримт захиалга, итгэмжлэл, нотариатын баталгаажуулалтыг түр азнахыг зөвлөж байна.

БНСУ-д байгаа гадаадын байгууллага, гадаадын иргэд нь хорио цээрийн онц байдлын үеийн энэ журмыг солонгос иргэдийн адил дагаж мөрдөх үүрэгтэй, тиймээс тус улсад ажиллаж, амьдарч, сурч байгаа иргэд оршин байгаа улсынхаа халдвар хамгааллын дэглэмийн журмыг хатуу сахиж, мөрдөхийг Элчин сайдын яамнаас анхааруулжээ. Хэрэв таньд өндөр халуурах, ханиалгах, дотор муухайрч огих зэрэг өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 1339 /24 цагаар ажиллана/, Цагаачлалын албаны 1345 /09.00-22.00 цагийн хооронд монгол хэлээр хариулт өгнө/ тусгай дугааруудад болон ойролцоох эрүүл мэндийн төвүүдэд хандана уу.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

ХЗБХ: Монгол Улсын шүүхийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны үдээс хойших /2021.01.05/ хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.

Үдээс өмнө Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 76 саналын томьёоллын 16-д Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, саналаа тусган, заалт тус бүрээр санал хураасан бол үдээс хойших хуралдаан 84,2 хувийн ирцтэйгээр эхлэв. Төслийн 27 дугаар зүйлийг хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж иргэний хэрэг хянан шийдвэрлэх явцад иргэнд албан бичгээр хариу өгөх тухай санал хэлж байв. Уг саналтай холбогдуулан ажлын хэсгээс нэмэлт тайлбар хийгээгүй ба “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх талаар гаргасан өргөдөл, гомдолд Дээд шүүхийн Ерөнхий шүүгч албан бичгээр хариу өгөх” гэсэн заалтыг 27.1.7-д нэмж оруулах санал 56,2 хувийн саналаар дэмжигдэв.

Төслийн 35 дугаар зүйлийг хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан тухайн шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрэх үед хугацааг нь тулгаж мэдэгддэг. Үүнд ямар зохицуулалт оруулсан талаар тодруулж байв. Ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр гишүүн, шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрэхээр байгаа бол орон тоо гарахаас 90-ээс доошгүй хоногийн өмнө гэж заасан нь прокурорыг орлож болдог бол тухайн шүүгчийг орлох боломжгүй байдаг гэсэн тайлбар хийв.

Төслийн 37.7-д “Танхимын тэргүүнийг тухайн шүүхийн Зөвлөгөөн дотроосоо нууц санал хураалтаар, гурван жилийн хугацаагаар сонгох бөгөөд түүнийг нэг удаа улируулан сонгож болно” гэсэн ажлын хэсгээс гаргасан саналын томьёолол гишүүдийн олонхын саналаар дэмжигдэв.

Төслийн “43.4.Шүүгчийг Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг одонгоор шагнах, улсын тэтгэврийг өргөтгөн нэмэгдэх тухай хуульд зааснаас бусад цол, одон, тэмдэг, шагнал олгохыг хориглоно.” гэсэн заалтыг хасах саналыг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан гаргав. Ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр хийсэн тайлбартаа, “Эхийн алдар”-аас бусад одон, шагналыг авахгүй гэсэн асуудлыг Дээд шүүх өөрөө гаргасан тул ажлын хэсэг хүндэтгэн үзэж тусгасан болно гэв. Улсын Их Хурлын гишүүд уг заалттай холбогдуулан байр сууриа илэрхийлж, ажлын хэсгийн гишүүдээс нэмэлт тайлбар сонссоны дараа санал хураалгахад “Шүүгчийг Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг одонгоор шагнах, улсын тэтгэврийг өргөтгөн нэмэгдэх тухай хуульд зааснаас бусад цол, одон, тэмдэг, шагнал олгохыг хориглоно.” гэсэн заалт хуралдаанд оролцсон гишүүдийн дэмжлэгийг аваагүй болно.

Төслийн “47.2.Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн албанд ажилласан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ. Шүүгчийн цалингийн хэмжээ шүүгчээр ажилласан тав дахь жилээс эхлэн жил бүр өмнөх оныхоос хоёр хувиар нэмэгдэнэ.” Мөн “47.5.Шүүгчийн албан ёсны айлчлал, томилолт, төрийн ёслол, хүндэтгэл, энэ хуулийн 16.5-д заасны дагуу томилолтоор ажиллах болон бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогсон бусад арга хэмжээний зардлыг шүүхийн төсвөөс санхүүжүүлнэ.” гэсэн ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй санал гишүүдийн 100 хувийн саналаар дэмжигдлээ.

Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалангийн гаргасан төслийн 49.1 дэх заалтыг хасах тухай санал гишүүдийн 78,6 хувиар дэмжигдсэн юм. Энэ нь “Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын хураамжийг улсын төсвөөс хариуцна. Шүүгч эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тохиолдолд эрүүл мэндийн даатгалаас хэтэрсэн зардал, түүнчлэн өвчтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй болсон бол түүний цалин хөлсийг бүрэн хэмжээгээр олгоно.” гэсэн заалт юм.

Төслийн 52 дугаар зүйл “Шүүгчид хориглох зүйл”-ийн 1 дэх заалтын 1-ээс 19 дэх хэсгийг бүхэлд нь өөрчлөн найруулж, мөн 52.1.20-52.1.40 дэх заалт нэмж тусгах тухай зарчмын зөрүүтэй санал хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дэмжигдэв. Үүнд, “52.1.14.Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг одонгоор шагнах, улсын тэтгэврийг өргөтгөн нэмэгдүүлэх тухай хуульд зааснаас бусад цол, одон, тэмдэг, шагнал авах”-ыг хориглоно гэсэн санал багтсан юм.

Төслийн 53 дугаар зүйлд ажлын хэсгээс санал гаргаагүй ба 54.2 дахь хэсгийг хасах горимын санал дэмжигдсэн. Төслийн 59 дүгээр зүйлийн 59.1.3, 59.1.4, 59.6.1 дэх заалт, мөн зүйлийн 59.2 дахь хэсгийг өөрчлөн найруулах, 59.2-59.5 дахь хэсэг болгох санал гишүүдийн олонхын саналаар дэмжигдсэн. Шүүгчид сахилгын шийтгэл оногдуулах тухай 60 дугаар зүйлд гишүүдээс санал гараагүй ба ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй санал бүгд дэмжигдсэн.

Төслийн 65 дугаар зүйлийн 65.5 дахь хэсгийн “үзэх шалтгаантай” гэснийг “шүүх хуралдаанд оролцох боломжгүй” гэж өөрчлөх, 68 дугаар зүйлд 68.3-68.8 дахь хэсэг нэмэхийг мөн дэмжив. Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 43-аас 76 дахь саналын томьёолол буюу Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 70, 73, 74, 75, 78, 79, 80, 82, 83, 84, 85, 88, 89, 91, 94 болон 100-107 дугаар зүйлүүдэд оруулсан өөрчлөлтүүд дэмжигдсэн. Харин төслийн 108.2 дахь заалтыг “Илтгэгч гишүүн энэ хуулийн 108.1-д зааснаас бусад тохиолдолд өргөдөл, мэдээллийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор сахилгын хэрэг үүсгэх тухай захирамж гаргана” гэж ажлын хэсгээс гаргасан саналыг “Илтгэгч гишүүн энэ хуулийн 108.1-д зааснаас бусад тохиолдолд өргөдөл, мэдээллийг хүлээн авснаас хойш гуч хоногийн дотор сахилгын хэрэг үүсгэх тухай захирамж гаргана” гэж өөрчлөн найруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүд гаргаж, олонхын дэмжлэг авсан.

Үргэлжлүүлэн 109-120 дугаар зүйлүүдэд оруулсан өөрчлөлтүүд дэмжигдсэн бөгөөд дээрхээс бусад зүйлүүдэд ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүдээс санал гараагүй болно.

Дараа нь ажлын хэсгээс найруулгын дөрвөн санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал тус бүрээр санал хураалт явуулж, дэмжсэн болно. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Ц.Мөнх-Оргил нар төслийн зарим зүйл, заалтад өөрчлөлт оруулах тухай санал хэлж байв. Учир нь ажлын хэсгээс гаргасан саналын томьёололд төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад өөрчлөлт оруулан дэмжигдсэн гэсэн тайлбар хийв. Хуралдаан даргалагч С.Бямбацогт Байнгын хорооны хуралдаанаар дэмжигдсэн асуудлыг өөрчлөх нь Улсын Их Хурлын дэгийн тухай хуулийг зөрчих болно. Иймд хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр уг асуудлыг дахин оруулах боломжтой гэв.

Үргэлжлүүлэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг хэлэлцэв. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх саналын томьёолол, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх саналын томьёолол, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх саналын томьёолол, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх саналын томьёолол, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх саналын томьёолол, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх саналын томьёолол, Зөрчил шалган шийдвэрлэх тухай нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаарх саналын томьёолол, Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн талаарх саналын томьёолол, Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх саналын томьёолол /2/ болон холбогдох бусад хуулийн төслийн талаарх саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулсныг Байнгын хорооны гишүүдийн олонхын дэмжлэг авлаа.

Ийнхүү Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн тухай Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр танилцуулахаар тогтов.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ

Үргэлжлүүлэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар дүгнэлтийг хэлэлцэв. Дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан. Тэрбээр, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шидвэрлэсэн. Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Аравдугаар зүйлийн 2, 3, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1, Дөчин долдугаар зүйлийн 1, 2, Дөчин есдүгээр зүйлийн 1, 2, Тавьдугаар зүйлийн 2, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Н.Ариунболд, Э.Түмэнбаяр, Б.Баяраа болон Монгол Улсын Их Хурлын итгэмжпэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир нар оролцсон.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шидвэрлэж, дараах дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцээс гаргасан байна. Үүнд,

1.Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал,… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль … бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

2. Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Дөчин долдугаар зүйлийн 1, 2, Дөчин есдүгээр зүйлийн 1, 2, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчөөгүй байна.

3. Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй гэж.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Ж.Сүхбаатар нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал,… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль … бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг тус тус зөрчсөн эсэх талаар тус бүр саналт хураалт явуулахад заалт тус бүр дэмжигдээгүй. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Өнөөдрийн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр товлосон гурав дахь асуудал болох “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг ирэх долоо хоногийн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр хойшлуулав. Ийнхүү Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 17 цаг 40 минут үргэлжилж, Монголын парламентын түүхэнд хамгийн удаан хуралдсан Байнгын хороогоор тэмдэглэн үлдлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ цаг-үе

ЗӨВЛӨГӨӨ: Хөлдсөн машиныг хэрхэн асаах вэ?

Гадаа -15 хэмээс хүйтэнд машины асалт эрс муудаж эхэлдэг. Энэ нь олон зүйлээс шалтгаалдаг. Хамгийн гол гурван зүйлийг доор нэрлэлээ.

  • Аккумулятор – Олон жил хэрэглэж, цэнэг барихаа больсон, жоохон хүйтэнд л цэнэгээ алдаад суучихдаг бол хүйтэнд өдөр асаана гэдэг төвөгтэй. Танд сайн аккумулятор байж л асалт асуудалгүй байх болно.
  • Моторын тос – Өтгөн буюу 10W зэрэглэлтэй тостой бол стартер тахир голыг хангалттай хэмжээгээр эргүүлж хүчрэхгүй. Учир нь хангалттай их эсэргүүцэлтэй тулгарч байгаагаас үүдэлтэй юм. 5W, 0W зэрэглэлтэй тостой бол асалт тосноос тийм ч их хамааралтай бус.
  • Свэчэ, агаар шүүгч – Бензин, агаарын холимог дээр оч хаяснаар тэсрэлт үүсэж мотор асдаг. Оч хаягч маань муу бол свэчэ норж ажлын хөндийд тэсрэлт үүсгэж чадахгүй. Тэгэхээр свэчэ сайн байх хэрэгтэй.

Одоо тэгвэл ямар дарааллаар асаах вэ?

1. Хөлдүү машиндаа суугаад түлхүүрээ нэг түлх. Бүх нэмэлт цахилгаан хэрэгслүүдээ унтраа. Хөгжим, агааржуулагч, салоны гэрэл мэт. Учир нь аккумуляторын цэнэгийг л хямгадаж байгаа нь юм.

2. Хаазаа 1-2 удаа гишгэчих. Магадгүй дизель машинтай бол өвлийн түлш нь жоохон ч гэсэн гүйг. Бензин машин бол шатахууны шугамын бэлэн байдлыг хангах зорилгоор. Уг нь ч түлхүүр 1 түлхсэн байхад шаардлагагүй гэх байх л даа. Гэхдээ юмыг яаж мэдхэв машин бүр адилгүй шүү дээ.

3. Одоо түлхүүрээ тултал нь дар. Тултал нь гэдэг нь эхний 1 юмуу 2 оролдлогоор астал нь дар. Яг асах гээд ганц 2 тэсрээд байгаа мөртлөө асахгүй бол хаазаа ганц 2 гишгээд өг. Асчихвал маш сайн. Харин асахгүй бол доорх зүйлсийг анхаараарай.

Асахгүй бол анхаарах зүйлс:

1. Хэд хэд тултал нь дараад мотор асах шинжгүй бол зүгээр л больчих. Заавал аккумуляторын цэнэгийг дуустал дараад байх ер хэрэггүй. Учир нь цэнэггүй болсон аккумулятор хөлддөг. Хөлдвөл дахин ашиглаж болохгүй. Хэрвээ цэнэггүй болтол нь дарсан бол яаралтай дулаан газарт аккумулятороо оруулаарай.

2. Моторыг туйлдтал нь дарснаас болж свэчэ баяждаг. Сүүлд нь хуурай болгож цэвэрлэх гэж бөөн ажил болно.

3. Асахгүй байгаа учир шалтгаанаа таамаглах. Хэрвээ аккумулятор сайн эргүүлж байгаа хэрнээ асахгүй бол ажлын холимогтой холбоотой асуудал үүссэн байх магадлалтай. Тиймээс хамгийн зөв гарц нь дулаан гараашд чирч оруулах.

4. Хэрвээ аккумулятор тэсэртэл нь эргүүлж чадахгүй бол холбох эсвэл өөр аккумулятороор дэмжих хэрэгтэй.

Ассан бол яах вэ?

1. Ассан бол, асаж байна гээд л 5 минут нормалдаад унтраагаад явчихаж болохгүй. Энэ үйлдлээ олон хийдэг бол бүр ч болохгүй. Учир нь жанам аккумуляторыг цэнэглэж амжихгүй. Зүв зүгээр асаж байсан мотор нэг л өдөр асахаа больчдог.

2. Тэгэхээр мотор халсны дараа машиныг хөдөлгөхгүй буцааж унтраах гэж байгаа бол бага зэрэг хааз өгч хэдэн минут нормалдах хэрэгтэй. Ингэснээр жанам аккумуляторыг цэнэглэж дараа асах нөөцийг бүрдүүлнэ.

3. Хайбрид машины хувьд мотор халсан ч бензин мотор унтрахгүй байх нь элбэг. Энэ нь энгийн зүйл тул санаа зоволтгүй. Уг нь хөдөлж эхэлвэл цэнэг дүүрч, түүний дараа амрах үйлдэл хийх юм. Унтрахгүй байна гэдэг нь том батэрэй хүйтдээд эсвэл цэнэг нь орж өгөхгүй байна л гэсэн үг. Хайбрид том баттерэй олон км гүйлттэй бол жижиг баттерэйнийхээ цэнэгийг сорж эхэлдэг гэдгийг мартаж болохгүй.

5. Ер нь тэгээд асалт сайтай атлаа асаагаад хөдлөхгүй бол машинаа асаагаад хэрэггүй. Нэгдүгээрт байгаль орчин хоёрдугаарт эдийн засаг гуравдугаарт хүн амьтны амгалан тайван байдлыг алдагдуулна.

За ингээд бидний бэлтгэсэн багахан зөвлөгөө дууслаа. Аа тийм нэг чухал зүйл хэлэхээ мартаж. Юмыг яаж мэдэхэв. Өвлийн цагт машиныхаа хамрыг гарах чиглэл рүү харуулж тавьж байгаарай. Машин холбох, чирэх асуудал үүсэхэд илүү үйлдэл хийгээд байхгүй ажлыг маш их хөнгөвчилдөг. Бас татлага, холбогч багаажинд байхад илүүдэхгүй шүү.

Эх сурвалж https://www.cardoctor.mn/

Categories
мэдээ нийгэм

ГССҮТ-ийн эмч, ажилчдын шинжилгээний хариу бүгд сөрөг гарчээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвд өчигдөр /2021.01.05/ тандалт хийж, бүх эмч, ажилчдаас PCR шинжилгээ авахад бүгд сөрөг гарчээ. Тус эмнэлгийг нэгдүгээр сарын 5-нд 18.00 цагт хамгаалалтад авсан байна. Баянгол дүүрэгт байрладаг энэ эмнэлэгт шинэ голомт болоод байгаа “Ачтан элит клиник” эмнэлгийн эмч ирж өвчтөн үзсэн байна.

Тиймээс зайлшгүй тандалт хийх шаардлагатай гэж үзжээ. Тухайн эмчийн үзсэн хүн болон ойрын хавьтал болсон хүмүүсээс PCR шинжилгээ авахад хариу нь сөрөг гарсан талаар тус эмнэлгийн захирал Э.Галбадрах мэдээллээ. Тэрбээр “Манай эмнэлгийг тусгаарлаагүй. Тандалт л хийсэн. Манай ажилчид бүгд PCR шинжилгээ хийлгэсэн. Шинжилгээний хариу шөнөдөө гарч, бүгд сөрөг гарсан” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Дархан-Уул аймаг халдваргүй “Ногоон бүс” болсноо зарлалаа

Дархан-Уул аймгийг ногоон бүс, халдваргүй аймаг болгох зорилготой энэ сарын 2,3-ны өдрүүдэд 12.000 орчим иргэнээс PCR шинжилгээ авсан. Тэгвэл өнөөдөр 20:00 цагийн орчим бүх иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ. Энэ дагуу аймгийн Онцгой комисс хуралдаж зарим арга хэмжээ авах талаар хуралдлаа. Хурлын дараагаар хэвлэлийнхэнд өгсөн мэдээллийн эхэнд Дархан-Уул аймаг халдваргүй “Ногоон бүс” болсныг зарлалаа.

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал Archives - Eguur.MN

Ийнхүү аймгийн хэмжээнд өвчлөлийг хязгаарлаж, тогтоон барьсны үр дүнд Онцгой комиссоос дараах шийдвэрүүдийг гаргаж байна. Тодруулбал, энэ сарын 7-ны өдөр буюу ирэх пүрэв гарагаас эхлэн 17 төрлийн үйлчилгээг хэвийн горимд шилжүүлэн ажиллуулахаар боллоо. Үүнд: олон улсын байгууллагууд, худалдаа үйлчилгээний байгууллага, зах, худалдааны төвүүд, лангуу алгасахгүй хэвийн ажиллана. Зочид буудал, спорт заал, /ЕБС спорт заал/ фитнес, иог, спининг, теннис, биллиард, бүх төрлийн хүргэлтийн үйлчилгээ, нийтийн хоолны үйлчилгээ, /гуанз, ресторан/, нэг цэгийн үйлчилгээ, саун бассейн, нийтийн халуун ус, гоо сайхан, мэргэжлийн түр сургалтууд, сүлжээний бизнес, сул агууламжтай /18° хүртэлх/ бүтээгдэхүүн худалдахыг зөвшөөрлөө. Мөн Дархан, Хонгор, Орхон, Шарын гол сум хоорондын хөдөлгөөнийг нээлээ. Ингэснээр иргэд хувийн автомашин болон такси үйлчилгээ хөдөлгөөнд оролцох боломжтой бөгөөд сум хооронд хөдөлгөөнд оролцохдоо сумын Онцгой комисст заавал бүртгүүлэх аж.

Дээрх үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрөлтэй иргэн, ААНБ-ууд МХГ-аас өгсөн зөвлөмжийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллах юм. Мөн дээрх байгууллагын ажилтнууд маргааш буюу нэгдүгээр сарын 6-ны өдөр түргэвчилсэн шинжилгээнд хамрагдах ёстой бөгөөд бүх үйлчилгээний байгууллага 18 хүртэлх насны хүүхдэд үйлчлэхгүй аж.Хэдийгээр ногоон бүс болгон зарласан ч зарим үйлчилгээг нээхгүй аж. Үүнд баар, караоке, бүх төрлийн үзвэр үйлчилгээ, сүм, хийд, тоглоомын төв, бүжгийн клуб, хурал зөвлөгөөн, тэмцээн, уралдаан, үзэсгэлэн худалдаа явуулахыг хориглосон хэвээр үлдээсэн байна.

Халдварын тархалтыг зогсоож чадсан иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлах, амны хаалтаа зүүх шаардлагатайг аймгийн Онцгой комиссоос анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Ачтан эмнэлгийн эмч, ажилтнуудыг тусгаарлах байр руу шилжүүлжээ

Ачтан эмнэлэг дээр “КОВИД-19” халдвар гарсантай холбогдуулан эмнэлгийг ариутгахын тулд Улсын Онцгой комиссын шуурхай штаб тус эмнэлгийн эмч, ажилтан, үйлчлүүлэгчдийг өчигдөр орой тусгаарлах байр руу шилжүүлжээ. Тус эмнэлэг ажилтнуудаа 2021 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр шинжилгээнд хамруулсан байна. Үүнээс нийт 9 эмч, ажилтны шинжилгээний хариу эерэг гарсан болохыг ЭМЯ-наас мэдээлсэн.

Ачтан эмнэлэг арванхоёрдугаар сарын 18-наас эхлэн амбулаториор үйлчлүүлж байсан үйлчлүүлэгчдийнхээ халууныг үзэж, тандалт хийж байсан. Хэвтэн эмчлүүлэгчдээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн. Хамгийн сүүлд тус эмнэлэг хэвтэн эмчлүүлсэн үйлчлүүлэгч арванхоёрдугаар сарын 28-нд эмнэлгээс гарчээ. Мөн сарын 29, 30-нд бүх нийтийн амралтаар ажиллаагүй байна.

Иймээс арванхоёрдугаар сарын 15-наас хойш “Ачтан-Элит клиник” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, үйлчлүүлсэн иргэд гэрийнхээ ойролцоох түргэн оношилгооны цэгүүдэд шинжилгээ өгөхийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ц.Оюунгэрэл: Нам дотроосоо миний хамгийн хүчтэй өрсөлдөгч бол Ерөнхийлөгч Х.Баттулга

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшихийн төлөө өрсөлдөхөө мэдэгдсэн УИХын гишүүн асан Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.


-Та Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшихийн төлөө өрсөлдөхөө шинэ оны эхэнд гэнэт мэдэгдсэн нь анхаарал татаж байна. Яагаад нэр дэвших гэж байгаагаа бусдаас түрүүлж ийнхүү зарлахаар шийдсэн бэ?

-Сонгуулийн жил эхэлж байна. Манай улсад сонгуулийн жил эхлэхэд хэн хэн нэрээ дэвшүүлэх бол, ямар хүмүүс Ерөнхийлөгчид өрсөлдөх үү гэдэг хүлээлт нийгэмд үүсдэг болоосой гэдэг үүднээс шинэ оны эхэнд өөрийнхөө мэдэгдлийг гаргалаа. Ерөнхийлөгчийн сонгууль нь болж байгаа бусад ардчилсан орнуудын жишгийг харахад сонгууль болохоос нэг, хоёр жилийн өмнө нэр дэвшигчид нэрээ зарлаад эхэлдэг. Нэр дэвшигчид нь нэрээ аль эрт зарлаад сонгууль хүртэл олон нийтийн дунд шүүгдэж байгаад өрсөлддөг жишиг байдаг. Манайд ядаж сонгууль болохоос хоёр, гурван сарын өмнө нэрээ зарлаж, өрсөлддөг ийм улс төрийн соёл гарч ирээсэй гэж бодсон. Сонгуульд нэр дэвшигчид эрт тодорхой болоод эхэлбэл хөшигний ард болдог хуйвалдааны улс төр багасч, нээлттэй хэлэлцдэг улс төр нэмэгдэж, улс төрийн соёл өөрчлөгдөх байх гэж бодоод эрт зарлалаа.

-Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшиж өрсөлдөх шийдвэрийг та хэзээ гаргасан бэ?

-Удаан бодож төлөвлөсөнгүй. Яг үнэндээ сарын өмнө шийдлээ.

-Ер нь энэ таны өөрийн шийдвэр байсан уу, таныг дэмжиж байгаа улстөрч бий юү?

-Цэвэр миний өөрийн шийдвэр. Эмэгтэй улстөрч өмнө нь Ерөнхийлөгчид яригдаж байгаагүй. Хэн ч өмнө нь эмэгтэй хүнийг Ерөнхийлөгчид дэвшүүлэхээр яриа хэлэлцээртээ оруулж байсангүй. Эмэгтэйчүүд ч өөрсдөө би Ерөнхийлөгч болъё, намайг дэвшүүлээч гэж лобби хийж байгаагүй байх. Эмэгтэй хүн Ерөнхийлөгчид өрсөлдөхөө зарлаж байгаа нь өөрөө шинэ нөхцөл байдал бий болгоно. Энэ шинэ нөхцөл байдлыг би зөвөөр ашиглая гэж бодсон. Нэгдүгээрт, хэн ч надаас Ерөнхийлөгчид нэр дэвших үү гэж асуухгүй нь үнэн. Би өөрөө ч намайг Ерөнхийлөгчид дэвшүүлээч гэж хөшигний ард лобби хийж, улс төр хийж явахгүй, сураагүй нь үнэн. Шинэ Үндсэн хууль хэрэгжиж байгаа нь үнэн. Шинэ жил ч гарлаа. Тэгэхээр манай улсын хувьд олон шинэ зүйл давхцаж байгаа энэ үед би шинэ улс төрийн соёлыг давхар нэвтрүүлье. Ер нь эмэгтэйчүүдийн хувьд одоогийн нөхцөлөөс “шилэн тааз”-ыг нэвтэлье гэвэл хоёр арга байна гэж харж байна. Тухайлбал, улс төрийн лобби, тохироо хийдэг цөөхөн хэдэн хүний бүлэг дотор орж өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх үү, эсвэл олон нийтэд өөрийгөө зарлаж хүлээн зөвшөөрүүлэх үү гэдэг хоёр зам байсан. Миний хувьд хоёр дахь замыг нь сонгосон.

-Таныг нэр дэвшихээ зарласнаас хойш маш олон хүмүүс сэтгэгдлээ илэрхийлж байна. Нийгэм таныг хэрхэн хүлээж авч байна гэж харж байна вэ?

-Нийтээрээ эерэг хүлээж авлаа. Ингэж хүлээж авна гэж төсөөлөөгүй. Нөгөө хаширсан хүн гэдэг шиг, миний хувьд сөрөг зүйл нь давамгайлах болов уу гэж айж байсан. Гэтэл маш эерэг хүлээж авч байгаа нь үнэхээр гайхалтай байна.

-Мэдээж сонгуульд өрсөлдөхөд танд тодорхой зорилго байгаа байх?

-Ардчилал, хүний эрх бол АН-ын хамгаалж, тэтгэж явдаг, цаашид хөгжүүлэн, өвлүүлэн үлдээх шаардлагатай хамгийн чухал зүйл. Үндэснийхээ болон Ардчилсан намынхаа энэхүү том үнэт зүйлийг үргэлжлүүлэхэд би хувь нэмрээ оруулах юм. Гэхдээ яг одоогоор Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой мөрийн хөтөлбөр ярих хуулийн хугацаа болоогүй байна.

Миний хувьд одоогоор нэр дэвшээгүй байна. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуульд нам дотроо зорилгоо тэгж л тодорхойлж байна. Ардчилсан намынхандаа хандаж яагаад энэ үйлдлийг хийснээ тайлбарлахад “Манай намын амин сүнс болсон ардчилал, хүний эрх, үнэт зүйлсээ бид сонголт бий болгох замаар хамгаалцгаая. Тэр сонголтын нэг нь би болж нэрээ дэвшүүлж оролцохоор ийнхүү түрүүлж мэдэгдэл хийлээ.

АН-ын эмэгтэй гишүүн нам дотроо өөрийн хүсэлтээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлье гэж хүссэн нь манай нам дотор шинэ соёл, шинэ сонголт авчрах байх. Цаашид бусад нэр дэвшигчид горилогчдыг хуйвалдааны аргаар биш нэрээ ил тод зарлаж, үүнийг нь хүлээж авч сурахад цоо шинэ алхам, боломж бий болно гэж бодож байна.

-Ардчилсан намын шинэчилсэн дүрэмд Ерөнхийлөгч Х.Баттулгыг өрсөлдөгчгүйгээр сонгуульд нэр дэвшүүлэх заалтыг нууцаар нэмж шүүхээр батлуулах гэж байгаа тухай мэдээлэл цацагдсан. Энэ асуудал юу болох бол?

-Дүрмийг нь Дээд шүүх бүртгээгүй байна. Ардчилсан намын их хурал дээр гишүүд хэлэлцээд 40-өөд асуудал дээр санал хураалт явуулж баталсан. Бидний баталсан дүрэм Дээд шүүх дээр бүртгэгдэж байна уу гэдэг дээр одоогоор хариу алга байна. Тэгэхээр дүрмийн асуудлыг Дээд шүүхэд бүртгэгдсэний дараа ярих нь зөв байх. Намын Их хурал дээр хэлэлцүүлээгүй нэг заалт сошиал дээр яваад байсан. Миний хувьд Дээд шүүхэд өгсөн дүрмийн нооргийг хараагүй. Бидэнд дүрмийн ноорог нь ирээгүй. Тэгэхээр сошиал дээр яваад байсан заалтыг харахад хурлаар хэлэлцээгүй заалт байсан. Хэлэлцсэн байвал батлагдах магадлалгүй заалт явж байна лээ. Одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших юм бол өрсөлдөгчгүй оролцоно гэдэг дүрмийг баталж болохгүй. Ардчилсан намын гол үнэт зүйл бол сонголт. Сонголтыг байхгүй болгосон дүрмийг манай нам батлах нь Ардчилсан намын үнэт зүйлд тохирохгүй. Мөн нөгөө талаасаа шинэ Үндсэн хуулинд Ерөнхийлөгчийг нэг удаа сонгоно гэдэг үг тодорхой орсон байхад дахин гэдэг үг аль ч намын дүрэмд байх ёсгүй. Тэгэхээр энэ хоёр үндэслэлээр АН-ын дүрэмд батлагдах магадлалгүй заалт сошиал дээр явж байсан. Өөрөөр хэлбэл, энэ бол буруу заалт. Хэрэгжих боломжгүй гэж бодож байна.

-Ардчилсан намын УИХ дахь бүлгийн гишүүдийн ихэнх нь Ерөнхийлөгч Х.Баттулгатай өрсөлдөх өрсөлдөгч манай намд байхгүй гэж ярьцгааж байсан. Таны хувьд намаасаа хэр дэмжлэг авч чадна гэж бодож байна вэ?

-Дэмжлэг авахын төлөө нэрээ дэвшүүлж байна. Нам дотроо хангалттай хэмжээний өрсөлдөх чадвартай гэж үзээд Ерөнхийлөгчийн сонгуульд нам дотроосоо өрсөлдөнө гэдгээ мэдэгдлээ. Намын гишүүд намайг яаж хүлээж авах нь өөр хэрэг. Хүн өөрөө өөртөө итгэлтэй болох, тэр хүнд хүмүүс итгэх хоёр тэс өөр зүйл. Миний нэрээ дэвшүүлсэн асуудал нам дээр шалгагдах байх. Дахин хэлэхэд, энэ удаагийн сонгууль шинэ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр батлагдсаны дараа болж байгаа. Тэр утгаараа аливаа өрсөлдөгч нар бүгд гарааны тэгш нөхцөлд байгаа. Хэн ч өрсөлдсөн хэн нэгэн давуу эрх эдлэх ёсгүй, бүгд гарааны тэгш нөхцөлтэй оролцоно гэж бодож байна.

-Та Ерөнхийлөгч Х.Баттулгатай ойр ажиллаж байсан. Одоо харин нам дотроо өрсөлдөх гэж байна. Ер нь таны хувьд хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн бэ?

-Нам дотроо Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхийн төлөө өрсөлдөхөд мэдээж Ерөнхийлөгч Х.Баттулга номер нэг өрсөлдөгч. Ийм том хүнийг би ялж чадвал нэр дэвшигч гэдэг нэр зүүнэ. Ялж чадахгүй бол горилогч байсан юм аа гээд үлдэнэ. Тэгэхээр нэгэн үе хамтран ажиллаж байсан хүмүүс, дараагийн сонгуульд өрсөлдөгч байх нь ардчилсан улсад байх ёстой энгийн асуудал. Ерөнхиилөгч асан Ц.Элбэгдорж, манай лидер улстөрч Э.Бат-Үүл хоёр бүх тэмцэлд хамтран оролцож байгаад намын даргад хоёулаа нэг нэгэнтэйгээ өрсөлдөж байсан. Ерөнхийлөгчийн сонгуульд ч мөн хоёулаа нэг нэгэнтэйгээ өрсөлдөж байлаа. Хэн нь ч ялсан нэгнээ дэмжээд гар бариад ялалт, ялагдлаа хүлээн зөвшөөрч ирсэн. Миний хувьд, хүн чанартай, ардчилалд хүндэтгэлтэй өрсөлдөөнийг явуулна гэж бодож байна. Гэхдээ өмнө нь хамтарч ажиллаж байсан гээд өрсөлдөөн байх ёсгүй мэт төсөөлж болохгүй. Энэ бол Ардчиллын нөхцөлд хамгийн байж болох өрсөлдөөн.

-Ардчилсан Ерөнхийлөгч Х.Баттулга ардчиллын эсрэг ажиллаж байна, дарангуйллыг бий болгож байна гэдэг шүүмжлэл хүчтэй явж ирлээ. Таны хувьд энэ шүүмжлэлийг хэрхэн хүлээж авч байна вэ?

-Би өөрөө нэг шүүмжлэгчдийнх нь нэг. Х.Баттулга Ерөнхийлөгчийг сонгуульд өрсөлдөх үед би өөрийн биеэр орон даяар цуг явж, дэмжиж гаргаж ирсэн хүн. Тиймээс Ерөнхийлөгчийн гаргасан хүний эрхэд харшилсан зарим шийдвэр дээр хүмүүс намайг буруутгадаг. Чиний дэмжиж гаргаж ирсэн Ерөнхийлөгч чинь хүний эрхээс ухарч байна, ийм буруу шийдвэр гаргаж байна гэж өнгөрсөн дөрвөн жил намайг загнасан. Тэгэхээр одоо хүний өмнөөс загнуулах уу, өөрийнхөө өмнөөс загнуулах уу гэдэг асуудал хүнд тулгардаг юм байна. Миний хувьд, Ерөнхиийлөгчийн зарим шийдвэртэй санаа нийлэхгүй зүйлүүд байгаа учраас сайн ч бол муу ч бол хүн өөрийнхөө өмнөөс загнуулсан нь дээр юм байна гэж бодоод өөрийнхөө дэмжиж байсан Ерөнхийлөгчтэйгөө намаасаа өрсөлдье гэж шийдсэн.

-Таныг нэг үе Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой хамтарч ажиллаж байсан. Тэгэхээр таны ард Ц.Элбэгдорж байгаа юу гэдэг хардлага явж эхэлсэн байна. Ер нь таны ард хэн байгаа бол гэдэг асуулт улс төрийн хүрээнийхний гол таамаг болчих шиг боллоо?

-Эмэгтэй улстөрчдийн ард тэднийг өөд нь татдаг, доош нь уруудуулдаг янз бүрийн улс төрийн том бүлэглэл, лобби хийдэг хүмүүс байдаггүй юм. Ц.Элбэгдорж даргатай таараагүй удаж байна. Хоёр жилийн өмнө санамсаргүй таараад уулзсан байх. Хүмүүс намайг энэ хүнтэй ойр ойрхон уулзаад, хуйвалдаад гар хөл нь болдог гэж төсөөлөөд байдаг юм шиг байна. Тийм зүйл байхгүй. Хий хардах хэрэггүй ээ л гэж хэлмээр байна.

-Таны эсрэг олон нийтээс сайн, муу дайралтууд гарч эхэлжээ. Ялангуяа таныг “Гадаад нөхөртэй” гэх эсэргүүцэл гарсныг анзаарсан байх?

-Анзааралгүй яахав. Хүмүүсийг эрхээ эдлэхдээ бусдын эрхэд хүндэтгэлтэй хандаасай гэж хүсэж байна. Өөр хэлэх юм надад алга.

-Сонгууль хүртэл зай байна. Ер нь тань руу ирэх дайралтуудыг тооцоолсон уу, сэтгэл зүйн хувьд хэр бэлтгэлтэй байна. Нам дотроо хэр өрсөлдөөн ихтэй байна гэж бодож байгаа вэ?

-Юун тулд би өчнөөн жил тэмцэж ирсэн билээ. Өөрийгөө сайн бэлтгэгдсэн гэж бодож байна. Өрсөлдөөн, дайралтад бэлэн байна. Мэдээж эмэгтэйчүүдийг дарж авахыг оролдох байх.

Categories
гадаад мэдээ

ОХУ коронавирусийн вакцинд хамрагдсан иргэддээ цахим батламж олгоно

ОХУ коронавирусийн вакцинд хамрагдсан иргэддээ цахим батламж олгохоор болсныг тус улсын эрүүл мэндийн сайд мэдэгждээ. Тус улсын иргэд нэгдүгээр сарын 1-нээс эхлэн коронавирусийн вакцинд хамрагдсан иргэд цахимаар вакцинд хамрагдсаныг нотлох батламжийг цахим сайтаар хүлээн авах боломжтой болжээ. ОХУ өнгөрсөн сард Спутики ви вакциныг нийтэд хэрэглэж эхэлсэн. Уг вакцины аюулгүй байдал, үр нөлөөг бататгахын тулд 10 гаруй мянган хүнээс шинжилгээ авах үйл явц одоо өрнөж байна. Эрүүл мэндийн сайдынх нь мэдэгдсэнээр тус улсад 800 гаруй мянган хүнийг вакцинд хамруулж, 1,5 сая тун вакциныг мужуудад тараасан байна. Эхний ээлжид эмч эмнэлгийн ажилтан, багш нарыг вакцинд хамруулж байна. Өнгөрсөн 7 хоногт Оросын эрүүл мэндийн яам Спутиник ви вакциныг 60-аас дээш насныханд хийхийг зөвшөөрсөн. Орос нь ковид-19 цар тахлын халдварт тохиолдлын тоогоор дэлхийд дөрөвдүгээрт жагсаж байна. Тус улсад өнгөрсөн намраас эхлэн цар тахлын дэгдэлт нэмэгдсэн ч эрх баригчид нь хөл хорио тогтоох, бизнесийн үйл ажиллагааг зогсоохын эсрэг бодлого баримталж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Танхимд суугаа Ерөнхий сайдаа эвийлж байхаар Антарктидаас ч хүйтэнд зогсох цагдаа нараа өрөвдмөөр юм

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хэдхэн хоногийн өмнөх чуулганы хуралдаан дээр “Сая Ерөнхий сайдын өрөөгөөр ороод ирлээ. Цахилгаанаа хэмнээд нэлээн хүйтэн өрөөнд ажлаа хийгээд сууж байна лээ” гэж хэлсэн нь олны элэг доог болж байна. Яахав, энэ хэцүү үед Ерөнхий сайд хүртэл тог цахилгаанаа хэмнэж байна гэсэн санаа юм болов уу даа. Гэхдээ ингэж худлаа ярьж болохгүй ээ. Албан байгууллагын халаалт хамгийн сэрүүхэндээ 15-20 градус хүрч буурдаг. 15 градуст сэрүүхэн байдаг нь үнэн ч даарч зутрахдаа тулахгүй. Тэгээд ч төрийн ордонд, Ерөнхий сайдын өрөө тийм зутруу байна гэхэд хэн ч үнэмшихгүй, ер нь худлаа. Халуу дүүгсэн өрөөндөө ажлаа хийгээд тухтайхан сууж байгаа Ерөнхий сайдаа өрөвдөж байхаар хойд, өмнөд туйлаас ч хүйтэнд чөмгөө царцтал зогсож байгаа хэдэн цагдаа нараа өрөвдмөөр юм даа.

Монголд ид хүйтэн тачигнасан энэ өдрүүдэд Улаанбаатарт шөнөдөө – 40 градус давж хүйтэрдэг. Өнөөдөр л гэхэд өдөртөө –31 градус зааж байна. Дэлхийн хамгийн хүйтэн цэг өмнөд туйлд өдгөө -30 градус зааж байгааг та харж болно. Өмнөд туйлын зун нь. Энэ үеийн дундаж температур нь -30 юм байна. Туйл судлаач Л.Дүгэржав гуайг нэгдүгээр сарын 9-нд тэнд очиход энэ хавьцаа хүйтэн байжээ. Хойд туйлд өдгөө өвлийн харанхуй өдрүүд үргэлжиж буй. Тэнд ч өмнөд туйлын хавьцаа хүйтэн байгаа бөгөөд агаарын температур жилээс жилд дулаарч мөсөн уулнууд хайлж байгаа мэдээллийг бид сонссоор байгаа. Дэлхийн хамгийн хүйтэн гэгддэг өмнөд туйлын дундаж температур нь -50 градус. Тийшээ явах судалгаа шинжилгээний багийнханд заавал мөрдөх стандарт бий. Түүний нэг нь дулаан хувцас. Хасах 50 хэмийн хүйтэнг ажралгүй давах дулаан хадгалах стандартын хувцас өмсөж байж тийшээ зүглэнэ. Антарктидын үндэсний стандарт гэж бий. Тэр стандартыг хангадаг хувцас үйлдвэрлэлийн компаниуд бий. Дотуур хувцас, оймс, малгайнаас эхлээд өмд, гутал, гадуур хувцас, хөнжил гудас бүгд дулаанаа хадгалах стандарттай. Манай аяллын компаниуд ч хэдийнэ оруулаад ирсэн байна лээ. Өвлийн аялалд зориулсан дулаан хадгалдаг хувцас хэрэглэл бүгд зарагдаж байгаа. Хойд туйл ч ялгаагүй, тийшээ зүглэгсэд мөн л дулаан хадгалах стандртын хувцас өмсөх заалттай, өмсөхгүй бол хөлдөж үхнэ.

Ийн тоочихын учир жавар тачигнасан хүйтэнд хөнгөн нимгэн хувцастай даарч зогсоо хэдэн цагдаа нартаа дулаан хадгалдаг, өвлийн хувцас аваад өгчих хэрэгтэй байна. Жил бүрийн арван нэгээс гуравдугаар сар хүртэл Монголд амьд амьтан тэсэхийн аргагүй хүйтэрдэг нь үнэн. Тэр үед өнөө хэдэн цагдаа нар маань л гудамжинд дэрчийтэл зогсож байдаг нь үнэн. Өнөө жилийн хувьд цагдаа нар өдөр шөнөгүй хүйтэнд харуулд гарч байна. Хөл хорионы онцгой энэ үед тэд л бүрэн бүрэлдэхүүнээрээ цаг наргүй ажиллаж, хэв журам мөрдүүлж байна. Цонхоороо хар даа. Гудамж болгоны үзүүрт, уулзвар бүр дээр хоёр гурван цагдаа зогсож байгаа. Гэрээс ороод гарахын хооронд хацар чимчигнүүлж буй жаварт өдрүүдэд тэд ээлжгүй өдөржингөө ч зогсож байж мэднэ. Өмссөн хувцас нь хагас түрийтэй хар гутал, зулхай дотортой өвлийн хүрэм, нимгэн өмд, ноосон малгай. Арай гайгүй зарим нь дотуураа ноос, ноолууран өмд давхарлаж өмсдөг байх. Ихэнхдээ л бэлтгэлийн нимгэн өмдөн дээрээ цагдаагийн хөх өмдөө өмсчихөөд даарч зогсоо доо. Үнэн нь тэр юм. Ойр хавьд ажиллаж байгаа цайны газар ч байхгүй, албан байгууллагууд хаалттай болохоор ороод дулаацчих газар алга. Ойролцоо зогсоо машиндаа эрхбиш ээлжилж сууж дулаацдаг биз гэж найдаж байна. Даарч байна гэж хэлэх тэдэнд арай л багадах байх. Бээрч осгохын даваан дээр л гэрийн бараа хардаг. Ийм л хангамжтай хэдэн цагдаа нартаа дулаан хадгалдаг, -40-50 градусын хүйтэнд өмсдөг стандартын хувцсыг нь аваад өгчихөд улсын сан хотойгоод хороод байхгүй нь мэдээж. Ингэж бөмбийтөл нь дулаалж өгчихөөд хөхөө өвлийн хүйтэнд хөөж гаргаж байхад ядаж нүүр бардам, сэтгэл амар байх юм даа. Хаанаасаа ч халуун ус олсон юм, нэг удаагийн найруулдаг кофе цаасан аяганд найруулаад машин руугаа гүйж байгаа цагдаа залууг хараад хэр удаан өл дааж, хэдий хугацаанд дулаацах бол гэж бодож явлаа. Залуу байхдаа тэд даарч хөрөөд тоохгүй яваад л байна, 10 жилийн дараа бөөр нурууны өвчнөөс эхлээд бүхий л бие нь доголдож эхэлдэг гэж хуучцуул нь ярих юм билээ.

Дулаан байшинд суугаа дарга нараа даарч байгаа, хөөрхий гэж долоож байхаар цэвдэг хүйтэн гудамжинд бээрч зогсоо цагдаа нарынхаа хувцас хангамжийг нэг хар даа. Үүргээ гүйцэтгэж байгаа энэ хэддээ стандартын дулаан хувцас авч өг. Энэ бол төрийн үүрэг шүү.

Төрийн өндөр алба хашдаг нөхөд хэн нэгэн даргадаа таалагдах гэж улаан цайм ингэж худлаа ярих нь хэтэрхий ёс суртахуунгүй үйлдэл юм. Тэд ийм увайгүй, ёс зүйгүй үйлдлээрээ ард түмнээ уриалан дуудаж буй хэрэг. “Над шиг ингэж амьдар, над шиг ингэж худлаа ярь, ёс суртахуунаар яадаг юм” гэж үлгэрлэн дагуулж буй хэрэг. Аймшиг нь энд л буй за.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Б.Лхагважав: Долдугаар сарын 1-нд “Өдрийн сонин”, дотны хэдэн найз маань намайг аварсан шүү

“Маршал” клубын найзууд

Бизнесийн удирдлагын доктор Б.Лхагважавтай ярилцлаа.


-Найзууддаа манай сонины цахим хувилбарыг бүтэн жилийн турш унших эрх бэлэглэхээр утасдахад чинь их олзуурхлаа. Найзуудтайгаа нийлж клуб байгуулаад олон жил болсон гэж сонссон юм байна. Тэр найзууд чинь үү?

-Өнөөдөр (өчигдөр) хулгана жилийн хулгана сарын хулгана өдөр байгаа юм. Жилийн турш “мэрж” ашиглах хамгийн гоё бэлэг бол яалт ч үгүй “Өдрийн сонин” л доо. Таны асуусан клубийн маань найзууд мөн мөн. Танай сонинг бэлэглэх гээд найзууд руугаа чат бичсэн юм. Тэгээд эхэлж хандсан арван найздаа бэлэглэлээ. Бүгдээрээ баярлаад сүйд байна (инээв).

-Найзуудаараа нийлж клуб байгуулсан түүхээ сонирхуулаач?

-“Маршал” гэж клуб бий. 37 гишүүнтэй. Анх Н.Болд, Ц.Наранцэцэг бид гурав “Жи Си Ай” байгууллагын “Капитал” салбарыг 2003 оны наймдугаар сарын 17-нд байгуулж 16 залуусыг урьж анхны сургалтаа явуулж байсан юм. Гол зорилго нь хувиараа бизнес эрхэлж, аж ахуйн нэгж удирдаж байсан хүмүүсийг нэгтгэх байсан л даа. “Жи Си Ай” байгууллагын хувьд 40 нас хүртэл гишүүнчлэлтэй явдаг юм. Дөч гараад ирэнгүүтээ клубийн хэлбэрт оруулж байлаа.

-Клуб болж найзуудтайгаа хамтдаа хөгжиж урагшилна гэдэг үлгэрлэмээр жишиг байна шүү. Тэр үеэс өдий хүртэл яаж хөгжицгөөв?

-Тухайн үед найзууд маань Монголын нэлээд том компаниудын гүйцэтгэх захирлууд байсан юм. Найзууддаа “Гуч гарсан насныхаа ид хүчийг хувьдаа зарцуулж өөрөө баялаг бүтээх үү, эсвэл хүний бүтээж яваа баялагт туслах уу гэдгээ өөрсдөө шийдээрэй. Хөдөлмөрийн гэрээнд чинь гурван сараас илүү тэтгэмж та нарт байхгүй шүү. Монголын эдийн засаг 2004 оноос өснө” гэж хэлж байлаа. Яг тэр үед буюу 2003 оны арванхоёрдугаар сард Н.Энхбаяр их өр төллөө, Орост өргүй боллоо гэж зарласныг та санаж байгаа байх. Тэр үйл явдлаас хойш манай эдийн засаг өсөлтийн замдаа орсон түүхтэй. Арван жилийн хугацаанд тасралтгүй өгссөөр арав дахин өссөн. Эхэлж нэгдсэн 16, сүүлд нийлсэнтэй нь тооцвол 57 найз маань цугаараа компаниа байгуулж, яг энэ өсөлттэй хамт өсөцгөөсөн.

-Том компанийн гүйцэтгэх захирлын албаа өгөөд бүгдийг тэгээс эхэлнэ гэдэг бас л том эрсдэл шүү…?

-Тэгэлгүй яахав. Би одоо боддог юм, тэр үед би найз нартаа эрсдэлтэй алхам санал болгох маягаар буян болжээ гэж. Бидний гол зорилго бол байнга биесээ хурцалж хөгжүүлэх. Одоо ч тэр чигээрээ нэгдэж яваа. Сард нэг удаа үйл ажиллагаа зохион байгуулдаг.

-Тэр үед ажлаа өгөөд бизнесээ эхэлсэн найзуудаасаа нэрлээч?

-“Адидас”-ын Л.Огторгуй байна. Тухайн үед “Номин”-д ажиллаж байсан. Баянхонгорт улаанбуудай тарьж яваа Б.Ганхуяг маань тухайн үед “Таван богд”-д ажилладаг байлаа. Женкогийн “Сити” гээд такси баазад ажиллаж явсан найз маань хувьдаа барилгын компанитай болсон. Ер нь хамт олон гэдэг байнга биесдээ чимэг болж, хүч өгч явах учиртай. Бидний хэн нь ч амьдралынхаа зовлон, хөндүүрийг бусдадаа үүрүүлэх сонирхолгүй. Ачаагаа өөрсдөө л үүрээд аж төрье, гэхдээ ачаагаа үүрч амжилттай яваа нэгэндээ оюун, сэтгэл зүйн дэмжлэг, хүч өгье гэсэн уриатай бүлэг найз нар.

-Манай сонины цахим хувилбарын жилийн эрхийг яагаад, ямар шалтгаанаар найзууддаа бэлэглэх болсон тухайгаа дэлгэрүүлж яриач?

-Чөлөөт зах зээл, ардчилал, бие даасан хүмүүсийн мэдээлэл дамждаг ганц сонин бол “Өдрийн сонин”. Миний найзууд бол бие даасан хүчирхэг хувь хүмүүс. Ийм хүмүүст бие даасан хүчирхэг хэвлэл хэрэгтэй гэж бодоод танай сониныг цахимаар унших жилийн эрх бэлэглэлээ. Цар тахлын дараах үе буюу цоо шинэ үе эхлэх гэж байна. Ийм үед оюун сэтгэлгээний цэгцтэй шинэ алхам хийхээс аргагүй. Энэ алхмыг хийхэд сонин л хэрэг болно. Мэдээ, мэдээлэл хоёр тэс өөр, маш том ялгаатай. Мэдээллийг нь “Блүүмбэрг” ч юм уу, танай сонин гаргаад байдаг юм. Мэдээг хэн ч цацна. Хуучин нийгмийн ойлголтоор бол орцны гадаа хэдэн эмээ нар хов жив яриад суудаг байсан даа. Цахим ертөнцийн шуугиан үүнээс нэг их ялгарахгүй. Редакцитай газруудын гол сайхан нь ямар нэгэн мэдээ хүний оюун ухаанаар дамжиж мэдээлэл болж гардагт байгаа юм. Оюун ухаанаар дамжсан мэдээллийг өдөр тутамдаа авбал тархи хогоор дүүрэхгүй. Стив Жобс гэдэг хүний бүтээлийн ачаар хүн төрөлхтөн мэдээллийн эрин зуунд амьдарч яваа ч мэдээлэл авах, дамжуулах, хадгалах нь хүний онцгой эрх байдаг. Тийм ч учраас аль ч улс хүний эрхийг ярихдаа мэдээллийг заавал онцолдог. Гэтэл манайх мэдээлэл авахыг хүний эрхийн гол асуудал гэдгийг мэддэггүй. Дарга нарын өгдөг мэдээллийг л дамжуулах гэж ойлгоод байдаг. Тийм биш л дээ. Тэр утгаараа “Өдрийн сонин” мэдээлэл авах, дамжуулах, хадгалах үүргийн хувьд маш сайн оролцоотой явсаар өнөөг хүрсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл.

-“Өдрийн сонин”-оос онцгойлж хардаг контентуудаа сонирхуулаач?

-Контент гэдэг бол бүтээгдэхүүн. Талхаар зүйрлэвэл хөөлт, исгэлт, амт нь таарсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг цөөхөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь танай сонин. Сүүлийн үед шинжлэх ухааны бүтээлүүд нийтэлж байгаад нь олзуурхаж суугаа шүү. Хуучны бөх, зохиолчдын хөөрөлдөөн амттай уншигддаг. За тэгээд эдийн засгийн мэдээлэл, ярилцлага, нийтлэлүүдийг алгасахгүй харахыг хичээдэг. Танай сонины арын нүүрийг би брэнд гэж хэлнэ. Эхний нүүр, гуравдугаар нүүр гээд нэгэнт брэнд болчихсон олон булан бий дээ. Усан мэдээллийг аль болох бага гаргахыг хичээдэг нь танай сонины хамгийн гол онцлог. Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд танай сонины цахим хувилбар өглөөний гурван цагт мэйлээр ирчихдэг маш их олзуурхдаг. Мэдээж цаасан сонин кайфтай л даа. Халуун кофе өмнөө тавьчихаад шинэ сониноо дэлгэж уншихын сайхныг ярих юм биш. Тахлын хөл хорионоос болоод цаасан сониноо уншиж чадахгүй л байна.

-Тахлын үед орлого мөнгө нь багассан гэх мэт олон хэцүү асуудал байгаа ч ажилчдаа халчихалгүй тэсч яваа цөөн салбарын нэг нь хэвлэл мэдээлэл гэдэгтэй та санал нийлэх үү?

-Бүрэн нийлнэ. Ер нь ийм хэцүү цагт аливаа хамт олныг барьж үлдэнэ, орлоготой амьдруулна гэдэг асар чухал ажил. Өнөөгийн 60 мянган аж ахуйн нэгж 1995 оноос бүрэлдэж бий болсон юм. Өөрөөр хэлбэл, сүүлийн 25 жилийн бүтээл. Тэгэхээр хамт олныг хайрлах нь төр, хамт олон, ер бүгдийн үүрэг. Хамт олныг тараах шиг амархан юм үгүй. Дахин байгуулж хөл дээр нь босгохын тулд дахиад 20 жил шаардлагатай. Оюу толгой, Эрдэнэт, Өгөөж, АПУ-г бий болгоход дахиад гуч, дөчин жил шаардлагатай. Жишээ нь, танай хамт олон 24 жил салбартаа магнайлж яваа. Хамт олны үнэ цэнэ үнэртдэг учраас энэ олон жилийн турш түүчээлж яваа гэж би хувьдаа хардаг. Үнэ цэнээ хадгалсан хамт олноос төрж буй бүтээгдэхүүн үнэ цэнэтэй байдаг нь жам л даа. “Өдрийн сонин”-ы нэг онцлог бол 2005 оноос хойших бүх хямралд хамт байсан. 2008, 2009 оны хямрал, 2013 оны хямрал, 2017 оны онцгой хямрал, яг одоо нэрвэж буй ковидын хямрал гээд маш олон хямралын үед уншигчидтайгаа хамт байж, дуу хоолойгоо хүргэж явсан гэдгийг онцлохгүй өнгөрөх аргагүй. Тийм учраас танай сонины үнэ цэнэ улам өндөрсчихөж байгаа юм. Тэр утгаар нь олон уншигч танай сонинд элэгтэй, хайртай явдаг болов уу. “Өдрийн сонин”-ы сэтгүүлчийг мэдэхгүй мөртлөө сонингоор нь дамжуулаад таньдаг, хүндэлдэг хүмүүс маш олон бий гэдгийг та ч мэднэ. “Ургацын далай”-г хөтөлдөг эрхмийг танихгүй, мэдэхгүй хэрнээ гэрт нь явж ороод хүнгэнэтэл ярихад ямар ч малчин хоймроо урьж хүндэтгэдэг шиг танай сонины сэтгүүлчийн нэр уншигчдад танил дотно санагддаг нь өөрөө үнэ цэнэ л дээ.

-Харамсалтай нь ингэж үнэ цэнээ бүтээчихсэн, олон хүнийг ажилтай орлоготой авч яваа хувийн хэвшилдээ баярлалаа гэсэн үгийг, эдийн засгийг нуруундаа үүрч яваад нь талархсан хандлагыг төр засгаас илэрхийлэхгүй юм даа. Муусайн баячуудын хөрөнгийг хураах хэрэгтэй, төр л бүгдийг хийж байна гэсэн хандлага л их тод анзаарагдах юм…?

-Яг үнэн. Тийм хандлагыг л илүү тод харуулж байна л даа. Цар тахлын хэцүү цагт Монгол улсын сая иргэнийг ажилтай, орлоготой амьдруулж яваа хүн болгондоо баярлалаа гэж хэлж чадах зоригтой даргагүй цаг үед бид амьдарч байгаа нь гашуун үнэн шүү. Уг нь жаран мянган компанидаа баярлалаа гээд хэлчих хэрэгтэй байгаа юм.

-Түрүү жилийн сүүлээр ярилцаж байхад та “Өдрийн сонин” намайг аварч байсан түүхтэй гэж цухас дурдаад орхисон. Тухайн үедээ тодруулж сонирхоно доо гэж байгаад мартчихсан байсан. Яг ямар явдал болсон юм бэ?

-Долдугаар сарын 1-нд болсон явдал л даа. Яагаав нөгөө онцгой байдал зарлахад хүргэдэг үйл явдал. Тэр өдөр танай сонины сэтгүүлчид ярилцлага өгөх гээд өдрийн 12 цагийн үед хуучин МАХН-ын байр, одоогийн тусгаар тогтнолын ордны хажуугийн “Улаанбаатар” ресторанаас гарч явсан юм. Танай сонины редакцид ирж ярилцлага өгсний дараа найзууд маань намайг зочид буудлын нэг өрөөнд цоожилсон түүх бий (инээв).

-Намынхаа даргыг шүүмжилсэн яриа өгч байл уу?

-Тэгсэн. “С.Баяр дарга аа, сонгогчдын 25 хувь нь хуурамч байхад шударга сонгууль гэж үзэхгүй” гэсэн утгатай ярилцлага өгсөн юм.

-Долдугаар сарын 1-ний хавьцаа таныг цоожилсон гэхээр найзууд чинь дараа нь юу болохыг сүрхий мэдэрч шүү?

-“Чамайг тийш нь явуулахгүй. Чи юманд өртчихнө” гээд л цоожилчихсон. Би гарна гэж зүтгээд бараагүй. Орой нь онц байдал зарласны дараа намайг ээжид тушааж байлаа (инээв). Тэгж хорихгүй л бол гал руу орчих гээд байсныг мэдээд байж л дээ, манай хэд. Тэгэхээр яалт ч үгүй намайг “Өдрийн сонин”, гурван найз маань аварсан. Танай сонинд ярилцлага өгөх гэж Улаанбаатар зочид буудлаас гарч яваагүй бол яах ч байсан юм.