Categories
мэдээ нийгэм

Хот орчмын зарим шороон зам, гарцуудыг хаажээ

Хот орчмын батлагдаагүй шороон замууд, гарц гармуудыг бүрэн хааж 24 цагийн туршид хяналт тавин ажиллаж байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 10-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Өнөө маргаашдаа Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчир орчмоор ялимгүй цас орж, ихэнх нутгаар жавартай хүйтэн хэвээр байна гэж Цаг уурын байгууллагаас мэдээллээ.

Нэгдүгээр сарын 6-ны 20:00 цагаас нэгдүгээр сарын 7-ны 20:00 цаг хүртэлх урьдчилсан мэдээллээр Төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна.

Ихэнх нутгаар хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 41-46 градус, өдөртөө 30-35 градус байна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 36-41 градус, өдөртөө 24-29 градус байна. Алтайн өвөр говиор шөнөдөө 21-26 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн байна.

Улаанбаатарт шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи хойноос секундэд 5-10 метр. Яармаг-Сонгины орчмоор 39-41 градус хүйтэн хонох бол бусад хэсгээр 31-33 градус, өдөртөө 26-28 градус хүйтэн байх төлөв гарчээ.

Багануур орчмоор өдөртөө ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 36-38 градус, өдөртөө 25-27 градус хүйтэн. Тэрэлж орчмоор цас орж, явган шуурга шуурч, салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 34-36 градус, өдөртөө 25-27 градус хүйтэн байна.

2021 оны нэгдүгээр сарын 8-12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Нэгдүгээр сарын 8-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 9-нд Монгол-Алтай болон Хэнтийн уулархаг нутаг, Алтайн өвөр говиор, 10-нд говийн бүс нутгийн өмнөд хэсгээр ялимгүй цас орно.

Салхи 8-нд говь, талын нутгаар, 10,11-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 40-45 градус, өдөртөө 28-33 градус хүйтэн. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 22-27 градус хүйтэн байх бол говийн бүс нутгийн цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

Бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна. Нэгдүгээр сарын 10-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларна. Өнгөрсөн шөнө ихэнх нутгаар хүйтний эрч 1-16 градусаар нэмэгджээ.

2021 оны нэгдүгээр сарын 05-ны 08 цагаас нэгдүгээр сарын 06-ны 08 цаг хүртэлх цаг агаарын тойм

Өнгөрсөн хоногт Булган, Сүхбаатарын ихэнх нутаг, Хэнтийн өмнөд хэсэг, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Дорноговийн зарим газраар цас орсноос хамгийн их нь Сүхбаатарын Эрдэнэцагаанд 1.1 мм, Өвөрхангайн Хархорин, Сүхбаатарын Халзан, Сүхбаатар, Асгатд 0.9-1.0 мм, Хэнтийн Оргилд 0.8 мм, бусад хэсгээр 0.0-0.7 мм цас орсон байна.

Өнөөдөр өглөөний 08:00 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Завхан, Булган, Төв, Сэлэнгэ, Хэнтий, Сүхбаатарын ихэнх нутаг, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Хөвсгөл, Дундговь, Дорноговийн хойд, Архангай, Дорнодын өмнөд хэсэг, Баян-Өлгий, Ховдын зарим газраар 1-15 см зузаан цасан бүрхүүлтэй байна. Үүнээс хамгийн их нь Сүхбаатарын Эрдэнэцагаанд 15 см, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Сүхбаатарын Асгатд 14 см, Баянхонгорын Байдраг, Сэлэнгийн Бугант, Сүхбаатарын Түмэнцогт, Сүхбаатард 13 см, Увсын Давст, Архангайн Түвшрүүлэх, Булганы Гурванбулагт 12 см, Сүхбаатарын Халзан, Дарьгангад 11 см, Баянхонгорын Галуут, Өвөрхангайн Бүрд, Хэнтийн Өлзийт, Батноров, Оргил, Баян-Овоо, Сүхбаатарын Наранд 10 см, бусад хэсгээр 1-9 см зузаан цастай.

Өнгөрсөн шөнө ихэнх нутгаар 1-16 градусаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул голын хөндийгөөр -40…-47 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар -34…-39 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -23…-28 градус, бусад нутгаар -29…-34 градус хоносон байна.

Улаанбаатар хот орчмоор шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -41 градус, бусад хэсгээр -34 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

Б.Ууганбаяр: Бид шинэ жилийн баяр тэмдэглээгүй. Амжилттай ажилласан алба хаагчдаа шагнасан

Б.Ууганбаяр: Гэрийн ажиглалтад шилжсэн иргэд 14 хоногийн тусгаарлах дэглэм  барина

УОК-ын Шуурхай штабын дарга, Хурандаа Б.Ууганбаяр “УОК-ын Шуурхай штаб өчигдөр ХӨСҮТ-ийн чиглэл болгосны дагуу 18.00-02.00 цаг хүртэл “Ачтан элит” эмнэлгийн хавьтлуудыг тусгаарлах чиглэлээр ажиллалаа. Нийт 97 хүнийг “Тайж”, “Холлидэй” зэрэг зочид буудалд тусгаарласан. Шуурхай штабаас ажлын хэсэгтэй хамтарч, тусгаарлах байрны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Өнөөдөр хоёр байрыг тусгаарлан ажиглах зориулалтаа бэлтгэлээ.

УОК-ын шуурхай штаб байгууллагадаа шинэ жилийн баяр тэмдэглэсэн мэт мэдээлэл цацаж байна. Бид шинэ жилийн баяр тэмдэглээгүй. Өчигдөр амжилттай ажилласан алба хаагчдаа шагнасан” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

​Д.Наранзул: Сэжигтэй шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт очилгүй, өөрийгөө тусгаарлан 119 шуурхай утсанд хандаарай

ХӨСҮТ-ийн дэд захирал Д.Наранзул мэдээлэл, зөвлөгөө өгч байна.

Тэрээр, “Коронавирусийн халдвар авсан иргэдийг судлахад 20-иос доош насныхан харьцангуй хөнгөн хэлбэрээр өвдөж байна. Харин нас ахих тусам өвчлөлийн шинж тэмдэг хүндэрч байгаа тохиолдол ажиглагдаж байна. 50 болон 60-аас дээш насныхан нэн хүнд болон хүнд хэлбэрээр өвчлөх байдал ажиглагдаж байна . Нас ахих тусам эрэгтэйчүүдийн өвчлөл нэмэгдэж байна.
Мөн өнгөрсөн хугацаанд хийсэн судалгаанаас харахад өвчилсөн иргэдэд хуурай ханиалгах, хоолой хөндүүрлэх, толгой өвдөх, хамар битүүрэх, халуурах шинж тэмдэг түгээмэл илэрч байна. Тиймээс иргэд дээрх сэжигтэй шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаран эмнэлэгт очихоос зайлсхийж, гэртээ болон байгаа газраа өөрийгөө тусгаарлан шууд 119 шуурхай утсанд хандаж зөвлөгөө авах, хэрхэн шинжилгээ өгөх, ямар арга хэмжээ авах заавар, зөвлөмжийг аваарай. Ингэснээр та бусдыг эрсдэлд оруулж, халдвар тархахаас урьдчилан сэргийлэх юм шүү. Тус 119 шуурхай утас 24 цагийн турш иргэдэд ковидын талаар мэдээлэл, зөвлөмж өгч ажиллаж байна” гэлээ.
Categories
мэдээ спорт

Жүдочид олимпын эрхийн төлөө Катарын Доха хотыг зорино

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны 2021 оны анхны том тэмцээн болох World Masters 2021 Катар улсын нийслэл Доха хотод энэ сарын 11-13-ний өдрүүдэд болно.

КОВИД-19 цар тахлын улмаас олимпын оноо олгох сүүлийн тэмцээн байх магадлал өндөр тус тэмцээнд таван тивийн 69 орны 398 жүдочид /эрэгтэй 216, эмэгтэй 182/ өрсөлдөнө.

Тэмцээн 3 өдрийн турш эрэгтэй 7, эмэгтэй 7 жингээр болох ба жин тус бүрийн дэлхийн чансааны эхний 32-д эрэмбэлэгддэг жүдочид оролцох юм.

Тэмцээнд манай улсын шигшээ багаас

Эрэгтэй

  • 60кг МУГТ Д.Амартүвшин
  • 60кг ОУХМ Л.Өнөболд
  • 66кг ОУХМ Г.Хэрлэн
  • 66кг ОУХМ Ё.Басхүү
  • 73кг ОУХМ Ц.Цогтбаатар
  • 73кг МУГТ Г.Одбаяр
  • 81кг С.Моллай
  • 81кг О.Ууганбаатар
  • 90кг ОУХМ Г.Алтанбагана
  • 100кг ОУХМ Ө.Дүүрэнбаяр

Эмэгтэй

  • 48кг МУГТ М.Уранцэцэг
  • 48кг ОУХМ Г.Наранцэцэг
  • 52кг ОУХМ Л.Сосорбарам
  • 52кг ОУХМ Б.Хорлоодой
  • 57кг МУХБ, МУГТ Д.Сумъяа
  • 63кг ОУХМ Б.Ганхайч

Ахлах дасгалжуулагч МУГТ, МУГД Х.Болдбаатар, дасгалжуулагч ОУХМ П.Нямлхагва, дасгалжуулагч ОУХМ Ч.Болдбаатар гэсэн бүрэлдэхүүнтэй Катарын Дохаг зорих гэж байна. Харамсалтай нь эрэгтэйчүүдийн -100кг жинд зодоглох байсан дэлхийн аваргын хүрэл, Азийн наадмын хошой хүрэл медальт ОУХМ Л.Отгонбаатар бэртлийн улмаас Доха Мастерст зодоглох боломжгүй болжээ.

Шигшээ багийн тамирчид ХӨСҮТ-ийн зааварчилгааны дагуу маргааш коронавирусийн /PCR/-ийн хоёр дахь шинжилгээгээ өгөөд “Хүннү Эйр” компанийн нислэгээр 8-нд явах ба 14-ний өдөр эх орондоо буцан ирнэ.

Categories
мэдээ нийгэм

Томуу, томуу төст өвчний тохиолдол 1.6 хувийг эзэлж байна

Нийслэлийн хэмжээнд 2021 оны 01 дүгээр сарын 06-ны байдлаар, амбулаторийн 22.587 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 356 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 1.6 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 0.3 хувиар нэмэгдсэн, өнгөрсөн оны мөн үеийн түвшнээс 7.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Нийт өвчлөгсдийн 41.3 хувийг 0-1 нас, 19.1 хувийг 2-4 нас, 10.4 хувийг 5-9 нас, 3.6 хувийг 10-15 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 555 дуудлага ирснээс 38.0 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ.

Нийслэлийн харьяа эмнэлгүүдийн ачааллаас үзэхэд, хүүхдийн 1123 орон дээр 115 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Шинээр хэвтсэн өвчтөний 17 буюу 22.4 хувь нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд байгаагаас 100.0 хувь нь хүүхдүүд байна. Хүнд өвчтэй хүмүүсийн 4 буюу 10.3 хувийг амьсгалын замын өвчтэй өвчтөнүүд эзэлж байгаа юм.

Томуу, томуу төст өвчин буюу амьсгалын замын цочмог халдвар, мөн коронавируст “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, илчлэг сайтай хоол ундаар дархлааг нь дэмжих, дулаан хувцаслах, олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, амны хаалт тогтмол зүүлгэж хэвших, өвчилсөн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүй байх, ариун цэврийн дэглэм сайтар сахиж, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Далавч нь гэмтсэн хотон шувууг эмчилжээ

Ховд аймгийн Хар-Ус нуур орчим “Шувуун цуглаан” гэх газарт өнгөрсөн арваннэгдүгээр сард нэгэн хотон шувууны баруун далавч гэмтэн, нисэж чадахгүй байдалтай байсныг Ховд аймгийн Жаргалант сумын иргэн, биологич Ц.Ганболд олж шувууг эмчилжээ.

Борцгор хотон нь Амьтны тухай хуульд зааснаар “Нэн ховор” амьтдын жагсаалтад ордог ховор шувуу юм. Сонирхуулахад энэ нь түүний эмчилж байгаа хоёр дахь шувуу гэнэ. Амьтай бүхнийг хайрлан, энэрдэг Монгол хүний холч ухаантай Ц.Ганболддоо баярлалаа гэж БОАЖЯ-наас мэдээллээ.

Зурагт дараах зүйл агуулагдаж болно: гадаа

Categories
мэдээ нийгэм

​УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын шүүх хурал энэ сарын 8-нд болно

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт холбогдох эрүүгийн хэргийг Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаанаар энэ сарын 8-нд буюу баасан гарагт хэлэлцэхээр товлосон байна. Гэхдээ түүний шүүх хурлыг нээлттэй хийх зүй ёсны шаардлага үүсээд байгаа юм.

Эргэн сануулбал, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаатай хасаж, таван жил таван сар хорих ял оноосон юм. Мөн үүнийг Давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээсэн. Ингэхдээ ХНХ-ын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулж, тогтоол гарган, орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн нэгж төслийн төсөв өртгийг 200 сая төгрөгт багтаан, нээлттэй зарлах удирдамж баталсан зэргээр гэм буруутайд тооцсон байдаг.

Categories
гадаад мэдээ

Ким Жон Уны хөгжлийн таван жилийн төлөвлөгөө бүтэлгүйтжээ

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун энэ долоо хоногт эрх баригч Хөдөлмөрчдийн намын их хурлыг нээхдээ улсын эдийн засгийн хөгжлийн таван жилийн төлөвлөгөө бараг бүх салбартаа бүтэлгүйтсэн талаар ярьжээ.

Өмнө нь Ким Жон Ун 2016 оны намын их хурал дээрээ эдийн засаг, гадаад харилцааны хөгжлийн таван жилийн төлөвлөгөө танилцуулж олон улсын анхаарлыг татаж байсан билээ. Харин тэрбээр Жо Байден тангараг өргөхөөс хоёр долоо хоногийн өмнө ийнхүү эрх баригч намыг хуралдуулж байгаа аж.

Хурлыг нээж Ким Жон Ун “Бид өмнөх хурал /2016 он/-аас хойш дэлхийд нэр хүнд, хүч чадлаа өсгөснөөр гайхалтай амжилтад хүрсэн. Жишээлбэл, 2017 онд бид АНУ-ын эх газарт цохилт өгөх чадвартай тив хоорондын баллистик пуужин бүтээж, амжилттай туршсан. Харин өдгөө бид дахин том алхам хийхийн төлөө шинэ зам нээх хэрэгтэй болж байна. Гэвч 2016 онд танилцуулж байсан хөгжлийн таван жилийн төлөвлөгөө бүх салбартаа бүтэлгүйтсэн байна. Тиймээс бид цаашдаа дотоод, гадаадын асуудлуудыг өөрсдийн хүчээр шийдэх чадвар, тогтвортой байдалдаа анхаарах шаардлагатай. Харин дэлхий нийтийг нөмрөөд буй цар тахлын хувьд манай улс эхнээс нь дуустал тогтвортой байдалд байж, дотооддоо халдвар алдахгүй тэсч чадлаа” хэмээн ярьжээ.

Хэдий Умард Солонгос албан ёсоор цар тахлын халдварын батлагдсан тохиолдол нэгийг ч бүртгээгүй боловч ДЭМБ-ын зүгээс хардлага арилахгүй байгаа билээ. Учир нь цар тахал идэвхтэй тархахаас өмнө Пёньян Бээжинтэй асар их худалдаа наймаа хийж, түүндээ хилийн хяналт сул тавьж байсан аж. Умард Солонгосын төрийн мэдээллийн агентлагийн мэдээлэлд хавсаргасан зургуудаас харахад эрх баригч намын хурал дээр намын гишүүд маск зүүгээгүйгээс гадна зай барих дүрэм хэрэгжүүлээгүй байна. Хурал хэдэн өдрийн турш үргэлжлэх бөгөөд цаашдаа Ким Жон Ун хэд хэдэн албан тушаалд халаа, сэлгээ хийж, түүний дотор төрсөн дүү Ким Ё Жоныг өндөр албан тушаалд албан ёсоор томилох магадлал их байгаа аж.

Эх сурвалж: TELEGRAPH

Categories
мэдээ цаг-үе

Б.Баатархүү: Цагдаагийн хөл, гар хайрагдаж хөлдсөн гэх мэдээлэл ирээгүй. Харин нэг сонсогчийн гар хайрагдсан

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед цагдаа,
эмч, онцгой байдлын албан хаагчид, Улсын онцгой комисс гээд бидний төлөө цаг
наргүй ажиллаж байгаа билээ. Сүүлийн үед цагдаа нар хүйтэнд гар, хөл нь
хайрагдаж байгаа талаарх мэдээлэл гараад байгаа ч Цагдаагийн ерөнхий газар
болон ГССҮТ-өөс үгүйсгээд байгаа юм.

Тэрбээр “Гэмтэл, согог
судлалын үндэсний төвтэй холбогдож энэ талаар тодрууллаа. Цагдаа, дотоодын
цэргийн алба хаагчид болон ДХИС-ийн сонсогчид хорио, цээрийн дэглэм сахиулах,
нийслэлээс гарах, орох хяналтын цэгүүдэд 4000 орчим алба хаагчид машинт болон
явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна. Одоогоор цагдаагийн алба хаагч үүрэг
гүйцэтгэж байх хугацаандаа гар, хөл нь хайрагдаж , хөлдсөн гэх мэдээлэл ирээгүй
байна. Харин энэ сарын 3-ны өдөр нэг сонсогчийн гар нь хайрагдаж
ГССҮТ-өөс эмнэлгийн үйлчилгээ авсан. Ес эхэлж хүйтний эрч нэмэгдэж байгаа ч эх
орныхоо төлөө өргөсөн тангараг, өөрсдийн сонгосон мэргэжилдээ үнэнч байж хүн
хүч дутуу энэ хүнд хэцүү цаг үед бидний ажилд тус нэмэр болж
байгаа сонсогчдодоо талархаж байна” гэсэн тайлбарыг өгчээ