–ЗӨВХӨН “КОВАКС” ХӨТӨЛБӨРТ НАЙДААД СУУВАЛ БИД 2022 ОН ХҮРТЭЛ ХЭВИЙН АМЬДРАЛДАА ШИЛЖИХГҮЙ НЬ ЭЭ –
Оном сангийн ерөнхий захирал, Анагаах ухааны доктор Д.Наранжаргалтай ярилцлаа.
-“Ковид-19” вирусийн эсрэг вакцины хүлээлт жил гаруй хугацаанд үргэлжилсэн. Харин одоо хүн төрөлхтөн хэвийн амьдралдаа шилжихийн тулд вакцины үр нөлөөг хүлээх шаардлага үүсч байна. Манай орны хувьд цөөн хүн амтай учраас үүнийг боломж гэж харж байна л даа?
-Бид жирийн амьдралд шилжихийн тулд хамгийн багадаа хүн амынхаа 70 гаруй хувийг вакцинжуулах шаардлагатай. Одоогийн байдлаар тахлаас сэргийлэхийн тулд зай барих, маск зүүх, агаар салхи оруулах гэх мэтчилэн хувь хүний ухамсраас хамаарах арга зам байна. Мөн халдвартай хүнийг эрт илрүүлж нийгэмд орохоос нь хамгаалбал халдвар олон хүнд тархахгүй. Чухамдаа эдгээр нь бидний амьдрал жирийн бус байх арга хэмжээ гэсэн үг шүү дээ. Харин буцаад энгийн амьдралдаа шилжих ганц шалгарсан арга зам бол вакцин юм. Гэхдээ цөөн тооны иргэд вакцинжуулалтад хамрагдвал тухайн тариулсан хүн нь дангаар хамгаалагдахаас биш сүргийн дархлаа тогтохгүй. Түүнчлэн ч аль болохоор олныг хамарвал халдвараас хамгаалж чадна. Түүнээс биш вакцин хийлгэсний дараа шууд л амьдрал өмнөх шигээ болно гэвэл өрөөсгөл. Түрүүн 70 хувиас дээш хүн амыг вакцинжуулах хэрэгтэй гэж дурдсан нь ийм учиртай.
-ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица хэлэхдээ, монголчууд 2021 оны сүүлчээр буюу жилийн эцэст “Ковакс” хөтөлбөрөөр дамжуулж вакцинд хамрагдах талаар мэдээлж байсан. Үүнээс өмнө ядаж эмнэлгийн ажилчид, шаардлагатай иргэдийг вирусийн эсрэг вакцинд хамруулах бололцоо бий юү?
-Өндөр хөгжилтэй улс орнууд эхнээсээ захиалга хийж, хүн амаа вакцинжуулалтад хамруулж байна. Англи улсад л гэхэд бүх иргэддээ хоёр тун вакцин хийх захиалга өгч, вакцинаа аваад эхэлжээ. Европын холбооны улс тэр дундаа Америк, Канад ч мөн захиалгаа хийсээр байна. Канад улс л гэхэд хүн амаа зургаа дахин буюу бүгдэд нь зургаан удаа вакцин хийх хэмжээний захиалга өгчихөөд байгаа юм.
Эхэнд захиалсан улс нь түрүүлж вакцинаа авах боломжтой болж байгаа гэсэн үг. Манай улсын хувьд өөрсдөө дангаараа захиалсан вакцингүй. Энэ нь тийм ч таатай хэрэг биш. ДЭМБ-ын “Ковакс” хөтөлбөрт нийт 172 орон хамрагдсан байна л даа. Эдгээрээс 80 нь өөрсдөө төлбөрөө төлөөд вакцин авах чадвартай улс гэж үзэж байгаа. Үлдсэн 92 орон нь тус хөтөлбөрөөр дамжуулан санхүүжилтээр нь коронавирусийн эсрэг вакцин авах боломжтой. Өөрөөр хэлбэл, дэлхийн ядуу буурай улсууд багтсан байгаа гэсэн үг.
Үүнд нь, манайх багтаж тус хөтөлбөрөөр дамжуулан вакцин авахаар яриад явж байгаа. Тодруулбал, “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд 700 сая вакцины тун захиалгад орчихсон байна лээ. Гэхдээ үүнээс 92 улс хувааж авах ёстой. Ерөнхийдөө нийт хүн амын 20 хувийг 2021 оны сүүл гэхэд вакцинжуулна гэсэн зорилго тавиад ажиллаж байгаа гэсэн үг. Манайх ялгаагүй үүний дагуу явна. Өөрөөр хэлбэл, бусад 92 оронтойгоо ижил түвшинд л вакцинаа авах боломжтой гэсэн үг. Засгийг шүүмжлэх зүйл нь үүн дээр харагдаж байна л даа.
-Дан ганц “Ковакс” хөтөлбөрт найдаад суувал 2022 онтой золгохоос нааш монголчуудын амьдрал хэвийн горимд шилжихгүй гэсэн үг үү?
-Тийм. Манайхаас ч буурай хөгжилтэй улс вакцины захиалгаа аль эрт өгчихсөн байна шүү дээ. Тодруулбал, Непал улс 28 сая хүн амтай байж 25 сая тун вакцины захиалгыг аль хэдийнэ өгчээ. Хөгжил дэвшлээрээ манайхтай ойролцоо хуучин социалист дэглэмтэй байсан Узбекистан гэхэд л 35 сая тун вакцин захиалчихсан байна. Гэтэл бид одоог хүртэл ямар ч захиалга өгөөгүй, ганц “Ковакс” хөтөлбөрт найдаад суугаад байгаа нь тийм ч таатай хэрэг биш. Бид бүхий л боломжоо дайчилж вирусийн эсрэг вакцин гаргаж буй компаниудтай шууд холбогдоод захиалгад орох ажлыг эхлүүлэхгүй бол болохгүй нь ээ. Энэ цаг үед дэлхий даяар вакциныг эрчимтэй хийлгэсний үндсэнд хөл хорионоос гарна гэдгийг ярьж байна. Манай улсад ч ялгаагүй вакцин иртэл тэсье гэсэн стратегиар явж байна шүү дээ. Тэгэхээр зөвхөн “Ковакс” хөтөлбөрт хандаад суулгүй өөр боломж бололцоог эрэлхийлэх зайлшгүй шаардлагатай. Наад зах нь тэргүүн эгнээнд эмнэлгийн ажилчдаа вакцинжуулахгүй бол иргэдээ эмчлэх хүнгүй болох ч эрсдэл бий. 2021 оны сүүл хүртэл тэр “Ковакс” хөтөлбөрт хамрагдаж байгаа нийт хүн амын 20 хувийг вакцинжуулна гэж байгаа. Тэгэхээр зайлшгүй шаардлагатай ажилчид, өндөр эрсдэлтэй хүмүүсээ хамруулах тал дээр төрд туслах боломж бололцоог манай эрдэмтэд судлан ажиллаж байгаа. Гэхдээ яах аргагүй энэ тал дээр төр засаг, УОК маань илүү сайн ажиллах шаардлагатай.
-Тус олон улсын хөтөлбөрийн дагуу энэ оны сүүлээр манай орны 600 мянга орчим иргэн вакцинжуулалтад хамрагдах боломжтой байх нь. Тэгэхээр үлдсэн иргэдийг хэрхэн вирусийн эсрэг вакцинд хамруулах хэрэгтэй вэ?
-“Ковакс” бол олон улсын хөтөлбөр учраас хэн нэгэнд давуу эрх олгож ялгаатай хандахгүй л болов уу. Тэр хөтөлбөрийн гол үндэс суурь нь аль болох тэгш хандана гэсэн болохоор хийхэд хэцүү болчихно. Тэгэхээр бидэнд “Ковакс” хөтөлбөрөөс гадна дахиад вакцин хэрэгтэй байгаа гэсэн үг. Ганцхан Ковакст найдаад суух нь асуудлын шийдэл биш.
-Цар тахлын эсрэг хэдэн төрлийн вакцин үйлдвэрлэгдээд байна вэ. Үүнээс албан ёсоор баталгаажсан вакциныг танилцуулбал?
-Дэлхий даяар уг вирусийн эсрэг олон төрлийн вакциныг хийж, судалгааны ажил эрчимтэй үргэлжилж байна. Гэвч гуравдугаар шатны судалгааны үр дүн нь танилцуулагдсан гурван компанийн вакцин албан ёсоор батлагдчихлаа. Үүнийг тодруулбал, АНУ-ын Moderna болон Pfizer компанийн гаргасан хоёр вакцин бий. Эдгээр нь мэдээллийн РНХ-д суурилсан вакцин юм. Мөн өчигдөр Английн Астра Зенекагийн вирус субьектийн вакцин батлагдаад олон нийт хамрагдаж эхлээд байна. Одоогийн байдлаар дэлхий даяар 12 сая гаруй хүнд вакцин хийгдээд байгаа мэдээлэл бий. Biontech болоод Pfizer-аас гаргасан мэдээллийн РНХ-ийн вакцин аль аль нь 95 хувийн үр дүнтэй. Өмнө нь хэрэглэгдэж байгаагүй шинэ технологийн вакцинууд байгаа юм. Гэхдээ энэхүү технологи нь сүүлийн 30 гаруй жилийн судалгааны үр дүн л дээ. Энэ хоёр вакцины хувьд дархлаажуулалт тогтоож байгаа үр дүн нь маш сайн гарсан байна. Одоогийн байдлаар АНУ тус вакциныг сая гаруй хүнд хийгээд байх шиг байна. Харин нэг сарын дунд үе гэхэд бараг 10 гаруй сая хүний тун хийгдэх болов уу. Цаашдаа олон хүн хамрагдах тусам ямар үр дүн гарах нь улам тодорхой болоод ирнэ гэсэн үг. Мэдээж вакциныг дандаа хоёр тун хийхээр байгаа. Жишээлбэл, өнөөдөр вакциныхаа нэгдүгээр тунг хийлгэлээ гэхэд 3-4 долоо хоногийн дараа хоёр дахь тунгаа хийлгэх шаардлагатай. Тэгэхээр бид амьдралаа аль болохоор эртхэн хэвийн болгохын тулд вакциныг эртхэн оруулж ирэх хэрэгтэй байна.
-Вакцинд хамрагдсан зарим иргэдэд гаж нөлөө, хариу урвал үзүүлж байгаа нь юутай холбоотой вэ?
-Ерөнхийдөө судалгааны явцад 30 мянга орчим хүнд хийж байгаа шүү дээ. Цаашдаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр ганц хоёр гаж нөлөө гарч байна л даа. Эдгээрээс Америкт нийт 250 мянга орчим хүн вакцин хийлгэсэн байхад зургаан хүнд нь хариу урвал үзүүлжээ. Өөрөөр хэлбэл, гэнэт алергиний шоконд орж байна гэсэн үг. Шинжлэх ухааныхаа хувьд санаа зовоосон ийм зүйл бий. Энэ гаж нөлөө юунаас болж байгаа талаар олон талаас нь авч хэлэлцэж анхааран ажиллаж байна. Полиетилен гликол гэх бодистой холбоотой байх боломжтой гэж үзэж байгаа ба энэхүү бодис олон төрлийн эм, бусад бүтээгдэхүүнд хэрэглэгддэг тул тийм өргөн хүрээнд гарахгүй болов уу гэсэн таамаглал байна. Гэхдээ сайн талыг нь дурдвал, энэхүү шок нь хурдан хугацаанд болдог. Тиймээс ч АНУ-д харшил өгч магадгүй хүмүүс тариулсан газраа 30 минут урвал илрэх эсэхийг хүлээж байгаа. Хэрэв урвал илэрсэн тохиолдолд тэр дор нь эмчилгээ хийх боломжтой гэсэн үг.
-Монголд аль вакцин нь тохирох вэ?
-“Moderna” компанийн вакцин арай гайгүй байх. Харин Biontech-ийн вакцин нь хасах 70 градуст хадгалах хэрэгтэй учраас төвөгтэй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хадгалалт тээвэрлэлтийн тусгай горимтой учраас манай улсын хувьд Улаанбаатар хотоос өөр газарт үүнийг хийхэд хэцүү л дээ. Гэхдээ энэхүү вакцин маш сайн үр дүн үзүүлж байгаа учраас тахлаас хамгаалахад илүү үр нөлөөтэй гэдэг нь харагдаж байна. Хэдэн сарын дараа олон хүнд вакцин хийгдэж, манай улсад илүү нотолгоотой болсон хойно орж ирэх боломжтой. Харин Astra Zeneca компанийн вакциныг 4-8 градуст хадгалж болно. Astra Zeneca нь тээвэрлэх, хадгалах тал дээр амархан учраас манай орны вакцины сүлжээн дээр хийж болохоор, үнэ нь ч хямдхан. Тэгэхээр Astra Zeneca нь манай орны тухайд арай илүү аваад хийхэд тохиромжтой юм болов уу. Гэвч үр дүн нь нөгөө хоёр вакцинаа гүйцэхгүй харагдаад байгаа. Үүнийг Англид батлаад долоо хоногт сая хүнд хийхээр төлөвлөж байна.
-Бид одооноос эрчимтэй хөөцөлдөөд вакцинаа захиалаад ирвэл монголчууд хэвийн амьдралдаа буцаж шилжихэд хэдхэн сарын хугацаа байгаа гэсэн үг үү?
-Яг тийм. Бид вакцинаа хийгээд хүн бүр хоёр тунгаа авчихвал ерөнхийдөө хэвийн амьдралдаа шилжих боломжтой болно гэсэн үг. Нөгөө талаас вакцин маань зургаан сарын хугацаанд маш сайн хамгаалж чадах юм байна гэдэг нь тодорхой байгаа. Тэрнээс урт хугацаанд хамгаалах эсэх нь хугацаа явах тусам тодорхой болно. Хамгийн гол нь бидний хувьд аль ч утгаараа бодсон вакциныг хамгийн хурдан хугацаанд авчирч хийх тал дээр хүч тавьж ажиллах шаардлагатай байна.
-Pfizer/Biontech компанийн гаргаж буй вакцин нь РНХ-д суурилсан гэж байгаа. Тэгвэл генетик гэхээр хүний генд нөлөөлөх үү, сөрөг үр дагавар бий юү?
-Хэдийгээр генетикийн вакцин гэж нэрлэгдэж байгаа ч хүний генд нөлөөлөхгүй. Өөрөө генетикийн материал ч гэсэн бидний эсийн дотор талд бөөмд нэвтрэх боломжгүй. Чухамдаа бидний эс дотор рибосом дээр очоод коронавирусийн титмийн уургийг эсээс гаргадаг гэсэн үг.
-Шинэ төрлийн мутацид орж буй вирус нь өмнөхөөсөө халдварлах чадвар нь 70 хувь илүү байна гэдэг мэдээлэл бий. Ер нь мутацилагдаж байгаа нь вирусийн эсрэг вакцины хөгжилд нөлөөлөх үү?
-Дархлаажуулалт тогтоож байгаа процесс нь нэлээн өргөн хүрээтэй. Генетикийн мэдээллийн РНХ-ийн код өгөхөөр зөвхөн тухайн дараалалтай юман дээр нөлөөлнө гэсэн үг биш. Бидний дархлааны систем өөрөө маш гоё систем л дээ.
Өөрөөр хэлбэл, B эсийн дархлаа үүсээд, дараа нь дахиад T эсийн дархлаа гэж үүснэ. Ийм хоёр давхаргатай гэсэн үг. Хялбар үгээр тайлбарлавал, тариулсан вакцин ганцхан зүйлд үйлчилдэг биш, түүнтэй төстэй зүйлд ч харилцан үйлчлэх боломжтой өргөн хүрээний хамгаалалтын механизм үүсч байгаа. Өөрөөр хэлбэл, олон төрлийн давхар хамгаалалтын механизм үүсчихэж байгаа юм. Тэр хамгаалалтын механизм маань вирус бага зэрэг өөрчлөгдөж мутацилагдсан ч хамгаалах чадвартай үүснэ гэж ойлгож болно. Гэхдээ дараагийн 2-3 долоо хоног, сарын дараа шинээр мутаци гарсан вируст яг ямархуу хэмжээний дархлааны механизм бий болсон, дархлааны механизм нь хэр үр нөлөөтэй байх эсэх нь тодорхой болно. Энэ вакцинууд яаж ажиллаж, дархлааны механизм үүсдэг зэргийг нь харахад мутаци айхавтар сүрхий нөлөөлөөд вакцины чадварыг бууруулаад байх зүйлгүй. Мутацийн хамгийн гол өөрчлөгдөөд байгаа юм нь тэр вирус өөрөө хүлээн авагч буюу эсийн гадна талд байдаг янз бүрийн хүлээн авдаг уургуудтай холбоотой. Мутацийн дүнд “Sars-Cov-2” вирус бидний эсийн гадаргууд байдаг хүлээн авагч уургуудтай холбогдох чадвар нь нэмэгдэж байна.
-Энэ байдлаар Монголд вакцин жилийн дараа орж ирнэ гэсэн үг үү?
-Англи улс нэгдүгээр сарын 4-нөөс эхлээд Astra Zeneca-ийн вакциныг маш өргөн хүрээнд хийж эхэлнэ гэж байна. Тэдний төлөвлөснөөр “Бид дор хаяхад гурван сар хүртэл хязгаарлалттай амьдрахаас аргагүй. Яагаад гэвэл энэ тоо маань маш өндөр хэмжээнд хурдан хүрэхгүй байгаа” гэсэн юм.
Манай улсын тухайд яахын аргагүй вакцин их хэмжээгээр олдохгүй байна. Олоод ирлээ гэхэд тэр хүмүүст маань хийгдээд хоёр дахь тунгаа авна гэдэг нь дахиад сарын хугацаа байна шүү дээ. Тэгэхээр аль чадахаараа түргэвчлэхийн тулд нэн түрүүнд вакцинаа хаанаас авах вэ гэдгээ одооноос хөөцөлдөж эхлэх хэрэгтэй. Ганцхан Ковакс хөтөлбөрт найдаад суувал дахиад жил гаруй хугацаанд энэ хэвшлээр амьдрах нь ээ. Манайх хүн амын тоо цөөхөн учраас давуу талаа ашиглаад зөв хөдөлж чадвал бидэнд боломж байгаа л даа.
П.САЙНЖАРГАЛ