Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн номын сан, Хүүхэлдэйн театрын барилгын ажил энэ онд эхэлнэ

Үр хүүхдээ ялгаж, хайрладаг, зааглаж ханддаг эцэг эх бараг үгүй биз ээ. Тиймдээ ч хүүхдийн төлөө гэсэн зүйлд чин сэтгэлээсээ нэгдэн оролцож, дэмжин зүтгэсэн ард олныхоо сэтгэлийн үр шимээр бий болох Хүүхдийн төлөөх цогцолбороор хэн ч улс төр бүү хийгээсэй. Хар, хир, хор бүү наагаасай. Итгэж ядаад, баригдахгүй гэж бодоод зүрх чинь базлаад байвал хэлээ хазаад дулааны зах л хүргээд өгөөч гэж хүсье.

Утасны товчлуур, компьютерийн гартайгаа ноцолдож байх зуур тань ажил үргэлжилж, амьдрал буцалж байдгийг бүү мартаарай.

Соёлын яамнаас танилцуулсан Хүүхдийн төв номын сан болон Хүүхэлдэйн театрын цогцолборын загвар зургийг та харж байна. Чингэлтэй дүүргийн V дугаар хороонд байрлах 1.1 га газар буюу та бидний хэлж заншсанаар Тасганы овоон дээр баригдах энэ цогцолборын бүтээн байгуулалт ирэх хавар эхэлнэ. Хүүхдийн төв номын сан зургаан давхар, 27 метрийн өндөртэй бол Хүүхэлдэйн театр нь дөрвөн давхар байхаар төлөвлөжээ.

МОНГОЛД ӨМНӨ НЬ ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН ИЙМ ЦОГЦОЛБОР БАЙГААГҮЙ

h2-1024x576 Хүүхдийн номын сан, Хүүхэлдэйн театрын барилгын ажил энэ онд эхэлнэ

Байсан бүхнээ үгүй хийчихээд дахиж барих гэлээ хэмээн шүүмжилж байгаа хүмүүст нэг түүх сануулъя. Хүүхдүүдэд тусгайлсан номын сан хэрэгтэй тухай анх 1957 онд анхааралдаа авч 862 мянган хүн амтай Улаанбаатар хотын иргэд эхний ээлжинд үйлчлүүлнэ хэмээн тооцож Улсын нийтийн номын санд хүүхдийн уншлагын танхим нээж байжээ. Цаашилбал 1964 онд хүүхдэд зориулсан бие даасан номын санг 40 мянган ном, 50 уншигчийн суудалтайгаар 40 мянгатын орон сууцны хорооллын нэгдүгээр давхарт оруулсан байна. 1979 оныг Олон улсын хүүхдийн жил болгон зарласантай холбогдуулж, тухайн үеийн Хүүхдийн төлөө фондын санаачилгаар өмнө нь Болгарын элчин сайдын яам байрлаж байсан хоёр давхар барилгад нэг дор 100 хүүхэд үйлчлүүлэх боломжтой болгож Хүүхдийн номын сангаа өргөжүүлсэн ч, харамсалтай нь 1990 онд нүүлгэн шилжүүлэх Засгийн газрын тогтоол гарч МХЗЭ-ийн Төв хорооны байрны нэгдүгээр давхарт оруулсан бараан түүхтэй.

Эрдэм мэдлэгийн үүсгэлийг ингэж хойш тавиад зогсохгүй байрыг нь хувьчилж, статусыг нь үгүй хийгээд Улаанбаатар хотын нийтийн номын сангийн хүүхдийн уншлагын танхимд фондыг нь шилжүүлээд 13 жил таг мартсан. 2000-2004 оны Засгийн газар Хүүхдийн номын ордон байгуулахаар үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусгаснаар Соёлын төв өргөөнд байрлаж байсан Улсын төв номын сангийн салбарын чиг үүргийг өөрчилж хүүхэд багачуудад зориулан 2003 оны тавдугаар сарын 9-нд нээж байсан аж. Ингээд л гүйцээ. Яг өнөөгийнх шиг Хүүхдийн номын санг бий болгох ёстой гэдгийг 2000 оноос хойш Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулсаар байсан ч төсөв мөнгөгүйн улмаас хойшлогдсоор өдий хүрсэн. Тэгвэл мөнгөгүй гээд гараа хумхиад суух уу, өөр гаргалгаа хайж шийдэлд хүрэх үү гэдэг замын үзүүрт л энэ хандив, фондын санаачилга эхэлсэн юм.

Хүүхэлдэйн театр ч гэсэн ижил түүхтэй. Ард кино театрын хуучин барилга буюу Барилгачдын талбайн өмнөх хоёр давхар байшинд нэг тайз хуваан оршиж байгаад 1959 онд барилга нь нурах аюултай болсноор өдий хүртэл УДЭТ-ын зүүн бөөрөнд байрласаар өдий хүрлээ. (Тухайн үедээ Монголын залуучуудын ордны цэнхэр танхим).

Байгуулагдсан цагаасаа хойш буюу 73 жилийн турш өөрсдийн байртай болж, зориулалтын тайзнаас хүүхэд багачуудтайгаа мэндчилэх ирмүүн хүсэл тэмүүлэлтэй ажилладаг хамт олон 150 үзэгчийн суудалтай танхимдаа жилд 18 мянга орчим хүүхэд хүлээн авч, үзвэрээ хүргэж байна.
Хүүхдэдээ хайртай ч тэднийг хөгжүүлэх, өөрсдийгөө нээх байгууламжид гар татаж, хойш тавьж алгуурласаар ирсэн түүхийг XXI зуунд ч бид давтах ёстой гэж үү. Хийе гэвэл арга нь олддог, хийхгүй гэвэл шалтаг олддог гэдэг байх аа.

ХҮН БОЛ, ӨӨРИЙГӨӨ ОЛ, НҮДЭЭ НЭЭ

h3-1024x576 Хүүхдийн номын сан, Хүүхэлдэйн театрын барилгын ажил энэ онд эхэлнэ

Харанхуй мунхаг, оюун санааны хоцрогдолгүй, бие даасан, эрх чөлөөтэй, үзэл бодлоо хамгаалдаг зөв монгол иргэнийг бий болгохын тулд хүүхдүүдийнхээ оюун санаа, бие бялдрыг эрүүл байлгах нь эцэг эхийн ч тэр, энэ улс эх орны ч тэр үүрэг нь. Гэр бүлийн орчиндоо юугаар ч дутаалгүй өсгөх нь эцэг эх таны хариуцлага. Харин энэ нийгмийн дунд хөгжих боломжоор тэднийг хангах нь бүх хүний л үүрэг юм. Тэр дундаа Төр засаг бодлогоор энэ бүхнийг дэмжих учиртай. Энэ удаагийн Засгийн газар ч яг ийм зорилгоор соёлын салбарын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, ойрын үед олгоогүй хөрөнгө оруулалт хийж буй нь сайшаалтай. Харамсалтай нь харах нүд, бодох оюунаа боомилуулсан хэсэг нь хүнд хэцүү цагт театраа боль, соёлын ордноор яах юм, музейд хэн очих юм бэ гэх маягаар хар сүүдэр тусгах гэж санаархсаар л байна.

Соёлын салбарын 7,000 ажилтан тэднээр үйлчлүүлдэг сая сая хүмүүс үүний эсрэг байгаа гэж найдна. Шинэ оны өмнөхөн Засгийн газар Хүүхдийн төлөө фонд байгуулахыг дэмжиж, цаашид нэмэгдэх төсөв хуваарилсан ч ийм учиртай. Төрийн өндөрлөгүүдээсээ эхлээд хүүхдийн төлөө хамтдаа зүтгэх гэж нэг зүгт хараад байна.

Театрын уран бүтээл хүүхдүүдийг уран сэтгэмжтэй, бүтээлч болгож өөрчилдөг бол номын санд очсон хүүхдүүд оюунаа тэлэхээс гадна бусдыг хүндэлдэг, соёлтой болно гэдгийг ширхэг бүрчлэн тайлбарлах нь илүүц биз. Гар утас, телевиз ширтэн цахим хамааралтай боллоо хэмээн бид ирээдүйн иргэдийнхээ өмнөөс гасалж, очоод цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх газар байдаг сан бол гэж шаагилддаг.

Дайны үед ч бүтээн байгуулалт хийж их сургууль барьж байсан ард түмэн Хүүхдийн төлөөх бүтээн байгуулалтад гар татах учиргүй. Хүн болж, өөрийгөө танин мэдэх ухаанд та ч үлгэрлэнэ, тэдний орчин ч нөлөөлнө гэдгийг бүү мартаарай.

МОНГОЛ УЛСЫН ХҮН АМЫН 38 ХУВЬ НЬ ХҮҮХДҮҮД

h4-1024x557 Хүүхдийн номын сан, Хүүхэлдэйн театрын барилгын ажил энэ онд эхэлнэ

Иргэдийнхээ 38 хувьд хамаатай бүтээн байгуулалтын төлөө энд ярьж, бичиж буй. Бас ирээдүйн Монгол Улсыг жолоодогчдын тухай ч цаана нь хөндөгдөж байгаа. Эрдэм мэдлэг, соёл боловсролыг эрхэмлэгчдийг бий болгох уу эрх мэдэл, эд хөрөнгөний боолуудыг төрүүлэх үү. Хатуухан хэлэхэд хоёр дахь сонголтод арай ойр яриа л эдүгээ өрнөөд байх шиг.

Баталгаат эх сурвалжаас мэдээлэл хүлээн авах дадалгүй, хөөсөрсөн, худал мэдээлэлд амархан итгэдэг, хүний үгэнд оромтгой, өөрийн гэсэн бодолгүй хэсэг нь өнөөдөр нийгмийн дунд дэндүү давамгайлсан нь оюун санааны боловсролыг хойш тавьсантай холбоотой хэмээн мэргэжлийн хүмүүс, эрдэмтэн мэргэд дүгнэдэг.

1.2 сая хүүхдүүдийн минь 528 мянга нь буюу 42 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байна. Тэгэхээр 800 гаруйхан мянган хүн амтай байхдаа л Хүүхдийн номын сан байгуулах хэрэгцээг тодорхойлж байсан хэрнээ өнгөрсөн түүхийн алдааг давтан нэгэн жарны дараа ч гар хумхин сууж болохгүй.
Таны, бидний, олон нийтийн өгсөн хандив бүр нээлттэй, шилэн данстайгаар бүтээн байгуулалтын ажилд зарцуулагдаж Хүүхэлдэйн театр, Хүүхдийн төв номын сангийн цогцолборыг удахгүй бүтээнэ.

ХҮРЭХЭД ОЙР НОМЫН САН, ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ТЕАТР

Тасганы овооны налуу байдал болон газрын нөхцөл байдал уялдуулан төслийн зургийг боловсруулсан билээ. Байршил нь ч хаанаас ч хүрэхэд ойр байгаа нь таатай. Тухайлбал Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг хүүхэд Баянхошуунаас зурагтын замаар уруудан номын санд ирэх боломжтой бол нэгдүгээр хороолол орчмоос энэ хүртэл тав хүрэхгүй километр байдаг.

Түүнчлэн төв талбайгаас 1.5 км зайтай энэ цогцолбортой 50, 5, 24, 23, 1-р сургууль ойр байрладаг. Мэдээж бүх хүүхдэд хүртээмжтэй байх үүднээс салбар номын сан хаа сайгүй л байх учиртай. Эхний ээлжинд Хүүхдийн төв номын сангаа зориулалтын барилга байшинтай болгоод авчихвал дараагийн алхмуудыг ч хийх боломжтой болох нь дамжиггүй.

Энэ цогцолбор нь архитектур төлөвлөлтийн хувьд ч түүх дурсгалын байгууламжтай ойр, цэцэрлэгт хүрээлэн байгуулах талбайтай учраас бас нэгэн давуу талтай.

Номын санд сургуулийн өмнөх насныхан болон бага, дунд ангийнханд зориулсан танхимыг тусгайлан шийдэж, өрнө, дорно хэлний 6-7 танхимтай байлгахаар төлөвлөжээ. Мөн хүүхдийн амрах, тоглох орон зай, хичээл хийх орчинг бий болгож, кафе хурлын танхимтай орчин үеийн номын сан байгуулах юм.
Харин Хүүхэлдэйн театр нь 600 хүүхдийн суудалтай их танхим, 150 хүүхдийн суудалтай бага танхимтайгаас гадна 5D танхим, энтертайнмент төв, хүүхэлдэйн музей болон дулааны улиралд ашиглаж болох задгай театртай төлөвлөгдсөн байна.
Хүүхдийн зохиолч О.Сундуй “Ном бол миний бодлоор ухаарахуйн тулах цэг. Хүүхэд номд дурлахгүй өсөх аваас тулах цэггүй жингүйднэ” хэмээн бичсэн байдаг. Ухаарахуйн тулах цэг болсон Номын сангаа, уран сэтгэмжээ хөгжүүлдэг театраа байгуулчихвал та бидний эндүүрэл ч дараагийн хэдэн жилдээ багасах биз ээ.
Хүүхдийн хөгжлийн төлөө зориулсан сэтгэл, бүтээх гэж ажлыг бүү харлуулаарай хэмээн эрх олон түмнээсээ энэ завшааныг ашиглан хүсье.

Эх сурвалж: Соёлын яам

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

DNN-Тодруулга: Ахмадууд “Цагаан сар тэмдэглэхгүй байх шийдвэрийг дэмжиж байгаа ч ёсоо дагаж идээ засна” гэлээ

“DNN-Тодруулга” буланд ахмад настнууд цаг үеийн асуудлаар үзэл бодлоо илэрхийллээ.

Баянгол дүүргийн 10-р хорооны иргэн Б.Зулзага / 71 настай / :

Цахилгаан, дулаан хэрэглээний зардлуудыг шийдээд өгчихсөн учраас бид засаг төрийн шийдвэрийг дагаад, гэр гэртээ байхаас илүү сайхан зүйл алга. Бидний зүгээс өөрийнхөө болон хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалах цорын ганц хийж чадах зүйл энэ учраас хүүхдүүддээ ч мөн гадагшаа гарахгүй байх, дэглэмээ сахиж мөрдөхийг захиад сууж байна. Тэтгэвэрийн хувьд зөвхөн хоол ундад л зарцуулагдаж байгаа. Огцом зардал гаргачихсан байсан болохоор өвлийн хүнсээ таньдаг хүнээсээ хагасыг нь зээлж авах жишээтэй нөөц муутай цар тахлын үеийг даван туулж таарлаа. Ямар нэгэн илүү зардал гаргахгүй байгаа. Тэтгэврийн хэмжээ доод хэмжээгээр тогтоогдсон болохоор их л арвилан хэмнэхгүй бол болохгүй юм байна. Ийм байхад Цагаан сар тэмдэглэхгүй байх нь ч зөв. Манайх ууц, хэвийн боов бэлдэхгүй, хүүхдүүдээ ч ирээд хэрэггүй гэж хэлнэ. Бэлгэдлээ бодоод хонины өвчүүгээ чанаад, жижиг таваг засаад уур амьсгал оруулах төдий л өнгөрөөе гэсэн бодол байна. Түүнээс биш илүү боов хатааж, мах үрж байх шаардлагагүй.

Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны иргэн А.Булган /67 настай/ :

-Энэ жил хэцүүхэн жил болж байна. Үр хүүхдүүд маань хааяа л хоол, хүнсний материал дөхүүлж ирдэг юм. Хөл хорио тогтоосон энэ үед аргагүй дээ. Би нэг ачтайгаа хамт байгаа. Бид хоёр ч яахав энэ хэдийнхээ дөхүүлж өгсөн хүнсээр өдөр хоногоо болгоод л тэтгэврийн хэдэн төгрөгөөрөө завсар хийгээд болоод л байна. Цагаан сар хийхгүй гэсэн ч идээ ундаагаа засаад гэр орондоо ёс үйлдээд өнгөрөхөд болно. Яаж уламжлалт баяраараа гар хоосон яаж суухав дээ. Ёс болгоод нэг айл нь идээ, ундаагаа бэлдчихэж болох байхаа заавал айл болгон ёс үйлдээд яахав хүүхдүүдийнхээ өмнөөс цайныхаа дээжийг өргөөд энүүхэн хоорондоо болгочихно л гэж бодож сууна. Манай хүүхдүүд ихэнх нь ажил төрөлтэй зарим нь гэрээсээ ажиллаж байгаа. Утсаар байнга ярина. Зарим ач, зээ маань эмээгээ санаад байна гэж уйлж байгаа сурагтай. Цаг сайхан болоод бүгдээрээ элэг бүтэн уулзаж байвал бусад нь яахав ээ.

Чингэлтэй дүүрэг 7хороо С.Сарантогтох / 65 настай / :

-Би өвгөнтэйгээ нэг зээтэйгээ хамт амьдардаг. Хоёр хүү, нэг охинтой хүүхдүүд маань бүгд тусдаа гарсан. Том хүү маань хуулийн байгууллагад ажилладаг болохоор өдөр шөнөгүй л завгүй байх шиг байна. Хааяа бид гурвыг эргэж ирнэ. Ойр зуурын хүнсийг маань дөхүүлж өгдөг юм. Харин бага хүү маань хувиараа ажил эрхэлдэг байсан одоо хэцүүхэн л байх шиг дуулдана. Аргагүй дээ хоёр сар ажил төрөл хийж чадсангүй. Бид хоёр ч яахав тэтгэврээ аваад өдөр хоногоо болгоод л байна. Цагаан сар тэмдэглэхгүй гэсэн маш зөв шийдвэр байлаа. Энэ их халдвар гарчихаад байхад баярлаж, цэнгэж байх цаг үе биш шүү дээ. Харин ч шинэ жилийг ч гэсэн хорих ёстой байсан юм. Тэр бялуунд оочерлож байгаа хүмүүс үнэхээр ухамсар муутай байна. Тэрийг идэхгүй байлаа гээд үхчихгүй шүү дээ манайхан жоохон хариуцлагатай байхгүй бол өдөр өнгөрөх тусам л 20-30 халдвар нэмэгдээд байна шүү дээ. Цагаан сарын үеэр хөл хориогоо бүр чангатгахгүй бол яг л ноднин жилийнх шиг ууц булаацалдаад зодолдоод эхэлнэ. Ийм л ухамсар муутай хүмүүс шүү дээ.

Увс аймгийн иргэн Д. Хоролоо / 71 настай / :

-Эмээ нь бага хүүгийндээ амьдардаг. Хүүхдүүд маань ажил төрлөө хийгээд л, би 3 настай ачаа хардаг юм. Манай нутагт халдвар гараагүй болохоор тайван л байцгаана. Өдөр болгон л “Цагийн хүрд” үздэг. Улаанбаатарт маань хэцүүхэн л байх шиг байна. Энэ халдвар энгийн зүйл биш бололтой, хүн бүр л дор бүрнээ хичээхгүй бол амар салчих өвчин биш байна. Би ч тэтгэврээ аваад хэдэн хүүхэдтэй нэмэр болж л байна. Цагаан сар ч яахав. Цайныхаа дээжийг өргөөд мөрөө гаргахад болох биз, эрүүл байхад бүх зүйл болно доо. Заавал хориод байхад үр хүүхдүүдээ дуудаад баяр ёслол тэмдэглээд юу гэхэв, удахгүй цаг сайхан болохоор аяндаа уулзаж учирцгаана биз.

Чингэлтэй дүүргийн 10-р хорооны иргэн С.Батдорж / 65 настай/ :

Цар тахал бидний амьдралд урьд нь тохиож байгаагүй хүнд сорилт болж байна. Тэтгэврийн таван цаас нь хаанаа ч хүрэхгүй, хүүхдүүд ажилгүй, ажиллаж байгаа газар нь цалингаа өгөхгүй байна. Тэтгэврийн мөнгө хоол унд, түлээ нүүрсэнд зарцуулагдаад л таарч байна. Цагаан сарын тухайд тэмдэглэхийг хориглох шийдвэр гарсан ч ах дүү, гэр бүл дотроо ёсолно. Ууц, хэвийн боовоо бэлдэнэ. Олж байгаа орлого байхгүй, олсон мөнгө нь хүрэлцэхгүй, иргэд ажилгүй, орлогогүй болсон энэ хүнд үед Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн өрх бүрт 1 сая төгрөг өгөх санаачлагыг нь зөв гэж бодож байна. Төр засаг ядарсан иргэддээ одоо л гар сунгах ёстой шүү дээ

Дархан-Уул аймгийн 9-р багийн иргэн Ц.Оюундэлгэр / 62 настай/:

Цагаан сарын баярыг хориглох Засгийн газрын шийдвэрийг зөв гэж бодож байгаа. Гэхдээ манай гэр бүлийн хувьд айл хэсэхгүй зөвхөн гэр бүлийн хүрээнд жижиг ул боов засаад, цомхон боловч тэмдэглэнэ. Засгийн газраас тэтгэврийг жаахан нэмбэл амьдралд хэрэгтэй л байна. Гэхдээ засаг маань өнгөрсөн жил тэтгэврийн зээл, энэ жил хэрэглээний төлбөрүүдийг тэглэсэн учраас төсөв, мөнгө муутай байгаа болов уу. Тийм учраас бодолцоод энэ жилдээ тэсээд л амьдаръя гэж бодож байна.

Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны иргэн Д.Сандуймаа /70 настай/:

-Хүүхдүүддээ тус болохоос илүү аваад л байх шиг байна. Манай хүүхдүүд гэрээсээ ажиллаад нэмэр болж л байгаа. Бүгд гэртээ байгаа энэ үед хүнс бараа ахиу орох юм. Сарын 600 мянган төгрөгийн тэтгэврээ мөн хүнсэндээ хэрэглэнэ. Өвлийн идэшээ авчихсан учир айх зүйлгүй, гэрээсээ гарахгүй байгаа. Цагаан сараар ямар нэгэн юм бэлдэхгүй гэж бодож сууна. Коронавирусээр хоёр ч хүн нас барсан гэж сонсогдсон. Хүүхдүүд маань хүнсний жаал юм бэлдэж өгдөг болохоор хоосон хонохгүй болно доо.

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны иргэн Ч.Оюунцэцэг /65 настай/:

-Би чинь сардаа 350 мянган төгрөгийн тэтгэвэр авна. Манай хүүхдүүд төрийн албанд ажилладаг болохоор их тусалж дэмжинэ. Энэ өвчин гайгүй байвал Цагаан сарынхаа идээ, ундааг бэлдэнэ дээ. Гадуур өвчин их гарч байгаа учраас гэртээ зурагт үзээд л гарахгүй байгаа. Хөдөлгөөн дутагдаж байна.

Чингэлтэй дүүргийн VII дугаар хорооны иргэн Д.Давааням /55 настай/:

-Өнгөрсөн жил Цагаан сар хийгээд сүйд болоогүй. Энэ жил ч бас өнгөрсөн жилийнхтэй адил тавгийн идээгээ хэдэн үеэр өрөөд л гэр бүлийнхээ хүрээнд цомхон тэмдэглэчихнэ дээ. Хүүхдүүд маань ойрхон байгаа нь ороод л ирэх байх. Гадаа өвчинтэй байна, тэднийгээ ир гэж хэлэхгүй. Сардаа тэтгэврийнхээ 350 мянган төгрөгийг авчихна. Манай гэр бүл өнөр олуулаа болохоор хүүхдүүд маань их дэм болдог. Бид хоёр чинь хоёр ачтайгаа хамт амьдардаг. Гэр цэвэрлэх, хоол хийх гээд бүгдийг манай хоёр ач хийчихнэ. Хөгшин бид хоёр өдөржингөө зурагт үзээд, хоорондоо шагай няслаад сууна даа. Гарч орохгүй хүмүүс чинь тийм л зүйл хийх байх даа.

www.admin.dnn.mn

Categories
мэдээ нийгэм

Д.Нарангэрэл: Тэг зогсолт хийх санал гаргаагүй

Улаанбаатар хотод эх үүсвэр нь тодорхойгүй, коронавируст халдварын голомт нэмэгдэж буй. Тиймээс хөл хориог сунгаж, тэг зогсолт хийх санал гаргасан эсэх тухай асуултад өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэл өглөө.

ЭМЯ-ны ахлах шинжээч Д.НарангэрэлТэг зогсолт хийхийг Эрүүл мэндийн яам дангаар шийддэггүй. Цар тахал, гамшгийн тухай хуулийн дагуу ЭМЯ, ОБЕГ, ХХААХҮЯ, МХЕГ зэрэг 17 байгууллагын төлөөллөөс бүрдсэн баг эрсдэлийн үнэлгээ хийсний үндсэн дээр тодорхой шийдвэр гаргах саналаа Засгийн газарт хүргэдэг байна.

Д.Нарангэрэл хэлэхдээ, “ХӨСҮТ бол ДЭМБ болон дэлхийн 173 орон баталсан олон улсын эрүүл мэндийн дүрмийг хэрэгжүүлэгч байгууллагын үүргийг Монгол Улсдаа болон ДЭМБ-ын өмнө хүлээдэг. Тэгэхээр энэ байгууллагын үнэлгээ, дүгнэлтийн үндсэн дээр ЭМЯ саналаа гаргадаг. Одоогоор ийм санал гаргаагүй байна” гэв.

Categories
мэдээ нүүр-хуудасны-шинэ-оцлох цаг-үе

​АНУ: Конгрессын төлөөлөгчдийн танхим ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгийн талаарх хэлэлцүүлгээ дахин эхлүүлжээ

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим лхагва гаргийн орой Дональд Трампыг дэмжигчдийн дэгдээсэн үймээн самууны улмаас тасалдсан ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгийн талаарх хэлэлцүүлгээ дахин эхлүүлжээ.

Хурал Конгрессын доод танхимын дарга Нэнси Пелоси үг хэлснээр эхэлсэн бөгөөд “C-Span” телевизээр шууд дамжуулж байна.

АНУ-ын Конгрессын хоёр танхим лхагва гарагт хамтарсан хуралдаанаараа 11 дүгээр сарын 3-нд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг батлах ёстой байв. Гэвч Бүгд Найрамдах намын хэд хэдэн гишүүн сонгуулийн дүнг эсэргүүцсэн тул тус тусдаа хэлэлцэж, санал хураахаар хамтарсан хурлыг зогсоожээ. Хоёр танхим эсэргүүцлийг хэлэлцэж эхэлснээс хойш хэсэг хугацааны дараа жагсагчид Конгрессын байр руу дайран орсон байна. Сенатын танхим хурлаа цагийн дараа дахин эхлүүлжээ

Categories
амьдралын-өнгө мэдээ улс-төр

Цэцийн 12 дугаар дүгнэлтийг УИХ хүлээж авахаас татгалзлаа

УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн 12 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Цэцийн Дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг өнгөрсөн сарын 25-нд хянан хэлэлцсэн. Улмаар энэхүү хууль нь бүхэлдээ Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд буй. Өөрөөр хэлбэл, 2017 оны долоодугаар сарын 1-нээс 2020 оны нэгдүгээр сарын 10 хүртэлх хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон авлига, албан тушаалын хэргүүдийг сэргээн шалгах зохицуулалтыг тусгасан хууль Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц дүгнэсэн юм. Харин Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авах боломжгүй гэж үзлээ.

Ингэснээр уг асуудлыг Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэхээр болов.

Чуулганы хуралдааны хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд үг хэлснийг тоймлон хүргэе.

С.Одонтуяа “Би Цагаатгалын комиссын даргын хувьд олон хүн хэлмэгдсэн хэрэгтэй танилцаж байна. Улс төрийн нөлөө маш их ордог юм байна. Улстөржихгүйгээр хүний эрх, эрх чөлөөг хамгаалах нь чухал бус уу. Авлигачдыг дэмжсэн зохицуулалтыг өмнөх парламент баталсан. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр авлига, албан тушаалын олон хэрэг хэрэгсэхгүй болсон. Үүнийгээ засах гэж байгаад хүний эрхийн асуудлыг бүр дордуулчихлаа” гэв.

Х.Нямбаатар “2017 оны долоодугаар сарын 1-нээс өмнө тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээд эрүүгийн хариуцлагад татагдах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолдог байсан. Харин 2017 оны долоодугаар сарын 1-нээс хойш гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг шүүхийн шийдвэр гарах хүртэл тоолдог болсон. Ингэснээр гэмт хэрэгт холбогдогчид шүүх хуралдааныг хойшлуулах, хуралдуулахгүй байх арга сэдэж эхэлсэн. Өмгөөлөгчөө солих, хүндэтгэх шалтгаан хэлэх гэх мэт сөрөг үр дагаврууд гарсан.

Эрүүгийн хэм хэмжээнд хоёр маргаантай асуудал байдаг. Материаллаг хэм хэмжээ буюу эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж болдог. Өөрөөр хэлбэл, холбогдогчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх, ял шийтгэлийг багасгах бол буцаан хэрэглэж болно. Харин процессын хэм хэмжээг буцаан хэрэглэдэггүй. Үндсэн хуулийн Цэц нь эрүүгийн хуулийн 1.10 дахь заалтыг процессын шинжтэй хэм хэмжээ гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна” гэлээ.

Т.Аюурсайхан “Хуульд өөрчлөлт оруулж, хөөн хэлэлцэх хугацаагаар олон хэргийг хэрэгсэхгүй болсон. Ийм завхралыг бий болгосон асуудлыг хэн хариуцах вэ. Энэ асуудлыг шийдвэрлэхээр журмын хууль баталсан. Гэтэл энэ нь Үндсэн хууль зөрчсөн болчихлоо. Бид өнөөдөр Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй байж болно. Гэвч Цэц Их суудлын хуралдаанаараа дахиад л ингэж шийдвэрлэнэ. Ийм эвгүй байдалд парламентыг оруулж байна шүү дээ. Цаашдаа яаж алдаагаа засах юм бэ. Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах эсэхээ бодох хэрэгтэй”хэмээв.

Categories
мэдээ нийгэм

БНСУ руу зорчих иргэдийн анхааралд

БНСУ-ын Засгийн газраас 2021 оны 1 дүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн тус улсын хилээр зөвхөн сүүлийн 72 цагийн дотор Ковид-19 PCR шинжилгээ өгч, сөрөг гарсан хариу бүхий хуудастай гадаад иргэнийг нэвтрүүлэх шийдвэр гаргалаа.

Манай улсын иргэдийн хувьд дээрх шинжилгээний хуудсыг Монгол Улсын эрх бүхий байгууллагаас англи хэл дээр авсан байх шаардлагатай ба хэрэв монгол хэл дээр байвал англи эсвэл солонгос хэлний баталгаат орчуулга хийгдсэн байх шаардлага тавигдаж байна.

Дээрх баримт бичиггүй тохиолдолд агаарын тээвэрлэгч компани зорчигчийг онгоцонд суулгахгүй бөгөөд хилийн шалган нэвтрүүлэх явцад шинжилгээний хариу нь 72 цагаас хэтэрсэн, эсвэл шинжилгээний хариугүй иргэдийг нэвтрүүлэхгүй аж.

Энэ дашрамд дурдахад 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш БНСУ-руу зөвхөн тус улсад байнга оршин суух визтэй эсвэл эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авах шаардлагатай гадаадын иргэдийг нэвтрүүлж байгаа болно.

Гадаад харилцааны яам Консулын газар

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-шинэ-оцлох

Өмнөговь аймаг хоёрдугаар сарын 1 хүртэл уурхайн ажилчдыг нэвтрүүлэхгүй

Өмнөговь аймгийн удирдлагууд хоёрдугаар сарын 1 хүртэл уурхайн ажилчдыг нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргалаа.

Тодруулбал Тавантолгой, Оюу толгой, Нарийн сухайтын бүлэг ордын уул уурхайн аж ахуй нэгж байгууллагын ажилчид, жолооч, иргэдийг хоёрдугаар сарын 1 хүртэл нэвтрүүлэхгүй байхаар аймгийн онцгой комиссын хурлаар шийдвэрлэжээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

​УИХ-ын гишүүн С.Батболд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд бэлэн гэдгээ мэдэгдлээ

УИХ-ын гишүүн С.Батболд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд бэлэн гэдгээ зарлалаа. Тэрээр хэвлэлд ярилцлага өгөхдөө энэ талаар дурджээ.

С.Батболд “МАН 100 жилийн түүхтэй, боловсон хүчний хангалттай нөөцтэй нам. Ерөнхийлөгчид нэр дэвших хэмжээний нэр хүнд бүхий олон улстөрч бий. Намайг намын дарга байсан, Ерөнхий сайдаар ажиллаж байсан туршлагатай, одоо ч улс төрд идэвхтэй байр суурьтай гэдэг утгаар нь намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвших боломжтой улстөрчдийн нэгээр нэрлэсэн байх. Намын нөхөд итгэж хариуцлага хүлээлгэж байвал би зүтгэхэд бэлэн байна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Кино үйлдвэрийн дэргэдэх “Голомт” банкаар 12 дугаар сарын 28-наас хойш үйлчлүүлсэн иргэд шинжилгээнд хамрагдана уу

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Голомтын банкны нэг ажилтнаас коронавирус илэрлээ. Энэ нь цэгийн тандалтын шинжилгээгээр илэрсэн бөгөөд эх уурхайг тогтоохоор тандалтын ажлыг үргэлжлүүлэн хийж байна. Баянзүрх дүүргийн Кино үйлдвэрийн дэргэдэх Голомт банкны салбараар арванхоёрдугаар сарын 28-наас хойш үйлчлүүлсэн иргэд харьяа цэгүүд дээрээ шинжилгээ өгөхийг зөвлөж байна. Тухайн салбарын теллер коронавирусээс өвчилсөн байна. Тиймээс БЗД-ийн Кино үйлдвэрийн дэргэдэх Голомт банкаар 2020 оны арванхоёрдугаар сарын 28-наас хойш үйлчлүүлсэн иргэд харьяа цэгүүддээ шинжилгээнд хамрагдахыг анхааруулж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Д.Оюун-Эрдэнийг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томиллоо

УИХ-ын 2020 оны арваноёрдугаар сарын 10-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа Жигжидийн Цэсэн, Гомбожавын Отгонбаяр, Маруушийн Уянга, Дамдины Цоодол, Мянганбуугийн Наранбаатар, Баасанжавын Ганболд нарыг томилсон. Улсын Их Хурлаас нэр дэвшүүлсэн нэр дэвшигч Чулуунбаатарын Батцэнгэл нь чуулганы нэгдсэн хуралдаанд өөрийн нэрээ татсан тул Монгол үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлаас томилох нэг сул орон тоо үлдсэн.

Төрийн байгуулалтын байнгын хорооноос томилогдсон Ажлын хэсэг УИХ-аас нэр дэвшихээр төрийн бус байгууллагаас ирүүлсэн нэр дэвшигчдийн талаар нууц санал хураалтыг санал хураах хуудсаар явуулж хамгийн олон санал авсан нэг хүний нэрийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах нь зүйтэй гэж үзсэн. Ингээд УИХ–аас томилох нэр дэвшигчдээс Д.Оюун-Эрдэнэ хамгийн олон санал авсан юм.

Ийнхүү Д.Оюун-Эрдэнийг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилохыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн 69.1 хувь нь дэмжив.