Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчир орчмоор ялимгүй цас орж, ихэнх нутгаар жавартай хүйтэн хэвээр байна.
Month: January 2021
УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан эхэллээ. Шүүхийн
тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг
хийж байна. Байнгын хорооны зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж
байна.
Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
Баянгол дүүргийн 5,6-р хорооны тодорхой байршилд хязгаарлалтын дэглэм хэсэгчлэн тогтоож тандалт, илрүүлгийн шинжилгээг энэ сарын 08,09-ны өдрүүдэд зохион байгуулна. Явуулын 50 баг 300 хүний бүрэлдэхүүнтэйгээр байр тус бүрээр очиж PCR шинжилгээг авах тул иргэн бүр шинжилгээндээ идэвхтэй хамрагдаж, иргэний үүргээ биелүүлэхийг уриалж байна.
Дээрх хоёр хорооны иргэдээс тандалт илрүүлгийн шинжилгээг хоёр хоногийн хугацаанд авч, хязгаарлалтын дэглэмийг цуцлах юм.
Батлагдсан тохиолдлуудын явсан маршрут. Та бүхэн цаг, өдөрт анхаарлаа хандуулж тухайн цагт тус газруудаар явсан давхцал байвал шинжилгээнд хамрагдана уу?
Японд коронавирусийн цар тахлын улмаас өнгөрсөн онд 80100 орчим хүн ажлын байраа алдсан гэж тус улсын Хөдөлмөрийн яам өнөөдөр мэдээллээ.
Өнгөрсөн оны нэгдүгээр сарын эцсээс энэ долоо хоногийн лхагва гараг хүртэл 80100 хүн ажлын байраа алдахад хүрээд байна гэж яамны тайланд тэмдэглэжээ. Гэвч уг тайлан холбогдох байгууллага, ажилд зуучлах төвүүдийн мэдээллийг хамарч байгаа тул бодит үзүүлэлтийг дээр дурдсанаас өндөр байгаа гэж үзэж байна.
Японд 2020 оны арванхоёрдугаар сарын 25-ны байдлаар үйлдвэрлэлийн салбарт 17 мянга орчим ажилтан, зоогийн газрын үйлчилгээний салбарт 11 мянган ажилтан, жижиглэн худалдааны салбарын 10 мянга гаруй ажилтан, зочид буудлын салбарын 9600 ажилтан ажилгүй болжээ.
Мөн Токио хот болон эргэн тойрны мужуудад пүрэв гаргаас онцгой байдал тогтоох гэж байгаатай холбоотойгоор ажилгүй хүмүүсийн тоо улам нэмэгдэж болзошгүйг үйлдвэрчний эвлэлүүд анхааруулсан байна. Харин Хөдөлмөрийн яам ажлын байраа хадгалахын тулд Засгийн газрын татаасын хөтөлбөрт хүсэлт гаргахыг компаниудад уриалжээ. Мөн яамны тайлан цар тахал хүмүүсийн орлогод хэрхэн нөлөөлж буйг харуулсан бөгөөд 11 дүгээр сарын байдлаар цалингийн хэмжээ найман сар дараалан буурсан дүн үзүүлсэн байна. Хөдөлмөрийн яамны мэдээллээр, сарын дундаж цалин 2700 ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 2.2 хувиар буурчээ. Зарим фирм хямралын улмаас урамшууллаа ихээр бууруулсныг мэргэжилтнүүд онцолжээ.
Өнөөдөр 03:00 цагаас эхлэн нэгдүгээр сарын 11-ний өдрийн 06:00 цаг хүртэл Баянгол дүүргийн 5, 6-р хорооны тодорхой байршилд хязгаарлалтын дэглэм хэсэгчлэн тогтоож тандалт, илрүүлгийн шинжилгээг зохион байгуулахаар боллоо.
Явуулын 50 баг нийт 300 хүний бүрэлдэхүүнтэйгээр байр тус бүрээр очиж PCR шинжилгээг авах юм байна. Иймд иргэн бүр шинжилгээндээ идэвхтэй хамрагдаж, иргэний үүргээ биелүүлэхийг Баянгол дүүргийн шуурхай штабаас уриаллаа.
Дээрх хоёр хорооны иргэдээс тандалт илрүүлгийн шинжилгээг хоёр хоногийн хугацаанд авч, хязгаарлалтын дэглэмийг цуцлах юм байна. Хязгаарлалт тогтоосон 5, 6 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүр, эмийн сан, бусад хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ.
Иргэд зөвлөгөө, шинжилгээтэй холбоотой мэдээллийг 1800-1222, 7012-3217 дугаараас лавлах боломжтой юм байна.
Төв аймгийн Аргалант сумын нутгаар цас их орж хүйтэрснээс зэрлэг ан амьтан үзэгдэх болжээ. Нэн ховор амьтанд тооцогддог 270 гаруй буга, 700 гаруй цагаан зээрийн сүрэг тариалангийн хашаатай талбай, сумын төвийн орчимд үзэгдсэн байна.
Иймд сумын ЗДТГ-аас био техникийн арга хэмжээ авч Ар-Дулаан, Майхны ам, Халиун булаг зэрэг гурван цэгт 450кг өвс тавьж өгч, бэлчээрлэх бололцоог бүрдүүлжээ. Мөн цаашид ч био техникийн арга хэмжээг үргэлжлүүлэн хийхээр болсон гэж аймгийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнтэй ярилцлаа.
-УОК-оос хөл хориог тав хоног үргэлжлүүлэхээр шийдлээ. Нөхцөл байдал хүнд хэвээр байвал хатуу хөл хориог цааш үргэлжлүүлнэ гэж байна. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?
-Халдварын тохиолдол хоногт хэдэн арваараа нэмэгдэж байна. Ийм цаг үед бид төр засгаас гаргаж байгаа шийдвэрийг ойлгох хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд гарч байгаа ковидын тохиолдлуудын дийлэнх нь дандаа хяналтад байгаа хавьтагчдаас халдвар илэрсэн. Энэ бол онцгой комиссоос өнгөрсөн хугацаанд гаргасан шийдвэр үр дүнд хүрч байгаагийн илрэл байх. Цар тахалтай тэмцэх үндсэн зарчим бол халдварын бүх тохиолдлыг илрүүлж хумьж авах, оношилж, тусгаарлаж, эмчлэхийн зэрэгцээ ойрын бүх хавьтлыг тогтоож, тусгаарлах. Дэлхий нийтээрээ тархалтын эхэн үед хатуу хяналт тавих нь халдварын тархалтыг зогсоох, ковидын эсрэг авч хэрэгжүүлж байгаа хамгийн сайн хамгаалалт, хамгийн үр дүнтэй арга гэдгийг хүлээн зөвшөөрч байна.
Цар тахлаас өөрийгөө болон гэр бүлийн хайртай хүмүүсээ хамгаалах нь зөвхөн төрийн шахалт шаардлага, хөл хориогоор хязгаарлагдах биш иргэн хүн бүрийн өөрийн ухамсар, хамтын хичээл, зүтгэлийн үр дүнд бий болно гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Уг нь заавал хөхөө өвлийн хүйтэнд гудамж талбайгаа цэрэг, цагдаагаар харгалзуулан, хянуулж байх биш хувь хүн бүр энэ асуудалд нухацтай хандаж өөрөө өөрийгөө хамгаалах, хуулиа чанд биелүүлэх нь чухал гэдгийг бусад улсуудын туршлагаас харагдаж байгаа. Энийг бид хаа хаанаа бодох л хэрэгтэй байна.
-Зарим иргэд, аж ахуйн нэгж хөл хориог үргэлжлүүлэхийг эсэргүүцэж байна. Эдийн засаг талаас нь бодоход тэдний энэхүү байр суурийг буруутгах аргагүй юм шиг…
-Бидэнд иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахдаа эдийн засгийн чадавхийг нь бууруулахгүйгээр хэрхэн хамгаалах вэ гэдэгт анхаарлаа давхар хандуулах шаардлага байгаа. Цар тахлын үед эдийн засгийн нөлөөллийг бууруулж идэвхжүүлэх, иргэдийн амьжиргааг дэмжих үүднээс Улсын Их хурал, Засгийн газраас хэд, хэдэн шат дараалсан арга хэмжээг авсныг иргэд мэдэж байгаа. Цаашид ч эрсдэлийг бууруулах, нөлөөллийг саармагжуулах, эдийн засаг, хөдөлмөрийн зах зээлээ хамгаалсан шийдвэрүүдийг үргэлжлүүлэн гаргаж таарна. Гэхдээ үүссэн нөхцөл байдлыг бодитоор тодорхойлсон, үнэн зөв тоон мэдээлэл, судалгаанд түшиглэсэн, оновчтой шийдвэр гаргах нь энэ цаг үед нэн чухал. Ямар ч бай цар тахлаа бид хумьж авсан байхад, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөллийг хумих боломж бололцоо хангалттай гарна.
-Эдийн засаг хүнд үед төрийн тэргүүн өрх бүрт нэг сая төгрөг, УИХ–ын дарга нар тэтгэврийн зээлгүй ахмадуудад нэг сая төгрөг өгнө, Засгийн газраас мөн цахилгаан, дулааны мөнгийг тэглэнэ гэж байгаа нь хэр зөв юм бэ?
-“Ковид-19”-тэй холбоотой амаргүй нөхцөл байдал зөвхөн манайд төдийгүй дэлхийн улс орнуудад бүгдэд ижил нүүрлэж байна. Бидний өмнө цар тахлаас гадна ядуурлыг нэмэгдүүлэхгүйбайх, аж ахуйн нэгжийнхээ үйл ажиллагааг зогсоохгүйбайх, ажлын байраа хадгалж үлдэх, экспортын хэмжээгээ нэмэгдүүлэх шаардлагууд тулгарч байгаа.
Хөл хорионы улмаас үүссэн эдийн засгийн хямралыг даван туулахын тулд төрөөс цахилгаан, дулааны суурь үнийг чөлөөлөөд зогсохгүй хэрэглээний ус, хогны үнийг ч гэсэн төрөөс хариуцахаар болсон. Энэ бол нэг талдаа хямралын үед иргэдэд, аж ахуйн нэгжүүддээ үзүүлж буй хамгийн том дэмжлэг. Дэмжих ёстой цаг үед нь, иргэдээ, ААН-үүдээ, бизнесийн салбараа дэмжих ёстой. Хатуу хөл хорионы цагт иргэдэд үзүүлж буй нөлөөллийг, ААН-үүдэд учруулж буй хохирлыг саармагжуулах ёстой. Онцгой тохиолдлын ийм үед энэ бол байх ёстой бодитой дэмжлэг гэж харж байгаа. Тэрнээс хавтгайруулсан халамжийн бодлого аль ч цаг үед буруу гэж үзэж байна.
-Та цар тахалтай холбоотойгоор Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг хэрхэн үнэлж дүгнэж байгаа вэ?
-Өнөөдрийг хүртэл Монгол Улс коронавирусийн эсрэг арга хэмжээг амжилттай авч хэрэгжүүлж ирсэн цөөн улсын нэг. Бид олон нийтийг шинжилгээнд маш сайн, өргөнөөр хамруулж, нэгд энэ тархалтыг хумьж барьж авах, хоёрт вакциныг яаралтай оруулж ирж нийтээр нь хамруулахаас нааш нөхцөл байдал хэвийн байдалдаа орохгүй нь ойлгомжтой.
Харин өнөөдрийн алдаа оноо, сургамжаас бид нэг зүйлийг анхаарч засаж, залруулах ёстой байна. Энэ бол шинжлэх ухааны салбараа хөгжүүлэх, энэ салбарынхаа хөгжилд хөрөнгө мөнгө гаргах, салбар болгонд судалгаа шинжилгээг дэмждэг болох шаардлагатай байна. Дөнгөж оны өмнөхөн дэлхийн хэд, хэдэн оронд ковидын шинэ төрлүүд бүртгэгдлээ, мутацид орсон шинэ хувилбарууд гарч эхэлж байна. Өнөөдөр гэхэд манай улс энэ вирусийн Монгол дахь омог төрхийг нь шинжилж таних, хаанаас орж ирсэн омог, төрөл нь тархаад байна гэдгийг мэдэхгүй байна. Энэ вирусийн тархаж байгаа зам нь ямар байна, энэ талаар ШУА, эсвэл судалгааны байгууллагууд юу хийж байгааг иргэд мэдэх хэрэгтэй. Манайд ямар вакцин тохирохыг маш нямбай яаравчлан тогтоож, вакцинаа худалдан авах ёстой. Хэрэв бид вирусээ таньж мэдээгүй бол ямар вакцин авахаа сайн мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр шинжлэх ухааны мэдлэгт тулгуурлан тухайн салбарыг хөгжүүлэх нь ямар хэрэгтэй болохыг эндээс ойлгож байгаа биз. Энэ мэт зүйлээс нэн даруй өөрчлөлтийг эхэлж, алдаа оноогоо засаж залруулах, төсвийн тодотголоор өөрчлөлт шинэчлэлт хийх хөрөнгө мөнгийг нь шийддэг болох хэрэгтэй байна. Цар тахлаа бид хумьж авсан байхад, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөллийг хумих боломж бололцоо хангалттай гарна.
-Цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан боловсруулж, уих-д өргөн барьсан. хуулийн төслийн талаар тодорхой мэдээлэл өгөөч?
-Цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай хууль өнгөрсөн оны дөрөвдүгээр сард анх батлагдсан хууль. Энэ хуульд өнөөгийн нөхцөл байдлаас үүдэж өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага үүссэн. Төр засгийн байгууллагуудын түвшинд тодорхой хэмжээнд сахилга, хариуцлага алдсан, ажлын уялдаа байхгүй, иргэдэд хүндрэл чирэгдэл үүсгэсэн тохиолдлууд цөөнгүй байгаа. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор гарч байгаа хүндрэл бэрхшээл, алдаа дутагдлыг засаж залруулах зорилгоор хуульд өөрчлөлт оруулах төслийг боловсруулсан.
Нэн ялангуяа, аймаг, нийслэлийн онцгой комисс болон Улсын Онцгой комиссын үйл ажиллагааны ажлын уялдаа холбоог хангах заалтууд тусгагдсан байгаа. Иргэдийн зүгээс эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах шаардлагатай ямар ч үед, хаана ч байсан энэ бололцоог саадгүй, шуурхай хүргэх, хүнд суртал, чирэгдэлгүй иргэдэд үйлчлэх асуудлыг тусгайлан оруулсан. Тухайн иргэн гэрээсээ эмнэлэг хүрэх, хөдөөнөөс хот явах, 22-ын товчоонд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй ирсэн эсэхээс үл хамаарч хүний амь нас, эрүүл мэнд, хүний эрх ашиг яригдаж байгаа тэр цаг үед хүндрэл чирэгдэл үүсгэхгүйгээр ажиллах асуудлыг тусгасан. Төрийн байгууллагын хоорондын ажлын уялдаа холбоог хангах асуудлыг тусгайлан оруулсан. Хяналт, хариуцлага чангатгах, алдаа оноо, хүндрэл бэрхшээл гарсан тохиолдолд шуурхай арга хэмжээ авах, хариуцлага хүлээлгэх асуудлууд тусгагдсан байгаа.
-Боловсролын тухай хуулиар ямар гол өөрчлөлтүүд орж байгаа вэ?
Саяхан боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулаад иргэдээс цахимаар санал авч байна. Тун удахгүй өргөн барина. Боловсролын салбар улстөржилт, намчирхлаас ангид байх ёстой.
Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарыг сум, дүүргийн Засаг дарга нар томилох өнөөгийн тогтолцоог өөрчилж, боловсролын байгууллага сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, мерит зарчмаар хүлээн зөвшөөрөгдсөн менежерүүдийг бий болгох өөрчлөлтүүд орж байгаа. Мөн багш нарыг нийслэл, аймаг, дүүрэг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшүүлж байгаа цагт улстөржилт намчирхлаас ангид байна гэж үгүй. Энэ асуудлыг цэгцэлье, хязгаарлалт хийе гэж байгаа. Ингэснээр улстөржилтөөс ангид байх, тогтвортой хөгжих бололцоог бүрдүүлнэ гэж харж байна.
“Монгол нүүрс” ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргалтай ярилцлаа.
-Нүүрсний зах зээл өнгөрсөн жил ямар байв гэдгээс ярилцлагаа эхэлье?
-Өнгөрсөн жилийн тухайд ур хөршид нүүрсний эрэлт сайн байлаа. Ковидоос болж үйлдвэрлэл багасч, эрэлт унах нь гэсэн яриа байсан л даа. Гэхдээ эрэлт унаагүй. Манай улсын нүүрсний экспорт чамгүй өндөр амжилт үзүүлж чадлаа.
-Өнгөрсөн оны эхээр ковид дөнгөж эхлэнгүүт нүүрсний экспортоо өөрсдөө зогсоогоогүй бол бүр ч ихийг экспортлох байсан байх…?
-Эхний улиралд нь бид өөрсдөө алдаа гаргачихсан нь үнэн л дээ. Экспортоо өөрсдөө зогсоож сэтгэл хөдлөлөөсөө болж орлогоо алдсан. Харин өнгөрсөн оны хоёрдугаар хагасаас ногоон гарцын журмыг хэрэгжүүлээд дажгүй ажиллачихлаа. Нүүрс бол мөнгө олох гол суваг гэдгийг засаг төр ч ойлгосон байх. Аж ахуйн нэгжүүдийн хувьд ч бүх л чадлаараа ажилласан. Ийм хүнд хэцүү цагт 28 сая гаруй тонныг экспортолно гэдэг чамлах хэмжээ биш. Шинээр бүрдсэн засаг, Гадаад харилцаа болон Уул уурхайн яамны удирдлага идэвх санаачилгатай ажилласныг бас онцолмоор байна.
-Түрүү жил коксжих нүүрсний үнэ ханш ямархуу байв?
-Оны төгсгөл хавьцаа Хятадын зах зээлд сонирхолтой зүйлс өрнөсөн. Нүүрсний эрэлт бол өндөр хэвээрээ байсан. Гэтэл Австралийн нүүрсэнд хориг тавьсан, Оросоос нийлүүлж буй нүүрсний хэмжээ буурсан. Монголоос арваннэгдүгээр сард дажгүй хэмжээгээр аваад арванхоёрдугаар сард экспортын хэмжээ илт муудсан.
Эрэлт өндөр байхад импорт яагаад буурав гэдэг нь сонирхолтой байлаа. Урд хөршийн байгаль орчны байгууллагуудынх нь нэг төлөвлөгөө байдаг шиг байгаа юм. Энэ жил төчнөөн хэмжээний кокс үйлдвэрлэнэ гээд хэмжээг нь заачихдаг юм байна гэж ойлгосон. Ийм шалтгаанаар төлөвлөгөөгөө барихын тулд оны эцсээр коксын үйлдвэрүүдийнхээ хүчин чадлыг тодорхой хэмжээнд дарах, үүний тулд нүүрсний импортын нийлүүлэлтийг хязгаарлах оролдлого хийсэн гэх мэдээ бас авсан л даа. Гэхдээ гадаадаас нийлүүлж буй эх үүсвэр илт багассан хэрнээ дотоодын хэрэглээ нь буураагүй. Оны төгсгөл рүү коксжих нүүрсний үнэ жилийн нийт дүнгээрээ өнгөрсөн жилийнхээс арван хувиар бага гарна гэсэн таамгууд явж байтал эсрэгээрээ үнэ арван хувиар өсчихсөн. Үнэ огцом өсөхөөс сэргийлж Хятадын үндэсний нүүрсний ассоциацийн зөвлөмжөөр “Шаньси коксжих нүүрсний корпораци” арванхоёрдугаар сарын дундуур үнээ тодорхой хэмжээнд бууруулсан мэдээ байна. Өөр хоёр ч том компани нийлж байгаад нийлүүлэлтийнхээ хэмжээг нэмэгдүүлсэн. Эндээс харахад эрэлт ихтэй, үнэ өндөр байх үед импортоо багасгаж дотоодын уурхайнуудаа дэмжиж байж бас болох юм. Эрчим хүчний нүүрсний нийлүүлэлт хангалтгүй болоод ирэхээр зарим томоохон газрууд цахилгааны хязгаарлалтууд хийсэн гэх мэдээлэл ч бий. Хойноосоо Шаньсигаас урагшаа явдаг төмөр замын нүүрсний тээвэр долоо, найман хувиар өссөн. Энэ сонирхолтой үзэгдэл л дээ. Нэг талаас эрэлт их үнэ нь өсөөд байдаг, гэсэн хэрнээ гадаадаас авдаг хэмжээгээ бууруулаад байдаг. Яагаад гэдэг асуулт гарч ирж байгаа.
-Эцсийн хариу нь тэгээд юу бол?
-Яг таг шалтгаан хэлж мэдэхгүй байна. Цар тахал, байгаль орчны хязгаарлалтаас гадна дотоодын уурхайнуудынхаа олборлолтыг нэмж дотоод зах зээлээ дэмжсэн бодлого байж магадгүй юм.
-Коксжих нүүрсний эрэлт энэ жил яахаар байна?
-Өнөө жилийн таамгийг янз бүрээр л хэлж байна. Ерөнхий хандлага дажгүй байгаа. Ковидын вакцин гарчихсан учраас урд хөршийн эдийн засаг сэргэх нь тодорхой, Нэг, хоёрдугаар улирлын алин болохыг мэдэхгүй. Товчхондоо коксжих нүүрсний зах зээл нэлээд өндөр эрэлттэй байх зураг харагдаж байна.
-Манайх багахан хэмжээний эрчим хүчний нүүрс урд хөрш рүү экспортолдог. Эрчим хүчний нүүрсний экспорт өнгөрсөн жил ямархуу байв?
-Хятадад эрчим хүчний нүүрсний эрэлт өссөн учраас манайхаас экспортолдог нүүрсний хэмжээ ч тодорхой хэмжээгээр өссөн. Замын-Үүдээс Эрээн рүү гардаг эрчим хүчний нүүрсний хэмжээ вагон байхгүй гэдэг шалтгаанаас болоод нэмэгдэж чаддаггүй зовлон бий. Тэгэхээр вагоныг нэмэгдүүлэх талд анхаармаар байгаа юм. Учир нь энэ бол Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хэрэг төдийхөн биш. Монгол Улсын олох валютын асуудал учраас Засгийн газар онцгойлж анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, засаг бодлогоор вагоны тоог нэмэх шаардлагатай. Эрчим хүчний нүүрсний эрэлт урд хөршид өндөр байгаа ийм үед аль болох ахиу хэмжээгээр экспортлоход анхаарах учиртай.
-Коксжих нүүрсний эрэлт өндөрсөөд үнэ нэмэгдэх хэрээр бидний хүртэх үр ашиг нэмэгдэж чадаж байна уу?
-Чадахгүй байгаа. Хятадууд Австралиас коксжих нүүрс авахаа больчихоор Монголд яаж нөлөөлөх вэ гэж маш их асуудаг. Гэтэл бодит байдал дээр сүрхий нөлөө байдаггүй. Австралиас авахаа больчихсон юм чинь Монголоос авсан нь нэмэгдсэн байх гээд харахаар эсрэгээрээ багасчихсан байх жишээний. Гол шалтгаан нь тээврийн дэд бүтэц. Тодруулж хэлбэл, өнөө л төмөр зам. Таван толгойгоос урагшаа төмөр замын ажил эхэлсэн нь олзуурхууштай. Энэ жилдээ багтаагаад бариад дуусгачихвал тун сайн.
-Нүүрсний зах зээлийн тухайд урд хөрштэйгөө урт хугацаанд тогтвортой үнээр тогтмол нийлүүлэх гэрээ хэлэлцээр хийх хэрэгтэй гэсэн санааг салбарынхан хэлсээр ирсэн ч өнөөг хүртэл ажил шийдэл болоогүй яваа. Энэ тал дээр засгаас хэр анхаарч байгаа бол?
-Өнгөрсөн жил Хятадын Гадаад хэргийн сайдыг ирэхэд салбарын сайдын зүгээс аман хэлбэрээр яриа хүсэлт тавьсан юм билээ. Хоёр тал жил, улирлынхаа нүүрсний квотоо тохирчихъё гэсэн агуулгатай санал. Манай талаас тавьсан энэ саналыг тэр том гүрэн хурдан хугацаанд шийдчихгүй байх л даа. Хэрвээ энэ санал шийдлээ олбол маш сайн. Тэгвэл нүүрсэн дээр тодорхой, тогтвортой үнээр урт хугацааны гэрээ хийх боломж нээгдэнэ.
-Өнөө жил 42 сая тонн нүүрс экспортолно гээд төлөвлөчихсөн. Энэ хэмжээндээ хүрэх боломж бий юү?
-Эхлээд нэг зүйлийг онцолмоор байна. Гашуунсухайтын боомтоос гадна Нарийн сухайтаас Шивээхүрэнгээр гардаг нүүрсний ач холбогдол өнгөрсөн оны арваннэг, арванхоёрдугаар сард их тод харагдлаа. Гашуунсухайтын машины тоо 100 хүрчихээд байхад Шивээхүрэнгийн хувьд 400, 500 гарсан. Давхар гарах ямар чухал вэ гэдгийг харуулсан харьцуулалт л даа. 42 сая тонн гэдэг бол техникийн хувьд боломжтой тоо. Өнгөрсөн онд компаниудаас мэдээ аваад тооцож үзэхэд 50 сая тонн хүртэлх хэмжээний нүүрсийг дэд бүтэц сул ч гэлээ боомтуудаа ашиглаад гаргах боломжтой юм билээ. Гэхдээ тийм хэмжээний нүүрсийг тээвэрлэхэд шороо тоос, байгаль орчин гээд өчнөөн асуудал байгаа. Мэдээж цар тахал хамгийн том асуудал. Мөн хилээр нэвтрэх асуудал бий. Энэ жил яг хичнээн тонн нүүрс экспортлохыг урьдчилж хэлэх боломж өнөөхөндөө алга, Ямартаа ч энэ жилээс дээр байх нь тодорхой.
-Цар тахлын тархалт дэлхий даяар хэцүүхэн байгаа учраас коксжих нүүрс 40 сая бүү хэл, өнгөрсөн жилийнхээ хэмжээнд хүрвэл их юм гэсэн таамаглалыг зарим эдийн засагч хэлж байгаа…?
-Бас байх л санаа. 42 саяын тухайд техникийн хувьд боломжтой, гэхдээ өчнөөн асуудал бий тухай сая хоёулаа ярьсан.
-Австралид тавьсан хориг удаан хугацаанд үргэлжиллээ ч урд хөршид коксжих нүүрсний хомсдол үүсэн үнэ нь айхавтар хэмжээгээр өсөх шалтгаан байхгүй гэсэн тайлбар бас бий…?
-Хятадын тухайд дэлхийн тэрбум тонн нүүрсний хэрэглээний талыг нь ашиглаад, талыг нь олборлочихдог том гүрэн л дээ. Коксжих нүүрсний хомсдол үүснэ гэсэн ойлголт угаасаа байхгүй. Австралийн нүүрс далайгаар орж ирдэг. Тэр орон зайг нь ОХУ, Индонез нөхчихнө. Гэхдээ арван хувийн үнийн өсөлт гэдэг бол Монголын хувьд том нөлөө. Үнэ ингэж өссөн үед ахиу боломж хүртэхийн тулд бүх чадлаараа хөдлөх хэрэгтэй. Боломжийг ахиу ашиглахын тулд урд хөрштэйгөө илүү ойлголцох, хил боомтоо сайн ажиллуулах хэрэгтэй.
-Цар тахлын үед уул уурхайн төслийн талбай дээр ковидын халдвар илэрлээ гэхэд үйл ажиллагааг нь зогсоох эрсдэл бий. Эдийн засгийн голлох салбар гэдэг утгаар арай өөр арга шийдлээр хандах ёстой байх, тийм үү?
-Уул уурхайн компаниуд маш өндөр зохион байгуулалттай ажиллаж байгаа. Онолын хувьд цар тахлын тархалт үргэлжилбэл хэзээ нэгэн цагт төслийн талбайд илрэхийг үгүйсгэхгүй. Ийм тохиолдолд зохион байгуулалт, тусгаарлалтаа сайтар хийгээд экспортын гол орлогыг олж ирж байгаа уул уурхайн салбарынхаа үйл ажиллагааг зогсоож болохгүй. Нэг хүнээс халдвар илэрлээ гээд зогсоочихвол улсаараа хэцүүднэ. Дотоодын үйлчилгээний салбар нь тэр чигтээ зогссон, дан ганц экспортын орлогоороо амьдарч байгаа улс уул уурхайн салбараа зогсоож огт болохгүй.
Аргын тооллын нэгдүгээр сарын 8, Сугар гариг. Билгийн тооллын 25, Хонгорцог одтой, улаан луу өдөр. Өдрийн наран 8:40 цагт мандан, 17:17 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 33-35 градус, бусад хэсгээр 25-27 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байна.
Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Шөнөдөө Хэнтэйн уулсаар, өдөртөө Дарьгангын тал нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 39-44 градус, өдөртөө 28-33 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Туул, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 29-31 градус, өдөртөө 18-20 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 28-30 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна.