Categories
мэдээ нийгэм

Биткойн зэрэг виртуал хөрөнгийн хэрэгсэлд хөрөнгө оруулснаар терроризмыг санхүүжүүлэх эрсдэлд өртөж болзошгүйг анхаарууллаа​

Сүүлийн жилүүдэд олон улсын санхүүгийн зах зээл дээр ихээхэн яригдаж, ашиглагдах болсон криптовалютын төрлүүдээр төлбөр, тооцоо гүйцэтгэх, арилжаа хийх нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль тогтоомжоор зохицуулагдаагүй үйл ажиллагаа юм.

Виртуал хөрөнгө нь үнийн хэлбэлзэлд өртөмтгий, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зохицуулалтгүй, үнийн хувьд тогтворгүй, байнгын хэлбэлзэх шинж чанартай, криптовалютын арилжаанд орж буй аливаа этгээдэд мэдээлэл дутуу хүрдэг зэрэг эдийн засаг, санхүү, мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой эрсдэл ихээр дагуулдаг. Нөгөө талаар олон улсад криптовалютын зохицуулалт харилцан адилгүй.

Хөрөнгө оруулагч, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах орчин, харилцагчийн мэдээллийн аюулгүй байдал, нууцлалтай холбогдуулж үүсэх эрсдэлээс хамаарч Ирланд, Энэтхэг, Люксембург, Хятад зэрэг улс орны санхүүгийн зохицуулагч байгууллагуудаас иргэдийг энэ төрлийн үйл ажиллагаанд болгоомжтой оролцохыг байнга анхааруулдаг.

Монгол Улсын хувьд виртуал хөрөнгө нь албан ёсоор зөвшөөрөгдөөгүй, төрийн хяналт, зохицуулалтад хамаардаггүй. Тухайлбал, криптовалютын арилжаанд хуулиар хяналт тавих зохицуулалтгүйгээс криптовалютыг валют гэхээс илүүтэй виртуал бараа гэж тодорхойлж, банк, санхүүгийн байгууллагуудыг биткойныг ашиглах, арилжаалахыг Хятад Улс хориглосон бол Люксембург, Ирланд, Энэтхэг зэрэг улс орон криптовалютыг ашиглахыг хуулиар хориглоогүй ч, криптовалютыг арилжааны болон хөрөнгө оруулалтын хэрэгсэл гэж хүлээн зөвшөөрөөгүй.

Монгол Улсын хувьд виртуал хөрөнгө нь албан ёсоор зөвшөөрөгдөөгүй, төрийн хяналт, зохицуулалтад хамаардаггүй. Иймд биткойн, этэриум зэрэг криптовалют, виртуал хөрөнгийн хэрэгсэлд хөрөнгө оруулснаар хохирол хүлээх, иргэд, аж ахуйн нэгжүүд үүнтэй холбоотой үйл ажиллагаа эрхэлснээр мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлд өртөх зэрэг сөрөг үр дагавар гарч болзошгүй тул нийт ард иргэдэд сэрэмжлүүлэг хүргүүлж байна.

Мөн өөрийн итгэл үнэмшлээр криптовалютын арилжаанд оролцож, улмаар энэхүү хөрөнгө оруулалттай холбоотой эрсдэл учирвал тухайн иргэн өөрөө хариуцна гэдгийг Санхүүгийн зохицуулах хорооноос анхаарууллаа.

Categories
мэдээ улс-төр

Я.Содбаатар: Хоёрдугаар улирлаас бүх шатанд танхимын сургалтыг эхлүүлэхээр төлөвлөж байна

Я.Содбаатар: Архангай аймаг руу явах иргэдийг хойшлуулж байна : Тал нутгийн  цахим мэдээлэлийн сайт

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар боловсролын салбарт хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Шадар сайд Я.Содбаатарын мэдээллийг сонсч байна

Шадар сайд Я.Содбаатар “Цахим, онлайн сургалт дэлхий нийтээр л ийм байдлаар явж байна. ЕБС, оюутан ялгаагүй. Бид дотоодын халдвар гараагүй байхад танхимын сургалтын явуулсан, 2020 оны сүүлд цахим хэлбэрт шилжсэн ч хоцрогдлыг бууруулахын тулд тусгайлан хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Гэр бүлийн орчинд цахим хичээл үзэх боломжгүй хүүхдүүдэд хэвлэмэл хичээл тараах чиглэлээр тодорхой ажил хийгдэж байгаа. Танхимд суугаад олон хичээл хоцрогдож байгаа талууд бий. Аль болох хэвлэмэл, теле байдлаар хоцрогдлыг арилгахаар ажиллаж байна. Англи хэлийг хоёр дахь хэл болгох чиглэлээр Боловсролын салбарын шинэчилсэн найруулгад тусгасан, энэ хуулийг хаврын чуулганаар хэлэлцэнэ. Сүүлийн хэдэн жил сургуулийн дүүргэлт, гурван ээлж байсныг сүүлийн дөрвөн жилийн хугацаанд сургууль, цэрцэрлэгийг ашиглалтад оруулж, 6470 хүүхдийн хүчин чадалтай сургууль ашиглалтад оруулж байж, гурван ээлжийг бууруулсан. УИХ-ын гишүүд, дарга нарын хүүхэд гэж ялгаварлан гадуурхаж болохгүй. Энэ бол ноцтой асуудал шүү. Дэлхийн нийтээр цахим сургалт явж байгаа ч бид боломж гарвал танхимын сургалтаа чухалчлах бодлого барьж байгаа. Хэрэв өвчний нөхцөл гайгүй бодвол танхимын сургалт руу явуулахаар зорьж байна” гэв.

Мөн 2020-2021 оны хичээлийн жилд ерөнхий
боловсролын сургуульд 4000 багш, ажилтан, 400165 суралцагч суралцаж байна. Дээд
боловсролын байгууллагад 11970 багш, ажилтан, 147293 оюутан суралцаж байна.
Нийслэлийн хэмжээнд 1968 оюутан дотуур байранд амьдарч байна. Мөн 11-12-р
ангийнхан 137 мянган нэр төрлийн сурах бичиг хэрэглэж байна. Өндөржүүлсэн бэлэн
байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор хичээлийг теле болон цахимаар хийсэн.
Цэцэрлэг, сургуулийн амралтыг 2020 оны арванхоёрдугаар сарын 18, их, дээд
сургуулийн амралтыг нэгдүгээр сарын 5-ны өдрөөс эхлүүлсэн. Цаашид хоёрдугаар
улирлын сургалтын үйл ажиллагааг бүх шатанд танхимын болон танхимын
хосолсон, зайн болон цахим хэлбэрээр явуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа
ажээ.

Categories
гадаад мэдээ

АНУ-ын Боловсролын сайд огцорчээ

АНУ-ын Боловсролын сайд Бетси Девос өчигдөр Вашингтон хотод Конгрессын байранд болсон үймээн самуунтай холбогдуулан огцорлоо гэж Wall Street Journal мэдээлэв.

Тэрбээр, Өчигдөр Вашингтон хотод болсон үйл явдлыг бидний хүүхдүүд харж байна. Тэд бидний жишээнээс суралцах болно. Иймээс хариуцлагаа ухамсарлан ажлаа хүлээлгэн өгч байна гэж хэлжээ. Түүнчлэн АНУ-ын Тээврийн сайд Элейн Чао мөн л ийм шалтгаанаар огцорч буйгаа пүрэв гаригт мэдэгдсэн байна.

АНУ-ын Конгрессын дээд, доод хоёр танхим хамтарсан хуралдаж, өнгөрсөн арваннэгдүгээр сарын 3-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг буюу Ардчилсан намаас сонгогдсон Жозеф Байдены ялалтыг баталгаажууллаа. Жо Байден энэ сарын 20-нд тангараг өргөснөөр түүний бүрэн эрх хэрэгжиж эхлэх юм. Жо Байден өөрийн багаа бүрдүүлээд эхэлсэн бөгөөд Хөдөлмөрийн асуудал болон Худалдааны асуудал хариуцах яамны сайд нараа аль хэдийн нэрлээд байна.

АНУ-ын Род Айландын мужийн захирагч Жин Раймондыг Худалдааны сайдаар, Массачусетс мужийн Бостон хотын дарга Мартин Уолшийг Хөдөлмөрийн сайдын албан тушаалд тус тус нэр дэвшүүлэв.

Раймонд, Уолш нар Ардчилсан намын гишүүд бөгөөд Раймонд олон жилийн турш хөрөнгө оруулалтын чиглэлээр бизнес хийж ирсэн. Тэрээр 2015 оноос хойш Род Айландын мужийн захирагчаар ажилласан. Тэрбээр цар тахлын үеэр улс орныг хямарсан санхүүгийн хямралаас мужийн эдийн засгаа хурдан өөд нь татахад хурдан шуурхай арга хэмжээ авч байсан гэж Байдены ойрын хүрээлэл хэлж буй юм.

Categories
мэдээ улс-төр

Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжиж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.01.08) нэгдсэн хуралдаан 10 цаг 06 минутад гишүүдийн 59.5 хувь нь ирцэд бүртгүүлснээр цахимаар эхлэв.

Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-т гишүүн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр тогтсон асуудлыг хойшлуулах, дараалал өөрчлөх, асуудал нэмэх горимын санал гаргах бол Улсын Их Хурлын даргад нэгдсэн хуралдааны өмнөх өдрийн 17.00 цагаас өмнө үндэслэл бүхий саналаа бичгээр ирүүлэх, мөн зүйлийн 13.5-д хуралдаан даргалагч тухайн өдрийн хуралдааныг нээж, хэлэлцэх асуудалтай холбоотой гишүүнээс ирүүлсэн горимын саналыг танилцуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэхээр тус тус заасан.

Энэ дагуу Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан үг хэлэх саналаа бичгээр ирүүлснийг Улсын Их Хурлын дарга нэгдсэн хуралдааны эхэнд уншиж танилцуулав. Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж энэ үеэр хэлэхдээ, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх тухай хуулийн хугацааг сунгах хуулийн төсөл санаачилж өргөн барьсан. Тиймээс Засгийн газрыг хүлээхгүйгээр уг хуулийн төслийг хэлэлцээд явбал олон хүн тэтгэвэр авах боломж нээгдэх учраас уг хуулийг төслийг ирэх долоо хоногт Улсын Их Хурлаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулж өгөхийг хүсэв.

Гишүүний саналтай холбогдуулан хуралдаан даргалагч, энэ чиглэлээр Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ц.Анандбазар нарын гишүүд адил агуулгатай хуулийн төсөл өргөн бариад байгаа тул төслүүдийг хамтатган хэлэлцэх боломжтойг хэллээ. Мөн Засгийн газраас хэд хэдэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд өргөн барьсныг Улсын Их Хурлын дарга танилцуулсан юм. Тухайлбал, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг Засгийн газраас өнөө өглөө өргөн мэдүүлснийг холбогдох Байнгын хороодод шилжүүлж буйг мэдэгдсэн юм.

Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллоор санал хураалт явуулж эхэлсэн юм. Улсын Их Хурлын даргын 2020 оны 32 дугаар захирамжаар уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр ахлуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Н.Алтанхуяг, Ц.Мөнх-Оргил, Ш.Раднаасэд, Ц.Сандаг-Очир, Ж.Сүхбаатар нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан. Мөн Хууль зүйн байнгын хорооны 2020 оны 05 дугаар тогтоолоор ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангах чиглэлээр холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулан ажлын дэд хэсгийг байгуулж ажиллуулжээ.

Хууль зүйн байнгын хороо энэ сарын 05-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцжээ. Байнгын хорооны ажлын хэсгээс Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 82 санал, найруулгын шинжтэй 4 санал болон хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 28 санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн байна.

Ажлын хэсгээс хуулийн төслийн үзэл баримтлалын хүрээнд нэгд, Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд нийцүүлэх, хоёрт, шүүгчийн сахилга хариуцлагын асуудлыг нарийвчлан зохицуулах, гуравт, шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлыг хангах чиглэлийг гол үндэс болгож, зарчмын зөрүүтэй саналууд гаргажээ.

Чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудтай холбогдуулан асуулт асууж тодруулсан гишүүдийн асуултад Байнгын хорооны дарга болон ажлын хэсгийн гишүүд хариулт өгч, саналын үндэслэлээ тайлбарласан юм. Ингээд хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудаар үргэлжлүүлэн санал хураалт явуулж шийдвэрлэв. Тухайлбал, “Шүүхийн сахилгын хороо” гэсэн хуулийн төслийн 100 дугаар зүйлийг дараах агуулгаар өөрчлөн найруулахыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 76.4 хувь нь дэмжив. Үүнд, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий биө даасан байгууллага болох Шүүхийн сахилгын хороо /цаашид “Сахилгын хороо” гэх/ ажиллах бөгөөд улсын хэмжээнд нэг байна.

Сахилгын хороо орон тооны есөн гишүүнээс бүрдэх бөгөөд Сахилгын хорооны бүрэлдэхүүнд орох шүүгч гишүүн нь шүүгчээр 10-аас доошгүй жил ажилласан, сахилгын шийтгэлгүй, бусад гишүүн нь хууль зүйн өндөр мэргэшилтэй, эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй, сүүлийн таван жил шүүгч, улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй Монгол Улсын иргэн байна. Сахилгын хорооны бүрэлдэхүүнд хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах шатны шүүхээс хоёр, анхан шатны шүүхээс нэг шүүгчийг Нийт шүүгчийн чуулганаас нууц санал хураалтаар сонгож, Сахилгын хорооны бүрэлдэхүүнд орох бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилох бөгөөд эдгээр гишүүн шүүгчээр ажиллаж байгаагүй иргэн байх, Сахилгын хорооны гишүүний бүрэн эрхийн хугацаа зургаан жил байх бөгөөд зөвхөн нэг удаа сонгогдож, томилогдоно гэж зохицуулахаар болов.

Мөн Сахилгын хорооны шүүгч гишүүнд нэр дэвшүүлэх, сонгох ажиллагаанд хараат бус, нээлттэй, ил тод байдлыг хангах болон үүссэн асуудлыг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай дэгийг Нийт шүүгчийн чуулганаар батлах, харин Сахилгын хорооны шүүгч биш гишүүнийг сонгон шалгаруулж, томилох ажиллагаанд хараат бус, нээлттэй, ил тод байдлыг хангах журмыг Байнгын хороо энэ хуульд нийцүүлэн батлахаар тогтов. Түүнчлэн Сахилгын хорооны бүрэлдэхүүнд Ерөнхий зөвлөлийн гишүүн, шүүхийн захиргааны байгууллагын ажилтан, өмгөөлөгч, прокурор, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн болон сүүлийн таван жилд улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байсан иргэн орохыг хориглох нь зүйтэй гэж үзэв.

Сахилгын хорооны даргыг гишүүд дотроосоо нэг жилийн хугацаагаар олонхын саналаар нууц санал хураалтаар зөвхөн нэг удаа сонгох бөгөөд Сахилгын хорооны даргын сул орон тоо гарснаас хойш 14 хоногийн дотор даргыг сонгоно. Сахилгын хороо бүрэн эрхийнхээ хүрээнд өргөдөл, мэдээлэл, гомдол, эсэргүүцэл, сахилгын хэргийг дангаар болон хамтын зарчмаар хянан хэлэлцэж, илээр санал хурааж, шийдвэрээ олонхын саналаар гаргана гэж зохицуулахаар тогтов. Мөн Сахилгын хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр хуралдаан байх бөгөөд хорооны гишүүдийн гуравны хоёр нь бүрдсэнээр түүнийг бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүрэлдэхүүнтэйд тооцох, Сахилгын хороо ажлын албатай байх бөгөөд бүтэц, орон тоо, үйл ажиллагааг зохицуулах дүрэмтэй байх, Сахилгын хороо бие даасан төсөвтэй байх бөгөөд чиг үүргээ хэрэгжүүлэх, үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах нөхцөлийг төр хангахаар зохицуулахыг дэмжлээ.

Түүнчлэн “Сахилгын хорооны гишүүн, даргын бүрэн эрх” гэсэн төслийн 102 дугаар зүйл, “Сахилгын хорооны дарга, гишүүний үүрэг, хориглох зүйл” гэсэн 103 дугаар зүйл, “Сахилгын хорооны гишүүнийг огцруулах, сахилгын бусад шийтгэл оногдуулах” гэсэн 104 дүгээр зүйл, “Шүүгчид холбогдох сахилгын хэргийг хянан шийдвэрлэх ерөнхий нөхцөл” гэсэн 105 дугаар зүйл, “Өргөдөл, мэдээлэл гаргах, хүлээн авах, хуваарилах” гэсэн 107 дугаар зүйлийг тус тус өөрчлөн найруулах саналууд дэмжигдэв.

Хуулийн төсөлд “Шинжээчийн дүгнэлт”, “Тэмдэглэл” гэсэн 112, 113 дугаар зүйл нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 79.1 хувийн саналаар дэмжив. Ингэснээр “Тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд илтгэгч гишүүн өөрийн санаачилгаар, эсхүл сахилгын хэргийн оролцогчийн хүсэлтээр шинжээч томилж болно. Шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтална” гэсэн агуулгатай 112 дугаар зүйлийг төсөлд нэмэхээр болов.

Мөн “Сахилгын хорооны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх тохиолдолд хуралдааны тэмдэглэл үйлдэнэ. Хуралдааны тэмдэглэлийг ажлын алба хөтөлж, хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байгаа гишүүн албажуулна. Тэмдэглэлд ямар ажиллагаагхэн, хэзээ, хаана явуулсан, эхэлсэн, дууссан цаг, ажиллагаанд оролцсон болон байлцсан хун нэг бүрийн ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, ажиллагааны дараалал, явц, илэрсэн нөхцөл байдлыг бичнэ. Тэмдэглэлийг уг ажиллагаа явуулахад оролцсон болон байлцсан хүнд танилцуулах бөгөөд тэмдэглэлд засвар оруулахаар санал гаргах эрхтэйг тайлбарлана.” гэсэн агуулгатай 113 дугаар зүйлийг нэмж зохицуулахаар тогтов.

Түүнчлэн төслийн 113 дугаар зүйлийг “Шүүгчийн сахилгын хэргийн бүртгэл, тайлан болон шийдвэрийн ил тод байдал” гэсэн 120 дугаар зүйл болгож, өөрчлөн найруулахаар тогтов. Уг санал дэмжигдсэнээр Сахилгын хорооны Ажлын алба шүүгчийн сахилгын хэргийн бүртгэл хөтөлж, Сахилгын хорооны үйл ажиллагааны тайланг гаргана. Энэ хуулийн 120.1-д заасан бүртгэл, тайланд хамаарах мэдээлэл хөтлөх журамтай байх бөгөөд тайланг цахим хуудаст байршуулна. Сахилгын хорооны үйл ажиллагааны тайланг жил бүрийн эхний улиралд багтаан Улсын Их Хуралд хүргүүлнэ. Сахилгын хорооны магадлал, хяналтын тогтоол, Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдааны тогтоолыг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 21 хоногийн дотор цахим хуудаст байршуулах юм байна.

Хуулийн төслийн 114 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “Энэ хуулийг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж өөрчлөн найруулах саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон 68 гишүүний 52 нь буюу 76.5 хувь нь дэмжлээ.

Дараа нь хуулийн төслийн талаарх найруулгын чанартай дөрвөн багц саналууд болон Байнгын хорооноос дэмжигдээгүй 16 саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хурааж шийдвэрлэв. Энэ үеэр зарчмын зөрүүтэй санал гаргасан гишүүд саналын үндэслэлээ тайлбарлаж үг хэлэв.

Эцэст нь уг хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянн шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай зэрэг хууль тогтоомжийн төслүүдийн талаар ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж шийдвэрлэлээ.

Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн талаарх саналын томьёоллуудаар санал хурааж шийдвэрлэсэн. Тухайлбал, хуулийн төслийн 1 дүгээр зүйлийг “Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 20.9-д заасан ажлын хэсэг Нийт шүүгчийн чуулганыг уг хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 120 хоногийн дотор зохион байгуулж Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнийг сонгоно.” гэж, төслийн 8 дугаар зүйлийг “Улсын Их Хурал Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 120 хоногийн дотор Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч биш гишүүнийг сонгон шалгаруулж, томилно.” гэж тус тус өөрчлөн найруулахаар болов.

Төслийн 11 дүгээр зүйлийг “Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 47.2 дахь хэсгийн дагуу шүүгчид олгох “онцгой нөхцөлийн, төрийн албанд ажилласан хугацааны, докторын зэргийн” нэмэгдлийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олгоно.” гэж өөрчлөн найруулах, төсөлд “Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/- ийн 49.7 дахь хэсгийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэсэн агуулгатай 12 дугаар зүйл нэмэхээр тогтлоо.

Түүнчлэн төсөлд “Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн дагуу байгуулагдах Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны 2021 оны үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг Засгийн газар холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэнэ” гэсэн агуулгатай 13 дугаар зүйл, “Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 75.2 дахь хэсгийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэсэн агуулгатай 14 дүгээр зүйлийг тус тус нэмэхийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.

Ингээд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж дуусган төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Тээврийн товчоодоор 1,512 зорчигч нэвтэрч, 2,249 зорчигч гарчээ

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор нийт 891 тээврийн хэрэгслээр 1,512 зорчигч хот руу нэвтэрчээ.

Харин 1,214 тээврийн хэрэгслээр 2,249 зорчигч хотоос гарсан байна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 89 ажилтан үүрэг гүйцэтгэсэн бөгөөд хяналт шалгалтын үед сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хуулийн төслүүд өргөн барилаа

Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнөөдөр (2020.01.08) Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Монгол Улсад ойролцоогоор 3000 гаруй төрлийн онош тавигдаж, эмчлэгдэж байгаа боловч түүний 10 хувь нь Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан эмнэлзүйн заавар, стандартыг мөрдөж байна.Засгийн газраас 2020 онд анхан шатлалын тусламж, үйлчилгээг сайжруулах зорилгоор өрхийн эрүүл мэндийн төвийн төсвийг 2 дахин нэмэгдүүлсэн. Гэвч өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж байгаа нөхөрлөлийн гишүүн биш эмч, эмнэлгийн мэргэжилтний цалин урамшуулал нэмэгдэхгүй, сум тосгоны эрүүл мэндийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлэх чадавх буурч, харилцан адилгүй үйлчилгээ үзүүлдэг байдал хэвээр байна. Үүний улмаас лавлагаа шатлалын эмнэлгүүдэд хэт төвлөрөл бий болсоор байгаа. Иймд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний эмнэлзүйн удирдамж, зааврын талаарх зохицуулалтыг тодорхой болгох, өрхийн эрүүл мэндийн төвийн эрх зүйн статусыг ойлгомжтой болгох, сум, тосгоныэрүүл мэндийн төвүүдийн зарим тусламж, үйлчилгээг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэх замаар лавлагаа шатлалын эмнэлгийн төвлөрлийг сааруулах, амаржих газруудыг нэгдсэн эмнэлэг статустай болгож тусламж үйлчилгээг өргөжүүлэх, санхүүжилтийг гүйцэтгэлээр олгодог болох зэрэг өөрчлөлтүүдийг хуулийн төсөлд тусгажээ.

Хуулийн төсөл батлагдсанаар анхан шатлалын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж сайжрах, өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд нөхөрлөлийн гишүүн болж санхүүжилтийн үр шимийг тэгш хүртэх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн чадавх дээшилж, иргэдэд учирч буй чирэгдэл буурах юм.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Олон улсын жишигт Эрүүл мэндийн даатгалын байгууллагад Засгийн газар, шимтгэл төлөгч ажилтан, ажил олгогчийн төлөөлөл, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч гэсэн гурван талын төлөөлөл тэнцүү эрхтэйгээр оролцдог. Манай улсад Эрүүл мэндийн даатгалын засаглалыг сайжруулж, шийдвэр гаргах үйл явцыг Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд тодорхой зохицуулаагүйгээс зарим сөрөг үр дагавар бий болж байна. Мөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын бүтэц, дүрмийг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2-т зааснаар тухайн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн батлах, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14.8-д зааснаар Үндэсний зөвлөл батлахаар тус тус заасан нь давхардал үүсгэж байна.

Хуулийн төсөлд Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн төлөөллийг нарийн тусгаж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгчдийг оруулах, эрүүл мэндийн даатгалын багцад оруулах тусламж, үйлчилгээний шалгуур, аргачлал, журмыг гаргах, Эрүүл мэндийн даатгалын байгууллагын бүтэц, дүрмийг батлах, эрх бүхий этгээдийг тодорхой болгох зэрэг өөрчлөлтийг хийхээр тусгасан байна. Ингэснээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэн чирэгдэлгүй өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагаас авах, шаардлагагүй эмчилгээ үйлчилгээг бууруулах, иргэдийг эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлд орохоос хамгаалах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үнийг бодитой тогтоох, чанарын хяналтыг сайжруулах зэрэг давуу тал үүснэ.

Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

УИХ-аас 2015 онд Захиргааны ерөнхий хуулийг баталж, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн бөгөөд хууль хэрэгжиж эхэлснээс хойш зарим зохицуулалтыг нэг мөр ойлгож хэрэгжүүлэхэд хүндрэл гарч, буруу жишиг тогтох хандлага бий болжээ. Хууль зүй, дотоод хэргийн яам, Ханнс Зайделийн сантай хамтран Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсний үндсэн дээр 6 зүйл бүхий энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна.

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулиар захиргааны байгууллагаас иргэн, хуулийн этгээдийн гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх харилцааг зохицуулж байгаа нь хууль хоорондын давхардал хийдлийг үүсгэж, Захиргааны ерөнхий хуулийн Есдүгээр бүлгийн зохицуулалт хэрэглэгдэхгүй байх нөхцөл бий болж байна. Иймд иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийг хүчингүй болгож, уг хуулиар зохицуулж байгаа харилцааг Захиргааны ерөнхий хуульд нэмж тусгах, зарим зохицуулалтыг Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн өөрчлөн сайжруулахаар хуулийн төсөлд тусгасан байна.

Мөн одоогийн хууль тогтоомжид тусгасан хоёрдмол утга бүхий нэр томьёоллыг нэг мөр болгох, иргэн, хуулийн этгээдийг өргөдөл, гомдлоо цахимаар болон бусад хэлбэрээр гаргах боломжийг хангаж, төрийн байгууллагуудын өргөдөл, гомдол шийдвэрлэх хугацааг богиносгох зохицуулалтыг тусгажээ.

Түүнчлэн Ерөнхийлөгч, Засгийн газрын баталсан захиргааны хэм хэмжээний актыг УИХ-д хүргүүлж байх тухай болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баталсан захиргааны хэм хэмжээний актыг бусад субьектын баталсан захиргааны хэм хэмжээний актаас ялгаатай хугацаатай хянаж, бүртгэх, эрх бүхий байгууллагад хүргүүлэх тухай өөрчлөлтийг оруулсан байна.

Энэ нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан Засаг дарга иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрт хориг тавих эрхийг хязгаарласан, мөн хугацаатай уялдаагүй байгаа хуулийн зохицуулалтыг бусад хууль тогтоомжтой нийцүүлэх зохицуулалт болох юм байна.

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт баялаг бүтээгч хувийн хэвшлийг дэмжсэн Арилжааны багц хууль боловсруулахаар тусгасан.Мөн Улсын Их Хурлын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор баталсан “Зээлийн хүүг бууруулах стратеги”-ийн 2.4.3-т “Барьцаалан зээлдүүлэх газар, иргэнээс олгох зээлийн үйл ажиллагааг бүртгэл хяналттай болгож, мөнгө хүүлэлтийг тодорхойлох эрх зүйн зохицуулалтыг бий болгох” гэж заасны дагуу Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Уг төсөлд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд тодорхой шаардлага тавьж, бүртгэл, хяналттай болгох зохицуулалтыг тусгасан. Тодруулбал, нэгдсэн бүртгэлд бүртгүүлэлгүйгээр зээлийн үйл ажиллагааг ашгийн төлөө, байнга явуулах тохиолдолд хүү авах эрхээ алдаж, холбогдох зөрчлийн хэргийн хариуцлага хүлээлгэх нөхцөл бүрдэх юм. Ингэснээр Иргэний хуульд заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдэд тооцогдон хоног тутам алданги тооцохгүй байх, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тооцох боломжтой байдлаар хуулийн төсөлд тусгасан байна. Мөн өдрийн зээл буюу хүүг урьдчилан авахыг хориглох асуудлыг тусгажээ.

Хуулийн төсөл батлагдсанаар бичил санхүүгийн хэрэглэгч буюу зээлдэгчийн эрх ашгийг хамгаалах, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн мөнгөний эргэлт нь тодорхой болж, улсын төсөвт төлөх татвар шударгаар төлөгдөх нөхцөл бүрдэнэ. Түүнчлэн бүртгэлгүйгээр ашгийн төлөө, байнга зээл олгох үйл ажиллагаа эрхэлж буй иргэд, хуулийн этгээдэд хариуцлага тооцож, хүү авах эрхгүй болсноор мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх салбар мэргэжлийн, хариуцлагатай болж, бүртгэлгүй иргэд татвар төлөхгүйгээр, дур зоргоороо хүү, алданги тогтоон ашиг олох үйл ажиллагаа хумигдах ач холбогдолтой юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын сүүлээр бүх аймаг PCR шинжилгээний лабораторитой болно

Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Лабораторийн мэргэжлийн салбар зөвлөл, Халдварт өвчин судлалын үндэсний төв хамтран 2021 оны 01 сарын 07-09-ний өдрүүдэд 3 удаагийн бүсчилсэн онлайн сургалтыг амжилттай зохион байгуулж байна. Тус сургалтад 21 аймаг, 9 дүүргийн эрүүл мэндийн газрын дарга, мэргэжилтэн, тархвар судлаач, халдвар судлаач, лабораторийн эмч, мэргэжилтнүүд, өрхийн эмнэлгийн эмч, сувилагч нар болох 250 гаруй хүн оролцлоо. Сургалт “Ковид-19 халдварын сорьц цуглуулах, тээвэрлэх, халдвар хамгаалал-аюулгүй ажиллагаа, лабораторийн оношилгоо” сэдвийн хүрээнд явагдаж нийгмийн эрүүл мэнд болон лабораторийн шинжилгээнд суурилсан тандалтын уялдаа холбоо, “КОВИД-19 халдварын оношилгоо, эмчилгээний асуудал”, лабораторийн оношилгоо, шинжилгээний сорьц авах талаар мэргэжилтэнүүд илтгэл тавьж зөвлөмж хүргэлээ.

Монгол улсын нутаг дэвсгэр, засаг захиргааны байршлын онцлогоос хамааран шинжилгээний сорьцыг орон нутгаас тээвэрлэхэд цаг хугацаа болон тээврийн хэрэгслийн асуудал гарсаар байна. Энэ хүндрэлийг тодорхой хэмжээгээр шийдвэрлэх зорилгоор ЭМЯ, ЗТХЯ-ны сайд нарын баталсан хамтарсан тушаалыг үндэслэн агаарын тээврийн “Аэромонголиа” болон газрын тээврийн “Монгол шуудан” компаниудтай хамтарч ажиллах, сорьц тээвэрлэлтийн ложистикийн асуудлаар хамтран ажиллах тухай яригдлаа. Мөн энэхүү байгууллагуудын төлөөлөгч нарыг оролцуулж холбогдох ажил үүргийн төлөвлөгөөг эрүүл мэндийн байгууллагуудад танилцууллаа.

Нийслэлийн 6 дүүрэгт PCR шинжилгээний лаборатори ажиллаж эхэлнэ

Ирэх 7 хоногт нийслэлийн төвийн 6 дүүрэгт PCR шинжилгээний иж бүрэн лаборатори үйл ажиллагаагаа эхлүүлэхээр тоног төхөөрөмжөө хүлээн авч суурилуулан бэлтгэл ажлыг хангаж байгаа талаар сургалтын үеэр Лабораторын мэргэжлийн салбар зөвлөлөөс мэдээллээ. Харин аймгуудын хувьд шинээр 14 аймагт молекул биологийн лаборатори байгуулахаар төлөвлөж, хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлэх бэлтгэл ажлуудыг эрчимтэй эхлүүлээд байна гэнэ. Тодруулвал лабораторийн тоног төхөөрөмжийн эхний захиалгууд энэ сарын 15,16-ны өдрүүдэд ирэх бөгөөд энэ сарын сүүл гэхэд бүх аймгууд PCR шинжилгээний иж бүрэн лабораторитой болох юм байна.

Одоогийн байдлаар Орхон, Дархан, Ховд, Дорнод, Сэлэнгэ, Дорноговь аймгууд болон Замын-Үүд суманд молекул биологийн лабораториуд ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

“Буянт-Ухаа” нисэх буудлын байранд долоо хоногт 2 удаа халдваргүйжүүлэлт хийж байна

Коронавирусийн халдварын тархалттай холбоотойгоор газруудад ариутгал халдваргүйтгэлийн ажил үргэлжлэн хийгдсээр байна.

Тухайлбал “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын заал, талбай, карго терминал болон албаны өрөө тасалгаануудад долоо хоногт хоёр удаа ариутгал, халдваргүйтгэлтийг хийж буй аж. Мөн 65 цэгт гар ариутгагч бодис байршуулан үйлчилж, халдвар хамгааллыг сахин ажиллаж байна гэж Буянт-Ухаа Хилийн Мэргэжлийн Хяналтын газраас мэдээллээ.




Categories
мэдээ нийгэм

Зэрлэг амьтдын төвлөрдөг газруудад өвс тавьж, биотехникийн арга хэмжээ авчээ

Говь-Алтай аймгийн БОАЖГ-аас Монгол бөхөн, хар сүүлт зээрийн гол тархац нутаг болох шаргын говь, халиуны хоолойн зэрлэг амьтдын төвлөрөл бүхий 3 цэгт 25 боодол өвс тавьж биотехникийн арга хэмжээ авлаа.

Тус бүс нутагт цасны зузаан 2-5 см байгаа хэдийч өвсний гарц муу, шөндөө -40 гардус, хөрсөн дээр -45 градустай хүйтэн байна. Осгож үрэгдсэн зээр, бөхөн таарсангүй.
Цаашид биотехникийн арга хэмжээ үргэлжилнэ гэж БОАЖЯ-наас мэдээллээ.

Зурагт дараах зүйл агуулагдаж болно: тэнгэр, гадаа болон байгаль

Categories
мэдээ нийгэм

“Баянгол дүүргийн 5,6-р хороонд хүнсний дэлгүүр, эмийн сан хэвийн ажиллана” гэв

Баянгол дүүргийн 5,6-р хорооны нутаг дэвсгэрт коронавирусийн халдвар голомтлон гарсан тул хөдөлгөөнийг хязгаарлаж, оршин суугч 20 мянга гаруй иргэнийг шинжилгээнд хамруулах ажил өнөө өглөөнөөс /2021.01.08-ны 06.00 цаг/ эхэллээ. Энэ талаар НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар мэдээлэл өгч байна.

Тэрбээр, “Энэ сарын 6-ны өдөр “Ачтан” эмнэлэгт халдварын хэд хэдэн тохиолдол батлагдсан. Мөн 7-ны өдөр Баянгол дүүргийн 6-р хорооны хэд хэдэн байранд шинээр халдвар илэрсэн учир ХӨСҮТ-ийн зөвлөмжийн дагуу тухайн бүсэд яаралтай хөдөлгөөнийг хязгаарлаж, оршин суугчдыг шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүлсэн. 1-р сарын 8-ны 06.00 цагаас 11-ний 06.00 хүртэл хөдөлгөөнийг хязгаарлаж, PCR шинжилгээ хийнэ. Энэ хугацаанд тухайн бүсийн хүнсний дэлгүүрүүд хэвийн ажиллана.

Эмнэлгийн тусламж авах шаардлагатай иргэд эмнэлгийн байгууллагын хяналт дор гаргах, орох ажиллагаа хэвийн явагдана. Энэ хугацаанд иргэд шинжилгээндээ идэвхтэй хамрагдахыг уриалж байна” гэлээ.