Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүүхдүүд ярьж байна: Их уйдах юм

Хүүхдүүд хөл хорионы үеэр гэртээ юу хийж байна. Тэд нийгэмд болж байгаа үйл явдлуудыг хэрхэн хүлээж авч байна. Энэ талаар хүүхдүүдтэй ярилцлаа.

“Монгол билиг оюу” сургуулийн 5-р ангийн сурагч Д.Наранбилэг (10 настай):

-Хөл хорионы үеийг гэртээ хэрхэн өнгөрүүлж байна. Хичээлдээ явмаар санагдаж байна уу?

-Би өглөө босоод ороо хураагаад, шүд, гар нүүрээ угаагаад, цайгаа уусны дараа ээжийнхээ орыг бас хураадаг. Тэгээд зураг зураад, номоо уншаад, жаахан тоглоод, орой нь зурагт үздэг юм байна. Заримдаа гадаа гардаг. Гэхдээ ихэнхдээ уйдах юм.

-Ам бүл хэдүүлээ амьдардаг вэ. Ихэнх цагийг гэр бүлээрээ хамтдаа өнгөрүүлж байгаа байх.

-Би аав, ээж, дүүтэйгээ дөрвүүлээ амьдардаг. Аав, ээж хоёртойгоо дандаа цуг байгаа нь таалагдаж байгаа. Нялх дүү маань таван сар хүрч байгаа. Намайг арван настай байхад төрсөн. Би дүүгээ тэврэх, үнэрлэх дуртай. Дуугарч байгаа, уйлж байгаа нь хүртэл өхөөрдөм санагддаг.

-Том хүмүүсийг хүүхдүүдээс юугаараа ялгаатай гэж боддог вэ. Хурдан том болохыг хүсч байна уу?

-Насанд хүрсэн, ажил хийдэг гэдгээрээ хүүхдүүдээс өөр. Хурдан том болмооргүй байна.

-Яагаад?

Яагаад гэвэл том хүн болчихвол ингэж гоё тоглож чадахгүй шүү дээ.

-Хөл хорионд орсноос хойш чиний амьдралд юу өөрчлөгдөв?

-Би найзуудтайгаа уулзаж чадахаа больсон. Бараг гадаа гарч болохгүй. Тэгээд дандаа маскаа зүүнэ, юманд хүрэхгүй гэх мэт муухай зүйлс их болчихсон.

-Хамгийн их хийх дуртай зүйл юу вэ?

-Яг одоо бол хичээл рүүгээ алхаж яваад найзуудтайгаа л уулзахыг хүсч байна. Бас Дарханд байгаа өвөө, эмээ дээрээ очмоор байна. Rokit Bay-ийн дуунуудыг сонсох дуртай.

-Чиний хамгийн хайртай хүмүүс хэн бэ. Яагаад тэднийг хайрладаг вэ?

-Дүү болон аав, ээж болон эмээ, өвөө гэр бүлийнхэндээ хамгийн их хайртай. Дүү маань миний төрсөн дүү болохоор хайрладаг. Мэдэхгүй ээ, цаанаасаа л хайртай юм байна.

-Монгол Улсын Ерөнхийлөгч юу хийдэг хүн бол?

-Ордонд суудаг хүмүүсийг зүгээр ярилцлага өгдөг хүмүүс гэж боддог. Ямар ажил хийдгийг нь мэдэхгүй байна. Улсыг удирддаг юм болов уу? Нэрийг нь мартчихаж.

-Шидтэн ирээд нэг хүслийг нь биелүүлье гэвэл юу хүсэх байсан бэ?

-Бэрд чинь гурван хүсэл гэдэг биз дээ. Би хамгийн түрүүнд коронавирусыг арилгана.

-Чи өөрийнхөө юунд дуртай вэ?

-Би өөрийнхөө булчиндаа, хурдан гүйдэгтээ дуртай. Бас ямар нэгэн өвчлөлгүй, эрүүл байгаадаа дуртай.

-Ирээдүйд ямар мэргэжилтэй болмоор байна?

-Би хөлбөмбөгчин эсвэл тагнуулч болно.

Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн 5-р ангийн сурагч М.Барс-Эрдэнэ (11 настай):


-Чиний хувьд хөл хорио тогтоосон энэ үед өдөрт юу хийж өнгөрүүлж байна?

-Өглөө босоод нүүр, гараа угаагаад, хичээлийн цаг болохоор хичээлээ хийчихээд үлдсэн цагт нь тоглож өнгөрүүлж байна. Ер нь бүх хүүхдүүд тэгж байгаа байх.

-Өмнө нь хичээл, сургууль хэвийн явагддаг байсан үеийнхээс юугаараа ялгаатай байна?

-Мэдээж хичээлдээ явах сайхан байсан. Гэртээ байгаад байхаар найзуудаасаа хол, хөгжилтэй биш уйтгартай шүү дээ.

-Дүүдээ амны хаалт өөрөө оёж өгсөн гэсэн. Юм оёхыг хэн зааж өгсөн бэ?

-Ээж маань зааж өгсөн. Жаахан хүндрэлтэй байсан ч ээжийн зааснаар оёдлын машинаар оёчихсон.

-Ирээдүйд ямар мэргэжилтэй болмоор байна?

-Тогооч л болмоор байгаа. Ээжийгээ хараад амттай хоол хийдэг хүн болмоор санагдсан. Би зарим хоёрдугаар хоолнуудыг хийж чадна. Ээж, эмээ хоёроосоо сурсан.

-Хүндэлж явдаг хүн бий юу?

-Хөлбөмбөгийн нэг гадаад тамирчин бий.

-Хамгийн том мөрөөдөл нь юу вэ?

-Нэгдүгээрт ээжийгээ өөрийн гэсэн машинтай болгоод чаддаг бол дүүгээ алхдаг болгочихмоор байна. Өөрөө онц сурахыг бас хүсч байна.

Бэлтгэл бүлгийн сурагч Т.Маралжин (5 настай):


-Хөл хорионы үеийг гэртээ хэрхэн өнгөрүүлж байна. Гэрээсээ гарахгүй болохоор уйдаж байна уу?

-Би босоод нүүрээ угаагаад, хувцсаа өмсөөд тоглоомуудаараа орой болтол тоглодог. Гэхдээ ангидаа хурдан явмаар байна.

-Хөл хорионы үеэр ээж, аавтайгаа ихэнх цагийг өнгөрүүлэх хэр байна?

-Манай ээж цэцэрлэгийн багш. Аав харин хөгжмийн багш хийдэг. Аав, ээж хоёртойгоо гурвуулаа дандаа цуг байгаа. Гэхдээ ээж ажилдаа явахгүй байгаа ч компьютер дээрээ дандаа сууж, ажлаа хийдэг.

-Хамгийн их хийх дуртай зүйл юу вэ?

-Би барбигаар тоглох хамгийн дуртай. Тоглох хүн байхгүй ганцаараа жаахан уйддаг болохоор дүүтэй болгоод өгөөч гэж ээжээсээ гуйсан.

-Хэрвээ коронавирус арилчихвал хамгийн түрүүнд юу хиймээр байна вэ?

-Гадаа хүссэнээрээ тоглож, найзуудтайгаа уулзана. Аавын маань надад захиалсан барби коронавирус намдахаар ирнэ гэсэн. Тэгэхээр хурдан л урьдных шигээ ангидаа явж, найзуудтайгаа тоглохсон гэж хүсч байна.

-Хайрыг юу гэж боддог вэ?

-Тэврэхийг хэлдэг юм болов уу.

-Том болоод ямар ажил, мэргэжилтэй хүн болохыг мөрөөддөг вэ?

-Балетчин бас нугараач болно. Шидтэн ирвэл намайг гүнж болгоод өгөөч гэж гуйна. Бас ангийн найзуудтай минь уулзуулж, тоглоомын төвд тоглуулж өгөөч гэж хүснэ.

Ч.БИНДЭРЪЯА

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

ТӨВ АЙМАГ, ЗУУНМОД СУМ: Шилдэг байгууллагуудад шагнал гардууллаа

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Мөнгөн үдэш” шинэ жилийн арга хэмжээг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан энэ жил цахимаар зохион байгууллаа.

Энэ үеэр Монгол Улсын хууль тогтоомж, бодлого, шийдвэр, Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг амжилттай хэрэгжүүлэн 2020 оны ажлын амжилтаараа тэргүүлсэн Төв аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Онцгой байдлын газрын хамт олонд шагналыг нь гардуулан өглөө.

Categories
мэдээ нийгэм

МХЕГ: Үйл ажиллагааг нь хориглож, хязгаарласан 67 байгууллагыг хянаж 57 зөрчил илрүүллээ

Мэргэжлийн хяналтын байгууллагаас нийслэлд сайжруулсан түлш борлуулж буй 106 цэгийн үйл ажиллагааг хянахад өчигдрийн байдлаар 619 тонн түлшний нөөцтэй байв. “Тавантолгой түлш” ХХК 3644.71 тонн түлш үйлдвэрлэж, 4806 тонн түлш борлуулалтад гаргажээ.

Мэргэжлийн хяналтын байгууллагын нийт 2135 албан хаагч МХЕГ, НМХГ, 21 аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хилийн боомтуудад Шуурхай штабаас улсын хэмжээнд өчигөр хийсэн эргүүл хяналт, тандалтын үйл ажиллагааг танилцуулвал:

Халдваргүйтэл: Өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд 24.054 ам дөрвөлжин м талбайд хийсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 16 объектын 6052 ам дөрвөлжин м талбайд хийсэн голомтын эцсийн ариутгал халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллав.

Тусгаарлан ажиглах байр: Улсын хэмжээнд 44 байранд 1814 хүн тусгаарлан ажиглаглалтад байна. Өчигдөр, 1 дүгээр сарын 8-нд 2917 иргэний гэрийн ажиглалтын хугацаа дуусчээ. Өвөрхангай аймгийн тусгаарлан ажиглах нэг байранд хийсэн хяналтаар шавж устгал, халдваргүйтгэлийн гэрээ дууссан, хог хаягдлыг зайлуулах гэрээ байгуулаагүй зэрэг зөрчлийг илрүүлэн, арилгуулах арга хэмжээ авчээ.

Эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал: Энэ талын хяналт шалгалтыг 21 эмнэлэгт хийж, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой зохион байгуулалтын болон хувийн хамгаалах хэрэгсэл, халдваргүйтгэлийн бодис, эм, эмнэлгийн хэрэгслийн тоног төхөөрөмжийн хангамж дутагдалтай зэрэг зөрчлийг илрүүлэн албан шаардлага, зөвлөмж өгч арилгуулах арга хэмжээ авав. /Нийслэл, Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод, Дундговь, Дархан-Уул, Төв, Хэнтий аймагт/

“COVID-19”-ийн шинжилгээ авах цэгийн хяналт: Шинжилгээ авах 34 цэгт хийсэн хяналтаар шинжилгээ авах цэгийн эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангаагүй, иргэдэд тавих эрүүл мэндийн хяналт хангалтгүй, халдвар хамгааллын дэглэм мөрдөөгүй зэрэг зөрчил илэрч байна.

Ахуйн болон аюултай хог хаягдал: 259 объектын ахуйн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлт, устгалын байдал, 364 байгууллага, ААН гадна орчны 50 м хүртэлх газрын цэвэрлэгээ хийсэн эсэхэд хяналт шалгалт хийж зөвлөмж өглөө.

Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдал устгалын төвлөрсөн байгууламжууд болох “Элемент” болон “Элемент медикал” ХХК-иудад 166 эмнэлэг, эм хангамжийн байгууллага, 8 тусгаарлан ажиглах байр, 11 түргэвчилсэн оношилгооны цэг, Буянт-Ухаа боомт дахь ХМХА-наас 5705,4 кг хог хаягдал тээвэрлэж, цуглуулсан байна. Цуглуулсан 3773,4 кг хогийг устгасанаас 896,5 кг хогийг халдваргүйжүүлсний дараа булж, 2876,9 кг хог хаягдлыг шатаах зууханд шатааж устгасан байна.

Хязгаарлалт, халдвар хамгааллын дэглэмийн хэрэгжилт: УОК, НОК, АОК-ийн шийдвэрийн дагуу үйл ажиллагааг нь хориглож, хязгаарласан 67 байгууллагыг хянаж 57 зөрчил илрүүлэн газар дээр нь арилгуулсан.

Үйл ажиллагааг нь хориглоогүй худалдаа үйлчилгээний 777 ААН-ийн үйл ажиллагааг хянаж илэрч буй зөрчлийг арилгуулах, халдвараас урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өглөө. Хяналт шалгалтад хамрагдсан байгууллагын 477 нь үйлчлүүлэгч, ажиллагсдын бие засах, гар угаах нөхцлийг бүрдүүлсэн, 593 нь хүн хоорондын зай барих шаардлагын хэрэгжилтийг хангуулсан байна.

Хилийн боомт, гүнийн хяналт: Улсын хилээр нэвтрэн орсон 989 тээврийн хэрэгсэл, 1032 жолооч, хилээр гарсан 1022 тээврийн хэрэгсэл, 978 жолоочид хяналт шалгалт хийж, тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэлтэд хамруулан халдвараас сэргийлж ажиллалаа. Жолооч нарт халдварын шинж тэмдэг илрээгүй байна.

Замын-Үүд боомтоор нэвтэрсэн нийт 245, Сүхбаатар боомтоор нэвтэрсэн нийт 315 галт тэрэг, чингэлэгт халдваргүйжүүлэлт хийхэд хяналт тавьж ажиллав.

Улаанбаатар хот дахь гүний хяналтын бүсэд 38 ААН-ийн 1994.6 тонн бодис, бараа бүтээгдэхүүнийг хяналт шалгалтад хамруулан хилээс чөлөөлөв.

Шалган нэвтрүүлэх товчоо: Улсын хэмжээнд дотоодын авто тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын цэгээр 4068 тээврийн хэрэгсэл нэвтрэх үеийн халдваргүйтгэлийн үйл ажиллагааг 298 улсын байцаагч хянаж 8051 (шинжилгээ өгсөн 2639) иргэнд зөвлөгөө өгсөн.

Лабораторийн шинжилгээ: Улсын хэмжээнд мэргэжлийн хяналтын байгууллагын харъяа 25 лабораторид 300 дээж шинжилгээнд ирж, 181 дээжийн шинжилгээний хариу гарчээ. Шинжилгээгээр ариутгалын бодис болон орчны 4 дээж шаардлага хангаагүй байсан талаар МХЕГ-аас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Д.Трамп ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцохгүй

Нэгдүгээр сарын 20-нд болох Жо Байдены тангараг өргөх ёслолд хүрэлцэн ирэхгүй гэдгээ АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Уламжлал ёсоор тангараг өргөх ёслолын өдөр халаагаа өгч буй ерөнхийлөгч болон шинээр сонгогдсон ерөнхийлөгч нар Капитолийн ордон руу хамтдаа явахыг эрх мэдлээ тайвнаар шилжүүлэн өгч байгаагаар тооцдог байна.

Харин Д.Трамп ийм шийдвэр гаргаснаараа XIX зуунаас хойш тангараг өргөх ёслолд оролцохоос татгалзсан анхны ерөнхийлөгч болох юм. Түүнээс өмнө 1869 онд Эндрю Жонсон, 1829 онд Жон Куинси Адамс, 1801 онд Жон Адамс нар мөн ийм шийдвэр гаргаж байжээ.

“Сонирхсон хүмүүст хариулахад нэгдүгээр сарын 20-нд болох тангараг өргөх ёслолд би оролцохгүй” хэмээн Д.Трамп тэмдэглэсэн аж.

Харин АНУ-ын Дэд ерөнхийлөгч Майк Пенс энэ өдөр ямар төлөвлөгөөтэй байгаагаа хараахан мэдэгдээгүй байна.

“New York Times” сонин мэдээлэхдээ, М.Пенс ёслолд очно. Одоохондоо тэрбээр албан ёсны урилгаа хүлээн аваагүй гэжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монголын хамгийн хүйтэн цэг Тосонцэнгэл сумын иргэн С.Долгорсүрэн: Хүн, малгүй энэ цаг уурт дассан учраас -56 градуст ч хөлдөж, осгох асуудал бидэнд байхгүй ээ

Завхан аймгийн ус цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга Э.Мөнгөнцэцэгээс тодрууллаа.


-Монголын хамгийн хүйтэн цэгт энэ өвөл цаг агаарын төлөв байдал ямар байна вэ?

-Завхан аймгийн Отгон суманд арванхоёрдугаар сарын 28-29-нд шилжих шөнө хасах 50 градус хүрч хүйтэрсэн. Энэ өвөл Тосонцэнгэл сумын тухайд хасах 46 градус хүртэл хүйтний эрч чангарсан байна. Монгол орны хамгийн хүйтэн цэг гэдгээр Завхан аймаг улсын хэмжээний рекордыг тэргүүлсээр байгаа. Манай улсын нутаг дэвсгэрт баруун Сибирийн хүйтэн агаар 2016 онд байршсантай холбоотой Завхан аймагт байгалийн энэ үзэгдэл илүү ажиглагдах болсон. Тодруулбал, 2016 онд Отгон суманд хасах 55.3, Цэцэн-Уул суманд 54.7 градус хүйтэрч байсан юм. Төв Азийн их даралтын орон үүсч он дамнан арван хоёрдугаар сарын сүүлээр эрс хүйтэрч эхэлсэн гэсэн үг. Завхан аймгийн нутгаар арванхоёрдугаар сард олон жилийн дунджаас ч хүйтэн байлаа. Гэхдээ температурын хувьд эрс хүйтрэлттэй байгаа ч цасан бүрхүүл хэвийн хэмжээнд байна.

-Эрс хүйтэрсэнтэй холбоотой малчид, орон нутгийн иргэд хэрхэн өвөлжиж байна вэ?

-Мал аж ахуйн үйлдвэрлэлд цаг агаар таагүй нөлөөлж байгаа болов уу. Тодруулбал, мал бээрэх, богино хугацаанд бэлчээрлэх гэх мэтчилэн мэр сэр асуудал малчдад тулгарахыг үгүйсгэхгүй. Гэхвч одоогийн байдлаар Завхан аймагт мал их хэмжээгээр хорогдож байгаа талаарх мэдээлэл ирээгүй.

-Цаашдаа хасах 50-иас дээш температурт хүрч хүйтрэх төлөв бий юү?

-Монголын хэмжээнд нэгдүгээр сард олон жилийн дунджаас хүйтэн байна гэдэг төлөв гарсан. Гэхдээ энэ жилийн хүйтрэлт богино хугацаанд температурын хэлбэлзэлтэй байна. Ойрын хоногуудад аймгийн зүүн хойд хэсгээр ялимгүй хур тунадастай. Нийт нутгаар цасан бүрхүүл 1-9 сантиметрийн зузаантай байгаа. Энэхүү цасан бүрхүүл малын бэлчээрт саад болох нөхцөл үүсээгүй, өвөлжилт хэвийн байгаа гэж ойлгож болно. Урьдчилсан байдлаар Завхан аймагт цаг агаар ойрын өдрүүдэд тогтвортой. Харин ирэх хавраас хүйтний эрч эргээд чангарна гэсэн прогноз бий.

-Тэгвэл өдөр, шөнөдөө хэдэн градуст хүрэхээр байгаа бол?

-Идэр, Тэс голын сав дагуу хангайн уулархаг бүс нутгаар шөнөдөө 47-52 градуст хүрнэ. Харин өдөртөө 32-37 градустай байна. Бусад нутгаар шөнөдөө 32-37, өдөртөө 22-27 градуст хүрч хүйтрэх төлөв бий. Завхан аймгийн хэмжээнд энэ жил Цэцэн-Уул, Отгон сумдад хасах 50 температурт хүрч хүйтэрсэнтэй холбоотой агаарын даралт дэлхийн рекордыг давсан нь үнэн. Манай улс 2004 онд 1084.8 байсан бол энэ жил Тосонцэнгэл 1091.9, Отгонд 1103.2 гэсэн даралтууд рекорд эвдсэн гэсэн үг.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын иргэн С.Долгорсүрэнгээс өвөлжилтийн нөхцөл байдлыг тодрууллаа.

-Сайхан өвөлжиж байна уу та. Тосонцэнгэл суманд энэ жил цаг агаар хасах 50 хэмтэй байгаа гэсэн үү. Өвөлжилт ямар байна вэ?

-Миний хувьд Тосонцэнгэл суманд 37 жил тасралтгүй амьдарч байна. Энэ жилийн тухайд малаа айлд тавьсан учраас сумын төвдөө өвөлжиж байгаа. Одоогийн байдлаар айхавтар зуд болсон зүйлгүй, тайван байна. Манай энд дээд тал нь хасах 56 хэм хүрч хүйтэрсэн.

-Хүйтний эрч чангарсантай холбоотой мал амьтан осгож эндэх тохиолдол гарч байна уу?

-Хүмүүс ч, ан амьтан нь ч хүйтэн цаг уурт аль хэдийнэ дасан зохицсон учраас хөлдөж, осгож үхэх асуудал байдаггүй. Манай нохой гадаа үүрэндээ унтаад л яадаг ч үгүй. Мэдээж хүйтэн байдаг ч түүнийг нь айхавтар мэдрээд байдаггүй. Сумын төв дээр үхэр мал нэмнээтэй л явж байдаг. Ерөнхийдөө бид бүгд энэ цаг уурт зохицсон. Гаднаас ирсэн хүмүүс л хүйтнийг мэдрэх байх. Шөнөдөө хасах 50-иас дээш хэмтэй хоносон ч тоодоггүй.

-Одоогийн байдлаар гадаа хэдэн градустай байгаа бол?

-Гадаа их шуургатай жиндүү байна. Өдөрт машины градус заахгүй байна лээ. Тэгэхээр гадаа хасах 30 градусаас дээш байгаа болов уу. Өнгөрсөн шөнийн тухайд хасах 46 хэмтэй хоносон байсан. Энд болжмор шувуу нисээд явж л байдаг. Хөлдөж үхсэнийг нь би лав харж байгаагүй.

П.САЙНЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

ХӨСҮТ: Улаанбаатарт 13 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1408 боллоо

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “2021 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр 13773 хүнд PCR шинжилгээ хийхэдшинээр 13 шинэ тохиолдол бүртгэгдэж нийт бүртгэгдсэн тохиолдол 1408 боллоо. Шинээр илэрсэн тохиолдлын 13 нь Улаанбаатар хотод илэрсэн” гэлээ.

Шинээр бүртгэсэн 13 тохиолдлыг нэмбэл улсын хэмжээнд кластр өвчлөлийн голомтод 910 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс

  • Улаанбаатар хотод 584,
  • Сэлэнгэ аймагт 217,
  • Дархан-Уул аймагт 45,
  • Дорноговь аймагт 32,
  • Орхон аймагт 25,
  • Говьсүмбэр аймагт 4,
  • Архангай аймагт 3 тохиолдол тус тус бүртгэгдээд байна”гэлээ.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

Өнөөдөр “Gobi challenge-2020” реалити шоу үзэгчдийн хүртээл болно

Монголын үзэсгэлэнт байгаль, нүүдэлчдийн өвөрмөц зан заншил, хоёр бөхт тэмээний хосгүй үнэт өв соёлоор дамжуулан Монгол Улсыг хилийн чандад сурталчлах томоохон зорилготой “Gobi challenge-2020” олон өдрийн тэмээн аялал цуврал нэвтрүүлгийн анхны дугаар өнөөдөр /2021.01.09/-ийн 20:30 цагаас зөвхөн “ТВ8” телевизээр үзэгчдийн хүртээл болно.

Монголын өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх “Gobi challenge-2020” реалити шоуг “Эрхэт Монгол” медиа групп, “ТВ8” телевиз, “Тэмээн жинчин” сангаас хамтран зохион байгуулсан бөгөөд нийт 10 цуврал нэвтрүүлэг бэлтгэн “Чингис” олон улсын мэдээллийн агентлагаар дамжуулан дэлхийн 30 гаруй улсад орчуулан түгээхээр төлөвлөжээ. Мөн говийн байгаль, өвлийн тэмээн аяллын тухай аян замын тэмдэглэл бүхий гэрэл зургийн цомог эмхтгэн үндэсний шинэ контентийг цогц хэлбэрээр сурталчлан таниулахаар ажиллаж байгаа аж.

“Gobi challenge-2020” олон өдрийн тэмээн аялал реалити шоунд нийгмийн салбар бүрийн төлөөлөл 10 оролцогч оролцон Толь хад, Сайн сарын хөндий, Ноён уул, Тост, Тосон бумбын нуруу, Хэрмэн цав, Зуунмод, Зулганай, Наран даац, Нэмэгт, Их хонгил, Сэврэй хайрхан, Хонгорын элс зэрэг Өмнөговь аймгийн Ноён, Гурвантэс, Сэврэй сумын нутагт орших байгалийн өвөрмөц тогтоц бүхий газруудаар 18 өдрийн турш 650 км аялсан юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Шинжилгээний бүх цэг амралтын өдрүүдэд зөвхөн Баянгол дүүрэгт ажиллана

Баянгол дүүргийн 5, 6 дугаар хороонд коронавируст “Ковид-19” халдвар голомтлон гарсантай холбогдуулан энэ сарын 08-10-ны хооронд тус хороодын 20 мянга гаруй иргэнийг PCR-ийн шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд дүүргийн тодорхой байршилд хэсэгчилсэн хязгаарлалт тогтоож, явуулын 46 баг халдвар илрүүлэх, тандах шинжилгээг хийж байгаа бөгөөд эрүүл мэнд байгууллагын 230 эмч ажилтан, цагдаа болон онцгой байдлын 300 гаруй албан хаагч дайчлагдан ажиллаж байна.

Түүнчлэн коронавируст халдварыг илрүүлэх, тархалтыг таслан зогсоох зорилгоор төвийн зургаан дүүрэгт ажиллаж буй шинжилгээний цэгүүдийг энэ бямба, ням гарагт Баянгол дүүргийн 5, 6 дугаар хороонд нэмэлтээр ажиллуулахаар боллоо.

Ингэснээр дээрх хороодод халдвар илрүүлэх, тандах шинжилгээнд явуулын 58 багийн 360 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллах юм. Тиймээс бямба, ням гарагт нийслэлийн хэмжээнд PCR-ийн шинжилгээ авах цэгүүд ажиллахгүй болохыг иргэд, олон нийтэд мэдэгдэж байна.

Ирэх даваа гараг буюу 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн шинжилгээний цэгүүд тогтсон цагийн хуваарийн дагуу ажиллах болно.

Categories
мэдээ нийгэм

Сайжруулсан түлшний 619 тонн нөөцтэй байна

Мэргэжлийн хяналтын байгууллагаас нийслэлд сайжруулсан түлш борлуулж буй 106 цэгийн үйл ажиллагааг хянахад өчигдрийн байдлаар 619 тонн түлшний нөөцтэй байв. “Тавантолгой түлш” ХХК 3644.71 тонн түлш үйлдвэрлэж, 4806 тонн түлш борлуулалтад гаргажээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Хүндээр өвчилсөн тохиолдолд хүний биед хоруу чанар нь үлдээд байх шиг. Харин хөнгөн туссан үед С витамин уугаад л эдгэрч байсан” гэв

Манай улсад коронавирусээр өвчилж, эдгэрсэн нийт 884 иргэн байгаа юм. Энэхүү вирусийн шинж тэмдэг хэрхэн илэрсэн талаар эдгэрсэн зарим иргэнээс тодруулсан юм. Өөрсдийнх нь хүсэлтээр нэрийг нь нууцалсан болно.

Иргэн М.Х-ээс коронавирусийн үед ямар зовуурь мэдрэгдсэн талаар тодрууллаа.


-Коронавирусийн эсрэг эмчилгээний үр дүн ямар байсан бол. Одоогийн байдлаар биед тань ямар нэгэн мэдрэгдэж буй зовуурь байх юм уу?

-Миний мэдэрснээр дархлааны систем өндөр тусам шинж тэмдэг хүнд илрээд байгаа гэсэн албан бус яриа бий. Миний уушги анх цоо эрүүл байсан ч ковидоор өвдсөнөөс хойш бага зэрэг ханиах, хөлрөх мэдрэмжүүд одоог хүртэл байсаар л байна.

Би тамирчин хүн учраас байнгын бэлтгэл сургуулилт хийж хөдөлгөөнтэй байдаг л даа. Гэвч гэнэт хөдөлгөөн хязгаарлагдаж өвдөж эхэлснээр хүнд тусах магадлалтай гэж байсан. Тухайн үед миний зүрхний хэм өндөр гараад байсан нь ийм учиртай болов уу.

-Тухайн үед танд ямар зовуурь мэдрэгдэж байсан бэ?

-Хувь хүнээс хамаарч вирусээр өвчилсөн иргэдийн шинж тэмдэг харилцан адилгүй илрэх байх. Гэхдээ нийтлэг шинжийг нь дурдвал, үнэрлэх амтлах мэдрэмж 80-90 хувьтай алдагддаг гэж бодож байна. Миний хувьд толгой өвдөх, бие сульдах, халуурах, гүйлгэх, цээжээр хатгуулах, үе мөч өвдөх зэрэг зовуурьтай байсан.

-Дархлааны системд хүчтэй нөлөөлдөг учраас “Ковид-19” нь хууч өвчин сэдрээх эрсдэлтэй гэж уншсан. Энэ үнэн үү?

-Олон улсын судалгаанд, “Ковид-19” хэмээх вирус хууч өвчинд түшиглэж дархлааны системд сөрөг нөлөөлдөг болохыг уншиж байсан. Өөрөөр хэлбэл, вирус хүний ужиг өвчнийг даамжруулдаг юм билээ. Коронавирусээр өвчилж нас барж байгаа ихэнх иргэд хууч өвчтэй байсан гэдгийг тэрхүү судалгаанд дурдсан байсан. Хорт хавдар, чихрийн шижин, уушгины хүнд хэлбэрийн өвчтэй бол вирусээс сэрэмжил гэдэг нь ийм учиртай байх.

-Тэгвэл халуурах, ханиалгах гэх мэтчилэн томуутай төстэй шинж тэмдэг хэр зэрэг илэрдэг вэ?

-Би маш их халуурч хүнд өвдсөн л дөө. Халуурах нь гадны эсрэг биетийг дархлааны систем эсэргүүцсэн учраас ийм хариу үйлдэл үзүүлдэг гэдгийг эмч хэлж байсан. Манай өрөөнд гурван хүн эмчлүүлж байсны дотроос би хамгийн хүнд өвдсөн. Харин нөгөө хоёр хүний хувьд хүнд, хөнгөн хэлбэртэй байсан болохоор вирусийн эсрэг ганц хоёр эм болон C, Д витамин уугаад л удалгүй эмнэлгээс гарсан. Эмч надад өдөрт таван төрлийн антибиотик, вирусийн эсрэг эм өгч байсан л даа. Мөн ходоод хамгаалах, нөхөн сэргээлтийн эмийг давхар уусан.

-Та түрүүнд зүрхний хэм өндөр гарсан гэж байсан. Үүний шалтгааныг эмч нар тайлбарласан уу?

-Уг нь тамхи татдаггүй учраас уушги цоо эрүүл байх ёстой атал надад хүнд туссан. Эмч хэлэхдээ, намайг өвдөхөөс өмнө өөр нэг тамирчинд коронавирус хүнд туссан гэж хэлсэн.

-Өвчтөн сэтгэл зүйн хямралд орох үед эмч нар ямар туслалцаа үзүүлдэг байсан юм бэ?

-Мэдээллийг хэрхэн хүлээж авч, өөрт тусгаснаас хувь хүний сэтгэл зүй тогтвортой байх эсэх нь хамаарах байх. Коронавирусийн хариу нь эерэг гарахад зарим хүний даралт нь ихэсч, ухаан алдаж унаж байсан. Би өөрөө энэ өвчний талаар мэдэж байсан болохоор харьцангуй тайван хүлээж авсан. Гэхдээ уг вирусийг бүрэн судлаагүй учраас хүний биед хоруу чанар нь үлдээд байх шиг.

-Бие махбодыг эм тариагаар анагаахаас гадна сэтгэл зүйн хувьд эмнэл зүй явагддаг уу?

-Ер нь ХӨСҮТ-д ийм зүйл байхгүй. Хүний дархлаа унадаг шалтгаан нь сэтгэл зүй, буруу хооллолт зэргээс хамааралтай. Хамгийн гол нь бие махбодын хүчиллэг орчны тэнцвэр алдагдсанаар дархлаа унах эрсдэлт бий. Эдгээр хүчин зүйлийг харвал ХӨСҮТ-д нийгмийн сэтгэл зүйн зөвлөгөө байдаггүй. Бусад орны туршлагыг ажиглахад эмнэлгийн сэтгэл зүйчдэд тэд илүү анхаардаг.

-Тэгвэл уг вирусээр өвчилсөн иргэдэд харилцан адилгүй хариу үйлдэл илэрдэг байх нь. Таны дархлаа ямар үе шаттай муудаж байсан бэ?

-Эхлээд сульдаж, үнэрлэх амтлах мэдрэмж алдагдсан. Удалгүй өдөр шөнийн аль нэгэнд нь заавал халуурна. Халуун бууруулах тарианы явцад л зовуурь бага зэрэг илааршина. Дараа нь эмээ ч ууж чадахгүй бөөлжсөн. Эмч өдөрт нэг удаа антибиотик хийж, хоёр удаа цус шингэлэх тариаг хийсэн. Өвчтөний хүнд хөнгөнөөс хамаарч тариа нь янз бүр байдаг юм билээ. Надад бол таван төрлийн дусал тариа, таван төрлийн эм өгсөн юмуу даа.

-Хөнгөн туссан иргэнд ямар эмчилгээ хийж байсан бэ?

-Зөвхөн витамин C уугаад л эдгэрсэн хүн ч бий. Тэр хүнд ямар ч шинж тэмдэг илрээгүй учраас огт эм уугаагүй гэсэн үг. Тэгэхээр харьцангуй байгаа юм л даа.

Иргэн О.Н-ээс биеийн байдлыг тодрууллаа.

-Ковидтой байх хугацаанд таны биед ямар шинж тэмдэг ажиглагдсан бэ?

-Анх нүд аргаж улайж, ядарч сульдаад нурууны булчингууд өвдөж байсан. Энэ хэвээр хэдэн хоног үргэлжилсээр тамир тэнхээ сульдаж эхэлсэн гэж хэлж болно. Уг вирусийг тусахаар хоолны зуршил эрс мууддаг юм билээ. Улмаар тав хоногийн дараа хамар битүүрснээр толгой хүчтэй өвдөж амтлах, үнэрлэх мэдрэмж ор тас байхгүй болсон л доо. Хүнд ер нь үнэрлэх амтлах мэдрэмж маш чухал юм билээ. Гэхдээ хүн болгонд өөр өөр шинж тэмдэг илрэх болов уу.

-Та халуурсан уу?

-Миний хувьд бага зэрэг бие арзасхийх мэдрэмж төрсөн ч огт халуураагүй.

-Эмнэлгээс эдгэрч гарсны дараа дахин бие махбодод тань хариу үйлдэл илрэх явц ажиглагдаж байна уу?

-Одоо бол мэдрэгдсэн зүйлгүй байна. Тухайн үед хамгийн гол нь сэтгэл зүйн дэм л хэрэгтэй байсан. Коронавирусээр өвчилсөн бусад иргэнтэй ярилцахад ихэвчлэн сэтгэл зүйн дэмжлэг авах чухал гэж байгаа юм. Хэдийгээр манайд эмнэлгийн тусламжийг сайн үзүүлж байгаа ч сэтгэл зүйн тал дээр дулимаг санагддаг. Сэтгэлийн дарамтад орохоор өвчин нь хүндрэх магадлал ихтэйг хувьдаа ажигласан. Энэ нь зарим иргэн өвчнөө нуух шалтгаан болж цааш шинэ голомт бүртгэгдэхийг үгүйсгэхгүй. Монголчуудын хувьд өвдсөн нэгнийгээ үзэн ядах ёсгүй. Хамгийн гол нь сэтгэл зүйн дарамтыг нь арилгах шаардлага бий.

-Амтлах, үнэрлэх мэдрэмжээс гадна халуун хүйтнийг ялгаж байсан уу?

-Халуун, хүйтнийг мэдрэх тал дээр асуудалгүй. Зарчмын хувьд хүний дархлааг огцом унагаадаг юм билээ. Иймээс ч дархлалын систем нь барьж байсан хуучин өвчнийг корона сэдрээдэг гэж ойлгосон. Дархлаа муудахаар хууч өвчин сэдрэх шалтгаан нь болдог шүү дээ.

-Эмч нар сэтгэл засалд хэрхэн анхаарч байсан бэ?

-Би ачаалал багатай үед тусгаарлагдсан учраас эмч нар маань ядраагүй байсан. Харин одоогийн нөхцөлийг ажиглахад ачаалал нэмэгдсэн, зарим эмч 3-6 сар гэртээ хариагүй байгаа шүү дээ. Ингэж ядарснаас үүдэн эмчилгээнд сөргөөр нөлөөлөх болов уу.

Гадуур мэр сэр гомдол мэдүүлээд байгаа нь үүнтэй холбоотой байх. Үүнийг зохицуулахын тулд эмч нарынхаа сэтгэл зүйг дэмжиж, ажиллах амьдрах нөхцөлийг бодолцох ёстой болов уу. Гэр орондоо харихгүйгээр олон сар ажиллаж сэтгэлээр унах нь эргээд өвчтөнд нөлөөлөх магадлалтай.

-Эмнэлэгт байх хугацаандаа та ямар эмчилгээг эрчимтэй хийлгэсэн бэ?

-Тодруулбал, дөрвөн өдөр вирусийн эм уусан санагдаад байна. Мөн аминдэмээр дэмжих зорилгоор C витамин хэрэглэж, шингэн зүйл сайн ууж байсан. Давхар дархлаа дэмжих лаа гэж эмнэлгээс өгсөн. Үлдсэн хугацаанд нь өглөө оройдоо ягаан давсаар хоолой амаа зайлж цэвэрлэсэн. Манай өрөөнд надтай хамт амьсгалын хүндрэлтэй хүн байсан. Гэхдээ би тэр хүнээс түрүүнд эдгээд гарсан л даа.

П.САЙНЖАРГАЛ