Энэ өдрүүдэд Монголын нийслэлд шөнөдөө -42 хэм хүрч байна. Хөдөөдөө -51 хэм давж байна. Жилийн дөрвөн улирал мал хариулдаг, хүйтэнд амьдарч сурсан малчин эр “Өвөл чанга байна. Гадаа явж байгаад дулаан гэрт орохоор дөрвөн мөч янгинаад сууж болохгүй байна” гэхийг сонслоо. Чөмөг царцам хүйтэн гэж энэ. Дэлхий даяараа өнөөдөр Америкт болж буй үймээнийг харж сүйд болж байна. Тэгсэн монгол хүн “Үгүй ээ, энэ жагсаж байгаа америкчууд чинь шорт подволктойгоо яасан сайхан юм бэ, дулаахан, тухтай газар юм аа” гэх шиг байгаль цаг агаарыг нь анзаараад сууж байгаа нь нэгийг хэлээд байгаа биз. Дэлхийн олон сая хүн дотор Америкийн жагсаалыг ингэж харж, атаархаж суугаа ард түмэн монголчууд бид л байх.
Өнөөдөртөө бид өвлийн тэсгим хүйтнийг даваад туулаад явж байна. Харин маргаашдаа, ирээдүйдээ ийм байх уу. Үр хойч маань ийм хүйтэнд амьдарч, өвчний үүр уурхай болсоор байх юм уу. “Өдрийн сонин”-ы бодлого, таван жилийн өмнө “Монголчууд дулаан арал худалдаж авах цаг болжээ” гэж бичихэд бараг бүх хүн солиорлоо гэж байлаа. Одоо нийгмийн сүлжээ, сошиал ертөнцийг харахад бараг хүн бүр “Бид яагаад дулаан арал худалдаж авч болохгүй гэж, зах хязгааргүй, хүн амьтангүй энэ их говиосоо түрээслүүлье, баялагаараа дулаан газар арал худалдаж авъя…” гэж бичих болж. Энэ сэдэв өргөн хүрээг хамрах болжээ. Санаачлагч нь “Өдрийн сонин” байх нь чухал биш ээ, хамгийн гол нь энэ үзэл санаа, хүсэл тэмүүлэл, нийгмийн итгэл үнэмшил бүрэлдэн тогтож байгаа нь гайхамшиг юм. Монголчууд бид хичээвэл дулаан аралтай болох, “Сентоза” арал шиг газрыг Ханбогдод байгуулах боломжтой гэдгийг дахин хэлэх байна. Ер нь бол “Өдрийн сонин” цаг ямагт л Монголын нийгэмд шинэ үзэл санааг бий болгон түгээгч байж ирсэн. Тэр үзэл санаа нь тодорхой цаг хугацааны дараа ёс заншил мэт хэрэгждэг, түүнд хүрэх үүргийг сэтгүүлч бид гүйцэтгэдэг нь бахархам үйлс юм.
Монгол Улс мөнхөд ийм хүйтэн нутагтаа хашигдаж амьдарч ирсэн юм биш шүү. Бидний хүйтний түүх бол ердөө сүүлийн 100 жилийн хэрэг явдал. Өнгөрсөн зууны хорьдугаар онд гэхэд бид өвөл нь урагшаагаа Хянганы нуруу, Ордос, Хөх нуур, Цайдмын тал, зүүн тийш Манжуурын толгод буюу Номхон далайд 500-хан км дөхөж, одоогийнхоор оторлон нутагладаг, зарим нь тэндээ суурьшдаг байлаа. Өвлийн ид хүйтэн эхлэхэд урт хөлийн малаа туугаад урд зүгийн дулаан уур амьсгалтай Ордост очиж нутагладаг байсны зах зухыг гадарлах амьд гэрчүүд өдгөө 90 настай цөөн хүн сэрүүн тунгалаг байж л байна. Түүх бүгдийг гэрчилнэ. Хэрэвзээ бид 1930-аад оны Манжуурын үйл хэрэгт ухаалаг оролцож (тухайн үед Ерөнхий сайдын орлогч Самбуу тэр хэлэлцээрт оролцож, япончуудтай ухаалаг харьцаж байсан. Даанч оросууд түүнийг авчраад буудчихсан), 1947 оны үеийн баруун хилийн тулгаралтын үед алсыг хардаг удирдагчидтай байсан бол өнөөдөр баруун талдаа Казахстан гэж гурав дахь ч хөрштэй, зүүн талаараа Манжуураар далайц гарцтай суухаар байсныг түүхчид бичээд эхэлжээ. Ийм гайхамшигтай боломжуудаа нэгэнт алдсан бид одоо ямар Ордосыг эргүүлж авна гэж тэнэглэлтэй биш дээ. Өнөөдрийн шинэ цаг үед шинэ үзэл санаа, шинэ арга барилаар л сайхныг бий болгохоос өөр аргагүй юм. Тийм учраас манай сонин зогсолтгүйгээр дулаан арал авах, дулаан арал бий болгох үзэл суртлыг түгээн дэлгэрүүлж ирлээ. Энэ бол цоо шинэ үзэл суртал. Боломж нь дүүрэн байгааг дор сийрүүлье.
Дүн өвлийн хүйтнээр дулаан уур амьсгалтай газартаа бөөгнөрч амьдрах боломж Улаанбаатараас урагш 600 км-ийн зайд байгаа юм. Цаг агаарын хувьд Өмнөговь аймгийн Ханбогд сум манайдаа хамгийн дулаан газар. Ханбогд сум өргөргийн 43 градуст, Бээжин 40 градуст, Вашингтон 45 градуст байдаг. Урд хөршийн дулаан тохь, хаа холын Америкийн Номхон далайн баруун хойд бүсэд орших Вашингтоны тав тух Ханбогдод байгаа гэсэн үг. Ханбогдтой хил залгаа Өмнөд Монголын Баяннуур аймаг нь одоо хотын статустай болсон. Хамгийн эрүүл хүнс, уул уурхай, мал аж ахуй, газар тариаландаа түшиглэн хөгжиж байгаа инновацийн гол төв, метрополитан хот болсныг Бээжин албан ёсоор зарласан. Ханбогдоос хэдхэн км-ийн цаана ингэж хөгжиж байхад бид яагаад болохгүй гэж.
Ханбогдын газрын хэвлий тэр чигээрээ зэс юм. Зэстэй газар дулаахан, цас тогтдоггүйг шинжлэх ухаан нотолсон. Ханбогдод хот байгуулахад нэг их юм шаардагдахгүй. Идэр есийн хүйтэн тачигнаж байгаа энэ өдрүүдэд тэнд -17 хэм л байна. Дийлэнх өвөлдөө Ханбогд, Галбын говь руу бараг хасах хэм рүү орж хүйтэрдэггүй. Хүйтэрч байгаа нь энэ өвөл гээд бод, хасах 17 хэмтэй байна. Ханбогдод нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг Оюу толгой компани байна. Мөн Таван толгойн бүлэг орд байна. Хармагтай, Цагаан суварга хажууд нь. Шинэ төмөр зам тэндээс хоёр салаалан тавигдаж эхэллээ. Аялал жуулчлалын нэгэн төв Дэмчигийн хийд бас тэнд. Засмал зам, агаарын тээвэр тэнд оччихсон. Одоо эрчим хүчний төслүүд эхэлж байна. Дэд бүтэц, инженерчлэлээрээ Монголдоо ганц төгс нутаг дэвсгэр Ханбогд боллоо. Тэгэхээр Ханбогдод “Сентоза арал” бий болох бүх боломж бүрдлээ гэсэн үг.
Усны тухайд, Монголын том голуудын урсацыг Ханбогд руу татах ажил хийгдэнэ. Гол мөрний урсацын 30 хувийг дотооддоо ашиглах тухай НҮБ-ын конвенцид бий. Хиймэл нуур, хиймэл арал байгуулж, говийн их нар шарсан тэр газар оронд нарны энергиэр дулаан бий болгоно. Ингээд л Улаанбаатарын -40 хэмээс ганцхан цаг нисээд, гуравхан цаг давхиад очих нэмэх 30 хэмтэй амралт зугаалгын төв, сайхан хотыг өмнийн говьд байгуулж болж байна. Ханбогд гэсэн хаягтай галт тэрэг, жуулчдын автобусууд, хүүхэд хөгшдөө суулгасан онгоцууд өмнийн говийг зорино. Энэ бүхэн мөрөөдөл биш юм шүү.
Харин Ханбогдоос цааш таван цаг нисээд хүрэх, Номхон далайн эрэг, цаашаа Малайз, Филиппинийг тойрсон хэдэн мянган дулаан арал байна. Тэр арлууд манай 0,7 га газар шиг Олон улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр зарагдаж, хөрөнгөтэй хүмүүс, улс орнууд худалдаж авч байдгийг хүмүүс мэдэх биз. Ханбогдтойгоо зэрэгцүүлээд Монголчууд дулаан арлыг гадаад ертөнцөд худалдаж авах нь ийнхүү бас нээлттэй байсаар байна. Энэ нь хий хоосон мөрөөдөл, хэн нэгний мааз яриа, доог тохуу, өөрсдийгөө доош нь хийх сэдэв биш юм. Монголын төрийн далбаатай усан онгоцууд гадаад далайд хэдэн арваараа хөлхөж байхад Монголын харьяалалтай ганц арал гадаад тивд байх нь асуудал биш шүү дээ. Гарвал л нусаа хацартаа наахаар байгаа энэ цэвдэг хүйтэн өдрүүдэд үүнээс өөр зүйл бодогдохгүй байна. Монголын хахир өвөл нь монголчуудад ямар их зардал, эрсдэл, санхүү, сэтгэл санааны хохирол авчирдаг бол. Энэ бүгдээс зайлсхийх боломж дүүрэн байгаа нь Ханбогдоо халуун арал болгох, халуун бүсэд жижгэвтэр арал худалдаж авах явдал юм. Өнөөдөр Энэтхэгийн далайд байх Кузин арал гэхэд 10 сая ам,доллараар зарагдахаар дуудлага худалдаанд байна. Энэ мөнгө Монгол Улсын хувьд дааж давшгүй их мөнгө мөн үү. Худалдаж авахын өмнөх газар орны хол ойр, эрх зүйн орчин гээд харгалзах асуудал бий. Энэ тал дээр зөвлөгөө өгдөг үйлчилгээний компаниуд дэлхийгээр нэг байна. Интернэтээс харахад Грек, Багамийн арлуудаас худалдаж авахад хууль эрх зүйн орчин жаахан тодорхойгүй. Харин Шинэ Зеланд зэрэг газруудад арал худалдаж авахад хууль эрх зүйн орчин нь сайн зохицуулагдсан, одоогоор Малайзад 500 орчим арал дуудлага худалдаанд байна… гэхчлэн мэдээллүүд байх жишээтэй. Арал худалдах, худалдан авах нөхцөл нь бүх газарт ижилхэн, тухайн улс орон эхлээд иргэддээ худалдан авах давуу эрх олгож зарлаад авахгүй бол гадаадын иргэнд шууд зарахаар хууль нь хийгдсэн байдаг юм билээ. Дэлхийд арлын наймаа хийдэг хамгийн том брокер бол Фархад Влади гэж өнгөрсөн дөч гаруй жилийн хугацаанд 3000 шахам арал худалдаалсан хүн бий. Дэлхийн хамгийн сайхан байрлалд байх гайхалтай арлуудыг авъя гэвэл энэ хүнтэй наймаалцдаг. Түүний худалдан авагчдын 40 хувь нь америкчууд, 40 хувь нь европчууд, харин үлдсэн нь япон болон арабууд байдаг тухай тодорхой мэдээлжээ.
Дэлхийн хамгийн хүйтэн цэгт амьдардаг монголчууд бид тэсгим хүйтнийг сөрөн амьдарсаар байгаа нь эмгэнэл юм. Өнөөдөр дэлхий ертөнц тэр чигээрээ хувьсан өөрчлөгдөж, хил хязгааргүй болж, тэр хэрээр боломж их болж байна. Шинэ ертөнцөд бид хуучин үзэл санаа, хуучны арга барилаар амьдарч болохгүй. Шинэ ертөнцөд шинэ арга барил, шинэ оюун санаагаар амьдрах ёстойг түрүүнд хэлсэн. Тийм болохоор хамгийн ойрын боломжит хувилбар Ханбогдоо бид газрын диваажин болгож, өвөлдөө тэндээ бөөгнөрөн амьдарцгаадаг болох. Улмаар цаахна нь байгаа Номхон далайн эрэгт дулаан арал худалдаж авах ажлыг төр засаг, хөрөнгө чинээтэй хүмүүс хамтран хэрэгжүүлэх цаг болжээ. Тэгж чадвал тэнд нь Улаанбаатарт байр түрээсэлдэг шигээ, далайн эрэг дээр байшин түрээслээд, хөгшчүүлээ, үр хүүхдүүдээ утаа, хүйтэн хоёроос дайжуулан бие сэтгэл амар байлгах юм. Ингэж чадаж гэмээнэ монголчуудын амьдралын хэмнэлд асар их өөрчлөлт, шинэчлэл авчирна. Чанарын хувьсал гарна. Хахир хавар, хүйтэн өвлийг амралтын улирал болгож, харин зун, намрыг ид ажил хөдөлмөрт зориулах хөдөлмөрийн хуваарьт шилжих биз. Угаасаа манайд дулааны улиралтай уралдан хийгддэг маш олон бүтээн байгуулалтууд бий. Монголын зун нь үүрийн 04 цагт наран мандсанаар эхэлдэг, урт өдөртэй. Харин өвөл нь нэг амьсгаа авахад л харанхуй болчихсон, ажлын бүтээмж маш богинотой. Монголчуудын хувьд дулаан арал байгуулах, дулаан арал худалдаж авахын үр дүн, ач холбогдол төсөөлшгүй их юм шүү…