Categories
мэдээ нийгэм

Японд Covid-19-ийн мутацид орсон шинэ төрөл илэрчээ

Японы Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгээс Их Британи, Өмнөд Африкт тархаж байгаагаас өөр, Covid-19-ийн мутацид орсон шинэ төрөл илэрсэн тухай мэдэгджээ.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, энэ сарын 2-ны өдөр Бразил-Японы нислэгээр ирсэн дөрвөн хүнээс тус шинэ төрлийн халдвар илэрсэн байна. Мутацид орсон вирус илүү аюултайг тус хүрээлэнгээс мэдээлжээ. Японы эрдэмтэд “Вирусийн эсрэг вакцины үр дүнгийн түвшинг үнэлэхэд хүндрэл учирч байна” хэмээн мэдэгдсэн байна.

Японы Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн тэргүүн Такажи Вакиту “Covid-19-ийн мутацид орсон шинэ төрөл нь Их Британи, Өмнөд Африкт тогтоогдсон мутацитай ижил төстэй” гэж ярьсныг Kyodo агентлаг уламжилжээ.

Одоогийн байдлаар, шинэ төрлөөр халдварласан хүмүүсийн нэг болох 40 настай эрэгтэй амьсгалын асуудлаас болж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бол халдвар авсан эмэгтэй хоолой, толгой өвдөх шинж тэмдэгтэй байгаа аж. Мөн нэг хүүхэд өндөр халуурч, дөрөв дэх өвчтөний биед тавгүйрхэх зэрэг ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байна.

Их Британид анх 2020 оны есдүгээр сард Covid-19-ийн мутацид орсон шинэ төрлийг илрүүлж, улмаар хурдацтай тархаж буйг ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн билээ.

Categories
мэдээ нийгэм

АТҮТ: Хот хоорондын чиглэлд гарах хөдөлгөөн хаалттай хэвээр байна

Улаанбаатар хотын хэмжээнд 2021.01.11-ний 06:00 цагаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн бөгөөд 1 дор олноор цугларах эрсдэлтэй 18 салбарын үйл ажиллагааг нээхгүй гэсэн захирамжийг Нийслэлийн онцгой комиссоос гаргасан билээ. Тиймээс хотын доторх тээврийн хэрэгслийн хөдөлгөөн энгийн горимоор, хот хоорондын чиглэлд гарах хөдөлгөөн хязгаарлагдмал хэвээр байна гэж Автотээврийн үндэсний төвөөс мэдээлж байна.

Categories
мэдээ нийгэм

Нийт ажилчдын 30 хувийг ажлын байранд, үлдсэнийг гэрээс нь цахимаар ажиллуулахыг зөвлөлөө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар А/06 тоот захирамжийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагуудад хандан үйл ажиллагаагаа тасралтгүй, хэвийн явуулах нөхцөлийг ханган, нийт ажилтан албан хаагчдын 30 хүртэлх хувийг ажлын байранд, үлдсэн ажилтнуудаа гэрээс нь цахимаар ажиллуулахыг зөвлөв.

Нийслэл хотод өнөөдрөөс /2021.01.11/ Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж байгаатай холбогдуулан гаргасан захирамжид өнөөдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлэх байгууллагууд коронавирусийн халдвараас сэргийлэх халдвар хамгааллын дэглэмийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахад тавих шаардлага, хэрэгжилтийг хянах, удирдлагаар хангах, эрсдэлийг бууруулах ажлыг тогтмол зохион байгуулах, халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэмийг чанд мөрдүүлэх талаар тусгажээ.

Мөн халдварын тохиолдол бүртгэгдсэн хороо, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн ажиллах горим, үйл ажиллагааны чиглэл, иргэдийн хөдөлгөөний хүрээ, хязгаарыг тогтоож, халдвар хамгаалал, хорио цээр, хязгаарлалтыг чанд мөрдүүлэх, иргэдийн зорчих хөдөлгөөнийг QR код ашиглан бүртгэх системийг иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд дагаж мөрдөх үйл ажиллагааг эрчимжүүлэхийг үүрэг болголоо.

Захирамжид мөн үйл ажиллагааг нь хязгаарлах 18 чиглэлийг хавсралтаар баталсан бөгөөд эдгээрт эрсдэлийн үнэлгээ, коронавирусийн тархалтын нөхцөл байдлаар хамаарч үе шаттай нээнэ.

Үйл ажиллагааг нь хязгаарлах салбар, чиглэл:

  1. Хүнсний болон ахуйн хэрэглээнээс бусад барааны худалдаа /бүх төрлийн хувцас, тавилга, гэр ахуйн бараа, цахилгаан бараа, бөс бараа, гоо сайхны бараа, гар утасны төвлөрсөн худалдаа, засвар/
  2. Олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, аялал зугаалга, тэмцээн уралдаан, хурим найр, цайллага, хүлээн авалт
  3. Бүх төрлийн баар
  4. Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
  5. Цахим болон бүх төрлийн тоглоомын газар
  6. Спортын арга хэмжээ /цанын бааз, заал, бильярд, фитнес, бүжиг, иогийн клуб
  7. Саун, бассейн
  8. Шашны зан үйл, сүм хийд, мөргөлийн газрууд
  9. Урлаг соёл, үзвэр үйлчилгээний газар
  10. Үсчин, гоо сайхан /гоо сайхан, хумс засал/
  11. Бариа засал, массажны газар, алжаал тайлах төв
  12. Амралт, жуулчны бааз, зочид буудал, дэн буудал
  13. Түргэн үйлчилгээний цэг
  14. Явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэг
  15. Нийтийн халуун ус
  16. Дуудлагаар гэр цэвэрлэх үйлчилгээ
  17. Дүрс бичлэг
  18. 5-аас дээш хүнтэй танхимын болон үйлдвэрлэлийн сургалт

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Categories
мэдээ нийгэм

Ихэнх нутгаар салхи, шуургатай байна

Өнөөдөр нийслэлд үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 32-34 градус, бусад хэсгээр 24-26 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 29-31 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 29-31 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын хоёр хоногтоо баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2021 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 11-НИЙ 20.00 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 25-30 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 17-22 градус, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

2021 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 12-НООС 16-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Энэ сарын 12-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 12, 13, 14-нд говийн бүс нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 24-29 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 16-21 градус, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.Энэ сарын 15-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн 9 дүүргийн 30 цэгт PCR шинжилгээ авч байна

Нийслэлийн 9 дүүрэгт байнгын үйл ажиллагаа явуулах 30 цэг ажиллаж байна. Энэхүү цэгүүдэд 600 гаруй эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байна.

Эдгээр шинжилгээний төвүүдэд эрүүл мэндийн зөвлөмж, хөдөө орон нутаг руу явах хүсэлтэй иргэд хамрагдах боломжтой. Мөн сайн дураар шинжилгээ өгч болох юм.

Шинжилгээ өгөх хүсэлтэй нийслэлийн иргэд харьяа дүүрэгтээ зохион байгуулж буй шинжилгээний төвд, харин орон нутгийн иргэд харьяалал харгалзахгүй дараах шинжилгээний төвүүдээр үйлчлүүлэх боломжтой юм.

БАЯНГОЛ ДҮҮРЭГ:

  • 13-р сургууль
  • 20-р сургууль
  • 43-р сургууль
  • 47-р цэцэрлэг

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ:

  • 21-р сургууль
  • 48-р сургууль
  • 69-р сургууль
  • 133-р сургууль
  • 142-р сургууль

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ:

  • 9-р сургууль
  • 12-р сургууль
  • 36-р сургууль
  • 62-р сургууль
  • 67-р сургууль
  • 83-р сургууль

СҮХБААТАР ДҮҮРЭГ:

  • 3-р сургууль
  • 31-р сургууль
  • 58-р сургууль

ХАН-УУЛ ДҮҮРЭГ:

  • Буянт-Ухаа цогцолбор сургууль
  • 18-р сургууль
  • 34-р сургууль
  • 52-р сургууль

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ:

  • 39-р сургууль
  • 50-р сургууль
  • 72-р сургууль

БАГАНУУР ДҮҮРЭГ:

  • Халдвартын тасаг
  • Нийгмийн эрүүл мэндийн төв.

НАЛАЙХ ДҮҮРЭГ:

  • Амбулаторийн хуучин байр

БАГАХАНГАЙ ДҮҮРЭГ:

  • Эрүүл мэндийн төв
Categories
мэдээ нийгэм

Коронавирусийг 30 секундэд устгах төхөөрөмж бүтээжээ

Covid19 вирусийг 30 секундэд бараг 100 хувь устгах авсаархан төхөөрөмжийг Японд бүтээсэн тухай Майничи сонин мэдээлжээ.

“Handy UV emitter” нэртэй төхөөрөмжөөс ялгарах хэт ягаан туяаны урт нь 280 нанометр, оптик хүч нь 70 милливатт байх юм. Вирусийн тоосонцорыг 260 нанометр урттай гэрлийн долгионоор устгаж болох ч ийм долгион үүсгэх чадвартай төхөөрөмж ойролцоогоор 2000 цаг ажиллах шаардлагатай болдог. Гэсэн хэдий ч 280 нанометр долгионы уртад ашиглалтын хугацааг ойролцоогоор 10 дахин багасгах боломжтой гэнэ. Туршилтын үр дүнгээс харахад төхөөрөмж 30 секундын дотор вирусийн 99,99% -ийг устгаж чаджээ. Төхөөрөмж ба гадаргын хоорондын зай нь 5см байсан ажээ.

Төхөөрөмжийг бүтээгчид одоо LED үйлдвэрлэгч хайж олохоор төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр хөгжүүлэлтийг цуврал хэлбэрээр эхлүүлэх боломжтой юм. Мөн ойрын ирээдүйд тасалгааны агаар ариутгагчид суулган ашиглахаар төлөвлөж байна.

Нэгдүгээр сарын эхээр, Туркийн эрдэмтэд 10 секундын дотор Covid19 вирусийг оношлох төхөөрөмж бүтээж Diagnovir гэж нэрлэсэн тухай мэдээлж байв.

Categories
мэдээ нийгэм

БГД-ийн 5, 6-р хорооны 20 мянган иргэнийг PCR шинжилгээнд бүрэн хамруулжээ

Баянгол дүүргийн 5, 6 дугаар хороонд коронавируст “Ковид-19” халдвар голомтлон гарсантай холбогдуулан 2021 оны 01 дүгээр сарын 08-наас 10-ны өдрүүдэд тус хороодын 20.176 иргэнийг PCR шинжилгээнд бүрэн хамруулжээ.

Коронавируст “Ковид-19” халдварыг илрүүлэх, тархалтыг таслан зогсоох зорилгоор зохион байгуулсан шинжилгээнд 08-ны өдөр 8539, 09-ний өдөр 10.009, 10-ны өдөр 1628 хүн хамрагдсан байна.

Дээрх хороодод халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд явуулын 58 багийн 600 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн болон цагдаа, тагнуул, онцгой байдал, мэргэжлийн хяналтын 300 гаруй албан хаагч үүрэг гүйцэтгэн ажиллажээ.

Шинжилгээний үйл ажиллагаатай холбогдуулан тус дүүргийн тодорхой байршилд тогтоосон хязгаарлалтын дэглэмийг 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06:00 цагт цуцалж, иргэд болон автомашины зорчих хөдөлгөөн хэвийн үргэлжлэх юм.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганаар энэ долоо хоногт дараах асуудлуудыг хэлэлцэнэ

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар энэ долоо хоногт буюу энэ сарын 11-15-нд намын бүлэг, байнгын хороо, чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталсныг бүрэн эхээр хүргэж байна

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

01 дүгээр сарын 11-ний Даваа гарагт:

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана;

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

01 дүгээр сарын 11-ний Даваа гарагт:

Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 11.00 цагаас “Үндсэн хууль” танхимаас цахим хэлбэрээр хуралдана;

Соёлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Үндсэн хууль” танхимаас цахим хэлбэрээр хуралдана;

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их Засаг” танхимаас цахим хэлбэрээр хуралдана;

Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана;

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд;

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд.

01 дүгээр сарын 12-ны Мягмар гарагт:

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Их Засаг” танхимаас цахим хэлбэрээр хуралдана;

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Үндсэн хууль” танхимд.

01 дүгээр сарын 13-ны Лхагва гарагт:

Кино урлагыг дэмжих тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Их Засаг” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.

ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

01 дүгээр сарын 12-ны Мягмар гарагт:

1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Эдийн Засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

/Жич: Хуралдаанд зөвхөн УИХ-ын Тамгын газраас олгосон 3G дата СИМ карт болон iPad төхөөрөмжийн MyParliament программыг ашиглан оролцоно./

Хэлэлцэх асуудал:

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нараас 2020.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Туваан нарын 11 гишүүн 2020.12.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нарын 4 гишүүн 2020.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Бусад.

2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

/Жич: Хуралдаанд зөвхөн УИХ-ын Тамгын газраас олгосон 3G дата СИМ карт болон iPad төхөөрөмжийн MyParliament программыг ашиглан оролцоно./

Хэлэлцэх асуудал:

Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагасан, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Нийгмийн бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;

Бусад.

3.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

/Жич: Хуралдаанд зөвхөн УИХ-ын Тамгын газраас олгосон 3G дата СИМ карт болон iPad төхөөрөмжийн MyParliament программыг ашиглан оролцоно./

Хэлэлцэх асуудал:

Ажлын хэсэг байгуулах тухай /Улсын Их Хурлын 2020 оны 39 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий/.

4.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

/Жич: Хуралдаанд зөвхөн УИХ-ын Тамгын газраас олгосон 3G дата СИМ карт болон iPad төхөөрөмжийн MyParliament программыг ашиглан оролцоно./

Хэлэлцэх асуудал:

Ажлын хэсэг шинэчлэн байгуулах тухай /Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/;

Ажлын хэсэг шинэчлэн байгуулах тухай /Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/;

Ажлын хэсэг байгуулах тухай /Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/;

Ажлын хэсэг шинэчлэн байгуулах тухай /Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/;

Ажлын хэсэг шинэчлэн байгуулах тухай /Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл/;

Ажлын хэсэг шинэчлэн байгуулах тухай /Байгаль орчныг хамгаалах тухай, Байгалийн ургамлын тухай, Амьтны тухай, Ойн тухай, Усны тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд/.

01 дүгээр сарын 13-ны Лхагва гарагт:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

/Жич: Улсын Онцгой комиссын тавьж буй шаардлагыг хэрэгжүүлж зай барьж, маск зүүсэн байхыг анхаарна уу./

Хэлэлцэх асуудал:

Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагасан, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Нийгмийн бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

“Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

“Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл;

Бусад.

2.Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

/Жич: Улсын Онцгой комиссын тавьж буй шаардлагыг хэрэгжүүлж зай барьж, маск зүүсэн байхыг анхаарна уу./

Хэлэлцэх асуудал:

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/;

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

3.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Үндсэн хууль” танхимд:

/Жич: Улсын Онцгой комиссын тавьж буй шаардлагыг хэрэгжүүлж зай барьж, маск зүүсэн байхыг анхаарна уу./

Хэлэлцэх асуудал:

Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд 2019.09.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр 2020.08.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

“Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас эдийн засагт үүссэн хүндрэл, бэрхшээлийг бууруулах, бизнес эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг хадгалах зорилгоор авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням нарын 22 гишүүн 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Ажлын хэсэг шинэчлэн байгуулах тухай /Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/;

Ажлын хэсэг байгуулах тухай /Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/;

Ажлын хэсэг байгуулах тухай /Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/;

Ажлын хэсэг байгуулах тухай /Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл/.

4.Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас “Их Засаг” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

/Жич: Улсын Онцгой комиссын тавьж буй шаардлагыг хэрэгжүүлж зай барьж, маск зүүсэн байхыг анхаарна уу./

Хэлэлцэх асуудал:

Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2020.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

/Нэгдсэн хуралдааны ирцийн бүртгэл 09.00 цагаас эхэлж бэлтгэл хангагдмагц хуралдаан 10.00 цагт эхэлнэ/

01 дүгээр сарын 14, 15-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

/Жич: Хуралдаанд зөвхөн УИХ-ын Тамгын газраас олгосон 3G дата СИМ карт болон iPad төхөөрөмжийн MyParliament программыг ашиглан оролцоно./

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр 2020.08.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд 2019.09.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нараас 2020.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Туваан нарын 11 гишүүн 2020.12.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нарын 4 гишүүн 2020.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

“Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас эдийн засагт үүссэн хүндрэл, бэрхшээлийг бууруулах, бизнес эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг хадгалах зорилгоор авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням нарын 22 гишүүн 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

“Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2020.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Бусад;

Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэлээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Гадаад худалдааны бодлого, зохицуулалтын талаар” тавьсан асуулгын хариуг сонсох.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Х.Баттулга: Оффшор дахь мөнгийг оруулж ирэх ажил сүүлийн хоёр жил нэлээд идэвхжиж байгаа

Ерөнхийлөгч Х.Баттулга “Оффшорын асуудлаар” өчигдөр МҮОНРТ-д ярилцлага өглөө. Түүний ярилцлагыг хүргэж байна.


-Та сүүлийн үед телевизээр монгол бичгээ заагаад, таны тэр үйлдэл хүмүүсийн сонирхлыг нэлээд татаж байх шиг байна. Хэл ам ч бас дагуулж байна. Ер нь монгол бичиг заах чинь таны Ерөнхийлөгчийн албан тушаалд багтдаг юм уу?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндсэн ажлуудын нэг нь үндэсний соёлоо түгээн дэлгэрүүлэх зүйл бий. Урьдны Ерөнхийлөгч нар морин хуур залах, Монголын нууц товчоо”-г залах зэрэг ажлыг хийж байсан. Түүний нэг хэлбэр нь юм уу даа. Бидний хувьд кирилл бичгээр сурч боловсорсон. 2017 онд Ерөнхийлөгчөөр сонгогдоод “Тэнгэрийн бичиг” нэртэй хүүхэд залуучуудын уран бичлэгийн уралдаан дээр очиж шагнал гардуулсан юм. Өмнөд Монгол болон Буриадын иргэд маань ирээд энэ уралдаанд оролцдог. Тэнд би цаг гаруй юу бодсон гэхээр хэн нэгэн хүүхэд босч ирээд та монгол бичиг мэдэх үү гэж асуувал би юу гэж хариулна аа гэсэн бодолтой байсаар тэр тэмцээн дуусч байх жишээтэй. Ингээд өөрөө хичээгээд хоёр, гурван сарын хооронд ямар ч байсан монгол бичгээ сурсан. Ерөнхийлөгчийн хувьд үндсэн соёлоо түгээх ажил учраас өөрөө үлгэрлэе гэж шийдсэн. Мэдээж янз бүрээр хэлэгддэггүй улс төрийн албан тушаалтан гэж байхгүй.

-Дэлхийн нийтээр цар тахлын аюул дэгдээд жил гаруй болж байна. Нэг талаасаа ард иргэдээ өвчин аюулаас сэргийлэх, хамгаалах ажил байгаад байдаг. Нөгөө талаас эдийн засаг нь уначих гээд байдаг. Иргэдийн амьжиргаа дордоод байдаг зовлон байх юм. Үүнийг та юу гэж харж байна?

-Би хараад, дүгнээд байх нь хаашаа юм. Дэлхий даяараа аюулт өвчинтэй тэмцээд жил болж байна. Бидний хувьд өнгөрсөн жилийн өдийгөөс хилээ хаагаад дэлхий нийтэд гарсан өвчнөөс сэргийлэх зорилгоор янз бүрийн арга хэмжээ авч байна. Арга хэмжээ авахаас ч өөр аргагүй. Эргээд яахав эдийн засгийн цусны эргэлт зогсчихож байгаа юм. Хөгжилтэй, эдийн засаг нь эрүүл улс орнууд янз бүрийн арга хэмжээ авч байгаа. Манай улсын хувьд нэлээд хүндрэлтэй бүтэн нэг жилийг даван тууллаа. УОК, Засгийн газар, ҮАБЗ тодорхой арга хэмжээг шуурхай авсан гэж ойлгож байгаа. Одоо бид амьжиргаа орлогын асуудалтай нүүр тулж байна. Мөнгөгүй, төгрөггүй байна гээд суугаад байж болохгүй л дээ. Энэ тал дээр миний хувьд хэд хэдэн саналыг дэвшүүлсэн. Нөхцөл байдал цаашаа улам хүндэрнэ. Тиймээс оноос өмнө төсвөө тодотго гээд хориг тавьсан боловч олонх хүлээж аваагүй. Тэвчиж болох хөрөнгө оруулалтыг зогсоогоод эргээд энэ мөнгөнийхөө хуримтлалыг сөрөг болоод байгаа ААН-үүд рүүгээ оруулаач гэх санааг хэлсэн. Салхитын мөнгөний ордыг ярих хэрэгтэй байх. Тухайн үед иргэдтэй уулзаад явахад хамгийн их санал хэлж байсан нь тэтгэврийн зээл байсан. ҮАБЗ-өөр оруулаад боломжит нэг хувилбар байна. Салхитын мөнгөний орд хууль зөрчсөн, авлига хээл хахуультай холбоотой учраас үүнийг эргэлтэд оруулж иргэдийнхээ зургаан сая хүртэлх тэтгэврийн зээлийг чөлөөлөхөөр болсон. Эргэлтэд оруулна гэдэг бизнес утгаараа тодорхой хэмжээний бонд юм уу үнэт цаас гаргаад тэрүүгээр банкин дээр байгаа өрүүдийг худалдаж аваад борлуулалтаараа төлчихөж байгаа юм. Жишээ нь, цар тахал гарсан тохиолдолд ахмад настнуудад асар их дарамт болох байсан. Тэгэхээр ҮАБЗ-ийн гурван гишүүн зөв шийдвэр гаргасан байна гэдгийн баталгаа. Бусад орны туршлагаар нэг сая хүртэлх төгрөгийг өрхийн орлогод төлөвлөе. Найман зуун мянга нь тодорхой үнэт цаас буюу ваучер, 200 мянга нь бэлэн мөнгө байя. Нийт 900 гаруй мянган өрхийг дэмжихээр ваучер нь худалдан авалт болоод ирэхээр дотоодын үйлдвэрлэл дэмжигдээд тэнд ажлын байруудаа хадгалж үлдэх боломжит хувилбар юм.

-Та сая хэллээ. 900 мянган өрхөд ваучераар 800 мянган төгрөг, бэлнээр 200 мянган төгрөг өгнө гэж байна. Гэтэл Сангийн сайд төсөвт мөнгө байхгүй гээд байгаа. Та энэ хуулийнхаа төслийг УИХ-д өргөн барьсан. Төсөвт мөнгө байхгүй байхад үүнийг яаж шийднэ гэж харж байна?

-Улсын төсөв яагаад мөнгөгүй байгаа юм. Хэн төсөвтэй байлгах ёстой юм. Хэн төсвийг мөнгөтэй байлгах ёстой юм. Энэ бол Засгийн газар, Сангийн яамны менежмэнтийн ажил. Хэрвээ Сангийн яам мөнгөгүй гэж байгаа бол тэр хүн ажлаа маш муу хийж байна гэсэн үг. Чаддаг хүнд нь өг гэх зөвлөмжийг өгмөөр байгаа юм. Оффшор дахь мөнгийг Монголд оруулж ирэхэд төсвийн алдагдлыг нөхөх магадлалтай. Тийм хуультай. Тэгэхээр Монголбанкинд данс нээгээд оффшороос оруулж ирсэн мөнгийг байршуулаад Монголбанк ваучерыг мөнгөжүүлэх ажлыг хийлгэмээр байна. Мэдээж УИХ дээр хэлэлцэгдэх үед асуудлууд тодорхой яригдах байх. Мөнгөгүй тусгаар тогтносон улс гэж байж болохгүй ш дээ. Оффшор дахь мөнгийг оруулж ирж байгаа ажил сүүлийн хоёр жил нэлээд идэвхтэй явж байгаа.

-Зарим эх сурвалжууд оффшор дахь мөнгө орж ирээгүй, тийм зүйл байхгүй гэх зүйлс ярьж байна лээ.

-Тэр сандраад байгаа хүмүүс дансан дахь нууц мөнгөө үзэхээр тэр нь байгаад байгаа болохоор байна гэж яриад байгаа байх. Өрх гэр ажилгүй, төрөлгүй, мөнгөгүй байгаа нь өрх гэрийн эзний буруу биз дээ. Тэгэхээр Засгийн газар мөнгөгүй гэж хэлж болохгүй. Бид чинь асар их баялагтай орон.

-Тэгэхээр оффшор дахь мөнгө шууд Монголбанкны данс руу орох юм байна тийм үү?

-Монголбанк руу оруулаач гэдэг УИХ-ын тогтоол өргөн барилаа.

-Сангийн яам, улсын төсөв рүү орохгүй нь гэж ойлголоо.

-Тийм. Тиймээс урьдчилж тогтоолын төсөл өргөн барьж байгаа юм. Хулгайлагдсан мөнгө орж ирэхэд төсвийн алдагдлыг нөхөөд байж болохгүй. Харин өнөөдөр тулгамдаж буй цар тахалтай холбоотойгоор гарч байгаа асуудлыг шийдэхэд зориулагдах ёстой монголчуудын өөрсдийнх нь мөнгө.

-800 мянган төгрөгийн ваучер ямар зорилготой юм бэ?

-Азийн орнууд цар тахалтай холбоотойгоор дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор ваучер олгосон. Эрээний барааны худалдан авалт хийлгэхгүйгээр зөвхөн дотоодын үйлдвэрийг дэмжих зорилготой. Энэ тал дээр худалдаа аж үйлдвэрийн танхимтай ажиллаж бүх судалгаануудыг гаргасан.

-Та оффшороос мөнгө оруулж ирнэ гээд байдаг. Таныг оффшорт өөрийнхөө мөнгийг нуусан гээд яриад, бичээд байх юм?

-Миний хувьд бизнесийн салбараас ирсэн хүн. Би мөнгө хадгалахын эсрэг байдаг. Мөнгө байнга эргэлтэд орж байх ёстой. Би ч өөрөө олохгүй схемийг сүүлийн 10-аад жил гаргаж ярьдаг юм. 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ч үүнийг ярьж байсан. Яриад байгаа хүмүүс өөрсдийнх нь асуудал хүндрээд ирэхээр ярьж байгаа болов уу гэж бодож байгаа. Тухайн үед нь би тоогоогүй. Гаргаж ирж ярьсан хүмүүс тэр орлогыг тодорхойлох юм бол өөрсдөө аваарай гэж хэлье.

-Таны хамаарал бүхий ААН-үүд өр зээлийнхээ баримтыг устгадаг гэх зүйл яригдах юм?

-Би үүнийг сонсоогүй юм байна. Санхүү, нягтлан гээд хүмүүс нь зөндөө байгаа. Надад хувийн компани байхгүй. Би дандаа хувьцаат компанитай. Тэдгээр компани төлөөлөн удирдах зөвлөлтэй, санхүүтэй байдаг. Орчин үед ААН-үүд өр ширээ устгадаг зүйл байдаг юм уу. Ямар дээр үе байгаа биш дээ.

-Саяхан хүүхдийн төлөө фонд байгуулагдсан. Та ч үүнийг нэлээд дэмжсэн. Нэлээд хэмжээний мөнгөн болон эд материалын хандив цугларсан. Тантай холбоотой байдаг хүмүүс хүүхдийн төлөө фондыг байгуулсан. Ерөнхийлөгчийн сонгуулийн жил учраас таныг сонгуульдаа бэлдэж байна гэж хардаад байх шиг?

-Юуг нь харддаг юм. Бид 30 жилийн турш Монголын ирээдүй болсон хүүхдүүдийнхээ төлөө юу ч хийгээгүй. НҮБ-ын Хүүхдийн төлөө сангаас л хөрөнгө мөнгөтэй холбоотой бага зэргийн дэмжлэг авдаг. Одоо сүүлдээ шашны байгууллагууд орж ирж хүүхдүүд дээр менежмент хийгээд эхэлсэн. 1990 оноос өмнө хүүхдийн төлөө маш их зүйл хийгддэг байсан. Хүүхдийн хөгжмийн зохиолч, номын зохиолч, зураач гэж байлаа. Одоо бид хүүхдийн төлөө гэх бүх зүйлээ устгасан. Үүн дээр судалгаа хийгээд “Хүүхдийн төлөө фонд” гэж байж, үүнийг сэргээе гэж ТББ-ууд санаачилга гаргажээ. Энэ саналаа Засгийн газар, ҮАБЗ-д танилцуулсан. Соёлын яам нь дэмжжээ. Хүүхдийн төлөө зүйл хийхээр эсэргүүцээд байгаа хүмүүсийг гайхаж байна. Хүүхдийн төлөө юм хийхэд эсэргүүцэж байгаа бол өөр юу ч хийсэн эсэргүүцэж таарах юм байна гэсэн ойлголтыг авсан. Маш их мөнгө цугласан байна лээ. Энэ түүхэндээ анх удаа байх. Би маш талархаж хүлээж авсан. Тэр байтугай ҮАБЗ дээр хүүхдийн, Монголын ирээдүйн тухай авч хэлэлцээсэй, энэ фондыг удирдаж яваасай гэсэн бодолтой байгаа. Эмзэглээд байх сэдэв биш. Хүүхдийн төлөө юу ч хийхгүй байгаа нь л эмзэглэх сэдэв. Бид ийм эмгэнэлт байдалтай тулж иржээ гэдгийг л харсан.

-ҮАБЗ Үндсэн хууль, шүүхийнхээ дээр гарчихлаа. ҮАБЗ-өөр далимдуулаад эрх мэдлээ тогтоох оролдлогууд хийж байна ч гэх юм. Ер нь ҮАБЗ-ийн гишүүд өнгөрсөн хугацаанд хэр эв нэгдэлтэй ажиллаж чадав?

-1992 онд батлагдсан Үндсэн хуулиас хойш ҮАБЗ буюу төрийн гурван өндөрлөгийн тогтолцоог бий болгосон байдаг. Үе үеийн төрийн өндөрлөгүүд хоорондоо зөрчилтэй байдаг байсан. 2017 оноос хойш одоогийн байгаа УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гурав Монгол Улсад тулгамдаад байгаа асуудлуудаар маш олон удаагийн уулзалт, хурлуудыг хийсэн. 2017 оноос хойш л гэхэд ҮАБЗ 41 удаа хуралдаж, 54 зөвлөмж гаргасан байна. Гэтэл 2009-2017 оны хооронд 25 удаа хуралдаж. Ардчилсан тогтолцоонд шилжсэн 30 жил бол бидэнд олдсон, оносон, алдсан зүйл нь юу байв гэдгийг дүгнэхүйц хугацаа юм. Өнөөдөр ҮАБЗ-өөр хэлэлцэхгүй байх болов уу гэх асуудал байхгүй болсон. Шашин хоорондын болоод газар нутгийн асуудал, сая ярьсанчлан хүүхэд, монголчуудын ирээдүй, эдийн засгийн тухай ярьдаг. Сангийн сайд нь яагаад төсөв, мөнгөгүй гэж ярьдаг болчихсон юм. Уул уурхай гэж 20-иод жил ярьж байгаа хэрнээ ашиг шим нь хаашаа ороод байгаа юм. Яагаад баян хоосны ялгаа их болов, яагаад үйлдвэр ажиллуулсан хүн өрөнд идэгдэж, өтөнд баригддаг юм гэх зэрэг асуудлууд дээр санал нэгдэн, шийдэж байгаа. ҮАБЗ-ийн хоёр гишүүнд талархаж явдаг.

-Та Ерөнхийлөгч болсноосоо хойш АН-ын үйл ажиллагаа дотоод хэргээс нэлээд хөндийрсөн.

-Хуулиараа тийм юм.

Тэгвэл энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар та Ардчилсан намаас нэр дэвших үү?

-Ардчилсан нам хэнийг нэр дэвшүүлэх эсэхээ хуралдаж, олонхоороо шийдвэрлэдэг. Тэр зарчмаараа л явна.

-Та Ардчилсан намаасаа нэр дэвшинэ биз дээ?

-Процессоороо яваад л шийдэгдэх байх.

-Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн өмнө хэд хэдэн баривчилгаа болсон. Шинэ оныг нэлээд хэдэн Ерөнхий сайд, сайд асан хүмүүс шоронд өнгөрөөлөө. Энэ баривчилгааны ард таныг байгаа, зохион байгуулалтад нь оролцож байна гэх юм?

-Манай өнөөгийн тогтолцоогоор нэг хүн удирдаад баривчилгаа хийгээд байх ямар ч боломжгүй. Ерөнхийдөө Авлигатай тэмцэнэ гэдэг асуудлыг олон жил ярьсан. Төрийн өндөр албан тушаалд байсан хүмүүс тодорхой хугацаанд асар их баяжаад зүгээр яваад байдаг. Ийм зүйлд бид дасах тал руугаа яваад байгаа. Хэвийн үзэгдэл шиг болчихоод байна. 2017 онд Ерөнхийлөгчид нэр дэвших үед Авлигатай тэмцэх асуудал асар их хүлээлттэй байсан. АТГ-т мөрдөх ажиллагаа явуулаад прокурорт танилцуулаад, прокурор мөрдөх ажиллагаан дээр нь саналуудаа хэлээд шүүх рүү очдог. Энэ тогтолцоонд хөндлөнгөөс нөлөөлөхгүй байхад л энэ ажил цааш явдаг болов уу.

-УИХ дээр Үндсэн хуулийн 12 дугаар дүгнэлт хэлэлцэгдэж байгаа. Энэ дүгнэлтээр хууль ёсоороо таны хэлээд байгаа албан тушаалтнуудын, цагаан захтнуудын хэрэг гэгчээр хэд хэдэн хүн чөлөөлөгдөхөөр байгаа.

-Хуулийн гарцыг нь олоод харчихсан юм билээ л дээ. Хууль ёсоороо тийм. Цэцийн шийдвэрийг УИХ хүлээгээд авчих юм бол маш олон хүн хөөн хэлэлцэх хугацаагаараа суллагдах юм билээ. Олон улсын Авлигын конвенцид авлигатай холбоотой хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа хамаардаггүй гэдэг. Гэхдээ дээрх асуудлыг нийгэм хүлээж авахгүй л дээ. Учир нь иргэдээсээ сонгогдож албан тушаалд гараад асар их баяждаг байдал өнөөдөр иргэдийн бухимдлыг хүргэж байгаа. Тиймдээ ч дээрх асуудал явахгүй болов уу гэж бодож байна.

Сая АТГ-ын даргыг сонгох эрхийг Ерөнхий сайдад олгосон нь маш буруу үйл явдал болсон. У.Хүрэлсүхийн Засгийн газар Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахдаа концессийн гэрээгээр огцруулж байсан. Засгийн газрын гишүүд нь томоохон концессийн гэрээнүүдийг авчихсан. Хэрвээ Ерөнхий сайд буюу төсвийг ерөнхийлөн захиран зарцуулах эрхтэй хүн АТГ-ын даргыг сонгоно гэдэг сайд нарт авлига авах нөхцөлийг бүрдүүлж байгаа. Энэ нам дандаа эрх баригч, олонх байхгүй. Хэзээ нэгэн цагт сөрөг хүчин олонх болно. Үүнийг анхаарч үзэх хэрэгтэй.

-Та төмөр замтай нэлээд холбогддог. Хэд дэх Ерөнхий сайд дээр энэ төмөр зам яригдаж байна вэ?

-Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд байхдаа буюу 2010 онд УИХ-аар төмөр замын бодлогыг батлуулсан. Яам бодлого ярих ёстой. Бодлогоо хэрэгжүүлэхийн тулд багагүй зовлон үзсэн. Бараг 10 жил хэдэн олигархи бүлэглэл төрийнхөнтэй нийлж энэ ажлыг гацаасан. Одоогийнх бол бараг долоо дахь Ерөнхий сайд нь байх. Тэрээр энэ ажлыг маш хурдан эхлүүлсэн. Жил хүрэхгүй хугацаанд 800-гаад км төмөр замыг барьсан. Барьж болж байна гэдгийг харуулж байгаа хэрэг. Манайх шиг далайд гарцгүй, ийм том хуурай газар нутагтай улсын хувьд төмөр зам бол эн тэргүүний асуудал. Энэ төмөр зам баригдсанаар Монгол Улсын эдийн засаг 3-5 дахин тэлнэ.

-Төмөр замаа барьчихлаа. Гэтэл төмөр замаар зөөх юмгүй болчихсон юм биш үү?

-Төмөр зам бариулахгүй гэж 10 жил үзсэн. Барьж чадчихаар нь ачих юмгүй гэж хэлж байна. Говийн, баруун, зүүн бүсийг холбосон төмөр замаар зүүн Ази руу, далай руу гарна. Төмөр замын 100 км-ийн радиус дотор нийтдээ 160 гаруй ордууд байх жишээтэй. Энэ ордуудаа бид боловсруулах юм бол өнөөдрийн ядуурлаас гарах том бодлого болох юм. Үндсэн хуульдаа бид газрын доорх баялаг ард түмнийх байна гээд заачихсан. Товчхондоо үүнийг л хэрэгжүүлэх гэж яваа хүн шүү дээ.

Тэмдэглэсэн:

Б.НОМИН-ЭРДЭНЭ

О.АРИУНЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм

Сурагчдын амралтад зориулсан теле хичээлийн энэ долоо хоногийн хуваарь

Цэцэрлэгийн хүүхдүүд, ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн сурагчдын өвлийн амралтад зориулсан 2021 оны нэгдүгээр сарын 11-15-ны цахим контентын хуваарь болон эцэг эхчүүдэд зориулсан насан туршийн боловролын теле хичээлүүдийн хуваарийг хүргэж байна.