Categories
мэдээ улс-төр

УИХ хаврын чуулганаар 50 төсөл хэлэлцэхээр төлөвлөжээ

УИХ-ын ээлжит чуулган бүр завсарлахаасаа өмнө дараагийн ээлжит чуулгаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийнхээ жагсаалтыг баталдаг. Үүний дагуу УИХ ирэх хаврын чуулганаар ямар хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээ тодорхойлон хэлэлцэж байна. Дараах хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

  1. Монгол Улсын 2022 оны хөгжлийн төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл;
  2. Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл;
  3. Тогтвортой хөгжлийн зорилгын Үндэсний зорилтот түвшин, шалгуур үзүүлэлт батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл;
  4. Ерөнхийлөгчийн тухай шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл;
  5. УИХ-ын хяналт шалгалтын тухай анхдагч хуулийн төсөл;
  6. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;
  7. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  8. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;
  9. Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хуулийн төсөл;
  10. Байгаль орчныг хамгаалах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;
  11. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  12. Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  13. Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  14. Дээд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  15. Судалгааны их сургуулийн тухай анхдагч хуулийн төсөл;
  16. УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл;
  17. Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;
  18. Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;
  19. Нийгмийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  20. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  21. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  22. Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  23. Эрдэс баялгийн ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл;
  24. Хүнд үйлдвэрийн тухай анхдагч хуулийн төсөл;
  25. Уул уурхайн нөхөн сэргээлтийн тухай анхдагч хуулийн төсөл;
  26. Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;
  27. Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төсөл;
  28. Эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийнтөсөл;
  29. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  30. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  31. Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;
  32. 3өрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  33. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;
  34. Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай анхдагч хуулийн төсөл;
  35. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  36. Шүүх байгуулах тухай хуулийн төсөл;
  37. Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цахим гарын үсгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;
  38. Шилэн дансны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;
  39. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай;
  40. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  41. Кибер аюулгүй байдлын тухай анхдагч хуулийн төсөл;
  42. Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;
  43. Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  44. Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  45. Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  46. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  47. Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  48. Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  49. Хууль тогтоомжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  50. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл.
Categories
мэдээ цаг-үе

Эрүүл мэндийн сайдад дэмжигдсэн С.Энхболд гэж хэн бэ?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт орж ажиллах сайд нараас Эрүүл мэндийн сайдад дэмжигдсэн С.Энхболд нь Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захирал бөгөөд тус албан тушаалд томилогдоод удаагүй байгаа аж.

Тэрээр эмнэлэгтээ хөхний хоргүй хавдрыг соруулж авах аргыг нэвтрүүлж, хэт таргалалтын эсрэг дурангийн мэс заслын эмчилгээг нутагшуулсан байна. Салбартаа залуу ч хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн гэдгийг эх сурвалжууд хэлж байна.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний номын сангийн шинэ барилга 85 хувийн гүйцэтгэлтэй байна

Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат, Соёл гэгээрлийн газрын дарга Д.Наранцэцэг, Номын сангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах шинжээч Б.Баяраа нар Үндэсний номын санд ажиллаж, шинэ барилгад нүүж орох бэлтгэл болон ашиглалтын төлөвлөгөөтэй танилцаж, санал солилцлоо.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Үндэсний номын сангийн 11 давхар, 9,948.2 ам.метр талбай бүхий шинэ байр баригдаж байгаа бөгөөд 85 хувийн гүйцэтгэлтэй байгаа талаар Соёлын яамнаас мэдээллээ.

5f61a23d91c4e Үндэсний номын сангийн шинэ барилга 85 хувийн гүйцэтгэлтэй байна

Шинээр баригдаж буй Үндэсний номын сан нь 450 хүний суудалтай ба харааны болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан соёл, боловсролын танхимтай байх юм.

Мэдээллийн эрин зуун дахь технологийн шинэчлэлт нэвтрүүлж ном хэвлэлийг сканердан тоон хэлбэрт шилжүүлснээр хялбар аргаар, хурдан шуурхай мэдээлэл олж авах боломж бүрдэнэ.

f7z4d8_143502263_221052346350164_2147203586195067263_n_x974 Үндэсний номын сангийн шинэ барилга 85 хувийн гүйцэтгэлтэй байна

Түүнчлэн номын үзэсгэлэнгийн болон хурлын танхим, мини театр, ном, бичиг хэргийн дэлгүүр, хэвлэлийн үйлчилгээгээр соёлын бүтээлч үйлдвэрлэлийг өөрийн онцлогт тохируулан хөгжүүлж, барилгын ашиглалт болон олон төрлийн нэмэлт үйлчилгээгээр орлого олохоор төлөвлөжээ.

Харин хуучин номын сангийн төв байраа монгол судлалын номын сан, гар бичмэл ном судрыг сэргээн засварлах, дижиталчлах төв хэвээр үлдээх юм байна.

Монгол Улсын Соёлын яам

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Эдийн засагч Г.Ганзориг: Цагаан сарыг тэмдэглэхгүй байх нь мөнгөнд хэмнэлттэй ч, баярууд эдийн засгийг идэвхжүүлж, сайнаар нөлөөлдөг тал бий


Коронавируст цар тахлын улмаас өнгөрсөн жил Монголчууд уламжлалт сар шинийн баяраа тэмдэглэлгүй өнгөрүүлсэн билээ. Тэгвэл энэ жил мөн сар шинийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг уриалсан юм.

Сар шинийн баярыг цомхон тэмдэглэснээр эдийн засагт ямар нөлөө гарч буй талаар эдийн засагч Г.Ганзоригтой ярилцлаа.


-Эдийн засаг хямралтай байгаа. Үүн дээр сар шинийн баярыг өргөн тэмдэглэвэл төдий чинээ зарлага гарах нь тодорхой байх. “Цагаан сар”-ын баярыг тэмдэглэхэд нэг өрхөөс дунджаар 1,5 сая болон түүнээс дээш төгрөг зарцуулдаг юм билээ. Тэгвэл уламжлалт баяруудыг цахимаар тэмдэглэснээр хичнээн төгрөг хэмнэж байгаа вэ?

-Цагаан сар нь өрх бүрийн 1.5 сая төгрөг, улсын хэмжээнд нийт 850 тэрбум төгрөгийн өртэгтэй гэсэн судалгааг 2019 онд гаргасан. Жил ирэх тусам тус дүн нэмэгдэнэ. Үүнийг ч тухайн судалгаанд харуулсан байсан. Гэхдээ бид энэхүү зардал гарахгүй байх нь сайн гэж харж болохгүй. Түүнчлэн хэмнэнэ гэдэг ойлголт нь эдийн засагт жаахан сонин. Учир нь нэг талдаа зардал гарахад нөгөө талд орлого болж байдаг. Иймд эргээд эдийн засгийн идэвхжилийг сайжруулж, харин ч сайнаар нөлөөлдөг тал бий. Маш олон байгууллагууд эдгээр баярын өдрүүдэд жилийн гол орлогоо хийдэг. Тэнд нь олон мянган хүн ажиллаж орлоготой болно гэсэн үг. Бүтээмж гарч байгаа хэрэг. Түүнчлэн уламжлалт баярууд нь аялал жуулчлалыг дэмждэг давуу талтай. Гэхдээ энэ жилийн хувьд бүх зүйл өөр байх нь дээ.

-Импортын бэлгэнд л гэхэд 360 тэрбум төгрөг гаргадаг гэсэн судалгаа гарсан байсан. Ер нь баяруудыг цомхон тэмдэглэснээр жилийн турш хичнээн төгрөгийг гадагш урсгахаас хамгаалдаг вэ?

-Тэрийг шууд тооцож хэлэхэд хэцүү байх. Зүгээр баримжаалбал хагас сая ам.доллар болов уу гэж харж байна. Бид сүүлийн жилүүдэд үндэсний бүтээгдэхүүнүүдээр баяраа тэмдэглэх болсон нь үүнд нөлөөлж байгаа.

-“Цагаан сар”-ыг тэмдэглэхгүй гэж уриалж байхад наймаачид бараа бүтээгдэхүүнээ сурталчилж олон нийтийг өдөөдөг. Энэ нь эдийн засгийн үзэгдэл үү?

-Аливаа шийдвэрт нөлөөлөх зорилготой түлхэц үзүүлэх нь энгийн л үзэгдэл шүү дээ. Харин үүнийг тодорхой хугацаанд зохион байгуулалттайгаар хориглож болно л доо. Тэгээгүй цагт юугаа сурталчлах нь борлуулагчдын л эрх. Харин худалдан авах эсэх бол хэрэглэгчийн эрх. Энэ бол чөлөөт эдийн засаг.

-Таны харж байгаагаар дотоодын болон дэлхийн эдийн засаг хэзээнээс өсөх зам руугаа орох бол?

– 2021 оны сүүл үеэс эхлэн манай эдийн засагт эерэг үзүүлэлтүүд гарч ирэх болов уу гэж харж байгаа. Сайн талаас нь харвал олон улсын зах зээл дээр бидний импортолдог бүтээгдэхүүний ханш энгийн үеэс бага. Харин экспортолдог бүтээгдэхүүний ханш энгийн үеэс өндөр байх хүлээлттэй байна. Иймд манай гадаад худалдааны тэнцэлд 2021 он нь их эерэг жил болох шинжтэй.

-Ирэх онд БНХАУ-ын эдийн засгийн өсөлт нэмэгдэнэ гэж таамаглаж байгаа. Энэ өсөлт манайд хэрхэн нөлөөлөх вэ?

-БНХАУ-н эдийн засаг тун сайн өсөлттэй явж байна. Энэ нь бидний гол экспортын бүтээгдэхүүний эрэлтэд сайнаар нөлөөлнө. Харин аялал жуулчлал зэрэг зарим нэг салбарын хувьд сэргэхэд үнэхээр цаг хугацаа шаардах нь тодорхой байна.

-Ингэснээр ямар эрсдэл үүсэх вэ?

-Санхүүгийн салбарын хувьд зээлүүд чанаргүйдэж, салбарт том эрсдэл учруулах магадлалтай байна. Иймд муудсан активуудыг худалдан авах сан үүсгэх шаардлагатай. Эдгээр алхмууд нь тийм шинэлэг эсвэл сонин зүйлс биш. Маш олон оронд ийм арга хэмжээнүүдийг авсан. Гэхдээ эдгээр арга хэмжээний араас нь том эрсдэл гарч ирнэ. Өмнө нь хэлсэнчлэн эдгээр нь ердөө эрсдэлийг тархаан байршуулах л арга хэмжээнүүд юм. Өнөөдөр огцом “шок”-ыг үгүй хийж, зөөлрүүлж буй хэрэг. Юм гэдэг бүгд өөрийн үнэтэй. Энэ мэтчилэн эдийн засаг нь мөнгөөр угжигдаад байхаар инфляци өсч, валютын ханш дарамтад ордог. Өөрөөр хэлэх юм бол, аливаа асуудлыг дэвэргэхгүйгээр бага багаар намжааж, түүнийхээ үнэ хөлсийг бага багаар төлөх тухай юм л даа.

-Өрх бүрт нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ гэж ярьж байгаа. Үүний эерэг сөрөг үр дагаврыг тайлбарлахгүй юу?

-Сайн тал нь гэвэл орлого багатай иргэдэд илүү дэмжлэг болж өгнө. Тэгэхээр эрэлтийг нэмэгдүүлж эдийн засгийг сайжруулж байгаа хэрэг мөн. Нөгөөтэйгөөр, Энэ нь эргээд ханшийг нэмэгдүүлж, инфляцийг хөөрөгдүүлэх сөрөг нөлөөтэй. Ер нь бол бэлэн мөнгө тараах бодлого нь зорилтод бүлэгт чиглэдэг. Нийтэд тараахаар үр ашиггүй болох талтай. Зарим өндөр орлоготой иргэдэд нэг сая төгрөг гэдэг бага юм. Ингэснээр тэнд ямар ч ашиггүй зарцуулагдаад ирэхээр инфляци хөөрөгдөхөд хүргэнэ. Үүнийг тодорхой бүлгүүдэд тараах нь зүгээр болов уу.

-Цар тахлын үеийн эдийн засаг гэж нэр томъёо бий байх. Ийм онцгой үед улс орнууд ямар арга замыг сонгодог вэ?

-Цар тахлын үеийн эдийн засагт тодорхой асуудлуудыг арилгах бодлогууд түгээмэл ашиглаж байна. Энэ нь эдийн засгийн хямралын үед авч хэрэгжүүлдэг бодлогууд юм л даа. Олон улсад авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдээс манай улсад юу нь онох вэ гээд харахад дараах дүгнэлтэд хүрч болохоор байна. Үүнийг би өмнө нь ч бас хэлж байсан. Нэгдүгээрт, энэхүү “Ковид-19” нь нийгмийн хамгийн эмзэг бүлэгт мэдрэгдсэн. Энд эдийн засгийн хувьд ярьж буй хэрэг шүү. Тэрнээс эрүүл мэндийн тухай биш. Тэрхүү эмзэг бүлэг нь хатуу хөл хорионоос хамгийн ихээр хохирч буй хүмүүс. Угтаа эдгээр хүмүүсийн ажлын байр нь голдуу үйлчилгээний салбар, барилга тэр дундаа цагийн буюу түр ажлууд байсан. Гэтэл одоо ямар ч ажилгүй болчихлоо. Олон улсад энэ мэт бага орлоготой иргэдээ анхаарч, мөнгөн дэмжлэг үзүүүлж байна. Хоёрдугаарт, Бид хөдөлмөрийн захаа огт орхигдуулж болохгүй. Энэ үед цомхотгол хийх магадлал тун өндөр. Иймд ажлын байраа тогтвортой хадгалж үлдсэн ААН-үүдийг урамшуулах, хэрэв гэнэт халагдвал давхар санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээ авч болно. Гуравдугаарт, Жижиг дунд бизнесүүдэд эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл олгох явдал юм. Ийнхүү эхнийх нь эмзэг бүлэг рүү, дараагийнх нь хөдөлмөрийн зах, гурав дахь нь бизнес рүү, дөрөв дэх нь санхүүгийн зах зээл рүүгээ чиглэсэн дэмжлэг байх учиртай.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын чуулганаар Музейн тухай хуулийг баталлаа

2021 оны нэгдүгээр сарын 28-ны УИХ-ын чуулганаар Музейн тухай хуулийг баталлаа. Ингэснээр соёлын үнэт зүйлсийг хадгалж хамгаалах, сурталчлах үйл ажиллагааны цар хүрээ, үйлчилгээний чанар хүртээмж сайжирч, музейн нийгэм, эдийн засгийн үр өгөөж нэмэгдэх боломж бүрдэж буй юм.

Монгол Улсад музейн үйл ажиллагааг Соёлын тухай болон Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар ерөнхийлөн зохицуулж, Соёлын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний баталсан дүрэм, журам, заавар болон Музейн үйл ажиллагаанд тавигдах шаардлага, MNS 2006:5643 стандарт зэрэг эрх зүйн баримт бичгээр зохицуулж ирсэн.

Эдгээр хууль, эрх зүйн баримт бичгүүд нь музейтэй холбоотой олон асуудлыг шийдвэрлэж, тогтвортой хөгжлийг дэмжих хөшүүрэг болж чадахгүй байсан юм. Ялангуяа барилга байгууламжийн нөхцөл муу, санхүү хөрөнгө оруулалтын хэмжээ бага, хүний нөөцийн хөгжил сул зэрэг хүчин зүйлээс шалтгаалж соёлын өвийн хадгалалт хамгаалалтын аюулгүй байдалд бодит хохирол учирсаар байсан билээ.

Манай улсад орчин цагийн музей 1924 онд байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар хуулийн этгээдийн бүртгэлтэй, төрийн өмчийн 12 музей, орон нутгийн өмчийн 24 музей үйл ажиллагаа явуулж байна.

  • Мөн Монголбанк, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар зэрэг төрийн байгууллага, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн, Палеонтологийн хүрээлэн зэрэг эрдэм шинжилгээний байгууллага, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Улаанбаатарын их сургууль “Их Засаг” олон улсын их сургууль зэрэг дээд боловсролын байгууллагын дэргэд 16 бэсрэг музей, үзвэрийн танхим,
  • Олон улсын оюун ухааны музей, “Данзанравжаа” музей, Монголын Уламжлалт Анагаах Ухааны Музей, Чингис хааны өв соёлын музей, Хэлмэгдэгсдийн дурсгалын музей, Монгол костюмс музей, Цагаандариум музей, галерей зэрэг тогтмол үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн 10 гаруй музей үйл ажиллагаа явуулж байна.
  • Түүнчлэн, хөдөөгийн сум, дүүрэгт орон нутаг судлах, сурталчлах зориулалт бүхий 265 музей, үзвэрийн танхим бий.
Categories
мэдээ улс-төр

АН-ын залуучууд намаа шинэчлэх хөдөлгөөн эхлүүллээ

Өнөөдөр /2021.01.29/ Ардчилсан намын анхан дунд шатны гишүүд намынхаа дотоод асуудлыг шийдэж, шинэчлэл хийхийг уриалан мэдээлэл хийлээ.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн зөвлөхөөр ажиллаж байсан С.Эрдэнэболд “Өнөөдөр монгол орон ардчилал, зах зээлийн орон бус халамжийн орон болсон байна. Энэ хэцүү нөхцөлд хүн хүнээ хайрлахгүй байна. Үүний нэгэн хохирогч болсон ээж хүү хоёрыг өмөөрсөн ард түмэн тодорхой албан тушаалтнуудаас хариуцлага нэхэж, олуулаа талбай дээр жагссан. Гэтэл МАН-ын зүгээс Засгийн газар огцруулан халхавчилж, асуудлыг аргалах гэж оролдсон. Энэ бол арчаагүй үйлдэл. Цар тахалтай тэмцэх олон тэрбум төгрөгийн хандив тусламж хэрхэн зарцуулагдсан нь мэдэгдэхгүй байна. Эрх баригч МАН удахгүй 100 жилийн ойгоо сүр дуулиантай тэмдэглэх гэж байна. Намын 100 жилээс илүү хүний эрхээ дээдэлсэн, эдийн засгийн хямралаас гаргасан эрх баригчид бидэнд хэрэгтэй. Ардчилсан нам нэн яаралтай дотооддоо цэгцэрч, сөрөг хүчний дуу хоолойгоо гаргах хэрэгтэй байна. Иймд АН-ын дотоодод маргаан үүсгэж байгаа талуудад хатуу анхааруулга өгөхөөр залуус бид Зориг агсны хөшөөн дээр ийнхүү цугларч байна.

Нэгдүгээрт, Ардчилсан намын даргаар ажиллаж байсан С.Эрдэнэ танд хандаж хэлэх үг байна. Та ажиллаж байх хугацаандаа АН-ыг УИХ-д бүлэггүй нам болгосон. Түүнчлэн сонгуульд үнэмлэхүй ялагдал хүлээсэн. Та намын дарга мэтээр авирлах эрхгүй. Мөн захиалгаар АН-ыг хагалан бутаргаж байгаа нь ёс зүйн, дүрмийн хувьд ч байж боломгүй асуудал тул анхан дунд шатны гишүүд бид эсэргүүцэж байна.

Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан танд хандаж хэлэх үг байна. АН-ын тамгийг шилжүүлж хадгалсан 8 сарын хугацаанд та шинэчлэл хийж чадсангүй. Мөн намыг хоёр хуваагдсан мэт иргэдэд буруу ойлголт төрүүлсэн тул тайлбар хийхийг шаардаж байна. Ардчилсан нам дотроосоо үймж байхад олигтой үйлдэл хийхгүй, манлайлалгүй байгаа байдлыг тань бид эрс шүүмжилж байна. Бид бүхэн хэн нэгний халаасны хүмүүс баймааргүй байна. Ардчилсан намын дахин сэргэх суурь бол зорилгоо зөв тодорхойлоход оршино. Бид бүхэн Ардчиллын суурь зарчмууд дээр зоригтой зогсож чаддаг үзэл санаа бүхий АН-ын гишүүд баймаар байна. Иймд манай орны өнцөг булан бүрт ардчиллын эрс шинэчлэл хийхийг хүсэж буй залуус бүгд бидэнтэй нэгдээрэй” хэмээв.

Түүнчлэн “АН-ын 9 дүгээр их хурал 2017 онд болж, төрийн бүх шатны сонгуульд ялагдал хүлээсэн бол намын дарга 30 хоногийн дотор огцорно гэж баталсан. Гэтэл С.Эрдэнэ намаа ялагдуулж, тамгаа өгчхөөд буцаагаад авч байна. Бөөлжсөн бөөлжсөө эргэж долоож байгаа хувилбар бол С.Эрдэнэ” хэмээсэн байна.

Тэд АН-ын дотоод зөрчил туйлдаа хүрснийг дурдаад “хууль бус” дарга хэмээн үзэж буй С.Эрдэнийг буруутгаж, түүнийг намаа хагалан буталгах үйл ажиллагаагаа зогсоохыг шаардлаа. Мөн АН-ын даргын үүрэг гүйцэтгэж буй Ц.Тувааныг маш муу ажилласан гэж шүүмжиллээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

МАН-ын Удирдах зөвлөл дэмжсэн сайдуудын нэрс

МАН-ын Удирдах зөвлөл дөнгөж сая хуралдаж дууслаа. Тус хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимд ажиллах сайдуудын нэрсийг гаргажээ.

Удирдах зөвлөлөөр сайдад дэмжигдсэн хүмүүсийн нэрс:

  1. Шадар сайдаар С.Амарсайхан (УИХ-ын гишүүн)
  2. ЗГХЭГ-ын даргаар Ц.Нямдорж (УИХ-ын гишүүн асан)
  3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Н.Уртнасан
  4. Батлан хамгаалахын сайдаар Г.Сайханбаяр (Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч)
  5. Гадаад харилцааны сайдаар Б.Батцэцэг (Гадаад харилцааны дэд сайд асан)
  6. Сангийн сайдаар Б.Жавхлан (УИХ-ын гишүүн),
  7. Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Х.Нямбаатар (Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч)
  8. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар А.Ариунзаяа (Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч)
  9. Барилга, хот байгуулалтын сайдаар Б.Мөнхбаатар (Барилга, хот байгуулалтын сайдын үүрэг гүйцэтгэгч)
  10. Боловсрол, шинжлэх ухааны сайдаар Л.Энх-Амгалан (УИХ-ын гишүүн)
  11. Зам, тээврийн хөгжлийн сайдаар Л.Халтар (Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч)
  12. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Г.Ёндон (Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч)
  13. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар З.Мэндсайхан (Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч)
  14. Эрчим хүчний сайдаар Н.Тавинбэх (Эрчим хүчний сайдын үүрэг гүйцэтгэгч)
  15. Эрүүл мэндийн сайдаар С.Энхболд (Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дарга)
  16. Соёлын сайдаар Ч.Номин (Монгол телевизийн захирал) нарын нэрс дэмжигджээ.
Categories
мэдээ цаг-үе

Шадар сайдад С.Амарсайхан дэмжигдлээ

Шинэ Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнийн танхимд орж ажиллах сайд нарыг МАН-ын удирдах зөвлөлөөр хэлэлцэж байгаа билээ. Тэгвэл Шадар сайдаар С.Амарсайхан Удирдах зөвлөлд дэмжигджээ.

Categories
мэдээ цаг-үе

Сангийн сайдад Б.Жавхлангийн нэрийг дэвшүүллээ

МАН-ын удирдах зөвлөл яг одоо хуралдаж шинэ Засгийн газрын сайд нарын асуудлыг хэлэлцэж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өмнөх Засгийн газарт ажиллаж байсан аж ахуйн салбар хариуцсан сайд нараа авч үлдэж байгаа. Тэгвэл Сангийн сайдад УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн нэрийг дэвшүүлжээ. Тэрээр УИХ-д гурав дахь удаагаа сонгогдож байгаа бөгөөд одоо Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Ж.Сандагсүрэн: Цагаан сарын баярын үеэр нийслэлд хөл хорио тогтоох зохицуулалт хийнэ

Монгол Улсын Засгийн газрын нэгдүгээр сарын 4-ний өдрийн хуралдаанаар Цагаан сарын баярыг нийтээр тэмдэглэхгүй байх шийдвэр гарсан.

Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Цагаан сарыг тэмдэглэхгүй байх шийдвэр гарчихсан учраас нийслэл зохицуулалт хийж, хөл хорио, хязгаарлалт тогтоох шийдвэрүүд гаргана. Нөхцөл байдалтайгаа уялдуулаад шийдвэр гаргах бөгөөд иргэд болон бизнес эрхлэгчдэдээ аль болох урьдчилаад мэдээлэл өгөх, ижил түвшний мэдээлэлтэй байлгах боломжоор хангана” гэлээ.

Үүнтэй холбоотойгоор хоёрдугаар сарын 5-наас эхлэн нийслэл хотод хатуу хөл хорио тогтоох тухай мэдээлэл гараад байна. Энэ талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс тодруулалахад “Одоогоор хөл хориог хэзээ тогтоох тухай шийдвэр гараагүй байна. Засгийн газраас гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд нийслэлийн холбогдох албаныхан хяналт тавин ажиллана” гэлээ.

Цагаан сарын баяртай холбоотой тухайлсан захирамж, тогтоол гарна байх гэдгийг тус хэлстсээс мөн мэдээлэв.