Categories
мэдээ нийгэм

2021 оны хүний эрх: Халдвар авч хөөгдсөн, зодсон нөхрөө цагдаад өгөөд амиа алдсан, Засаг дарга хүчирхийлэл үйлдсэн… DNN.mn

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд монгол хүний эрх, эрх чөлөө хэрхэн хангагдсаныг үзэж харж болох томоохон баримт бичиг УИХ-д өргөн баригдаад байна. Энэ бол ХЭҮК-оос гаргасан Монгол Улсын 2021 оны хүний эрх, эрх чөлөөний талаарх илтгэл юм.


Илтгэлийг тоймлон хүргэе.


Халдвар батлагдсан нялх биетэй эхэд эмчилгээ хийхгүй хэмээн эмнэлгээс гаргажээ

Илтгэлийн эхний бүлэг бол “Ковид-19” цар тахлын хүний эрх, эрх чөлөөний сургамжийн тухай байв. Цар тахлын хатуу хөл хорионы үед Архангай аймгаас ирсэн иргэн 22-ын товчоон дээр эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алдсан. Халдвартай иргэн нийслэлийн “Энэрэл” эмнэлгээс тусламж авахаар явж очоод үүдэнд нь нас барсан зэрэг цочирдом, сэртхийм үйл явдал бол цар тахлын үеийн гашуун сургамж байсан. Монгол Улсын эрүүл мэндийн салбар “КОВИД-19” цар тахлыг даван туулахад онцгой хүчин чармайлт гаргаж ажиллаж байгаа боловч коронавируст халдвараас хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах үүргээ хүрч болох боломжит түвшнээс доогуур биелүүлсэн гэж ХЭҮК илтгэлийн эхэнд онцолжээ. Энэ нь эрүүл мэндийн салбарт нийгмийн халдварт өвчинтэй тэмцэх суурь чадавх муу байгаагаас гадна “КОВИД-19” цар тахлыг даван туулах удирдлага, зохион байгуулалт тогтворгүй, салбарын дотоод уялдаа холбоо муу, төсвийн зарцуулалт үр ашиг багатай, эмч, эрүүл мэндийн ажилтнуудын ажлын ачааллыг аль болох бууруулах талаар хангалтгүй ажилласан, цар тахлыг даван туулах бэлтгэл хангах цаг хугацааны боломжийг оновчтой ашиглаж чадаагүй зэрэг үндсэн шалтгаантай холбоотой байсныг судлан тогтоосон байна. Үүнээс үүдэж олон хүний эрх зөрчигдсөн.

Тухайлбал, “…Би 2021 оны есдүгээр сарын 30-ны өдрийн 03 цагийн үед Хөвсгөл аймгийн төрөх эмнэлэгт амаржсан. Төрөхөөс өмнө 2021 оны есдүгээр сарын 20-ны өдөр ПГУ шинжилгээ өгч, хариу эерэг гарсан. Төрсний дараа коронавируст халдвараар өвчилсөн тул эмч нар надад эмчилгээ үзүүлэхээс татгалзаж 2021 оны есдүгээр сарын 30-ны өдрийн 09 цагт эмнэлгээс гаргасан. Нярайн хүйг ч авч өгөөгүй. Коронавируст халдвараар өвдсөн гэдгийг мэдсээр байж ХӨСҮТ рүү шилжүүлээгүй. Төрсний дараахь болон төрсөн эх коронавирустэй тохиолдолд хэрхэх талаар зөвлөгөө огт өгөөгүй. Эмчилгээний багц авах хүсэлтэй байгаа талаар “Энх-Үрс” өрхийн эмнэлэгт хандсан боловч харьяалалгүй гэх шалтгаанаар өгөөгүй…” гэсэн гомдлыг ХЭҮК-т хаяглан ирүүлжээ. Энэ нь Эрүүл мэндийн сайдын 2021 оны зургадугаар сарын 21-ний өдрийн А/392 дугаар тушаалаар баталсан Коронавируст халдварын үед жирэмсэн, төрөх, төрсний дараа үзүүлэх тусламж, үйлчилгээний түр зааврыг зөрчсөн, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийг баримтлаагүй нь тогтоогджээ.

Эмнэлгийн дарга: Даатгал олгогдохгүй учраас тусламж хүсч ирсэн өвчтөнийг авахгүй

Цар тахлын үеэр ялгаварлан гадуурхах явдал ч багагүй гарсан. Нийслэлийн Баянзүрх дүүрэгт нэгэн байрны оршин оршин суугч халдвар аван эмчлүүлэх явцад хүүхдүүдийг тусгаарласан. Хүүхдүүд нь гэртээ буцаж ирэхэд байрных нь оршин суугчид “Халдвар тараасан” хэмээн элдэвлэж, ялгаварласан муухай явдал болсон. Тэгвэл эмнэлгийн орчинд ч энэ асуудал үүсч байжээ. Энэ тухай нэгэн кейсийг СБД-ийн эмч ярьсныг илтгэлд дурдсан байв. Тэрээр “…2021 оны 11 дүгээр сард жижүүрт гарсан шөнө хаалга нүдээд, онгойлгоход 20 гаруй настай охин уйлаад зогсож байв. “КОВИД-19”-өөр өвчлөхөд байр түрээслүүлэгч айл нь хөөсөн гэхээр бид тусламж үзүүлсэн. Гэтэл заавал тандалтаар ирсэн өвчтөнийг авах ёстой, ийм тохиолдлоор өвчтөн авлаа гэж даргадаа загнуулсан. Тандалтаар ирээгүй бол даатгал олгодоггүй учраас ийм өвчтөн авсан нь эмчийн буруу болсон. Хүнд тусламж үзүүлэх биш, нэг л хөндий хүйтэн, цэвдэг байдал гаргаад байдаг. Сайдын тушаалд хүнд яаралтай тусламж үзүүлнэ гэсэн нь яг юу хэлж байгаа нь ойлгомжгүй байна… …Зүрх нь өвдсөн хүнийг гаднаас авч ирэхэд сэхээний эмч болохоор юу ч бодолгүй тусламж үзүүлсэн. Гэтэл ийм хүнд хүнийг яах гэж эмнэлэгт авч байгаа юм бэ, шууд бичиг хийгээд гаргах ёстой байсан гэж загнуулсан. Мөн тийм журам байдаг тухай анх удаа даргаасаа сонссон. Ер нь гаднаас бие муутай хүн ирэхэд их дургүй байдаг” гэжээ.

Гадаад, дотоодын буцалтгүй тусламж, хандивын санхүүжилтийг хэрхэн зарцуулсныг тооцох боломжгүй

2020, 2021 онд “КОВИД-19” цар тахалтай тэмцэхэд зарцуулсан нийт төсөв, түүний дотор эрүүл мэндийн салбарт зарцуулсан нийт төсөв олон нийтэд ил тод биш бөгөөд төсвийн зарцуулалтад тавих хяналт сул байгааг өнөөдөр хүртэл шүүмжилсээр буй.

Энэ асуудалд хийсэн шалгалтаар таагүй дүн гарчээ. “КОВИД-19 цар тахалтай тэмцэх зорилгоор хандивлагч улс орнууд, олон улсын байгууллагаас авсан зээл, тусламжийн зарцуулалтад Үндэсний аудитын газар (ҮАГ) хяналт шинжилгээ хийгээд 54.8 тэрбум төгрөг зарцуулсан ч энэ нь эмнэлгүүдэд хүрэлцээтэй эсэх, өвчтөн нэг бүрд хүрч байгаа эсэх талаар судалгаа, тооцоо гаргаагүй. Хуваарилсан эмнэлгүүдийн одоогийн хүчин чадал зэргийг тооцсон баримт, судалгаа хийгээгүй. Коронавируст халдварын эмчилгээнд төсвийг тооцоо, үр ашиг муутай зарцуулсан нь салбарын судалгаанаас харагдаж байна. Жишээлбэл: ХӨСҮТ-д хэвтэж эмчлүүлсэн нэг өвчтөнд дунджаар 9.867.923.61 төгрөг зарцуулжээ. Коронавируст халдвар авч, гэрээр эмчлүүлсэн нэг өвчтөнд 2021 оны зургадугаар сарын 21-ний өдрийг хүртэл улсын төсвөөс 70,000 төгрөг, энэ өдрөөс хойш 160.000 төгрөг зарцуулж байсан нь ХӨСҮТ-д эмчлүүлсэн өвчтөнтэй харьцуулахад 61.6-140.9 дахин бага юм. Бичиг баримтын зөрчил, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд эмийн багц дууссан, коронавируст халдвараар дахин өвдсөн зэрэг шалтгаанаар олон хүн энэ тусламжийг авч чадаагүй” гэсэн дүгнэлт анхаарал татаж байна.

Ялангуяа цар тахлын үед гадаад, дотоодын буцалтгүй тусламж, хандивын санхүүжилтийг хэрхэн зарцуулсан, хүндээ хүрч чадсан эсэхийг тооцох ямар ч боломжгүй гэж байгаа. Хуулийн байгууллага ч үүний өмнө хүчин мөхөсдсөн гэгддэг. Өөрөөр хэлбэл, тусламж, дэмжлэг нэрээр орж ирсэн хөрөнгө оруулалтын ард хуудуутай, булхайтай явдал байгаа ч түүнийг батлах, нотолж чадахгүй байгаа гэх.

Эмнэлгийн хэрэгсэл, ариутгал, халдваргүйтгэлийн бодис, хамгаалах хэрэгсэл авахад 20.6 тэрбум төгрөг төлөвлөсөн бол гүйцэтгэл нь 3.5 тэрбум төгрөг, эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжид 159 тэрбум төгрөг төлөвлөсөн бол гүйцэтгэл нь 54.8 тэрбум төгрөг байгааг ҮАГ тогтоожээ.

Хүүхдийг боолчлох хэлбэрүүд Монголд байсаар байна

Илтгэлийн хоёрдугаар бүлэг болох “Жендерийн эрх тэгш байдал ба хүний эрх” сэдвийн дор хүний эрхийн олон асуудлыг хөндсөн байна. Үүний нэг бол эрүүл мэндийн салбар дахь жендерийн эрх тэгш байдлын баталгааны тухай юм. Эрүүл мэндийн хүрээнд жендэрийн хувьд хамгийн анхаарал татсан асуудал эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү юм. Дэлхийн хэмжээнд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс дунджаар 4.3 жилээр илүү насалж байгаа бол Монгол Улсын хувьд 2021 оны байдлаар эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 9.5 жилээр илүү насалж байна. Иймд нэг хүнд ногдох эрүүл мэндийн зардлыг хүйсээр ангилан гаргах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд нийт зардлын хэдэн хувийг зарцуулж байгааг тодорхойлон дүн шинжилгээ хийж, эрүүл мэндийн хүртээмжтэй үйлчилгээ болон эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгаатай хэрэгцээнд суурилсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх шаардлагатай байгаа Комиссын зүгээс зөвлөжээ.

Түүнээс гадна хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал дээр хүүхдийн сэдэв хамгийн эмзэг хэвээр байна. 2020 оны байдлаар 5-17 насны хүүхдүүдийн 10 орчим хувийг эзлэх 56.000 гаруй хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаа аж.

Энэ асуудлын хүрээнд олон улсын гэрээ, конвенцод зааснаар Монгол Улсад байгаа хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал нь боолчлол, боолын худалдааны хэлбэрүүд гэж дүгнэж болохоор байгааг ХЭҮК онцолсон нь анхаарал татаж байна. Тодруулбал, “Боолчлол, боолын худалдааг хориглох тухай” 1926 оны есдүгээр сарын 25-ны өдрийн 82 дугаар конвенцын 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “боолчлол”, 2 дахь хэсэгт “Боолын худалдаа” гэсэн ойлголтуудыг тус тус тодорхойлсон байдаг аж. Харин НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1956 оны есдүгээр сарын 7-ны өдөр баталсан “Боолчлол, боолын худалдаа болон боолчлолтой адилтгах ёс, заншлыг устгах тухай нэмэлт конвенц”38-ын 1 дүгээр зүйлийн (d) хэсэгт “18 нас хүрээгүй болон бага насны хүүхдүүдийг ашиглах буюу тэдний хөдөлмөрийг мөлжих зорилгоор эцэг эхийнх нь аль нэг, эсхүл хоёул, эсхүл асран хамгаалагч нь тэднийг шан харамжтай буюу түүнгүйгээр бусдад өгдөг аливаа ёс буюу заншил” гэжээ.

Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “хүн худалдаалах” гэж хүнийг … боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах,…зорилгоор хүнд хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, хулгайлах, залилах, хууран мэхлэх, эрх мэдлээ урвуулан ашиглах, эмзэг байдлыг нь далимдуулах, түүнчлэн өөр хүнийг хяналтдаа байлгаж байгаа этгээдийн зөвшөөрлийг авахын тулд төлбөр төлөх, хахуульдах аргаар хүнийг элсүүлсэн, тээвэрлэсэн, нуун далдалсан, дамжуулсан, хүлээн авсан хууль бус үйлдлийг” ойлгоно гэж заасан байгаа юм.

Үүнийг батлах кейс:…Аав, ээж нь гэрээ хийгээд өөрсдийнхөө дансаар мөнгийг нь аваад, хүүхэд нь өөр аймагт ажилладаг байсан тохиолдол байгаа. Тэр хүүхэд маань энд ирээд хар үгээр хэлэхэд зарцын байдалтай бүх л ажлыг нь хийж байгааг амьдрал дээр нь очоод харж байсан. Зарим хүүхэд гэрээ байхгүйгээ шууд хэлдэг. Зарим нь гэрээ байгаа гэдэг боловч харуулж байсан удаа байхгүй…” гэж хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүд нэгнийгээ тухай ийн өгүүлжээ.

Гэр бүлийн хүчирхийллийн хэргээр баривчлагдаж байсан Засаг дарга энэ төрлийн хэргийг таслан зогсоох үүрэг хүлээж байна

Түүнчлэн энэ удаагийн илтгэлд гэр бүлийн хүчирхийллээс ангид байх эрхийн асуудлыг тусгасан байгаа юм. Энэ эрхийн хүрээнд олон зөрчил дутагдал гарсаар байдаг аж.

Гэр бүлийн хүчирхийлэл гарсан тохиолдолд үнэлгээ шинжилгээ хийдэг хамтарсан баг гэж бий. Ялангуяа хөдөө орон нутагт гарсан хэрэг зөрчил дээр тус багийнхан очиж дүгнэлт гарган, хохирогчдыг хамгаалах ажил өрнөдөг. Тэгвэл хамтарсан багийн бүрэлдэхүүнд гэр бүлийн хүчирхийллийн чиглэлээр дагнан мэргэшсэн, орон тооны үндсэн ажилтныг томилон ажиллуулж, хамтарсан багийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж ажиллах нь үр дүнтэй гэгддэг. Хамтарсан багийн ахлагчаар багийн Засаг дарга нар ажилладаг. Гэвч тэд янз бүрийн мэргэжилтэй, улс төрийн томилгоотой хүн байдаг тул гэр бүлийн хүчирхийллийн тохиолдол дээр ажиллахад хүндрэлтэй байгааг мэргэжлийн хүмүүс онцолжээ. Хамгийн ноцтой нь багийн Засаг дарга нь өөрөө гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, ийм төрлийн хэргээр баривчлагдаж байсан хүн гэр бүлийн хүчирхийллийн хэргийг үнэлэх, дүгнэх ажлыг удирдаж байгаа тохиолдол ч байдаг аж.

Хамтарсан багийн асуудал ингээд дуусахгүй. Тэд төсвөөс санхүүжилттэй. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 2021 онд 212 хамтарсан багт хүүхэдтэй холбоотой 904 кейсийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлсэн ч ХЭҮК-оос хийсэн хяналт, үнэлгээнд хамрагдсан хамтарсан багийн 10 нь л уг санхүүжилтийг авсан байдаг юм байна. Нэгэн жишээ сонирхуулахад “..Хороо дансгүй учир Засаг даргын данс руу санхүүжилт шилждэг. Санхүүжилтийг хэзээ орж ирсэн, хэдэн төгрөгийн зарцуулалт хийгдсэнийг мэдэх боломжгүй” гэсэн нийгмийн ажилтны ярилцлагын тэмдэглэл байна.

Цагдаа ажлаа хийгээгүйгээс шоронгоос гарсан этгээд эхнэрээ хөнөөжээ

Нөгөө талаар хүчирхийлэлд өртсөн гэх иргэний дуудлагаар очиж байгаа цагдаагийн ажилтан аюулын зэргийн үнэлгээг хийж, эрсдэлийн түвшин “өндөр”, “дунд” гарсан тохиолдолд холбогдох журмын дагуу хамтарсан багт мэдээлэх үүрэгтэй боловч ярилцлагад оролцогчдын дийлэнх нь цагдаагийн ажилтан хамтарсан багт мэдээлдэггүй гэж хариулсан бөгөөд энэ нь хохирогч шаардлагатай нийгмийн үйлчилгээг цаг алдалгүй авах, улмаар хохирогчийн амь, нас, эрүүл мэндийг эрсдэлт нөхцөлд хүргэх үндэслэл болдог юм байна. Энэ зөрчилтэй холбоотой харамсалтай хэрэг ч гарч байж.

“…Хохирогч А нь бага насны хоёр хүүхэдтэй, нөхөр Т-ийн хамт ….аймагт оршин суудаг байсан ба нөхөр Т нь гэр бүлийн хүчирхийлэл удаа дараа үйлдсэн асуудлаар аймгийн Цагдаагийн газарт шалгагдаж байсан. Шүүхээс түүнд Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан зөрчилд 15 хоног баривчлах шийтгэл оногдуулсан бөгөөд 2020 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр баривчлах шийтгэлийн хугацаа дуусч гараад эхнэр А-ийн амь насыг хохироосон…” мэдээлэл ХЭҮК-т иржээ.

Дэслэгч нэлээд согтуу орж ирээд цэргүүдийг хоёр эгнээ болгон суулгаж байгаад….

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хүний эрх, эрх чөлөөний талаарх илтгэлд дурдагдсан чухал хийгээд цочмоор сэдэв бол цэргийн албан хаагч хоорондын дүрмийн бус харьцаа буюу цэргийн ангид бэлгийн мөлжлөг байдаг тухай асуудал байв.

ХЭҮК-ын социологийн судалгаанд оролцсон хугацаат цэргийн албан хаагчдаас ямар нэгэн хэлбэрээр бэлгийн дарамтад өртөж байсан талаар тодруулахад дээд албан тушаалтан нь бусдыг үнсэх тушаал өгөх, тоглоом тоглуулах, бие болон бэлэг эрхтнээр нь оролдох зэргийг онцолж байжээ. Түүгээр зогсохгүй бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж байсан гэдгийг ч цэргүүд ярьжээ. Зэвсэгт хүчин дэх бэлгийн хүчирхийллийн хохирогчид нэгээр тогтохгүй. ХЭҮК-ын судалгаагаар алба хааж байх үедээ зориг гарган мэдээлсэн найман албан хаагч байдаг аж. Тухайлбал, Зэвсэгт хүчний дугаар ангийн албан хаагч “Бэлэг эрхтнээр байнга оролддог байсан. Ийм байснаас үхсэн нь дээр гэж бодож байсан. Нэр хүнд минь олны өмнө гутгаагдсан” гэж тэмдэглэлдээ бичиж үлдээснийг илтгэлд онцолжээ.

Түүнээс гадна эрүүл, мэнд амь насаараа хохирох, сэтгэл зүй хийгээд эдийн засаг, бие махбодын байнгын дарамтад байдаг тухай мэдээллүүд илтгэлийн энэ сэдвийн бас нэгэн анхаарал татах сэдэв болж байна.

Сүүлийн 10 жилийн хугацаанд цэргийн анги, байгууллагад 468 эрх зүйн зөрчил буюу гэмт хэрэг, сахилгын зөрчил бүртгэгдсэний 242 нь зэвсэгт хүчинд, 217 нь хилийн цэрэгт, ес нь дотоодын цэрэгт хамааралтай байна. Зэвсэгт хүчний хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд бүртгэгдсэн 242 зөрчлийн 144 нь гэмт хэргийн шинжтэй, 98 нь сахилгын зөрчил байна. Эдгээрээс хугацаат цэргийн алба хаагчийн амь нас хохирсон долоон тохиолдлын гурав нь усанд живсэн, хоёр нь хөдөлмөр хамгааллын аюулгүй байдал алдагдсанаас, нэг нь хүнийг алах гэмт хэргийн улмаас, нэг нь амиа хорлосон байна.

Цэргийн анги, салбарт цэргийн дүрмийн бус харьцаанаас шалтгаалсан гэмт хэрэг, зөрчил өнөөг хүртэл байсаар байна. Өөрөөр хэлбэл, таван хугацаат цэргийн алба хаагч тутмын нэг нь дүрмийн бус харьцааны зөрчилд өртдөг гэж хүний эрхийн мэргэжилтнүүд үнэлжээ.

Судалгаанд оролцсон хугацаат цэргийн алба хаагчдаас тэдгээрийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан, эсхүл учруулж болзошгүй, ядраах, өвдөлт мэдрүүлэхэд чиглэгдсэн цэргийн дүрмийн бус аливаа үйлдлийн талаар тодруулахад дараахь үйлдлүүдийг нэрлэжээ. Үүнд: Цохих, зодох, унтлагын цагаар босгож гүйлгэх, хөл нүцгэн гаргах, бэлтгэл сургуулилтын цагийг уртасгах, хугацаагүй жагсаалын бэлтгэл хийлгэх, халуун үед эсхүл өдрийн турш удаан хугацаагаар номхон командтай зогсоох, бууны гох буцаах, гуяны махтай цохих, ус өгдөггүй, эсвэл бөөлжтөл хоол, ус ихээр өгөх, хооллосны дараа суниалгах, аранз үүрүүлж гүйлгэх, нударга дээр нь гар тулж хэвтүүлэн цээж, бөгс рүү нь өшиглөх, өвдөлт мэдрүүлэхэд чиглэгдсэн үйлдэл хийх зэрэг бие махбодын шинжтэй дүрмийн бус харьцаа байдаг гэдгийг дурджээ. Жишээ нь, “…2021 оны .. дугаар сарын ..-ны өдөр унтлагын цаг болчихсон бүх цэргүүд амрах гэж байхад дэслэгч … нэлээд согтуу орж ирээд соёл амралтын өрөөнд нэр бүхий 15 цэргийг хоёр эгнээ болгон суулгаж байгаад яриа хийсэн. Нүүрэн талын эгнээнд талийгаач сууж байсан ба дэслэгч …хуруугаараа зааж босох команд өгсөн, тэгээд нэг шанаа авч чадах уу гэж талийгаачаас асуусан боловч талийгаач дуугүй зогсоод байсан, гэтэл элгэн тус газар 2-3 удаа хүчтэй цохиод, тонгойх зуур нүүрэн тус газар хөлөөрөө цохисон, талийгаач босоод ирэхэд нь дахин нүүр рүү нь хүчтэй 2-3 удаа цохих үед хойшоо унаад дахиж босож ирээгүй. Ингээд 10 минутын дараа эмч дуудсан. Дэслэгч … өмнө нь согтуу хэд хэдэн удаа цэргийн анги байрлал дээр явж байдаг байсан…” гэж Зэвсэгт хүчний … дүгээр ангийн хугацаат цэргийн алба хаагчид ярьжээ.

Зэвсэгт хүчний албан хаагч захирагчийнхаа даалгаврыг биелүүлэхээр хулгай хийжээ

Цэргийн албан хаагчдын сэтгэл санааны хүчирхийлэлтэй холбоотой эрх зүйн зөрчил ч нэлээд гарчээ. Судалгаанд оролцсон хугацаат цэргийн алба хаагчдаас түүний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, заналхийлэх, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэсэн эсэх талаар тодруулахад дарга, захирагч, ахлагчдаас “Миний үед ингэдэг байсан, тэр тийм байсан гэх байдлаар өөрсөдтэйгөө болон өмнөх оны цэргүүдтэй харьцуулан зүй бус шаардлага тавьдаг, халуун, хүйтэнд зогсоох, хүнээс үг сонсох үүрэг авах, хугацаа зааж биелэгдэх боломжгүй даалгавар өгөх, нэр хоч өгөх, үг хэлээр доромжлох, айлган сүрдүүлэх, заналхийлэх, нийт бие бүрэлдэхүүний өмнө ар гэртээ болон даргад гомдол, мэдээлэл гаргасан гэж буруушаах, мэдээлэх замаар бусдадаа гадуурхагдах” зэргээр илэрдэг талаар дурдсан байна. Тухайлбал, “…Манай дарга нар ч их бүдүүлэг, ёс суртахуунгүй ш дээ… бүдүүлэг, бүдүүлэг үг хэлнэ, хүнийг янз бүрийн нэр хоч өгч дуудна, хэл амаар доромжилно, тэр нэг хачин юм, авгай шиг юм гэх мэтээр сэтгэлээр унатал нь доромжилдог…” гэж Зэвсэгт хүчний ангид ажиллаж буй офицер ярьсан байгаа юм.

Түүнээс гадна цэргийн албанд татагдсан залуусын цөөнгүй хувьд нь амиа хорлох бодол төрдөг байсан аж. оролцогчдын 67.7 хувь нь “нэр төр гутаагдсан”, 8.9 хувь нь “хайртай хүн урвасан”, 7.3 хувь нь “басамжлан доромжлуулсан”, 4 хувь нь “эцэг, эх, гэр бүлийн зүгээс зэмлэгдсэн”, 4 хувь нь “хардалтаас болсон”, 3.2 хувь нь “олны өмнө үзэн ядагдсан”, 3.3 хувь нь “олны өмнө ичгүүрт байдалд орсон” учраас амиа хорлох талаар бодож байсан гэжээ. Харамсалтай нь тэдний дундаас энэ бодлоо гүйцээж өөрийгөө хөнөөсөн нэг бус тохиолдол бий.

Цэргийн ангийн дарга даамлууд цэргүүдээсээ мөнгө, эд материал нэхдэг хандлага хавтгайрсан гэдэг. Хүний эрхийн илтгэлд энэ сэдэв ч хөндөгдсөн байна. Зэвсэгт хүчний … дугаар ангийн албан хаагч чөлөөгөөр гарах үед захирагч нь өөрийн гар утасны батерей, микрофоныг засуулаад ир гээд утсаа өгсөн байна. Даанч түүнийг засуулах 80.000 төгрөг байгаагүй учир зодуулахаас айж ангидаа буцаж очиж чадаагүй. Улмаар захирагчийнхаа даалгаврыг биелүүлэхээр сургуулиас компьютер хулгайлж, эрүүгийн гэмт хэргийн холбогдогч болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *