Categories
мэдээ нийгэм

Улсын онцгой комисс эмгэнэл илэрхийлэв

2020 оны 12 дугаар сарын 07-ны шөнө Архангай аймгаас “Эмээлт” автотээврийн шалган нэвтрүүлэх товчоонд ирсэн иргэн нас барсан харамсалтай явдал боллоо.

Улсын онцгой комисс талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна.
Цаг үеийн нөхцөл байдлыг зөв үнэлж чадаагүй, ажлын хариуцлага алдсан, асуудалд хүнлэг ёсоор хандаж түргэн шуурхай шийдвэрлээгүй, зохих арга хэмжээ аваагүй хүмүүст хариуцлага тооцохыг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргал нарт үүрэг болголоо.
Энэ хэргийг хууль хяналтын болон бусад холбогдох байгууллага шалгаж байна.
Categories
мэдээ нийгэм

Архангай аймгаас гарах хөдөлгөөнийг түр зогсоожээ

Архангай аймгаас гарах хөдөлгөөнийг 12 дугаар сарын 8-наас эхлэн түр хугацаагаар зогсоожээ.

Өчигдөр буюу 12 дугаар сарын 7-ноос эхлэн голомттой аймгуудаас хөдөлгөөн нээсэнтэй холбоотой нийслэл рүү орох 22-ын товчоон дээр бөөгнөрөл үүсч, хүний амь эрсэдсэн асуудал ч гарсан байна. Тодруулбал, орон нутгуудад түргэвчилсэн оношилгоо хийлгэсэн иргэд нийслэл рүү орохдоо PCR шинжилгээнд хамрагдахаар зохион байгуулжээ. Гэтэл шинжилгээний хариуг дор хаяж 10 цаг хүлээснээс ийм дараалал үүссэн байна.

Энэ нөхцөл байдлаас шалтгаалж, өнөөдрөөс буюу 12 дугаар сарын 8-наас эхлэн аймгаас нийслэл рүү зорчих хөдөлгөөнийг зогсоожээ.

12 дугаар сарын 7-нд 40 зорчигчтой нэг автобус, мөн сумдаас хувийн 60-аад машинтай 100 гаруй хүн Архангайгаас Улаанбаатар руу гарсан. Харин өнөө өглөө 47 зорчигчтой 2 автобус гарсан. Хувийн машинуудыг гаргаагүй аж.

Архангайд тохиолдол бүртгэгдэж 12 дугаар сарын 11-нийг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хэвээр байгаа.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрийн ордны сантехникчийн PCR шинжилгээний хариу сөрөг гарсан тул хөл хориог цуцаллаа

Төрийн ордонд ажилладаг сантехникчээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад халдвар илэрсэнтэй холбоотойгоор ордны зүүн жигүүрийг тусгаарлалтад аваад байсан юм. Тэгвэл тус ажилтны “PCR” шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гэж гарчээ.

Тухайн үед хамгаалалтын албаны хүмүүсийг амны хаалтаа зүүж, өрөөнөөсөө гарахгүй байх зөвлөмж өгөөд байсан юм. Шинжилгээний хариу сөрөг гарсантай холбогдуулж ордон дахь хөл хориог цуцалсан байна.

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ-аас сэтгүүлчдэд нэг удаагийн маск, хамгаалалтын хувцас хандивлалаа

ОБЕГ-аас санаачилж хэвлэл мэдээлэлийн байгууллагын редакцид нэг удаагийн маск, хамгаалалтын хувцас хандивлалаа.

Тэд хэлэхдээ “Ковид-19” цар тахал үүссэн энэ цаг үед цагдаа, эмч, онцгой байдлын ажилчдаас ялгаагүй эрсдэлтэй нөхцөл байдалд ажиллаж байгаа хүн бол сэтгүүлчид. Тиймээс эдгээр хүмүүст бид сайн дураараа хандив үзүүлж байна” гэсэн юм.

Гэхдээ олон тооны хүн ажиллаж байгаа редакци дунд олгож байгаа бөгөөд нийтдээ 50 байгууллагад түгээх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хятад эмч нар монгол хонины махаар хоол бэлдэж, үдийн зоог барьжээ

Монгол Улсаас тусламж болгон илгээсэн хонины махыг өчигдөр буюу Даваа гарагт Хятадын зүүн өмнөд Жяньси мужийн Руйжин хотын эмнэлгийн эмч нар хүлээн авсныг хэвлэлүүд мэдээлжээ.

Бэлэг болгон өгсөн нийт 30,000 хонины махыг Хятад улс даяар коронавирусийн цар тахалтай тэмцэж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад тараах болсноо Хубэй мужийн захиргаа өнгөрсөн сард мэдэгдэж байв.

Руйжин хотын эмнэлэгт ирсэн хэдэн зуун хайрцагтай хонины махны дээжээр өчигдөр тус эмнэлгийн ажилтнууд өөрсдөө хоол бэлтгэж, өдрийн зоог барьжээ. Сонгино, цагаан гаатай шарсан хонины мах амттай байгааг эмч нар магтаж ярьсан байна.

Энэ эмнэлгийн зарим эмч ажилтнууд өнгөрсөн хавар тахлын голомт Ухань хотод томилогдон ажиллаж байсан гэнэ.

Жяньси мужийн нийт 56 эмнэлгийн ажилтнуудад энэ онд багтаан хонины махыг тараахаар төлөвлөжээ. Тус мужаас гадна Сичуань, Гуандон, Зэжянь зэрэг мужуудын эмнэлгийн ажилтнууд саяхан эхний ээлжийн махыг хүлээж авсан байна.

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

​Л.Өнөрчимэг: Жингээ хасахад хамгийн их нөлөөлж буй зүйл бол инээд, инээмсэглэл

Монголын анхны спорт зураач, тэмцэгч Л.Өнөрчимэгтэй ярилцлаа.


-Таны “Би 10 кг жин хасч чадлаа” гэсэн бичлэг сошиалаар шуугиан тарьж байна. Та богино хугацаанд яаж олон кг хасаж чадав?

-Хөл хорио тогтоосон үеэс эхлэн дасгал хөдөлгөөнөө эрчимтэй хийж эхэлсэн. Би чинь өдөржингөө хөдөлгөөнгүй зураг зураад суучихдаг болохоор нуруу хөшинө гээд их асуудалтай. Эхлээд том усны савыг 10 давхар хүртэл өргөж гардаг байлаа. 25-30 литр байх шүү. Тэгээд бариад л шатны өөд, уруу 2-3 удаа алхдаг байсан юм. Мөн автобус, унаанд суухгүйгээр долоон километргазарт 50 кг ном үүрээд явж байхад усан хулгана болтлоо хөлөрсөн. Тэр үед их калори хассан даа. Өглөө, оройдоо гэрийнхээ ойролцоох голын эргээр гулсана. Нэг өрөөгөө замбараагүй болгочихоод буцаагаад цэвэрлэнэ. Гэрээ цэвэрлэхдээ яг л гимнастик хийж байгаа юм шиг хөдөлгөөн хийдэг.

-Та цахилгаан шат ашиглахаа байсан гэсэн үү?

-Ер нь цахилгаан шатаар явахаа байсан. Одоо дандаа л шатаар буудаг. Шатаар буухдаа Чарли Чаплин шиг хөдөлгөөн хийдэг. Энэ бүхэн их санаандгүй зүйлээс эхэлсэн юм. Манай ард түмний штабын Даваадорж гээд залуу “Та коронавирус тусаж магадгүй липтээр битгий яваарай. Шатаар эзэнгүй газраар яваад бай” гэж зөвлөхөд би тэгнэ гээд амласан юм. Тэр амлалтаа биелүүлэхийн тулд шатаар явж эхэлсэн. Тэгээд бүр том баллонтой усаа өөрөө зөөдөг болсон. Заавал байрныхаа доод талын дэлгүүрээс юм авахгүй цаашаа хол дэлгүүрээс хүнсээ авдаг болсон.

-Та жингээ хассанаасаа хойш булган шубаны рекламанд хүртэл тоглох боллоо?

-Сүүлийн хэд хоног загвар өмсөж байгаа. Загвар өмсөж алхахдаа бүсэлхийн хөдөлгөөн давхар хийнэ. Гурав дөрөв хоноход 1 кг хасчихсан байсан шүү. Тэгээд 81 кг-аас 65кг болчихоод байна.

-Дотроосоо ямар бүтээгдэхүүн хэрэглэсэн бэ?

-Би хоол хүнсээ эрүүл, зөв болгож эхэлсэн. Ямар нэгэн тураах бүтээгдэхүүн уугаагүй. Ер нь би их амархан даардаг. Зураг зураад сууж байхдаа л араас жиндээд, нуруу өвддөг байсан юм. Мөн удаж байгаад их хэмжээгээр хооллоно. Тэгээд түүнээс болоод гэдэс дүүрнэ. Бүх хүмүүсийн биеийн онцлог өөр болохоор дуртай зүйлээ авахдаа зайлшгүй нягталж, шалгах аваарай гэж зөвлөмөөр байна. Миний хувьд ааруул дэвтээгээд шүүсийг нь өдрийн турш бага бага хэмжээгээр уудаг. Аливаа зүйлд их тэвчээр хэрэгтэй юм билээ.

-Одоо ямар хүнс хэрэглэж байгаа вэ?

-Ерөнхийдөө цагаан будаа, өөх тостой бүтээгдэхүүнээ хэрэглээнээсээ хасчихсан. Одоо гурвалжин будаа, малын дотор элэг, бөөр, хэл, зүрх, тэр дундаа гүзээгээр хоол хийж байгаа. Гүзээний салат хийнэ, шарсан бүтээгдэхүүнээ болиод жигнэж хэрэглэдэг болсон. Өглөө, оройдоо майлангын шүүс ууна. Ялангуяа цагаан гүзээтэй шөлийг долоо хоног дараалан хийж идэж байгаа. Гүзээ гэдэг чинь Гүнжийн хоол шүү дээ.

-Амьдралын зөв хэвшил гэдэг таны бодлоор…?

-Маш энгийнээр хэлбэл хэцүү зүйл рүү тэмүүлэх. Дасгал хөдөлгөөн хийгээд, сэтгэл санаагаа өөдрөг байлгана гэдэг маань өөрөө жин хасах үед үүсэх арьс сулрах уургаа алдах, ясны сийрэгжилтийн эсрэг бүтээгдэхүүнээ хэрэглэсэн гэж ойлгож байгаа. Өөртөө тааламжтай хүчтэй үгийг их тод хэлэх ёстой. Хүмүүс ихэвчлэн хурдан турах, хурдан бүх зүйлийг хийхийг хүсдэг. Гэхдээ тийм биш. Залуучууд маань 50 ,60 настай болоод ирэхээр кальцийн дутагдалд орохгүйн тулд цагаан идээгээ хэрэглэж байх нь зүйтэй.

-Өөдрөг үзэл бодол гэдэг хамгийн чухад зүйл байх нь?

-Тэгэлгүй яахав. Тэнгэрлэг үзэл бодлыг зүүд нойрноосоо, онгод хиймориор олж авдаг. Би далдыг хардаггүй, зурхайч биш. Гэхдээ 24 бодьгал, 12 жил,13 хурмаст, дөрвөн зүг, найман зовхист, долоо дордож найм сэхдэг, төрийн есөн өрлөг, цорын ганц хүү гээд бүх зүйлийг багтаасан зурхайг гаргасан. Багаасаа л тэмдэглэж бичсээр ирсэн зүйл. Би чиньодоо ганцаараа өөр баяр тэмдэглэдэг шүү дээ. Жингээ хасахад хамгийн их нөлөөлж буй зүйл маань инээх. Улс төрийн жагсаал хийж байхдаа өөртөө стресс нэмэхгүйн тулд жирийн хүн гэдэг өнцгөөс тэднийг хардаг болсон. Тэгээд л тэмцлийнхээ үеэр “Хүмүүсээ гоё хүчтэй болъё тэгэх үү. Эхлээд өөсдийгөө засчихаад төрөө засъя” гээд хүчтэй эмоцитой үг хэлэхэд өөрөө хүртэл инээнэ шүү дээ.Улс төрчийн зураг хараад “Энэ муу луйварчин хөөрхөн юм. Тэр хамрыг нь хар даа” гээд л эерэг байдаг. Инээд баясал гэдэг хүнийг эмчилдэг шүү. Дотор эрхтний өөхжилтийг мөн багасгадаг.

– 10 кг жин хасна гэдэг их хичээл зүтгэл шүү. Их жин хассаны дараа бие болоод сэтгэл санаанд ямар өөрчлөлт гарсан бэ?

– Хөл хорионы үеэр айл хэсэж болохгүй. Мөн зураг захиалагчдаа ирээд хэрэггүй гээд хэлчихсэн болохоор жингээ үзтэл 10 кг хассанаа мэдээд энэ сайхан баяраа хүмүүстэй хуваалцахыг хүссэн. Тэгээд их баярласандаа фэйсбүүкээрээ 10 кг турлаа гээд лайв хийсэн нь тэр.

-Та мөн их сайхан зурдаг. Хоёр гараараа, хөлөөрөө гээд л. Их сайхан бүтээлүүдтэй. Хөл хорионы үеэр зургаа зурж байна уу?

-1990 оноос хойш тайзан дээр гарч үзүүлбэрээ үзүүлж эхэлсэн. Бэлтгэл ангиасаа л хоёр гараараа бичиж эхэлсэн дээ. Тэр үед нэг гараараа бич гэж шаардлага тавьдаг байсан болохоор зүүн гараараа бичилгүй баруун гараараа бичдэг байв. 17 жилийн дараа хоёр гараараа дахин бичиж эхлэхэд аав ээж хоёр өхөөрдөөд миний багадаа зурж байсан зургуудыг үзүүлж байж билээ. Дараа нь гадаад дотоодын олон уралдаан тэмцээнд оролцож тэргүүн шагнал хүртэж байсан.

-Таныг кинонд тоглож байсан гэж дуулсан. Ямар кинонд дүр бүтээж байв?

-“Нүглийн золиос”, “Ач тус, атаа хорсол” зэрэг хэд хэдэн кинонд гол дүр, туслах дүр бүтээж байсан. “Ач тус, атаа хорсол” гэдэг кино маань 1921 оны хувьсгалын үеийг харуулсан түүхэн бүтээл. Тэрхүү кинонд Доржсамбуу гуайтай хамт тоглосон юм. Мөн гадаад, Монголын хамтарсан кино гээд миний тоглосон хэд хэдэн уран бүтээлүүд байгаа.

-Та тал талын авъяастай. Зураг зурахаас гадна хүмүүст гарын үсэг зохиож өгдөг?

-“Дуудах нэрийг аав ээж өгдөг, Дурсагдах нэрийг өөрөө олдог” гэдэг шүү дээ. Гарын үсэг гэдэг хүний зан характер, мэргэжил, сэтгэхүй гээд олон зүйлийг илтгэж байдаг. Энэ талаар хүмүүст зөвлөгөө өгч, захиалга авдаг. Энэ ч утгаараа босоо монгол бичгээр гарын үсгийг нь бичиж өгдөг юм. Мөн гарын үсгийг нь дүрсжүүлээд зураг болгоод ирэхээр хүн нэрэндээ хайртай болж эхэлдэг. Ер нь хүний нэрнээс эхлээд бүх зүйл утга агуулдаг. Өөрийнхөө нэрээр бахдаж, өөрийгөө илэрхийлж “Би” хэмээн бахдах ёстой юм шүү.

-Хорио цээрийн дэглэмийн үед ард иргэддээ хандаж ямар зөвлөмж өгөх вэ. Ялангуяа таны жин хассаныг хараад олон хүн турахаар шийдсэн байх?

-Өөрийн фэйсбүүк хаягаа “Өнөрчимэгийн-Дэлхийн хичээл” хэмээн нэрлэж өөрийнхөө өөрчлөгдөж буй зургуудыг оруулах болно. Лайваараа дамжуулан эрүүл хооллолтын талаар цогц хичээл орж багшилна. Эрүүл, залуу, эрч хүчтэй, эх орноо гэсэн сэтгэлтэй байя. Бид медаль, дипломоор уралдахгүй шүү дээ. Тиймээс мэдлэг боловсролоо дээшлүүж тэнгэрийн билгээр уралдъя. Тэнгэр биднийг ивээгээд маш их эрч хүчийг бэлэглэсэн. Өглөө босоод миний нүд дэлхийг харж байхад би баярладаг. Хоол идэж байхдаа ч бүх зүйлд “Баярлалаа” гэж хэлдэг. Хүний дайтай явж байгаадаа аав ээждээ их талархдаг. Жин хасахаар төлөвлөж буй залуучууддаа хандаж хэлэхэд хоорондоо харшилдаг бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийгээрэй.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хэмжээнд 58 мянган иргэн шинжилгээнд хамрагджээ

Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабаас 24 цагийн нөхцөл байдал, хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өглөө.

Нийслэлийн хэмжээнд түргэвчилсэн оношлуурын 48 цэгээр нийт 58 мянган иргэн буюу хамрагдах иргэдийн 82 хувь нь шинжилгээнд хамрагдаад байна. Өнгөрсөн хоногийн хугацаанд Улаанбаатар хотоос 19 аймаг руу 101 тээврийн хэрэгслээр 3624 иргэн нийслэлээс гарсан, бол 55 тээврийн хэрэгслээр 475 иргэн Улаанбаатар хот руу нэвтэрчээ.

Нийслэлийн Онцгой комиссоос өвчний голомт бий Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Архангай, Дорноговь, Говьсүмбэр аймгаас ирж байгаа иргэдийг PCR шинжилгээ өгсөн тохиолдолд Улаанбаатар хот руу нэвтрүүлж байгаа. Хөдөө орон нутгаас ирж буй иргэд PCR шинжилгээнд зайлшгүй хамрагдах шаардлагатай гэдгийг анхаарууллаа гэж НЗДТГ-ын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

​Нүүдэлчин ахуй ба хог хаягдалгүй амьдралын хэв маяг “Дуусгалаа” аян

Дэлхий ертөнц хувьсан өөрчлөгдөж, хөгжихийн зэрэгцээ байгальд үзүүлэх хүн төрөлхтний нөлөөлөл ихсэж байгалийн баялаг нөөц буурч шавхагдана. Иймд хүрээлэн буй орчны асуудал нэн тэргүүнд тавигдаж, хог хаягдалгүй амьдралын хэв маяг нь дэлхий даяар шинэ чиг хандлага болж байна. Аль болох бага хэрэглэх, хог гаргахгүй, хаяхгүй байх нь НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Зорилгуудад, тэр дундаа “Хариуцлагатай хэрэглээг дэмжих” 12-р зорилгод хүрэх чухал алхмуудын нэг болсон. Иймд залуус дахин сэргээгдэх, ашиглагдах эд зүйлсийг хэрэглэх, ахуйн болон хоолны хог хаягдалгүй амьдрах хэв маягийг хэвшүүлж, улмаар байгаль, хүрээлэн буй орчиндоо сөрөг нөлөөгүй байхыг улам бүр хичээцгээж байна.

Хог хаягдалгүй амьдралын энэ хэв маяг нь зөвхөн өнөө үед танигдаж буй ойлголт биш юм. Нүүдлийн соёл иргэншилтэй ард түмэн хог хаягдалгүй, сонгодог минималист амьдралыг цогцлоож ирсэн уламжлалтай. Жилийн дөрвөн улиралд нутаг сэлгэн нүүдэллэхдээ гэрийн буурь, бууцандаа ганц гадас ч үлдээлгүй цэвэрлэжцэмцийлгэдэг уламжлал ч үүний нэг жишээ. Монголчууд таван хошуу малынхаа сүү, цагаан идээ, мах, дотор гэдэс, арьс ширийг бүрэн хэрэглэхийн зэрэгцээ аргал, хомоол, хорголыг нь хүртэл түлшиндээ ашигладаг.

Монголчууд эрс тэрс уур амьсгалд дасан зохицож амьдрахын хэрээр өвөрмөц ёс заншил, соёл, ахуйтай болсон бөгөөд эд юмсаас гадна хүнсээ ч мөн цаг улирал, ам бүлдээ тохируулан хэрэглэж иржээ. Үүнийг гэрчлэх “хоол хэтэрвэл хор”, “хоёр идэхгүй хоосон хонохгүй…” зэрэг хэлц үгнүүд цөөнгүй бий. Нүүдэлчдийн эрүүл чийрэг байдал нь хооллолтын өндөр соёлтой холбоотой бөгөөд хоолоо үлдээхийг ихэд цээрлэн буян барагдана хэмээн үздэг байв. Хүнсээ ам бүлдээ тохируулан бэлтгэхээс гадна мал гаргах, гэдэс чанахдаа саахалт айлуудтайгаа хуваалцдаг заншил монгол нүүдэлчдийн дунд эрт дээр үеэс тогтжээ.

Иймд хог хаягдалгүй амьдралын хэв маяг нь монголчууд биднээс хол хөндий, шинэ зүйл биш бөгөөд уламжлалт соёлоосоо суралцан хэрэгжүүлэхэд бидэнд тун дөхөм юм. Хоол хүнсний хог хаягдлыг ухаалаг, тооцоотой худалдан авах, бусадтай хуваалцах, хүнсээ зөв хадгалах зэргээр бууруулах боломжтой. Ингэж байгаль орчны асуудлыг бууруулж, хоол хүнсний тэгш бус байдлыг багасгахад монгол хүн та хувь нэмрээ оруулаарай.

#Дуусгалаа аян

НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилго 2030” хөтөлбөрт тусгаснаар 2030 он гэхэд жижиглэн худалдааны болон хэрэглээний түвшинд нэг хүнд ногдох хүнсний хаягдлыг хоёр дахин багасгана хэмээн заасан байдаг (НҮБ-ын Тогтвортой хөгжлийн Зорилт 12.3) Тус зорилтын хүрээнд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хороо олон нийтийг хүнсний хаягдалгүй амьдралын хэв маягт уриалан дуудах #Дуусгалаа аяныг хамтран зохион байгуулж байна. Хүнсний хог хаягдлын талаар, тэр дундаа эрүүл зөв хоолны сонголт хийх, хаягдал бага гаргах талаар мэдлэг, мэдээлэл өгөх нь тус аяны зорилго юм.

#Дуусгалаа аянд хэрхэн нэгдэх вэ?

Хоолныхоо зургийг авч цахим хуудсаар /фейсбүүк, твийтер, инстаграм зэрэг/ бусдад түгээдэг шигээ хоолоо идэж дуусгаснаа, хаягдал үлдээгээгүй болохоопостолж бусадтай хуваалцана. Энэ нь хүнсний хаягдлын талаар бусдад ойлголт өгч, эерэг нөлөөг бий болгох боломжтой. Хоолоо амтархан идэж дуусгаад хоосон тавагнийхаа зургийг @duusgalaa мөн #duusgalaa хэмээн меншион хийж, фэйсбүүк, инстаграм стори гэх зэрэг өөрсдийн олон нийтийн хэрэгсэлд оруулахад л хангалттай

Categories
мэдээ

ШУУРХАЙ: Төрийн ордонд хөл хорио тогтоолоо

Төрийн ордонд сэжигтэй тохиолдол илэрч зүүн жигүүрийн хоёрдугаар давхарт хөл хорио тогтоолоо.

Төрийн ордны зүүн жигүүрийн хоёрдугаар давхарт хөл хорио тогтоож, ажилтнуудыг өрөөнөөсөө гарахгүй байхыг хүсжээ. Учир нь ордонд ажилладаг хүний түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсан байна. Тухайн иргэний PCR шинжилгээний хариу гартал иргэдийг өрөөнөөс гаргахгүй гэсэн байна.

Төрийн ордны зүүн жигүүрт Ерөнхиийлөгчийн тамгын газар, Засгийн газрын ажилтнууд байрладаг юм.

Categories
мэдээ цаг-үе

Баян-Өлгий аймагт ковид-19 халдварын сэжигтэй тохиолдол илэрлээ

Баян-Өлгий аймагт Улаанбаатар хотоос ирсэн нэг иргэнд өнөөдөр түргэвчилсэн тестээр шинжилгээ хийхэд хариу нь эерэг гарсан байна.

Тухайн иргэн нь ачаа тээврийн жолооч бөгөөд нэг машинаар 2 хүн иржээ. Харин цуг ирсэн хүний хариу сөрөг гарчээ.

Одоо эдгээр иргэдийг Өлгий хотод тусгаарлаж, шинжилгээний дээж авч байгаа аж. PCR шинжилгээний эцсийн хариу маргааш гарна.