Categories
мэдээ нийгэм

Мөс цөмрөх аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Гол, нуурын мөс цөмрөх аюулаас сэрэмжлэхийг Ховд аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс анхааруулж байна.

Энэ оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар Ховд гол 42 см мөсөн бүрхүүлтэй буюу 10-20 тн даацтай байна. Харин Хар-Ус нуур 64 см мөсөн бүрхүүлтэй буюу 10-20 тн даацтай, Булган гол 31 см мөсөн бүрхүүлтэй буюу жижиг суудлын автомашин явахад даах чадвартай байгаа аж. Мөн Буянт голын мөсний зузаан 52 см буюу 10-20 тн даах чадвартай байгаа юм.

Ойрын өдрүүдэд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд бүрэн хүрч бэхжээгүй байна гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэжээ. Иймээс малчид, тээвэрчид гол, нуурын мөсөн дээгүүр зам товчлох, цаг хожих зэргээр тээвэрлэлт хийхгүй байхыг анхаарууллаа. Мөн иргэдийг амралтын өдрүүдэд салхинд гарч зугаалах, загас агнуур хийхдээ мөс цөмрөх аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байв.

Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ аймгийн 1390 иргэний ажиглалтын хугацаа дуусч хяналтаас гарчээ

Сэлэнгэ аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар тусгаарлалт, ажиглалтын хугацаа дууссан ойрын хавьтлын 1390 иргэнийг хяналтаас гаргажээ.

Тус аймгийн нэгдсэн вируслогийн лабораторид 196 хүнд PCR шинжилгээ хийхэд хариу бүгд сөрөг гарчээ. “Ковид-19” халдварыг илрүүлэх түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд Сүхбаатар суманд 19567, бусад суманд 24586 нийт 44153 иргэн хамрагдсан байна.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн ковидын тасагт эмчлүүлж буй 21 өвчтөний биеийн байдал хөнгөн, эмчилгээ хэвийн үргэлжилж байгаа аж. Аймгийн хэмжээнд батлагдсан нийт 217 тохиолдлын ойрын хавьтлын нийт 1486, дам хавьтлын 974 иргэнийг тусгаарлалт, ажиглалтын хяналтад авч ажилласан байна. Эдгээр иргэдийг тусгаарлалт, ажиглалтад байх хугацаанд гурван удаагийн шинжилгээнд хамруулж, тусгаарлалтын 14, гэрийн ажиглалтын 14 нийт 28 хоногийн хяналтын хугацааг гүйцээжээ. Одоогийн байдлаар ойрын хавьтлын нийт 96 иргэн тусгаарлалт, ажиглалтад хянагдаж байгаа гэнэ.

Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд нийт ажиглалтын хоёр, тусгаарлах нэг байранд 48 иргэн хяналт ажиглалтад байна. Түүнчлэн нийт өвдсөн иргэдээс 78.3 хувь нь буюу 170 иргэн эдгэрч гэрийн ажиглалтад шилжжээ.

Categories
мэдээ нийгэм

Хармагтайн ордын 53.1 тонн алтыг улсын нөөцөд бүртгэлээ

Засгийн газрын хуралдаанаар Хармагтайн ордын 53.1 тонн алтыг улсын нөөцөд бүртгэх шийдвэр гаргажээ. Тодруулбал, “Геологийн судалгааны төв” ТӨҮГ, Төрийн өмчит “Эрдэнэс сильвер ресурс” ХХК-ийн геологчдын хамтарсан баг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “Хармагтайн” бүлэг ордын “Овоот хяр” хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн “Хойд бүргэдэй” хүдрийн биетэд 53.1 тн алтны нөөц буйг тогтоосон байна. Нарийвчилсан хайгуулын хээрийн ажлыг 2020 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр дуусгаж, тогтоогдсон алтны нөөцийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн улсын нөөцөд бүртгүүлээд байна.

Үлдсэн хүдрийн биетүүдэд шаардлагатай судалгааг үргэлжлүүлэн хийснээр нөөц 60 хувь хүртэл нэмэгдэх төсөөлөл гарчээ. Тус орд газарт хайгуулын ажлыг үргэлжлүүлэн хийж, алт болон бусад ашигт эрдсийг бүрэн гүйцэд тогтоох ажлыг улсын төсвийн хөрөнгөөр 2021 онд хийж гүйцэтгэх нь зүйтэй гэж үзэв.

Categories
мэдээ нийгэм

“Эрдэнэс Монгол”-ын дэд захирлуудыг томиллоо

“Эрдэнэс Монгол” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл өнөөдөр хуралдан, гурван дэд захирлын томилгоог баталсан байна.

Тэгвэл АТГ-аас хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан талаар хариу өгснөөр уг томилгоог хийжээ. Санхүү эдийн засаг хариуцсан дэд дарга Л.Хосбаяр, Захиргаа хариуицсан дэд дарга Ц.Цолмон, Салбарын үйл ажиллагаа хариуцсан дэд захирлаар Л.Энхболдыг томилсон байна.

АТГ-аас Л.Энхболдын тухайд хоёр утгатай хариу өгсөн аж. Тодруулбал, түүний ХАСУМ-ийг хянаад “Л.Энхболдыг уг албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй. Гэхдээ эрүүгийн хэрэгт холбогдон шалгуулж байгаа” гэсэн агуулга бүхий албан бичгийг “Эрдэнэс Монгол”-д илгээсэн байна. Харин тэргүүн дэд захирлын албан тушаалд Харвардын их сургуульд бакалаврын зэрэг хамгаалсан Ж.Тана томилогдох нь тодорхой болжээ.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн автобус замын хажуу талын мод мөргөжээ

Өнөөдөр \2020.12.30\ 14:00 цагийн орчимд Энхтайваны өргөн чөлөө, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Монгол Улсын Боловсролын их сургуулийн урд замд “Hyundai aero BUS” маркийн автобусны жолооч, 45 настай, эрэгтэй М нь замын хайс, хашлага болон мод мөргөсөн зам тээврийн осол гаргасан байна.

Уг автобус дотроо долоон зорчигчтой хөдөлгөөнд оролцож байсан бөгөөд гэмтэж бэртсэн хүн байхгүй ажээ. Иймд жолооч та бүхэн зам орчны нөхцөл байдалд хурдаа тохируулан хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Хүүхдийн хөгжил, хамгааллын асуудал бол эн тэргүүнд төрийн үүрэг, бас монгол хүн бүрийн үүрэг юм


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүүхдийн төлөө фонд”-ын үйл ажиллагааг сэргээж буйтай холбогдуулан анхны хуримтлал үүсгэх зорилгоор “Монгол соёл-Монгол хүүхэд” цахим тоглолтыг зохион байгуулж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга тоглолтын нээлтэд мэндчилгээ дэвшүүллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА:

“Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!

“Бүхнийг хүүхдийн төлөө” уриатайгаар хүүхэд багачуудын төлөөх их бүтээн байгуулалтыг эрчимтэй өрнүүлж, ард түмний сэтгэл зүрхэнд хоногшиж, түүхэнд бичигдсэн “Хүүхдийн төлөө фонд”-ыг хагас зууны дараа дахин сэргээн байгуулж байна.

Бид өмнөх үеийнхээ сайн туршлага, зөв уламжлалыг орчин цагийн онцлогт нийцүүлж, илүү бүтээлч, үр дүнтэйгээр хөгжүүлэх нь чухал болчихоод байна.

“Хүүхдийн төлөө фонд”-ын үйл ажиллагаа, үзэл санаа, зорилго чиглэл нь хүүхдийн хөгжил, хамгааллын асуудал илүү олон талтай бөгөөд хурцаар тавигдах болсон одоо үед нэн шаардлагатай сайн туршлага, уламжлал билээ.

Хүүхэд бол үндэстний баяр баясгалан, гэрэл гэгээ, амьдралын утга учир юм. Хүүхэд бол бидний ирээдүй, хөгжлийн буухиаг үеийн үед үргэлжлүүлэх алтан хэлхээс юм.

Эх орныхоо ирээдүй болсон хүүхэд багачуудыг эрүүл, аюулгүй орчинд өсгөн хүмүүжүүлж, эрдэм мэдлэг төгс, бие бялдар тэгш, эх оронч үзэл хүмүүжилтэй, өвөг дээдсийнхээ түүх уламжлалыг хүндэтгэсэн, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах сэтгэлтэй, оюунлаг зөв монгол хүн болгон төлөвшүүлэх нь Монгол Улсын хөгжлийн суурь нь юм.

Хүүхдийн хөгжил, хамгааллын асуудал бол эн тэргүүнд төрийн үүрэг, бас монгол хүн бүрийн үүрэг. Та бүхэн эх орныхоо ирээдүйн төлөө “Хүүхдийн төлөө фонд”-ын үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллана гэдэгт миний бие итгэж байна.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын маань үрс улам олон болж, жаргал цэнгэлээр дүүрэн, эрдэм мэдлэгээр арвин өсөж торних болтугай” гэлээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Чингис хааны билиг сургаалаас монгол бичгээр бичиж, “Хүүхдийн төлөө фонд”-ын үйл ажиллагаанд зориулан хандивлаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Чингис хааны билиг сургаалын “…Миний баясах нь энэ дэлхий дахин нэгэн гэр бүл мэт болж төв төвшин, энх амгалан болвоос сая миний баясах хэрэг” хэмээх хэсгийг монгол бичгээр бичжээ.

Categories
мэдээ нийгэм

Товчоодоор 905 автомашин нэвтэрч, 911 тээврийн хэрэгсэл гарчээ

Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд Онцгой, Эрүүл мэнд, Цагдаа, Мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 88 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд товчоодоор 905 автомашин нэвтэрч, 911 тээврийн хэрэгсэл гарчээ. Энэ хугацаанд нийт 2990 зорчигчид эрүүл мэндийн хяналт хийсэн бөгөөд сэжигтэй тохиолдол илрээгүй гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Коронавирусийн халдвартай хүн нас барвал оршуулгыг тусгай журмын дагуу явуулна

Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцуулсны дараа Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Буяны компаниудад ямар чиглэл өгсөн бэ. Халдвартай хүн нас барвал яах вэ? гэсэн асуултанд

Т.Мөнхсайхан Халдвартай нь тогтоогдсон хүн нас барсан үед ямар байдлаар оршуулгын үйл ажиллагааг явуулах вэ гэдгийг журмаар зохицуулсан. Ямар уутыг хэдэн давхар хийгээд, яаж зохицуулах үйл ажиллагааг хэрхэн хийхийг нарийн заасан. Нас барсан иргэн халдвартай нь тогтоогдоогүй байсан учраас оршуулах үйл ажиллагаа хэвийн явсан. Оршуулгад оролцсон хүмүүсээс шинжилгээ авахад нас барсан иргэний гэр бүлийн хүнээс халдвар илэрсэн. Өөр хүмүүсээс халдвар илрээгүй. Тиймээс энэ асуудлыг цаашдаа дахин битгий хөндөөсэй гэж хүсч байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Сонгинхайрхан дүүргийн Баянхошуу амбулатори ашиглалтад орлоо

Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн Баянхошуу амбулатори өнөөдөр ашиглалтад орлоо.

Энэхүү эмнэлэг анх 1989 онд 35 ортой ашиглалтад орж үйл ажиллагаагаа явуулдаг байсан бол 150 ортой тус дүүргийн Баянхошуу бүсийн иргэдэд үйлчлэхээр үүд хаалгаа нээж байна.

Өргөтгөлийн ажил хийхээс өмнө тус эмнэлэгт 1500 гаруй хүн хэвтэн эмчлүүлдэг байсан бол шинэ байр ашиглалтад орсноор 6000 хүн хэвтэн эмчлүүлэх боломж бүрдэж, эмнэлэгт хэвтэхийн тулд хүлээдэг байдал 2-3 дахин буурна гэдгийг тус дүүргийн удирдлагууд хэлж байна. Мөн олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжийг ашиглан иргэдэд чанарын өндөр түвшинд түргэн шуурхай эмнэлгийн тусламжийг үзүүлэх боломж нээгдэж байгаа талаар Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай онцолсон юм.

Энэхүү эмнэлэг нь Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу бүсийн наймдугаар хорооны 120 мянга гаруй иргэнд үйлчлэх юм. Мөн хүүхэд, эмэгтэйчүүд, дотор, мэдрэл, мэс засал, нүд, шүд, чих хамар хоолой, нөхөн сэргээх, уламжлалт эмчилгээ, өсвөр үеийн дархлаажуулалт зэрэг нарийн мэргэжлийн эмчийн үзлэг болон ЭХО, ЭКГ, Рентген, Клиник, Биохимийн лабораторийн шинжилгээ үйлчилгээг тус хорооны иргэд дэргэдээсээ авах боломжтой болж байна.

Categories
гадаад мэдээ

Хятадын “Sinopharm” компанийн вакцин 79.34 хувийн үр дүн үзүүлжээ

БЭЭЖИН. /РИА Новости/. Хятадын “Sinopharm” компанийн гарган авсан коронавирусний идэвхгүй вакцин 79.34 хувийн үр дүн үзүүлжээ.

Энэ тухай “Sinopharm” компанийн харьяа Бээжин хотын биологийн бүтээгдэхүүний хүрээлэн мэдэгдсэн байна.

“Sinopharm” компанийн идэвхгүй вакцины аюулгүй байдлын түвшин сайн үр дүн үзүүлсэн. Хоёр тун вакцин хийлгэсэн хүмүүст өндөр концентраци бүхий эсрэг биет үүсэж, “COVID-19”-өөс хамгаалах 79.34 хувийн үр дүнг үзүүлсэн” хэмээн мэдэгдэлд дурджээ.

“Sinopharm” вакциныг бөөнөөр нь үйлдвэрлэхийн тулд шаардагдах баримт бичгээ БНХАУ-ын Эмийн бүтээгдэхүүний хяналтын газарт хэдийнээ илгээжээ.

Тус компанийн хяналтад байдаг Хятадын Үндэсний биотехнологийн групп (CNBG) 2021 онд нэг тэрбум хүртэл тун вакцин үйлдвэрлэхээр төлөвлөж байгаагаа өмнө нь мэдэгдсэн байна. CNBG нь олон улсын зах зээлд коронавирусний вакциныг их хэмжээгээр нийлүүлэхэд бэлэн байгаа Хятадын цорын ганц эмийн компани биш юм. Урьд нь Бээжинд хотод төвтэй “Sinovac Biotech” компани өөрсдийн гарган авсан вакцинаа жилд 600 сая тунг үйлдвэрлэх 500 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт татсанаа мэдэгджээ.