Categories
мэдээ нийгэм

“Сайжруулсан түлш борлуулах цэг”-т гал гарчээ

Ойрын өдрүүдэд ОБЕГ-т ирж буй галын дуудлага буурахгүй байгаа тул иргэдэд гал түймрийн болзошгүй аюулаас сэрэмжилж, өөрөөс шалтгаалах үйлдэлд хянамгай байхыг анхааруулж байна.

Өнгөрсөн хоногт 10 гаруй дуудлага ирсэн бөгөөд БЗД-ийн 16 дугаар хороо, “Дако” төвийн дэргэд “Сайжруулсан шахмал түлш борлуулах цэг”-т гал гарчээ. Энэ тухай дуудлагыг 12.30-ны өдрийн 19:02 цагт хүлээн авч, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 19:06 цагт очиж, сайжруулсан шахмал түлш борлуулдаг иргэн Э-ын 3х3 метрийн хэмжээтэй байр /322 дугаартай/-ны дээврийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан байна.

АРД ИРГЭДЭД ГАЛ ТҮЙМРИЙН АЮУДААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА

  • Галтай зүйл хог хаягдлыг хогийн суваг, хогийн ил цэгт хаяхгүй байх
  • Гэр орондоо зул, хүж асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хяналтгүй орхихгүй байх
  • Шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлан анхаарал болгоомжтой байх(шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах)
  • Цахилгаан ашиглалтын дүрэм журмыг сайтар мөрдөж, эвдрэл гэмтэлтэй, зориулалтын бус цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байх
  • Гарааш, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зай хэмжээг баримтлан хэт шахаж байрлуулахгүй байх
  • Байр орон сууцны орчимд шуурхай албаны автомашин бөглөхгүй байх
  • Цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгаж орхих
  • Бага насны хүүхдийг харж асрах хүнгүйгээр гэрт нь цоожилж орхихгүй байх нь чухал.
Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн шилдэг гэр бүлүүд тодорлоо

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь Нийслэлийн Засаг Даргын тамгын газартай хамтран “Нийслэлийн шилдэг гэр бүл” шалгаруулах үйл ажиллагааг гуравдахь жилдээ зохион байгуулжээ. Уг үйл ажиллагаа нь гэр бүлийн үнэ цэнэ, хамтын амьдралын утга учир, эцэг, эхийн хамтын үүрэг, хариуцлагыг таниулах, үр хүүхдээ хөдөлмөрч, шударга, ёс суртахуунтай иргэн болгон төлөвшүүлэн хүмүүжүүлж буй гэр бүлийг шалгаруулж олон нийтэд сурталчлах зорилготой аж.

Шилдэг гэр бүл шалгаруулах удирдамжийг Нийслэлийн есөн дүүргийн 211 байгууллагад хүргүүлж, шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулсан.

Нэгдүгээр шатны шалгаруулалтыг дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс нь хороо, дүүргээс материалыг хүлээн авч таван номинацын дагуу анхан шатны шалгаруулалтыг зохион байгуулж 30 материалыг нийслэлд ирүүлжээ. Хоёрдугаар шатны шалгаруулалтыг газрын даргын А/140 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг нь удирдамжид заасан шалгуурын дагуу 30 материалаас шалгаруулалтыг зохион байгуулж 5 номинацид “Шилдэг 10 гэр бүл”-ийг шалгаруулав.

Шилдэгээр шалгарсан гэр бүл /номинаци тус бүрээр/

Хүмүүнлэг гэр бүл

Чингэлтэй дүүрэг – Д.Мичидбат

Хан-уул дүүрэг – А.Хажид

Бүтээлч гэр бүл

Багануур дүүрэг – Г.Ариунболд

Налайх дүүрэг – Д.Хонгорзул

Спортлог гэр бүл

Баянзүрх дүүрэг – Э. Уранцэцэг

Сонгинохайрхан дүүрэг – Б.Оюундалай

Өв соёлоо түгээн дэлгэрүүлэгч гэр бүл

Баянгол дүүрэг – С.Дамбий

Баянзүрх дүүрэг – Ш.Биндэрьяа

Оюунлаг гэр бүл

Налайх дүүрэг – Д.Мөнхнаст

Сүхбаатар дүүрэг – Б.Мөнхдорж

133837772_3425752490884587_4046035354803096906_o - Copy133095737_3425752497551253_4003569697504493488_o - Copy133728307_3425752340884602_5079606374884587001_n - Copy


Categories
мэдээ нийгэм

“Хүүхдийн төлөө фонд”-д 1.3 тэрбум төгрөгийн хандив цугларчээ

Хүүхдийн төлөө фондод хөрөнгө хуримтлуулах тоглолтын үеэр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар баяртай мэдээ дуулгаж Соёлын сайд С.Чулуунд батламж гардууллаа.

Батламжид:

“Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Үндэсний бахархал, Монгол өв соёлыг өвлүүлж, олон улсын стандарт шаардлагад нийцсэн соёлын барилга байгууламжуудыг барьж, ашиглалтад оруулна” гэсэн зорилгын хүрээнд Хүүхдийн төв номын сан, хүүхэлдэйн театрын цогцолбор барихад зориулж Чингэлтэй дүүргийг V хорооны нутаг дэвсгэрт 11,000 квадрат метр газрын асуудлыг шийдвэрлэн гэрчилгээжүүлэв” хэмээн бичжээ.

Ингэснээр Хүүхдийн төв номын сан, Хүүхэлдэйн театрын цогцолбор барих газартай болж, олон нийтийн хандив болон Засгийн газрын дэмжлэгээр энэ төслийг эхлүүлэх боломж бүрдлээ. Хүүхдийн төлөө сэтгэл зүрхээ нэгтгэсэн Монголын ард түмэн яг одоогийн/2020.12.30-ны оройн/ байдлаар теле тоглолттой зэрэгцэн 1.3 тэрбум төгрөгийн хандив өргөөд байна. Таны хандивласан төгрөг бүр зөвхөн хүүхдийн хөгжлийн төлөө зориулагдахаас гадна олон улсын стандартад нийцсэн бүтээн байгуулалтыг санхүүжүүлж, ил тод нээлттэй хэрэгжих юм.

Монголчууд шинэ оны босгон дээр бүхнийг хүүхдийн төлөө зориулахаар нэгдэж байна. Засгийн газар хүүхдийн төлөө фонд байгуулж, 10 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн юм. Энэ сангийн хөрөнгийг / цаашид нэмэгдэх / хүүхдийн номын сан, хүүхдийн театр, хүүхэд, залуучуудын соёл спортын цогцолборууд зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих байгууллагуудыг шинээр барихад зарцуулах аж.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулган: НДШ төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар дөрвөн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ..

Categories
мэдээ нийгэм

Өвөр Монголын соёлын өдрүүдийн нээлт цахимаар боллоо

БНХАУ-ын ӨМӨЗО-ны соёлын өдрүүд “Хятад орныг танин мэдэх-Монгол Улстай холбогдох” сэдвийн дор болж байгаа бөгөөд нээлтийг цахимаар зохион байгууллаа. Өвөр Монголын цахим соёлын өдрүүдийн нээлтийг “Цар тахалтай хамтран тэмцсэн Хятад, Монголын найрамдлын хуудсыг хамтаар бичиглэв” хэмээх сэдэвтэйгээр нээсэн юм. Энэ нь хоёр улсын Төрийн тэргүүний хүмүүнлэгийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд болон Монгол, Хятадын соёлын солилцоог хөгжүүлэхэд ахиц үзүүлнэ хэмээн онцолж байна.

Соёлын өдрүүдийн үеэр “Найрамдлын солонго” уран сайхны концерт, “Цэцэгсийн анхилам” Бээжин жүжгийн нэрт жүжигчдийн концерт, “Бадран дэлгэрэх” орчин үеийн балетын тоглолт, Хятад улс иргэдээ хэрхэн ядуурлаас гаргаж буйг харуулсан “Сайн сайхан амьдралын эрэлд” үзэсгэлэн, “Инновацийн сайн сайхан амьдрал” соёл, аялал жуулчлалын шилдэг бүтээлийн үзэсгэлэн, “Үзэсгэлэнт сайхан Хөхнуур”, “Солонгорсон Гүйжөү” гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэн үзүүлэх юм байна. Мөн Хятадын олон ангит киноны өдрүүд, “Үзэсгэлэнт сайхан Хятад орон” аялал жуулчлалын экспо, “Хятад орны амтат хоол” сурталчлах арга хэмжээ болох юм.

Соёлын өдөрт зориулан зохион байгуулагдаж буй дээрх арга хэмжээнүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг www.cri.cn болон www.solongonews.mn зэрэг сайтуудаас хүлээн авах боломжтой юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“The Hu” хамтлаг Youtube-ийн “Алтан товч” хүртлээ

Дэлхийн дэвжээнд гарсан Монголын цорын ганц рок хамтлаг “The Hu” энэ жил ч урагш тэмүүлсээр байв.

The Hu” хамтлаг Монголын уран бүтээлчдээс анх удаа нэг сая дагагчтай Youtube сувагтай болж чадлаа. Бүтээсэн клипийн хандалтын тоо нь хэдхэн өдөрт л сая давдаг болж, “Yuve Yuve Yu” 66 сая, “Wolf Totem” 46 сая үзэгчтэй болжээ. Саяхан гаргасан “Sad But True” ковер дууны клип Билбордын жагсаалтад орж, World Digital Songs Sales-д гуравдугаар байр эзэлсэн.

YouTube сувгаас манай хамтлагт сая дагагчийн “Алтан товч” шагналыг гардуулан өгсөн байна. 2016 онд байгуулагдсанаасаа хойш тус хамтлаг Spotify-д 10 сая, YouTube-д 137 сая хандалттай болжээ.

Хамтлагийн продюсер Б.Дашдондог “Хэрэв цар тахал гараагүй бол тэд 2020 онд дэлхий тойрон 98 тоглолт хийх байсан” гэж ярьсан юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

П.Нүрзэд: АН цаашдаа өдсөн болгон руу өрвөлзөж цаг алдахгүй, улсынхаа эрх ашгийн төлөө урагшаа харж ажиллана

– С.ЭРДЭНЭ МАН-ЫНХАНТАЙ НИЙЛЖ ЯВУУРГҮЙ ҮЙЛДЭЛ ХИЙЖ БАЙГААД ХАРАМСАЖ БАЙНА –


Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэдтэй ярилцлаа.


-Ардчилсан нам их хурлаа хийлээ. Хурлын дүр зураг ямархуу болж өнгөрөв?

-АН-ын Аравдугаар их хурал амжилттай зохион байгуулагдлаа. 1400 төлөөлөгч оролцож, тэдний саналыг авч дүрмэндээ тусгаж чадсан. Монголд төдийгүй Азид үнэлэгдэх томоохон цахим хурал боллоо. Дээр нь Ардчилсан намын их хурал анх удаа маш ажил хэрэгч боллоо. Хэн нэг даргын амбицгүй, нэр дэвшигчгүй, намын анхан шатны бүх нэгжүүдийн төлөөллийг оролцуулж, дүрмэндээ нэмэлт, өөрчлөлт орууллаа. Ардчилсан намын хүсэн хүлээж байсан дүрэм болж чадсан гэж бодож байна. Цахимаар хуралдах нь олон давуу талтай юм байна. Ажил хэрэгч, шуурхай, шударга болдог юм байна. Хуучин нүүр нүүрээ харж хуралддаг байхад хүмүүсийг маш холоос авчирна, ядарна, зааланд тал нь байдаггүй гараад явчихдаг, өдөржингөө хуралдана, дундуур нь буудал руу явна, концерт тоглолт үзнэ гээд баяр ёслолын байдалтай механик ажиллагаа их, зардал өндөр гардаг байсан. Зарим нь хурлаар юу ярьсныг ч мэдэхгүй буцдаг ийм байдалтай байсан. Харин манай нам цар тахлын энэ үед бусад байгууллагуудад үлгэр жишээ болохуйц цахим хурлыг амжилттай хийлээ.

-Ардчилсан намын дүрэм хэл ам дагуулаад эхэллээ. Их хурлаар яригдаагүй заалтыг Шүүх дээр очихдоо нэмсэн тухай мэдээлэл цацагдсан. Та үүнд тайлбар өгөхгүй юү?

-Энэ тухай аль өнгөрсөн долоо хоногоос эхлэн цахим орчинд тарсан.Дүрмийн заалтын утгыг фотошоп хийж буруу тайлбарлаж олон нийтийн сүлжээгээр цацсан байсан. Манай намаас албан ёсоор үүнд тайлбар өгч, хэвлэлийн хурал хийсэн. Монгол Улсын одоогийн Ерөнхийлөгчийг өрсөлдөгчгүйгээр шууд сонгоно гэж худал мэдээллийг зориудаар мушгиж буруу тайлбарлаад байна лээ. Намын шинэ дүрмээр, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ илэрхийлбэл, Үндсэний бодлогын хурлаар оруулахгүй, шууд АН-ын их хурлаар оруулна. Бусад нэр дэшигчидийн хувьд Үндэсний бодлогын хорооны хурлаар өрсөлдөж, дараа нь их хурлаар нэрээ дэвшүүлж өрсөлдөнө гэж заасан байгаа. Дүрмэнд ингэж заасан нь харин ч олон хүнд нэр дэвших боломжийг өгч байгаа юм. Шуудхан хэлэхэд, Ерөнхийлөгч Х.Баттулгыг Үндэсний бодлогын хурлаар оруулж өрсөлдүүлбэл, өрсөлдөөн гарахгүй байх магадлал өндөр. Тиймээс бид дүрмэндээ олон хүн нэр дэвших боломж олгож ийнхүү заалт оруулсан. Үүнийг эсрэгээр нь тайлбарласан байна лээ.

-Энэ заалтыг их хурлаар хэлэлцээгүй, намын гишүүдэд танилцуулаагүй гэж яриад байгаа шүү дээ?

-Тийм зүйл огт байхгүй. АН-ын дүрмийн шинэчлэл ил тод нээлттэй болсон. Хуучин бол яг үнэндээ их хурлаар яригдаагүй заалтуудыг дүрмэнд нэмчихдэг, сольчихдог тэрийгээ нуугаад шүүхээр батлуулчихдаг ийм зүйл байсныг үгүйсгэхгүй. Одоо Ардчилсан намыг өөрөөр харах хэрэгтэй. Хоёр алхаад баригдах хуурмаг зүйлийг бид хийхгүй. Ардчилсан нам нээлттэй болж эрс өөрчлөлт шинэчлэлтийг хийж байгаа гэж ярьчихаад ийм хоёрын хооронд юм хийгээд явах нь зохисгүй. Тэгээд ч 1400 хүний оролцоотой нээлттэй ил тод ярьж хэлэлцээд баталсан дүрэм шүү дээ. Хамгийн чухал баримт бол их хурлын бүтэн бичлэг хадгалагдсан.ҮБХ хурал, Аравдугаар их хурал дээр яригдсан бүх мэдээлэл, маргаан мэтгэлцээн бүгд бичлэгт үлдсэн. Эргэлзэж тээнэгэлзсэн хүмүүс ирж бичлэгтэй танилцах боломжтой. Ер нь Их хурал зохион байгуулахад өндөр зардал гардаг, санхүүгээ бодсон ч тэр олон хүн нэр дэвших нь ашигтай байна. Өрсөлдөгч олон байх тусмаа зардал мөнгөө хувааж гаргах учраас.Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг хааж боосон заалт оруулсан гэдэг бол үндэслэлгүй тайлбар.

-Дүрмийн нэмэлт, өөрчлөлт Ардчилсан намд ямар бодитой өөрчлөлт авчрах вэ?

-Дүрмийн нэмэлт, өөрч-лөлтөөр Ардчилсан намын бүх үйл ажиллагаа нээлттэй, шилэн болно. Маш сайн дүрмийн өөрчлөлт болсон. Дээд шүүхээс батлагдаад гараад ирэхээр нь нийтэд зарлана. Өмнөх дүрмэнд олон алдаа байсан. Нэг газар, нэг хүнд эрх мэдлийг төвлөрүүлж, мөнгө санхүүгийн хувьд юунд зарцуулагдаад байгаа нь мэдэгдэхгүй алга болдог байсан гэх зэрэг алдаа байсан. Одоо дүрмийн өөрчлөлтөөр таны өгсөн хандив олон нийтийн ажилд зарцуулагдана, харин нам удирдаж байгаа хүмүүс намын дотоод зардлыг өөрсдөө хариуцах, санхүүгийн бүх ажиллагаа шилэн байх, намын гишүүдийн хэн ч байсан ороод санхүүгийн үйл ажиллагаатай танилцах боломжтой гэх мэтээр тодорхой нээлттэй, шударга заалтууд орсон. Дүрмэндээ нэмэлт, өөрчлөлт оруулснаар эрх мэдлийн төвлөрлийг задалж, залуучуудын оролцоог нэмэгдүүлнэ. Өнгөрсөн хуга-цаанд залуучууд намын томчуудтай өрсөлдөж гарч ирэхэд тун хэцүү байдаг байсан. Шинэ дүрмээр хийж бүтээж чадаж байгаа мэдлэг боловсролтой залуучуудыг намын үйл ажиллагаанд татан оролцуулах, мөн эмэгтэйчүүдийнхээ оролцоог нэмэгдүүлж, бүлгүүдээ дэмжсэн гээд олон өөрчлөлт орсон. Дүгнээд хэлэхэд, Ардчилсан нам нээлттэй нам болно. Өөрчлөлт шинэчлэл гэдэг лоозон төдий зүйл байх ёсгүй. Болохгүй бүтэхгүй байгаа зүйлүүдээ засч залруулахын тулд хууль, дүрмээ баримтлах ёстой. Тиймээс дүрмэндээ бид гар хүрсэн. Хэн нэг дарга таньдаг, ойр байсан гээд дээшээ явдаг байдал үгүй болж байна. Бүх юмыг хамтын шийдвэрээр хийнэ.

-Ардчилсан намын дараагийн даргад хичнээн хүн нэрээ дэвшүүлж байгаа вэ. АН-ын дараагийн дарга хэн байх вэ гэдэг анхаарал татсан сэдэв болж байна?

-Дээд шүүхээс Ардчилсан намын нэмэлт, өөрчлөлтийг бүртгэж дуусах хүртэл бид нэр дэвшигчдийн тухай ярихгүй. Ардчилсан намын дараагийн дарга хэн болох вэ гэдгийг шинэчилсэн дүрмийнхээ хүрээнд сонгоно, одоо энэ тухай ярих эрт байна. Үүнээс өмнө дотоод сонгуулийн хорооны бэлтгэл ажил, аймаг дүүрэг, сумдын бэлтгэл ажил гээд олон шат дараатай ажил бий. Намын даргыг сонгохдоо нүүр нүүрээ харж сууж байгаад сонгосон нь дээр гэж ихэнх гишүүд санал нэгдэж байгаа. Ер нь цахимаар хуралдах нь цаг хугацаа хэмнэсэн, шударга нээлттэй гээд олон давуу талтай учраас миний хувьд их зүгээр санагдлаа.

-Ардчилсан намын дараагийн дарга ямар хүн байх ёстой гэж та бодож байна вэ?

-Шударга манлайлагч хүн байх ёстой.

Ардчилсан намын тэнгэрийн хөх өнгөтэй тугийг мандуулж явах учраас нэр төртэй шударга, өөрийн эрх ашгаас илүү улс орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг ийм хүн байх ёстой. Итгэл дааж, үүрэг хариуцлагаа ухамсарлаж чаддаг, олон мянган гишүүд, ард түмнийхээ төлөө өөрийгөө зориулж чадах, ардчиллын үнэт зүйлийн төлөө тууштай тэмцэгч хүн байх ёстой. Тэрнээс биш өөрийнхөө эрх ашгийг нэгдүгээрт тавьчихаад, хэрүүл тэмцэл шуугиан тарьж, хагарал будлианы эздээс АН хол байх ёстой.

Мэдээж, АН-ын дараагийн шинэ даргад нэр дэвшихэд тодорхой шалгуур бий. Нөгөө талаасаа нэр дэвшигчдэд олон боломж олгосон ийм шинэчилсэн дүрмээр бид намын даргаа сонгоно.Ардчилсан нам хангалттай боловсон хүчинтэй нам. Өмнө нь бид нар өөрсдийнхөө хүчин чадал, нөөцөө бүрэн тооцож чаддаггүй байсан нь алдаа байсан. Ардчилсан намын гарааны нөхцөл шал өөрөөр эхэлж байна. Дахиад бидэнд ялагдах эрх байхгүй. Хариуцлагатай, эв нэгдэлтэй, бие биенээ хүндэтгэж, гурван үеийнхээ төлөөллийг хадгална. Ахмадаа сонсож, залуучууд нь түлхүү ажиллах ёстой.

-Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ тамгаа булаацалдаж, мөн Ардчилсан намын дүрэм хүчингүй гэж мэдэгдсэн. Намын их хуралд С.Эрдэнэ ямар оролцоотой оролцсон бэ.Энэ асуудал юу болоод байна вэ?

-Уг нь бид дотооддоо зөрүү буруу ойлголцоод муудалцахыг хүсэхгүй байна.Аль болохоор эв эеийг хичээж байна.АН-ын хуучин дарга С.Эрдэнэ нийгмийг буруу зүйлд уруу татаж, турхирсан үйлдэл гаргаж байгаад харамсаж байна. Шуудхан хэлэхэд, бид одоо өнгөрсөнтэйгөө зууралдахгүй, ирээдүйгээ хараад явна. С.Эрдэнэ Ардын намынхантай нийлж хууль бус шийдвэр гаргуулсан байна лээ. Ардын намынхантай нийлээд намынхаа эсрэг хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа нь утгагүй байна. Монгол Улс хуультай орон. Тамганы асуудал хуулийнхаа хүрээнд шийдэгдэнэ. Санаа зовохгүй байна. Намын нийт гишүүдэд хэлэхэд, АН цаашид өнгөрсөнтэйгөө зууралдаж цаг хугацаа алдахгүй. Хийх ажил маш их байна. АН хариуцлагатай, зохион байгуулалт өндөртэй байх ёстой. Ард иргэдийнхээ төлөө бодитой ажил хийж хэрэгжүүлэх нь чухал.Залуучууд асуудалд бодитой хандаж, бодож сэтгэж, ажиллая гэж зорьж байна. Өмнөх ах нарын гаргасан алдааг давтаж болохгүй, оноог нь дэмжээд явна. Цаашдаа АН хүн болгоны ухсан нүх рүү орж, өдсөн болгон руу өрвөлзөхгүй, нийтийн эрх ашиг, улс орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавьж ажиллана. Тамганы асуудал хууль бус ажиллагаа. Акт гаргах ёстой хүн нь ч гаргаагүй, хуйвалдааны маягаар акт гаргуулж авчихаад тэрийгээ бариад яриад явна лээ. Хулгайч шиг хууран мэхлэх замаар асуудалд хандаад байвал явахгүй ээ. Энэ мэт жижиг үйлдэлд бид ач холбогдол өгөхгүй. Угаасаа ойлгомжтой зүйлтэй зууралдах шаардлагагүй.

-Ардын намынхантай хамтарсан гэж та хардаж байгаа юм уу?

-Ардын намыхантай хамтарсан нь үнэн. Нүдэн дээр илт хийж байгаа зүйл учраас бид мэдээлэлтэй байна. Хэн хэнтэй юу яриад ямар хор найруулаад байгааг мэдэж байна. Уг нь Ардчилсан намынхаа нөхөдтэй нийлээд намынхаа ажилд оролцоод явах нь зөв баймаар юм. Ардын намынхантай найзлаад нэг их хол явахгүй шүү гэж хэлмээр байна. Ардчилсан намын сүлд хийморь нь тамгандаа байдаггүй, тэнгэрийн өнгөтэй хөх туг, нийт гишүүд дэмжигчдийн итгэл үнэмшил, үзэл санаандаа байдаг юм. Нам удирдаж явсан хүн хийж байгаа үйлдэл, ярьж хэлж байгаа зүйлээ бодох л хэрэгтэй. Монголчууд Ардчилсан намдаа итгэх итгэл сэргэж байна. Итгэлийг алдахгүй ажиллах нь чухал.

-АН -ын зохион байгуулж байгаа аяны талаар мэдээлэл өгөхгүй юу?

-АН сая “Хотынхондоо хониор тусалъя” аяныг эхлүүлсэн. Намын их хурал дуусаад залгуулаад аян зохион байгууллаа. Амжилттай явж байна. Нийтдээ 60 сая төгрөг, 7000 хонь, таван хошуу мал хөдөө орон нутгийн малчдаас цугларлаа. Цар тахал, хөл хорионы үед өдөр тутмынхаа орлогоор амьдардаг ард иргэдэд нэлээд хүнд тусч байна. Тиймээс энэ хүмүүстээ тус нэмэр болох үүднээс зохион байгуулсан. Аянаас цугларсан мөнгөн дүнгээр дотоодын үндэсний үйлдвэрлэлийн компаниудыг дэмжиж худалдан авалт хийж, айл өрхүүддээ тараалаа. Манай намын нийт гишүүд, ҮБХ гишүүд, АН-ын УИХ дахь бүлгийн гишүүд, АН-ын удирдлагууд, есөн дүүрэг, 21 аймгийн намын дарга нар, намын хорооны гишүүд, үүрийн дарга нар мөнгө цуглуулж аяндаа идэвхтэй оролцож, амжилттай зохион байгуулж дууслаа. Ард иргэдээс захиа, талархсан сэтгэгдэл их ирж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

БШУ-ы сайд Л.Цэдэвсүрэн: Боловсролын цахим сургалт, технологи, контентыг анх удаа хуульчлах гэж байна

БШУ-ы сайд Л.Цэдэвсүрэнтэй ярилцлаа.


-Боловсролын багц хуулийн хэлэлцүүлэг ид өрнөж байна. Шинэ хуулиар ямар гол зохицуулалтуудыг хийх вэ?

-“Алсын хараа-2050” Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого, Монгол Улсын Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны 2021-2030 төлөвлөгөө, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж, тэгш хамруулах тогтолцоог бэхжүүлэх” зорилт дэвшүүлсэн. Цаашид нийгэм болон дижитал технологийн эринд ажиллаж амьдрах, нийгмийн идэвхтэй оролцоотой, тасралтгүй хөгжих чадамжтай, хүмүүнлэг, ёс зүйтэй иргэнийг хөгжүүлэх нь боловсролын ирээдүйн хөгжлийн төлөвлөлт болоод байна.

Эдгээр бодлогын зорилтыг хэрэгжүүлэхэд боловсролын салбарын эрх зүйн орчныг шинэчлэн сайжруулах зайлшгүй шаардлага үүссэн.

Боловсролын багц хуулийн төслийг боловсруулж энэ оны арваннэгдүгээр сарын 5-аас эхлэн улсын хэмжээнд цахимаар санал авах, хэлэлцүүлэг зохион байгуулах ажлыг хийлээ. Төсөлтэй 59000 гаруй иргэн, багш, ажилтан, эцэг, эх, оюутан хандалт хийн танилцаж, 24381 санал ирүүлсэн байна. Манай улсын гурван сая гаруй хүн амын нэг сая нь суралцагч, хоёр сая нь тэдний эцэг, эх, ар гэр, ирээдүйн ажил олгогч нь юм. Тэгэхээр манай салбарын үйл ажиллагаанд хамааралгүй, үйлчилгээг нь хүртдэггүй иргэн, гэр бүл бараг байхгүй. Тийм л учраас олон талын саналыг авч хэлэлцэн хуулийн төслөө эцэслэн боловсруулах шатандаа ороод байна.

Хуулийн төсөлд олон шинэ зохицуулалтыг тусгасан. Нэн тэргүүнд боловсролын зорилго, агуулгыг шинэчлэх, суралцагч хүүхдийг хүндэтгэх, эрхийг нь хамгаалах, тэдний сурч боловсрох орчин, нөхцөлийг хангах, багшийн нэр хүндийг бататгах, ажлын нөхцөлийг тогтоох, нийгмийн баталгааг хангах асуудлууд байгаа. Мөн сургалтын байгууллагын ангилал, хэв шинжийг өөрчлөх, боловсролын удирдах албан тушаалтныг томилохдоо мерит (чадахуйн) зарчмыг баримтлах, боловсролыг хүртээмжтэй, тэгш боломж олгохуйц болгох зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн сурч боловсрох эрхийг хангах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хаана амьдарч байгаагаас үл хамаарч боловсролын үйлчилгээ авах, адил, тэгш нөхцөл боломж бүрдүүлэх зохицуулалтыг тусгасан.

Түүнчлэн дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, боловсрол дахь цахим шилжилт, иргэнд боловсрол эзэмших тэгш, хүртээмжтэй боломжийг олгох цахим, зайны сургалт, боловсролын нээлттэй нөөц материал тухай зохицуулалтыг хуулийн төсөлд анх удаа тусгасан. Боловсролын цахим сургалт, технологи, контентийг анх удаа хуульчлах гэж байна гэсэн үг. Монгол Улс дэлхий дахинаа дээд боловсролын салбарт өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, үр өгөөжийг нэмэгдүүлэх, харилцаа холбоо, мэдээллийн технологийн эрчимтэй хөгжил, ур чадварын хэрэгцээ шаардлага өсөн нэмэгдэж байгаа өнөөдрийн болон ирээдүйн цаг үед сургалт-судалгаа, эрдэм шинжилгээ хосолсон зөв бүтэцтэй, нэгдмэл судалгааны их сургуультай байж, улмаар дэлхийн түвшний их сургууль болж өрсөлдөх шаардлагатай болж байна. Их сургуулиудын ахисан түвшний сургалт, судалгаа шинжилгээний цар хүрээ, чанарыг нэмэгдүүлэн сайжруулах, дундын болон хамтарсан судалгааны лабораториуд бий болгон хөгжүүлэх нь зүйтэй. Энэ утгаараа их сургууль-эрдэм шинжилгээний байгууллагын хамтын, нэгдмэл ажиллагааг дэмжсэн үйл ажиллагааны зохицуулалт хуулийн төсөлд туссан.

-Та түрүүн цахим, зайны сургалтын харилцааг хуулийн төсөлд анх удаа тусгасан гэлээ. Тухайлбал, ямар байдлаар хуульчлагдах вэ?

-Бид хоёр хоногийн өмнө “Оюун билгийн соёрхол-Монгол хэл бичиг” хэл, бичгийн 1000 багшийн цахим сургалт хийлээ. Манай БМДИ-ээс зохион байгуулдаг уламжлалт Сонголтот сургалтад 11 мянга гаруй багш цахимаар хамрагдаж байна. Ахлах ангийнханд зориулсан цахим давтлагад нэг өдрийн дотор хот, хөдөөгийн 45 мянган хүүхэд холбогдлоо. Ийм байдлаар цахим сургалт, цахим харилцаа манай салбарт хурдацтай нэвтэрч байна. Тиймээс шинэ хуульд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сургалт, үйл ажиллагааг танхимын сургалтаас гадна зайн, цахим болон холимог хэлбэрээр зохион байгуулж болох; Ерөнхий боловсролын сурах бичиг нь хэвлэмэл болон цахим хэлбэртэй байх зэргийг хуульчлахаар тусгасан. Үүнийгээ дагаад багш нь танхимын бус, холимог хэлбэрийн сургалтыг зохион байгуулах мэдлэг, чадвартай байх; багшлах арга зүй, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх сургалтыг төвлөрсөн, бүсчилсэн болон зайн, цахим хэлбэрээр зохион байгуулах замаар үндэсний хэмжээнд багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжилд дэмжлэг үзүүлэхээр зохицуулна. Мөн иргэн зайн, цахим хэлбэрээр боловсрол эзэмшихэд зориулж харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэд бүтэц, программ болон техник хангамжийг холбогдох газрууд хариуцан шийдвэрлэхээр оруулсан.

-Мөн хуулиар хүүхдийг долоон настайгаас нь эхэлж ерөнхий боловсрол эзэмшдэг болгох уу?

-Одоо бидний мөрдөж байгаа хуульд ерөнхий боловсролын сургуульд зургаан настай хүүхэд элсэхээр хуульчлагдсан байгаа. Бидний боловсруулж буй хуулийн төсөлд Ерөнхий боловсролын сургуульд тухайн онд зургаан нас хүрсэн хүүхдийг элсүүлэх, хүүхдийн өсөлт хөгжилт, эрүүл мэндийн болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар зургаан настайдаа сургуульд орох боломжгүй байсан хүүхдийг долоон настайд нь сургуульд элсүүлж болох уян хатан зохицуулалтыг тусгаад байна.

-Цар тахалтай холбоотойгоор салбарын яамнаас теле хичээл явуулж байгаа. Эцэг эхчүүдийн зүгээс теле хичээл үр өгөөжгүй байна гэж дүгнэх нь цөөнгүй байх шиг. Хичээлийн үр дүн ямар хэмжээнд байгаа талаар судалсан зүйл бий юү?

-Манай улс энэ оны хоёрдугаар сарын 3-ны өдрөөс бүх шатны сургалтын байгууллагын хичээл сургалтын үйл ажиллагааг танхимын бус хэлбэр буюу теле хичээл, цахим сургалт руу шилжүүлсэн. Бидний хувьд энэ ажил шинэ сорилт байлаа. Цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн нийт 170 хичээлийг Монголын телевизүүдийн холбоотой хамтран теле хэлбэрт оруулж, тус холбооны телевизүүд болон Монголын үндэсний олон нийтийн телевизээр 4800 цагийн хичээлийг хүүхдүүддээ үзүүллээ. Тусгай хэрэгцээт боловсрол, эрүүл мэнд, албан бус, насан туршийн боловсрол, Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад зориулсан элсэлтийн шалгалтын хичээлийг тусгайлан бэлтгэж хүргэж байна. Хичээлүүдээ дохионы хэлний орчуулгатай хийсэн. Бага ангийн зарим теле хичээлийг үндэсний цөөнхөд зориулж казах, тува хэлээр орчуулан хүргэлээ. Теле хичээлийг сургалтын батлагдсан хөтөлбөрийн дагуу заахын зэрэгцээ Монгол соёл, уламжлал, зан заншил, ахуй амьдралтай уялдсан агуулга, арга зүй бүхий хичээлээр сурагчдын өмнө эзэмшсэн мэдлэг чадварыг хөгжүүлэх зорилт тавьсан нь үр дүнд хүрсэн гэж үзэж байгаа. Теле хичээлийг бүхэлдээ үр өгөөжгүй болсон мэтээр шүүмжилж болохгүй. Манай яамнаас зайн сургалтын хамрагдалтын мэдээллийг улирал, сар, долоо хоног тутам гарган дүгнэлт хийн ажилласан л даа. Хамрагдалт 70-74 хувьд хэлбэлзэж байна.

Интернэтэд нэвтрэх боломжгүй, эсвэл хичээл үзэх техник хэрэгсэлгүй болон зарим малчдын хүүхэд, орлогын түвшин доогуур, эмзэг бүлгийн өрхийн хүүхдүүд теле хичээлд бүрэн хамрагдаж чадаагүй байна. Эдгээр хүүхдүүдэд хэвлэмэл болон аудио хэлбэрээр хичээл бэлтгэн хүргэх ажлыг үе шаттай хийсэн. Зөвхөн телевизээр хичээл заагаад орхичихоогүй. Теле хичээлийг үзэх боломжгүй байгаа зорилтот бүлэгт орон нутгийн цэцэрлэг, сургууль, багш нар агуулгын хоцрогдлыг арилгах нэмэлт хэвлэмэл материал дасгал даалгавар боловсруулж хүргэх ажлыг хэрэгжүүлж байгаа. Олон киломертийн цаана амьдарч буй сурагчийнхаа гэрт очиж хичээл давтуулсан, хэвлэмэл хичээлийг нь хамгаалалтын пост дээр эцэг эхтэй нь солилцож, тайлбарлаж явуулсан зэргээр идэвхтэй ажилласан багш нарын бахархууштай жишээ бидэнд ирсэн.

Теле хичээлийн үр дүн, анхаарах асуудлын талаар хэд хэдэн судалгаа хийсэн. Сурагчдын дунд сурлагын хоцрогдол үүсэх, тэгш бус байдал бий болох, улмаар сургууль завсардалт үүсэх, дунд, ахлах ангийн сурагчид сурлагаар хоцрох айдас, сэтгэл зүйн ээнэгшлийн айдас, түгшүүр илрэх магадлал нэмэгдэж болзошгүй гэсэн дүгнэлт гарсан. Яамнаас сурагч, эцэг, эх, багш нарт зориулсан нийгэм сэтгэл зүйн нөлөөллийн хоёр сарын аяныг зохион байгууллаа.

-Тэгвэл теле хичээлийн үр өгөөж, хамрагдалтыг сайжруулах талаар ямар ажил хийх вэ?

-Теле хичээл амархан бүтээгүй, маш богино хугацаанд бэлтгэгдсэн, зарим зөрчил дутагдал гарсныг үгүйсгэхгүй. Теле болон цахим хичээл бэлтгэх, заах, бататгах, зөвлөх, туслах, дэмжих гээд энэ бүх ажлын цаана маш олон багш, салбарын ажилтан, албан хаагч, телевизийн хамт олон, эцэг эх идэвх зүтгэл гарган хамтран ажиллаж үр дүнд хүрсэн. Энэ сарын 16-нд улс орнуудын хичээл сургалтын үйл ажиллагааг зайн хэлбэрт шилжүүлсэн арга зам, туршлага, хийсэн ажлын талаар ЮНЕСКО, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн банк хамтран зохион байгуулсан олон улсын хурал болсон. Манай улс энэхүү олон улсын хуралд оролцон боловсролын салбарт хийж буй зайн сургалтын талаар илтгэл тавьсан. Зохион байгуулагчдын зүгээс манай илтгэлийг өргөн хүрээний мэдээлэл агуулсан, сайн туршлага гэж үнэлэн НҮБ-ын Хүүхдийн сан салбар оффисууддаа хуваалцсан байна лээ. Энэ нь салбарын багш, ажилтан, олон хүний хүчин чармайлтыг үнэлсэн үнэлгээ болсон. Теле хичээлийг бэлтгэсэн, заасан, түгээсэн, суралцсан, дэмжсэн бүх хүмүүст талархал илэрхийлье. Багш нараараа бахархаж байна. Түүний зэрэгцээ хүүхдүүдийнхээ хичээл сургалтад анхаарч, суралцах орчныг нь бүрдүүлж, тусалсан эцэг, эх, эмээ өвөө нарт талархаж байна. Цаашид дэлхий дахинд зөвхөн багш ангид суулгаад зааж сургадаг биш суралцагчийн суралцах эрх, хүсэл сонирхол, хувийн онцлог байдлыг харгалзаж багш суралцахуйг дэмждэг хандлага бий боллоо. Теле хичээл бол цахим сургалтын нэг л хувилбар. Зайн сургалт, теле хичээл, цахим сургалтад технологид суурилсан бүтээлч, эерэг үр дүн гарч байгаа ч анхаарах, сайжруулах, өөрчлөх асуудлууд байна.

Бага ангийн хүүхдийн оролцоог дэмжсэн, тэдний сонирхлыг татах, хичээлийн агуулгыг тоглоом, зураглал, өнгө будаг хосолсон хэлбэрт оруулсан интерактив 104 жишиг контент бэлтгэж эхний 50 хичээлийг econtent.edu.mn сайтад байршуулаад байна. Энэ хичээлийг эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ хамтдаа хийх боломжтой, үндэсний цөөнх болон тусгай хэрэгцээт хүүхдүүдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан бүтээснээрээ онцлог юм. Цаг хугацаа хамаарахгүйгээр хичээлээ давтах, бататгах боломжийг хүүхдүүддээ олгох үүднээс бүх теле хичээлийг Боловсрол, шинжлэх ухааны яамны econtent.edu.mn сайтад байршуулж, хандалтыг үндэсний хэмжээнд үнэ төлбөргүй болгосон.

-Цар тахлын тархалт энэ хэвээр байвал хоёрдугаар сараас эхлэн теле хичээл үргэлжлэх үү?

-Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үед улсын хэмжээнд, салбарын хэмжээнд авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний стратеги, төлөвлөгөө гэж байдаг. Боловсрол, шинжлэх ухааны салбарт мөн ийм батлагдсан төлөвлөгөө байгаа, бид түүнийг хэрэгжүүлж ажиллана. Гамшгийн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхийг одоо урьдчилан хэлэх боломжгүй. Тухайн үед Засгийн газар, Улсын Онцгой комисс ямар шийдвэр гаргахаас салбарын үйл ажиллагаа хамаарна. Манай яамнаас 2020-2021 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлаас цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын үйл ажиллагааг танхимын, танхимын болон танхимын бус хосолмол, зайн болон цахим хэлбэрээр явуулах бүх бэлэн байдлыг хангаж байна.

Өвчний дэгдэлт, тархалт буурч, нааштай сайхан үр дүн гарч эхэлнэ гэж найдаж байгаа. Бидний зүгээс цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд, багш, ажилтныхаа эрүүл мэндийг хамгаалан, зөвшөөрөгдсөн хэмжээнд танхимын сургалтаар хичээлийг үргэлжлүүлэх бэлтгэл хангаж байгаа. Нэгдүгээр улирлын теле хичээлийн зургаан долоо хоногийн агуулгыг техникийн болон орон нутгийн байршил, гэр бүлийн орчин, нөхцөлөөс шалтгаалан бүрэн үзэж чадаагүй сурагчдад нөхөх, тэгш боломжийг бүрдүүлэх, агуулгын хоцрогдлыг арилгах нэмэлт арга хэмжээг энэ амралтын хугацаанд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

-Элсэлтийн ерөнхий шалгалт зэргийг хэрхэн зохион байгуулна гэж төлөвлөж байгаа вэ?

-Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад зориулсан элсэлтийн шалгалтын хичээлийг тусгайлан бэлтгэж теле хэлбэрээр зааж байгаа. Мөн 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс сонгогдсон 603 багш үндэсний хэмжээнд ахлах ангийн сурагчдад судлагдахуун тус бүрээр 30 минутаар 3-7 удаагийн буюу нийт 74 цагийн цахим хичээлийг заах бэлтгэл хангагдаад байна. Түүнчлэн 10, 11, 12 дугаар ангийн сурагчдад Монгол хэл, үндэсний бичиг, Уран зохиол, Иргэний ёс зүйн боловсрол, Математик, Мэдээллийн технологи, Физик, хими, Биологи, Түүх, нийгэм судлал, Газарзүй, Англи хэл, Биеийн тамир, Эрүүл мэнд, Орос хэл, Дизайн технологи, зэрэг хичээлийг цахимаар орно. Сурагчдын амралтын хугацаанд цахимаар явагдах энэ хичээлд сонголтоороо хуваарийн дагуу сайн дурын үндсэн дээр хамрагдах боломжийг хүүхдүүдэд олгож байгаа. Аль багшийн, ямар хичээлд хамрагдах хүсэлтэй байгааг нь харгалзан үзэж хүүхдүүдийг бүлэг болгоно.

Анги төгсөх болон элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн хүүхдүүдэд, ялангуяа 12 дугаар ангийн хүүхдүүдэд давтлага авах санал эцэг эх, хүүхдүүдээс нэлээд ирж байгаа. Давтлагатай холбоотой үйл ажиллагааг түр хойшлуулсан.Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл журмын дагуу 2021 оны хоёрдугаар сарын 15-наас дөрөвдүгээр сарын 15-ны хооронд явагдана.

-Өнгөрсөн намар Их, дээд сургуулиудын элсэлт төгсөгчдийн тооноос хамаараад тун цөөхөн байсан. Энэ нь Их, дээд сургуулиудад том шалгуур болно гэдгийг тухайн үеийн салбарын сайд нь онцолж байсан. Элсэлтээс шалтгаалж Их, дээд сургуулиудад хүндрэл учирсан зүйл бий юү?

-Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 88 Их, дээд сургуульд 147.3 мянган оюутан суралцаж байна. Үүний 24.9 мянга нь шинээр элсэгч оюутан. Өнгөрсөн хичээлийн жилд Их дээд сургуулийн нэгдүгээр дамжаанд 17.5 мянган оюутан элсэж байсан. Тэгэхээр элсэгчдийн тоо өмнөх оныхтой харьцуулахад 7.4 мянгаар нэмэгдсэн байна. Ингэхээр элсэлтийн үйл ажиллагаанаас хамаарч Их, дээд сургуульд ямар нэг хүндрэл, эрсдэл үүсээгүй гэж бодож байна.

-Өнгөрсөн онд өөрчилсөн цөм хөтөлбөр өмнөхүүдээсээ хэр ахиц дэвшилтэй байгаа вэ. Цаашдаа цөм хөтөлбөрийг шинэчлэх үү?

-Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн сургалтын хөтөлбөр 2014, 2015, 2016 онд тус тус шинэчлэгдэн батлагдсан. 2019 онд эдгээр хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явцад хяналт шинжилгээ хийж засан сайжруулалт хийсэн. Сайжруулалтыг сурагч багш нарын хамтын ажиллагааг дэмжих, гүнзгийрүүлэх, сурагчдын сурах болон багшийн багшлах ажлын ачааллыг зохистой болгох, сургуулийн хичээлд суурилсан үйл ажиллагааны менежмэнт, төлөвлөлтийг дэмжиж, сургуулийн сургалтын хөтөлбөр багшийн хичээл төлөвлөлтийг хөгжүүлэх чиглэлээр хийсэн.

Сайжруулалт хийснээр сургалтын цөм хөтөлбөрийн суралцахуйн зорилтын тоо бага боловсролд 1242-оос 755 болж 35.3 хувь, суурь боловсролд 1695-аас 1487 болж 8.7 хувь, бүрэн дунд боловсролд 1440-өөс 1331 болж 9.2 хувиар буурсан үр дүнтэй гарсан байгаа. Агуулгын хувьд давхардлыг арилгах, танин мэдэхүйн түвшинд нь тохируулсан, томьёолол найруулгыг сайжруулж, судлагдахуун бүрийн залгамж холбоог нягталж, анх удаа сайжруулалт хийсэн. Одоо сайжруулсан хөтөлбөрөөр сургалт явагдаж байгаа.Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын хяналт шинжилгээг 2021 оноос үе шаттай хийнэ. Хөтөлбөрийн менежментийн циклийн онолоор 2024 оноос дараачийн сургалтын шинэ хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа.

-Сүүлийн үед монгол хэлний дүрэм, хичээлийн талаар их шүүмжлэл өрнөж байна. Монгол хэлний дүрмийн талаар танаас тодорхой мэдээлэл авах гэсэн юм.

-Монгол хэлний дүрмийн талаар ярихаас өмнө төрийн хэлний зөвлөл, дараа нь өөрчлөгдсөн Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн талаар ойлголт өгөх нь зүйтэй байх. Монгол хэлний тухай хуульд зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд монгол хэлийг хамгаалах, хөгжүүлэх үндсэн үүрэг бүхий Хэлний бодлогын үндэсний зөвлөл ажилладаг. Энэ зөвлөл есөн гишүүнтэй. Бүрэлдэхүүнд нь монгол хэл, утга зохиолын эрдэмтэн, хэвлэл мэдээлэл, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын мэргэжлийн төлөөлөл ордог. Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг хуульд зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч баталдаг. Зөвлөлийн бүрэлдэхүүн 2018 онд шинэчлэгдэн батлагдсан.

Монгол хэлний тухай хуульд зааснаар кирилл болон үндэсний бичгийн зөв бичих дүрэм, түүний өөрчлөлтийг Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэн хариуцан боловсруулж, Хэлний бодлогын үндэсний зөвлөл баталдаг. Мөн кирилл болон үндэсний бичгийн зөв бичих дүрмийг баримтлан зохиосон толь бичгийг Хэл зохиолын хүрээлэн хянаж, Хэлний бодлогын үндэсний зөвлөл хэлэлцэн баталдаг.

Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс 2016 оны есдүгээр сард 05 тоот тогтоол гарган Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “Монгол үсгийн дүрмийн толь”д хавсаргасан “Монгол үсгийн дүрэм”-ийг нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон. Энэхүү тогтоолд дүрэмд нийцүүлсэн журамласан толь бүтээх ажлын хэсэг байгуулан ажиллах талаар дурдсан байдаг. Ингээд монгол хэлний, хэл бичгийн ухааны эрдэмтдийн хамтарсан баг Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толийг бүтээн 2019 онд хэвлэн гаргасан. Бид өнөөдөр Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “Монгол үсгийн дүрэм”-ийг мөрдөн сургалтад хэрэглэж байгаа.

Монгол хэлний тухай хуульд зааснаар манай яам бүх шатны боловсролын сургалтын байгууллагын монгол хэл, үндэсний бичиг, уран зохиолын хичээлийн агуулга, хөтөлбөр, сургалтын төлөвлөгөөг батлах, хэрэгжүүлэх, Их, дээд сургуульд элсэгчдээс монгол хэлний шалгалт авах, сурган хүмүүжүүлэх ухаан, хэл шинжлэл, уран зохиол, сэтгүүл зүйн чиглэлээр Их, дээд сургуульд элсэгчдээс авах монгол хэл, бичгийн шалгалтын тусгайлсан журам батлах, хэл бүхий үндэстний цөөнхөд зориулж сургалтыг хос хэлний хөтөлбөрийн агуулгыг батлах, үндэстний цөөнх монгол хэл болон эх хэл дээр боловсрол эзэмших, соёл, зан заншлаа өвлөх, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг хүлээдэг. Энэхүү үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байгаа.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Шар бич өдөр

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 31. Буд гариг. Билгийн тооллын 16, шар бич өдөр. Өдрийн наран 08:42 цагт мандан 17:09 цагт жаргана. Энэ өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх доодсыг асран өглөг, хандив өргөх сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 18-20 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 34-36 градус, бусад хэсгээр 28-30 градус, өдөртөө 18-20 градус хүйтэн байна.

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор, өдөртөө Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндий, Дархадын хотгороор шөнөдөө 42-47 градус, өдөртөө 30-35 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 21-26 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн цас багатай газраар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 33-35 градус, өдөртөө 21-23 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 33-35 градус, өдөртөө 21-23 градус хүйтэн байна.