Categories
мэдээ нийгэм

2021 оны нэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан шинэ оны эхний таван өдрийн цаг агаарын төлөвийг танилцуулъя.

Тодруулбал, 2021 оны нэгдүгээр сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр секундэд 7-12 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна.

Хугацааны эхээр өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 42-47 градус, өдөртөө 29-34 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 21-26 градус, цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна. Нэгдүгээр сарын 2-ноос нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

Нэгдүгээр сарын турш цаг агаар ямар байх вэ?

Цаг уурчдын гаргасан урьдчилсан мэдээллээр нэгдүгээр сар өмнөх жилийн олон жилийн дундажтай харьцуулахад хүйтэн, цас шуургатай байх төлөв гарчээ. Дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.

Баруун аймгуудын нутгаар:

Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар Олон жилийн дундаж (ОЖД)–ийн орчим байна.

Хур тунадас Алтайн өвөр говиор ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 5–10°С–аар хүйтэрнэ. Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар цас орох төлөв гарсан. Салхи ихэнх хугацаанд 4–8 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар 12–14 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.

Төвийн аймгуудын нутгаар:

Энэ сард агаарын дундаж температур Архангайн баруун, Өвөрхангайн ихэнх нутгаар ОЖД–ийн орчим, бусад нутгаар ОЖД–аас хүйтэн байх төлөвтэй байна.

Харин хур тунадас Төв болон Сэлэнгийн ихэнх, Булганы зүүн өмнөд хэсгээр ОЖД–аас ахиу, Өвөрхангайн өмнөд хэсгээр дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна Нэг болон хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 5–10°С–аар хүйтэрнэ. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 4–9 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар 12–14 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар:

Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас хүйтэн байх төлөвтэй. Харин хур тунадас Дорнод, Сүхбаатарын өмнөд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Нэг болон хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 5–10°С–аар хүйтэрнэ. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар ихэнх нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар 12 – 14 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Говийн аймгуудын нутгаар:

Энэ сард агаарын дундаж температур Дорноговийн зүүн хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар ОЖД–ийн орчим байх бол хур тунадас Өмнөговийн ихэнх нутгаар ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөв гарчээ.

Нэг болон хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С–аар хүйтэрнэ. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар бага зэргийн цас орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар 14–16 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Categories
мэдээ цаг-үе

Нийслэлийн харьяа төрийн албан хаагчдыг нэг өдрийн цалингаа “Хүүхдийн төлөө фонд”-д хандивлахыг уриаллаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хүүхдийн төлөө фонд”-ыг сэргээн байгуулах тогтоол гаргасан.

Энэ хүрээнд Хүүхдийн номын сан, хүүхдийн театр, хүүхэд, залуучуудын соёл, спортын цогцолборууд зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих байгууллагуудыг шинээр барихад зарцуулах санхүүжилтийн эх үүсвэрт нийслэлийн харьяа төрийн албан хаагчдыг нэг өдрийн цалингаа Хүүхдийн төлөө фондод хандивлахыг уриалж, өөрөө нэгдэж буйгаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар илэрхийллээ.

Мөн энэхүү тогтоолыг үндэслэн Хүүхдийн төлөө фондод хөрөнгө хуримтлуулах тоглолтын үеэр тэрбээр Хүүхдийн фондын үйл ажиллагааг дэмжин Чингэлтэй дүүргийн 5-р хорооны 11,000 ам.метр газрын асуудлыг шийдвэрлэн, батламжийг Соёлын сайд С.Чулуунд гардуулан өгсөн юм.

МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор 1972 онд Хүүхдийн төлөө фонд олон нийтийн санг байгуулсан түүхтэй.

Тухайн үед нийслэлийн удирдлага Хүүхдийн төлөө фондтой хамтран ажиллаж, жил бүрийн нийтийн цэвэрлэгээг зохион байгуулах, хүүхэд багачуудын эрүүл аюулгүй орчныг бий болгох, хүүхдийн төлөө цогцлоосон бүтээн байгуулалтуудын цэвэр цэмцгэр, соёлч боловсон орчин, ашиглалтыг хангах зэрэг ажлыг өдөр тутам хийж гүйцэтгэж ирсэн түүхэн уламжлалтай.

Categories
мэдээ нийгэм

Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар зөөврийн хяналтын байртай боллоо

Баянхонгор аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Засаг даргын 2020 оны “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” А/668 дугаар захирамжаар 9.8 сая төгрөгийн өртөг бүхий зөөврийн хөдөлгөөнт хяналтын байрыг хийлгэж, Онцгой байдлын газарт хүлээлгэн өглөө. Хөдөлгөөнт хяналтын байр нь гамшиг, ослын голомтод болон коронавируст халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор 24 цагийн үйл ажиллагаа явуулах зориулалттай.

Мөн гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын ажиллах орчин нөхцөл сайжирч, албадын үүрэг гүйцэтгэх нөхцөл боломж бүрдэж, хамтын ажиллагаа сайжрах юм гэж Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Categories
мэдээ улс-төр

АТГ-ын даргыг Ерөнхий сайд санал болгож, УИХ батлахаар боллоо

УИХ-ын 2020 оны отгон чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа.

Төрийн албаны тухай хуулиар, УИХ-ын шийдвэрээр удирдлагыг нь томилдог байгууллагын дэд даргыг тухайн байгууллагын дарга томилж байгаа. Гэтэл Авлигатай тэмцэх газрын дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ-аас 6 жилийн хугацаагаар томилохоор заасан байна. Тиймээс Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн зохицуулалтыг өөрчилж, дэд даргыг Авлигатай тэмцэх газрын дарга томилдог байхаар хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төслийг чуулганаар хэлэлцэх явцад төслийн 1 дүгээр зүйл буюу хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсгийг “21.1. Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор УИХ томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно”, “21.2. Авлигатай тэмцэх газар дэд даргатай байна. Дэд даргыг Авлигатай тэмцэх газрын даргын санал болгосноор УИХ томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно” гэж өөрчлөн найруулахыг дэмжсэн. Мөн уг хуулийг 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхийг, хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцаахыг тус тус дэмжсэн юм.

Мөн хуралдаанаар Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай, Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг тус тус баталлаа

Categories
мэдээ цаг-үе

2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх хуулиуд

Ирэх жил ЖДҮ-ийг дэмжих сангийн зардлыг тэглэсэн, сурагчид “Үдийн цай” хөтөлбөрт хамрагдаж, ЭМД-ын сангаас тусламж үйлчилгээний бүх зардлыг хариуцах он байх нь.

2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх хууль, шийдвэрүүдээс онцлон танилцуулж байна.

ХӨНГӨН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ХҮМҮҮСТ ЦАХИЛГААН БУГУЙВЧ ЗҮҮЛГЭЖ, ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАНА

Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хорих ял биш зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж цахим бугуйвч зүүлгэхээр болсон билээ. Эрүүгийн хуульд заасан уг ял нь 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм.

Энэхүү ял нь хэрэгт холбогдсон этгээдийн хувийн зан төлөв, үйлдсэн гэмт хэргийн нийгэмд учруулсан хор уршгийг харгалзан заавал хорих ял оноож нийгмээс тусгаарлахгүйгээр ажил хөдөлмөр эрхлэх, гэр бүл, үр хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхийн зэрэгцээ сурч боловсрох эрхээ эдлэх, давтан гэмт хэрэг үйлдэх нөхцөлийг бууруулах зэрэг нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой хэмээн албаныхан үзэж байгаа юм.

Цахим бугуйвч хэрэглэснээр улсын төсөвт хорих ял эдлүүлэх зардлаас гурван тэрбум төгрөг хэмнэгдэнэ. Хэрэв цахилгаан бугуйвчийг тайлах, таслахыг оролдвол хорих ял болгон хүндрүүлж шийтгэх аж.

НДШ-ИЙГ 2021 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 1-Н ГЭХЭД 17%-Д ХҮРГЭЖ БУУРУУЛНА

КОВИД-19 халдварын цар тахлын эдийн засгийн сөрөг үр дагавар цаашид ч үргэлжлэх төлөвтэй байгаа тул Засгийн газраас ажилгүйдэл, тэтгэмж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг 2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл нийт дүнгээр нь 3-5 пунктээр бууруулах замаар НДШ-ийн нийт хэмжээг 17% хувьд хүргэхээр төлөвлөжээ.

НДШ-ийг 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд бүрэн чөлөөлсөн. 2020 оны 10-12 дугаар сард НДШ-ийг ажил олгогч 5%, даатгуулагч 5% байхаар тооцож, хөнгөлөлт байдлаар хэсэгчлэн үргэлжлүүлэхээр болсон. Тэгвэл 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн дээрх чөлөөлөлт болон хөнгөлөлтөд хамрагдсан ажил олгогч ААН, даатгуулагч нь НДШ-ийг 22%-аар төлөхөөр байв.

Харин Засгийн газрын шийдвэрээр ирэх оны эхний хагас жилд НДШ-ийн төлөлтийг хөнгөлөлттэй байдлаар төлнө.

ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БҮХ ЗАРДЛЫГ ЭМД-ЫН САНГААС ТӨЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЭВ

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн хүрээнд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн даатгуулагчид эрүүл мэндийн эрсдэл учирсан үед шаардлагатай тусламж, үйлчилгээний бүх зардлыг ЭМД-ын сангаас төлүүлэх боломж бүрдэв.

Өөрөөр хэлбэл, даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн дээд хязгаарыг 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөхгүй болсон.

Одоогийн хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуулийн хүрээнд даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын жилийн дээд хязгаарыг 2 сая төгрөг байхаар тогтоосон. Гэхдээ энэ дээд хязгаарт өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээ, хорт хавдрын химийн болон туяаны өдрийн эмчилгээ, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний зардал хамаарахгүй байхаар зохицуулсан байдаг.

СУРАГЧИД “ҮДИЙН ХООЛ” ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАНА

2021 оны хичээлийн жилээс эхлэн 1-5 дугаар ангийн суралцагчид “Үдийн хоол” хөтөлбөрт хамрагдаж эхлэх бөгөөд 2023 он гэхэд 1-12 дугаар ангийн бүх суралцагчид үдийн хоол хөтөлбөрт хамрагдах юм.

АТГ-ЫН ДАРГЫГ ЕРӨНХИЙ САЙД САНАЛ БОЛГОЖ, УИХ ТОМИЛНО

Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлтөд оруулснаар, уг хууль ирэх оны нэгдүгээр сарын хэрэгжиж эхэлнэ.

Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилдог болно. Мөн АТГ-ын дэд даргыг АТГ-ын даргын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно.

Мөрдөгдөж буй Авлигын эсрэг хуулийн 21-р зүйлд “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилно” гэж тусгасан байдаг.

2021 ОНД ТӨСВӨӨС ЖДҮ-ИЙН ЗЭЭЛ ОЛГОХГҮЙ

Монгол Улсын 2021 оны төсвийн жилд Засгийн газрын тусгай сангуудаар дамжин нийт 5,284.6 тэрбум төгрөгийн зардал санхүүжүүлэх бол үүний 94.6 хувь буюу 4.998.1 тэрбум төгрөг нь Нийгмийн даатгал, Нийгмийн халамж, Эрүүл мэндийн даатгалын сангуудын зарлага, 5.4 хувь буюу 286.5 тэрбум төгрөг нь бусад тусгай сангийн зардлуудыг тусгажээ.

Харин 2021 оны төсөвт ЖДҮ-ийг дэмжих сангийн зардлыг тэглэсэн байна. Өөрөөр хэлбэл, ЖДҮДС-нд 2021 оны төсвөөс нэг ч төгрөг олгохгүй, зөвхөн өмнө нь олгосон зээлийн эргэн төлөлтөөр санхүүжүүлэх юм.

2021 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ЯСЛИ АЖИЛЛАНА

Засгийн газрын хуралдаанаар 2021 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс 12 бас түүнээс дээш бүлэгтэй хүүхдийн цэцэрлэг дэргэдээ ясли ажиллуулахыг зөвшөөрсөн.

Яслийн нэг бүлэг 1-2 насны 15-аас ихгүй хүүхэдтэй, нэг багш, хоёр туслах багштай байх юм.

2021-2022 онд төрийн өмчийн 60 цэцэрлэгийн дэргэд ясли ажиллах бөгөөд дөрвөн жилийн хугацаанд 240 цэцэрлэг яслитай болно. Эдгээрт амьжиргааны түвшин доогуур, хүүхдийн эрүүл мэндийн өсөлт хөгжил сул, анхаарал халамж зайлшгүй шаардлагатай болон бусад хэлбэрийн 3,600 хүүхэд хамрагдана гэсэн судалгаа гарчээ.

2022-2023 оны хичээлийн жилээс төрийн бус өмчийн цэцэрлэгийн дэргэд ясли ажиллуулахыг дэмжсэнээр жилд хамгийн багадаа 8,000 орчим хүүхэд яслид явах боломж бүрдэх юм.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүргийн 85,219 иргэнийг “Ковид-19” халдварын шинжилгээнд хамруулжээ

Улсын онцгой комиссоос Баянзүрх дүүргийн халдварын голомттой холбогдуулан гаргасан шийдвэрийн дагуу тус дүүргийн 70,000-80,000 иргэнийг коронавируст “Ковид-19” халдвар илрүүлэх PCR-ийн шинжилгээнд хамруулж, тандалт хийх ажлыг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас амжилттай зохион байгууллаа.

Энэ хүрээнд Нийслэлийн онцгой комисс, Дүүргийн онцгой комисстой хамтран тус дүүрэгт шинжилгээ авах 19 цэгийг зохион байгуулж, мөн нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудаас тандалт судалгаа хийх болон шуурхай хариу арга хэмжээ авах, голомтыг цомхотгож халдваргүйжүүлэх чиг үүрэг бүхий явуулын 36 багийг гарган ажиллуулсан юм.

2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн 08:00 цаг хүртэлх 24 цагийн хугацаанд эдгээр шинжилгээний цэгээр 9,739, тандалтын багаар 3,530 буюу нийт 13,269 хүнд шинжилгээ хийсэн байна. Улмаар 2020 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдрөөс 30-ны өдрийн хооронд товлосон хугацааны дагуу Баянзүрх дүүргийн 85,219 иргэнийг коронавируст “Ковид-19” халдвар илрүүлэх PCR-ийн шинжилгээнд бүрэн хамруулаад байна.

Categories
мэдээ улс-төр

Ирэх онд эдийн засгийг дэмжих нэг их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлнэ

УИХ-ын дарга Г.Занданшатар хууль, шүүхийн байгууллагын удирдлагуудад албан  бичиг илгээлээ

2020 оны УИХ-ын чуулганы отгон хуралдааныг хааж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрээр ирэх онд хэрэгжүүлэх эдийн засгийг дэмжих нэг их наяд төгрөгийн хөтөлбөрийн талаар онцолж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Б.Жавхлан, Ж.Ганбаатар, Б.Чойжилсүрэн нарын гишүүдтэй ажлын хэсэг эдийн засгийг дэмжих нэг их наяд төгрөгийн хөтөлбөрийн тухай тогтоолын төслийг өнөөдөр өргөн барилаа. Уг хөтөлбөрт макро эдийн засгийн тэнцвэрийг хадгалж, бодит эдийн засагт оролцогчдын санхүүгийн чадварыг хамгаалах, ажил олгогч, баялаг бүтээгчдийг төрөөс дэмжих, төв банканд хуримтлагдсан эх үүсвэрийг эдийн засагт дайчлан оролцуулах тухай тусгасан.

Энэ бол шинэ оны босгон дээр эдийн засгаа дэмжих, эрч хүчийг нь нэмэгдүүлэх, цар тахлын дараа хүү багатай зээлээр жижиг дунд бизнесийг дэмжих багц асуудлыг шийдвэрлэж байгаа хэрэг юм” гэв.

Categories
мэдээ нийгэм

Сүүлийн үед халдварын 60-70 хувийг мутацид орсон коронавирус эзэлж байна

Сүүлийн үед дэлхийд шинээр илэрч буй халдварын 60-70 хувийг шинэ коронавирусийн тохиолдол эзэлж байна гэдгийг ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.Нарангэрэл хэллээ.

Коронавируст халдварын шинэ буюу мутацид орсон хэлбэр Англид анх бүртгэгдсэнээс хойш дэлхий дахинд нэмэгдсээр, шинээр бүртгэгдэж буй сүүлийн тохиолдлуудын 60-70 хувийг эзэлж буй аж.

Categories
мэдээ нийгэм

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн 101 тохиолдол гарчээ

Цагдаагийн байгууллагын 102 дугаарт өчигдөр (2020.12.30) нийт 1100 гомдол, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага 898 байсан бол гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 92 иржээ. Мөн хулгайлах гэмт хэрэг 8, гэмт хэргийн шинжтэй 40 үйлдэл байв.

Согтуугаар автомашин жолоодсон 43, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан, танхайрсан 71, хүний биед халдсан 36, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 85 тохиолдол өнгөрсөн 24 цагийн хугацаанд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Мөн 173 хүн эрүүлжүүлэгдэж, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн 101 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

​М.ДАШБАЛЖИД: ДЭЛХИЙН “MISS UNIVERSE” ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХЫГ ХҮСДЭГ


Загвар өмсөгч М.Дашбалжидтай ярилцлаа.


-Урилга хүлээн авсанд баярлалаа. Өөрийгөө товч танилцуулбал. Загвараас өөр чиглэлээр ажилладаг уу?

-Намайг М.Дашбалжид гэдэг. Айлын ууган охин. Үндсэн мэргэжлийн хувьд ХААИС-ийг маркетинг, менежментийн чиглэлээр суралцаж төгссөн. Загвараас гадна мэргэжлээрээ хувийн компаниудад ажиллаж байсан. Одоогоор маркетингийн чиглэлээрээ үргэлжлүүлэн сурах бодолтой байгаа.

-Удахгүй шинэ он гарах гэж байна. Шинэ жилтэй холбоотой сайхан дурсамжаа манай уншигчидтай хуваалцаач.

-Шинэ жилийн баярыг тэсэн ядан хүлээдэг хүүхэд байлаа. Ээжийг ёолкоо засахыг хүлээгээд л орой унтахаасаа өмнө өнгийн гэрлийг нь харж унтах дуртай байж билээ. Тэр үед гар утас, интернет байхгүй зассан ёолкоо харж чин сэтгэлээсээ баярлаад л, хивснийхээ хээг тоолж байгаад л унтчихдаг байснаа бодохоор гэгээлэг, сайхан санагддаг.

-Хөл хорионы үеэр хүн бүр гэртээ байгаа. Энэ үеийг хэрхэн өнгөрүүлж байна?

-Хөл хорио тавигдсанаас хойш загварын шоу, зураг авалтууд хийгдэх нь мэдээж багассан. Өнгөрсөн жилээс хойш нийтээрээ карантинд байгаа хэдий ч миний хувьд энэ цаг үеэ ашиглаад төрөл бүрийн онлайн сургалтуудад хамрагдаж байгаа. Гадаад хэл, нүүр будалтын болон оёдлын гэх мэт олон сургалтанд сонирхож суралцлаа.


-Бүх охид багадаа загвар өмсөгч болохыг хүсдэг. Таны хувьд харин модель болох багийн мөрөөдөл байсан уу. Загварын кариераа хэрхэн эхлүүлж байв?

-Бага байхад гэр бүлийнхэн маань загварын чиглэлээр явуулахыг дэмждэг байсан ч тухайн үед сагс тоглодог, спортод илүү дуртай байсан болохоор сонирхоогүй. Дараа нь оюутан болоод огцом жин нэмээд гэнэт л өөрийгөө таргалснаа анзаарч, жингээ хасахаар шийдээд, буцаад 19 кг хаясан. Жингээ хасаад өөртөө илүү итгэлтэй болж анх “Gloria” агентлагт бүртгүүлэхээр очтол топ модель О.Уянга багш маань намайг Малайзаас модель сонгон шалгаруулахаар ирсэн хүмүүс дээр шууд дагуулаад очиж байсан. Би бараг алхаж ч чадахгүй мөртлөө шууд л загварын томчуудын өмнө гарчихсан. Тэр өдрөөс хойш энэ салбарт дурлаж, тууштай явахаар шийдсэн.

Miss Universe тэмцээний үеэрх комедиан Ханугийн бичлэгээс хойш цахим орчинд нэг хэсэгтээ нэлээд шуугисан. Дараа нь эвлэрсэн байх шиг байсан. Тухайн үед яаж хүлээж авч байсан бэ?

-“Mongolian Next Top Model” тэмцээнд оролцсоноос хойш олноос ирэх шүүмжлэл, хэл аманд бараг дасчихсан байсан. Тэгэхэд бол нэлээн цочирдож хүлээж авсан. Одоо бодохоор хөгжилтэй ч юм шиг санагддаг. Мэдээж тухайн үед хэцүү байсан ч гэсэн аливаа асуудлыг цаг хугацаа эмчилдэг гэдэг шиг хэсэг хугацааны дараа энэ асуудал мартагдсан. Дараа нь Ханутай эвлэрээд ойлголцож, бараг найзууд болцгоосон шүү. Хануг санал тавихад бага зэрэг эмээж байсан ч “Зүгээр ээ, хөгжилтэй байдлаар хүмүүст эвлэрсэн гэдгээ харуулъя” гэсэн болохоор туслаад шоуных нь рекламанд нь орсон. Коронагаас болоод хийгдээгүй ч гэсэн над руу урилгаа явуулсан. (инээв)


-Тэр шуугианаас хойш хэлний мэдлэгтээ анхаарч байна уу?

-Тэрнээс хойш танхимын сургалтанд суухаас халгаад онлайнаар л голдуу сурч байна. Тухайн үед хөтлөгчийн гаргасан зохисгүй үйлдэл бид нарыг улам байдалд оруулахаар харагдуулсан юм болов уу гэж боддог.

-Дахиад миссийн тэмцээнд орох уу. Мисс, модель хоёр юугаараа ялгаатай вэ?

-Хоёр, гурван томоохон тэмцээний урилга ирээд, бэлтгэлээ хангасан байсан ч цар тахлын нөхцөл байдлын улмаас хойшилчхоод байгаа. Миний хувьд биен дээрээ олон том шивээстэй болохоор гадаадад миссийн тэмцээнд оролцоход асуудал гардаг. Би аль алинд нь л дуртай. Хүмүүс мисс болохыг амар хялбараар төсөөлдөг. Би ч тийм бодолтой байснаа нуухгүй ээ. Гэвч оролцоод үзсний дараа миссийн тэмцээнд оролцох нь өглөө бүр эрт босч өөрийгөө бэлдэх, олон орны хүмүүстэй харилцах гээд хувь хүнээс маш олон ур чадваруудыг шаарддаг гэдгийг мэдэрсэн. Моделийн үүрэг бол дизайнерийн урласан хувцсыг амилуулдаг гэдэг утгаараа хувиралт шаарддаг ажил.


-“Mongolian Next Top Model” тэмцээнд орсны дараа амьдралд нь олон эерэг өөрчлөлтүүд гарсан уу. Түрүүлье гэсэн зорилт мэдээж байсан байх.

-Загварын дамжааныхаа гүнзгий шатыг төгсөж байхад шоу зарлагдаад багштайгаа цуг очоод бүртгүүлсэн. Тухайн үед загвар өмсөөд удаагүй болохоор энэ тэмцээнээс маш их зүйлийг сурч, мэдэж авсан. Эргээд бодоход амьдралынхаа нэгэн сайхан дурсамжийг тэнд бүтээсэндээ баярладаг. Бусад охид яг түрүүлье гэж бодож орсон байх. Миний хувьд өөрийгөө сорих бодолтой л оролцож байсан болохоор анхнаасаа тэгж улайраагүй юм болов уу гэж боддог. Одоо харин дараагийн тэмцээнүүдэд орохдоо түрүүлэхийн төлөө явна шүү гэж боддог болсон.

-Өндөр, жин нь хэд вэ?

– 177 см, 53 кг.

-24 кг нэмээд буцаад жингээ хасч чадсан юм билээ. Жин хасахдаа бүсгүйчүүд юун дээр илүү анхаарах вэ? Таны хувьд ямар аргаар жингээ хасч байв?

-Хамгийн гол нь тууштай өөртөө үнэнч байх нь чухал. Жингээ хасч байгаа охид огцом хоолоо сойж, эрүүл мэндээ хохироож байгаа харагддаг. Би ч бас анх хоол идэхгүй хоосон яваад байвал турна гэж ойлгодог байсан. Энэ нь эрүүл мэндэд маш хортой гэдгийг ойлгосон. Түргэн хоол, алкохол, чихэрлэг хүнсийг хатуу хорьж, орой 18 цагаас хойш хоол идэхгүй, өдөрт нэг удаа махан хоол иддэг байсан. Хажуугаар нь фитнесс дээр гүйлтийн зам дээр алхаж, кардио дасгалуудтай хослуулсан 2 цагийн бэлтгэл хийх маягаар 4 сарын дотор илүүдэл жингээ хаясан.

-Багаасаа ажил хийж эхэлсэн гэсэн. Анхны цалингаа хэзээ авч байсан талаараа хуваалцвал?

-Би харьцангуй эрт биеэ даасан. Анхны цалингаа 7-р ангидаа авч байсан. Хамаатныхаа дэлгүүрт ажиллаад зуугаад мянган төгрөг авчихаад баярлаж, хөөрөөд гэрийнхэндээ бүгдэд нь юм аваад орж байснаа санадаг юм.

-Өсвөр насандаа ямар охин байсан бэ. Шилжилтийн насанд охид сэтгэл зүйн хувьд олон асуудалтай нүүр тулдаг үе байдаг?

-Би тархины гаралтай өвчтэй байсан. Тэрнээсээ ичдэг байсных юм болов уу шилжилтийн нас эхлэхэд өөртөө итгэл муутай, бүрэг, хичээлдээ явах дургүй болчихсон байсан. Өсвөр насны хүүхдэд энэ маш хүндээр тусах нь ойлгомжтой. Өөрөөсөө ичээд, сэтгэлээр их унадаг дуугүй, бүрэг хүүхэд байсан. Ээж бид хоёр эмнэлгээр явж эмчлүүлээд, би сургуулиа сольж шинэ орчинд ороод илүү өөрийгөө нээсэн л дээ.

-Моделийг залуу насны ажил гэдэг. Хэр удаан энэ салбартаа ажиллах бодолтой вэ. Гэр бүл төлөвлөлт тал дээр тодорхой төлөвлөгөө бий юу?

-Цаг нь болвол бурхны тааллаар л болог гэж бодож байгаа шүү. (инээв) Цаашдаа моделийнхоо ажлыг хаяхгүйгээр үндсэн ажилтайгаа зэрэгцүүлээд хийнэ гэж боддог.

Амьдралд тохиох сайхан хайртайгаа учирсан гэж боддог уу. Хайр дурлалын тал дээрх таны бодол?

-Миний хувьд найз залуутайгаа жил гаруй хугацаанд үерхэж байна. Минийхээр хүмүүс бие биенийгээ байгаагаар хүлээн зөвшөөрч хайрлана гэдэг л хайрын хамгийн гоё орц нь юм шиг санагддаг. Ямар ч тэнэг үйлдэл гаргасан нүдэнд нь эгдүүтэй харагдаад байж байвал тэрийг л хайр гэх юм болов уу гэж боддог. Ер нь хайранд цензур тавих учир дутагдалтай байх.


-10 жилийн дараах өөрийгөө хэрхэн төсөөлдөг вэ? Хамгийн том мөрөөдөл гэвэл?

-35 хүрэхээсээ өмнө өөрийн гэсэн хийсэн бүтээсэн зүйлтэй, сайхан гэр бүлтэй, нийгэмдээ байр суурьтай болох зорилгууд бий. Хамгийн том мөрөөдөл гэвэл дэлхийн “Miss Universe” тэмцээнд амжилттай оролцох явдал.

-Цаг зав гарган ярилцсанд танд баярлалаа.

-Баярлалаа намайг урьж ярилцсан та бүхэнд мөн баярлалаа. Уншиж буй хүмүүстээ удахгүй гарах гэж буй шинэ ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.

Ч.БИНДЭРЪЯА